“BAJUNA” брэндийн үүсгэн байгуулагч, дэлхийн анхны оёдол, эсгүүргүй эсгий хувцас зохион бүтээгч, дизайнер Б.Батсүхийг энэ удаагийн дугаартаа урьж ярилцлаа. Тэрээр монгол гэрийн эсгий хийх технологид суурилсан өвөрмөц, шинэлэг бүтээлээрээ эх орноо төлөөлөн “Парисын загварын долоо хоног-2024” шоунд оролцох болсон билээ. 

-Таны хамгийн гол нэрийн хуудас бол “BAJUNA” брэнд. Хоёулаа эндээс яриагаа эхлүүлэх үү?

-Эсгийгээр хувцас хийх дизайны хөгжүүлэлт дээр ажиллаад 15 жил болж байна. Харин 2014 оноос хойш албан ёсоор энэ нэрийг өгч, үйл ажиллаагаагаа явуулж эхэлсэн. Ерөнхийдөө анх “Гоёл” наадамд оролцож олонд танигдсан гэхэд болно.

-“BAJUNA” гэдэг нэрийн тухай яривал... 

-“BAJUNA” нь миний багын нэр, одоо бол дизайнерын нэрээ болгоод явж байна. Манай салбарынхан, найзууд ч миний жинхэнэ нэрийг сайн мэддэггүй.

-Таныг “Эм Ай Ю” сургуулийг төгссөн гэж сонссон. Эсгий урлалаар дагнах болсон нь багын тань мөрөөдөл үү?

-Тийм ээ. Би уг “Бизнесийн удирдлагын мэргэжил”-тэй ч сургуулиа төгсөөд дизайнер болох хүүхэд насны мөрөөдлөө даган эсгий урлал сонирхож эхэлсэн. М.Мөнхсоёл гэдэг стиль дизайнер, зураач, хүнд шавь орсноор өнөөдрийг хүрлээ. Багш маань миний дизайнер болох гарааг эхлүүлсэн. Тэр хүний чиглүүлснээр “Эм Ай Ю” их сургуулийн хувцас дизайны ангид элсэн орж,  2009 оноос хойш өдгөөг хүртэл эсгий урлалаар хувцас хийх хөгжүүлэлт дээр ажиллаж байна. Тухайн үед эсгий хувцас сайн хөгжөөгүй байсан учраас өөрөө бие дааж гараагаа эхэлсэн дээ. Багш маань суурь эсгий технологийн аргыг зааж өгсний хүчинд янз бүрийн хөгжүүлэлтийн ажлыг хийхэд арай хялбар байсан. Миний өөрийн сонирхол, хүсэл тэмүүлэл өндөр байсан учраас санхүүгийн мэргэжлээ орхиод энэ чиглэл рүү эргэлт буцалтгүй орсон.

-Нэг ч удаа үндсэн мэргэжлээрээ ажиллаж байгаагүй юу?

-Үйлдвэрт дизайнераар зургаан сар, бизнесийн салбарт ерөнхий нягтлангаар бас зургаан сар ажилласан туршлагатай. \Инээв\ Бусад үед бол хувиараа хөгжүүлэлт хийгээд явсан. 

Анх эхэлж байх үед эсгий хувцас өмсөж сураагүй, ойлголтгүй, зах зээлгүй байсан учраас зарж борлуулахад нэлээн төвөгтэй байлаа. 2010 оноос хойш “Гоёл” наадамд найман удаа амжилттай оролцсон. Эсгий хувцас гэдэг утгаараа амжилттай оролцдог байсан ч борлуулалтын хувьд үнэхээр муу. Би олонд таниулах ажлыг сайн хийж чадаагүй. Ер нь марктенг дээрээ гаргах илүү зардал ч надад байгаагүй. Дизайнер хүн болохоор янз бүрийн шинэ хувцас, материал, гутал,  малгай ороолтын хөгжүүлэлт дээр ажиллана. 

-Мөнгө олохын тулд... 

-Тэгэлгүй яахав. Мэдээж мөнгө олох ёстой учраас зарим нэг захиалгуудыг авдаг.  Гэхдээ бизнесийн талаас биш хөгжүүлэлт тал дээр нь илүү анхаарсан. Манай багш бол эсгийгээр уран зураг зурдаг зураач, судлаач хүн. Эртний чимэглэлийн хээ, гар урлал, урлагийн түүхүүдийг судалдаг. Тус чиглэлийнхээ дагуу орчин үеийн гар урлалыг хөгжүүлж ажилдаг. Миний хувьд голчлон хувцсыг хүний хэрэглээнд тохирохуйц, эдэлгээ даах чанартай, өнгө үзэмж, дизайн сайн байх тал дээр  төвлөрч ажилладаг. Эсгийгээр янз бүрийн зүйл хийдэг хүмүүс байдаг ч бид нар өөрсдийгөө мэргэжлийн хүмүүс гэж хэлнэ. Яагаад гэвэл манай багш материал хийх  тухайн технологийг нь мэргэжлийн түвшинд мэддэг хүн. Будалтын болон хувцасны технологид стандарт тогтоох, цаашид илүү хурдан үйлдвэрлэх боломжтой арга технологийг багштайгаа хамтарч хөгжүүлсэн. 

