Хоёрдмол утгагүйгээр тайлбарлаж, ойлгох боломжгүй хэв маягаар бүтээгдсэн зохиолууд Гоголийн үнэт өвөөс мэдрэгддэг. Түүний гротекс чанар бол хүний оршихуй дахь зөрчилдөөнөөс авахуулаад амьдралын гүн гүнзгий асуудлуудад хэт хийсвэрлэл, хошин наргианы өнгө аястай хандаж буйгаар илэрдэг. Чухам гротекс урлагийн бүтээсэн хэв загвар, бий болгосон ертөнцөөс чухам хоёрдмол утгатай хариултыг эрж эхэлсэн нь хамгийн зөв алхам болох биз ээ. Тэгээд ч гротекс нь цаг хугацааны үл мөлийх их урсгал дунд хөвсөөр хошигнолтой дэндүү хамаарал бүхий байх болжээ.
Тэгвэл их онолч, Германы сонгодог зохиолч Бертольт Брехтын “Сычуаны сайн хүн” гротекс жүжгийг Улсын Драмын Эрдмийн театрын тайзнаа Г.Айборагийн дуун хөрвүүлснээр Э.Ёндоншарав найруулан тавьжээ.
Жүжиг эхлэхэд “Сайн байцгаана уу” гэсээр хатагтай Ян орж ирснээр жүжигчдийн бүтээж буй дүрийг танилцуулан, үзэгчидтэй харилцан ярилцаж буй нь уг жүжгээс хэдхэн хоногийн өмнө үзсэн найруулагч М.Батболдын “Опал” жүжгийн эхлэлийг санагдуулсныг нуух юун.
Брехт бол хүүрнэл болоод жүжгийн зохиолчоос гадна яруу найрагч, театрын онолч. Түүний хийсэн, бүтээсэн бүхэн цаг ямагт маргаан дэгдээж ирсэн. Сэдсэн бүр нь дуулиан тарьдаг байв. Туульс болоод драм хослуулсан жүжгүүд, баатарлаг театрын онол нь ХХдугаар зууны театрыг орвонгоор эргүүлж орхижээ. Бүтээлийнх нь гол өв болох “Сычуаны сайн хүн”-ийг 1941 онд Финландад анх бүтээсэн ба туульсын онолтой гойд нийцэж байсан гэдэг. Брехт уг жүжгээ 11 жилийн туршид бичсэн юм. Зарим судлаачид үйл явдал өрнөх обьектыг Хятадын Сычуань муж хэмээн тодорхойлж байлаа. Харин зохиолч энэ тухайд “Дэлхийн хаана ч хүн хүнээ мөлжиж орхиодог” гэж тайлбарласан удаатай.
Харин ОХУ-д найруулагчийн мэргэжлээр төгсөж ирсэн Э.Ёндоншаравын эх орныхоо театрт дэглэсэн найруулгаас хэд, хэдэн уран шийдэл, гоёмсог тавилтууд харагдаж байсан ч “Драмын театр хувьсгал хийжээ” гэх зарим дэгс мэдээлэлтэй харьцуулахаар шинэчлэл гарсан гэвэл цээжний хөндийн гүн рүү дутуухан амьсгал татсан хэрэг болно.
ХАНДАХ ЗҮГ
Сайн хүн гэж хэн бэ? Бүхий л талаараа өөгүй, өв тэгш хүн гэж үгүй. Ертөнцөд бүхий л зүйлс хоёр талтай. Тэгвэл хувь хүний сайхан сэтгэл л хамгийн төгс зүйл байж таарна. Түүнийг л хайж бурхад газарт буудаг. Тэдгээр бурхадыг Сычуаны Шэн Ти л сайхан сэтгэлээр гэртээ хонуулахад баярласандаа мөнгө өгнө. Ийнхүү тэр тамхины дэлгүүр худалдан авах ажээ. Харин ядуус Шэн Тигийн эелдэг, сайхан сэтгэлийг үргэлжид ашиглах аж. Тиймээс Шэн Ти бизнесээ аврахын тулд эрэгтэй хүний хувцас өмсөж, сахал наан дүрээ хувиргаснаар авга ах Шуй Таны дүрийг бүтээнэ. Нисдэггүй нисгэгч Ян Сунд сэтгэл алдарч, түүний ашигч занд мэхлэгдэхээс гадна хүүхэдтэй болсноо мэднэ. Шэн Ти дотор нь цохилох энэ зүрхний төлөө өөрийгөө нуун далдалж, авга ах Шуй Тагийн дүрд бүр мөсөн хувилснаар тамхины жижиг үйлдвэр нээж ядуусыг ажиллуулах болов. Гэтэл Шуй Та өөрийн үеэл дүү Шэн Тиг хорисноор барахгүй амийг нь хөнөөсөн хэрэгт буруутгагдан шүүгдсэнээр жүжиг эцэс болно. Мэдээж төгсгөлд нь түүнийг бурхад шүүж байна. Товчхон өгүүлэхэд ердөө л энэ.
