Бороо орохоор яагаад ч юм аль тэртээ өнгөрсөн зууны цэнхэрхэн өдрүүд, талын жижигхэн сууриндаа хэзээ ч юм орхин одсон хонгор багын томоогүй дуу он жилүүдийн цаанаас зүрх сэтгэлд минь гэгээ татуулсаар нисэн ирдэг. Бороо бороо ороорой…оросын маамуу ирээрэй…гэсэн тэр сонирхолтой хоёр мөрийг хэн гээч нь хэзээ, ямар учраас зохиосныг бүү мэд. Одоо бол тагтан дээр хичнээн удаан зогсож хүлээгээд хэзээ ч олж сонсдоггүй. Хөдөө ч байхгүй, хотод ч байхгүй болчихсон ангаахай багын минь амттай дуу…
Манайх сумын холбооноос арагшаа төвхнөсөн хэдэн айлуудын нэг. Цөөхөөн айл тэнд тусгаар тогтнож, нэг хот айл болон амьдарцгаах шийдвэрийг бодвол бидний аавууд гаргасан байх. Холбооны дарга, Аптекийн эрхлэгч, Хоршооны даргынх, сумын төлөөлөгчийнх гээд хэдхэн айл…Айл нь цөөхөн ч хүүхдүүд нь олоон. Миний үеийн хөвгүүд голдуу жаалуудтай. Төлөөлөгч Ичинхорлоо гуайнх үсээ мөлчийтөл нь хусуулчихсан атлаа толгой дээрээ хоёр сөөхий гэзэг тавьчихсэн тэрсхэн шар банди нартай. Тэдэн шиг моодны үстэй хөвгүүд ер байгаагүй. Хоршоо Гомбо гуайн бага хүү Зоригт гэж манай хот айлдаа л хамгийн дуулиантай атаман нь. Аптекийн Пүрэвсүрэн гуайн бага хүү Эрдэнэбат гэж дотогшоодуу, дуу цөөтэй шар хүү байсан. Энэ хоёртойгоо одоо ч би найз хэвээрээ. Хоёулаа сайн яваа. Бас Ширчин гуайн ач хүү Батхуяг гэж дайсны цэрэг байсан. Тэр минь намайгаа байн байн шоглож уйлуулна. Тэр үедээ ахиж тоглохгүй дээ гэж ирээд андгай тавьна. Өөрийг нь чадахгүй болохоор эмээг нь Сэрд сэрээ, өвөөг нь Ширчин ширдэг гэж хашгирчихаад л зугтаачихдаг байсан гэж байгаа. Тэднийх байсхийгээд л түлээний намхан тэргэн дээрээ аарц шүүгээд тавьчихсан байна. Би доогуур нь орж хэвтэж байгаад тухтай нь аргагүй исгэлэн, өвөрмөц гоё амттай аарцны шар сүү хөхөх дуртай. Зүгээр ч хөхөхгүй. Хорлонтой нь аргагүй аарцны хүүдий цоо хөхчихөөд байх юм гэж эмээ нь надад муудна. Батхуяг, Зоригоо хоёрт гөвшүүлчихээрээ би Эрдэнэбатыгаа бараадсаар гуйж очно. Тэр хэзээний чимээгүй, даруу. Дээрээ олон эгч нартай болохоор эмэгтэй хүүхдийг өрөвдөж, хамгаалах дуртай. Одоо ч тэр зан нь байх шиг харагддаг.
Манай сум хэзээнээсээ аагим халуун. Элсэн дээр нь гишгэхийн аргагүй нар шарна. Тийм болоод тэр үү бид юм л бол бороо хүлээж байдагсан. Одоо ч манай Дашинчилэнгийхэн бороо хүлээдэг дээр үеийн тэр зангаа орхиогүй, хэвээрээ л юм шиг санагддаг. Зундаа амраад нутагтаа очихоор орсон гарсан улс бороо хур, мал хуй, ундны ус, бэлчээрийн даацны тухай л голдуу хөөрөлдөнө.
Бороо хүлээж, солонго харахыг тэсэн ядан хүлээдгээрээ манай найзууд яг адилхан байсан. Бороо орлоо л бол бүгдээрээ шалдалж аваад зам дагаад л гүйчихнэ. Бороо бороо ороорой, оросын маамуу ирээрэй…гэсэн нөгөө хоёр мөрөө ам амандаа хашгиралдан хогийн жалга руу уралдан гүйнэ. Яагаад гэвэл бороо орсны дараа л хамгийн гоё шилний хагархайнууд ил гарч ирдэг. Өнгө өнгийн гоё шилний хагархай цуглуулж, түүгээрээ тоглоно.
