Зөвхөн миний Монголын гэх омголон хөх өвөл цан хүүргээ савсуулан, цангинан хангинанхан буй энэ гайхамшигт дагшин цагаар уншигч та бүхэндээ бид оны хамгийн сүүлчийн дугаараа өргөн барьж байна.
Өнгөрөгч он бидний монголчуудын хувьд сайхан нь ч, саар муухай нь ч хосолсон өвөрмөц нэгэн жил болон өндөрлөлөө.
Цагийн үзүүр дандаа сайн зүг рүү эргэж байдагт итгэдэг цайлган цагаан түмний минь заяаг ирэх он ивээнэ гэдэгт итгэнэ. Учир нь бидний алдаж болохгүй, алдруулж болохгүй цорын ганц зүйл бол итгэл билээ. Ийнхүү шинэ дугаараас онцлох зургаан ярилцлага, нийтлэлийг санал болгоё.
Р.МӨНХТУЯА: ӨӨРИЙН ҮНЭЛГЭЭ НЬ ХОЁР ИХ НАЯД ДАВСАН МОНГОЛЫН ЦОР ГАНЦ КОМПАНИ БОЛ ХААН БАНК
Энэ удаагийн оны шинэ дугаарын онцлох зочноор тэр бүр хэвлэл мэдээллийн хэрэгслээр ил гардаггүй, ХААН Банкы гүйцэтгэх захирал, Гавьяат Эдийн засагч, хатагтай Р.Мөнхтуяа уригдсан билээ. Манай санхүүгийн системийн нэгэн том багана болсон томоохон банкийг удирддаг, улс орны эдийн засгийн цаашдын чиг хандлагыг тодорхойлцдог гол тоглогчдын нэг энэ нууцлаг хатагтайн ярилцлага уншигч таныг чилээхгүй гэдэгт итгэлтэй.
ХААН Банк харилцагчдадаа ямар давуу байдал олгосон үйлчилгээнүүдийг санал болгодог, шинийг сэдэж хэрэгжүүлдэг, мөн цахим эринтэй хэрхэн хөл нийлүүлэн алхаж буй талаар болон олны дунд цуурхал болон дэгддэг асуудлууд нь чухам цаанаа ямар учир шалтгаантай болохыг уг ярилцлагаас уншаарай.
Ч.НОМИН: НОЁН УУЛЫН ОЛДВОРУУД ГААЛИЙН БИЧИГТЭЙ ОРОСЫН ХИЛЭЭР ГАРСАН Ч БУЦАЖ ИРЭЭГҮЙ
Соёлын сайд Ч.Номин мөн л шинэ дугаарын онцлог, онцгой зочдын нэг байв. Тэрбээр ОХУ-ын Санкт-Петербург хотноо зохион байгуулагдсан “Олон улсын соёлын есдүгээр форум”-д оролцох үеэрээ Ноён уулын олдворуудыг Монгол Улсад гэрээ ёсоор эргүүлэн өгөхийг хүссэн төдийгүй, ОХУ-ын Соёлын сайд, “Эрмитаж” музейн захирал нартай уулзаж соёлын томоохон өвүүдээ эргүүлэн авах талаар тодорхой байр суурь илэрхийлсэн юм.
Мөн Монгол Улсын Соёлын яамнаас “Дэлхийд тархсан Монгол Соёлын өв” хөтөлбөрийг хэрэгжүүлж буйгаа мэдэгдээд тус ажлын хүрээнд ОХУ-д хадгалагдаж байгаа Монголын соёлын баримтат өв, түүхийн эх сурвалж, архивын баримт, үнэт олдворуудыг эх орондоо буцаан ирүүлэхийн төлөө хамтран ажиллахыг уриалсан билээ. Түүний хийсэн энэхүү алхам үнэхээр анхаарал татахуйц, зоримог шийдвэр, үйл явдал байв. Энэ талаарх дэлгэрэнгүй ярилцлагыг таалан соёрхоно уу.
ТЭР СОНГОСОН ЗАМААРАА ӨГСӨЖ ЭХЭЛЛЭЭ
Монголчууд өнөө цаг үед авьяас билгээрээ дэлхийн сонгодог урлагийн тайзан дээр гялалзаж яваа. Тэдний нэг бол бага наснаасаа тайзнаа гэрэлтэж эхэлсэн Баттулгын Гүен. Энэ удаагийн дугаарын “Сонгодог урлаг” булангаас түүний тухай гэгээн тоймыг унших боломжтой.
