Номд шимтэж, Их сургуулийн танхимд эрдэмтэн багш нарын үгийг анхаарч сонссон өдрүүдийн нэгэнд “Маэстро Уйтмен” гэх этгээд гарчиг бүхий содон мэдрэмж төрүүлсэн нэгэн шүлэг, тэгээд баруун доод буланд О.Содномпил хэмээн нэрээ таталсан алганы талын хэмжээтэй цаасыг нэгэн номын завсраас санаандгүй олсон юм.
Энэ цаас надтай уулзах гээд хэн нэгний шургуулганаас хийсээд ирсэн ч юм уу, яаж мэдэх вэ. Заримдаа алгын чинээ цаас ч амьдралд хөг нэмж, ажил албанд ч шинэхэн зорилго тавьж өгөх тохиолдол байдаг байх нь. Ингээд би оньсого мэт тааварлашгүй шинэхэн зочны эрэлд гарав. Түүний тухай юу ч мэдэхгүй болохоор хүлээлт гэдэг цаг хугацааны уяанд хэсэгтээ л хүлэгдэв. Энэ зуурт түүний тухай байж болох бүхий л таамаглалыг дэвшүүлж үзлээ.
Бодох тусам тэр яг л Вектор Цой, С.Анудар шиг эрх чөлөө дүүрэн өөрийн гэсэн эрсхэн харризмтай залуу гэж төсөөлөлд буугаад байх юм. Үнэхээр л жинхэнэ уран бүтээлчид юу ч ярьдаггүй бололтой. Харин хэн бэ гэдгийг нь туурвисан уран бүтээл нь хэлээд өгдөг юм байна.
Миний хүслийг тэнгэр сонссон уу гэлтэй нэг л өдөр хайж явсан зочин минь “Улаанбаатар хот, Монгол кино үйлдвэрээс жаахан яваад Гутлын үйлдвэр” дээр байгаа гэсэн зүг чиг гараад ирэх нь тэр. Уг хаягийг харилцуурын цаанаас авсан даруйдаа Багшийн дээдээс зам хөндлөн гарч чигээрээ хэдэн буудал алхахаар шийдсэн юм. Уулзахыг тэгж их хүссэн хэрнээ яг цагаа тулсан чинь бодох юм цаанаасаа ундраад ирэх шиг... Хамгийн инээдтэй нь ямар ч мэргэн бодол толгойд орж ирсэнгүй. Харин ч эсрэгээрээ өөрийн өмссөн хувцасныхаа тухай бодлоо. Өнөөдөр миний өмссөн өмд, цамц хоёрын зохицол гээд л бодож гарав. Дараа нь зочныхоо нүдийг ямар өнгөтэй бол гэж тааж ядна. Би ногоон нүднээсээ их ичдэг учраас гил хар нүдэнд хамгийн дуртай. Хүнхэр хар нүдтэй, догшин харцтай залуу зогсож байвал... гэх мэт утгагүй дэмий бодлууд толгойд эргэлдсээр нэг мэдэхэд Гутлын үйлдвэр дээр ирлээ. Зааж өгсөн хаяг нь мөн ч гэсэн энд ямар ч логик алга байгааг сая анзаарав. Шүлэг бичихэд гутлын үйлдвэр ямар хамаатай юм бэ? Тэр энд ажилдаг эсвэл энэ газрыг ажиллуулдаг ч юм уу, бүү мэд. Ямартаа ч эхлээд орчин тойрноо ажиглавал засварын ажил ид явагдаж байсан болохоор тоос шороо ихтэй юм.
Өнөөдрийн цаг агаарыг шинжих санаатай дээш харвал тэнгэрийн хаяанаас бараан үүлс наашилсаар яг зулай дээр минь бөөгнөрөн, духан дээр бороо дусах шиг. Цахилгаан гялс, гялс хийнэ. Бороо цутгах нь ээ. Харин би яах уу. Аз болоход үйлдвэрийн хаалгаар махлаг бор залуу гарч ирэхийг хараад алдалгүй барьж аван хайж яваа хүнээ сураглавал “ирээгүй” гэв. Гэхдээ ч бас хоосонгүй. Утасны дугаарыг нь авч амжлаа. Дугаараа хийгээд улаан тэмдэг дээр дарахаас өмнө бороо асгарчихлаа. Ямар хурдан юм бэ, очиж очиж өнөөдөр ордог нь юу вэ гэж шавар болсон цав цагаан гутлаа дээш өргөн харлаа. Одоо харамсахад дэндүү оройтжээ. Юутай ч түүн рүү утас цохивол хэсэг дуудуулсны дараа “Байна уу” гэх намуухан дуу гарна. Дотор пал хийгээд явчихлаа. Энэ яалт ч үгүй хөгшин хүний сулхан хэрнээ намбалаг хоолой... Гайхахдаа О.Содномпил мөн эсэхийг нь лавлавал “мөн” гэнэ. Гутлын үйлдвэр рүү очиж явна гээд хариу ч сонсолгүй тасалчихлаа. Хором хүрэхгүй хугацаанд бодож, төсөөлж явсан бүхэн энэ усан бороонд нэвт цохиулан шавартай хутгалдаад алга болчих шиг л болоод, яах учраа олохоо байлаа. Хажуугаар нь тэгэхээс тэгэх гэсэн юм шиг бодох ч завдал өгөхгүй усан бороо нүүр, нүдгүй цутгаж эхлэвэй.
