“Хөрөг”. Энэ үгийг, эл төрлөөр бичдэг хүмүүсийг хүний амьдралын зураач гэж хэлмээр санагддаг. Тийм зураачдын нэг, орчин цагийн “Хөрөг” бичвэрийн гойдыг уншигчдад хүргэж яваа хүмүүсийн нэг бол сэтгүүлч Батдоржийн Энхцэцэг. Хувь тавилан нь эхнээсээ л зурагдчихсан, тод бүдэг өнгө холилдсон замаар од шүүрч, оч бутартал газардаж, жаргал зовлонгийн аль алинаас ундаалсан эрхмүүдийн тухай бичсэн хөрөг бүр нь амттай. Амьдрал тааварлашгүй гэж бид ярьдаг. Тэрхүү амьдрал дотор мөн олон дүр бий. Тэдгээрээс эрж, хайж олсон дүрүүдээ онцгойгоор мэдэрч, сэтгэлийнх нь гүн рүү нэвтрэх тусам өөрийнхөө зан чанарыг илүүтэй нээж олохоос гадна тавиланг нь омог бардмаар зурж чаддаг дүр харин бидний дунд цөөхөн. Тэр л цөөнхийн нэг нь яг одоо миний өмнө сууж байна. Тэр одоо юу бичиж байгаа бол...
-Өнөөдөр та юу бичих вэ?
-Өнөөдөр үү? Хаврын тухай бичих үү. Хавар надад яг л гэнэн мөрөөдөл, арван найман нас шиг, хонхны баяр шиг санагддаг.
-Ирж байгаа улирал, айсуй цаг хугацаа гэдэг уран бүтээлч хүнийг гэгэлзүүлдэг, шинэ соргог юм бүтээмээр мэдрэмж төрүүлдэг шүү дээ. Ер нь багадаа хаврын улирлыг, урин цагийг хүлээдэг охин байсан уу. Монголчууд улирал дагаж уярч хайлдаг гэдэг. Та хаврыг хэрхэн өөртөө оршоодог вэ?
-Хавар надад нэг тийм нимгэн, хөнгөн, гангамсууг үгүйлж ирдэг л дээ. Гадаа гаруут өөрийн эрхгүй “Ийм сайхан байхад чи бахь байдгаараа л байхаа болиоч, гоё болооч” гэх шиг. Өмнө анзаараагүй алчуурын өнгө, хээ хүртэл тодроод ирэх мэт санагдахад хавар болчихсон байдаг. Хичээлдээ явдаг, ирээд даалгавараа хийдэг жаахан охин явсаар зургаадугаар ангийн хавар нэг зүйл болсон юм. “Соёл-Эрдэнэ” хамтлагийн “18 нас” гээд дууг анх сонсоход надад хамаатай юм шиг санадсан. Би өөрийгөө том болсон гэж тэгэхэд анх бодсон. Үсээ тайрч, үзүүрийг нь дотогш эргүүлэхэд нүүр рүү их гоё унаж ирнэ. Тэр яг л миний хүссэн, өөрийгөө ямраар илэрхийлэхийг хүссэн би болсон. Тухайн үед манай ангид дадлагаар ирсэн оюутан багш их гоё гутал өмсчихсөн, охид бүү хэл хөвгүүд ч биширсэн харцаар харж байлаа. Яг тэр өдөр хичээлээ тараад гэртээ иртэл яг өнөөх багшийн өмсчихсөн байсан гутлыг надад аваад тавьчихсан байж билээ. Тэр үед л, тэр хавар л миний залуу нас эхэлсэн юм шиг санагддаг. Надад ерөөсөө өсвөр нас гэж байгаагүй гэж уг нь боддог л доо. Зан ааш хувирч, эцэг эхтэйгээ тэрсэх, өөрийнхөөрөө баймаар байна гэж зөрөх явдалгүй байлаа. Хүүхдээсээ шууд хүн болчихсон ч юм шиг. Одоо тэр 14 насны хавар төрсөн мэдрэмж бол надад өсвөр нас ирсний л гэрч байх гээд байна. Тэр хавар гоё үстэй, гоё гуталтай, тэгээд “18 нас” дууг дуулаад их л тааламжтай, өөртөө итгэлтэй, цовоо цолгиун мэдрэмжийг надад авчирсан байхгүй юу.
-Тэр гутлыг хэн танд авчирч өгсөн бэ?
-Ээж. Би бүр хараад аймаар их баярласан. Гутлын үйлдвэрийн 110 төгрөгийн үнэтэй гутал. Бид бүгдээрээ л 110 -ын гутал гэж ярьдаг байсан. Зурагтаар хоёр л суваг үздэг байсан үе л дээ. “СанРемо” гээд Италийн эстрад дууны наадам Оросын Орбит сувгаар гараад л тэнд дуулсан хүмүүсийн бүх юм нь “моод” болдог байлаа. Тухайн хөгжмийн наадмыг өвөл нэвтрүүлнэ. Хүмүүс зурагтаасаа бичиж аваад хальсанд хуулж түгээсээр байгаад хавар гэхэд Улаанбаатарын залуу хүн бүр Италийн эстрадын хэв маягаар дуулж бүжиглэж, хувцаслаж гангалдаг байсан. Намайг зургаадугаар анги төгсөх жилийн хавар гутлын үйлдвэр “Сан-Ремо”- гийн дуучдын өмсөж байсан гутлыг үйлдвэрлэсэн юм. Гэртээ иртэл яг миний хүсэж байсан “Сан-Ремо”-гийн гутлыг ээж минь авчихсан угтдаг байгаа. Тэр хавраас хойших хавар бүр надад ганган дэгжин мэдрэмжийг авчирдаг болсон байх.
-Тэр хавар түүнээс хойших хавар бүр ирдэг гэхлээр одоо ч тийм мэдрэмж төрдөг гэж үү?
-Одоо бол хавар ирэх болгонд 1988 оны тэр хавар бодогдоод байдаг байхгүй юу. Би тэгж байсан шүү дээ гээд дурсамжаа санахаар ингэж мэдэрч чадсан нь “Овоо шүү дээ” гээд өөртөө баярладаг. Тэгэхээр одоо бол хавар миний хувьд дурсамж.
-БИ ГЭР БҮЛИЙНХЭЭ ХЭН НЭГНИЙ ТУХАЙ ХӨРӨГ БИЧИХГҮЙ-
-Ер нь таны хувьд хамгийн чухал асуулт юу вэ?
-Хүнтэй ярилцаж байхад хань ижил, гэр бүл, бага нас, ээж аавын тухай асуултууд орж ирэхээр нэг тийм хуурай, хөндий, жижүүрийн асуулт, хариулт өрнөхөөргүй чухал болоод ирдэг. Бусдаар бол юун тухайд ч жижүүрийн асуулт хариултаар ярилцаж болдог. Өмнө нь хэзээ ч хүний хувийн амьдрал, үр хүүхдийн тухай сэтгэл тавин асууж, хариултыг нь зүрхэндээ сонсож байгаагүй. Ингээд бодохоор миний настай холбоотой ч байж мэднэ. Тэгэхээр миний насыг дагаж ирсэн, энэ талын сэдвийн яриа хөөрөө хамгийн чухал асуултууд маань болсон байх.
-Мэдээж таны хийж байгаа бүтээлүүдтэй илүүтэй харгалддаг болохоор тэр юм болов уу. Бичсэн хөргүүдийг тань уншихаар, бичих явцад илүүтэй хүний хувийн амьдрал, гэр бүл, найз нөхдийн тухай асуулт, хариултууд тэнд ихээр өрнөдөг байсан байхдаа гэж бодогдоод байдаг л даа...
-Магадгүй тийм байх. Хэрвээ надад антен гэж байдаг бол хүн хайр сэтгэлээ, хүүхдээ эсвээс эцэг эхээ, бага насаа ярихаар миний тэр антен сунаад л ирдэг. Хүн надад чин сэтгэлээсээ хандаж байна гэж ойлгодог.
-Гэтэл та өөрийнхөө хувийн амьдралын талаар огт ярихгүй гэдэг байрь суурийг баримталдаг шүү дээ. Хөрөг бичдэг хүн өөрийнхийгөө ярихгүй гэхээр таны дотор хувь хүний үүднээс үзэл бодлын зөрчилдөөн үүсэж байгаа юм биш үү?