-”BAJUNA”-ийн хувцас бусад брэндээс юугаараа онцгой вэ?

-Хонины ноосыг зөвхөн ус ашиглан эсгий болгож ямар ч оёдолгүй, эсгүүргүй хувцас зохион бүтээдгээрээ онцлогтой. Саван, химийн бодис ашиглахгүйгээр 100 хувь хонины ноосоор, ус ашиглаж хийдэг. Тиймээс энэ технологи бол дэлхийд шинэ дээ орно. Бусад орны эсгий урлаачдыг анзаараад байхад шивүүрийн зүү ашиглах эсвээс савандаж гараараа нэхдэг. Бид нар бол үндсэндээ монгол гэрийн эсгий хийх технологийг ашигладаг. Нээж илрүүлэхээсээ илүү буцаж ухраад түүнийгээ орчин үеийн технологитой хослуулсан. Үүнийгээ  олон улсад танилцуулах зорилготой ажиллаж байна даа. Хувцасны технологийн хувьд зөвхөн усаар эсгийрүүлэх арга дээр эсгий дээл, ноолууран даашинз, цамц гэх мэт хувцасны нэр төрлийг бий болгосон. Ямар нэгэн оёдол, эсгүүргүй, эсгийнээс өөр материал ороогүй ч хувцсанд байдаг бүх деталь, зүйлс бий. Би өөрийгөө хувцасны технологи, нэр төрөл дотор шинэ зүйлийг бий болгосон гэж үзэж байгаа. Учир нь хүмүүст хэзээ ч эсгий дээл, цамц байгаагүй шүү дээ. Бид  бол тодорхой хэмжээгээр шинэ зүйл гаргах үүрэгтэй хүмүүс.

-Эсгийгээр хувцас хийнэ гэдэг үнэхээр шинэ зүйл мөн. Гэхдээ эсгийгээ эсгээд хувцас хийдэг үү?

-Үгүй ээ. Анзаарах юм бол хонины ноосыг эсгийрүүлэх ажиллагаа явагдаж байна, тийм үү. Яг энэ ажиллагаа дуусах мөчид хувцас бэлэн болно. Эхлээд эсгийгээ хийчих юм бол эсгэж оёхоос өөр аргагүй шүү дээ. Хэрвээ эсгийрүүлэхгүй бол хувцасны хэлбэртэй ноос л болно. Эсгийрүүлнэ гэдэг нь биежүүлж материалаа бүтээхдээ хувцсаа хамт бүтээж байгаа хэрэг. 

-Танай байгууллага одоо хэдэн хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна вэ?

-Янз бүрийн сонирхолтой захиалгууд дээр баг бүрдүүлээд шууд ажилдаг. Надад 10 жил ажилласан туслах хүртэл байдаг. Маш олон хүнийг цалинжуулаад үйлдвэрийн хэмжээнд хүртэл бол ажиллаагүй. Олон тооны захиалга дээр үсрээд л тав юм уу, зургаан хүнтэй хамтарчихаад дараагийн шинэ ажил руугаа ордог учраас тогтмол ажиллах шаардлага байдаггүй. Нийтэд хүртээмжтэйгээр үйлдвэрлэвэл боломжтой эсэхийг давхар судалж, ерөнхий баримжаатай болох хэрэгтэй байна. Өөрсдийнхөө хурд, хүчин чадлаас гадна хүнийг яаж ажиллуулах уу, дамжлагаар хэрхэн ажиллах вэ гээд бүх л тал дээр туршлага судлаад, хөгжүүлээд явж байна даа. Маш хурдан хугацаанд их хэмжээний ноосыг будах, өнгөний стандарт алдахгүй ажиллахад мэргэжлийн багштай учраас бүдрэх зүйл гардаггүй. Мэдээж хувцасны дизайныг сонирхолтой хийхийн тулд чимэглэл, сегментийг өөрчлөхөд миний цэвэр уран бүтээлч байдал илэрдэг.

-Таны хийсэн бүтээгдэхүүн худалдаж авсан түүхий эдийнхээ үнийг хэд нугалдаг вэ?

