Г.БАЯНДАЛАЙ
ОХУ-ын Засгийн газрын дэргэдэх Санхүүгийн их сургуулийн оюутан
Шинэ он гарсаар хүн төрөлхтнийг дэнсэлгэсэн халдварт тахал улс орон бүрээр чадал мэдэн тархаж, жижиг битгий хэл томоохон гүрнүүд нь хөл алдан сандарч байгаа энэ бэрх цагт ЭХ ОРОН, Төрийнхөө их СҮЛДэнд чин зүрхнээсээ залбиран, талархаж явна аа, шар охин нь.
Бүтэн нэг өдөр нам сууж гараар оёсон 12 ширхэг даавуун маск, нэг удаагийн 15-аад бээлийгээ, гэрийнхэндээ авсан жаал зүйл, дүү нартаа үлгэрийн номын хамт цүнхлээд дөрвөн сарын арванд Москва дахь дотуур байрнаасаа зургуулаа таксидаад онгоц буудал очоод бүртгэлээ хийлгүүлчихээд бусдаас зайдуу сандалд суугаад нислэгээ хүлээсээр онгоцондоо суун нислээ. Москва — Улаан-Үүд чиглэлийн 210 хүний суудалтай BOEING-737 онгоцонд сул суудал үгүй байх ба 70 орчим хувь нь эх орноо гэсэн монгол оюутнууд байлаа. Зургаан цагийн шууд нислэгийн туршид хоёр цаг тутамд маскаа сольж бээлийгээ санитолоор ариутгасаар дэлхийн хамгийн гүн нуур болох цөнгөө түрж амжаагүй Байгаль нуурын дээгүүр нисээд хэдэн минутын дараа бид газардлаа.
- Цонхон талд суусан би хүмүүсийн буухыг хүлээн суудалдаа тайван сууж байхдаа нэгэн зураглалыг хараад баярын нулимс ч юм уудаа дээш хөөрөөд л ирлээ дээ. Цагдаагийн гэрэлтэй машин, нэг приусыг дагасаар дөрвөн том автобус нислэгийн зурваст орж ирлээ. Хаалга онгойж хүмүүс гарлаа. Миний ээлж ирлээ. Үүдэнд дулаан шалгах бууг барьсан эмэгтэй зогсоно. Шатаар буулаа. Өнөөх цуваа бүхий машинаас битүү цагаан хамгаалалтын хувцас, маск, хаалттай хүмүүс бууж иржээ. Оюутнууд бид ачаагаа хүлээж ээлж тааруулан ачаагаа чирж тэдгээр хүмүүсийн коммандыг хүлээлээ. Нэрсээр дуудан биднийг дөрвөн автобусанд хуваариллаа. Энэ хоромд би эх орондоо машид талархлаа. Хүний нутагт өөрийн иргэдээ, залуучуудаа тосч авах, бүхий л нөхцөл хаалтыг нь зохицуулж эх орон луугаа оруулах гээд энэ бүгдийг зохион байгуулж байгаа ЭХ ОРОНДОО талархаж байлаа. Дэлхий дээр хэдий олон улс орон аж төрдөг ч хүнээ гээд хүний нутагт зорьж яваа улс орон тийм олон билүүдээ энэ хэцүү цагт гэж бодоод ЦӨӨХӨН ард түмэнтэй гэдгээ, НЭГ ХҮН бүр нь ЭХ ОРОНд минь асар үнэ цэнэтэй гэдгийг энэ дүр зураг мэдрүүллээ.