-Миний хувийн амьдрал, түүн дотор оршдог хүмүүс минь надад л чухал болохоос олон нийтэд сонирхуулах зүйл биш. Хүний хөрөг бичихээр яалт ч үгүй тухайн хүний бага нас, эцэг эх, хүмүүжил төлөвшлийн тухай ярихаар сэтгүүлчийн үүднээс зайлшгүй гэр бүлийнх нь дотоод орон зай руу нэвтрэх болчихоод байдаг. Гэтэл би гэр бүлийнхээ хэн нэгний тухай хөргийг бичиж үнэхээр чадахгүй. Яагаад ч чадахгүй. Тэгэхээр бичихгүй. Учир нь тийм амин, тийм чухал.
-Тэгэхээр бусдынх чухал биш гэж үү?
-Би сэтгүүлч хүн. Нөгөөтээгүүр хөгжмийн зохиолч, эсвээс алдартай сайхан дуучин хүн байна гэж бодъё. Монголчуудын дунд домог болж амьдарсан, бүтээсэн, туурвисан хүмүүс бол бүтээснээрээ, туурвиснаараа чухал. Бусдыг бишрүүлдэг энэ хүн үнэхээр хэн юм бэ, яагаад ийм сайхан урлаг туурвиж чадав, ийм авьяастай хүн яаж хайрласан, дурласан, амьдрал нь хэрхэн өрнөсөн бол гэдэг нь сэтгүүлчийн хувьд чухал байхгүй юу. Би тэр хүний төлөө хөрөг бичихээс өөр юу ч хийж чадахгүй. Тухайн хүмүүсийн талаар сонирхоод амьдралд нь орлоо ч юуг ч өөрчилж хүчрэхгүй.
-Яагаад, харин ч илүү сайн мэддэг, илүү сайн бичиж чадах юм биш үү?
-Яагаад гэвэл өдөр тутам, түүн доторх цаг минут хүртэл чухал учраас алийг нь онцгойлж, ямар хэсэг нь түүх болохыг нь би мэдэхгүй. Тэгтлээ гэр бүлийнхэнтэйгээ ойр, тэгтлээ хайр дурлал, амин чухал зүйлсийнхээ нэг хэсэг болоод явж буй учраас хөндлөнгөөс харах хэмжээний байрь суурь дээр байж чадахгүй шүү дээ.
-Магадгүй бүтээлч хүн өөрийн тэр үнэт зүйлсийг, магадгүй эх орныхоо тухай бичлээ гэхэд Памук шиг хөндлөгийн нүдээр харж, хайрлаж, үнэнтэй худалтай нь, дотоод гоо сайхныг нь нээж, урлаж чадна гэдэг шүү дээ. Тэр байрь суурь л таны ярианаас мэдрэгдээд байна л даа...
-Тийм. Үгүйлэн санах, алсаас хүсэж мөрөөдөх... Энд чинь тодорхой хэмжээний хоосон орон зай үүсэж байна шүү дээ. Холдох тусмаа гэрэлтдэг байх. Жишээлбэл, яагаад монголоор аялсан гадны гэрэл зурагчдын дуранд Улаанбаатар хот тэс өөр өнгө төрхтэй буудаг юм бол. Яагаад гэвэл тэд хөндлөнгийн хүн учраас гоо сайхныг нь, хүмүүсийн дүр төрхийг олз хэмээн харж, биднээс арай өөрөөр илэрхийлж, шинэ соргогоор мэдэрч чаддаг юм болов уу гэж санадаг. Монгол хүний харц, инээд, алхаа гишгээ ийм юм байна, малчин хүмүүс нь хээр хөдөөнөө суухдаа ямаршуу янз төрхтэй байдаг юм гэх мэтчилэн бүх зүйлс нь холын хүний нүдэнд их соньхон, шинэхэн харагдаж байгаа нь гэрэл зурагт буудаг. Тэр нь бидэнд хүртэл нэг л өвөрмөц харагддаг шүү дээ. Бид болохоор эх орноо яаж харж, хайрлаж байгаагаа ч ухамсарлахгүйгээр бахархаж, тэр хэрээрээ хатуу ширүүн ч хандаж, за ер нь голдуу л шүүмжилнэ дээ. Тийм болохоор монгол хүн монголынхоо тухай ярих, монгол хүнийхээ талаар бичихэд хүртэл өнгө аяс нь нэг тийм зууралдсан, хамгийн гол зүйлсээ хүртэл олж чадсан уу гэмээр болчихдог байж магадгүй.
-Таны бичсэн хөрөг бүр нэлээдгүй урт болдог шүү дээ...
-Харин тийм, ядаргаатай урт байгаа биз дээ.
-Гэтэл уншигчид огт уйдсангүй гэх, зарим нь ахиад жаахан урт биччихгүй дээ гэж нэхэх нь ч бий. Үүний учир юунд байна вэ?
-Харин тийм саналуудаас болоод урт бичсэндээ санаа зовохоо больж байна гэдэг нь өөрийгөө шүүмжлэх зүйл мөн. Бүх юмыг хамж шимдэг, урт сунжирсан бичвэр байх шаардлагагүй. Яахав, хүн гэдэг чинь сайхан хүнтэй учрахаараа хэр хугацаа өнгөрснийг мэддэггүй юм байна. Тэгэхээр би сайхан хүмүүсийн тухай бичжээ. Хөрөг болгон сайн болдоггүй шүү дээ. Миний бичсэн зарим хөрөг муу. Хүмүүс ярихгүй байгаа, би нээж чадахгүй бол хөрөг муу болчихдог. Тэгтэл хүмүүс түүний тухай үнэнийг яриад, тэдгээрийг нотлох баримтууд нь гарч ирээд, дэлгэрээд л байдаг тэр хөргүүд аятайхан болдог. Тийм хөргийг бичихээр бас уртсаад байдаг талтай. Уншигчид уйдахгүй байгаагийн шалтгаан нь хэн нэгэн сайхан хүнтэй учрахаар дахиад хэдэн минут ч хамаагүй ярилцмаар санагддаг шиг сайхан хүмүүсийн тухай хөрөг л бичсэн юм болов уу даа.
-Баримт нь олдохгүй, та өөрөө эрсэн, цуцсан, түүртсэн, хүмүүс ч тэр хүнийх тухай олигтой ам нээгээгүй боловч нийтэд дэлгээд тавьчихсан тийм хөрөг танд бий юу?
-Байгаа. Хөгжмийн зохиолч Зундуйн Хангалын тухай бичсэн “Маэстро” гэж хөрөг. Сэтгэлд огт хүрээгүй.
-Тэгвэл яагаад уншигчдад хүргэсэн юм бэ. Үүнээс цааш баримт олдохгүй, хүмүүсээс тэр хүний тухай илүү тодруулж барахгүй гэдэгтэйгээ эвлэрсэн хэрэг үү?
-Тийм ээ, тулчихсан. Би үүнээс илүү сайн хийж чадахгүй юм байна гэж бодсон. Жишээлбэл, Хангалын залуу насанд түүнтэй учирсан, хамтарсан хүмүүс нь Хангалаас жаахан доогуур түвшнийх. Тэр хүн яг амьдарч байсан цаг үедээ номер нэг байж. Тиймээс яг тэгж хамгийн шилдэг байсан хүний зан төлөв, ааш авирын тухай, харилцахад өөрт нь ямар санагддаг байснаа илэн далангүй ярих хүнгүй байсан. Хангалыг ойлгох, түүнд ойлгогдох найз тэр үед түүнд байсангүй. З.Хангалд шүүмжлэлтэй хандах, чинээнд нь тултал өрсөлдөх, зөрчилдөх, уг зөрчлөө хүлээн зөвшөөрөх хэмжээний маэстро тэр үед байгаагүй. Мөн эхнэр нь нөхрөө хэтэрхий их хайрлаж, хэтэрхий их хүндэлсэндээ хувийн амьдралынхаа талаар ярьж чадахгүй нуугаад байсан.
