Interveiw сэтгүүлийн эрхэмсэг уншигчиддаа зуны эхэн сарын дугаараа өргөн барьж байгаадаа бид баяртай байна.  Хүндхэн өвлийн ард гарч, хүн малын зоо тэнийж буй урин цагийн аяс дүүрэн энэ цагаар олон сайхан зочдыг та бүхэнтэй уулзуулахаар сонгож ярилцлаа. Зочин болгон өөр. Учир нь тэдний ертөнц өөр өөр учраас.

Сэтгүүл зүйн олон гайхалтай төрлүүд дотроос ярилцлагын төрөл нь тэргүүн эгнээнд эрэмбэлэгддэг төдийгүй, уншигчдыг тухайн зочны оюун бодол, сэтгэл зүрхний нандин ертөнц рүү хөтөлдгөөрөө үнэ цэнтэй юм. 

Interview” сэтгүүлийн шинэ дугаараас ОНЦЛОХ долоон ярилцлагыг хүргэж байна.

Б.ЭНХЦЭЦЭГ: БИ ТЭР ХҮМҮҮСИЙН ТӨЛӨӨ ХӨРӨГ БИЧИХЭЭС ӨӨР ЮУ Ч ХИЙЖ ЧАДАХГҮЙ

“Хөрөг”. Энэ үгийг, эл төрлөөр бичдэг хүмүүсийг хүний амьдралын зураач гэж хэлмээр санагддаг. Тийм зураачдын нэг, орчин цагийн “Хөрөг” бичвэрийн гойдыг уншигчдад хүргэж яваа хүмүүсийн нэг бол сэтгүүлч Батдоржийн Энхцэцэг.

Хувь тавилан нь эхнээсээ л зурагдчихсан, тод бүдэг өнгө холилдсон замаар од шүүрч, оч бутартал газардаж, жаргал зовлонгийн аль алинаас ундаалсан эрхмүүдийн тухай бичсэн хөрөг бүр нь амттай. Амьдрал тааварлашгүй гэж бид ярьдаг. Тэрхүү амьдрал дотор мөн олон дүр бий. Тэдгээрээс эрж, хайж олсон дүрүүдээ онцгойгоор мэдэрч, сэтгэлийнх нь гүн рүү нэвтрэх тусам өөрийнхөө зан чанарыг илүүтэй нээж олохоос гадна тавиланг нь омог бардмаар зурж чаддаг дүр харин бидний дунд цөөхөн. Тэр л цөөнхийн нэг нь яг одоо миний өмнө сууж байна. Тэр одоо юу бичиж байгаа бол... 

Ө.СУМЪЯАБААТАР: БИД ХОТ ТӨЛӨВЛӨЛТИЙН АЛДААТАЙ БОДЛОГЫН ЗОЛИОН ДЭЭР Л АЖИЛЛАЖ БАЙНА. ТЭГЛЭЭ ГЭЭД ГОНГИНОХГҮЙ...

НИТХ-ын төлөөлөгч, Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар уг дугаарын онцлох зочдын нэг. Түүний ярилцлагаас бид хот төлөвлөлт болоод нийгэмд тулгамддаг олон асуултын хариуг авах болно. Мөн түүний дотоод ертөнц, ажлын арга барил гээд хувь хүнтэй нь танилцах боломжийг уншигчдад олголоо. 

Тэрээр “Миний хувьд намын даргатай, намын дэд даргын, засаг даргын түвшинд л ажлаа яриад, хийгээд л явдаг. Өөр энд тэнд, элдэв бүлэглэл гээд яваад байдаггүй. Тэр миний сул тал байж магадгүй. Энэ талаас маань болж намайг оролддог ч байж магадгүй” хэмээсэн юм. 