- Автобусандаа суулаа. Суудал бүр дээр сэндвич, ус, жигнэмэг, зууш, самар, ундаагаар дүүргэсэн цаасан уут, Буриад улсын танилцуулга хуудас, лого бүхий малгай, нэг удаагийн 3 ш маск, нэг удаагийн нэг бээлий бүхий нэг торыг байрлуулжээ. Энэ хэсэгт ахиад машид баярлаж байлаа. Идэх юм хараад баярласандаа биш лдээ. Биднийг нисэхээс өмнө консулын газрын албан хуудас дээр хил хүртэл нэг ч зогсохгүй тул бие засах боломжгүй, мөн замдаа идэх зүйлсээ бэлдэж ирэхийг сануулсан байсан юм. Гэтэл сануулсаар байсан атлаа бэлдээд тавьжээ. Яасан сайхан хайр халамж билээдээ. Тэгээд Улаан-Үүдээс Хиагтын боомт хүрэх 233 км замд 3 удаа зогсож биеийг засуулж цагдаагийн машиныг дагасаар 5 цаг яваад боомт дээр ирлээ. Хилийн зурвасаар 140-д оюутныг 15,15-аар нь тасалж ачаа шалган, паспортны шалганаар ороод эх орныхоо хилийн зурвас дээр ирлээ. Төрийн минь сүлд болсон АЛТАН СОЁМБО хаалганых нь хашлага дээр хадагдсан байгааг, МОНГОЛ УЛСЫН ХИЛ гэсэн бичгийг хараад дотор огшоод л явлаа. Хэн бэ хаанаас яваа вэ гээд хамгаалалтын хувцас бүхий хүмүүс өөдөөс угтлаа. Нэрээ хэллээ. Хэрэв би гадаад хүн байсан бол нэг удаа хэлээд шууд жагсаалтаас нэрийг минь хайж чадахгүй байсан шүүдээ. Гэтэл ганцхан удаа овог нэрээ хэлэхэд л тэр хүн аль өмнө нь намайг мэддэг байгаад ирцийг минь бүртгэх гэж байгаа багш шиг минь олон хуудас жагсаалтаас нэрийг минь хайгаад орж болохыг хэллээ. Ингээд би эх орныхоо алтан хилээр дүүрэн омогшилтой алхаж орж ирлээ. Мэдээллийн хоёр ажилтан өвчний шинж тэмдэг байгаа эсэх талаарх хуудас хэрхэн бөглөх талаар заавар өглөө. Яг л ээж шиг минь толгойг минь илж байгаа мэт л санагдлаа. Улаан бүст жаал зогслоо. Өмнөх ээлжийн хүүхдүүдийг фургон машинаар дараагийн процесс руу зөөж манай хэсгийг дотор оруулан халуун хэмжиж, мэдүүлэг авч, бидний гар тээш, цүнхийг ариутгалын бодисоор ариутгаад 11-ээр тасдан дараагийн газар луу фургоноор явлаа. Хол биш газар очоод том оврын автобусанд суун нэгэн эмнэлгийн байранд очиж мөн л 20, 20-оор таслан оруулаад биднийг бүртгээд хүн бүрт 3 ш маск, санитолын хамт өглөө. Тэр бүртгэж байсан хүмүүс яг л ээж шиг минь миний хүүхдүүд ороод наад орнууд дээрээ суугаад амар гэлээ. Хүлээлээ, суулаа. Бид тэндээс гараад Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар сум руу хэдхэн минут явлаа. Ийнхүү явах хугацаанд автобусны телевизээр дууны видео явлаа. Нэгэн жаалхан охин ээжтэйгээ хамтдаа дуулсан дуу байлаа. Ээжийн тухай, хайрын тухай. Баярлаад уйллаа. Зүгээр л бүх зүйлсэд чин сэтгэлээсээ талархаад уйлсан юм. 140-д оюутныг авах гэж ажиллаж байгаа тэр бүх хүмүүст, авахыг зөвшөөрсөн шийдвэрт машид талархаж байлаа.
- Дотроо би нэг зүйлийг ахин дахин амлаж бодож байлаа. “Ингээд тосоод авах эх оронтой байгаа би ямар азтай, баян хүн бэ? Ийм хэцүү цагт алагчлалгүй бидэндээ хандаж, биднийгээ татсан төрийнхөө их сүлдэндээ талархаж байлаа. Баярлалаа, миний эх орон минь. Маш их баярлалаа. Охин нь таныхаа төлөө амьдарна аа. Таныхаа төлөө хийж чадах бүх зүйлээ ЧИН СЭТГЭЛ, ЗҮРХээрээ үйлдэж, шудрагаар дайчин хөдөлмөрлөх болно оо” гэж.
