“Ярилцъя” энэ удаа та бүхэнтэй Монголын улс төрийн нэртэй зүтгэлтнүүдийн нэг, Гадаад хэргийн сайд асан Ц.ГОМБОСҮРЭН эрхмийг уулзуулахаар урилаа. Хэгжүүн, сонирхолтой, энэ гөжүүд нөхөр бас манай оюун санааны ертөнцөд томоохон орон зай эзэлдэг, нийгмийн нэртэй зүтгэлтэн гэдгийг надаар хэлүүлэлтгүй цөм мэднэ.
Хошин сэдвээр огт оролдоогүй мөртөө яагаад ч юм ярилцлага хийх явцдаа ойрд инээгээгүй ихээр инээснээ сүүлд анзаарсан. Бид яагаад инээхээ больчихсон юм бол оо гэж бас эргэцүүлж бодсон.
-Монгол оронд ардчилсан хөдөлгөөн үүсч хөгжсөний 20 жилийн ойг дуулиантай, өргөн хүрээнд тэмдэглэлээ. Энгийн иргэдийн сэтгэлээс ч нэг тийм догдлол, өөрсдөд нь хамаатай баяр хөөр мэдрэгдэж байна. Улс төрийнхөн дотроос бас л сонин үзэгдлүүд харагдаж байгаа. Нэг хэсгийнхэн нь хувь заяаны эрхээр гол дүрд залран, үнэ цэнээ дуудуулж байхад тэндээс нөгөө хэсэг нь “Энэ гавьяа бидэнд ч гэсэн хамаатай шүү дээ” гэсэн өрөвдмөөр дуу дуулаад л... Энэ бүхэн танд ямархуу харагдаж байх юм бэ дээ?
-Юу гэмээр ч юм бэ дээ. Ардчиллынхан гэж нэг ойлголт, бас хувьсгалт намынхан гэдэг өөр нэг ойлголт байгаад байдаг эд л дээ. Та нар санаж байгаа байх. Ардчилсан хувьсгал гэдэг үгийг нэгэн үе зөвшөөрдөггүй байсан юм ш дээ. Хувьсгал гэдэг үг нь нөгөө л өөрчлөлт шинэчлэлт гэдэг ойлголтоосоо тусдаа зүйл юм шиг. Тэгээд ардчилсан хувьсгал гэхээр үнэхээр хөдлөх хүч нь хэн юм. Хэн сэдсэн юм гээд аваад үзэхээр зэрэг энэ шинэ хүчин рүү нь л илүү холбоотой болдог л доо. Зүгээр одоо юу гэдэг юм. Огт юу ч байхгүй цагаан тал дээр нэг хүчин юм хийсэн юм бол тэрийг тэгээд л өмчлөөд дуусдаг юм байгаа биз. Гэхдээ тийм цагаан тал бас биш л дээ. Хэрэв улс нийгэм, ард түмэн дунд хувьсгал гэхээр үйл явц болж байгаа бол тэр нь манайхны хэлж ярьдгаар ямар нэгэн ноцтой эсэргүүцэлтэй тулахгүй, нөгөө хуучин системийн тал гэх юм уу, тэр нь бас ийм өөрчлөлт хийх хэрэгтэй гэж үзээд, тэгээд одоо урагшлах зам нь энэ байна гээд бүгдээрээ хоорондоо гэрээ хэлэлцээр байгуулаагүй ч гэсэн янз бүрийн үйл явдлын явцад хэл амаа ололцоод энэ замаар орж, алдаж онож яваад өдий зэрэгт хүрсэн бол буцаад хувааж өмчлөх гээд байх нь хэрэггүй л эд байгаа юм л даа.
Би саяын хурлын үеэр төр засгийн удирдлагын хэлээд байгаа нэг санааг маш зүйтэй дээ л гэж үзэж байсан. Тэр нь ардчиллыг өмчлөгч гэж байхгүй ээ. Энэ бол Монголын ард түмний оролцоогоор хэрэгжсэн зүйл ээ гэж тэмдэглэснийг хэлж байна л даа. Энэ бол нөгөө нэг хуваагдаж булаалдах гээд байдаг сэтгэл зүйг бүдгэрүүлж байна гэж хэлж болохоор мэдэгдэл л дээ. Нөгөө талд нь яг тухайлж юу хэлсэн юм гэвэл Гомбосүрэн, Ганчимэг хоёр хоорондоо булаацалдаж байх зүйл биш ээ л гэсэн санааг хэлээд байна шүү дээ. (инээв) Үүнийг түмнээрээ л ингэж ойлгож явах нь зүйтэй юм. 1999 онд байх. Ардчилсан хөдөлгөөний 10 жилийн ойг тэмдэглэх гээд олигтой юм болоогүй, бас л өмчин дээрээ тохироогүй юм шиг л (инээв) болсхийгээд өнгөрсөн байх. Тэгвэл өнөөдөр 20 жилийн дараа улс төрийн намуудыг шинэ бодлого дээр төлөвшиж байгааг харуулсан үйл явдал болж байна. Сүүлийн үед парламентын түвшинд бас сонин үзэгдлүүд явж байгаа шүү дээ. Нийгмийн дунд ч нэг нь алив шуурхайлъя гэж байхад, нөгөө нь алив байз хө, ингэж юу юугүй довтолговол арай гэж нэгдсэн, ойлголцсон том агуулгаа нэтгэрчих гээд байна, бид чинь бас явах гээд юм бодоод оролдоод байна гэх мэт ойлголцоонууд хэрэг дээрээ өнөөдрийн Монголын нүүр царайг илтгэж байна л даа.
-20 жилийн дараа Монголд ардчиллыг төрийн түвшинд хүлээн зөвшөөрлөө энэ тэр гээд л айхтар дүгнэлтүүд өгч байх шиг байна?
-Энэ мэт сэтгэл хөөрлийн зүйлс байхгүй байхын газаргүй л дээ. Үүнийгээ бид яван суун тодотгосоор тодотгосоор үнэхээр тийм байгаа бол тэгээд л тэр үед их мундаг юм хэлж байсан хүн болцгооно л биз. Жаахан сэтгэлийн хөөрлөөр тэгж хэлж байсан юм гэхээр байвал тэр сэтгэлийн хөөрлийг бол огт үгүйсгэх явдалгүй. Харин ч өөгшүүлж байх ёстой юм. Тэгээд түмэн олонд нээрэн бид тэр ерэн онд мундаг юм хийчихсэн хүмүүс юм байна шүү гэсэн ухамсрыг бол үнэхээр төлөвшүүлж өгөх ёстой. Би бол хувьдаа тэгж үздэг. Тэрийг чин үнэнээсээ хийх ёстой. Зүгээр нэг хоорондоо булаалдах гэсэн утгаар биш. Өнөөдрийн зовлонг хэмжих утгаар. Тийм үү. Ядуу зүдүү байдал байна уу. Хавтгайдаа байна. „Иргэн баян бол улс баян” гэсэн уриа лоозон бол нэг бодлын онодог. Нөгөө бодлын утгагүй эд л дээ.
