Уг уулзалтад бид заавал оролцохоос гадна энд ярьсан бүхнийг шат дараалан хэрэгжүүлэх шаардлагатай байлаа. Сөүл хотын тэнгэрээс бороон дуслууд ганц нэгээр хаялж, сэрүүн, чийглэг агаар Ази тивийн дорнод зах, өмнөд хагасын ногоон арлуудын ажил, амьдрал буцалсан хөрсийг тэтгэж байна. Бидний хэдэн сэтгүүлчид наран ургахтай зэрэгцэн босож “Lotte City” зочид буудлын 27 давхарт буюу тэнгэр өөд цоролзсон шилэн барилгуудын тэхий дунд өглөөний ундаа уучхаад яаравчлан гарлаа. Тийнхүү Сөүлийн “Плаза” зочид буудлын “Гранд Болл рүүм” танхимыг зорив. 

Бүгд Найрамдах Солонгос улсын Сөүл хотноо “Номхон далай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ - 2023” чуулга уулзалт зохион байгуулагдаж байгаа билээ. Тэр нь бидний зорин очсон танхимд болно. Тус чуулга уулзалтад долоон орны 160 гаруй төлөөлөгчид оролцож байгаа агаад манай улсаас Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Улсын Их Хурлын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа, УИХ-ын гишүүн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар, Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны дарга Б.Бат-Эрдэнэ нар  оролцож байна.

Өнгөрсөн жил БНСУ-д зохион байгуулагдсан “Номхон далай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” чуулга уулзалт нь "Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хүрээлэн буй орчинд ээлтэй шийдлүүд боловсруулах болон залуу үеийнхний оролцоо" хэмээх агуулгын хүрээнд зохион байгуулагдсан юм. Үүнд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурлын Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооны дарга Х.Булгантуяа нар үндсэн илтгэгчээр оролцож байсан билээ. 

Тэгвэл НҮБ-ын Ерөнхий Асамблейн 70 дугаар чуулганаар баталсан Тогтвортой хөгжлийн зорилгын тавдугаар зорилгод тусгагдсан Жендэрийн эрх тэгш байдлыг хангах асуудлын хүрээнд Монгол Улсын Их Хурал, Стэнфордын их сургууль, "Бан Ги Мүн" сан, БНСУ-ын "Эва" эмэгтэйчүүдийн их сургуультай хамтран “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ: Жендерийн эрх тэгш байдал ба тогтвортой хөгжил” олон улсын чуулга уулзалтыг энэ оны өнгөрсөн зургаадугаар сарын 13, 14-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулсан юм. Тэгвэл яг одоо болж буй чуулга уулзалтын гол сэдэв нь “Эрчим хүчний аюулгүй байдал”.

 

Энэ өдөр "Эрчим хүчний аюулгүй байдлын олон улсын зураглал", "Геополитик, эрчим хүчний тогтвортой байдал", "Цэвэр эрчим хүчний шийдлүүдээр дамжуулан Aзи, Номхон далай дахь эрчим хүчний аюулгүй байдлыг дэмжих", "Цэвэр эрчим хүч, хамтын ажиллагаа" зэрэг сэдвийн дор хэлэлцүүлгүүд өрнөлөө.

ЭХНИЙ АСУУЛТ ҮРГЭЛЖ “ЯАГААД?” 

Тийм шүү. Яагаад гэх асуултыг тавиулгүйгээр хоорондоо ойлголцох, ямар нэгэн гарц олж харах шийдлийг зүг хүчээ нэгтгэн хөдлөхөд тун хэцүү. Яагаад бид эрчим хүчний тухай, тэр дундаа дэлхийн улс орнуудын тусгаар тогтнол, аюулгүй байдлын баталгаа болсон тус зүйлийн талаар бүгд сэтгэл чилээх болов. 

