Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, нийгмийн хариу арга хэмжээний талаар ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн албаны дарга Д.Баярболд мэдээллийг хүргэлээ. Энэ долоо хоногийн хувьд нийт түргэн тусламжын дуудлагын 28.3 хувийг томуу, томуу төст өвчин эзэлж байгаа нь өмнө долоо хоногтой харьцуулахад 4.6 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Ийнхүү томуу, томуу төст өвчний дэгдэлт нэмэгдэхээс гадна шинэ жилийн баярын өдрүүд үргэлжилж байгаатай холбогдуулан Нийтийн эрүүл мэндийн албаны дарга Д.Баярболд дараах зөвлөмжүүдийг хүргэсэн юм.

Тэрбээр: :Бага насны хүүхдүүдийг олон хүн цугласан газруудаар дагуулан явахгүй байхаас гадна иргэд амны хаалт зүүж хэвшин, ариун цэврийг сайтар сахих шаардлагатай байна. Өрөө тасалгаанд агаар сэлгэлт тогтмол хийх, даарч, хөрөхөөс сэргийлэн дулаан хувцаслаж, дархлаагаа дэмжин нойр, хоолоо зохицуулах" зэрэг арга хэмжээг авч өвчнөөс урьдчилан сэргийлэхийг сануулав. Мөн амьсгалын замын халдварт өвчний шинж тэмдэг илэрсэн тохиолдолд шаардлагатай бол эрүүл мэндийн байгууллагад хандан заавар зөвлөмж авах, харин шинж тэмдэг хөнгөн илэрвэл гэрээсээ гаралгү, олон хүнтэй газраар явахгүй байхыг анхаарууллаа.

 

Харин шинэ жилийн баярын өдрүүдэд хоол хүнсний аюулгүй байдлыг хангах, хоолны хордлогоос сэргийлэх шаардлагатайг ХӨСҮТ-ийн захирал Ж.Байгалмаа анхааруулав. 

Тэрбээр "Шинэ жилийн баярын өдрүүдэд олныг хамарсан арга хэмжээнүүд зохиогдож, айл өрхүүд хүнсний бүтээгдэхүүнийг ихээр авч хэрэглэдэг. Үүнээс улбаалан хүнсний аюулгүй байдал алдагдаж, хоолны хордлогын дэгдэлтүүд гарах эрсдэл бий болдог. Монгол Улсад энэ оны 11 сарын байдлаар гэдэсний халдварт өвчин, хоолны хордлогын 3310 тохиолдол бүртгэгдсэн нь мөн өмнөх оны энэ үетэй харьцуулахад 1211 тохиолдлоор их байна. Иймээс ард иргэд болон хоол үйлдвэрлэл, үйлчилгээ явуулдаг байгууллагууд дараах зөвлөмжийг анхаарч, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх хэрэгтэй" хэмээгээд дараах зөвлөмжийг хүргэлээ. 

  • Хүнсний түүхий эд болон бүтээгдэхүүнийг зөвхөн зөвшөөрөлтэй хүнсний дэлгүүрүүдээс худалдан авах.
  • Өндөг, өндгөн бүтээгдэхүүн, майонез, бялуу, жигнэмэг зэргийг зөвхөн хөргүүртэй газраас авах.
  • Хоол хүнсийг бэлтгэх, хэрэглэхийн өмнө гараа савантай усаар угаах.
  • Жимс, ногоог сайтар угааж хэрэглэх.
  • Ундны усыг заавал буцалгаж хэрэглэх.
 

Эрүүл мэндийн байгууллагуудын хувьд дүүргийн эрүүл мэндийн байгууллагууд уртасгасан цагаар ажиллаж байгаа бөгөөд "Хүүхдийн амбултор"-ыг "Томуугийн амбултор" болгон зохион байгуулалтад оруулан ажлын өдрүүдэд 17-21 цаг хүртэл сунан ажиллаж байна. Амралтын дөрвөн өдөр буюу 12 сарын 29,30,31-нд болон ирэх оны нэгдүгээр сарын 1-ний өдөр өрхийн эрүүл мэндийн төвүүд 10-16 цагийн хооронд үйл ажиллагаа явуулах бол дүүргийн эрүүл мэндийн төвүүдийн гэмтэл, мэс засал, шүдний кабинетууд болон хүүхдийн кабинетууд тус өдрүүдээр 10-15 цагийн хооронд ажиллахаар зохицуулалт хийгджээ. Харин яаралтай түргэн тусламжын төвүүд 24 цагаар тусламж, үйлчилгээг үзүүлнэ.