-Угааж боловсруулсан нэг кг хонины ноосыг 30.000 төгрөгөөр худалдаж авдаг. Монгол хонины ноос маш гоё ноолуурлаг чанартай. 95-аас дээш хувь нь боловсруулагдаж, экспортоор гарч байна. Нэг кг хонины ноос арван доллараар гадагшаа гарч байна гэж үзвэл бид нар хамгийн багадаа 300.000 төгрөг болгох ажлыг хийдэг. Бидэнд ийм чадамж, нөхцөл ч хангалттай байна шүү дээ. Өөрсдөдөө байгаа зүйлийнхээ үнэ цэнийг мэдэрч, илүү нэмэгдүүлэх шаардлагатай. Одоогоор “Парисын загварын долоо хоног”, Бельгид хоёр, Швейцарьт нэг үзэсгэлэнд оролцох төлөвлөгөөтэй байна. Намайг Бельгийн Антверпенд урьсан Европын Холбооны элчин сайд Аксель Никейз гэдэг хүн эсгий урлалыг азийн маш ховор үнэт зүйл гэж харж байгаа.Тэд бол азийн урлагийг дэмждэг, сонирхдог, хөгжүүлэхийг хүсдэг хүмүүс. Миний хийсэн хувцсыг өмсөж үзээд, худалдан авсныхаа дараа намайг урьсан. Нөгөөтээгүүр үүний цаана манай соёл уламжлалтай холбоотой тун нандин зүйл байдаг гэдгийг бид өөрсдөө ч олж хараагүй байхад гаднынхан үнэлж байна шүү дээ.

-Нэг зүйл их сонирхол татаж байна л даа. “Парисын долоо хоног”-т явахад танд спонсор бий юу?

-Одоо ч гэсэн хайсаар л байна. Би өнөөдрийг хүртэл уг урлал хэдэн мянган жил эсгий гэрт амьдарсан монголчуудын сэтгэхүйтэй салшгүй холбоотой гэж боддог. Тиймдээ ч “Энэ гар урлалыг орчин үеийн дизайны хэмжээнд хөгжүүлж, олон улсад танилцуулах гээд байна аа. Үүний цаана зөвхөн “Монгол” гэдэг нэр л гарна шүү дээ” гэж хэлээд ч спонсор босгож чадахгүй явна. Яах вэ алт, мөнгөн медаль өгөхгүй ч гэсэн спортоос ялгаагүй урлагийн салбарын том тэмцээн бол “Парисын загварын долоо хоног” мөн.

-Нэг ч спонсор гарч ирээгүй гэж үү?

-Нэг хувь хүн гарч ирсэн. Гэхдээ үндсэн төлбөрөөс бол дутуу, бусдыг нь хувийн зүгээсээ зохицуулах гээд оролдож байна даа. Бусад үзэсгэлэнгүүд бол надаас нэг ч төгрөг гардаггүй. Яагаад гэвэл  урлагийн салбар учраас шүү дээ. Надаас гарах бүх зардлыг урьж байгаа тал зохицуулдаг. Тэд нар эндээс хэзээ ч ашиг хардаггүй нь маш гоё. Хувцас загвар бол өөр, тэнд моделиуд, нүүр хувиргагчид гэх мэт маш олон хүмүүс ажилладаг учраас зардал өндөртэй. 

-Танд загварын шоунд оролцохоос гадна өөр төлөвлөсөн ажил бий юу?

-Байгаа. Европт очиж, дизайны институдтай хамтраад судалгааны ажил хийх сонирхолтой байгаа. 

-Ямар чиглэлийн судалгаа юм бол оо...

-Учир нь монгол хүн гараар урладаг эдгээр зүйлсийг зөвхөн ус ашиглаж, товчлуур дараад л эсгий материал гаргадаг хэмжээнд үйлдвэрлэх тоног төхөөрөмж зохион бүтээхээр зорьж байгаа. Бид үүнийгээ хийгээд авчих юм бол эсгий бүтээгдэхүүний зах зээл манайд хангалттай бий. Гар урлалыг удаан хийдэг учраас нэгж бүтээгдэхүүн үнэтэй байдаг. 

-Танай бүтээгдэхүүн үнийн хувьд ямар вэ?