Төд удалгүй шүхэр барьсан, хижээл насны эр өөрийгөө хүчлэн хурдлуулж байгаа бололтой шогших шахам гүйсээр ирэв. Шүхэргүй, шалба норсон намайг хараад уулга алдана. Гол нь тэр өөрийгөө нөгөө шүлгийн эзэн, О.Содномпил мөн гэж байна. Юун Виктор Цой шиг өндөр цагаан залуу эр. Хөгшин өвөө байна. Миний төсөөлөл бурууджээ. Ямар ч байсан эрж хайсан зочинтойгоо би ийн уулзлаа. Бид мэнд мэдэлцсэний хойно түүнийг даган Гутлын үйлдвэр лүү оров.
Энэ зуны хамгийн хүчтэй бороо орж байх шиг, эсвээс надад тэгж санагдаж байна уу... Үйлдвэрийн дээвэр цөмлөх шахам ширүүн бороо зөвхөн өнөөдөр ордог нь зүгээр л тохиолдол уу. Бодох тусам хаана буруу алхам хийснээ ч мэдэхээ байлаа. Ямар ч байсан бид хоёр шат өөд өгсөн хоёр давхарт гарч нэг өрөөний хаалга онгойлговол номын сан ч юм шиг, номын агуулах ч юм шиг учир битүүлэг орчин өөдөөс угтана. Ямартай ч энэ өрөөнд завсар зайгүй дүүрэн ном өржээ. Бид хоёр биеэ хавчиж, бөгтийн явсаар хоймор байх ширээний дэргэд очин өөд өөдөөсөө харан суулаа. Тааварлашгүй зочин, гэнэтийн уулзалттай анх удаагаа ийн нүүр тулж байгаа юм л даа.
Гэхдээ энэ хүн сонирхолтой ч юм шиг. Бодоод үзэхээр ийм хөгшин хүн яаж тийм залуу сэтгэлгээтэй шүлэг бичсэн байж таарах уу? Бас энэ их ном ямар учиртай юм бол оо. Хамгийн гол нь О.Содномпил гэж яг хэн юм бэ? Юмыг яаж мэдэх вэ, түүний дотор миний хайж яваа хүн нуугдаж байгаа ч юм бил үү. Номыг хавтсаар нь бүү дүгнэ гэж надад сануулах гэсэн юм шиг суусан талын хана дагуу зөвхөн хуучин, хатуу хавтастай номууд өрөөтэй. Өөрөөсөө ч ичих шиг.
Янжуурын утаа, чихэргүй, сүүгүй хар кофе, замбараагүй олон номууд... Өмнө минь суух, урьд нь хэзээ ч уулзаж байгаагүй шинэхэн зочин.
Тэр миний хувьд дэндүү алс хүн. Харин одоо би түүний сэтгэл рүү өнгийж, дотор нь нуугдан буй гэж өөртөө итгүүлсэн залуухан уран бүтээлчтэй танилцах гэж байна. Дажгүй шүү.
Хүн хөгшрөхөөрөө яг л урд минь байгаа аягатай хар кофе шиг болчихдог. Ямар ч хольцгүй, нүцгэн үнэнээрээ миний өмнө суух энэ хүнийг Ойдовын Содномпил гэнэ. Одоо 70 хүрч яваа түүнийг ихэнх хүмүүс яг над шиг залуу хүн гэж андуурдаг болохоор иймэрхүү явдалд тэр хэдийн дасжээ. Мөн миний яах гэж түүнийг зорьж ирсэн нь ч түүнд ойлгомжтой байсан болохоор илүү дутуу зүйл шалгаасангүй. Юутай ч энэ усан бороог зогстол ярилцъя. Ингээд өөрийгөө сэтгүүлч, яруу найрагч, утга зохиол шүүмжлэгч, монголын хамгийн их номтой хүн гэж хэлэх энэ эрхмийн туулсан амьдрал, дотоод мөн чанар өөд би үзэгнийхээ бэхийг дусаахад бэлэн боллоо.
