“Нүүдэлчин-2024” дэлхийн соёлын фестивальд Хэнтий аймгаа төлөөлөн оролцож буй П.Эрхэмбаяртай уулзаж ярилцлаа. Байгалийн чулуугаар бүтээл урладаг нь сонирхлыг минь ихэд татсан юм.
-Та өөрийгөө танилцуулна уу?
-Намайг П.Эрхэмбаяр гэдэг, би гар урлал эрхэлдэг. Ааваасаа энэ ажлыг өвлөн авсан. Аав минь гарын уртай хүн байдаг. Байгалийн чулуу, битүү модыг ашиглаж чулуун өргөмжлөл буюу бэлэг дурсгалын зүйл хийдэг.
-Танайх дэлгүүртэй юу?
-Байхгүй ээ. Захиалгаар хийдэг.
-Ямар төрлийн бараа бүтээгдэхүүн урладаг вэ?
-Аймаг, сумын аварга малчны цом, хамт олны нэрэмжит бэлэг дурсгалын зүйл захиалгаар хийдэг.
-Чулуун орцтой бэлэг дурсгалын зүйл хийх үйл явцаасаа яриач?
-Чулуу бол хатуу материал учраас ажиллахад жаахан төвөгтэй. Ерөнхийдөө металл чулуугаар хийдэг. Чулууныхаа алмазыг усаар чийгшүүлж, зөөллөөд хөрөөддөг. Давхар маш олон ризений зүлгүүрээр зүлгэдэг. Металл хийц, чимэглэлээ цагаан мөнгө, зэс гууль зэрэг материалуудыг ашиглаж цоолбор маягаар хийдэг.
-Ямар төрлийн чулуугаар хийдэг вэ?
-Гадаадаас орж ирсэн импортын чулууг тодорхой хэмжээнд ашигладаг. Монголын мана, гартаам зэрэг байгалийн чулууг ихэвчлэн ашигладаг. Байгалийн хагас үнэт чулуу гэж байдаг юм. Үнэт чулуу бол их үнэтэй. Хагас үнэт чулуу байгалийн гадарга дээр байдаг. Манайх газар ухаж чулуу гаргаж авдаггүй шүү.
-Чулуугаар гар урлал хийхийн хамгийн хэцүү нь юу вэ?
-Нарийн чимхлүүр ажил дээр их удаан суудаг. Жаахан ч алдаа гаргаж болохгүй. Нарийн хараа их шаардана. Уран дархны ажилтай их төстэй. Чулуутай ажиллахад гарын чадал их орно оо.
-Таны хийсэн бүтээлүүдээс хамгийн онцгой ямар бүтээл байсан бэ?
-Онцгой гэх юм бол дахин давтагдашгүй байгалийн бүтээлүүд байна. Байгаль дээр байгаа модны ур, дэлүү, битүү модноос сонин дүрс гардаг. Дахин давтагдашгүй. Модны дэлүүнээс гурван чонын дүрс гарах жишээтэй. Ийм дүрсийг бага зэрэг тодруулах ажил хийдэг. Гол нь ийм дүрсүүдийг олж харах чухал даа.