-Та бол тодорхой цаг үед улс төрийн зүтгэлтэн явсан хүн. МАХН гэдэг энэ хүчний талаар тантай уулзаад хөндөхгүй орхих нь гэнэн явдал болно. Нам шинэчлэгдсэн гэж хичнээн тунхагладаг ч нийтээр бол хүлээн зөвшөөрөх аргагүй шинжүүд ажиглагдсаар байна. Саяхан болж өнгөрсөн хүний эрхийн хэлэлцүүлгээр гэхэд ардчиллын суурь үзэл санаа, үнэт зүйлсийн талаар ч тэнгэр газар шиг ялгаатай нөхдүүд тэр дээр сууж байгааг харлаа. Эсвэл бид муу хүчин гэсэн нэг л цонхоор хараад сурчихсан болохоор ингэж үзээд байна уу?
-Үзэл номлол юу ч билээ. Тэр нэг талаасаа бол цоо шинэ үзэл номлолтой л болсон. Нөгөө талд нь сонирхолтой юм юу байна гэхээр нөгөө социализм коммунизм байгуулах номоо хаячихсан хэрнээ тэр хуучных нь юм ...юу билээ амь бөхтэй оршсоор байна (инээв) гэдэг нэг үг байдаг ш дээ. Тэрэн шиг явдал бол байгаа л даа. Жишээлбэл коммунист гээд час улаан батлахтай явж байснаа ерөөсөө маргааш нь больчихоод л цоо шинэ МАХН-ын гишүүд л болцгоочихсон ш дээ. Энэ бол яг тэр хүмүүсийнхээ хувьд, түүний дотор би, бид бол их жудаггүй загнаж байгаа явдал л даа. МАХН гэдэг дэлхийн коммунист хөдөлгөөний нэгэн отряд гэж ирээд л бид өөрсдийгөө авна л даа. Тэр отряд байхаа больчихсон юм бол намынхаа нэрийг ч өөрчлөөд, зүүн төвийн гэж нэг орчуулгын үг хэрэглээд байгаа. Тэрийгээ нийгмийн бодлогыг нэлээн голчилж хардаг зүүн төвийн нам гэдгээрээ авч үлдээд явсан бол өөрсдөө өөрсдийгөө ухаарахад Маркс Ленинийхээ сургаалаар ч явж байхдаа тэрийгээ төдийлөн ухаараагүй намын дугуйлан гэж юмаар баахан хүчирхийлж үзсэн, хий цээжилсэн, за тэр нь богино настай иймэрхүү л толгойны амьсгаа бол газар сайгүй байсан. Маргааш нь аа нөгөө коммунизм гээчийг таягдан хаясан гэхээр за тийм байлгүй гээд л тууцгаасан. Түүнээс биш жинхэнэ нөгөө үзэл бодлыг нь аваад хаячихсан бол улаан зүрхийг нь суга татаад л аваад хаячихсан юм шиг болох ёстой биз дээ. Тэгээд л жинхэнэ нөгөө байлдаж тулалдахдаа тулна биз дээ. Тийм юм байсан уу. Би бол байгаагүй ээ л гэж хэлнэ. Бидний цөөхөн улс тэр хагас дутуу цээжилсэн тогтоосон номлолоо тэгээд л хаясан. Нэг их тэрэндээ гасалж гунисан юмгүй. (инээв) Цөөхөн хүн бий л дээ. Коммунист нам байгуулна энэ тэр гээд л байсан. Тэгээд тэд бол жинхэнэ час улаан коммунист юм шиг хэрнээ бас прагматикууд.
-Намд ажиллаж байхдаа та намын нэрийг солих талаар ер нь ажилласан юм уу?
-Би намын удирдах зөвлөлийн гишүүн байсан. XXII их хурлын өмнө шүү дээ. Өгүүлэл бичиж байсан. Ер нь энэ их хурлаас юу хүлээх ёстой вэ. Яагаад нэрээ солих ёстой вэ гэсэн утгатай. Яахав дээ, дор хаяж л хоёр зүйл хэлдэг. Нэгдүгээрт, энэ МАХН гэдгийн дотор нөгөө ард түмнээ анги бүлгээр хуваадаг үзэл бол шингээстэй байна. Ардын нам гээд байдаг. Тэр ардын нам нь бол ард түмэн биш. Харц ардыг хэлээд байгаа юм. Нөгөө ноёд феодалаас ялгасан үзэл санаа шүү дээ. Тэгэхээр одооны үндэсний хэмжээний намд энэ нэр томъёо бол тохиромжгүй ээ. Хоёрдугаарт, нийгмийг авч явах арга барилдаа нөгөө хувьсгалч арга барилыг баримтална гэсэн хуучин суртал нь яваад байна. Энэ хувьсгалч гэдэг үгэнд. Дор хаяхад энэ хоёр үгийн утгыг өнөөдөр юу гэж үзэх ёстой вэ гэдэг үүднээс харахад солих ёстой гэсэн байр суурин дээр л байсан л даа. Тэрийгээ хурал хуй дээр ярьдаг. Ганц нэг сонин хэвлэлд бичдэг. За тэгээд яахав, хүн амьтанд чинь юу гэдэг юм зөнгөөрөө бас нэг миний хорогдох газар хаа байна. Би хэдэн настай юм бол гэдгээ мэдэх нэг чанар байна л даа. Тэр насыг нь сонгууль шийддэг учраас нөгөө хувьсгалт гэдгийг нь аваад хаячихлаа гэхэд нэг хэсэг нь МАХН-аа бурханчилж шүтэх үүднээс энэ мөн үү биш үү гээд сонгуульд саналаа өгөхдөө будлих юм шиг ярьдаг. Энэ мэт бол ортой л доо. Гэх мэт шалтгаанаар л одоо болтол энэ нэр маань яваад байдаг байх. Нөгөө нэг хэсэг нь миний бодоход, ялангуяа хууччуул, намын том зүтгэлтнүүд нь намын удирдлагуудад очоод за нэрээ соливол баларна шүү гэж хэлээд байдаг байсан юм шиг ойлгогддог юм. Бидэнд бол тэр нөгөө гал улаан батлах дээр байсан нэр, нэг насаараа баринтаглан хадгалж явсан нэр гэдэг утгаараа цаад элдэв утгыг бодохгүйгээр өөрийнх нь овог нэр шиг ойр дотно байдаг байх л даа. Үүнийг бас үгүйсгэхийн аргагүй. Цаг хугацаа ч амархан өнгөрдөг юм байна. 20 жил өнгөрч. Намын нэрийг солино гэдэг дээр одоо ч санал нэгдээгүй л юм шиг байна лээ.