-Яг тантай адилхан. Та хайртай, өөрт чинь хамааралтай болохоор хувийн амьдралаа ярих дургүй гэсэн...
-Хүн яг тэгдэг л дээ. Гэхдээ энд нэг ялгаа бий. Би жирийн залуутай, энгийн айлын эзэгтэй юм. Бидний амьдрал бид хэддээ л үнэтэй. Гэтэл Хангал хэн билээ. Зүгээр бодоход л монголын хөгжмийн түүх, орчин цагийг Улаанбаатарт авчирч өгсөн зүтгэлтэн байхгүй юү. Тэгэхээр Хангалын эхнэр бол зүгээр нэг гэргий биш, “ИХ ХҮН”-тэй амьдарсан түүхэн хүн. Би одоо монголын хөгжмийг бүтээсэн ноён оргилтой амьдраад тэр хүн маань хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн бол тэр хүний амьдралыг зүгээр нэг амьдралын чинээ бодож зүрхлэхгүй. Түүний минь бүтээсэн туурвил монголын хөгжмийн түүх юм, тэр хүний намтар бол цадиг юм гэж бодно. Тиймээс бүгдийг нь бичиж тэмдэглэж дурсаж явна. Чадах хүнд нь хувь хүнийхээ хувьд хэн байсныг нь ярьж өгөх хэмжээний эхнэр байж чадна. Нөхөр маань бүтээлтэйгээ цуг домог болох зүйлийг үлдээнэ. Гэтэл бид хэн юм бэ? Надад л үнэтэй болохоос миний хань жирийн л эр хүн шүү дээ. Тэгэхээр би ярих дургүй.
-ГОЛГҮЙ МУУ ХҮН СЭТГҮҮЛЧЭЭР АЖИЛЛАХ БОЛОМЖГҮЙ, ЧАДАХ Ч ҮГҮЙ-
-За хоёулаа энд зогсозноод дахин эхлүүлээд үзье л дээ. Жижүүрийн асуулт ч гэлээ та хэрхэн сэтгүүл зүйд ажиллах болсон бэ?
-Манай хэвлэлийн редакц болгонд гадаад хэлнээс мэдээ орчуулдаг нэг хүүхэд байдаг байлаа шүү дээ. Би орос хэлнээс мэдээ орчуулдаг тийм хүүхэд байсан.
-Ямар газар вэ?
-“Өнөөдөр” сонины “Улс төр, гадаад мэдээний алба”-нд ажиллаж байсан цаг л даа. Мэдээ орчуулаад л байлаа, орчуулаад л байлаа... Тэгэх хэрээр туршлага ч сууж мэдээ маань эрхлэгч нарт таалагдаж эхлэхгүй юу. Мөн гадаад мэдээний нүүрнийхээ бүтцийг нь жаахан өөрчлөөд танин мэдэхүй, шинжлэх ухаан, “моод”, гоёл гээд л... Өмнө нь бол зөвхөн улс төрөөр орчуулдаг байснаа гадны одод, томоохон улстөрчийн амьдралын түүх орчуулаад гаргачихаар уншигчид төдийгүй хамт ажилладаг хүмүүс маань дурлаад эхэлсэн л дээ. Угаас “Өнөөдөр” сонин үргэлж шинийг шаарддаг байсан. Санаачилгатай ажил, шинэ зүйлийг хий гэдэг байлаа. Миний хийж чадах шинэ зүйл бол шинэ соргог мэдээ хайх л байсан. Тэгээд бүтцээ жаахан өөрчлөөд явахаар мөнөөх шаардлагад нийцсэн хэрэг. Нөгөөтээгүүр гадаад мэдээний орчуулга гэхлээр “түг таг” байх албагүй. Сайхан монгол хэлээр бичсэн байх ёстой. Энэ бүхнийг л өөртөө суулгаж, хичээж ажилласан. Мөн гадаадын томоохон нийтлэлч, судлаачдын бүтээлийг орчуулахаар тэдний бичих арга зүйд нь суралцдаг. Энэ нь надад давхар эрдэм өгсөн. Басхүү найруулан бичих чадвар сайжирсан л даа. Би ер нь хөрөг бичихэд тухайн үеэс л бэлтгэгдээд байсан юм биш үү (инээв).
-Тэгээд өөр алба руу шилжсэн үү?
-“Өнөөдөр” сонин маань одоо бодоход их элдэвтэй газар байжээ. Тухайн үед “Уран бүтээлийн нэгдэл” гэж байсан юм. Би бүх юманд оролцох ёстой хэсэг үе байсан. Тэр нь зөвхөн гадаад мэдээ орчуулаад суухгүй, мэдээ, сурвалжилгад явах үүрэгтэй. Гэхдээ энэ ажил надад тухайн үед хатуудсан. Би сурвалжилга хийж, нийтлэл гаргах гэхээр нэг л хачин болчих гээд чаддаггүй байсан үе. “Энэ ч дээ, хөөрхий, ёстой л гадаад мэдээний амьтан байна” гэж бусад нь дүгнэдэг, өөрөө шамдсан ч хоцроод байсан л даа. Аз болж тэгэхэд сонин маань өргөжөөд том болчихсон тул хэлтсүүдэд хуваагдаад гадаад мэдээний албанд очсон юм. Тэр үед хүний ард суугаад байхааргүй өөрийн гэсэн талбартай болж нар гарсан нь тэр. Харин тэгж явах үедээ бичсэн нэг бүтээлээ “Хөрөг” номдоо оруулсан. Ажилд ороод удаагүй байхад Д.Сэдэд хэмээх алтан үеийн тайз дэлгэцийн нэрт жүжигчний талаар гоё ажил хийгээд ирнэ гэж итгээд намайг явуулахгүй юу. Гэтэл миний хийсэн юм сонины нүүрнийхээ наймны нэгд гарсан л даа. Харин би сүүлд сонин ухаж байгаад түүнийгээ олоод аягүй их олзуурхсан, тэгээд номдоо оруулсан.
-Бичсэн юмаа сүүлд уншихад ямар санагдсан бэ. Тухайн үедээ тааруухан юм хийчихсэн хэрэг үү?
-Би бичиж л байсан юм биш үү. Юундаа намайг голоод байсан юм. Надад жаахан итгээд, надтай жаахан л ноцолдчихсон бол гадаад мэдээ гэж явахгүй шууд сэтгүүлчээрээ ажиллаж чадах дөртэй байж дээ гэж бодогдсон. Ажилд ороод гурван сар гаруй болж байхдаа л бичсэн юм билээ. Одоо уншихад тун дажгүй.
-Тэгээд ямар шалтгаанаар тухайн үедээ шүүмжлүүлсэн юм бол?
-Ойлгомжтой. Тухайн үеийн сэтгүүлчид мундаг мастерууд байсан болохоор би гологдох нь аргагүй шүү дээ. Манай “Өнөөдөр” сонинд чинь Ш.Даваадорж, Л.Болормаа, Р.Эмүжин, бүр зохиолч Д.Оюунчимэг хүртэл байлаа. Тэр мундагуудын дэргэд гологдохгүй яах вэ дээ. Тэгээд гадаад мэдээнд дөрвөөс таван жил ажиллаад дараа нь Улс төр, мэдээллийн албанд орсон. Арай гайгүй бичдэг болж төлөвшсөн юм байлгүй.
-Та ер нь Д.Сэдэд гуайнд зочлохоос өмнө өөр ямар нэгэн сурвалжилга, нийтлэл, ярилцлага хийж байгаагүй юу. Хөрөг бичихээс өмнө сэтгүүл зүйн энэ төрлөөр л дагная гэсэн бодол танд төрж байсан уу?