Т.СЭРГЭЛЭН: ЖҮЖИГЧНИЙ ДҮР АДГИЙНААС АВХУУЛААД ХУВИЛГААН ХҮРТЭЛ ЯНЗ БҮР БАЙДАГ

Брэдэд тоглосон Т.Сэргэлэн дүрийнхээ эрс шийдэмгий зан чанарыг хошин наргиа, ёжилсон хурц үг хэллэгээр ч илэрхийлэхдээ огцом хөдөлгөөн, хөгжилтэй болоод хорон санаандаа нухацтай автсан эрийн дүрийн аль алинд нь алхам бүртээ сайтар хувирч байсан билээ. Заримдаа тайзны нэг өнцгөөс нөгөөд хүрч, үзэгчдийн дундуур чанга чанга ярин алхаж байхдаа Опалыг хороох төлөвлөгөөндөө автаж гүйцсэн залуугийн цоргисон харцаар үзэгчдийг нэвт сүлбэж байв.

Зочинтойгоо би анх ингэж уулзсан. Жүжигчин Т.Сэргэлэн тухайн үед Орфей театрын ээлжит уран бүтээл “Опал” жүжигт Брэд Виннэрийн, дүрийг бүтээж байлаа. Харин миний өмнө сууж буй энэ хүн бол Брэд бус алдарт Лев Толстойн зохиолоос сэдэвлэн найруулсан “Анна Каренина” жүжгийн  Алексей Вронский. 

Ингээд уншигч таныг “Опал”, “Хайрын виз”, “Анна Каренина”, “Би эндээс явахгүй” зэрэг олон жүжгүүдэд театрын тайзнаа гялалзсан жүжигчин Т.Сэргэлэнтэй уулзуулж байна. Энэ бол түүний хэвлэлд өгч буй анхны дэлгэрэнгүй ярилцлага билээ. 

Г.БАТЧУЛУУН: МИНИЙ БАГШ “МОРЬ УНАЖ БАЙГАА ХҮҮХДИЙГ ПЭЛДЭН МЭТ ХАЙРЛА” ГЭЖ ЗАХИДАГ БАЙЛАА

Эртнээс нааш монголчууд бид эрийн гурван наадмаа хийж дэлгэр сайхан наадсаар ирсэн ард түмэн билээ. Энэхүү цэнгэл наадмын нэг бол яах аргагүй хурдан морины уралдаан юм. 

Хурдан морины уяа сойлгыг тааруулахад уяач хүнээс ур ухаан, авьяас чадвар нэгэн зэрэг шаарддаг билээ. Тэгвэл өнөө цаг үеийн шилдэг уяач Дундговь аймгийн Дэрэн сумын харьяат, Монгол Улсын манлай уяач Г.Батчулууны ярилцлагыг хүргэлээ. 

Э.ТҮВШИНТӨР: ХҮНД ГАНЦААРАА БАЙХ, ЮУ Ч ХИЙХГҮЙ ГИЮҮРЭХ МАШ ЧУХАЛ САНАГДДАГ

Энэ удаад бид “Nomad Toys” студийн үүсгэн байгуулагч Э.Түвшинтөрийг урьж ярилцлаа. Морьтой хүүхдийн эгдүүтэй хэрнээ монгол ахуйг шингээсэн гайхалтай зургийг нь та бүхэн хаа нэгтээ харж байсан байх. 

Дүрслэх урлагийн сургуулийг монгол зургийн мэргэжлээр төгссөн түүний 2016 онд гаргасан “Өв” хэмээх бие даасан үзэсгэлэн нь олон хүнд хүрсэн байдаг. ArtToy хэмээх шинэхэн урлагийн төрлийг монголд хөгжүүлж яваа энэ залуу уран бүтээлчдийн урлан өөрийн гэсэн халуун дулаан уур амьсгалаар дүүрэн санагдлаа. 