Б.Гүен Чех улсын Усти над Лабем хотод өнгөрсөн сарын 25-нд болж өндөрлөсөн 56 дахь удаагийн өсвөрийн төгөлдөр хуурчдын олон улсын “Virtousi Per Musica Di Pianoforte” уралдааны гран при шагнал хүртсэн Консерваторийн сургуулийн төгөлдөр хуурын 4-ийн А ангийн сурагч юм. Тэрбээр тус уралдааны дөрвөн номинацид түрүүлснээр гран при шагналын эзэн болжээ.
Г.НЯМ-ОЧИР: X ДУГААР БОГД БОЛ ЧИНГИС ХААНЫ ХУВИЛГААН ДҮР
Бидний урьсан өөр нэгэн онцлох зочин бол Төвд судлаач Г.Ням-Очир. Түүний өвөрмөц ертөнцийг илтгэх ил шулуухан ярианаас та бүхэн цаг үеийн болоод монголчуудын цаашдын итгэл үнэмшил, үзэл санааны нэгсэл чухам юун дээр зангидагдах вэ гэх сонирхолтой сэдвээр аялах болно.
Уг ярилцлагад X дугаар богд, энэ оны хамгийн том үйл явдлын нэг болох Гандантэгчэнлин хийдийн тэргүүнээр сонгогдсон шинэ хамба болоод номын сангийн архив, судлагдахуун зэрэг олон асуудлыг мэргэжлийн хүний өнцгөөс дүгнэсэн, ойлгомжтойгоор товч гаргалгаанд суурилж тайлбарласан хариултуудтай нүүр тулна. Мөн өөрөөсөө асуудаг тэдгээр асуултууддаа ч оносон хариулт авч мэдэх юм шүү.
ӨВ СОЁЛЫГ ӨВЛӨН ҮЛДЭЭХ ТОГОО НЭРЭХ ЁСОН
Улс үндэстэн бүр өөрсдийн идээ хүртэх ёс, зан заншилтай. Монголчуудын хувьд нүүдлийн мал аж ахуйгаас шалтгаалан хоол унд хийх, уламжлалт баяр ёслолоор аль идээг сонгон хүртэх нь хүртэл нарийн дэг жаягтай ард түмэн. Тэдгээрийн дотроос уламжлагдан ирсэн соёлын биет бус өвийн нэг нь шимийн архийг боловсруулан гаргаж авах тогоо нэрэх ёсон юм.
Биет бус өв соёл гэдэг Монголчуудыг монгол хүн гэдгийг илтгэх хамгийн чухал, үнэт зүйл билээ. Өв соёл, тээгдэн ирсэн ёс заншлаас алгуур алсрах нь үндэстнийг дотроос нь мэрж, хожим тусгаар бүрэн эрх рүү ч халдаж мэдэх хүчтэй сөрөг зэвсэг мөн. Тиймээс л уламжлагдан ирсэн өв соёлоо ирээдүй хойчид танин мэдүүлэх, өвлөн тээх нь одоогийн хэллэгээр бидний хамгийн том зарчмуудын нэг мөн. Өнгөрсөн удаагийн дугаартаа бид биет бус соёлын өвийн нэг болох хатгамал урлалыг онцолсон бол энэ удаад тогоо нэрэх ёсыг онцлон танилцууллаа.
Б.СОЛОНГО: АУТИЗМТАЙ ХҮҮХДИЙГ ХЭЦҮҮ ГЭЖ ТӨВӨГШӨӨЖ ЦЭЦЭРЛЭГҮҮД АВАХГҮЙ БАЙХ ТОХИОЛДОЛ ИХ. ЭНЭ БОЛ ДЭНДҮҮ ХАРАМСАЛТАЙ ЯВДАЛ
Сэтгүүлийн маань гол төрөл бол ярилцлага гэдгийг уншигчид андахгүй. Тиймээс шинэ дугаарын мөн онцлох нэг зочин бол “Аутизм ба Бусад Онцгой Хүүхдүүдийн Академи”-ийг үүсгэн байгуулагч, хатагтай Б.Солонго. Тэрбээр АШУҮИС, АНУ-ын Колумбын Их Сургуулийг төгссөн манай шилдэг залуу эмч нарын нэг билээ. Зочин маань АНУ-ын Хүний их эмчийн лицензийн шалгалтуудад (United States Medical License Examination Clinical knowledge step 1, 2 and Clinical Skill) тэнцэж, албан ёсны лицензээ (ECFMG Certificate) аваад байх үедээ амьдралынхаа бас нэгэн чухал шийдвэрийг гаргаж ахин суралцсан байдаг.
Манай шилдэг залуу эмч нарын нэг болох тэрбээр аутизмтай бяцхан зүрхнүүдийн төлөө хэрхэн ажиллаж, тэмцэж яваа талаараа дэлгэрэнгүй ярилцсан билээ.