-Тэрнээс өмнө би “Хурд” хамтлагийн дуучин Д.Төмөрцогтой ярилцлага хийсэн. Би тэр ярилцлагаа “Ёстой алаад хаячихлаа” л гэж санасан. Гэтэл “Дажгүй болжээ” л гэсэн. Дараа нь Д.Сэдэд гуайн тухай бичээд удаагүй байж байтал Улс төр, гадаад мэдээний албанд очсон. Өмнө нь барууны улстөрчид, оддын тухай оросын хэвлэлд буулгаснаас би уншдаг байсан юм. Тэд чинь шуурхай ажилладаг байхгүй юу. Баруунд юу болж буй нь маргааш нь орос дээр гарчихна. Би мэдээж хоёр юм уу, гурав хоногийн дараа түүнийг нь уншихдаа халуунаар нь мэдэрдэг байсан. Хүмүүс юуны тухай ярьж, хэн од болж байна, тэдгээрээс сэтгүүлчид юуг нь онцлон харж байна гэдэг арга барилаас нь бас суралцана. Ингэж уншдаг, хийж байгаа юмнаасаа суралцдаг байсан болохоор улс төрийн мэдээллийн албанд ороход надад тэр арга тогтчихсон. Бусад сэтгүүлчдээс хоцрохгүй, өмнө нь энэ албанд ажиллаж байсан юм шиг болчихсон байсан л даа. Жишээлбэл, Байнгын хорооны сурвалжилга гээд уйтгартай юм явна. Тэр үед Бал эрхлэгч “Чи автороо тавиагүй байхад ч энэ сурвалжилгыг Энхцэцэг бичсэн байна аа гэж би мэддэг боллоо” гэж магтсан.
-Өөрийн гэсэн арга барилтай болж...
-Тийм. Бал эрхлэгчийн тэрэн шиг гоё магтаал байхгүй.
-Таны авсан хамгийн том магтаал уу?
-Тэгэлгүй яахав. Миний яг одоо монголын сэтгүүл зүйд парламентын сэтгүүлч болчихоод бичсэн сурвалжилгуудаа уншуулаад авсан хамгийн том магтаал. Бал эрхлэгч миний эрхлэгч биш байсан ч, намайг өөр сонинд ажилладаг байсан ч тэгж магтах л байсан болов уу. Тэр тал дээрээ хүний өөрийн, их бага гэж ялгадаггүй туйлын шударга хүн байлаа. Ийм хүнээс тийм магтаал сонсох өөрөө маш том урам болсон.
-Мэдээж та шүүмжлүүлдэг байсан биз дээ. Таныг Ц.Балдорж эрхлэгч тань шүүмжилж байсан уу?
-Зориггүй гэж шүүмжилдэг байсан. Тэр нь үнэн л дээ.
-Сэтгүүлч хүн мэдээж өөрийн гэсэн бичих арга барилтай байх ёстой юм байна. Тэгвэл сэтгүүлч хүний дотоод мөн чанар ямар байж бусдын төлөө чин сэтгэлээсээ дуугардаг, бичдэг, сэтгүүлч гэх нэрний эзэн байдаг юм бэ?
-Ер нь бол голгүй муу хүн сэтгүүлчээр ажиллах боломжгүй, чадах ч үгүй. Ерөөсөө энерги нь хүрэхгүй, эрчим нь дийлэхгүй. Нэлээд өндөр хүчин чадалтай дулааны станц байж л хүн чанарын хувьд хангах тийм ажил. Мөн өнцөг чухал.
-Өнцөг гэхээр тогтсон үзэл бодол гэж ойлгож болох уу. Бид их туйлбаргүй, хоёр тийш савчдаг шүү дээ...
-Сэтгүүлчийн өнцөг оюун санааны үйл явц юм даа. Аливаа үйл явдал, үзэгдэл, хүнийг өөрийн гэсэн нүдээр харж сонирхох, түүнийгээ хэвлэн нийтэлж олон нийтэд хэрхэн хүргэхээ бодож боловсруулах тийм л арга барил шүү дээ. Хэвлэл улс төрийн тодорхой чиг баримжаатай, тодорхой хэдэн хүнийг үзэн яддаг, мөн тодорхой хэдэн хүнийг л хайрладаг, үүнийгээ тогтвортой үзэл бодол гэж хаацайлах ёсгүй л дээ. Зүгээр л сэтгүүлчийн ёс зүй, хэвлэлийн зарчмаараа л ажиллах нь сэтгүүл зүйн, сэтгүүлчийн тогтвортой үзэл бодол юм. Сэтгүүлч массын толгойлогч биш, массыг хуйлруулж байдаг миний л зөв, би л сайн гэх жижигхэн хандлагаар өөрийгөө тэжээгч сул дорой амьтан байж таарахгүй.
-Мэдээж мэргэжлийн хувьд ярилаа шүү дээ. Та өөрийгөө ямар сэтгүүлч байгаасай гэж хүсдэг, хүссээр ирсэн бэ?
-Маш хэцүү л яриа болох байх. Учир нь би өөрийгөө сэтгүүлчийн хувиар харуулж чадаагүй он жилүүд нь их. Яагаад гэвэл надад нэг тийм сэтгүүлч хүнд байдаг төрөлхийн дайчин, шазруун чанар угаас байдаггүй. Тэр нь намайг их хойш татсан. Энэ бол нэгдэх асуудал. Хоёрдугаарт, би МУИС-ийн Олон Улсын Харилцааны дээд сургуулийг төгссөн хүн л дээ. Энэ сургууль надад тодорхой хэмжээний хайрцаг суулгаж өгсөн. Энэ хайрцаг сэтгүүлчээр ажиллахад үргэлж тээр болсон. Тодорхой хил хязгаар, хэм хэмжээний тухай ойлголтыг оюутан байхдаа авчихсан юм билээ. Энэ бол сэтгүүлч хүнд байх ёсгүй зүйл шиг билээ.
-Хэм хэмжээ, хил хязгаартай байх нь уу?
-Сэтгүүл зүй өөрийн гэсэн зарчимтай. Тэнд өөрийн гэсэн хил хязгаар байдаг. Гадаад албаны ажилтан гэдэг мэргэжлээр сурсан хүн сэтгүүлчийн ажлын хэм хэмжээ, хил хязгаарыг ажлын байран дээр гараад сурахад цаг хугацаа шаардана. Онол, боловсрол, мэргэжил гэдэг тус бүртээ ийм хайрцаг байдаг. Гэхдээ хүмүүс янз янзаар хэлдэг л дээ. Зарим нь намайг өөр салбараас орж ирсэн болохоор сайн бичиж байгаа юм гэдэг. Би бол өөрийгөө сэтгүүл зүйгээр сурсан бол хэн байхаа төсөөлж бодоод байдаг. Тэгэхээр тийм ч биз, үгүй ч биз. Гол нь “Чи аймхай юм аа, зоригтой бичээд өгөөч” гэж их шүүмжилдэг. Би дээр хэлсэн. Яг тэгээд бичих гэхэд юу саад болдог вэ, бичсэн зүйл маань олны анхааралд өртөөд л, хүний ярианы сэдэв болж чадахгүй арван хэдэн жил яагаад өнгөрчихөв өө гэхээр “Ингэж болохгүй шүү дээ” гэдэг хайрцаг байгаад байсан юм. Энийг надад сургууль маань өгсөн гэж боддог. Жишээлбэл, дипломат захидал бичих, гэрээ хэлэлцээнд биеэ авч явах зэргээс гадна үүнийг дагаж ордог ёс зүй, гоо зүй, эрх зүйн хичээлүүд байдаг. Би тэдгээрийг яг чин үнэнчээр хүлээгээд авчихсан.
-Нөгөө талаас сэтгүүлчээр сурсан бол гэж бодохоор төсөөлөлд тань ямар Энхцэцэг буудаг юм бэ?
-Хэрвээ би сэтгүүлчээр сурсан бол энэ салбараас их эрт залхах байсан юм гэж харах хүмүүс ч байдаг. Гаднаас орж ирсэн болохоор сэтгүүл зүй их сонирхолтой, дотор нь баймаар, үргэлж суралцагчийн цүнхтэй удаан явж байгаа нь амжилттай байгаагийн чинь шалтгаан гэх гээд байдаг. Ингээд л дуулиан шуугиан тарьчихъя гэсэн мэдээлэл олж авсан байлаа ч зохимжгүй, энэ нь өөрөө аюултай гэх болгоомжлол үргэлж намайг хайрцагладаг байсан.
-Та онц сурдаг байжээ...
-Харин тийм, хэтэрхий онц сурлагатан байсан шиг байгаа юм. Гэхдээ манай эрхлэгч нар надад “Чиний мэдлэг, мэдрэмж, хэв маяг бол онц” гэж хэлсэн. Тэгэхээр би тийм л байх.