Учир нь өдрөөс өдөрт шинэ хот, үүл сүлбэсэн оройтой шилэн барилгуудын тоо нэмэгдэж буйн хэрээр эрчим хүчний хэрэглээ дагаад өсдөг. Бидний хөгжлийн гол эх үүсвэр, цаашид шат тоололгүй урагш алхах мөрөөдөл ч үүнтэй холбогдоно. Өдгөө Украины эсрэг өдүүлсэн Оросын дайнаас улбаатайгаар улс орнуудын хэрэглэж буй эрчим хүчний үнэ талийж байгаа талаар судлаачид дурдаж байна. Дэлхий нийтээр эрчим хүчний хомсдол үүссэн энэ цагт чухамхүү ногоон эдийн засгийг хөгжүүлэх нь нэн түрүүний алхам болохыг хуралд оролцогчид мэдэгдэж байлаа. 

Тэгвэл бид юуны төлөө, ямар зорилготой, яагаад энд чуулж байна вэ? Хариулт нь НҮБ-аас баталсан 2030 он хүртэлх Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хангахад дэмжлэг үзүүлэх, хүрэх үйл явцыг хурдасгахад Стэнфордын их сургууль болон Ази, Номхон далайн бүс нутгийн нийгмийн шинжлэх ухааны судлаач, эрдэмтэд, бодлого боловсруулагчид хамтран шинэ судалгаа, бодлогын түншлэлийг бий болгох зорилготой юм. 

 НЭГДҮГЭЭР ЗОРИЛТ НОГООН ЭРЧИМ ХҮЧ

Олон орны судлаач, улс төрийн зүтгэлтнүүд индэрт гарагсдын үгийг анхааралтай сонсож өөр дотроон дүн шинжилгээ хийхээр зэхнэ. Сэтгүүлчид төхөөрөмжүүдээ асааж, зарим нь чихэвч зүүжээ. Ганц нэг нь зөөврийн дэлгэцийнхээ хажууд дэвтэр, бал зэхсэн нь ихэд дотно сэтгэгдэл төрүүлнэ. 

Чуулга уулзалтын эхэнд “Гэр бүл” киногоор нь Монголчууд хэдийнэ таних болсон жүжигчин Ча Ин Пёо индэрт гарч ирлээ. Тэрбээр энэ удаад кино жүжигчин бус Номхон далай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээрийн өргөмжит элчийн үүднээс оролцож ногоон эрчим хүч, тогтвортой хөгжлийн бодлогыг дэмжиж буй талаар үг хэлэв. 

Мөн тус чуулга уулзалтад УИХ-ын дарга Г.Занданшатар үндсэн илтгэгчээр оролцлоо. Тэрбээр Дэлхийн хамтын нийгэмлэгийн өмнө тулгамдаж буй уур амьсгалын өөрчлөлт, геополитикийн хурцадмал байдал болоод эрчим хүчний эрэлт хэрэгцээ нэмэгдэж буй энэ үед эрчим хүчний аюулгүй байдлын тухай ойлголт илүү өргөн ухагдахуунтай болжээ.Монгол Улсын хувьд эрдэс баялгийн нөөц, эрчим хүч, тээвэр ложистикийн сүлжээ, гуравдагч зах зээлд бараа бүтээгдэхүүнээ нийлүүлэх зэрэг чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэх эрмэлзэлтэй хэвээр байгаа бөгөөд холбогдох хууль эрх зүйн орчныг бэхжүүлэхэд талууд нягт хамтран ажиллах болно. 

Бид эрчим хүчний эх үүсвэрээ төрөлжүүлэх замаар нийлүүлэлтийн хомсдол болон үнийн хэлбэлзлийн эсрэг бат зогсож чадна. Цөмийн, байгалийн хийн, метан хийн, устөрөгчийн гэхчилэн эрчим хүчний шинэ эх үүсвэр, технологиудыг хүчин чадлын хувьд зохистой байдлыг нь тодорхойлох судалгаа, шинжилгээний ажлыг эрчимжүүлнэ. Иймд эдгээр салбаруудад хамтын ажиллагааг идэвхжүүлэх бүхий л боломжийг эрэлхийлэхийн зэрэгцээ ногоон технологид шилжих зорилтыг нэн тэргүүнд дэвшүүлж байна гэлээ. 