-Би өөрөө гараараа цор ганц хувцсыг хийдэг учраас 1.000.000 төгрөгөөс дээш үнэлгээтэй байдаг. Учир нь олноор үйлдвэрлэх боломжгүй учраа цор ганц хувцас гэж хэлээд байгаа юм. Мөн энэ бол миний 15 жилийн хөдөлмөр. Уг нь бол би сард дөрвөн саяас дээш цалинтай санхүүгийн албаны дарга болчихсон байх байсан. \Инээв\ Би тэр цаг хугацааг золиослоод дизайны хоёр сургуульд сурч, маш олон наадам, тэмцээнд оролцож зогсолтгүй хөдөлмөрлөсөн. Бид гар урлалынхаа хүмүүсийг дэмжиж байхдаа энэ зүйл тодорхой хэмжээний үнэ цэн бийг ойлгох хэрэгтэй. 

-Үнэ дагаж чанар гэдэг. Гэхдээ үнэтэй хувцас бүхэн үнэ цэнтэй байж чадах уу?

-Үнэ цэн гэдгийг манайхан буруу ойлгодог. Алдартай брэндийн нэр хадсан хувцсыг л үнэ цэнтэй гэж ойлгоод байна. Үнэ цэнийг олонд танигдсан нэр төдийхнөөр харж болохгүй. Нэг ёсондоо хувцас биш нэр худалдаж авах гээд байгаа юм. Эдэлгээ даахуйц чанартай, тав тухтай, оюун санаа, амьдралын хэв маягт нийцсэн байдал чинь өөрөө үнэ цэн шүү дээ. Хувцас дээр байгаа лого, бичгийг аваад хаячихвал худалдаж авах болов уу. Энэ чинь өөрөө нэр өмсөх гэж зүтгээд байгаагаас ялгаагүй зүйл мөн. Би хувцас дээрээ тийм бичиг, лого хадахгүй. Манай уран бүтээлчид ч тийм хувцас өмсдөггүй. Үнэн шүү. Тэр хүн өөртөө үнэхээр сайхан зохисон хувцсаа сонгоод сэтгэл хангалуунаар худалдаж авах ёстой. Бусдаас илүү гарах гэж эсвэл ижилхэн байх, нэр хүндийн төлөө хувцаслана гэдэг үнэхээр утгагүй. Хувцас хүний дотоод мөн чанарыг өргөж явдаг. Өөрийн амьдралын философи, үзэл бодлоо нэгэнт олоод авчихсан хүнд ямар нэгэн нэрд гарсан брэндийн бичигтэй хувцас өмсөх шаардлага байдаггүй. Өөрийгөө яаж илэрхийлэх вэ гэдгээ мэддэг болохоор тэр шүү дээ.

-Монголын хувцас загварын салбарын хөгжил ямар түвшинд явна вэ?

-Би бол судлаач, шинжээч хүн биш. Хөгжил гэдэг чинь аль ч салбар, ямар ч улс оронд байсан эхлээд “толгой” дотор байх ёстой зүйл. Яг сая ярьсан шиг. Гэхдээ нэг тогоонд байдаг болохоор бид бүгдээрээ ямар түвшинд яваагаа мэднэ. Гаднаас нь харах, дотор нь байх хоёр бол өөр шүү. Би бол нэг юмыг л мэдэж байна. Манайд маш сайн дизайн байдаг ч сул тал нь бид өөрсдөө материал хийж чаддаггүй. Хятад гэдэг том орны хажууд үйлдвэрлэл хөгжинө гэдэг амаргүй л дээ.  Өөрсдөдөө байгаа баялгийг олж хараад Монголынх гэдгийг л гаргаж ирэх хэрэгтэй. Бид бусдын соёлд л мөнгө төлөөд байна.

-Тэгвэл монголчуудын хувьд эсгийнийхээ үнэ цэнийг сайн мэдэхгүй байна уу?

-Хатуугаар хэлэхэд бол тийм. Эсгий, ноос хоёроо ч сайн ялгадаггүй. Эхлээд бид өөрсдөө үндэснийхээ өв уламжлалын тухай мэдлэгтэй, түүнийгээ хэрэглэдэг болох хэрэгтэй. Миний хувьд Парис руу явна гэдэг өөрөө асар их хариуцлага. Сая хэлсэн бүхнийг надаас шаардана, би эсгий хувцас таниулж байгаа хэдий ч цаана нь монголоо л гаднынханд танилцуулж байгаа хэрэг шүү дээ. Тэд нэг хүнээс ч гэсэн монголын тухай тодорхой хэмжээний төсөөллийг авна. Ядаж монгол ардын ганц дуу ч гэсэн хамаагүй цээжээр мэддэг байх хэрэгтэй. 

-Бид өөрсдийн уламжлалаа мэдэх хамгийн сайн арга бол “хөдөө” явах. Таны хувьд ажилтайгаа уялдуулан явж байсан удаа бий юу?

-Ажлын томилолтоор бол явсан. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд сургалт явуулах төслийн ажлаар яваад жил орчим хөдөө амьдарсан.