-ЯГ ҮНЭНДЭЭ АМЬДРАЛ АЙМААР УЙТГАРТАЙ БАЙХГҮЙ ЮУ-
-Өдөр бүр өөр өөрийн дуутай байдаг гэдэг шүү дээ. Хүн ам төвлөрсөн хот газар, хөдөлгөөний хэмнэлээс шалтгаалаад энэ бүхэн мэдээж өөр. Таны хувьд өдөр бүр сонирхолтой, огт өөр байж чаддаг уу, эсвээс та дотоод сэтгэлдээ өдөр бүрийг өөрөөр хүлээж авч хүчирдэг үү?
-Би харьцангуй мөрөөдөгч хүн.
Хийж байгаа ажил минь өдөр бүрийг өөр өөрөөр өнгөрөөх боломжтой. Би нэг өдөр хөрөг, нөгөө өдөр нь мэдээ бичиж болно. Хэнтэй ч уулзаж ярилцаж, юу ч хийж магадгүй минь өөрөө миний мөрөөдөгч, хүн ба юмсыг ажиглах чанар, уулзаж ярилцах, танилцах хүслийг үргэлж өрддөг. Хэрвээ би сэтгүүлчээс өөр ажил хийдэг байсан бол яах билээ гэж бодохоос ч айдаг.
Яг үнэндээ амьдрал аймаар уйтгартай байхгүй юу. Энэ уйтгартай амьдралыг хүлцэн тэвчих, уйтгартай гэдэгтэй нь эвлэрэх тийм ажлыг хийсэн бол яах вэ? Ингээд бодохоор сэтгүүлчид, сэтгүүл зүйн салбарт ажиллаж байгаа хүмүүс хувь хүнийхээ хувьд ямаршуухан дотортой явах вэ гэдэг дээр бол их азтай хүмүүс гэж боддог.
Нөгөө талаас гэрт хүүхдүүд өсөн торниж байна шүү дээ. Мэдээж хүүхэдтэй болно, хүүхэдтэй байна гэдэг бол жам. Гэхдээ үүнийг бурхан их сайн тооцжээ. Энэ хүн амьдралаас уйдна, уйтгарлана, яг одоо энэ насан дээрээ ирээд баларна гэх яг тэр мөчид хүүхэд өсөж том болно. Тэр үед амьдрал үнэхээр өөр, өөр дуутай, өдөр бүр өөр, өөр хөгтэй болдог. Яг тийм уйтгарын далайд живэх мөчид хүүхдүүд маань бидний амьдралыг сэлбэдэг. Тэдний өсөлт, хөгжил мань мэтийг бол сэтгэл зүйн олон талт байдалд оруулдаг, ихэнхдээ өөрчилж, хөгжүүлж, эерэгээр нөлөөлдөг. Сүүлийн үед “generation Z”, “alpha” гээд нэр томьёотой залуу үеийнхэн гараад ирчихсэн бидний үеийг чинь “Boomer” энэ тэр гэж нэрлэдэг болчихсон. Тэгээд л, “За яахав, би бүүмер юм байж, энэ хүн өөрөө альфа байж. Тэгээд юу гэж?” үзэлцээд байх юм уу, хослоод амьдрах уу? Үр хүүхэддээ эцэг эх нь л үнэн юм даг” гэх мэт асуудлууд үүснэ, үзэлцээд гарна шүү дээ. Уг харилцаан дээр хүртэл нэг өдөр нь зөрчилдөнө, нэг өдөр нь эвлэрнэ, заримдаа эдний үеийнхэн үүгээрээ илүү юм байна шүү гэж бахархана, харин бидний үеийнхэн энэ талаараа дээгүүр гэж бодно. Энэ мэтээр амьдралд учир холбогдол ургаад л байна.
-Тэгвэл амьдрал яагаад аймаар уйтгартай гэж вэ?
-Амьдрал яагаад уйтгартай гээч..?
-Харин яагаад, би танаас асуугаад байгаа юм л даа...
-Энэ 365 хоногийн эргэлт тутамд хийдэг зүйлс ерөнхийдөө нэг давтамжтай, ижил төстэй байдаг. Ажиллана, цалин авна, авсан цалингаасаа ипотекийн зээл, тог усаа өгнө, хөргөгч саваа юүлнэ, өөрөө хоёр бууз аваад идчихнэ... Энэ чинь хөврөөд л яваад байна шүү дээ. Ингээд бодохлоор үүн шиг адын, хогийн юм гэж байх уу, надад лав байхгүй.
-Танд тэгж бодсон, бодогдож байсан үе байж ээ, тийм үү?
-Байгаа. Байлгүй яахав. Магадгүй маргааш ч тэгж бодож магадгүй.
-Бодох, гутрах нэг өөр. Үүндээ живээд сэтгэл гутралд орох чинь бас нэг өөр шүү дээ. Бүр живчихсэн, өндийж чадахгүй болтлоо хоосор үе байсан уу?
-Байгаа, байгаа.
-Та түүнийгээ хэрхэн даван туулсан нь сонирхолтой байна. Тэр үе ихэнх хүнд байдаг ч туучаад, гатлаад эрсхэн өндийх зориг бас бүгдэд байдаггүй шүү дээ. Харин та тэр үеэ туучиж гарчихаад одоо өмнө минь сууж байгаа болов уу?
-Сэтгэл гэдгийг эрт таньсан.
-Өөрийнхөө юу, бусдынхыг уу?
-Манай үеийн гал цогтой яруу найрагч Д.Галсансүх биднийг залуу байхад л “Сэтгэл гэдэг эрхтэн” гэж хэлсэн. Гэхдээ сэтгэл өвддөг гэдгийг одоогийнх шиг оношилж, тайлбарлаж, энэ нь түгээмэл тохиолддог, сэтгэл гутрал бол хүн бүрд хамаатай, хэнд ч ирж болох, би ч өвдөхийг үгүйсгэхгүй зүйл болохыг бид нар мэддэггүй байсан. Сэтгэл хямралдаа идэгдэж, түүнээсээ болоод өөрчлөгдсөн хүнийг ч ойлгодоггүй байлаа. Мэдрэлийн өвчтэй, галзуу л гэж бодно. Гэтэл сэтгэл гэдэг өвддөг, унадаг, шархалдаг, хүн ямар эцэг эхийн харилцааг харж өссөн, тав хүртэлх насандаа хүүхэд юу үзсэн мэдэрсэн, түүнээс хойших “траума” нь юу болж ужгирсан нь хүний сэтгэлийг нас явах тусам баздаг, удирддаг гэдгийг судалдаг шинжлэх ухаан байдгийг одоо л мэдэж байна шүү дээ. Энэ бол бидний хувьд шинэ зүйл.
-Тэгэхээр та сэтгэл гутралд орчихсон байгаагаа мэдэж байсан гэж үү?
-Би өөрийгөө сэтгэлээр уначихсан, гунигтай байна л гэж бодсон. Түүнээс энэ бол сэтгэл гутрал, үе шаттай зүйл юм гэдгийг мэдээгүй. Би өөрийгөө хачин онцгүй, сонирхолгүй, тэнэг хүүхэн болчихлоо гэж л мэдэрсэн хэрэг. Үүнээс өөрөөр бол сэтгэл гутралд орчихлоо, сэтгэлзүйч дээр очих хэрэгтэй гэдэг зүйлсийн талаар “А” ч байхгүй. Зүгээр л би өөртөө таалагдахаа больчихсон. Миний дуу гарахаа байчихсан, миний инээд хүрэхээ больчихсон байсан. Тэгээд ойр тойрныхон ч юм уу, ажлын газрынхан “Ямар сэтгэлийн хатгүй юм бэ, хүчгүй байна. Иймхэн зүйлийг даваад гарчихгүй, боль боль” гэцгээнэ.
-Хүмүүс тэгж хэлэхэд хэрхэн хүлээж авдаг байв. Ухаарахаас илүү улам гутардаг, улам живээд байдаг гэдэг шүү дээ?