Морио эмээллээд чамдаа очмоор
Бороо шивэрнэ.
Чинийхээ энгэрт дулаацмаар
Бороо, бороо шивэрнэ...
Тэр энэ шүлгээ зөөлнөөр уншаад янжуураа асаан хэдэнтээ сороод ярьж эхэллээ. “Миний аав аялагч хүн байсан. Цагтаа хамгийн том сургуульд тооцогддог Санхүү эдийн засгийн техникумыг төгсөж, монголын анхны нягтлан бодогчдын нэг болсон. Тухайн үед аймгаас аймаг дамжин ажиллаж, амьдарч явдаг байсан болохоор “аялагч” болж байгаа юм. Харин Архангай аймагт томилолттой явахад нь “би” гэдэг хүн төрсөн. Ганц модны рашаан гэдэг чинь миний угаасан ус. Намайг төрөөд удаагүй байхад манайх Ховд аймгийн Эрдэнэбүрэн сум руу нүүв. Энэ бол миний аавын төрж, өссөн нутаг. Эцгийн минь энгэр шиг өндөр уулсын дунд жилийн дөрвөн улирал ирж буцдаг. Өвөлдөө тачигнасан хүйтэн, хавар урийн үнэр хамар өөд цоргино. Зун, намарт нь өөрөөсөө өндөр толгод дээр хонь, хурга хариулдаг байлаа. Би гэдэг чинь нэлээд эрх шар хүү байлаа шүү дээ. Ээжийнхээ хөхийг дүү нартайгаа булаацалдан найман нас хүртлээ хөхсөн. Миний ээж цэл залуу 37 насандаа төрөхийн хүндрэлээр хорвоог орхиход бага дүү минь ээжийнхээ сүүг амсалгүй үлдсэн юм. Аав минь дахин гэрлэлгүй, нас эцэслэх хүртлээ биднийгээ өсгөж хүн болгосон доо” гэж хэлээд яг миний хажуудах номоос цэнхэр хавтастайг нь авч нээгээд нүд гүйлгэн харлаа. Хэдэн хормын дараа “Энэ бороо зогсох шинж алга аа” гэж борооны дараа төлөвлөсөн ажилтай хүн шиг зовнингуй өгүүлэв.
Хүн нас нэмж хөгшрөхийнхөө хэрээр шинэ цаг үеэсээ түүртэж, хоцордог гэх хэн гаргаж ирсэн нь мэдэгдэхгүй ойлголт хүн төрөлхтөн дунд оршсоор ирсэн. Гэвч түүний насандаа баймгүй энэ чөлөөтэй, задгай сэтгэлгээ хүүхэд наснаас нь эхэлжээ. Гэрийнхээ хаяанд суугаад хэдэн цагаар ч хамаагүй томчуудын яриа сонсоод суучихна. Үүнийхээ хүчинд тэр үеийнхнээсээ тэс өөр ертөнц, үзэл санаатай хүн болж төлөвшсөн байна. Адтай ч гэмээр нэг зүйл нь үнэхээр хөдөлгөөнтэй, дүрсгүй шар хүү байв. Тиймээс ирсэн, гарсан зочин гийчид “Ойдовын шар хүү хүн болоход тун хэцүү дээ” гэлцдэг байжээ.
О.Содномпил гэдэг хүнийг номгүйгээр төсөөлөхийн аргагүй. Хүүхэд байхдаа ном уншихаас өөр ямар ч ажил хийхгүй. Хааяа усанд л явна. Насаараа ном уншиж, цуглуулсан түүний энэ дадал зуршлыг аав нь тавьж өгчээ. Тухайн үеийн хөдөөгийн агентад хүний хэрэглэж болох бүх юм ирнэ. Тэдгээр олон бараа таваараас “ном” л түүний нүдэнд өртдөг ганц зүйл нь байв. Хүмүүс ихэнхдээ уран зохиолын ном авч уншина. Үлдсэн шинжлэх ухаан, философийн уйтгартай номд тэр л хамгийн ихээр шимтдэг байжээ. Тиймдээ ч аливаа юмс үзэгдлийн мөн чанар, цаад зангилааг тайлахыг ихэд эрмэлздэг нь түүний уран бүтээлээс харагддаг. Анх тавдугаар ангиасаа л ном цуглуулсаар өнөөдрийг хүрсэн түүнээс илүү номтой хүн Монголд байх ч үгүй. Цаашдаа ч байхгүй, үүнийг би баттай хэлж чадна. Бид хоёрын ярилцаж буй энэ өрөө шалнаасаа тааз хүртлээ ховор содон ном, сонин, сэтгүүлээр дүүрчээ. Үүн дээр нэмээд Сэлэнгэ аймагт мөн байшин дүүрэн ном байгаа гэв.
