УИХ хурлын гишүүн С.Амарсайхан Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан "Хүнсний хувьсгал" үндэсний хөдөлгөөний хүрээнд Ерөнхийлөгчийн ахлах зөвлөх Н.Хүрэлбаатар, Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр нартай албан уулзалт хийлээ.
Уулзалтаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Хүнсний хангамж, аюулгүй байдлын "Эрдэмтдийн зөвлөл"-өөс пестицидийн талаар цаашид авах арга хэмжээний зөвлөмж болон хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөний талаар санал солилцлоо.
Монгол Улсын хэмжээнд 380 гаруй лаборатори үйл ажиллагаа явуулж байгаагийн 180 орчим нь улсын лаборатори байна. Түүнчлэн манай улсад пестицидийн нэр төрөл, хэмжээ нь жилээс жилд нэмэгдэж байгаа нь хүн амын эрүүл мэнд, цаашлаад хүнсний аюулгүй байдалд нөлөөлөх хэмжээнд хүрч болзошгүй бөгөөд олон төрлийн хавдар үүсгэх эрсдэлтэй байна. Тиймээс улсын болон хувийн лабораториудын хүчин чадлыг сайжруулах, боловсон хүчний нөөцийг бэлтгэх, дадлагажуулах, хүнсний лабораториудын уялдаа холбоог сайжруулах, тэр дундаа хууль эрх зүйн орчныг сайжруулж, техник технологи, стандартын шинэчлэлийг хийх нь чухал.
Мөн нийт хүн амыг пестицидээс хамгаалахын тулд энэ талаар цаашид авах арга хэмжээний зөвлөмжийг нэн яаралтай хэрэгжүүлж, ажил хэрэг болгох хэрэгтэй байна. Ингэхдээ эрх зүйн актуудаа боловсронгуй болгох, стандартын шинэчлэлээ хийх, хэрэгжилтийг хангахад онцгой анхаарах ёстой.
Манай улс 2013-2023 оны хугацаанд 12-17 пестицидийг тодорхойлж байсан бол 2024 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар давхар масс детектортой хийн хроматографи багажийг авч үйл ажиллагаанд нэвтрүүлснээр 1 дээжид 40 минутанд 221 төрөл, түвшинд тодорхойлох чадамжтай болоод байна. Гэсэн хэдий ч улсын болон хувийн лабораторийн хүчин чадлыг улам сайжруулж, хүний нөөцийн чадавхыг нэмэгдүүлэх асуудалд илүү анхаарч ажиллах шаадлагатай байна.