-Хамгийн инээдтэй нь би хүмүүс тэгж хэлэхэд огт сөрөг реакц гаргаж байгаагүй. Зэмлэсэн хүмүүстэйгээ нийлээд л “Ёстой тийм шүү” гээд л явж байсан. “Босоод ир, гаръя. Одоо наадахаа март” гэнгүүт нь “Өө, тэгэе. Мартъя” гэж хэлээд л гараад явчихна шүү дээ. Гэхдээ дотроо бол тэгж хэлж байгаа шигээ амархан байгаагүй. Тэр үед юу аварсан бэ гэвэл ердөө л нойр. Надад бурхнаас өгсөн бэлэг гэвэл энэ. Би маш их унтдаг. Одоо ч тийм. Харин эсрэгээрээ унтахгүй бол зүүрмэглэх ч үгүй бүтэн шөнөжин суугаад ажиллачихаж бас дөнгөнө. Манай нөхөр анх надтай суусныхаа дараа миний ингэж их унтахыг хараад гайхаж, бүр жигшиж ч байсан. Одоо бол эвлэрсэн л дээ. Намайг унтаж байхад хүүхдүүд маань хүртэл “Ээж унтаж байна” гээд өлмий дээрээ явдаг.
-Түрүүн та “тэгэе, мартъя” гээд л тэгдэг байсан гэсэн шүү дээ. Сэтгэл гутралд орох болсон шалтгаан чинь юу байв. Юунаас болсон юм бэ?
-Хайр л байхгүй юу. Хаягдаад, хагацаад. Яг гэрлэх нь тодорхой болчихсон байтал хаягдчихсан. Гэхдээ энэ бол залуу насанд байдаг л зүйл шүү дээ. Уг нь бол би түүнд таалагдаж байснаа таалагдахгүй болж ч болно. Тэр хүн намайг хайрлаж байснаа гэнэт болих нь бүрэн эрх. Харин би унана гэж бодоогүй газраа уначихгүй юу. Хэтэрхий итгэмхий, унавал эргэж босоход хэцүү хүн. Тийм өөрийгөө анх мэдэж авсан нь л тэр явдал болсон хэрэг. Ер нь цоо шинэ зүйл тохиолдсон нь тэр. Дэргэд байсан хүн байхгүй болчихоор би амьдрах ямар ч сонирхолгүй болоод унтаад, унтаад л байж байх нь амар болоод хувирчихсан. Нойр л намайг эдгээсэн гэж боддог. Би өөрийгөө голж, гутарч, сайхан байсан, хайртай байсан үеэ буцааж авмаар болж, хэзээ ч тэгтлээ шимширч үзээгүй. Ихэнх нь өсвөр насандаа, их эрт үздэг байх. Хөөрхий, би бойтоглож явсаар байгаад хэзээ хойно үзэхдээ л ийм юмтай учирсан шиг байгаа юм. Тухайн үед бараг сэтгэл гутралд орсон байж шүү дээ гэдгээ бүүр хожим тэр явдлаас 13 жилийн дараа Ub life сайтад, энэ ажилд анх ороод л залуу сэтгүүлч дүү нарынхаа яриа хөөрөөнөөс анх мэдэж авч оношилсон ш дээ. За хоёулаа энэ сэдвийг ингээд орхиё доо.
“МЭДЭХГҮЙ БОЛОХООРОО Л БИ ЗОРИГЛОСОН БАЙХ-
-Таны “Хөрөг” хэмээх номын хамгийн анхны хөрөг нь Доржийн Сэдэд гуайнх байсан. Гэхдээ хөрөг гэхээс илүү сурвалжилга ч юм шиг сэтгэгдэл төрүүлдэг л дээ. Тэр бол маш хөндүүр дүүрэн зураглалтай хөрөг шүү дээ. Та дээр бас энэ хөргийг хийхээр явж байсан тухайгаа дурссан. Маш гоё юм хийх догдолсон сэтгэлтэй очиход өөрийг тань угтсан тэр ахуйг үзээд, уулзчихаад буцах үед таны дотор ямар байсан бэ. Бичихэд хэцүү тийм зүйлийг хараад өнөөх догдлол, сайхан бичвэр бичих хүсэл бүгд арилчихсан уу?
-Тийм шдээ. Бие биенийхээ хувцсыг, монгол гутлыг зарсан гэнэ гээд хүмүүс шүүмжлэх аясаар тухайн үед ярьж л байсан. Би тэр үед ингэж бодсон. Энэ хөгшин хүмүүс өөр юу хийж чадах юм бэ. Намайг ороход нэг тийм цэхэр цай аягалж өгсөн л дөө. Тэгээд би сүү нь их бага байна даа гэж санасан. Ер нь юм юмгүй тарчиг амьдрал руу ороод явчихгүй юу. Тэр үед би аав, ээж хоёрыгоо бодсон, бодоод өрөвдсөн. Би ч гэсэн өөрийгөө л болгоод яваа юм биш байгаа, цөөн хүүхэдтэй тэд минь юм юмаар дутаж явбал миний л муугийнх, ингэхгүй л юм сан гэж бодоод харьж байснаа санадаг.
-Та тэгээд эргэж очоо юу?
-Би дахиж очиж зүрхлээгүй, хүүхдээрээ байж дээ. Д.Сэдэд гуай яс арьс болоод бүүр жижигхэн болчихсон байлаа. Тухайн үед харвачихсан байсан болохоор юу ярьж байгаа нь мэдэгдэхгүй, ам нь ангалзаж хөдлөөд л, анх удаа л үхлийн өмнө ирсэн хүнийг харж байгаа нь тэр. Тэгээд би буцаж очихоос халгасан. Тэр хүнийг тэгүүлмээргүй, зовоомооргүй санагдсан. Тийм нөхцөл байдалтай нүүр тулахаар хүн чинь нөгөө хүнээ өөртэй нь ярих гэж хичээхийг хармааргүй, нүдээ аниад амар амгалан болоосой л гэж хүсдэг юм билээ.
-Хөрөг бичихэд явна, эрж хайна, хэсэг хугацааны дараа сонгож авсан дүрийн тань тухай ярих хүн дахин олдоно ч гэдэг юм уу нэлээдгүй цаг заруулдаг ажил шиг санагддаг. Ер нь тус номынхоо нэг хөргийг бичихэд хэдий хугацаа зарцуулсан бэ?
-Тууштай ажиллавал арав хоногт нэг хөрөг гаргана. Хүссэн ч эс хүссэн ч нөгөө хүнийхээ амьдралаар амьдрах болдог. Шөнө бодогдоод салахгүй. Тэгээд унтсан, унтаагүйн хооронд өглөө ажил дээр ирэхээр ямар ч үр бүтээмжгүй, тамирдчихдаг байхгүй юу. Тэгж явсаар байгаад дунджаар сард нэг л хөрөг гараас гарах гээд байдаг. Нэг уулзсан хүнтэйгээ дахин уулзах болно. Яагаад гэвэл зарим хүн нэрээ хичээдэг, тухайн хүнийхээ тухай ярихын тулд хоёр, гурван цаг өөрийнхөө тухай ярьчихдаг. Тэндээс нь авч бичих зүйл ховор болохоор дахин уулзах шаардлага гардаг. Бас нэг сонин зүйл нь надад заримдаа зөн совин төрнө. Гэтэл миний зөн совин юу юм бэ.
-Сэтгүүл зүйн хэвлэлийн хүрээлэнгийн нэг багштай уулзаж байхад “Хөргийг заавал тухайн хүнтэй нь уулзаж байж л бичдэг” гэж хэлж байсан л даа. Гэтэл таных зарим нь эсрэгээрээ байдаг...
-Харин ээ, яг тийм тодорхой зарчим сэтгүүл зүйд байдгийг мэдэхгүй. Мэдэхгүй болохоороо л би зориглосон байх. Мэддэг зүйлдээ би зориггүй хүн. Яг ингэж бичих ёстой гээд заачихсан байвал нөгөө хэм хэмжээ, хязгаар орж ирээд хайрцаг үүсчихдэг. Ер нь хөрөг гэдэг нэр өөрөө хэр зохимжтой нэр вэ? Уг нь найруулал л гэж анх боддог байсан. Хүмүүс хөрөг гээд байхаар нь л номоо тэгж нэрлэсэн.