Социализмын үеийн хүүхдүүд бид шороо, чулуу, шилний хагархайгаар л ихэвчлэн тоглодог байсан. Бөмбөг, хүүхэлдэй энэ тэр бол хамгийн ховор. Гэрэлтэйхэн бага насны өдрүүд ийнхүү үргэлжилж байтал манайх урд эгнээ гэдэг рүү нүүх боллоо.Тэр болтол би урд эгнээ явж үзээгүй. Манай хорооныхон л урд эгнээ орж чулуугаар байлдсан, тэндэхийн банди нартай нударга зөрүүлж, ялан дийлээд ирсэн тухайгаа ярьдаг байснаас би бол хөл тавьж үзээгүй. Үнэн хэрэгтээ манай хэд хуу гөвшүүлчихээд ч ирдэг байсан юм билүү, хэн мэдэх билээ.
Наддаа л манай хорооны хөвгүүд хамгийн мундагууд нь шүү дээ. Ярьсанд нь шууд л итгэнэ. Хэрэв итгэхгүй бол охидууд бид бахархалгүй болчихно. Нөгөө хэдийгээ хүндлэхээ байчихвал бүх юм утгаа алдаж таарна. Би хоёр ахтай болохоор ерөнхийдөө багаасаа эрчүүдтэй тэдэнд таалагддаг дүрмээр харьцаж сурсан. Тэгэхгүй л бол би тэдний найз байж чадахгүй шүү дээ. Энэнд нөгөө хэдэн найзуудын маань нөлөө ч асар их санагддаг юм. Миний очдог газар ерөөсөө л хоршоо, холбоо хоёр. Тэрнээс цааш явж болохгүй. Орос аваад явчихна. Хормой Балдан гуай авна. Хадны мангаа таарна…гэсэн хэдхэн өгүүлбэр хууль болохоор айгаад хаашаа ч явдаггүй.
Урд эгнээнд нүүж очоод би жигтэйхэн санаагаар уналаа. Найзуудаа санана. Шинэ хүүхдүүдтэй нэг л ээнэгшихгүй. Сүрнээ гэдэг нэртэй цоо шинэ атамантай танилцсан ч нөгөө хэд шигээ эрхэлж туниж чадахгүй. Ядаж байхад тэрний эгчтэй миний том ах гэрлэж, бид хамаатнууд болчихсон. Тэгэхээр хамаатан бол найз биш юм шиг би санана.
Хаврын нэг өдөр би гэнэтхэн жижигхэн шар охинтой тааралдлаа. Тоодойсон хөх эрээн пальтотой, хонгор шар үстэй. Надаас тав зургаа насаар дүү мөртлөө жигтэйхэн хэвлүүн үгтэй. Надтай шууд эн зэрэгцэж л харьцана. Түүнтэй уулзсанаас хойш би найзуудаа мартаж эхэлсэн санагддаг юм. Өглөө босч гэрээ цэвэрлэчихээд л шинэ хөршийн хөөрхөн охин руу гүйж очно. Тэр ч гэсэн надтай уулзах гээд аль хэдийнэ босоод гэзгээ самнуулчихаад цэмцийсэн амьтан бэлэн зэлэн байж байна. Түүний нэр шар Туяа.
Туяа бүх юмыг надаас асууна. Нэг үгээр би түүний хувьд багш болж хувирсан. Туяа таван настай, би арван нэгэн настай.
Тэднийх хэзээ ч орсон халуу дүүгэсэн дулаан айл. Орох болгонд эмээ нь орон дээрээ суучихсан, мамбасайны хайрцагтай улаан тамхиа өвөр дээрээ тавьчихсан, сонины зах цаасанд нямбайлан ороож, өвөө нь нүд нь тас аниастай эрхээ барьчихсан,номоо уншиж сууна. Тэдний өвөө Давгажанцан гэж лам хүн байсан юм. Хүмүүс үзүүлж харуулдаг байсан уу, үргэлж л хүн тасрахгүй. Өвөө нь хөл муутай болохоор хоёр тийшээ хазайж бөгтийж явна. Хүүхдийн томоогүй зангаар би араас нь дуурайн хазганаж явна. Дуугүй ч явахгүй “Маань уншдаг ламбагуай маангаа татдаг ламбагуай” гэж дуулна. Чих нь хатуу болохоор сайн сонсч чаддаггүй байсан юм болов уу гэртээ орж ирээд охин руугаа хандан Дулам аа чи нэг гараад сонсоодохооч. Энэ Ганчимэг бүжиглээд л амандаа нэг юм дуулаад гүйгээд байх юм, намайг л дооглоод байх шиг байна” гэж байсан тухай Туяагийн маань ээж одоо ч дурсч байдаг юм. Томоогүй гэхэд дэндүү томоогүй бага нас юм даа.