Харин жүжигт бурхадыг орлох дүрүүд нь балчир хүүхдүүд ажээ. Найруулагчийн энэ шийдэл нь мөн л найруулагч М.Батболдын “Фауст”-д гарах бурханы дүртэй яг таг адил сэдэлтэй байсан нь мөн л эргэлзээ төрүүлнэ. Мэдээж аливаа урлаг, тэгээд ч гротеск драмын хувьд дүрүүдийг төсөөллийн орон зайд ямар ч дүрст хувирган чөлөөтэй нисгэж болно. Гэвч чухам санааг эцсийн үр дүнд бодитой биежүүлэн үзэгчдэд хүргэхдээ давтах бус эргэлзээ төрүүлэхийг чухалчилсан бол илүү оновчтой, уран санаа бий болох сон болов уу хэмээн сэтгэнэ.
Шуй Таг шүүх хуралд жүжгийн дүрүүд, үзэгчид ч тэр хамтдаа оролцож буй мэт сэтгэгдэл театрыг бүрхсэн нь мэдээж. Харин дээд шүүгчид хийгээд бурхад нь балчир хүүхдүүд байх эл тохиол өмнө нь нэгэнтээ “Орфей” театрт бүрэн гүйцэтгэлээ олчихсон санаа юм шүү гэдгийг дурдахгүй өнгөрч үл болно.
ОЧИХ ЗҮГ
“Сычуаны сайн хүн” жүжгийн пролог явахад л театраас тэр болгон хараад байдаггүй содон илэрхийлэл угтсан нь тайзны зураачийн ажил. Ядуусын хотын халцарч үнгэгдсэн сууцанд байрлах жижигхэн тамхины мухлаг, цонхноос хашхичих хүмүүс, бороо орох, том даавуун уут дээш өргөгдөж цоорхойгоор нь нар тусаж, тэнгэр онгойж буйг харуулах, тамхины үйлдвэрийн ерөнхий зураглал зэрэг зураач Анна Гребенниковагийн эл ажил жүжигчдийн тоглолт, жүжгийн утга агуулга, үйл явдлын орчинтой гойд нийцэж байлаа.
Архидалт, биеэ үнэлэлт, ажилгүйдэл, хүмүүсийн атаа жөтөө, хорсол, шунал хүслээр дүүрсэн Сычуаны ертөнцийн өнгийг ердөө л хар цагаан, бараан саарал өнгөнд нэгтгэн харуулсан тайз засал, дүрүүдийн хувцас зэрэг нь нүсэр их чимэглэл, хээ хуар, гял цал орчноор дүүрэн уран бүтээлээр бөмбөгдөж асан драмын театрт шинэ содон илэрхийллийг авчирч чаджээ.
Харин үүнтэй уялдуулсан найруулагчийн хийсвэрлэл, чөлөөт тавилтын хэд хэдэн гоёмсог шийдлүүд жүжгээс анзаарагдана. Жишээ нь гэрэлтүүлэгч дүрийг загнах, зарим гол дүрүүд нь хөгжимчдөд захиалга өгөх, дүрийнхээ тухай театрын арын өрөөнд суугаад ярилцаж байх шиг гадуур тоглолтын хэсгүүд ч бий. Тэр бүхэн нь үзэгчээ театрт илүү ойртуулахаас гадна гротеск шинжийг ч ямар нэгэн нууцгүйгээр илэрхийлж байсан билээ.