Б.ЧАНАГНЯНГАР: ХҮМҮҮС ӨВ СОЁЛОО ХАДГАЛЖ ҮЛДЭХИЙГ ЧУХАЛЧИЛДАГ Ч ХӨГЖҮҮЛЭХ ТАЛААР ОЙЛГОЛТГҮЙ БАЙДАГ

“Монсудар” хэвлэлийн газрын хүүхдийн номын “Жангар” редакц нь хүүхдийг хөгжүүлэх, сонирхлыг нь татах, нас сэтгэхүйд нь тохирсон олон номуудыг эрхлэн гаргахаас гадна сонгодог зохиолуудыг насны онцлогт нь зориулан “Хүүхдэд зориулав” гэсэн дэд гарчигтайгаар уншигчдад хүргэсээр байна. Өдгөө тус редакцийн “Эртний уран зохиол” төсөл хэрэгжиж эхэлснээс хойш “Монголын нууц товчоон”, “1001 шөнийн үлгэр”, “Гэсэр” зэрэг номууд уншигчдийн хүртээл болжээ.  Бид өнөөдөр нэг номыг тахин шүтэж хоймортоо залах биш үргэлж хэрэглэж, уншиж судлах нь зүй ёсны асуудал болоод байна. Тиймээс л сонгодог бүтээлийг хялбаршуулсан хувилбарт оруулсан хэдий ч уг номын зохиогчид утга агуулгыг нь огтхон ч өөрчилж, орхигдуулсангүй. Хүүхдэд зориулсан үлгэр нь амьдралын бодит хуулбар биш ямар нэг байдлаар дээгүүр түвшинд бичигдсэн байдаг. Түүн дотор хүн байхуйн бодит үнэнг шигтгэн урлах нь элбэг.

Ийнхүү “Жангар” редакцын албаны дарга, редактор, “1001 шөнийн үлгэр”, “Гэсэр” зэрэг хүүхдэд зориулж шинэчлэсэн номуудын зохиогч Б.Чанагнянгартай хийсэн ярилцлагыг уншигчдадаа хүргэж байна.

ЭММА СТОУН: БИ ӨМНӨ НЬ НАДТАЙ ХЭЗЭЭ Ч ТААРАЛДАЖ БАЙГААГҮЙ ТИЙМ ГАЙХАЛТАЙ ТОД ДҮРД ТОГЛОСОН

Гурван хүний амьдрал, гурван үйл явдлыг харуулсан түүх... Бүтэлгүйтэж сүйрсэн амьдралдаа гэрэл гэгээ оруулах гарц хайсан эр, далай руу үсрээд сураггүй болсон эхнэр нь санаанд оромгүй байдлаар гэнэт эргэж ирсэнд итгэж ядсан цагдаагийн ажилтай, ер бусын чадвартай, сүнслэг удирдагчийн тавилантай хэн нэгнийг эрэн хайж буй хүний тухай өгүүлэх “Сайхан сэтгэлийн төрөл анги” гэсэн шинэ бүтээл. Энэ киног грекийн найруулагч Йоргос Лантимос найруулжээ. Уг бүтээлийн гол дүрд Эмма Стоун тогложээ. 

Шилдэг эмэгтэй дүр бүтээгч, “Оскар”-ын хоёр удаагийн шагналт, “Зобиланд”-ын шаргал үст, “Ла Ла лэнд” киноны мөрөөдөгч бүсгүй Эмма Стоунтай BBС радиогийн сурвалжлагч уулзаж ярилцсан яриаг та бүхэнд хүргэлээ. 

Ctrl
Enter
Гомдол хэрхэн мэдүүлэх вэ?
Холбоотой текстийг идэвхжүүлэн Ctrl+Enter дарна уу.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл (0)

Foto
Б.Алтанхуяг

Б.Ганчимэг
Б.Ганчимэг
Б.Бямбасүрэн
Б.Бямбасүрэн
Б.Алтанхуяг
Б.Алтанхуяг
А.Доржханд
А.Доржханд
О.Нинж
О.Нинж
П.Соёлдэлгэр
П.Соёлдэлгэр
А.Банзрагчгарав
А.Банзрагчгарав