Манай Туяагийн ээж тэр үед гурван хүүхэдтэй, нөхөргүй залуухан бүсгүй байсан. Миний дүрсгүй хөдлөхөөрөө Туяадаа чи одоо гэртээ ороод миний аав хэн бэ гээд асуучихаад ир гээд л оруулчихна. Төд удалгүй Дулам эгч хангинасаар л орж ирнэ. Чи яасан дүрсгүй хүүхэд вэ. Чамтай ер нь хүүхдээ нийлүүлэхгүй. Яахаараа чи Туяад тийм үг зааж өгдөг юм, чамаас өөр хэн ч тэрэнд тийм үг зааж өгөхгүй гээд л... пийшин тойруулаад хөөнө. Дулам эгчээ би бишээ гэж хичнээн учирлаад тэр яасан ч итгэж өгөхгүй. Туяа ч гэж Туяа…нэг асуугаад зогсох юмыг нэг хэсэг асууж уурыг нь бараад далимдуулж надтай тоглох цагаа сунгаж авна.
Манайхантай ойролцоо нэг мэдрэл муутай авгайнх байсан юм. Хоёр хүү, нэг охинтой Долгор хэмээх тэрхүү хижээл авгайн навсгар гэр лүү хүүхдүүд дандаа л чулуу нүүлгэж байдагсан. Туяа бид хоёр тэрнээс хоцрохгүй. Жил болгон төрөөд, гарсан хүүхдээ хэд хоногийн дараа осгоогоод үгүй хийчихдэг сонин зантай охин нь Оюун гэх нэртэй. Хөөрхий Оюуныг төрж амирлаад гэртээ гарч ирэв үү, үгүй юу бид хоёр гүйлдэн очно. Зүгээр нэг ч ороод гарахгүй. Түлээний зомгол, хомоол сонины цаасанд боож ороод энийг ээж өгч байна гэчихээд гараад зугтчихдагсан. Хөөрхий ухаан муутай төрсөн ч гэсэн хүн юм болохоор нялх нярай биетэй бүсгүй хүнээр тэгж наадахгүй гэж итгэдэг байсан уу инээд алдсаар л тосч авдагсан. Хүүхэд ахуй насны тэр мэт томоогүй дурсамж бидний дунд хэдэн зуугаараа бий.
Туяа маань сургуульд орох гэж хичнээн их хүсдэг байсан гэж санана. Би тантай адилхан онц сурна гэж маш итгэлтэй хэлнэ. Тоть шиг үргэлж шулганаж байдаг, дандаа ямар нэгэн юм асууж лавлаж байдаг зан нь одоо ч хэвээрээ.
Туяагийн хөх эрээн пальто одоо ч надад санагддаг. Нэг өдөр мань хүн инээд алдсаар орж ирлээ. Хуучин пальтотойгоо яг адилхан шинэ пальто өмсчихөж. Би гайхаж ядав. Чи яагаад хуучинтайгаа адилхан пальто авч байгаа юм бэ гэхээр дуугарч өгдөггүй. Тэгж байснаа ээж битгий танд хэлээрэй гэсэн гэж байна. Шалгаасаар байгаад хэлүүллээ. Тэгтэл тэр пальтог хотод суудаг Туяагийн аав явуулсан байлаа. Туяагийн маань аавыг Отгондаваа гэдэг, эрдмийн зэрэг цол хамгаалсан мундаг хүн байдаг гэж тэр өдөр анх удаа дуулав. Чи эрдэмтэй хүн болох ёстой юм байна. Тэгж байж л аавыгаа олж уулзана гэж би том хүн шиг түүнд хэллээ. Тэр толгой дохин зөвшөөрч байна.
Ингэж явсаар Туяа бид хоёр том болж зам салцгаасан. Манайх аймаг руу нүүж, би Дашинчилэнгээ орхиж явсан нь тэр.
Туяа маань хот руу сургуульд явахыг хичнээн хүсч байсан ч амьдралын боломжгүйгээс болоод хөдөөнөө үлдсэн. Гэхдээ тэр аль багын л бусадтай адилгүй зан чанартай байсан шигээ одоо ч ондоо хэвээрээ үлдсэн. Түүнтэй адилхан сургууль номын мөр хөөж чадаагүй охид тэгэсхийгээд л айлд очиж, хүүхэд гаргаж, бусдын жишгээр амьдрал юугаа төвхнүүлдэг бол манай Туяа тэрс үзэлтэн. Тэгж тэнэглээд яах юм бэ. Байдаг л нэг бахир хар юм таарна. Тэрэнтэйгээ зууралдаад малын захад хормойгоо чирээд, хүүхдэд даруулаад, хашгичиж гуугачсан нэг авгай л болно биз дээ гэж эрсхэн хэлнэ.