“Би номоо тэдэн ширхэг байгаа гэж хэлэх дургүй. Хүмүүс надаас тоо их асуудаг. Энд байгаа бүх ном миний амьдралынхаа туршид хийсэн хөдөлмөрийн үр шимээр надад ирсэн юм. Ганц ширхэг тамхины мөнгөгүй болсон ч номоо бүү зар гэж залуучууддаа захидаг. Би уншсан номоо үгүй хийдэггүй хүн л дээ. Гэхдээ хаа, хамаагүй номыг ч бас хадгалж, цуглуулахгүй. Тэгвэл хэчнээн ачааны машин дүүрэнг ч цуглуулж болно шүү дээ. Энд байгаа бүх ном миний шалгуурт тэнцсэн учраас надтай хамт байгаа. Номын тухай ярьсан чинь нэг дурсамж сэдэрчихлээ. Манайх гэдэг айл багагүй нүүж сууна. Жолооч нар чемодан дүүрэн номуудыг өргөхөөрөө энэ дотор юу байгаа юм бэ, их хүнд юм гэнэ. Аав минь алт байгаа юм аа, миний хүүгийн алт байгаа юм гэж хариулдаг байж билээ” гэв. Ингэж хэлээд тэр дахин үүдний хэсэгт байрлах гурван номыг авч ширээн дээрээ тавилаа. Үл тоогоод ч байгаа юм шиг. Эсвэл номдоо тийм их хайртай юм уу, бүү мэд. Яриа эхэлснээс хойш номоо гараасаа огт салгасангүй. Магадгүй энэ түүний өдөр тутмын ажил ч байж болох юм.
Бид яриандаа эргэн орлоо. “Гайхаж байна уу. Ном руугаа байн байн гүйгээд байх нь чамд таатай санагдахгүй л байгаа байх. Энэ номууд чинь бүгд миний найзууд байхгүй юу. Миний амьдрал бүхлээрээ тэдэнтэй хамт өнгөрсөн. Миний гуниг, аз жаргал, гээд бүгд шүү” гэж хэлээд янжуураа нэг хүчтэй уушгилан утааг нь тааз өөд алгуурхан үлээлээ.
“Хэрэгтэй зүйлээ уншдаг хүн сайн уншигч байдаг. Уншигч байхын тулд адаглаад гоо зүй, ёс суртахууны мэдрэмжтэй байх ёстой. Ном дотроо амьдарч, хайрласан эсвэл зэвүүцэж жигшсэн дүрийнхээ жаргалаар нь жаргаж, зовлонгоор зовсон цагт номыг бүрэн ойлгоно. Би Эдипийг их өрөвддөг. Хүний тавилан гэдэг их сонин юм даа гэх бодлын минь цөм. Хамгийн харгис нь Эдипэд ямар ч буруу байхгүй нь өөрөө амьдралын ааш. Энэ ааш авиртай эвлэрч амьдрахаас өөр сонголт хүнд байдаггүй нь харамсалтай.
Дэлхийн сонгодог, сод зохиолуудыг уншаад дэлхийн хүн болохгүй, мэдлэгтэй ч хүн болох хэрэг байхгүй. Зүгээр л энэрэх, хайрлах сэтгэлтэй хүн байхад суралцах хэрэгтэй. Би уран зохиол нь хүмүүнлэг үзлийг хүүхдэд суулгадаг гэж боддог. Мөн уран зохиол бол үгээр дүр бүтээх урлаг” гэж тасралтгүй дуржигнуулаад урт амьсгаа авав. Тэгснээ над руу жуумалзан “Баахан лекц уншчихсан уу” гэлээ.