-Номд орсон, хөргийг нь бичсэн хүмүүсийнхээ хэдтэй нь уулзсан бэ?
-Ихэнхтэй нь уулзсан даа. “Хөрөг” номонд орсон 14 найрууллын гол баатруудын долоо нь сэрүүн тунгалаг гялалзаж яваа хүмүүс. Сэдэд гуайтай амьд ахуйд нь уулзсан ч ярилцаж чадаагүй, гэхдээ тэр хүнийг харсан.
-Та ер нь бусдын бичсэн хөрөг нийтлэлийг хэр их уншиж байсан бэ?
-Сонирхож уншина аа. Жишээ нь, Д.Дамдинжавын хөргүүд бол гоё. Бас л бие агзасхийтэл бичдэг. Би бол тэгж бичиж чадахгүй. Бусдын бичсэн хөргийг уншиж таашаах ч надад нэг л сайн буудаггүй юм. Би яг нэг ийм л зүйлийг, өөрийнхөө бичсэн шиг юмыг унших гэж хүсэж байсан юм билээ. Үүнийгээ яг хөрөг үү, найруулал, сурвалжилга уу гэдгийг мэдэхгүй. Би тэгээд ч сайн уншигч биш байх. Олон ном уншаагүй. Цөөн унших ч бариад авахаараа тэр номоороо, уншсан зүйлээрээ өвддөг төрлийн хүн. Би харин маш сайн үзэгч. Оросын сувгууд дээр гардаг баримтат нэвтрүүлгүүдийг их үздэг. Японы телевизийн камерын аргаар үзүүлдэг дүрсний контентуудыг их үздэг. Яалт ч үгүй сэтгүүл зүйн бүтээлүүд. Аль нэг брэнд, хэн нэгэн хүн, үйл явдлын тухай задлан шинжилсэн бүтээлүүд л дээ. Би тийм зүйлд бүр хорхойсдог ч юм уу. Тэр нь нэвтрүүлэг хийх гээд байгаа даа биш. Гол нь тэндээс яаж ажиллах вэ гэдэг арга зүй, стиль эрж хайгаад байж л дээ. Хэр оновчтой дүгнэлт вэ гэдгийг би мэдэхгүй ч орос, японы телевизийн бүтээлүүд надад бичих арга, стилийг өгсөн.
-Та тэгвэл юутай тулгарахаар гацчихдаг юм бэ?
-Манай орон чинь хүн ам цөөн учраас нэгнийхээ талаар дурсахдаа дараа нь үр хүүхэдтэй нь таарчихвал муу хэлнэ гэх зэргээр нэрээ хичээдэг. Мөн дурсаж ярихдаа тухайн хүнийг зөвхөн магтаж ярьдаг. Энэ нь хөрөг бичихэд их саад болдог. Гэтэл мундаг бүтээлүүд, монголын нийгмийг алхам урагшуулсан үйл явдлыг хувь хүмүүс л сэтгэж, хийж байгаа. Тийм гол дүрийг судалж байж “Хэзээ, хаана, юу, яагаад, хэрхэн” гэх түүхийг ойлгох, хэрэглэх уяа, холбоос тогтоно. Хөрөг найрууллын хийж чадах зүйл нь хүний амьдралын түүхийг амьсгаатай, бодитой гаргаж ирэх. Үүнд зөвхөн сайнаар дурсах үнэхээр хангалтгүй. Мөн чанар, зөрчил, араншин ханхлахгүй юм бол ямар ч амьдрал биш. Сэтгүүл зүй дүгнэх, магтах, яллах үүрэггүй. Би тухайн болсон үйл явдлыг, хүмүүсийн хоорондын харилцан яриаг халуунаар нь, яг үнэнээр нь дүрслэн өгүүлж үлдэхийг хүссэн. Харин уншигчид хэрхэн дүгнэж ярих нь тусдаа асуудал.
-Бичсэн хөргөө уншихдаа тэндээс өөрийгөө тольдох тохиолдол байдаг уу?
-Үгүй ээ. Тэгж байгаагүй юм байна. Бичиж байхад өөрийнхөө ахуйгаас завсарлага авч харин ч жаахан “бясалгалын” төлөвт ордог байх шүү. Хөргөө сая ном болголоо шүү дээ. Тэгээд одоо гар дээрээ тавихаар минийх биш юм шиг, өөр хүн бичсэн шиг мэдрэмж төрдөг.
-Таны хөргүүдийг уншихаар хүний амьдралын олон өнгө аясыг туулан гарсан хүмүүсийн гутранги үзэл, уруудал, туучиж гарсан зоримог чанар гээд бүтээлч болгоноосоо хамаараад өөр байдаг ч цаана нь сэтгүүлчийн үзэл бодлын үүднээс төрсөн болов уу гэмээр бичлэгийн уянга яваад байдаг. Хүний амьдралаас та ямар нэг хэмжээгээр уянга олж хардаг болов уу гэмээр...
-Гуниглана гэдэг чинь уянгатай зүйл л дээ. Жишээлбэл, балетчин О.Батсайхан байна шүү дээ. Тэр хүн миний илэрхийлж чадсанаас илүү бардам амьдарсан, өөрийгөө харуулж чадсан хүн байхгүй юу. Хөрөг бол миний хүрч чадсан түвшнээр бичигдсэн. Гоо сайхан, авьяас билигтэй төрөх, алдар нэртэй болох гэдэг хядаантай, тарчлаантай зүйл юм гэдгийг мэднэ. Тийм хүмүүс бусдыг өөрөө ч хүсэхгүйгээр, зүгээр л буй байгаагаараа дутуу дулимгийг нь мэдрүүлж амьдарна. Ийм хувь тавилангаас юуг нь гаргаж ирэх вэ гэдэг дээр тэр суу билиг, гоо сайхан, дуусгаагүй карьерыг нь илүү чухалчилсан. Яагаад тэгж уянга мэдрэгдсэнийг сайхан мэдэхгүй байна. Магадгүй би гунигласан л даа.
-Ер нь хөрөг бичихэд бусдын амьдралын түүхтэй дахин танилцана. Өөр дүрийн амьдралаар амьдарч үзэж байгаа юм шиг мэдрэмж төрж байсан уу. Яагаад ер нь хөрөг бичдэг юм бэ?
-Надтай надгүй лаг хүмүүс. Тэртээ тэргүй алдартай. Би бичсэн ч, бичээгүй ч энэ хүмүүс өөрсдөө суу билиг. Яагаад би бичдэг болохоо ч сайн мэдэхгүй байна. Тэгэхээр надаас битгий мундаг хариулт хүсээрэй. Надад амттай байдаг. Магадгүй би амьдралд хайртай, амьдралаас авах аз жаргалд улам их шунаад байгаа юм болов уу. Тэр нь намайг хүний амьдрал руу татаад байна уу даа.
-БИ ЕР НЬ ЭР ХҮНИЙ УЧРЫГ ГАЙГҮЙ ОЛЧИХООД БАЙДАГ ЮМ АА-
-Танд энэ хүний хөргийг бичээч гэдэг санал их ирдэг болсон уу?
-Их ирнэ. Уншигчдын зүгээс яагаад кино найруулагч бичээгүй юм бэ, миний багшийг бичээч гэдэг санал ч ирдэг. МУАЖ А.Долгор, А.Загдсүрэн зэрэг эрхмүүдийн хөргийг бичих санал ирж байгаа. Энэ бүх саналыг харахаар гарын арван хуруунд багтахгүй их хүнтэй болчихоод байна.
-Та өөрөө яг одоо хэний талаар хөрөг бичмээр байна вэ?
-Чадал хүрвэл Түмэндэмбэрэл гуайг бичдэг бол мөн сайхан аа. Бас “Харанга”-ын Лхагваа. Бас надад гүйдэг хүмүүс их сонин санагддаг байхгүй юү. Яагаад л ингээд гүйгээд л байна вэ? Би өөрөө гүйж чаддаггүй л дээ. Гүйхээр дорхноо уйдчихдаг. Тэгээд л хүмүүс яагаад гүйгээд байдаг юм бэ гэж боддог. Надад спортын хүмүүжил байхгүй учраас ойлгохгүй байж магадгүй. Аягүй сонирхолтой санагдаад байдаг юм.