Сүүлийн жилүүдэд нутгаас сонин мэдээ ирдэг боллоо. Тэр нь Шар Туяагийн маань тухай байна. Шар Туяа галзуурчихсан л гэнэ. Захиргааг түйвээдэг болсон л гэнэ. Засаг даргыг шар махтай нь хатааж байдаг л гэнэ. Цэнгэл сайдыг очиход салам загнаж л гэнэ. Болоо ч үгүй аймаг яваад аймгийн засаг даргатай үзэж гэнэ л гэнэ.
Үзэж дуулж байгаагүй ийм хачин мэдээллүүд ирээд болохгүй болохоор Туяатайгаа очиж уулзлаа. Намайг хараад чин сэтгэлээсээ баярлана. Бас надаараа бахархана. Урьдийн л хэвээрээ. Оройжин ярьж, дурсаж, асууж шалгааж, сорьж сонжиж суув. Туяа байдгаараа л байх шиг. Тэгж байтал мань хүн инээж байна. Яасан, танд намайг улсууд галзуурчихсан гэж байна уу гэж палхийтэл асууж байна. Тийм ээ л гэлээ. Тас тас хөхөрч байна.
-Туяа чи засаг даргын тамгын газрыг малын хороо шиг газар гэж хэлсэн юм уу?
-Тэгсэн.
-Яаж байгаа нь тэр вэ?
-Яах юу байдаг юм. Тэр байшин бол манай сумандаа л саарал ордон. Төрийн маань ганц ордон гэсэн үг. Гэтэл тэнд чинь дандаа малтай харьцаж явснаас өөрийг мэдэхгүй малын мэргэжилтнүүд орж суучихаад хүний төлөө юм хийхгүй байна. Хүн мэддэг, хүнтэй ажилладаг, хүний төлөө явдаг хүмүүсээр энэ сумыг удирдуулмаар байна шүү дээ. (Нээрээ л сумын бүх мяндагтнууд малын мэргэжлийн улсууд байж таарав. Малын эмч, зоотехникч, малын санитарь юу юу ч гэнэв. Манай хүнийг гар, зайл гэж хөөгөөд болохгүй болохоор нь би уг нь тамгын газар ороод ирлээ гэж бодсон юмсан, мал эмнэлэгт ороод ирчихсэн юм шиг санагдчихлаа гэж хээв нэг хэлчихээд гарч одсон гэж байгаа)
-Бас нэг дарга хүүхэн чиний толгой дээр элс асгасан гэх юм. Энэ үнэн үү?
-Манай захиргааныхан бичиг цаасны л ажил хийдэг. Иргэдтэй ерөөсөө ажилладаггүй гэж би шүүмжилсэн юм. Гэтэл муу галзуу хүүхэн чи гар гэж хөөсөн. Тэгэхээр нь та бол хүний мэргэжилтэй хүн биш. Малын мэргэжилтэй хүн болохоор биднийг мал шигээ үзэж байна гэж хэлчихээд шороогоор цацуулсан. За, тэр яадаг юм. Цацаа л биз. Би ч хатуу үг хэлчихдэг л юм чинь.
Энэ мэт яриа бидний дунд мөн ч олон болсон. Тэр хэнд ч гомддоггүй бол би гомдомхой. Асгартал уйлж, хэдэн өдрөөр шаналж, сэтгэлээ өвтгөх үе миний амьдралд бишгүй болдог. Харин тэр хэзээ ч уйлж унжиж, хүмүүст гомдож, залхаж, нялхамсдаггүй. Би нутгийн улстай алсаас тайлбарлаж, холуур оролдож байхад тэр пал хийтэл улаан нүүрэн дундуур дэлсээд авах шиг хэлж орхидог. Ялангуяа ажил хэргийн харилцаан дээр шүү дээ.
Цэнгэл сайдыг оччихсон нэг арга хэмжээ болж байтал манай Туяа тараагаад хаясан сураг гарлаа. Юу болсон талаар асууж сурлаа.