Цаг орчмын өмнө бидний яриа түүний аядуу, зөөлөн хоолойгоор эхэлж байсан. Харин одоо бол түүний яриа эрчээ авч, мэддэг зүйлээ урд нь суугаа зочинд харамлах сэтгэлгүйгээр ярьж өгч байлаа. Тэрхүү ярианаас ажвал өөрийн үзэл санаандаа бат зогсдог эр хүн явсан нь илэрхий. Одоо ч байсаар байна. Эрэгтэй хүн бүр ийм байж чаддаггүй. Эр хүн жаахан юм балгасан ч “эр хүн”-ээрээ л байх ёстой гэж хэлэхээс нь харахад түүнийг ямар эр хүн явсныг хэлээд өгөх шиг. Мэдэх хүмүүс нь ч мэддэг гэнэ.
Анх дөрөвдүгээр ангидаа шүлэг бичиж эхэлсэн ч яг жинхэнэ яруу найргийн мөн чанарыг тавдугаар ангидаа ойлгожээ. “Шүлэг, яруу найраг бол маш хувийн зүйл. Миний энэ зүрхээр дамжин гардаг эд” гэж хэлээд тавдугаар ангидаа бичсэн хоёр шүлгээ уншив.
Би замыг хөтөлнө
Хүн, үнэн хоёр
Хүрэх газраа мэнд хүрнэ”.
***
“Найзынхаа царайг харалгүй уджээ.
Анд минь гялалзаж яваа сурагтай
Хайж уулзаад ч яахав
Харин учрах газар ганцхан
Хэн нь түрүүлж нуимс дусаах бол”...
Нийгэм дөнгөж нээлттэй болж эхлэх үед түүний энэ шүлгийг орчуулгын шүлэг гэж шуугидаг байжээ. Үнэхээр өөр сэтгэлгээ, өөр нэг цагийг дуудсан салхи шиг. Нийт нийгмээрээ шинэ үе рүү орж байхад тэр аль хэдийн талыг нь туулчихсан тууж явж. Тэр анхнаасаа л нийгэм цаг үетэйгээ таарч тохироогүйгээс үүдэн нэг ч удаа нам магтсан, амьдрал сайхан байна гэсэн утгатай шүлэг бичиж байгаагүй гэдгээ нүүр бардам хэлэхэд хоолой нь багахан ширүүсэж ирснээ удалгүй дахин зөөлөрлөө.
Яруу найрагч, зохиолч бэлтгэдэг их сургууль гэж байхгүй учраас арван жилээ төгсөөд сэтгүүлчийн ангид элсэн орохоор эрсхэн шийдсэн ч заасан тоонд нь багтсангүй. Тухайн үед одоогийнх шиг олон сэтгүүлч бэлдэх ямар ч шаардлагагүй байжээ. Дуртай зүйлээ хийж, таатай орчноо бүрдүүлэх туйлын дуртай энэ хүн хоёр жил сэтгүүлчийн ангид орохын тулд сумандаа байрны багш хийн хүлээсэн гэнэ.
“Харин нэг өдөр миний аав “За, миний хүү ямар ч байсан дээд боловсролтой бол. Тэгж байтал учир нь олдоно шүү. Зохиолч хүн өөр мэргэжилтэй байсан ч болно. Гол нь өөрөө хичээхэд болно доо” гэж надад хэлсэн юм. Ингээд би МУИС-ийн Инежнер-Эдийн засгийн ангид элсэн суралцаж төгссөн хэдий ч энэ мэргэжлээрээ нэг ч өдөр ажиллаж байгаагүй” гэж хэлээд ширээн дээрх хэдэн номоо цэгцлэв. Тэгснээ “Бороо зогсох шинж алга аа” гээд толгойгоо нэг тал руугаа гилжийлгэн бороо орох чимээг анхааралтай сонсоно.
Өдөр болгон чамайг ширтэх
Харцнаас минь “Хайртай” гэсэн ганцхан үгийг
Харсангүй гэж үү?
“Хүн төрөлхтнийг “хайр”-гүйгээр төсөөлөхийн аргагүй. Хүн хүнээр хайрлуулж, хүнийг хайрлах гэж төрдөг. Харин О.Содномпил гэх энэ эрхмийн хайрын түүх, өөрөөр хэлбэл хоёр охиныхоо ээжтэй танилцсан түүхийг нь хуваалцъя.
