Дэлхийд чансаагаараа хоёрдугаарт эрэмбэлэгдэж буй чөлөөт бөхийн олон улсын хэмжээний мастер, “Бөртэ чоно-2023” наадмын шилдэг тамирчин, цагдаагийн дэд ахлагч, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт Э.Дэлгэрмаатай ярилцлаа.

Тэрбээр өнгөрсөн жил ДАШТ-ээс мөнгөн медаль хүртэж энэ онд болох хүн төрөлхтний эв нэгдлийн бэлгэ тэмдэг болсон олимпод оролцох эрхээ өвөртөлсөн юм. Тэр болгон хэвлэл, олон нийтэд ярилцлага өгөөд байдаггүй ховор зочинтой уншигч та бүхнийг уулзуулж байгаадаа баяртай байна. 

-Өнгөрсөн он таны хувьд амжилтаар дүүрэн жил байлаа. Хоёулаа эндээс яриагаа эхлэх үү дээ...

-Тэгэлгүй яахав. 2023 он миний хувьд амжилт бүтээлээр дүүрэн жил байлаа. Ёстой л шинэ оноо шижгэр амжилтаар угтсан. Учир нь ДАШТ-ээс мөнгөн медаль хүртэж энэ онд болох олимпод орох эрхээ авсан. Энэ бол миний олон жилийн хөлс хөдөлмөр, зориг тэвчээр шингэсэн медаль. Мэдээж тус тэмцээнд амжилт гаргасан тамирчид олимпод оролцох эрх авдаг учраас ур чадвар шавхсан, хариуцлага ихтэй барилдаанууд болдог. 

-ДАШТ-ээс гадна Азийн аварга шалгаруулах тэмцээнд мөн амжилттай оролцсон. Тус тэмцээнүүд хоорондоо долоохон хоногийн зайтай болсон шүү дээ. Ер нь давчуу хугацаанд томоохон тэмцээнүүдэд оролцоход ямар нэгэн хүндрэл байдаг уу? 

-Мэдээж ойрхон хугацаанд хоёр том тэмцээнд орж амжилт үзүүлнэ гэдэг тийм ч амар зүйл биш. Миний хувьд сэтгэлзүйн бэлтгэл маш сайн байсан учраас тун ойрхон хоёр тэмцээнд дараалан орж сайн амжилт үзүүлсэн болов уу. 

Азийн наадам бол дөрвөн жилд нэг удаа зохиогддог “Азийн олимп” юм. Тиймээс мөн л өндөр хариуцлагатай тэмцээн. Тэндээс би олон зүйлийг ойлгож, ухаарсан. Ялсан, ялагдсан аль нь ч бай тэдгээр тамирчидтай цаашид хэрхэн барилдах талаар туршлага хуримтлуулж, дотроо олон зүйлийг тунгааж, эргэцүүлэн бодсон доо.

-Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд алтын төлөө дэвжээн дээр гарахдаа өөрийгөө хэр хурцалж барилдсан бэ?

-Би дотроо их тайван байсан. Өрсөлдөгч бөх маань дэлхийн аваргын хошой хүрэл медальт, Туркийн бөх Бусе Тосун байсан л даа. Дэвжээнээс бууж явахдаа хэт тайван байчихав уу даа гэж бодсон. Хариу мэх хийж дөрвөн оноо авсан ч өөрийн хүчиндээ өрсөлдөгчийнхөө дээгүүр давж унаад хүнд даралтанд орчихсон. Ингээд л дэлхийн аваргын алтан медалиа алдсан даа. 

-Түүндээ харамсаж байна уу?

-Үгүй. Учир нь дэлхийн дэвжээн дээр гаргасан алдаагаа олимпийн наадам нөхөх боломж надад бий. 

-Эмэгтэй хүний хувьд бөхөөр барилдах хүндрэлтэй санагддаг уу? 

-Бэлтгэл сургуулилтаа сайн хийчихсэн байхад нэг их хүндрэлтэй зүйл байхгүй. Заримдаа шантрах, урам хугарах зүйл тохиолдох нь бий. Гэсэн хэдий ч бэлтгэл сургуулилтай хийгээд ирэхээр аяндаа эрч хүчээ нөхөн авч дахиад л эхэлдэг дээ.

-Долоо хоногийн хэдэн өдөр бэлтгэл хийдэг вэ?    

-Долоо хоногийн зургаан өдрийг бэлтгэлдээ зориулж байна. Үндэсний шигшээ багийн ахлах, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Ц.Баярсайхан багш дээр тогтмол бэлтгэл хийдэг.