Ерөөс Монгол Улсын хувьд зөвхөн эрчим хүчнээс гадна эрдэс баялгийн нөөц, эрчим хүч, тээвэр ложистикийн сүлжээ, гуравдагч зах зээлд бараа бүтээгдэхүүнээ нийлүүлэх зэрэг чиглэлээр хамтын ажиллагаа өргүүлэх эрмэлзэлтэй хэвээр байгаа агаад холбогдох хууль эрх зүйн орчныг бэхжүүлэхэд Солонгосын талтай нягт хамтран ажиллахад бэлэн байгаа нь УИХ-ын дарга Г.Занданшатарын хэлсэн үгнээс илэрхий байв. 

Тэгснээр эрчим хүчний эх үүсвэрээ төрөлжүүлэх замаар нийлүүлэлтийн хомсдол болон үнийн хэлбэлзлийн эсрэг бат зогсож чадах юм. Үүний тул цөмйн, байгалийн хийн, метан хийн, устөрөгчийн гэхчилэн эрчим хүчний шинэ эх үүсвэр, технологиудыг хүчин чадлын хувьд зохистой байдлыг нь тодорхойлох судалгаа, шинжилгээний ажлыг эрчимжүүлэх шаардлагатай билээ. Өдгөө хүн төрөлхтөн хүйтэн, халуун, дэлхийн уур амьсгалын өөрчлөлт, харанхуйтай тэмцэж байгаа. Хоол хүнсийг шинээр нь хадгалах боломж хомсоос үүдэн олон арван сая хүн өвчнөөр шаналж байна. Эдгээр асуудлыг ногоон эрчим хүчээр шийдэж болно.  Тиймээс дэлхийн температурын өсөлтийг Цельсийн 1.5 хэмд хүртэл хязгаарлахад хамтарч ажиллах хэрэгтэй. Саруулхан, гэрэлтэй ирээдүй рүү шилжихэд ногоон эрчим хүч нэн тэргүүний зорилт байх юм. 

 

ГАРЦ ХААНА БАЙНА

Улс орон бүрийн хувьд эрчим хүчний аюулгүй байдлаа хангах, хамгаалах нь чухал асуудал болсон нь чуулга уулзалтаас харагдаж байна. Харин манайд эрчим хүнчий үйлдвэрлэлээ өргөжүүлэх асуудал эхэнд бий. Харин түүнийгээ дагаад аюулгүй байдлаа хангахын тулд ажиллаж шаардлагатай. Үүний хүрээнд Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого” зарлаж, хоёр эрчим хүчний  бодлого тодорхойлсон. Гэвч эрчим хүчний хувьд гэрээ галлахын тулд бусдаас хайрцаг шүдэнз гуйхын зовлонг амссан хэвээр яваа шүү дээ. 

Уг асуудал дээр чуулга уулзалтын онцлох зочдын нэг Нобелийн шагналт, Стэнфордын их сургуулийн доктор Стивен Чутай хэсэгхэн хоромд хөөрөлдсөн билээ. 

-Монгол Улс шиг эрчим хүчний хомсдолтой улсад энэ удаагийн сэдэв ихээхэн анхаарал татаж байна. Цэвэр эрчим хүч, аюулгүй байдал талаас нь манайд зөвлөх авч хэрэгжүүлж болох ямар боломжууд байна вэ?

-Монгол Улсын эрчим хүчний хэрэглээ нь нүүрсэнд суурилсан байдаг гэж сонссон.

-Тийм ээ...

-Тэгвэл цэвэр болон сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх бүрэн боломж бий. Технологийн хувьд салхины эрчим хүчийг хөгжүүлэхэд анхаарах хэрэгтэй гэж зөвлөмөөр байна. Ингэхийн тулд хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт татах, санхүүжилттай холбоотой асуудлыг хямд өртгөөр шийдэх нь зөв. Тиймээс сэргээгдэх эрчим хүчний үүсвэр энергийг хадгалах цэнэг хураагуурыг ашигласнаар эдийн засгийн хүндрэлтэй асуудлыг шийдэх боломж бүрэн дүүрэн бий болов уу гэж харж байна.