Сумын бүжгийн талбай дээр “Чингис хааны цогцолбор” гэж ази тивд байхгүй юм босгоно гээд зураг хөрөг гаргачихсан хол ойрын хэдэн нөхөр ирчихсэн нэлээн дураараа юм ярьж байна гэнэ. Босгох гэж байгаа юмных нь зураг хөргийг үзтэл яг л тэднийхний өвөлжөө бууц хамарчихаж. Энүүхэндээ гэхэд тэр газрыг нутгийнхан доороо баялагтай ч гэж ярьдаг. Манай хүн ч шатаад явчихсан биз. Та нар багийн нийтийн хурлаар энэ асуудлаа хэлэлцээгүй. Зүй нь бол багийн нийтийн хурлаар хэлэлцээд, дараа нь сумын иргэдийн төлөөлөгчдийн хуралд энэ асуудал чинь орж ирж, дараа нь засаг даргын захирамж гардаг ёстой. Бид энэ нутаг усны эзэн нь байх ёстой гэж би бодож байна. Хэн дуртай нь янз бүрийн санаа зорилготой ирж газар нутагт маань эзэгнэж байх ёсгүй. Юун эзэн Чингисийн цогцолбор. Энд манай сумын гурван мянган иргэний эрүүл мэнд эмгэнэлтэй байдалд орчихоод байна. Уснаас болж хүмүүс маань үхэж байна. Бид энэ хорвоогийн хамгийн үнэтэй усыг ууж байна. Нэг литр ус таван төгрөг. Эрүүл мэндийн шаардлага хангахгүй ийм орчинд элэгний өвчин газар авч, хүмүүс маань үхэж үрэгдэж байна гэж хэлжээ.
Дашинчилэн бол ус муутай газар. Бүр хэзээний шинжилгээгээр дандаа муу гардаг байсан. Муу ус хүмүүсийн эрүүл мэндэд нөлөөлж байгаа нь гарцаагүй үнэн. Гэтэл ийм үг хэлсний нь төлөө шар Туяаг минь тал талаас нь идэх шахжээ. Засаг дарга минчийтлээ уурлаж “ Чи юу яриад байгаа юм. Чамд газар шорооны асуудал хамаагүй. Галзуу минь чи шар хадандаа оч” гэж загнаж гэнэ. Харин Цэнгэл сайд хашир хүн юм болохоор энэ хүн яриг яриг гээд байдаг. Шатаад явчихсан шар Туяа сумын даргын өөдөөс чемодамаа барьсан цагаач минь зайлвал таарна шүү гээд хэлчихэж. Засаг даргыгаа Гурванбулагийн хүн болохоор нь цагаач гэсэн бололтой. Уг нь нэг уулын наана цаана байдаг хоёр сум. Юуных нь цагаач байхав. Ингээд шар Туяа галзуурчихаж гэнээ гэх яриа гарах эхлэл тавигдсан аж. Хотоос Цэнгэл сайд тэргүүтэй төлөөлөгчид Чингис хааны цогцолбор барих гээд иртэл шар Туяа галзуурчихсан очоод “Хүрзээ барьсан гамингуудыг хүүдэгнүүлэхгүй шүү” гэж загнаж гэнээ гэсэн яриа амнаас ам дамжин гэрлийн хурдаар түгэж.
Улсууд яг л над шиг ажиглаад л, юм асуугаад л, нэг л өөр болоод явчихсан гэж тэр инээдэг.
Ингээд Туяа газар нутгаа хамгаалах “дайнд” ганцаараа морджээ. Өргөх бичиг үйлдэж айлуудаар нэг бүрчлэн орж, гарын үсэг цуглуулсан. Ингээд ч зогсохгүй хот руу ирж “Өдрийн сонин”-д ярилцлага өгсөн гэж байгаа. Сонинд ярилцлага өгч асуудлыг анхаарлын төв рүү аваачих санаа мань хүнд миний нөлөөллөөр л орж ирсэн болов уу. Гэхдээ тэр тэвэрч ирсэн асуудлаа надтай надгүй тэр том сонин руу очиж тайлбарлаж ойлгуулаад, манай муу Цэнгэл ахыг ганц сайн “зодчихоод” яваад өгсөн байж билээ.
Ингээд ч шийдэгдэж өгөхгүй болохоор манай хүн Засгийн газрын хэрэг эрхлэх газарт, дараа нь Ерөнхийлөгчид хандаж өргөдөл гаргажээ.
Өргөдөлдөө “ Хөдөөний ядарсан ард иргэдийг энэ төр хог шороо шиг үзэж байна. Иргэдээ хог шороо шиг үзэх юм бол эрхэм Ерөнхийлөгч та ч байх хэрэггүй, УИХ, Засгийн газар ч байх хэрэггүй. Нутаг орон маань хаа сайгүй ингэж дураараа дургигсдын хүрзэнд сэндийлэгдээд байх юм бол хөдөө нутгийн ард иргэд бид цагаан зээр шиг цагаачилж явах цаг ирэх нь байна шүү” гэж бичжээ. Сум, аймаг аль аль нь тоохгүй, хуулийн хугацаандаа өргөдлийн хариуг нь өгөхгүй пээдэлзээд суугаад байх зуур харин түүнд Улаанбаатараас эрхэм Туяа таны өргөдөлтэй Ерөнхийлөгч болон ерөнхий сайд нар танилцлаа гэсэн дугтуйтай бичиг шуудангаар ирсэн гэдэг. Ингэж манай хүн өвөлжөөгөө, тэр орчмын газрыг хамгаалан үлдэж чадсан төдийгүй, орон нутгийн сонгуулиар өрсөлдөж, засаг даргыгаа өвдөг шороодуулан Сумын иргэдийн хуралд ялалт байгуулжээ.
