Зөвхөн миний Монголын гэх омголон хөх өвөл цан хүүргээ савсуулан, цангинан хангинанхан буй энэ гайхамшигт дагшин цагаар уншигч та бүхэндээ бид оны хамгийн сүүлчийн дугаараа өргөн барьж байна.

Өнгөрөгч он бидний монголчуудын хувьд сайхан нь ч, саар муухай нь ч хосолсон өвөрмөц нэгэн жил болон өндөрлөлөө.
Цагийн үзүүр дандаа сайн зүг рүү эргэж байдагт итгэдэг цайлган цагаан түмний минь заяаг ирэх он ивээнэ гэдэгт итгэнэ. Учир нь бидний алдаж болохгүй, алдруулж болохгүй цорын ганц зүйл бол итгэл билээ.

Манай хамт олон та бүхэндээ хэдхэн хоногийн дараа учран золгох шинэ оны босгон дээр урьж сонгосон зочдынхоо халуун дулаан сэтгэлээ дэлгэсэн шинэхэн дугаарыг уншигчдадаа хүргэж буйдаа баяртай байна.

Энэ удаагийн дугаарын онцлох зочноор тэр бүр хэвлэл мэдээллийн хэрэгслээр ил гардаггүй, ХААН Банкны гүйцэтгэх захирал, Гавьяат Эдийн засагч, хатагтай Р.Мөнхтуяаг бид сонголоо. Манай санхүүгийн системийн нэгэн том багана болсон томоохон банкийг удирддаг, улс орны эдийн засгийн цаашдын чиг хандлагыг тодорхойлолцдог гол тоглогчдын нэг энэ нууцлаг хатагтайн ярилцлага уншигч таныг чилээхгүй гэдэгт итгэнэ. Мөн бидний урьсан өөр нэг онцлог зочин бол Төвд судлаач Г.Ням-Очир юм. Түүний өвөрмөц ертөнцийг илтгэх ил шулуухан ярианаас та цаг үеийн болоод монголчуудын цаашдын итгэл үнэмшил, үзэл санааны нэгсэл чухам юун дээр
зангидах вэ гэсэн сонирхолтой сэдвээр аялах болно.

Монголчууд өнөө цаг үед авьяас билгээрээ дэлхийн сонгодог урлагийн тайзан дээр гялалзаж яваа. Тэдний нэг бол бага наснаасаа тэрхүү тайзнаа гэрэлтэж эхэлсэн Баттулгын Гүен. Түүний тухай гэгээн тойм таны сэтгэлийг баясгах нь лавттай.

Мөн бид Соёлын сайд Ч.Номингийн хойд хөрш рүү сураг тасран одсон Ноён уулын олдворуудыг эргүүлэн авчрах талаар хийж буй зоригтой алхмыг олзуурхаж, хойд хөршид болсон тэрхүү сонирхолтой яриа хөөрөөнүүдийн сониныг сонсохоор зорьсон юм. Түүнтэй хийсэн ярилцлагаас соёлын салбарт өрнө буй шинэ сэргэлтийн бодлогууд хийгээд 100 жилийн өмнө хилээр маань гараад эргэн ирээгүй үнэт соёлын өвүүдийнхөө араас залуу сайд хэрхэн мохохгүй явж байгаа талаар халуухан хөөрөлдөөнийг уншаарай.

Манай дугаарын бас нэгэн чухал зочин бол Аутизм ба Онцгой Хүүхдүүдийн Академийн захирал, хатагтай Б.Солонго. АНУ-ын Колумбын Их Сургуулийг төгссөн манай шилдэг залуу эмч нарын нэг энэ бүсгүйтэй аутизмтай бяцхан зүрхнүүдийн төлөө хэрхэн ажиллаж, тэмцэж яваа талаар цаг гарган ярилцсан билээ.

Алсран одох оны үдэж буй үдэн буй энэ цагийн мөнгөн хэлхээн дээр баяр гунигийг хэлхэн, өнгөрсөн бүхнээ цэгнэдэггүй хүн үгүй болов уу. Тиймээс өнгөрөгч 2023 оны онцлох ном, кинонуудаар ямар бүтээлүүдийг онцолж байгаагаа мөн толилуулж байна.

Үргэлж хамт байдаг уншигч та бүхэндээ шинэ оны мэнд хүргэе.

Хүндэтгэсэн, “Interview” сэтгүүлийн Ерөнхий эрхлэгч Бадамдоржийн Ганчимэг

Ctrl
Enter
Гомдол хэрхэн мэдүүлэх вэ?
Холбоотой текстийг идэвхжүүлэн Ctrl+Enter дарна уу.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл (0)

Foto
Б.Ганчимэг

Б.Ганчимэг
Б.Ганчимэг
Б.Бямбасүрэн
Б.Бямбасүрэн
Б.Алтанхуяг
Б.Алтанхуяг
А.Доржханд
А.Доржханд
О.Нинж
О.Нинж
П.Соёлдэлгэр
П.Соёлдэлгэр
А.Банзрагчгарав
А.Банзрагчгарав