-Технологи болоод эдийн засгийн асуудал дээр өөр ямар шийдвэрлэх гарцууд бий бол?

-Хэрэв Монголд усан цахилгаан станц байдаг болон тэдгээрийн технологид ашигладаг насосон хураагуураар дамжуулж салхины илүүдэл энергийг хадгалж үлдэх нь тун өндөр үр дүнтэй. Уг нь арга нь эрчим хүчний хувьд 95 хувийн эрчим хүчийг хадгалах боломжтой байдаг. Үүнээс гадна устөрөгчийн эрчим хүчнээс хэд дахин илүү гэсэн үг.

-Тэгэхээр салхи болоод усан цахилгаан станцын аль аль байвал эрчим хүчний эрх чөлөөнд хүрэх боломж өндөр байх нь ээ...

-Тийм. Нүүрсэнд суурилсан эрчим хүчний хувьд нүүрс шатаах, үйл явц дундаас ялгарах хүчиллэг бодиснуудыг агаарын орчинд хураахгүйгээр шүүх шаардлагатай.

-Цөмийн эрчим хүч, атомын цахилгаан станцын талаар байр сууриа илэрхийлнэ үү?

-Цөмийн эрчим хүч, цөмийн хаягдлыг хүний гараар бүтээгдсэн аргачлалаар нөөцлах бус гео-агуулах багтаамжид хадгалах бүрэн боломжтой. Өмнө нь цөмийн хаягдлыг газар доор хонгил барьж уг хэвээр байлгах гэх мэтчилэн аргачлалуудыг хэлэлцдэг байсан. Тэгвэл өдгөө үүнийг гео хэмжээнд хийх чадах бололцоотой болсон. Жишээ нь газрын тосны олборлолттой адил технологийг ашиглан нэгээс гурав хүртэлх километр өргөнтэй нүх ухаж, газар доорх чулуулгын давхаргад хийж болно. Энэ нь мэдээжийн хэрэг ундны уснаас хол байх юм. Уг технологийг ашиглах зөвшөөрөл Америк болон Европд дэлгэрээд буй. Ер нь асуудал байгаа үед шийдэл нь ч мөн байдаг. Тус технологийг Монголд ч ашиглах боломжтой.

“МООД”-НООС ГАРСАН СТАТУС

НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн бичгийн дарга асан Бан Ги Мүн чуулга уулзалтыг нээж хэлсэн үгэндээ, уур амьсгалын өөрчлөлтийн улмаас дэлхийн хүн ам, ан амьтны 70 хүртэлх хувь үгүй болох аюул нүүрлээд байна. Цаг уурын өөрчлөлт улс төртэй огт хамааралгүй зүйл. Бид шинжлэх ухаан хийгээд байгалийн эсрэг зогсож чадахгүй. IPCC-д 2000 эрдэмтэн ажилладаг. Тэд бидэнд анхааруулсаар ирсэн. Дэлхийн температур 2.1 целсээр өссөн. Бидэнд 0.4 целс үлдэж байна гэсэн үг. Энэ байдлаараа 2050 он хүртэл байж болох уу? Боломжгүй. 2050 он гэхэд бид нүүрстөрөгчийг саармагжуулах технологи нэвтрүүлэх хэрэгтэй. Энэ бол нэн тэргүүний зорилго мөн” гэв. 

Мөн тус чуулга уулзалтын гол илтгэгчдийн нэг нь УИХ-ын гишүүн асан, Уур амьсгалын ногоон сан (GCF)-гийн Гадаад хэрэг хариуцсан захирал С.Оюун. Тэрбээр эрчим хүчний аюулгүй байдлын талаар “GCF-ийн эрчим хүчний аюулгүй байдал нь эрчим хүчийг хэрхэн ашиглах тухай юм.  Цэвэр эрчим хүчний хүртээмжийг хэрхэн хямд болгох вэ? Учир нь, 675 сая хүн цахилгаангүй хэвээр байна. Уур амьсгалын өөрчлөлт нь тэдний амьдралд улам их аюул учруулах болно. Эрчим хүчний салбарт 3.8 их наяд ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай. Санхүүгийн хүртээмж нь сорилт юм. Хөгжиж буй орнуудад зохицуулалт, технологийн шинэчлэлт зэрэг асар том саад бэрхшээлүүдтэй нүүр тулдаг” хэмээсэн. 