Сумын засаг даргатай үзэлцсэн тулаанд шар Туяа ийн ялсан байна. Ундны усны асуудал манай хүний цээжний өвчин болдог. Аймаг руу Засаг дарга М.Оюунбатад өргөдөл бичжээ. Манай сумын 3000 иргэн хүнд нөхцөлд амьдарч байна. Усны асуудлаас болж манай суманд шар өвчин ихэсч, хорт хавдрын өвчин улам залуужиж байна…гээд бичиж. Хариу таг. Найман сар хүлээсний эцэст арга буюу өөрийн биеэр өргөдлийн хариугаа шаардахаар аймгийн засаг дарга М.Оюунбатын өрөөнд очжээ. Бид ийм асуудлыг өргөдлөөр хүлээж авдаг. Өөрийн биеэр ирэх шаардлагагүй. Гар, яв, би ажилтай байна л болж. Сүүлдээ туслахаа оруулж ирээд хүчээр гаргах гэж гэнэ. Туяа ч гүрийж. Би хууль зөрчөөгүй. Иргэн хүн сум орон нутгийнхаа тулгамдсан асуудлын талаар өргөдөл өгөөд хариугаа хуулийн хугацаа дуусаад найман сар өнгөрсний дараа авах гэж ирлээ. Та хууль хяналтынхнаа дуудчих. Хэрвээ тэд чинь намайг хууль зөрчсөн гэж үзвэл би таны өрөөнөөс гаръя гэж. Тэгээд ч зогсохгүй та энд яаж найман жил засаг даргын суудалд аймаг удирдсан нэртэй сууж чадаж байнаа. Та бол хамгийн муу удирдагч шүү дээ гээд хэлчихсэн гэж байгаа. Уурандаа хаалга саван хаяж гарсан засаг дарга буцаж орж ирээд цаас үзэг авч өгөөд одоо тэр өргөдлөө ахиад бич дээ гэсэн гэдэг.
Ангаахай багын минь анд, миний жаахан Туяа. Ардчиллын жижигхэн шар хонх. Тэр хонхыг энд хэн ч танихгүй. Тэгсэн ч гэсэн суурингийнхаа тамгын газрыг сэрээж, хаалга цонхыг нь нээж чадсан гавъяатай. Туяа ороод үгээ хэлж чаддаг болсноос хойш иргэд дуугардаг, эрхээ сануулдаг, халж сольж чаддаг болж эхэлсэн. Үүнтэй хэн ч маргахгүй.
Туяа Ардчилсан намын гишүүн. Тэрнийг ирэхээс өмнө тэнд ардчиллын дөл ч байгаагүй. Цөөхөн хэдэн гишүүн нь адлагдаж шахагдаад, амьдрал ахуйгаараа баларчихсан улс болж үлдсэн. Хөдөөгийн ардчилагчид ерөнхийдөө иймэрхүү тавилангаар явдаг. Тэд хэнээс ч юу ч гуйдаггүй. Хэнд ч гомддоггүй. Ажил албанаасаа адлагдан гарсан ч амьдраад л явдаг.
Өнгөрсөн зуны сонгуулиар нутгаа зорьлоо. МАХН-ын нэр дэвшигч нутгийн хоёр эрхмээ дэмжих санаатай.
Нутаг минь жаргах нарны гал улаан туяан дор налайж угтав. Сумын төвийн улс төр ч улайсаад ирчихжээ. Байшин болгоны орой дээр туг намираад л…машин болгоны цонхон дээр зураг малийгаад л…
Тэнд намайг Туяа шиг дурамжхан угтсан хүн байгаагүй. Арай ч дээ, та бол ардчиллын ганц индэр нь болсон “Өдрийн сонин”д арван хэдэн жил гэрэл гэгээтэй бичиж, олон түмэндээ хүндлэгдэж чадсан сэтгүүлч. Яахаараа Ц.Цэнгэл, Э.Мөнх-Очир хоёрыг дэмжээд ирж байдаг байнаа гэж улайтал хэлж угтсан. Миний найзуудын ихэнх нь тэндэхийн ардчилсан намын гишүүд. Эрдэнийн Бат-Үүлийг нөхөн сонгуульд нэр дэвшээд очиход морио бэлэглэж, цоо шинэ уаз 469-өө гаргаж унаад, цасан шуурга сөрөн байж Сансарын сангийн аж ахуй хүргэж өгч явсан хүн ангийн маань анд. Эрхэлж байсан сонинг маань сумаар тарааж, эсэргүү сонин тараасан хэргээр дарамтлуулж явсан залуу ангийн маань дэлдэн Мөөг. Домогт Бат-Үүлийн гараас батлах гардаж, намд элссэн хүн ангийн маань Оргил. Тэдэндээ би тийм гэрэл гэгээтэй анд нь явж ирсэн. Тэгэхээр Туяагийн асуулт хамгийн шударга асуулт мөн байхаас аргагүй. Гэхдээ би нам бус, сэтгүүлч хүн.