-Аль аймаг руу явсан юм бол. Тэндээс та юуг өөртөө олж авсан бэ?

-Өвөрхангайн Хархорин сум. Тэнд 60, 70, 80 нас хүрчихсэн эмээ нар дээр ороход тэдний авьяас билэг, хөдөлмөрч зан чанар намайг үнэхээр бишрүүлдэг байсан. Ширмэл оёдог, сур, эсгийгээр гар урлал хийдэг хүмүүстэй уулзсан. Манай залуучууд бол гараар юм хийх ямар ч сонирхолгүй байгаа нь үнэхээр харамсалтай. Намайг бага байхад Хархорин сум аялал жуулчлалын гол бүс нутаг байсан. Одоо ч тийм байгаа. 20 жилийн дараа очиход орон нутгийн бүтээгдэхүүн гэж хөгжсөн юм ерөөсөө байхгүй. Хэдэн хүн эсгийгээр хувцас хийх технологийг сурах гэж оролдсон. Гэхдээ залуучуудын сэтгэлгээ бол хурдан хугацаанд яаж мөнгөтэй болох вэ гэх тал руугаа хэлбийчихсэн. Би нэг хэсэгтээ бол үйлдвэрлэл гэж ярихаас зүрхшээж байгаа. Эхлээд сэтгэхүй нь өөрчлөгдөж байж тэр хүн өөрчлөгдөх юм болов уу. Яг үнэнийг хэлэхэд мэдэхгүй байна. Би бодохдоо, хүн зүв зүгээр ажилгүй байж байснаас ямар нэгэн юм хийж бүтээсэн цагт зорилготой, мөрөөдөлтэй болно. Хүн өөрийгөө хэрэгтэй хүн болгож, өөрөөрөө бахархах хэрэгтэй шүү дээ. 

-Нэг жилийн хугацаанд заахад залуучууд хэр идэвхтэй байсан бэ?

-Манайхны сэтгэлгээ хараахан бэлэн болоогүй. Би зааж өгөөд, дадлагажуулж байсан ч цалинг нь өгсөн. Зарим залуучуудад төслийг нь бичиж өгөөд тоног төхөөрөмжтэй болгосон. Одоо хийж байгаа хүмүүс байдаг л байх. Би хувиараа олон жил хөдөлмөр эрхэлсэн болохоор энэ нийгэмд тогтсон системийг сайн мэддэггүй байсан юм билээ. Хөдөө орон нутагт очоод л анзаарсан.

-Хувцас хүнийг нийгмийнх нь хувьд ялгаж өгөх ганцхан үүрэгтэй юу?

-Анх бол шашны талаасаа нийгмийн байр суурийг илтгэдэг байсан гэдэг. Эрэгтэй, эмэгтэйг хүйсийг ялгаж харуулдаг гэдэг ч юм уу. Хүнийг хэн бэ гэдгийг нь тодорхойлох үүрэгтэй ч байсан. Би өөрөө дизайнер хүн байж заримдаа эсрэг зүйл ярих гээд байдаг талтай. 

-Тэр нь юу вэ? 

-Учир нь хувцас тийм чухал зүйл биш. Гэтэл манайхан хэтэрхий чухалчилж үздэг. Өмсөж байгаа хувцаснаасаа илүү мэдрэмжтэй байж чадаж байгаа юу гэдэг хамгийн том асуудал. Ерөөсөө мэдрэмжтэй л холбоотой. Энэ бол хувцсаар дамжаад харагддаг зүйл. Нийтийн загвар гэж байдаг юм. Шударгаар хэлэхэд ажилчин хүмүүс буюу оффисын ажилчдад зориулсан загвар бол бэлдээд өгчихсөн систем. Хүн  энэ системээсээ салж чаддаггүй. Үүнийг бас буруу ч гэж хэлэх аргагүй. Хүн гэртээ хамаа намаагүй, юу ч юм өмсөж болно шүү дээ. Заавал энэхүү баригдмал системд таалагдах шаардлага байхгүй гэдгийг хувцсаараа дамжуулж хэлэхийг хүсдэг. 

-Тэгвэл энэ нь бусдаас өөр, цор ганц байх “BAJUNA” брэндийн онцлог мөн үү?

-Би өөрөө хувцас болгоноо мэдэрч, яриад байдаггүй. Амьтны үс чинь өөрөө амьтай гэдэг шиг сүнслэг байдаг. Хамгийн сонирхолтой нь би өөрөө хийсэн хэр нь хараад гайхдаг. Тэр хувцсыг хүнд өмсгөхөд маш хүчтэй, тэс өөр сэтгэгдэл төрүүлдэг. Бага зэргийн мэдрэмжтэй хэв маягтай хүнийг бол хэтрүүлэгтэй, асар хүчтэй болгочихдог. Зөн билэг өндөртэй эсвэл кинонд тоглох гэж байгаа хүн шиг л сүрлэг харагддаг. Хийж байх үед төсөөлөл байдаг ч хүнд өмсгөөд үзэхэд бол амь ороод л явчихдаг.

