Хүн ямар ч ажил хийсэн өөрийн сэтгэлд нийцтэл чанартай хийж гүйцэтгэн түүнээсээ аз жаргалыг мэдэрч амьдрах ёстой гэж бодож явдагнэгэн эрхэмтэй ярилцлаа. Тэр бол Тохижилт үйлчилгээний ажилтан Н.Шинэхүү юм. Ажилдаа чин сэтгэлээсээ ханддаг түүний яриа уншигч танд таалагдана хэмээн найдаж байна.
-Та Хот тохижилтын газарт ороод хэр удаж байна вэ?
-Энэ ажилд ороод найман сар болж байна. Өмнө нь төмөр замд ажиллаж байсан.
-Ажлынхаа нэг өдрийн тухай яриач?
-Өдөр бүр адилхан даа. Өөрт хуваарилагдсан үүрэгт ажлаа л хийнэ. 11-р хорооллоос өглөө 5:00 цаг гэж гараад маршлын гүүр даваад тэндээсээ тэргээ авчихаад цэвэрлэх зам дээрээ гарахад яг 6:00 цаг болж байдаг. Өдөр 11:00 цаг хүртэл ажиллачихаад цайндаа орно. Хоёр цаг амраад буцаж зам дээрээ гарч ажиллаад 16:00 цагт буудаг. Энэ хугацаанд өөрт оногдсон ажлаа чанартай хийж гүйцэтгэхийг л зорьдог. Гэхдээ бид нар ганцхан цэвэрлээд л байхаар Улаанбаатар хот өнгө орчихгүй шүү дээ. Соёлтой иргэд, сайн хот тохижилтын ажилчид хамтран ажиллаж байж цэвэр цэмцгэр хотыг бий болгох ёстой гэж боддог.
-Өдөржин цэвэрлэчихээд маргааш өглөө нь ажилдаа ирэхэд ямар нөхцөл байдал угтдаг вэ?
-Сайн бол биш. Өглөө ажилдаа ирэхэд өчигдөр хүн цэвэрлэсэн гээд хэлчихээр газар олдохгүй дээ. Жаахан урам хугардаг. Тамхины иш, ундааны сав, цаас, нэг удаагийн хоолны сав, нус, цэр гээд сул хог бол хаа сайгүй байдаг. Мэдээж би цалингаа авч байгаа учраас цэвэрлэнэ. Гэхдээ зарим нэг хайнга хүмүүсийн соёлгүй үйлдэл хүүхдүүдэд хүртэл буруу үлгэр дуурайлал үзүүлж байна шүү дээ. Гаднаас ирсэн жуулчид ч гэсэн биднийг юу гэж бодох уу. Тиймээс өнөөдрийн цэвэрлэгээ маань ядаж хоёр хоногоо барьдаг байгаасай гэж хааяа ажлаа тараад гэртээ харих замдаа бодож явдаг юм. Хогоо л хаяхгүй бол бид нар шороогоо шүүрдчихнэ шүү дээ. Хогоо хогийн савандаа хийдэг соёлтой иргэдтэй улс орны гудамж, талбай нь гялалзаад л цаанаа өөр байдаг. Зурагтаар их гардаг даа. Бидэнд ч гэсэн цэвэрхэн сайхан орчинд амьдрах боломж байгаа. Ганцхан барьж яваа хогоо л залхууралгүй хогийн саванд хийгээд сурчих хэрэгтэй байгаа юм.
-Хог хаягдал, хогийн сав хоёр хоорондоо салшгүй холбоотой. Манай хотод хогийн савны хүртээмж, байрлалын хувьд хүндрэлтэй асуудал байна уу?
-Хогийн сав буруу байрлалтай байж магадгүй шүү. Ганцхан иргэдэд бас бурууг өгч болохгүй. Жишээ нь, Багшийн дээдийн автобусны буудал гэхэд хоёр хогийн савтай. Энэ газар чинь Улаанбаатарын бараг төв цэг шүү дээ. МУБИС, МУИС, ШУТИС гээд маш олон оюутнуудтай, том сургуулиуд хүрээлчихсэн орчин. Өдөрт хэдэн мянган хүн явж өнгөрдөг автобусны буудал хоёрхон хогийн савтай учраас хог нь сагаад, гадуураа асгарчихсан байж байдаг. Жаахан салхи гарахад л тэр хэсгийн хог бүхэлдээ босдог. Тэр олон хүмүүсийн хаясан хогийг хоёрхон хогийн саванд хийж барна гэдэг бол боломжгүй юм. Бид нар өглөө суллачхаад өдөр харахад л дүүрчихдэг нь аргагүй юм билээ.
-Цэвэрлэсэн ч гэсэн цэвэрлэсэн нэргүй, ахин дахин цэвэрлэх үеүд хэр тохиолдож байв?
-Ямар ч ажил хийсэн ийм үе гардаг юм. Ганцхан манай ажил тийм биш шүү дээ. Өмнө нь төмөр замд ажилдаг байхад ч гэсэн тохиолддог байсан. Цалингаа авч байгаа юм чинь дахиад л цэвэрлэнэ. Өөр ямар ч сонголт байхгүй.