-Зарим нь энэ нэр маань брэнд нэр, солих шаардлагагүй гэх маягаар үздэг юм билээ?
-Манай Ё.Отгонбаяр JVC гэдэг шиг л нэр. Өөрөөр хэлбэл дөрвөн үсэг. Тэрийг хэн ч юу ч бодохгүй гэж эртээд чамтай ярихдаа хэлсэн л байна лээ. (инээв) Одоо нөгөө брэнд гэлээ гэгчээр тийм болчихсон ч байж мэдэх юм.
-Эрх мэдлийн эзэд байсан. Улс орныг жолоодолцож явсан цөөхөн томчууд байна. Бид бол өнөөдрийнхөө л томчуудыг мэднэ. Харьцуулаад үзэхээр эрх мэдлийг авъя гэсэн үед нь элдэв юм бодож санах юмгүйгээр „океу” гээд өгчихдөг. Өөрийгөө татаж авдаг улс төрийн соёл та бүхэнд бол байжээ. Харин та нарыг залгаж гарч ирсэн үеийнхэн өөр юм аа?
-Тийм үү.
-Ж.Батмөнх гуайн гаргаж чадсан шийдвэр, Б.Даш-Ёндон гуайн хийсэн буулт бүгд сонгодог жишээнүүд болон үлдэж. Та жишээ нь “За ингэж байгаа бол би явлаа. Бүр намаас гарлаа” гээд эргэж харахгүй алхаад явчихсан. Өнөөдөр эргээд харж байхад Б.Даш-Ёндон гуай ч, та ч, Д.Бямбасүрэн гуай ч бүгд гэгээрсэн өвгөд болцгоожээ. Дараа үеийнхэн тань бол харин харихгүй, буухгүй гээд л тачигналдаж байна?
-Бид бол өөр хүмүүжил төлөвшилтэй улс шүү дээ. Хувьсгалт намын хуучин боловсон хүчнээ шилж сонгодог арга барил байна ш дээ. Тэрүүгээр явсан. Үгүй ээ, би очихгүй гээд байхад л „Нөхөр минь чи нам засгийн хөрөнгөөр эрдэм боловсролыг олоод, энүүгээр дадлага туршлагыг эзэмшчихээд одоо тэгээд намын төлөө зүтгэхгүй гэж байгаа юм уу. Чамайг чадна гэж үзээд хий гэж байна. Чи хийхгүй гэж хэлж байдаг ямар хаашаа толгой вэ” гээд л буулгаж өгдөг цаг үе байлаа шүү дээ. Тэгж гарч ирж, янз бүрийн шатны ажил хийж явсан улс чинь анхнаасаа л чадна чадахгүй гэдгээ хэлж байсан юм чинь одоо нөгөө болих маань болчихож гэдгээ бол их амархан мэдэрнэ. Өөрөө нөгөө хувийн санал зоригоор энийг би хийхгүй байхдаа яадаг юм. Тэр муу хийж байхад би хийнэ гэж ингэж зүтгэж гарч ирээгүй учраас “За эзний алба ээлжтэй” гээд тэрэнд нэг их хотойхгүй, гудайхгүй л дээ. Ялагдаж байгаа ч гэсэн тэрийг нэг их тийм сэтгэл зүрх, амь настайгаа холбож авч үзэхгүй л дээ. Мань мэтийн хувьд бол яг нарийн ярихад бол бэлэнгүй л байсан. Аж төрөх, амьжиргааныхаа нөхцөлийг бүрдүүлж чадсан байсан уу, үгүй юу гэдэг үүднээс шүү дээ.
-Д.Бямбасүрэн гуай, П.Очирбат гуай нар бол ардчиллын залуусын хүмүүжүүлэгч багшийн үүргийг хүлээгээд яваад өгсөн. Та бол тийшээ яваагүй. Тэгсэн мөртөө намаа бас хаяж явсан?
-Би түрүүн бидний үе бол... гэж нэг асуудлыг хөндсөн. Тэрийгээ дуусгая. Энэ шинэ үеийнхэн маань арай өөр юм аа. Албан тушаалд очих тухайд бол би хийе гэж ханддаг. Сэдэл нь арай өөр байгаа биз. Чи хий биш. Би хийнэ, чи байз... гэж ханддаг.
-Шууд өөрийгөө чөлөөтэй санал болгодог?
-Өрсөлдөнө гэж гоё нэртэй л дээ. Булаалддаг.
-Байлдаж эрх мэдлийг олж авдаг?
-Ерөөсөө тийм шүү дээ. Үүнийг бол би их чухал гэж үзэж байгаа. Ийм улс байхгүй бол цөмөөрөө маний хуучин шиг өө би чадахгүй гээд байвал юу болох вэ. Шинэ үеийнхний энэ чанарыг би их чухал чанар төлөвшиж байна гэж үздэг. Үүний цаана элдэв сайн муу сэдэл байх нь жич асуудал. Тэр намаас гарахын тухайд бол би эгэл жирийн нам бус иргэний байдлаар аж төрөхийг л илүүд үзсэн.
-Гэдэн хөдөлгөсөн явдлууд ч бас чамгүй явсан байх л даа?
-Нөгөө танайд хоноё гэдэг шиг. (инээв) Би жишээ нь „Би танайд хононо оо. Ах нь энд чинь байж байх ёстой. Чамайг жаахан байхад өвөө нь энд байсан юм” гээд байхгүй л дээ. Хувь хүнд араншингийн янз бүрийн чанарууд байдаг байх. Би жишээлбэл, муухайгаар хэлбэл хүнээс царай алдаж явах дургүй. Тэр дотроо албан тушаал ч юм уу. Яахав ажиглаж байхад үлгэр нь бол байнга л харагдаад байх юм. Жигүүр бригад энэ тэр болчихоод, тэгээд нэгийгээ дэмжиж гаргадаг. Нөгөөх нь буцаж нөхдүүддээ хариу барих ёстой болчихдог. Өр авлагын хэлхээ холбоотой бүлэглэлүүд болчихоод байна л даа. Тэр жил би “Албан тушаалыг бараа таваар” болгочихлоо гэж нэг ярилцлага өгсөн. Би бол хувиасаа тийм юманд дургүй. Хэн нэгний өмнө өртэй болохыг хүсдэггүй. Одоо тэгээд л намын бага хурлын гишүүн болно гэх юм бол нэг бригадтай л байх ёстой болно. За миний төлөө тэгээрэй гээд л. Би ингэж явж чадахгүй. Тэгээд л нөгөөдүүл нь өө, энэ өмхий Гомбосүрэн дараа нь хардаггүй юм гэх жишээтэй. Хүнийг ёстой зажилсан бохь шиг хаячихдаг юм энэ тэр гээд уурлана ш дээ, зайлуул. (инээв) Цаад улсуудын энэ мэт сэтгэлийг ч ойлгож болно. Гэхдээ ямар нэгэн байдлаар хуульчилсан ёс суртахууны ойлголт шиг байлгаж болохгүй эд байгаа юм л даа.