Тэнд ерөөс хулдаас, даавуу, хуванцар сав, олс, хатуу цаас л байлаа. Тиймдээ ч “Сычуаны сайн хүн” жүжгийн гол хүн нь Сычуаны сайн зураач байсан гэвэл огтоос буруудахгүй болов уу. Найруулагч харин эдгээрийг жүжгийн нэг ч үзэгдэл, агшинд хэрэгцээгүйгээр орхисонгүй нь олзуурхууштай. Хуримын үеэр найрлах хүмүүс зөвхөн ширээний ард буюу ууж, идэж буй нь далд үзэгдэх бөгөөд заримдаа ширээн дээрээс идээ, дарс авах, тэдний хөл дээш ил гарах үзэгдлүүд хөврөнө. Тэд хэрхэн дарс залгилж, хоол үмхэлж, хоорондоо аяглаж буй нь зөвхөн үзэгчдийн оюун төсөөлөлд л хөврөнө. Тэгээд ч гол асуудлаа хэлэлцэх Шэн Ти, Ян Сун нарын тоглолтонд давхар анхаарлаа хандуулна. Энэ л гротексийн онолоос гадуур театрт үзүүлэх гол чанар юм.
ҮЗЭГЧДЭЭС ЭСРЭГ ЗҮГ
Жүжгийн гол дүрүүд тун цөөхөн. Тэр дундаас онцолж ярих нь хоёрхон. Шэн Ти болон Шуй Та нарын дүрд Т.Хулан тогложээ. Шэн Ти бол тус газрын цорын ганц дэнлүү. Аврал хайсан, тусламж эрсэн хэн бүхэн түүнд хандана. Түүнийг ашиглана. Нөгөөтээгүүр тэр сайхан сэтгэлийнхээ мөн чанарт хэзээд үнэнч үлдэх нь бурхадын шүүлтэд тэнцэх үү, үгүй юү гэдэгт эцсийн хариулт болж өгнө. Учир нь энд, магадгүй хорвоо ертөнцөд сайн хүн үлдсэнгүй. Тэгвэл Шэн Ти тийм байж чадах уу гэх хариултыг үзэгчид хайж байна. Жүжигчний сонголт ч тун оновчтой болсон. Т.Хулан Шэн Тигийн цайлган, итгэмтгий, цагаахан сэтгэлтний дүрийг огтоос түүртэлгүйгээр гаргаж байх шиг санагдана. Харин дүрд ирэх сэтгэлзүйн өөрчлөлтүүд, цөхрөл, дотоод шаналалыг илэрхийлэн гаргахдаа театр бус кинонд харуулдаг өнгөц, нэгэн хэвийн хуурай жүжиглэлтийг ил тодхон гүйцэлдүүлж байсан нь харамсалтай.
Дараагийн дүр бол Ян Сун. Огторгуйгаар дүүлэх мөрөөдөлдөө автсан нисгэгчийн дүрд Н.Ялалт тогложээ. Түүний бүтээсэн театрын дүр огт хөдлөлгүй зогсоод толинд дүрсээ харахад цаадах нь гар хөлөө сарвалзуулж буй аятай тэс өөр байгаагүй ч мөн л төдийлөн гялалзсан жүжиглэлт байсангүй. “Хэзээ нэгэн цагт бид нисэж магадгүй” хэмээн эхэлдэг реп тоглолт ч бас Ян Суны дүрийн дотоод гүнзрийлд автан өөртэйгөө болоод бусадтай хийж буй тэмцлийг ч үзэгдэд үзүүлсэнгүй. Ер нь аливаа жүжигчдийн дүрдээ автах чанар сайн зүйл биш. Театрт бүр ч зохицдоггүй. Учир нь театрын жүжигчид дүрийг үзэгчдэд харуулах ёстой байдаг. Тэднийг цоргиж, текст бүрээрээ оюун бодлыг нь нэвт туучиж бэдрэх шаардлагатай.
Гэтэл “Гэм зэм” жүжгийн Мармеладовын (жүжигчин П.Эрдэнэзаан) “Hard rock” хөгжмийн нүргээн дор сүүлчийн хундагаа өргөсөн монолог тус жүжгийн үзэгдэл доторх ердөө нэг л хэсэг боловч жүжгийн үйл явдал өрнөх нийгмийн томоохон үзэл санааг бүхэлд нь багтааж чадсан байдаг. Жүжигчин текстийг зүгээр л урсгачихаагүйгээр үл барам үйл хөдөлгөөн бүрээ хэлж буй үгтэйгээ нягт уялдуулснаар “Гэм зэм”-ийг төгсгөлийн цэгийг бүтээчихэв үү гэмээр сэтгэлд хоногшсон тоглолтыг бий болгож байсан юм.