-Та 15 жилийн турш энэ чиглэлээр зогсолтгүй хөдөлмөрлөсний гол шалтгаан юу вэ?

-Багаасаа л үргэлж хувцас зурдаг байсан. Магадгүй зөн совингоороо ч гэх юм уу даа. Харин төрсөн ах минь морь зурдаг байлаа. Одоо бол зураач, сийлбэрч, баримал урладаг хүн л дээ. Ер нь бол жинхэнэ авьяас нь манай ахад байдаг. Бид хоёр бол удмын урчуудын хүүхэд. Манай өвөөгийн ээж цагтаа Эрдэнэзуу хийдийн бүтээлийг хийдэг “Уран хөгшин” гэдэг хочтой хүн байсан юм. Харин өвөө маань монгол гутал хийдэг байсныг аав минь өвөлж авсан.

Мэдээж өдий хүртэл явахад миний хүсэл сонирхол давамгайлсан л даа. Хоёрт гэвэл бизнесээр сурч байхдаа өөрсдөдөө байгаа түүхий эдийг ашиглаад ямар нэгэн дизайны хөгжүүлэлт хийчихвэл гаднаас заавал худалдаж авах шаардлагагүй гэдгийг ойлгосон. Мөн хонины ноос, эсгий урлалыг гаднынхан чамлахааргүй сонирхдог тухай бага зэрэг онолын мэдлэгтэй ч болсон. Ээж, эмээ хоёр маань арьсан бүтээгдэхүүн хийдэг байсан болохоор наймдугаар ангиасаа түлхүүрийн оосор хийгээд зарж эхэлсэн. Багаасаа энэ зах зээлийн ойлголтой болоод, сайн багштай таарч өнөөдрийг хүрлээ. Яг гол зорилго нь гэх юм бол энэ бүгдийн цаана маш том зүйл байгаа гэдгийг би зүгээр л мэдэрдэг. Бас багшдаа итгэсэн. Тэр хүн алсыг харсан юм билээ. Мэдээж хэцүү үе байсан. Олон жил болоход орлого сайнгүй, гэр бүлээ ч тодорхой хэмжээгээр орхиж ч байлаа. Итгэсэн болохоор шантраагүй өдийг хүртэл явж байна даа. Одоо бол өмнө минь бодсоноос ч илүү их боломж гарч ирж байна.

-Та чамлахааргүй урт хугацаанд ажилласан. Үүнийхээ үр шимийг амссан уу?

-Өнөөдөр биеэрээ мэдрээд явж байна. Гадаад руу артист, уран бүтээлчээр хүндлэгдээд, уригдаад явж байна. Уран бүтээлч гэдэг нэр чинь өөрөө маш үнэ цэнтэй. Энэ салбар ямар гоё вэ гэдгийг бүх бие, сэтгэл зүрхээрээ мэдэрч байна. Багшдаа л маш их баярлаж явдаг даа. Гэхдээ давуугаар хувцас оёдог байсан бол хэзээ ч намайг европт урихгүй байсан. Даавуу бол өөрөө тийм шинэлэг зүйл биш. Миний хийж байгаа зүйл соёлын өвийг хөгжүүлээд давхар орчин үеийн дизайны шийдлийг гаргасан нь  уран бүтээлч болгож байгаа юм. Нөгөө талаасаа уламжлалт зүйлээ олж хараад хөгжүүлнэ гэдэг хүний мөн чанарыг ч давхар харуулж байгаа хэрэг. Нэг хэсэг хонины ноос гэхээр эсгий таавчиг хавьцаа л боддог байлаа шүү дээ. 

-Таны энэ шулуун шударга зан чанар уран бүтээлд нь хэр их илэрдэг вэ?

-Би хувийн амьдрал, ажил мэргэжил дээрээ ч нэг хэв загварт баригдах маш дургүй. Жаахан дураараа л даа. \Инээв\ Ямар ч хэв маягийг хүлээн зөвшөөрч чаддаг гэх юм уу даа. Гэхдээ мэргэжлийн ажил дээрээ эготэй хүн юм байна гэдгээ олж мэдсэн. Их муухай л даа. \Инээв\ Өөрийгөө золиосолж удаан хугацаанд явсан болохоор цаанаасаа суучихдаг юм шиг билээ. Мэргэжил, нэр хүндтэй холбоотой зүйл дээр эго  хөдөлнө. Тэрийгээ мэддэг, хэр хэмжээнд нь барьдаг байх нь чухал. Эгогүй байх юм бол энэ ажил бас өөрөө сонирхолгүй болж эхэлнэ шүү дээ. 