-Намаас гарахгүйгээр, бригадтай байгаад, түүгээрээ дамжуулж нөлөөллөө хадгалах боломжийг бол авч хэлэлцэлгүйгээр сонголтоо хийчихсэн юм байна?
-Намаас гарах тухайд гаргаж байна гэж үзэж гарсан. Энэ үйл явдлын цаана бол зөндөө юм бий л дээ. Би энийг бол лав л одоо ярихгүй.
-Нөгөө талаар та бас хөдлөх цагтаа л хөдөлсөн байх магадлал харагддаг юм. Намын тодорхой хэмжээний үнэ цэнтэй фигур намыг орхиод гарлаа. Гэхдээ өөртөө бол та үүргээ гүйцэтгээд гарлаа гэж дүгнэсэн байх талтай. Нам дотор үе солигдох процесс ирчихсэн байсан. Дараагийн үеийг авч явах хэдэн залууг олж харсан, хөтөлсөн байх баримтууд бий шүү дээ?
-Тийм юм шиг харагдаж байж ч магадгүй.
-Тодорхой залуусыг гаргаж ирэх үйл явцыг хийгээд, за одоо эдний яаж явах надад хамаагүй гээд гараад явчихсан юм биш үү?
-Чиний хэлээд байгаа залуус намайг шахаж гаргасан юм биш шүү дээ.
-Тэр тийм л дээ?
-Өөр бригад байдаг юм. Залуусын тухайд залуу бол залуу, үзэл бодолтой бол үзэл бодолтой. Хэнээс ч юу ч дутахгүй залуучууд шүү дээ. Бужигнаан үүссэн. Олон юм болсон. Н.Энхбаярыг намын ерөнхий нарийн бичгийн даргаар сонгосон. Тэгэхэд мань хүн намайг намын удирдах зөвлөлд орж ажиллахыг санал тавьж байсан. Би ороогүй. Яривал мэдээж өдий төдий юм бий.
-Харж байсан залуучуудаас тань Н.Энхбаяр зөөлөн, илүү гэрэл гэгээтэй, дуулгавартай, С.Баяр нь хэт омголон, зан чанарын хувьд “засагдаагүй”, Ө.Энхтүвшин нь арай болоогүй, хөдөөний санагдаад байсан юм биш үү. Гурвууланг нь дуудаж авчраад суулгачихсан байсан гэх нэг яриа байдаг бил үү, үгүй бил үү?
-(инээв) Чи юу л гэх гээд байна даа. Тийм юм байхгүй, байхгүй. Юу гэж хүлээж авцгаах нь өөрсдийнх нь хэрэг. Хэнийг арай илүү мэдэж байна вэ гэж нэг юм байдаг юм аа. Жишээ нь, Засгийн газарт дөрвөн жил ажиллачихаар би Н.Энхбаярыг жишээ нь арай илүү мэднэ ээ дээ. Би арай илүү мэднэ гэдэг нь Н.Энхбаяр нь тэрнээсээ мундаг гэсэн хэрэг биш.
-Ц.Гомбосүрэн Н.Энхбаярыг илүү дэмжсэн?
-Тийм. Дэмжиж байгаа утга нь арай илүү мэддэгт л байхгүй юу. Дөрвөн жилд сайн муу юу эс болохов. Нэг нэгийгээ мэдрэх хэмжээний цаг хугацаа бол мөн ш дээ.
-Үнэн. Гэхдээ л таныг тэдний загалмайлсан эцэг гэдэг?
-За тэр нь ч юу билээ.
-Н.Энхбаярын үе гэж арван хэдэн жил үргэлжилсэн том үе өнгөрлөө. Төрийн гурван өндөрлөгийн албыг гурвууланг нь хашлаа. Түүн шиг амжилтад хүрсэн лидер одоогоор алга байна л даа. Н.Энхбаяр гэдэг үзэгдэл, Н.Энхбаярын хаанчлал гэх мэтээр ажиглагчид түүний тухайд авч хэлэлцдэг. Түүний буухиа анх удаа тасалдаад байна. Та энэ тухайд хэрхэн яаж авч үздэг вэ?
-Н.Энхбаярын унасныг уу.
-Тийм?
-Их олон зүйлээс болсон байх. Олон зүйлээс. Би бол намын нэр хүнд, хувь хүний нэр хүнд хоёр хоёулаа ижилдүү л үүрэг гүйцэтгэсэн болов уу гэж боддог юм. Өөрөө анзаараа болов уу яагаа бол. Сонгуулийн өмнө надаас нэг телевиз ярилцлага авсан. Тэгэхдээ бас нэг дайвар асуулт тавиад болж өгдөггүй. Тэгээд би хариулсан юм. Хэрвээ МАХН сонгуулийнхаа сурталчилгааг зөв, оновчтой хийх юм бол Н.Энхбаярт ялах магадлал бий гэж. Э.Бат-Үүл, Ц.Элбэгдорж нарын асуудал нам дотор нь яригдаж байсан үе л дээ. Тэр хоёрт бол Монгол Улсын ерөнхийлөгчөөр сонгогдох ёс суртахууны эрх бий гэж би сэтгүүлчийн асуултад хариулж байсан. Чамд гэж хэлэхэд энэ МАХН сонгуульд яг үзээд явчихаар эд нараасаа муу л зохион байгуулаад байдаг юм даа. Чи тэгж анзаардаг уу.
-Анзаардаг. Мөнгө, эрх дарх, сүр хүчээр зодоод явчихдаг. Монгол хүн углуургаараа аархуу, баярхуу, эд мөнгөөр хэт дулдуйдсан авирт дургүй гэдгийг тооцдоггүй?
-Хоёр хүчинд ямар ч тохиолдолд саналаа өгдөг 60 хувь бий. 30:30 шүү дээ. Үлдсэн 40 хувийг хувааж авахын төлөө л гол өрсөлдөөн явж байгаа юм. Энэ 40-өөс чинь 20 хувь нь огт сонгуульд орохгүй гэвэл ерөөсөө 20 хувийн саналыг яаж авах вэ гэдэг дээр өрсөлддөг. Тэгээд л баахан хэрэгтэй хэрэггүй арга хэрэглэдэг.