Улаанбаатараас сэтгүүлчийн ангийг хүлээн суух залуу хөвгүүний амьдралд нэг л өдөр цагаан халаадтай эмч бүсгүй нисэн орж ирэх нь тэр. Хотоос ирсэн, нүүрний зөв төрхтэй, өндөр гуалиг бүсгүй өдөр бүр хардаг сумынхнаас нь түүний нүдэнд онцгой тусжээ. Тэр энэ тухай ярьж байхдаа “Би ер нь махлаг эмэгтэйчүүдэд нэг их дуртай биш” гэж толгойгоо над руу дөхүүлэн, янжуураа гартаа барьсан чигтээ намуухан хоолойгоор, цаанаа л нэг адтай өгүүлнэ. Хөдөөний өсгөлүүн хөвгүүдтэй бараг насны ялгаагүй шахам байсан учир байрны хүүхдүүдийг эмнэлгийн зүг манаанд гаргаад, заримыг нь захиа зөөгч болгочихно.
“Ер нь байна шүү дээ. Халгаж, халгаж уулзах чинь их хэцүү юм байна билээ. Түүнийг л давчих юм бол болоод явчихна” гэж хэлээд нөгөө гараасаа салгаж чадахгүй байсан номоо ширээн дээр тавилаа. Бороо анх орж байснаа бодвол усны намуухан анир түгээж, цонхны цаана зөөлөн шиврэх дуулдана. Яагаад ч юм бэ, битгий зогсоосой гэж би дотроо хүснэ. Энэ бороо зогсчих юм бол өнөөдрийн зочин минь яваад өгөх ч юм шиг. Дахиад жаахан ярилцмаар байна.
Анх өөрийгөө танилцуулсан өгүүлбэрээс нь хамгийн их сонирхол татсан нь сэтгүүлчээр ажиллаж байсан гэх энэ үг. Одоо тэгэхээр баатрынхаа ажлын зам мөр рүү орцгооё. Сонирхолтой биш гэж үү. Автын инженер мэргэжилтэй хүн насаараа сэтгүүлчээр ажилласан нь.
“Их сургуулиа төгсөнгүүт л “Залуучуудын үнэн” сонинд сэтгүүлчээр ажиллаж эхэлсэн дээ. “Эх орны бор толгод” нэртэй найраглал бичсэн нь Л.Түдэв гуайн хараанд өртсөн шиг байгаа юм. Залуу нас гэдэг тэр чигээрээ “зориг” юм. Тухайн үед найраглал бичдэг хүн олон ч сонинд нийтлүүлэх нь өдрийн од мэт ховор. Ц.Гайтав гуай л бичдэг байсан байх. Сонинд “Би сурагч байхдаа” гээд булан хөтөлдөг байлаа. Хөгжмийн зохиолч Н.Жанцанноров, төгөлдөр хуурч Т.Цолмон нарын сурагч байсан үеийг нь бичжээ. Хоёр сар сонинд ажиллаад “Эвлэлийн төв хорооны хянан шалгах штаб”-д орлоо. Угийн бичих дуртай байсан болохоор муудсан зүйл ч байсангүй. Мөн таван жил ажиллаад “Үндэсний телевиз”-ийн Үзэл суртлын хэлтэст редактораар нэг жил ажилласан. Телевиз чинь олон хүний ажил. Би бол текст бичнэ. Тэр текстийг найруулагч уншаад уншсаныхаа дагуу зураг авна. Найруулагч, зураглаач хоёр гоё зураг авах сонирхолтой байсан шиг байгаа юм л даа. Хөдөө очиж малчин хүнээс яриа авахаар торгон дээл өмсүүлчихнэ. Манай монголчууд сааль саах, хонинд явахдаа хэзээ ч торгон дээл өмсдөггүй шүү дээ. Баяр ёслолоор л өмсөнө. Хотод нэг даргаас яриа авна аа. Ширээн дээр нь цонхны тавцан дээр байсан цэцгийг авчраад тавьчихна. Дарга хүний ширээн дээр цэцэг, навч байх ямар хэрэг байна вэ. Ухаандаа гоёж байгаа юм. Би нэг жил ажиллаад л больсон. Надаас хамаарахгүй их олон юм байдаг. Тэр үед миний хийсэн хэдэн аятайхан хөрөг нэвтрүүлэг байсан. Зураач До.Болдыг дөнгөж сургууль төгсөөд ирэхэд нэвтрүүлэгтээ оролцуулсан. Хоёрт нь, Б.Шаравыг “Дуу бүжгийн чуулга”-д хөгжмийн зохиолчоор ирэхэд нь яагаад ч юм хөрөг хийсэн. Тухайн үедээ их л албаны бус сэтгэлээр, бас л дөнгөж орост төгсөж ирсэн найруулагч Т.Өлзийбаяртай сэтгэл нийлэн хэдэн хөрөг хийжээ. Одоо бодоход хүнээ олоод хийчихжээ гэж дотроо санаж явдаг. Энэ хүмүүс сүүлд өөрсдийн ярилцлагаа эмхэтгэдэг юм байна. Минийх хамгийн эхэнд л явж байна билээ. Тэгэхээр тэд хэвлэлд анх гарсан болж байна”.