-Цалингийн хувьд хэр амьдралд хүрэлцээтэй байна вэ?
-Энэ ажилд ороод удаагүй байхад сардаа 1.400.000 мянгыг авдаг байсан. Одоо бол нэг сар ажиллаад авдаг байсан мөнгөө 15 хоногт авч байна. Хамаагүй амьдралд нэмэртэй байгаа. Бид нар чинь ардаа амьдралтай хүмүүс шүү дээ. Анх зургаадугаар сарын 1-нд цалин нэмэгдсэн шийдвэр гарсан. Энэ өдөр манай хамт олон их хүлээлттэй байсан шүү. \Инээв\Нэмэгдэнэ гэдгийг нь мэдэж байсан ч өөрсдийн чихээрээ “цалин нэмэгдсэн” гэдгийг сонсмоор, баталгаатай болгомоор байсан гэх үү дээ. Цалин нэмэгдлээ гэхэд их гоё санагдсан. \Инээв\
-Хамгийн түрүүнд танд юу бодогдсон бэ?
-Гэр бүл. Хэдийгээр би ажил хийж яваа ч гэсэн мөн чанартаа бол амь зуух гэж яваа хүн шүү дээ. Нийслэл хотын засаг дарга Х.Нямбаатарын энэ шийдвэр ганцхан Хот тохижилтын ажилчдад хамаатай юм биш. Тэр хүмүүсийн ард байгаа хүүхэд багачууд, ач зээ, аав, ээж, эхнэр нөхөр гээд гэр бүлийн бүх гишүүдэд нөлөөлж байгаа шүү дээ. Тэр орой нэг тийм сэтгэл дүүрэн мэдрэмжтэй гэртээ орж байсан .
-Манай иргэдийн гаргадаг хамгийн соёлгүй үйлдэл юу вэ?
-Нэг үеэ бодоход манай хотын залуус их соёлтой болсон. Гэхдээ бүдүүлэг хүмүүс багагүй бий. Татаж байгаа тахины ишээ унтраалгүй шууд шидчихнэ. Нус, цэрээ жаахан хүүхдүүдийн хажууд хаяна гээд яриад байвал дуусахгүй ээ. Яг ийм үйлдлийг нүдээрээ харах их муухай байдаг. Энэ чинь ерөөсөө л хувь хүний ухамсрын асуудал байгаа юм. Би насанд хүрсэн хүнд наад захын соёл яриад зогсох хэцүү.
-Таны ажилд хүмүүс хэр хүндэтгэлтэй ханддаг вэ?
-Энэ тал дээр харилцан нэгнээ хүндлэх хэрэгтэй юм шиг санагддаг. Хот тохижилтын ажилчид цэвэрлэгээ хийж байгаа ч гэсэн хүмүүст зам тавьж өгөх ёстой. Хүн бүр маш чухал ажилтай явдаг. Зүгээр цаг нөхцөөх гэж явдаг хүн энэ хотод бараг байхгүй. Нөгөө талд нь иргэд маань барьж яваа хогоо хогийн саванд хийчих сэтгэлтэй байх хэрэгтэй. Зөрүүдэлж, нэгэн рүүгээ дайрч давшлахаа урдаа барилгүй нэг нэгнээ харилцан хүндлээсэй гэж хүсдэг. Биднийг маш олон гаднын зочид, төлөөлөгчид, жуулчид харж байна шүү дээ. Нэг үхрийн эвэр доргивол мянган үрхийн эвэр доргино гэж үг бий. Тиймээс нэгэндээ хайртай байгаасай. Хүндлэл чинь бас л мөн чанартаа хайр шүү дээ. Хувь хүний л бодол шүү.\Инээв\
-Та бүгд ч гэсэн иргэдэд шаардлага тавих эрхтэй. Та өөрөө хүмүүст шаардлага тавьж, үг хэлж байсан удаа бий юу?
-Одоогоор бол тийм үетэй таараагүй л явна. Өөр хүмүүсийн жишээг бол харж байсан. Би ч өөрөө юм хэлье гэж боддоггүй юм аа.
-Одоо удахгүй өвөл боллоо. Хүйтний улиралд ажиллахад хамгийн хэцүү байх.
-Тийм байх. Одоо л ямар байдагийг нь өөрийн биеэр үзэх гэж байна. Гэхдээ өмнө нь ажиглаж байсан. Хөлдөөд мөс болчихсон цасыг гараараа нүдэх хагийн хэцүү юм шиг ээ. Энэ дээр л зориулалтын техниктэй болчихмоор байгаа юм. Эсвэл бариад явчихдаг багажтай бол арай өөр шүү дээ. Хүрз, жоотуугаар арилгахаар алаг эрээн юм болчихно. Хүмүүс дутуу хийсэн байна гээд л. Угтаа бол өдөржин арилгах гэж оролдоод зориулалтын багажгүй болохоор л үр дүн сайн гарахгүй байгаа юм шүү дээ.