Орон нутгийн сонгуулиар аавын маань жолооч явсан Нэргүй ах сумын засаг дарга болж гэнээ. Ардчилсан намын дарга юм чинь зарчмын хувьд болох л ёстой. Ардчилал энэ тэр гэж давхиж, арван хэдэн жилийн амьдралаа үрчихээгүй бол адаглаад сургуулийн захирал хийгээд явж болох байсан хүн дээ гэж ажил төрөлгүй жийгдээд явааг нь хараад дотроо хайрладаг байсан. Гэтэл сумандаа л ардчиллын цоо шинэхэн дуу хоолой болон цангинасан шар Туяаг минь саяхан намаасаа хөөж гэнээ. “Чи сэтгүүлч Бадамдоржийн Ганчимэгтэй найз. Ганчимэг сэтгүүлч энэ сонгуулиар Цэнгэлийг дэмжсэн. Тэгэхээр чи урвасан л байж таараа” гэж загнаад, намаасаа хөөж байгаа тухайгаа мэдэгдэж гэнээ. Нэргүй ах минь дээ, Нэргүй ах минь ийм ч юм хийж байх гэж…ингэж бодогдоод гол зураад болдоггүй.
Туяадаа би хэллээ. За яахав дээ, наад намаас чинь алдарт Баабар ч хөөгдөж л байдаг, Р.Амаржаргал ч хөөгдчихөж л байдаг юм шүү дээ гэж. Намтай намгүй үүр цайна гэх ухааны юм хэлж тайтгаруулах санаатай байтал урдаас “Ганаа эгчээ би арван ишигтэй ямаа зармаар байнаа. Авах хүн байна уу. Ингэж л нэг мөнгөжиж аваад дүү нь ардчиллын төлөө явнаа. Манай сумын нам сонгуульд ажиллуулахгүй бол өөр суманд очиж Ц.Элбэгдоржийн төлөө зүтгэнэ” гэсэн шал хөндлөн үг унагах нь тэр.
Түүний цээжний цаадах үзэл нь ерөөсөө л зөв нийгмийн төлөөх унтаршгүй мөрөөдөл юм. Ийм мөрөөдөлтэй, ийм гэгээн хүнийг намаас хөөж яаж болохов. Нэргүй даргын уур гарч намдаа буцаад сэргэсэн ч гэсэн Туяаг маань цаад сэтгэл нь хүлээж авсангүй. Аргаа бараад аймгийн ардчилсан нам руу ярьж байж Баяннуур сумын ардчилсан намын багт ирчихсэн ажиллаж байна гэнэ.
Их хурлын сонгуулийн үеэр би харштлаа гүйж байгаа Туяагаа хараад өрөвдөж байсан. Тольдохоос өөр ид шидгүй хэдэн хүүхэн намын байшинд суучихаад хов ярьцгаан цагийг нөхцөөж байхад Туяа хоёр ямаагаа зарж мотоциклтэй хүн гуйж бензин хийгээд хөдөөгүүр ухуулга хийж явсан. Цаадуул нь сонгуульд ажиллалаа гээд арван таван мянган төгрөг авч байхад Туяа таван мянган төгрөгний ч шагналгүй галзуу солиотойгоороо дуудуулаад үлдэж байсан. Гэхдээ л унтраагүй.
Саяхан бид хоёр түүнийг яагаад МАХН-ыг сонгоогүй тухай ярилцсан юм.
-Туяа чи өвөөгийнхөө тухай надад ярьж өгөөч?
-Миний өвөө 1907 онд төрсөн хүн байсан. Өвөө маань 30 настай баригдаад 10 жил шоронд суусан. Шоронд япончуудтай хамт хоригдож байсан гэдэг юм. Түдэв гүний хүрээний бага унзад хүн шүү дээ. Яс арван жил Зүүнхараад шоронд суусан. Яагаад биднийг ингэж хорьж байгаа юм бол гэж асуухаар нь хянагч нь “Их эвдэрсэн хүнд их засвар хэрэгтэй” л гэж хэлдэг байсан юм гэсэн. Тэгээд шоронгоос гарч ирэхэд нь ганц төрсөн дүү нь цэрэгт яваад буцаж ирэлгүй алга болсон. Эцэг эх хоёр нь өөд болчихсон байсан гэсэн.