Түүнд өдийг хүртэл хийгээгүй ажил тун ховор. СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуульд хүртэл багшлаад амжжээ. Тэр энэ тухайгаа ярихдаа “Би багш нарыг лекц уншихад маш дургүй” гэж хэлээд нүдээ анин толгой сэгсэрнэ. “Шулууны тухай ярьж байгаа бол шулуун гэж юу вэ гэдэг ойлголтыг л оюутнуудад өгөх хэрэгтэй” гэж эрс шийдэмгий, шүүмжлэнгүй дахин өгүүлэв. Дээр нь өөрийгөө багш гэж хэлүүлэх дургүй гэнэ. Тэгээд юу нь байхыг хүсдэг юм бэ гэх саваагүй асуултын минь хариуд тэр инээмсэглэснээ доорх этгээд ч юм шиг хариултыг өгөв.
“Би найз нь байхыг хүсдэг. Ер нь би их олон залуу найзуудтай шүү. Хөгшин хүмүүстэй тэр бүр найзлаад байдаггүй. Хүн өөрийн амьдарч байгаа цаг үеэ мэдэрч, зохицох ёстой. Намайг залуучуудтай ойр байлгадаг ганц зүйл нь энэ сэтгэлгээ юм шүү дээ” гэж түүнийг хэлэх энэхэн зуурт яасан хачин хүн бэ гэх бодол төрөөд амжив. Өдий 70 хүрч яваа энэ хүн задгай шүлэг бичээд зайдан морь хөллөсөн нэгэн шиг өдөр бүр энэ их ном руугаа шогшино. Үеийнхэн нь ач зээгээ үнэрлээд сүүтэй цайгаа уун нарлаж суухад энэ шар өвгөн, залуу найзууд дундаа хар кофе ууж, уран бүтээл ярин суухыг илүүд үзжээ. Анх олж уншсан шүлгээс эхлээд энэ хүртэлх цаг хугацааг эргэцүүлэн бодохоор яагаад ч юм бэ суут зохиолч Г.Г.Маркесийн “Гунигт янхнуудаа дурсахуй” ном санаанд буув. Тэр номын арын хавтасны нүүрэн дээр байдаг үг үнэн юм гэж бодогдов. Энэ үнэн өөрөө миний өмнө сууж байна. Тэр үнэн харин хачин намуухан авигаар этгээд маягийн үгс, үзэл санаа урсгана.
Гэнэтхэн “Амьдрах сайхан шүү” гэж өмнөх цаг хугацаагаа хайрласан өнгөөр хэллээ. Үнэхээр амьдарна гэдэг сайхан. Тааварлашгүй олон учрал, бодол ухаарал, гэм зэм гээд энэ бүх тулах баганагүйгээр хүний амьдралыг төсөөлөхийн аргагүй. Энэ уудам дэлхийд хийж бүтээх зүйл олон байдаг. Манай улсад тавин насыг шүргэхэд л хөгширсөн байна гэж үздэг бичигдээгүй хууль бий. Харин зочин маань хэдхэн жилийн өмнө дахин шинэ төсөл санаачилж, “Утга зохиол, шүүмж судлал”-ын редакц байгуулан олон ном хэвлэж, уншигчдад хүргэжээ.
“Бид нар зохиол сайн байна, муу байна гээд хэлэлцээд л байдаг. Зохиолч хүнд судлаач шүүмжлэгчид бол туслах, анд нөхөр нь юм. Тэгэхээр шүүмж гэдэг бол туслах гэсэн үг. Хоёрт, тухайн зохиолын сайн, муу гэдгийг уншигчдад нээж тайлбарлаж өгч байгаа юм. Мянга ярихын оронд тус болох үүднээс боть номоо бичсэн. Утга зохиол судлал, шинжлэлийн цуврал номуудыг сонгон хэвлүүлсэн нь хэдийнээ 55 болсон байна. Энэ цувралын эхний найман боть нь Орос - Америкийн нэрт зохиолч Владимир Набоковын өрнөдийн романуудын задаргаа гэж хэлж болно. Зохиолчийн их дээд сургуульд уншсан лекцүүд юм л даа. Лекц бол яриа учраас хэнд ч хэлсэн ойлгомжтой. Би өнөөдрийг хүртэл уншисан номуудынхаа хүчээр маш бага бичдэг болсон. Өөрийн цензурыг тогтоосон гэж хэлж болно. Гэхдээ би их тэнэг хүн. Хэзээ ч хашрахгүй юм даа. Дахаид л тэнэгтэнэ” гэж хэлэхдээ түүний харц тогтуун болсон байлаа.