Нээлтийн болоод сэдвийн хүрээнд танилцуулсан эдгээр эрхмүүдийн үгийг аваад үзэхэд эрчим хүчний аюулгүй байдлын талаар авч хэлэлцэх, чухал шаардлагатай мөчийн өмнө дэлхий нийт, улс гүрнүүд зогсож буйг мэдэж болно. Хамгийн гол зорилго бол нүүрстөрөгчийг саармагжуулах технологийн шийдэл бөгөөд эрчим хүчний салбарт шаардлагатай хөрөнгө оруулалт зэрэг орно. Өдгөө улс үндэстэн бүхэн “эрчим хүчний аюулаас хол байх” гэдэг үг хурдацтай хөгжиж буй орнуудын хувьд хэдийнэ “моод”-ноос гарсан статус болон хувирчээ. 

АНУ-ын Ерөнхийлөгч асан Обамагийн засаг захиргааны үед урт хугацааны баталгаатай эрчим хүчний хөтөлбөр нь цэвэр эрчим хүчний салбарт хүрсэн билээ. Улс төр уг хөтөлбөрийг үзэн ядсан ч урт хугацаандаа эл хөтөлбөр хүн төрөлхтний хувьд шинэ дэвшил бий болгож дэлхийн бизнесийн хамгийн том тоглогчдын нэг “Telsa”-г аварсан түүхтэй хэмээдэг. Уг жишээ, уулзалтын үеэр болсон гадны томоохон судлаачдын үгийг аваад үзэхэд бидэнд гарц байна. 

Эрчим хүчний үйлдвэрлэл, аюулгүй байдлын технологийн олон улсын түншлэл, хамтын ажиллагаа, цаашдын үйл ажиллагааны өргөжүүлсэн хувилбаргүйгээр бид эрчим хүч, шинжлэх ухаан нь улс орны эрх чөлөө болсон энэ зуунд бид ганцаараа хоцроно. Үүнээс гадна эрчим хүчний аюулгүй байдлыг хангахад чиглэсэн олон улсын судалгаа, технологийн шилэгдсэн аргыг хэрэгжүүлэх боломж ч байна. Хэдий болтол цээжээ дэлдэж, бид л ертөнцийн төв, өөрсдөө чадна хэмээн орилсоор суухав дээ. Бид эхлүүлэх хэрэгтэй, харин тэд тусална. Ямар ч улс орон эрчим хүчний тэг зогсолт, ногоон эрчим хүчийг нэн тэргүүний зорилт болгох алхамд нэгдэхгүй байх учиргүй. Тиймийн учир л энэ уулзалтад улс орон болгоны зуу гаруй төлөөлөгчид нэгдмэл байрь суурийн төлөө үзэл бодлоо илэрхийлж сууна. Тэгээд ч эрчим хүчний салбар бол эдийн засаг, нийгмийн хөгжлийн тулгуур, үндэсний аюулгүй байдлыг хангах суурь салбар мөн. 

Ctrl
Enter
Гомдол хэрхэн мэдүүлэх вэ?
Холбоотой текстийг идэвхжүүлэн Ctrl+Enter дарна уу.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл (0)

Foto
Б.Алтанхуяг

Б.Ганчимэг
Б.Ганчимэг
Б.Алтанхуяг
Б.Алтанхуяг
А.Доржханд
А.Доржханд
О.Нинж
О.Нинж
П.Соёлдэлгэр
П.Соёлдэлгэр
А.Банзрагчгарав
А.Банзрагчгарав