Үүнээс гадна амьсгалын замын халдварын өвчлөлийг туссан хүүхдийн даван туулах чадвар уг хүүхдийн биеийн эсэргүүцэлтэй шууд холбоотой байдгийг мөн онцлов. Тиймээс энэ удаагийн томуу, томуу төст өвчлөлийн үед хүүхдүүд ихээр халуурч байгаа ажээ. Сүүлийн үед ихээр тархаж байгаа "RS вирус" нь амьсгалын доод замыг гэмтээдэг учир зургаан сар хүртэлх насны хүүхдүүдэд илүүтэй эрсдэл учирч байгаа гэнэ. Иймээс эцэг эхчүүдийн онцгой анхаарах зүйл нь хүүхэд тань халуураагүй байсан ч орчны анхаарал сул байх, хоолоо идэхгүй байх нь өвдсөний шинж болохыг тайлбарлалаа. Халууралт нь "улаан" буюу гарыг нь бариад үзэхэд халуун, хөл нь бүлээн, хоёр хацар нь улайсан байх, биеийн арьс хэвийн өнгөтэй байвал ихэнхи тохиолдолд хүндэрдэггүй учир халуун буулгах арга хэмжээ аван гэрийн нөхцөлд эмчилнэ. 

Харин "цагаан халууралт" буюу хөл, гар хүйтэн байх, царай цонхийж цайсан, биеийн арьс бага зэрэг эрээн, алаг болсон байвал хүндрэх өндөр эрсдэлтэй тул ойр байгаа өрхийн эмчид хандахыг зөвлөлөө. Хүүхэд амьсгалах үедээ яраглаад байвал яаралтай эмчид хандах хэрэгтэйг мөн онцлов. Басхүү сүүлийн үед ханиад туссан үед хүүхдүүд суулгах тохиолдол их байгаа ба усан суулгалттай үед харьцангуй хөнгөн гэж үзэх бол бөөлжиж эхлээд цус, залхагтай суулгаж байвал гэдэсний халдварт өвчний тэмдэг тул яаралтай эмчид хандах хэрэгтэй. Дээрх нөхцөлд эцэг эхчүүдийн зүгээс анхаарах зүйлс нь суулгалтын хэмжээгээр усан суурьтай шингэн уух зүйлээр хүүхдийг хангах, иддэг хоолыг нь тухайн хэмжээгээр нь тасалдуулалгүй 24 цаг өгөх юм. Учир нь хоол багадвал хүүхэд турах эрсдэлтэй байдаг. Түүнчлэн зургаан сараас дээш насны хүүхдүүд "А" хүрээний вирусын үед хатгалгаа болон хүндрэх магадлал ихтэй байгааг анхаарууллаа.

Мөн хүйтний улиралтай холбоотой халтиргаа, гулгаанаас үүдэлтэй осол гэмтлийн тоо нэмэгдэж, хэт хүйтэрсний улмаас осголт, хөлдөлт ихсэж байгааг хурлын төгсгөлд онцлов. Нөгөөтээгүүр баярын өдрүүдээр аялал зугаалгаар хөдөө, орон нутагт зорчихоор төлөвлөж байгаа иргэд машиныхаа бүрэн бүтэн байдлыг шалган, зузаан хувцаслаж эрсдлээс урьдчилан сэргийлэхийг санууллаа. Осголт, хөлдөлтөд өртсөн тохиолдолд хамгийн түрүүнд эрүүл мэндийн байгууллагад хандан эмчийн зөвлөгөө, зөвлөмжийг дагах шаардлагатай ба дур мэдэн эмчилгээ хийснээр хүндэрч болзошгүйг Эрүүл Мэндийн Яамнаас анхааруулж байна. 

Ctrl
Enter
Гомдол хэрхэн мэдүүлэх вэ?
Холбоотой текстийг идэвхжүүлэн Ctrl+Enter дарна уу.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл (0)

Foto
О.Нинж

Б.Ганчимэг
Б.Ганчимэг
Б.Алтанхуяг
Б.Алтанхуяг
А.Доржханд
А.Доржханд
О.Нинж
О.Нинж
П.Соёлдэлгэр
П.Соёлдэлгэр
А.Банзрагчгарав
А.Банзрагчгарав