Битгий зогсоосой гэж дотроо гуйсан бороо хэдийн зогсжээ. Тэр үнэхээр л борооны дараа ажилтай байж. Бидний яриа дууссаныг илтгэх шиг л өрөөнийхөө баруун талд гарч номуудаа янзалж эхэллээ. Дахин яриа эхлүүлье гэтэл нэг л болж өгсөнгүй. Гараад явъя гэхээр бас нэг л зүйл дутуу санагдаад байв. Юутай ч биеийнхээ чилээг гаргахаар суудлаасаа бослоо. Философи, шашин, урлаг, байгалийн ухаан, уран зохиолын нүсэр романууд гээд орчлон дээр байж болох бүх ном энд байна. Тэр бүү хэл улс орон бүрийн толь бичиг, өөрийнх нь шүлгийн түүврүүд ч байна. Миний анх олж уншсан шүлэг бүрэн бүтнээр тус түүвэр дотор байхыг олзуурхан олж харав.
Хамгийн хачирхалтай нь энэ хүний ажилласан цаг хугацаа, хийсэн бүтээсэн бүхнийг хэн ч яагаад өнөөдрийг хүртэл үнэлээгүй юм бол оо. Тэр бага бичдэг ч гэсэн нийгэмд хэрэгтэй, чанартай бүтээлүүд туурвидаг. Ямар ч авьяасгүй, хийсэн бүтээсэн зүйлгүй хүмүүс энгэртээ “гавьяат” гялалзуулчихаад гадуур бэлчиж байна. Жинхэнэ авьяастай, хийсэн бүтээсэн зүйлтэй энэ ховор хүн нь энд нэргүй толгод шиг оршино. Яагаад өнөөдрийг хүртэл ийм нам гүм амьдарч байгааг нь бас л саваагүйтээд асууж орхив.
“Би тэр шагнал, цол гэгчид ясны дургүй. Гэтэл манай улсаар дүүрэн гавьяатнууд байна шүү. Ийм их гавьяа байгуулсан хүмүүстэй байж яагаад манай улс өдий хүртэл хөгжихгүй байгаа юм. Гавьяат гэдэг цолыг олгохоосоо өмнө ямар үйл хэрэг бүтээсэн хүнийг энэ шагналд тэнцэх учиртайг нь цензуртай бодох хэрэгтэй. Хуучин цагт улс эх орон, ард түмнээ аварсан хүнийг гавьяа байгуулсанд тооцож шагнадаг байсан. Одоо бол эмч нарын гавьяаг бүхнээс илүү үнэлэх ёстой. 100 хүний амь аварсан эмчид өгөөгүй цолыг захын ямар ч авьяасгүй, юу ч чадахгүй хүнд өгчихдөг цаг үе иржээ. Миний хувьд Д.Нацагдоржийн нэрэмжит шагналыг авсан. Энэ л надад хангалттай. Би өөрөө энэ шагналыг их хүндэтгэдэг” гэв.
Бидний яриа энэ хүрээд өндөрлөв. Дутуугаа гүйцээчихсэн юм шиг дүүрэн сэтгэлээр гарах хаалгыг чиглэхдээ харин би тохойгоороо “Ариун Библи” газарт унагаачихсан. “Библийг уншихгүйгээр европын уран зураг, сонгодог урлагийг ойлгохгүй дээ” гэх өнөө л намуухан хоолой өрөөний баруун талаас нөгөө л өнгөөрөө сонсогдоход хэдэн цагийн өмнө хайж явсан тэр хүн минь мөн гэдгийг би олж харлаа. Тэр зүгээр л “Нас” гэдэг баг зүүчихсэн байж. Тэгээд л би танихгүй будилж байжээ. Би анх түүний шүлгийн Маэстро Уйтментэй танилцсан. Харин тэр надад яг шүлгийнхээ дүр шиг сэтгэгдэл төрүүлсэн.
Гадаа гараад борооны дараах чийглэг, анхилуун үнэрээр ханатал амьсгалахдаа өнөөдрийн аадар бороонд гүнээ талархан гэрийн зүг алхлаа.