-Иргэдээс шууд шаардлага хэр ирж байна вэ?
-Цалин нэмэгдсэн учраас маш өндөр шаардлага тавьж байгаа. Мэдээж зөв шаардлагыг хүлээж авах бол бидний ажлын нэг хэсэг юм. Гэхдээ бас зарим шаардлагыг биелүүлэхэд маш хэцүү . Тоос битгий босго гээд байдаг. Тоос босгохгүй шороо шүүрдэнэ гэдэг чинь өөрөө боломжгүй зүйл. Өглөө ажлаа эхлээд шүүрдэж явсаар байгаад төв зам руу ороход л “ тоос битгий босго” гэдэг. Машины дугуй гэдэг зүйл чинь хамгийн их шороо тоос босгодог юм. Шороотой замыг шүүрээр шүүрдэж байгаа гэдгийг л ойлгоосой гэж хүсэж байна. Тиймээс би гүүрэн дээр ажиллах их дуртай.
-Яагаад?
-Хүн байдаггүй болохоор амар байдаг юм. \Инээв\
- Хамгийн муу яваа, дорой хүн л шал угааж, хог шүүрддэг ажлыг хийдэг гэх манайхны нийтлэг сэтгэлгээ байдаг даа. Одоо асуух асуултыг та зөвөөр ойлгоорой. Харьцангуй залуу хүнийхээ хувьд энэ ажлаасаа ичиж байсан уу?
-Одоо бол үгүй. Бусадтай л адилхан ажил хийгээд амь зуух гэж явна. Өмнө нь бол ичдэг байсан. Би анх энэ ажилд ороод удаагүй байхдаа баг зүүчихдэг байсан юм. Нэг өдөр багаа мартчихаад ажилдаа ирлээ. Ямар ч байсан царайгаа гаргаад ажлаа хийлээ. Таньдаг хүн ч таарсангүй ээ. Дотроо бол таньдаг хүнтэй таарахаас их халгаж байсан юм л даа. Тэгээд ажлаа тарчхаад явж байгаад багынхаа найзтайгаа таарав аа. Хот тохижилтод зам талбай шүүрдэж байгаагаа хэлэх үү, байх уу гэж их бодсон. Тэгээд хэлчихсэн юм. Найз маань ч их сайхнаар хүлээж авч урмын үг хэлсэн. Тэгээд би бодсон. Миний найз намайг ойлгож, дэмжиж байхад бусад хүн юу гэж бодох нь хэнд хамаатай юм. Энэ мөч миний бас л хамгийн сайхан үе байсан шүү. Хүн ямар ч ажил хийсэн болно. Гол нь ажлаа өөрийн санаандаа нийцтэл хийгээд жаргалтай явах хэрэгтэй.
-Та жаргалтай байдаг уу?
-Тийм ээ.
Сүүлийн үед залуучууд их ажилладаг болсон байна билээ. Тэгэхээр манайхны сэтгэлгээ ч бас өөрчлөгдөж байна даа.
-Одоо ажилдаа ямар зорилго тавьж ажиллаж байна вэ?
-Өөрт оногдсон ажлаа ямар ч алдаагүй хийж гүйцэтгэхийг нэн түрүүнд тавьж байна. Зам цэвэрхэн бол зорилгодоо хүржээ л гэж өөрийгөө дүгнэнэ дээ.
-Өмнө та төмөр замд ажиллаж байсан гэсэн. Одоогийн ажлаас нь хэр зөрүүтэй вэ?
-Ялгаа байхгүй дээ. Хүмүүс төмөр замд ажиллах их гоё гэж боддог. Бодит байдал дээр бол тийм биш. Вагон явахаар дэрний уут сольж, хүмүүсийн өтгөн шингэнийг цэвэрлэдэг байсан. Гэтэл хот тохижилтод ажиллаад шороо шүүрдэхийг хэцүү, ичмээр ажил гэж бодоод байдаг юм. Надад бол тэгж санагддаггүй ээ. Төмөр замаа бодвол энэ ажил арай хөнгөн шүү. Цалин нэмэгдсэн шийдвэртэй хамт улсын байгууллагын жишгээр ажиллах журам гарсан. Баяраар цалин 10 хувиар нэмэгдэнэ.
-Та бүгд өөрсдөдөө ямар шаардлага тавьдаг вэ?
-Манай мастер буюу биднийг ахалж ажилдаг хүн үргэлж хэлдэг. Бид үйлчилгээ үзүүлж байгаа хүмүүс учраас нөхөрсөг, эелдэг харилцааг нэн түрүүнд тавих ёстой шүү гэж. Мэдээж цагийг бол яс баримтлах ёстой. Манай мастер бол бидний хувьд аав, ах шиг тийм л дотно найдвартай хүн байдаг. Юм гуйхад хариулдаггүй хэрнээ гуйсан зүйлийг зохицуулчихсан байдаг. Манай хамт олон нэг гэр бүл шиг л хамтран ажилдаг.