-Тэгэхээр Н.Энхбаярыг сурталчилгааны хувьд л алдсан гэж та хэлэх гээд байна аа даа?
-Би бол тэгж л бодож байгаа. Оновчтой биш зүйлс их явсан.
-Сурталчилгааны хувьд алдаа гарсан. Гэхдээ сүүлдээ өөрийнх нь хувийн хүчин зүйлс рүү л ихэнх алдааг тохоод явчих шиг болсон?
-Өрсөлдөгчид нь мань хүний нэр хүндийг бууруулах тал дээр ээ дээ, мөн ч чамгүй ажилласан шүү. Манайхны толгойд хамгийн амархан очдог юм чинь ердөө тэр муу хэлэх. Өө, энэ их мундаг гээд байх барагтай тусахгүй. Ёстой муухай амьтан шүү гэвэл өө тийм үү, тэгж таарна гээд л хүлээж авч байх жишээтэй. (инээв) Энэ тухайд бол эсрэг тал нь аймаар ажилласан. Ц.Элбэгдорж, Баабар хоёрын хоёр нийтлэл бий л дээ. Газар дор ортол нь л муу хэлсэн шүү дээ.
-Н.Энхбаярыг ирэхээс өмнө Монголын улс төр цэвэр ариун байсан гээд л үү?
-Гэх мэтээр. Гэтэл МАХН-ынхны тиймэрхүү гавын юм нь их хүчгүй. За тэгээд өрсөлдөөд явчихаараа манайхан муу хэлэлцэхгүй шүү гэж байгаа юм. Тэрэн шиг худлаа юм байхгүй шүү дээ. Сайн хэлэлцэж уралдана гэж хэзээ ч байхгүй. Иймэрхүү буруу дүрмээр л эд маань тоглоод сурчихлаа л даа.
-Н.Энхбаярыг сая нөхөн сонгуульд оруулчихвал яачих байсан юм бол оо?
-Онол яривал болохгүй гэх юм байхгүй. Би бол хувьдаа яг чин үнэнээ хэлэхэд хэрэггүй дээ л гэж үзэж байсан.
-Яагаад?
-Би ямар далдыг харагч биш. Тэгвэл тэгвэл гэсэн үүднээс би хоёр юм бодоод байсан л даа. Нэгд, тэнд ялагдах магадлал нэлээн том хувьтай гэж би үзэж байсан. Яагаад магадлал багатай гэхээр ард түмнээрээ сонгуульд орохоор Ц.Элбэгдоржид ялагдчихлаа. Чингэлтэй дүүрэгт бол Ц.Элбэгдорж ялсан шүү дээ. Ийм нэг сэтгэл зүй байна. Ороод хэрэв унах юм бол өөрийнх нь карьерт таагүй нөлөө үзүүлэх талтай. Ялбал мэдээж өөр. Гэвч мань хүн оролцоогүй юу, оролцуулаагүй юу. Тийм л нэг тоглоом болоод өнгөрөх шиг болсон.
-Иргэдийн энгийн ухамсарт унасан бөхөө хайрладаг сэтгэл байгаад байдаг. Ороод очсон бол юу л гэж улсынхаа Ерөнхийлөгч байсан хүнийг унагах вэ дээ. Харин ялаад ороод ирвэл ямар алхам хийх вэ гэдгээс нь л хүний өөрийнгүй айлаа гэж харсан?
-Чиний хэлж байгаа шиг ч байж мэдэх юм. (инээв)
-Нөхөн сонгуулиар орж ирээд л маргааш нь бүлгийн даргаас нь эхэлж “өшиглөж” унагаад бүлгээ аваад, дараа нь намаа аваад л гүйцээ биз дээ. Хийж чадах хүчтэй кадр мөн үү, мөн. Хийгдэж болох процесс мөн үү, мөн шүү дээ?
-Тэгсэн бол тэгж мэднэ гэсэн яриа бүгд байж болох зүйл.
-С.Баяр улс төрд бас л цоо шинэ стандартын шийдлүүд тулгаад түр гарч одлоо. Тийм ч олон хүний таамаглаж байгаагүй алхмуудыг хийлээ. Энэ талаар та хэрхэн яаж харж байгаа бол?
-Хэрхэн яаж харах вэ дээ. Өө, ингэдэг юм байна л гэж харж байгаа. (инээв) Хуучин зөвлөлтийн туршлага гээд нэг юмнууд байдаг байсан. Одоо Оросын туршлага байна. Борис Ельцин гэж нэг нөхрийг санаж байгаа биз дээ. За, би болилоо. Одоо чи аваад яв гээд л...
-Орос орноо хайрлаж яваарай гэж татаж нэг үнсээд л үү?
-Ээ дээ... Путинийг дуудаад л ...за Владимир Владимирович ... гээд л. (инээв) Орос орон гэдэг чинь асар том орон юм байгаа биз дээ. Тэгээд л мань нөхөр тэгж хийдэг л юм даа. С.Баярын хувьд өөрийнхөө бодлогыг хэрэгжүүлж чадаж байгаагийн л хэлбэр.
-Гарцаа байхгүй хүч нь байна?
-Яах ч арга алга. С.Баярыг би Ерөнхий сайдын энэ албанд шинэ босго тогтоосон л гэж үздэг. Шинэ босго.
-С.Баяр Сү.Батболдыг сонгожээ. Нөгөө Ельцин Путинийг сонгосон шиг. Ордонд дуудаж авчраад “За, Монгол орноо хайрлаж яваарай” гэж бодвол хэлсэн байх?
-(инээв) Хэлээ биз.
-Тэгээд ах нь эмнүүлж бариад явж байгаад ирье. Дүү ингээд тэр болтол ... байж байгаарай гээд явжээ. Харин С.Баярын үлдээгээд явсан дүү хүү нь Тавантолгойн гэрээг хийж чадах уу. Та энэ хүний оюун санааны тэр хүчинд нь хэр итгэдэг вэ?
-Би бол чадна гэж бодож байна. Мань хүн эдийн засаг тал руугаа бол хамаагүй нарийн мэдлэгтэй байна шүү дээ. Тэр дундаа гадаад эдийн засгийн харилцааны тухайд. Өөрөө нөгөө хувийн бизнес гэдгийг өчүүхнээс нь асар том болтол хөгжүүлж үзсэн. Олон улсын хууль номыг сайн мэдэж байна. Би бол хувьдаа мань хүний лидерлэг шинж гэе дээ. Энэ том дарга болсноос хойш тодроод байх шиг байна ш дээ.
-Тийм үү?
-Тэгж байх шиг байна. Би яахав нөгөө адилхан л Гадаад харилцааны сайд байсан хүн болохоор наана уу цаана-уутай явдаг юм л даа. Тэгсэн одоо харах нь ээ юм байна аа. Өөрийнхөө санаснаар юм хийх эр зориг байна. Тэр нь тодорч байна.