-Хувцас загвараас өөр сонирхол бий юу?

-Сүүлийн үед бурхны шашныг их сонирхон судалж, уншиж, бясалгаж байна. Энэ маш сонирхолтой сэдэв. Бүр миний хобби болчихсон. Заримдаа миний эсгий урлалын салбарт ажилласан бүх итгэл үнэмшил чухал санагдахаа больж эхэлдэг. Амьдрал богинохон байхад би заавал нэг зүйлд улайрч, цаг хугацаагаа золих нь эцсийн эцэст юуны төлөө вэ. Номоо уншаад л тайван амгалан байх надад сайхан санагдаж байгаа. Надад шунал байхгүй учраас шүү дээ. Бурхны шашны философи чинь өөрөө тийм юм байна лээ. Хүмүүс гайхах байх л даа. 

-Юунд тэр билээ?

-“Парисын загварын долоо хоног” миний хувьд мөрөөдөл байсан. Одоо бол зүгээр л хариуцлага юм даа гэж бодож байна. Баясаж, хөөрөх мэдрэмж алга болжээ. Залуу дизайнер, дүү нар бол миний өмнөөс хөл нь газар хүрэхгүй л баярлаж байсан. Тэрийг нь харахаар хөөрхөн санагдаад байдаг юм. Миний зам мөр зөв, шударга байсан. Би хөдөлмөрлөсөн. Би хүмүүстэй бизнесийн талаас биш хүнлэг бөгөөд байгаа нөхцөл байдлаас нь шууд харилцдаг. Үнэнээр нь хүлээн зөвшөөрдөг. Танил тал байхгүй учраас байгаа замаараа л явсан. Магадгүй ийм зам удаан байх, гэхдээ зорьсондоо хүрээд урагшилж л байна. Туулж өнгөрүүлсэн энэ хугацаанд маш их зүйл сурсан ч ганц зүйлийг маш удаан сурч байна даа. \Инээв\

-Тэр ганц зүйлээ тодруулж хэлвэл... 

-Хүн таних тал дээр их удаан суралцаж байна. Ер нь хүмүүс чинь өөрийгөө танилцуулчхаад л яваад өгдөг юм билээ. Би бол байсан, байдгаараа л байгаа, сайхан хаягдаад л... \Инээв\ Хаясан хүмүүст нь баярлаад үлддэг дээ. Маш олон хүнд хаягдсан. Бизнесийн чиглэл талаасаа хамтарч ажиллахыг хүссэн олон хүмүүс байсан даа. Би ихэвчлэн хаягддаг. Маш их бүтэлгүйтдэг. Миний хувьд бараг зуршил боллоо. Надад ерөөсөө асуудал биш болчихсон. Манай ажлын байр байрны подвалд байдаг юм л даа. Яаж ч унасан подвалоос доош газар гэж байхгүй. \Инээв\ Тэгэхээр надад айдас гэж байдаггүй. Энэ нь ч амар байдаг юм. 

-Мэргэжилтэйгээ холбоотой гаргасан багахан амжилтдаа баярлаж, хөөрч байсан удаатай юу?

-Мэдээж байлгүй яах вэ. Ноос ноолуур чинь Хөдөө Аж Ахуй Хөнгөн Үйлдвэрийн салбарт ордог шүү дээ. Санамсаргүй үзэсгэлэнд оролцоод “Жуух бичиг” авч байсан минь одоо бодоход их гоё санагддаг. Би улсын байгууллага, үйлдвэрийн салбарт ажиллаад онцгойроод байсан юмгүй хүн  л дээ. Тэнд олон жил ажилласан хүмүүс авдаг шагнал шүү дээ. Би хэдийгээр дуртайдаа подвалд, ганцаараа ажилласан ч гэсэн энэ улс оронд жаахан ч болтугай хувь нэмэр оруулсан гэж үнэлсэнд нь баярласан. Хийсэн зүйлийг минь олж харсан. Гоё... Миний подвалд багахан зардлаар хийж байгаа зүйл ямар үнэ цэнтэй болохыг би өөрөө хүртэл тултал ойлгосон. Одоо жинхэнэ ид шидийг нь гаргана даа гэж бодож байгаа. Би өөрөө их том мөрөөдөл, эготой хүн л дээ. \Инээв\ Манай багш “Чи энэ үйлдвэрлэл рүү орох юм бол хувцасны дизайн чинь дуусна. Үйлдвэрийн мануухай болно” гэж хэлдэг. Гэхдээ салбарынхаа төлөө, дизайнерынхаа хувьд ядаж нэг үйлдвэр ч гэсэн байгуулчих юм сан гэж боддог. Удахгүй ажил хэрэг болох байх аа. 

