“Нисванис” биднийг тэс өөр хөгжмийн хэмнэл, жинхэнэ рокт хүргэж чадсан уу гэдгийг мэдэхгүй. Учир нь энэ бол судлаачдын хийх ёстой ажил. Гэхдээ хүн бүрийг сонсож дадсанаас нь өөр хэмнэлээр сэгсчиж, монголын рок хөгжимд үнэтэй хувь нэмэр оруулсан нь баттай үнэн. Нисванис тайзан дээр гарахад л сонсогчдынх нь “сэтгэл хөдөлнө”.
Рок бол амьдралын философи байлаа. Тэр утгаараа ч эл урсгалд Ф.Ницше болон А.Шопенхуар зэрэг их сэтгэгчдийн үзэл санаа нөлөөлсөн гэж зарим судлаач үздэг. Учир нь хөгжим аливаа нэг утгыг дотроо тээдэг шүү дээ. Гол нь тэр утга санаа хэр гүнзгий, гоо зүйн илэрхийлэлтэй байна вэ гэдэг хамгийн чухал нь биш. Хөгжмийг ямар нэг хэм хэмжээнд барилгүйгээр бүх нийтийн хамарсан үзэл санаатай болгож хувиргаснаараа рок үнэ цэнтэй. Тэрхүү хувиргал нь харин өөр ямар ч хөгжимд үгүй далд, нууцлаг утгыг илэрхийлсэн байдаг. “Нисванис” бол үүнийг хамгийн тод жишээ мөн.
Тэгвэл тус хамтлагийн жил бүр уламжлан зохион байгуулдаг амьд хөгжмийн наадам буюу “Нис нис” фестиваль энэ сарын 19-нд Улаанбаатар зочид буудлын их танхимд болно. Уг тоглолтод “The Lemons”, “Rec On”, “Bulsara”, “Sir Alex”, “Vatame”, “Growl of Clown”, “Aravt - Metronome” зэрэг хамтлагууд оролцох юм.
Аливаа уран бүтээлч бус түүний хийж бүтээсэн уран бүтээл нь цагийн цаазыг давж хүмүүсийн сэтгэл зүрхэнд мөнхөд үлддэг хууль бий. Тиймдээ ч урлаг үргэлж цоо шинэ, ямагт өөдрөг хэлбэрээр оршиж байдаг. “Нисванис” бол тийм урлаг бүтээсэн. Тэд хэзээ ч тайзнаас хол байсангүй. Завсарлаагүй. Энэ удаад ч сонсогчидтойгоо хамт байна. Одоо таны сэтгэл хөдөлж байна уу?