-Улс төрийн утгаар эзэрхийлэн захирагч буюу бүгдийг хуйлруулсан зангарагтай шинж харин ч нэг их харагддаггүй шүү дээ. Зөөлөн, дулаахан, аялдагч байх шинж үзэгдээд байх шиг санагддаг юм?
-Тийм. Тэр чинь их чухал.
-Аль нь чухал гэж. Аядуу, аялдагч шинж нь үү?
-Тэр зөөлөн чанар. Зөөлөн нь хатуугаа яадаг билээ. Нэг зүйр үг бий шүү дээ. (инээв)
-Та Гадаад явдлын яамны бодлого баригч байсны хувьд өмөөрч байх шиг байна?
-Магадгүй. Чи хэрэв өмөөрч байна гэж үзэж байгаа бол надад нэг хариу байна. Энэ одоо өнөөдрийн л улс төрийн тоглоомын дүрмээр гараад ирж байгаа төр засгийнхаа удирдагчдыг бид жаахан хүндэтгэж сурмаар байгаа юм аа.
-Тийм шүү?
-Шүүмжилж болно. Гэхдээ үзүүр ёзооргүй биш. Хэм хэмжээнд нь.
-Та нээрээ сүүний сурталчилгаанд тоглосон байсан?
-Энэ нэг банди гүйгээд байгаа биз. Тэр чинь би сүү рекламдсан юм биш, ач хүүгээ рекламдсан юм.
-Үндэсний үйлдвэрлэлээ гэхдээ хүн болгон дэмжих ёстой биз дээ?
-Тэгэлгүй дээ.
-Та бол соён гэгээрүүлэх ай савын ажил хийдэг хүн. Одоо яг юун дээр ажиллаж байна вэ?
-Хөөш хөөш, энэ соён гэгээрүүлэх гэдэг үг чинь их том үг ш дээ.
-Яахав ээ. Би тэгж ойлгодог юм?
-Над мэтэд бол огт халдахгүй үг.
-Тэгвэл орчуулгын ямар ажлууд шинээр хийж байна вэ. Засаад асууя?
-Би бол Баабарыг жишээ нь соён гэгээрүүлж байна гэж ам бардам хэлнэ. Мань мэт бол даган баясагч. Би зүгээр байхгүй л дээ. Юм хийж л суугаа. Болохоор нь л за би нэг ийм юм хийлээ л гэж дуугардаг нөхөр байгаа юм. Өмнө нь би ийм ийм юм хийгээд байна гэж хашгирах дургүй. Бас жаахан хувийн араншинтай. Гэхдээ сэжиг сүжгийн асуудал биш.
-Та чинь шашингүй үзэлтэн биз дээ?
-Шашингүй үзэлтэн. Гэхдээ надад бол сүжиглэх юм бол байна л даа. Сүсэглэх юм бол байхгүй л дээ. Сураагүй юм чинь. Лам энэ тэр гэж гүйдэггүй. Би шашныг үгүйсгэхгүй. Маш чухал зүйл байсан. Бид маш утгагүйгээр өөрсдөөсөө сүсэг бишрэлээ тээрэмдэн хаясан.
-Оюутолгойн гэрээг хийлээ. Зургаан жил хэрэлдэж байж хийлээ. Галт тэрэг хөдөлсөн нь надад бол илүү чухал санагддаг. Одоо эргээд л нэг хэсэг нь “Энэ бол хогийн гэрээ шүү дээ” гээд л тургиад байгаа нь тааламжгүй авир юм шиг харагддаг?
-Айл болгоныг морин хууртай болгосон шиг нөгөө ёсөн цацал гэдэг юмыг айл болгон руу оруулдаг юм уу яадаг юм. (инээв) Тэгвэл л нэг хавь ойр руугаа хараал хэрүүл цацаад байх нь больж, хуурай ч гэсэн сүү юм шүү гээд цацал өргөөд байдаг болж мэдэх юм. Би бол Оюутолгойн гэрээний доторхи тоо баримт, элдэв зүйл заалтыг мэргэжлийн үүднээс хараад л тэр буруу, тэр зөв гээд байх юм алга. Бид гурав дахь хөрш гэж нэг ойлголтыг их хөнддөг. Тэднийхээ бодитой эрх ашгийг нь бүрдүүлнэ гээд яриад байдаг. Тэгээд нэг тэднийх нь гавын пүүс компани орж ирэх гэхээр л өөдөөс нь тургиад байгаа юм шиг. „Айвенхоу майнз”, тэрний том бага нь хамаа байхгүй. Хамгийн гол нь тэд, тэгээд нөгөө „Рио Тинто” эд нар орж ирэхээр болсныг нь л би тэр Оюутолгойн гэрээ гээчийн хамгийн гол зүйл гэж үздэг. Дэлхий дээр хаана ч байхгүй жишгээр хийчихсэн юм биш шүү дээ. Эртээд их хурал дээр нэг нь хэрэв „Айвенхоу майнз” орж ирж илрүүлээгүй бол ер нь яах юм гэж дуугарч байгаа байна лээ. Нээрээ л тийм шүү дээ.
-Энгийн үгээр хэлбэл, хайгуулаа ч хийх мөнгөгүй гар хоосон улс шүү дээ. Тэгээд л арай гэж тохиролцоонд хүрэхээр хараагаад унах жишээтэй?
-Бидэнд хайгуул хийх мөнгө байгаагүй. Төрд мөнгө байхгүй. Өнөөгийн том гээд байгаа компаниудын маань тамир хараахан хүрэхгүй. Үндэсний компаниуд дотроос арай жаахан нэр нүүртэй болж байгаа хэсэг нь гадагшаа гараад мөнгө цуглуулаад ингээд нэг юм бага багаар юм эхлүүлээд явах боломж бүрдэж байна.
-Төмөр замын асуудал дээр ээлжит маргаан дэгдээд байна. Дэргэд маань нүүрсний хамгийн том зах зээл байж байдаг. Ирэх эрин маань нүүрсний эрин болох төлөв тооцоо хийгдэж байна. Гэтэл бид ээлжит хэрүүлээ явуулж эхэллээ?