-Улс орноосоо өөр шагнал хүлээж байна уу?

-Социализмын нийгмийн үед нэг дизайнер үйлдвэрийнхээ орлогыг маш их нэмэгдүүлсэн юм гэсэн. Улс орон түүнийг нь үнэлээд  бүх тээврийн хэрэгслээр үнэгүй зорчих эрх өгсөн гэдэг. \Инээв\

-Танай салбар руу орж ирж байгаа шинэ дизайнеруудад хандаж юу гэж хэлэх вэ?

-Саяхан дадлагын оюутнууд ирээд явсан. Сургууль бүр өөр, өөр байх л даа. Гэхдээ би өөрөө жаахан гадарлана. Анзаарч байхад оюутнууд дүнгийн хойноос их хөөцөлддөг. Надад тэр хоёр, гурван сургуулийн дүн хэзээ ч хэрэг болоогүй. Тэр цаасыг яг хаана хэрэглэхээ сайн мэдэхгүй юм. Би үйлдвэрт ерөнхий дизайнер ч хийж байсан. Зүгээр л хийсэн ажлаа үзүүлээд ажлын санал хүлээж авсан. Үйлдвэрт ажиллаж үзэх юм сан гэх мөрөөдөл дизайнер хүн бүрд байдаг. Би бол зургаан сар ажиллаад хорхойгоо дарсан. Залуу дизайнеруудын хувьд ямар чиглэлийг хөгжүүлж, хаана байх ёстойгоо олж хараагүй байдаг. Тиймээс ямар нэгэн зүйлд баригдалгүйгээр шинээр сэтгэж, тэрийгээ хөгжүүлж сурах хэрэгтэй. Ихэнх дизайнерууд өөрсдөө ч мэдэхгүй нэгнийгээ дуурайчихдаг юм шиг байна лээ. Стиль, загвар, хэв маягийг аягүй их хуулдаг. Залуу дизайнеруудад хандаж хэлэхэд өөрийгөө өөр талаас нь олж хараарай. Маш их бичих, унших, судлах ажил гарч ирнэ. Шинэлэг, өвөрмөц зүйл сэтгэхгүй бол хуучин байсан загвартайгаа л ижилхэн болно. Тэгэхээр дизайнер хэзээ ч болж чадахгүй. Жил бүр олон оюутнууд төгсдөг ч ганц нь л дизайнер болдог. Бусдаас ялгарч байж гарч ирэх хэрэгтэй. Жишээ нь би бол аягүй зальтай. Эсгий сонгож аваад хамгийн сайн нь болно гээд бодчихсон. Намайг бол барахгүй. \Инээв\ Энэ эгогоо хамгаалахын тулд сайн байхаас өөр аргагүй болж байна шүү дээ. Юу ч мэдэхгүй дөнгөж эхэлж байхдаа “Гоёл” наадмаас шилдэг дизайнер шагналыг аваад өөртөө маш их итгэлтэй болсон. Үүнийгээ хамгаалахын тулд хөдөлмөрлөсөн дөө. 

-Та дадлагын оюутнуудад юу заасан бэ?

-Надад зааж байх зав ч байхгүй. Ноос самнуулаад, утас ээрүүлээд л явуулсан даа. Надад бэлтгэл ажил чухал учраас л туслуулсан. Тэд нар дадлагаа хийсэн үү, хийсэн. Шавь бэлэн болсон үед л багш бэлэн болно. Бэлэн болоогүй хүүхдүүдийг би татаж чангааж, юм зааж өгнө гэж байхгүй. Би багшдаа шавь орохын тулд бүтэн нэг сар үүдэнд нь сууж байж л сургалт авахаа зөвшөөрүүлж байлаа.


Ctrl
Enter
Гомдол хэрхэн мэдүүлэх вэ?
Холбоотой текстийг идэвхжүүлэн Ctrl+Enter дарна уу.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл (0)

Foto
А.Даваадулам

Б.Ганчимэг
Б.Ганчимэг
Д.Сайнбаяр
Д.Сайнбаяр
Б.Алтанхуяг
Б.Алтанхуяг
А.Доржханд
А.Доржханд
О.Нинж
О.Нинж
П.Соёлдэлгэр
П.Соёлдэлгэр
А.Банзрагчгарав
А.Банзрагчгарав