-Тэгвэл танд ямар мэдрэмж төрүүлсэн хүмүүсийн хөргийг илүүтэй сонгож бичдэг вэ?
-Надад гоо сайхан санагдсан, инээдтэй, гайхамшигтай, сонирхолтой санагдсан хүмүүсийг сонгоод байх шиг байгаа юм. Бас редакциас надад санал болгож, үүрэг өгнө. Сүүлд бичсэнээс гэвэл Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, тэрний өмнөх Я.Оюунцэцэг гэх мэт нэлээд хөргийг эрхлэгч Ж.Тэгшжаргал надад санал болгосон.
-Мэдээж редакц бол таны хоёр дахь гэр бүл, хамт олон. Та насны хувьд нэлээд залуу хамт олонтой. Тэдэнтэй ажиллахад ямар байдаг вэ?
-Би тэдэнд таалагдахыг хичээдэг. Тэр нь намайг цог золбоотой болгодог. Би чинь их унтамхай хүн шүү дээ. Ажил дээр маань тэд бий, залуус маань байгаа гэж санахаар өндийгөөд ирдэг. Залуусынхаа ярианаас унших ном, үзэх киногоо сонгож байна. Би баримтат кино, нэвтрүүлгүүдэд илүү дуртай. Гэтэл одоо редакцын хүүхдүүдтэй найзлаад уран сайхны кино үздэг болоод байгаа.
-Та сүүлд Б.Батцэцэг сайдын хөргийг бичсэн. Сая өөрөө дурслаа. Энэ сонгуультай холбоотой юу?
-Үгүй. Ямар ч холбоогүй. Би уг нь цагаан сарын өмнөөс л эхлүүлсэн юм. Тэгээд валентинаар гаргана гэж бодож яарсныг яана. Сайд хүн чинь олдохгүй, сунжирч явсаар байгаад л сарын өмнө уншигчдад хүргэсэн нь энэ л дээ. Димломатч ба үндэсний бөх хоёрын хайр дурлал, амьдрал ямар байсан бэ гэдэг асуулт сонирхлыг маань их татсан. Өөрсдийн гэсэн үндэсний бөхтэй оронд дипломатч бүсгүйчүүд бөхчүүдтэй гэр бүл болсон тохиолдол байдаг юм уу, үгүй юм уу мэдэхгүй байна. Бусад орны гадаад хэргийн сайд нарт Б.Батцэцэг сайд “Миний нөхөр бөх” гэж хэлэхээр содон л сонсогддог байх. Гадныхан тэгж сонирхож, шохоорхож, илт гайхаж байгаа болов уу гэдэг харц энэ хүний тухай хөрөг бичих сонирхлыг минь өдөөсөн.
-Таны хамгийн их догдолж, шатан дүрэлзэж, хэчнээн хэцүү байсан ч заавал ард нь гарна гэж бичсэн хөрөг юу вэ?
-О.Батсайхан, Б.Магсаржав, П.Адарсүрэн. Энэ гурвын тухай хөрөг. Би үнэхээр онцгой ихээр дурлаж бичсэн. П.Адарсүрэнгийн дуунд, хүнд нь хайртай ч тэгж ухаан жолоогүй алдаршсаных нь төлөө үзэн ядаад байдаг. О.Батсайхан бол сонгодог урлагт заяасан соронз, гялбаа байхгүй юу. Харин Б.Магсаржав ахын тухайд амьдралдаа тэр топ модель хятад бүсгүйг өөртөө дурлуулсанд, одоо жинхэнэ од болсон Тэнгэрийг хэн ч биш байхад наадаж наргиж явсанд нь, тэгээд Ж.Ганчимэгтэйгээ учирсанд нь баярладаг.
-Та дандаа эрэгтэй хүний тухай бичсэн хөргүүдээ нэрлэлээ шүү...
-Эмэгтэй хүний тухай бичих үнэхээр хэцүү юм билээ...
-Хүйсийн асуудлаас шалтгаалж байна уу, яагаад эмэгтэй хүний талаар бичих хэцүү гэж?
-Би ер нь эр хүний учрыг гайгүй олчихоод байдаг юм аа. /инээв/ Амьдрал дээр ч тэр хэнтэй ойр байх, хэнээс хол байхаа мэддэг. Мэддэг болчихсон юм. Харин эмэгтэй хүний тухай бичихээр өөрийгөө оронд нь тавьчих гээд байна. Тэгээд бичихээр зүгээр л бие сэтгэлээрээ дуусдаг. Би өөрөө бүр эрэгтэй хүн болж тэр хүнийг хайрлаж, дурлаж, аварчих гээд байхыг яана. Я.Оюунцэцэгийг бол “Чи одоо ингэхгүй, шулмас шиг байх ёстой шүү” гэж хэлчихмээр санагдаад л... Шууд гэрт нь очоод хамаг юмтай нь цуг өөрийнхөө гэрт авчирмаар болоод л... Гэтэл би хэчнээн сайхан эрэгтэй байгаад ч Нямсүрэнгээ гээд үхэн хатаж байгаа тэр охиныг гэрээс нь авч гарах гээд байна шүү дээ. Тэр бол намайг бүр үрэн таран хийдэг байхгүй юу.
-Биднийг тийм өрөвч сэтгэл, бусдын төлөө гаргах зориг гээд ер нь монголчуудыг монгол хүн болгож байдаг мөн чанар нь юу вэ?
-Олон л зүйл байдаг биз дээ. Өнгөрсөн өвөл айхтар зуд боллоо шүү дээ. Малчид өвөл зуд болдог, хүйтрэнэ гэдгийг мэддэг. Тэр өвөл болохоор хүйтэрдэг гэдэг алдарт эшлэл мунхаг байсандаа “трэнд” болсон гэж бас боддоггүй. Өвөл болохоор хүйтэрдэг гэдгийг мэддэг ч малчин хүн энэ маань осгох юм байгаан гээд бүгдийг нь заазлаад байдаггүй. Өвөл хүйтрэх юм чинь гээд малчин хүн малынхаа амийг нь тасалчихдаггүй, байгалийн эрхшээлд үлдээдэг. Аж ахуйн тооцоотой, үр ашигтай бизнес яривал малчид намар ихэнх малаа нядлаад мөнгөө банкинд хадгалсан нь өгөөжтэй. Гэтэл тэд юу болох нь уу, ямар ч өвөл болоо билээ гээд хардаг. Малаа монгол хүн амь гэж үздэг, тэр амь болгоныг мөнгө гэж хардаггүй нь хайр гэж санадаг. Хохирох бол байгаль нь аваг гэж үлдээдэг. Малтайгаа ижилсээд өвлийг давахын баяр баясгалан нь гол утга учир болохоос намар бүгдийг нь нядлаад мөнгө болгох нь ахуй амьдралынх нь нэгдүгээр учир шалтгаан биш. Би үүнийг л монгол хүн, биднийг монгол хүн байлгадаг мөн чанар гэж боддог. Одоо бид гадаад оронд очоод л улс ингэж хөгждөг юм байна, бидэнд ямар ч хөгжил алга гээд шүүмжилж л байна. Гэхдээ ирээдүйд сайхан болно гэдэг итгэл намайг маш их бялхаадаг. Жишээ нь, Европт хэдэн зууны турш иргэншлээ, хотын соёл, хэвшмэл амьдралаа тууллаа. Хөгжөөд хөгжөөд ер нь л тогтвортой, угаасаа л хөгжилтэй орны амьдрал. Гэтэл манайд хөгжөөгүй, тогтвортой болоогүй зүйл нь их. Бүх юм өмнө байгаад л байдаг. Эртний түүх, ирээдүй хоёрын дунд өөрчлөлт шинэчлэлтийг харсан улс. Эцэг өвгөд ингэж амьдарсан, би ингэж амьдарч байна, үр хүүхэд минь өөрөөр амьдарна гэх итгэл л байдаг.
Дээрх ярилцлага нь "Interview" сэтгүүлийн 030 дугаарт нийтлэгдсэн болно.