-Тавантолгойн төсөл том утгаараа хараахан эхлээгүй байна. Манай хэдэн үндэсний компанийн нэгдэл „Энержи ресурс” групп „Ухаа худаг” төсөл дээрээ үйл ажиллагаа явуулаад эхэлчихсэн. Энэ жил нэг сая 800 тонн нүүрс олборлож борлуулах юм гэсэн. Хойтонгоос хоёр гурван сая тонн гээд явах юм байгаа биз. Энэ ажлаа улсынхаа хууль номын дагуу л хийж байгаа шүү дээ. Ийм хэмжээний ажил барьж авсан улс аль болох хямд төсөр үнээр л хийх юмсан гэж бодно оо доо. Нүүрс гээч юм маань өөрөө асар их зай эзлэхүүнтэй бүтээгдэхүүн юм, асар их тээвэрлэлт шаардагддаг юм байна. Эд нар зуун хэдэн машинаар гэнэ үү тээж байгаа юм билээ. Нөгөө байгаль дэлхийн чинь байгаа хөрсөн дээгүүр нь. Тэгэхээр тэнд мөн хөөрхийлөлтэй нөхцөл байдал үүсч байгаа л даа. Тэгээд одоо тэр тээврийн орчныг сайжруулах хамгийн төсөр арга зам бол төмөр зам л даа. Тэр төмөр замыг нь засгаас зохих ёсны зөвшөөрлийг нь аваад л тавих гэж байгаа юм байна гэж би ойлгож байгаа. Тэр зөвшөөрлийнх нь дагуу гаднын компанитай зам тавья гэж тохироод, гэрээ хэлэлцээрээ байгуулаад ингээд явж байгаа юм байна гэж. Би бол тод санаж байна. Ерөнхий сайдыг энэ оны эхээр Германд айлчлахад л тийм гэрээнд гарын үсэг зурцгаасан. Би овоо доо л гэж бодож байсан. Ахиад нөгөө гуравдагч хөршийн тухай яриа руугаа оръё. Герман жинтэй тоглогч болж байдаг Европын холбоо гэж байна шүү дээ. Тэр Европын холбоо нэг банктай шүү дээ.
-EBRD?
-Тийм. Энэ банк “Ухаа худаг” дээр хувьцаа худалдаж авсан байна. Энэ чинь юу гэж байгаа юм бэ гэхээр Европын холбооны сонирхол бодитойгоор орчихсон төсөл байна л гэсэн үг. Гуравдагч хөршийн бодит сонирхол энд бас бий болж байгаа байхгүй юу. Тэр нүүрсийг олборлодог утгаараа ч, тэр төмөр замыг тавих гэдэг утгаараа ч. Тэр төмөр замыг тавихад чинь асар их хөрөнгө хэрэгтэй. Энэ компани чинь бас л хорвоо дээгүүр мөнгө хаяж явна биз дээ. Тэгээд энэ Европын хөгжлийн сэргээн босголтын банк 100 сая орчим долларын зээл өгөхөөр үндсэндээ ойлголцож байгаа гэнэ лээ. Тэгэхээр энэ төсөлд жишээ нь 200-300 сая доллар хэрэгтэй гэж үзэх юм бол гуравны нэгийг нь тэд гаргах ийм нөхцөл бүрдэж байгаа гэсэн үг. Европын холбооны тов тодорхой гар хөл оролцохоор тохиролцоонд хүрчээ. Тэгэхээр тэр гарын хурууг нь ч юм уу бид заазуурдаж байж болохгүй ээ. Гурав дахь хөршийн бодлого гэгчийг энэ сонирхол дээр бас нэг том углуургаар уях хэрэгтэй гэж л харж байна.
-Гашуунсухайт руу зам тавих зөвшөөрлийг гурван компанид олгосон. “Болд ерөө гол”, “Мак”, “Энержи ресурс” гээд. Гурван компани гурван газраар хил сэтлэх болж байна уу гэсэн нэг эсэргүүцэл явж байна. Нөгөө талаар Хятад руу чиглэсэн ийм олон гарцыг нээж хэрхэвч болохгүй. Үндэсний аюулгүй байдалд цөвтэй гэсэн үг хүн болгоны аманд орж ирчихээд байх юм?
-Тийм.
-Гэтэл нөгөө талд ашигт малтмал дагасан дэд бүтцийг төрийн нэгдсэн бодлогын хүрээнд цогцоор нь шийдэх ёстой. Орд бүрт зориулсан дэд бүтцийн салангид бодлогыг хэрхэвч явуулж болохгүй. Эдийн засгийн аюулгүй байдал гэдэг юм алга болно шүү гэж анхааруулж байна?
-Аюулгүй байдлаа эдийн засгийн аргаар хангах тухайд авч үзэж эхэлж байна. Энэ бол маш зөв зүйл. Чухам үүн дээр бид алхам хийх гээд зогсч байна шүү дээ. Тэр тосгон болгон нэг төмөр замтай болно гэдэг дэмий зүйл л дээ. Монголын төмөр замын мастер төлөвлөгөөг Зам тээвэр, барилга хот байгуулалтын яам боловсруулаад, засаг энэ жил багтаж хэлэлцэх, тэгээд их хурлаар оруулаад төрийн нэгдсэн бодлого гараад ирэх ёстой гэсэн ийм ажлуудыг хийж байгаа юм билээ. Тэнд ухаан бодлоо уралдуулж байгаад л шийдвэрээ гаргах байх. Гурван зам гэдэг яаж ч бодсон утгагүй. Нэг зам бол хэрэгтэй. Хятадын дотоодын зам тээвэртэй холбогдчихно гэж зарим нь эсэргүүцээд байгаа юм билээ.
-Нарийн царигтай төмөр замаар яах юм гэж зарим нь хэлж байгаа?
-Ганчимэг ээ, би эрхбиш нэг инженерийн боловсролтой хүн байгаа юм. Одоо эдгэчихсэн л дээ. Гэхдээ хар ухаанаар бодоход яг Хятадын төмөр зам шиг царигтай төмөр зам манайд зайлшгүй хэрэгтэй. Хил дээр очоод л дугуй солино гээд хэдэн цагаар зогсч байдаг. Ийм хорвоо гэж ямар юм байсан юм бэ. Маш марзан зүйл шүү дээ. Тийм учраас хуучны стандартын царигтай төмөр замтай л байх гэсэн хуучны тэр шалтаг шалтгаан бол арилсан гэж бид хүлээн зөвшөөрөх ёстой. Яг хятадынхтай адилхан царигтай төмөр замтай байхаар л одоо юу гэдэг юм Сюү Шү Жан гялс гээд ороод ирэх юм шиг инээдэмтэй юм ярьж болохгүй. Одоо бол чухамхүү эдийн засгийн үр ашигтай л зам харилцаа хэрэгтэй. За тэгээд урагш нь тавих зам маань яг хятадын дотоодын төмөр замын сүлжээтэй холбогдчихвол Тянжинь орох чинь ерөөсөө 1000-хан километр. Манайхан тэр холуур л Солонгосын хойгт хүрнэ гээд л ярих юм. Солонгосын хойгт хүрэх хамгийн ойрхон боомт Тяньжинь. Манайхан чингэлгээ энүүгээр их л зөөж байсан байх. Тэгээд яг нарийн ярих юм бол Хятадыг тодорхой утгаар өөрийнхөө нүүрснээс хараат болгох ёстой юм.