Мэдээж “Сычуаны сайн хүн” жүжгийн дүр бүхэн өөрийн гэсэн текстээс гадна хөдөлгөөн, үйл явдлын шугамд ямагт зөрчилдөөн нэмж буйгаараа онцлогтой. Тэд аливаа ямарч хариулт өгч, тайлбар тавихгүй. Үүгээрээ ч найруулагч Э.Ёндоншарав маш онцгой, нэлээд ажиллах шаардлагатай дүрүүд бүхий жүжгийг сонгож авсан нь ойлгомжтой харагдана. Гэвч ихэнх нь оноод нэрлэчихмээр гойд тоглолтгүй, заримдаа хэт их чимээ, орилоон хашхираанаас үүдсэн “тээртэй” мэдрэмжийг төрүүлж байв.
БУЦАХ ЗҮГ
Жүжиг утга учиргүйгээс утга учрыг хайж чаджээ. Дүр болгоны үйл хөдлөл нэгэн цогц чанарыг илтгээгүйгээс гадна өөр хоорондоо эцэс төгсгөлгүйгээр бусдыг жигших туйлшралд автана. Мөнөөх Шэн Ти ч тэр бусдыг өрөвдөн хайрлах боловч нөгөө талд авга ахын дүрээр гарч ирэхдээ толины эсрэг тусгал бий болгоно. Зохиолыг хийсвэрлэл, хэтрүүлгээр хулдаж болох ч зөвхөн үүгээр зодоод орхих нь гротекс биш юм гэдгийг найруулагч зөв оножээ. Цаасан дээр бэхээр элдэв зүйл сараачаад орхисон мэт тэр л замбараагүй утга учрын хөврөлдөөн дундаас үзэгч утга учрыг тойрогт оруулж хашсан ганцхан дүрс олох хэрэгтэй. Жүжигт үүнийг үйл явдлын дотуур ямар ч хэв загвартай байж болохоор зурсан нь бий. Тэр бол шүүх хурлын үеэр Шэн Ти багаа хуулж, өөрийгөө зоригтойгоор илчилж буй явдал. Энэ цэгээс буцаж алхсаар тамхины мухлагаа нээчихээд инээн зогсох агшинтай хосолсон эсрэгцэл бий болж ирнэ. Ийнхүү Брехтийн тайзны ноорог хэлбэрээр дүрслэгдсэн санаа утга учиртай болохоос гадна жүжгийн утга санаа болж буй үйл явдалд бус гол дүрд илүүтэй оноогдсон болохыг үзэгчид мэднэ.
Шэн Ти бол үнэхээр “Азгүй дурлалын үр сад”. Түүний хувьд хайр сэтгэл гэдэг амьдралын ёроол руу хөтлөх зам байлаа. Энэ нь Брехтийн хөрөнгөтний ёс зүй хүмүүсийн сайн чанарт үргэлж хор хөнөөлтэй байсныг илэрхийлсэн үзэл санаа болохыг жүжигт нэн тодоор тусган харуулсан нь сайшаалтай. Гол санаа, бие сэдэв нь алга болчихвол театрыг зорих хэрэг юусан билээ. Тэр нь шүүх хурал, Ян Суны илчлэлт дээр илэрхийлэгдэхдээ үзэгчдийг зориуд шүүх хурал руу өдөөн татаж, жүжигчид үзэгчидийг тус үзэгдлийн хэсэг рүү зориудаар татаж буй шийдлүүд дээр тод харагдана.
Хачирхам үзэгдлийн дотор эмгэнэл, хошигнол зэрэгцэн оршиж чадсанаараа гротекс драм үүргээ биелүүллээ. “Сычуаны хамгийн сайн хүн” нь Шэн Ти өөрөө ч байсангүй. Учир нь биеэ үнэлэгчид, архичин, атгаг санаа агуулагсад, бусдын мөлжин биеийн амар харж хэвтэх ядуусын арми байгаагүйсэн бол тэр доод давхрагын жирийн иргэдээс үл ялгарна. Гол нь тэд байгаагүй бол Шэн Ти гэж үгүй.
Эцэст нь жүжигт бусдыг дарлан мөлждөггүй, өөрийн хөдөлмөрөөр бүхнийг бий болгох эрх чөлөөт ертөнцөд тэмүүлэх үзэл санаа агуулагдсаныг тодхон харж байна. Харин эмгэнэлт төгсгөл нь хангалттай. Брехт угаас сайхан сэтгэлийг гайхамшигт ялалтаар хэзээ ч шагнаж байгаагүй.