-Бага байхад нүдэнд нь цагаа уначихсан улсууд ирэхээр Давгажанцан гуай аягатай ус бариулж ном уншиж байгаад л зүв зүгээр болгочихож байхыг олон харсан сан. Үнэхээр сонин шүү?
-Гартаа хэдэн ширхэг арвай барьж байгаад л ном уншина. Тэгээд аягатай ус руу хийхэд нь тэр хүний нүдийг бүрхээд тогтчихсон байсан нөгөө цагаа нь алга болчихдог байсан. Хүрээнд газар газрын лам нар ном хаялцахад манай өвөө дээгүүр л ордог байсан гэдэг. Өвөөг маань нэрийн ном үзсэн хүн гэж бичсэн байдаг юм билээ. 1937 оны хэлмэгдүүлэлтээр баригдаж арван жил яс цоожинд суугаад гарч ирэхдээ нутгийнхаа шороон дээр нүцгэн биеэрээ л бууж байсан. Хов хоосон. Хуучин нийгмийн үед өвөө маань амьдарч яваад өөд болсон. Одоо бодож өрөвддөг. Ганц хонь хагалаад шөл ууж чадахгүй шахам явсаар буцсан. Ийм л хатуу, чанд нийгэм байсан шүү дээ. Өвөө маань төр эргэнэ гэж ярьдаг байсан. Энэ үүх түүхээс болоод би хэзээ ч МАХН-ыг уучилж, хүлээж авч чаддаггүй. Бие сэтгэлээрээ, гэр бүлээрээ амсаж мэдэрсэн гашуун түүх бидэнд байна. Ийм түүхийг мэдрээгүй, ядаж уншаагүй, тунгаагаагүй хүмүүс намайг гоочлохоор миний дургүй хүрдэг.
Бидний яриа ингээд зогссон.
Өнгөрсөн зун манай аймгийн 70 жилийн ойн баяр боллоо. Би Туяагаа суулгаад наадамд явав. Наадмын талбайгаар явж, асар майхнуудаар бууж, цангаагаа гартал хуучилж санаанаас гарамгүй наадав. Сумынхаа асраар очлоо. Туяад маань нэг л янзгүй. Гэхдээ л монгол ёсоор мэнд мэдэлцэж, айраг цагаа амсаж, ярьж хөөрч байгаад гарав. Дараа нь манай захиргааныхан ярьж байна гэнээ. Ганчимэг сэтгүүлч яасан хачин хүн бэ. Нэртэй төртэй хүн атал тэр галзуу Туяатай 70 жилийн баярт ирээд байхдаа яахав дээ. Эсвэл цаадахыгаа галзуурчихсан гэдгийг мэддэггүй юм болов уу…гэж ирээд л шагшицгааж байх юм гэнэ. Мал тооллогоор явж байгаа эрчүүд нь манай ангийн найзынд очихдоо Ганчимэг сэтгүүлчид энэ Туяаг сэтгэцийн өвчтэй болчихсон гэдгийг хэлж ойлгуулах хэрэгтэй гэж ирээд хэлэлцэж байна гэнэ.
Гэвч би тэднийг ойлгож үл чадна. Эсвэл тэдэнд биднийх шиг гайхамшигт хүүхэд нас, гэрэлтэй он жилүүд байгаагүй юм болов уу…
Мөнгөн утас шиг гэрэлтэн хөврөх миний хүүхэд ахуйн дуртгал сэтгэл зүрхэнд эгшиглэнэ. Одоо манай нутагт бороо орж байгаа даа…Айлын эгч хормойгоо дэрвүүлэн гүйж гараад өрхөө яндантай нь татаад орж байгаа. Морьтой хүн нойтон дээлтэй уяан дээрээ бууж байгаа…Холбооны дээврээс хувингаар асгаж байгаа юм шиг ус олгойдож, дор нь тоссон поошик халиад асгарч байгаа….
Бороо бороо ороорой..Оросын маамуу ирээрэй…гэж охиндоо би дуулж өглөө. Охин минь юу ч ойлгохгүй юм. Гэвч гадаа асгарсан цагаан бороо орж байна. Гараад гүймээр…шар Туяадаа очмоор….өвөөг нь дооглож…Дулам гуайгаар ахиад нэг зэмлүүлмээр…Туяагаа суулгаад биднийг хэзээ ч ойлгодоггүй захиргааны торгон дээлтэй хүүхнүүдийг уурлуулан хажуугаар нь давхимаар…Хүмүүсийн сониучирхаж сонжсон харцыг юутай хээтэй нь дагуулаад хүүхэд насныхаа гэгээн жимээр гүймээр…Норж дэвтсэн элсэн дээр нь хүмүүс ээ, шар Туяаг минь хайрлаач гэж хуруугаараа бичмээр…