-Бид бусдыг жаахан юм бодуулах утасны үзүүргүй явж ирлээ л дээ. Нүүрсний зах зээл дээр тоглогч болчихвол үнэхээр сайхан байна аа?
-Жишээлбэл, өө тэр ерөөсөө Бугат руу л зөөчих гэж байгаа юм гэж байна. Бугатад нь хэрэгтэй бол тэрийг нь өгье л дөө. Бугат нь 50 сая тонн нүүрс хэрэглэдэг бол Монголоос 10 сая тонн очдог байг л дээ. Тодорхой хувь нь Монголын нүүрснээс хамааралтай байг л дээ. Тэр утгаараа гар барилцах л хэрэгтэй ш дээ. Ухаа худагт монголчууд боловсруулах фабрик барих гэж байна. Өөрөөр хэлбэл коксжих нүүрс болгоно. Гурван түвшинд юм шиг ярьж байна лээ. Хамгийн сайн, дунд зэрэг, бага зэрэг гэх маягаар.
-Тэр үйлдвэрийг зүгээр л нэг нүүрс угаах үйлдвэр гэж ярьж бичиж байгаа?
-Юу яриад байгаа юм бэ. Баяжуулах фабрик шүү дээ. Нүүрсээ кокс болгох, коксжих нүүрс гаргах тухай асуудал шийдэгдэж байна. Их мэдэгч улсууд элдэв л юм ярьж байгаа байх. Хятад Монголын нүүрснээс жаахан ч гэсэн хамааралтай байх нь илүү чухал гэдгийг л би ахин хэлмээр байна. Ганц Бугат нь ч байг хамаагүй. Өшөө хэн нь ч байдаг юм. Ийм байна гэдэг өөрөө чухал. Бид дэлхийн зах зээлд гарна гээд л баахан ярих юм. Тяньжинээр л гарна биз дээ. Би ойрхон гэдгээр нь л хэлж байгаа юм шүү дээ. Тэр нөгөө хойгуур тойрох замаа ч гэсэн тавь л даа. Хэзээ тавих юм. Яг Ухаа худаг дээрээ ч юм уу, Тавантолгой нь зэрэгцээд л байж байгаа ш дээ. Тэднийхээ баяжуулах фабрикийг яг эндээ барьчихаж болохоор байхад чинь нөгөө шороон нүүрсээ 400 км Сайншанд дээр аваачиж одоо яах гэж байгаа юм бэ. Шал дэмий тээвэр л хийх гэж байна шүү дээ. Энэ одоо ямар ухаантай юм бэ. Ийм юмыг дээхэн бол агуу ихийн дэмийрэл л гэдэг байсан юм ш дээ. Манай СССР-ийнхэн ч Ангар мөрөн дээр цахилгаан станц барина гээд л баахан дэмийрэл явдаг байсан. Тэрэн шиг л манайхан энэ Сайншанд дээр баахан мундаг юм ярих юм. Тэгснээ саяхан зэс хайлж барих гэж байгаа юм болов уу гээд бодож байсан чинь өө, зэс хайлуулах үйлдвэрээ Эрдэнэт дээр барих нь зүйтэй юм гээд л ярьцгаагаад унах юм. Энэ одоо юу болоод байгаа юм бэ. (инээв)
-Хятадын зах зээл рүү бол дэлхий нийтээрээ л дайрч байна. Бид бол хаяанд нь байна. Адилхан л дайръя л даа. Бид тэр агуу зах зээлээс бас юм хүртье л дээ. Хамгийн энгийн ийм л хүсэл байна л даа?
-Ердөө л наадахь чинь шүү дээ. Төмөр зам гэдэг чинь стратегийн тээвэр ээ. Тэрийг төр мэдэж байх ёстой гэж нэг зүйл яриад байх юм. Тэгвэл энэ хувийн хэвшлийнхэн хөрөнгө босгоод барьчихъя гээд байна. Бариулчихаад төр нь нийгэмчлээд л авчихгүй юу. Болно ш дээ. Хуулинд байж л байна.
-Та харгис юм ярьж байгаа юм биш үү. Хүний мөнгөөр бариулчихъя, дараа нь цөмөөрөө дээрэмдээд нийгэмчилчихье гэдэг чинь юу гэж байгаа юм бэ?
-Юун хулгай дээрэм бэ. Худалдаж авна шүү дээ. Зүгээр авахгүй л дээ. Зарсан хөрөнгийг нь тооцоод, 10 жил олох байсан ашгийг нь тооцоолоод „За, май би бол мундаг мөнгөтэй төр шүү. Өвгөн чинь наадахыг чинь авъя” гэхгүй юу. Үндэсний эрх ашиг энэ тэр жигтэйхэн хохирчих юм энд байхгүй. Харин хэрэг дээрээ чангараад байна. Монголын эдийн засаг хөгжих тусам үндэсний аюулгүй байдал чангарна. Яг өөрийнхөө нутаг дээр байгаа хичнээн их баялгаа эргэлтэд оруулж, хичнээн их мөнгө цуглуулж чаддаг болно, бидний үндэсний язгуур эрх ашиг бэхжиж байх ийм л зүйл ш дээ.
-Сэтэрсэн боомт болгоноор нөгөө сайн найзууд савираад ороод ирнэ гэх болгоомжлол бас байна?
-Тэр энэ олон сэтэрхийнээс огт хамаарахгүй. Одоо бол Замын-Үүдээр гоожоод л байгаа. Тэр гоожиж байгааг харсаар байгаад бид энийгээ зохицуулдаг механизмтэй болохоо л чухалчлах ёстой. Бусад нь бол дэмий үг. Эрхбиш олон улсын харилцаа гээч юм ардчилагдаж боловсронгуй болсоор байгаа. Хятадын Засгийн газар бол хилээ хамгаалж байгаа. Хятадуудаа явж дуртай газраа бизнес хийж аж төр гэдэг бодлого барьж байгаа боловч „Бүү улсын нэр гутаагаад бай” гэсэн хатуу байр суурь тулгаж байгаа. Бас нэг юм бодогдож байдаг юм. Үйлдвэрлэх хүчнийг аль болох таруу байршуулах ёстой гэж би үздэг.
-”Энержи ресурс” өөрсдийн Ухаа худагийн нүүрсийг л тэр замаараа зөөнө шүү дээ. Монголд ямар ашигтай юм гээд л зарим нь загнаж байгаа харагдах юм. Уг нь замууд баригдаж, Монголын ажил урагшаа явж л баймаар байна?
-Наадахийг чинь л жинхэнэ архи айрагны үг гэдэг юм даа. Дэмий үгнүүд.