- Та аав, ээжийн талаасаа бөхийн удамтай юу? 

-Аав, ээж хоёрын аль, алинд нь бөхийн удам бий. Манай аав, ээж хоёр малчин хүмүүс. Тэдний маань аль, аль талд нь барилддаг хүмүүс олон байсан гэнэ лээ. Ээжийн талаас гэвэл Монгол Улсын гавьяат тамирчин, Ардын багш, олимпын хүрэл медальт Ч.Чимэдбазар багш байна. Харин аавын талаас гэвэл Монгол Улсын гавьяат тамирчин, Хөдөлмөрийн баатар Д.Цэрэнтогтох аваргатай их ойрын хамаатан.

 

-Чөлөөт бөхөөр барилдаад удаж байгаа юу. Хэзээнээс барилдаж эхэлсэн бэ? 

-Анх 2010 онд аймгийнхаа аварга шалгаруулах тэмцээнд оролцож байсан. Тухайн үед сумын дунд сургуулийн сурагч байсан болохоор сумаа төлөөлөн ирж оролцсон. 38 килограммын жинд зодоглоод алтан медаль хүртсэн. Үүнээс хойш дөрвөн жилийн дараа Өвөрхангай аймгийн Биеийн тамир, спортын газрын бөхийн дугуйланд явж эхэлсэн. Миний анхны багш тус газрын дасгалжуулагч Э.Баттүшиг гэж хүн бий.

-Анх барилдаж эхэлснээсээ хойш ямар, ямар амжилт гаргасан бэ? 

-Олон амжилт үзүүлсэн дээ. 2016 онд Чөлөөт бөхийн олон улсын хэмжээний мастер болсон. Мөн өсвөр үеийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртэж байлаа. Үүнээс хойш хоёр жилийн дараа буюу 2018 онд залуучуудын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль, ДАШТ-ээс мөнгөн медаль хүртсэн. Дараа жил нь Ю23 хүртлэх насны ангилалд мөнгө медалийн эзэн болж байлаа. 

Харин 2020 онд насанд хүрэгчдийн Ази тивийн аврага шалгаруулах тэмцээний хүрэл медаль, дараа жил нь хүрэл медаль хүртсэн. Уржнан жил мөн л амжилтаа давтсан. Мөн өнгөрсөн жил зуны спортын XIX дэх удаагийн Азийн наадмаас хүрэл медаль авч байлаа. Дотоодын тэмцээний хувьд гаргасан амжилт гэвэл 2021 оноос хойш өнгөрсөн оныг хүртэл гурван жил дараалан чөлөөт бөхийн улсын аварга болсон.

-Та бол дэлхийн дэвжээнд барилддаг бөх. Таны бодлоор бусад орны тамирчдыг өөрийн тамирчидтай харьцуулахад ялгаатай зүйлс хэр ажиглагдаг вэ?

-Мэдээж бусад орны тамирчдаас ялгаатай зүйл олон ажиглагддаг. Мэдээж орон орны тамирчид өөр өөрсдийн онцлогтой. Харин манай тамирчдын хувьд гэвэл их эрэмгий, золбоотой, тэвчээртэй нь харагддаг. Үүнээс гадна бяр мэхний хувьд туйлын илүү, оюун ухааны хувьд ч дутах юмгүйгээр барилдах тактикаа нарийн, зөв төлөвлөдөг. Гэхдээ дутагдалтай тал бас байна. 

-Тэр нь юу вэ?

-Манайд спортын сэтгэлзүйч их ховор байдаг. Тамирчдын ихэнх нь сэтгэлзүйчтэй сайтар ажиллаж, өөрийгөө сэтгэлзүйн хувьд бэлтгээгүй байх нь бий.

-Таны дараагийн хамгийн том зорилго юу вэ?

-Миний өмнө 2024 оны олимпын наадам хүлээж байна. Өөртөө олимпийн аварга болох зорилгыг тавьсан. 

Ctrl
Enter
Гомдол хэрхэн мэдүүлэх вэ?
Холбоотой текстийг идэвхжүүлэн Ctrl+Enter дарна уу.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл (0)

Foto
А.Доржханд

Б.Ганчимэг
Б.Ганчимэг
Б.Алтанхуяг
Б.Алтанхуяг
А.Доржханд
А.Доржханд
О.Нинж
О.Нинж
П.Соёлдэлгэр
П.Соёлдэлгэр
А.Банзрагчгарав
А.Банзрагчгарав