- Урьд нь ээж минь хэлдэг байсан юм. Монгол улсын төрийн сүлдэнд залбирч явах ёстой юм гэнэлээ миний хүү. Энэ сүлд асар хүчтэй шүү гэж. Тэгэхэд би яагаад гэж дотроо бодоод төдийлөн ач холбогдол өгөлгүй л өнгөрсөн юм. Харин энэ 23 цагийн уртын, ухаарал, омогшол дүүрэн нүүдэл минь ээжийн минь үгийг сануулсан. Зүгээр л би ийм сайхан эх орондоо үр нь болж төрсөндөө чин зүрхнийхээ голоос талархаж байна. Тийм ээ бидний Монголд болж бүтэхгүй байгаа зүйлс их бий, гэхдээ ерөнхий үндсэн ухагдахуун, үнэ цэнээрээ миний эх орноос илүү үнэтэй, сайхан газар энэ дэлхий дээр хаана ч үгүй юм байна аа.
- Сэлэнгийн Сүхбаатараас нэг галт тэргэнд 90 -үүлээ шахцалдан суугаагаараа сууж давчуу орчинд, халууцан ирсэн ч аль боломжит хувилбараараа биднийг зохицуулж байгаа энэ сайхан хүмүүстээ баярлахаас биш гомдол, гонгинол төрж чадсангүй ээ. Харин гонгинон олон зүйл ярих залуус сонсогдож байсан ч бас нэгэн талдаа тэд нэгнээсээ халдвар авчих вий гэсэн айдас дунд байгаа тул арга ч үгүй биз ээ.
- 8 цагийн галт тэргээрх аяллын дараа Толгойтод бидний вагоныг салгаж үлдээгээд үндсэн вагон яваад өглөө. Биднийг гаргаж авах ажлыг бэлдэж байлаа. 6–7 том оврын автобус 4–5 цагдаа, онцгой байдал, мэргэжлийн хяналтын газрын машинууд ирж зогсчээ. Буутай хоёр гурван хүн, халдваргүйжүүлэлтийн бодис үүрсэн 3–4 ажилтан, холоос цагаан хоолойгоор зб хийх 3–4 хүн, ажиглалт хийн зогсох 5–8 хүн гээд нилээд баг бүрэлдэхүүн болжээ. Биднийг таслан буулгаад бидний бээлийнүүдийг хаяулж, гар утаснуудыг ариутгаж, ахин бидний дээрээс халдваргүйжүүлэлтийн бодисыг зөөлхөн цацаргаж, гар тээш, цүнх ачааг сайн ариутгаад 2 автобусанд хуваарилаад цагдаагийн машинаар ахлуулаад нийслэлийнхээ төвөөр өглөөний 6,30 орчимын сэлүүхэн замаар явлаа. Нойр хүрчээ. Тэр нойр ч яахав. Ингээд эх орондоо ирчихлээ гэж бодоод ихэд сэтгэл амарч хөнгөрчээ. Шинэхэн баригдаад удаагүй байгаа хотын төвд ойрхон байрлах буудалд биднийг байрлуулах ажээ. Хашаанд нь цагдаа, холбогдох байгууллагын машинууд хэдийн ирээд зогсож, эхний автобус сулрахыг хүлээж автобусанд жаал суулаа. Бидний ээлж ирж, зургаа зургаагаар таслагдан буулаа. Буудалд орж ирлээ. Бүртгүүллээ. Өрөөндөө хоёулаа орохоор болж бидний өрөөг хэлж өглөө. Цахилгаан шатны картыг дарж буух давхрыг маань дарж өгөх тэр хүний хэлсэн үгэнд ахиад сэтгэл уярлаа. Тэр залуу хэлэхдээ “Сайн явж ирэв үү? Ядарсан уу? Одоо өрөөндөө ороод сайхан халуун усанд ороод битгий унтаарай, өглөөний цай, унд нь удахгүй орно” гээд. Цахилгаан шатанд орохын өмнө “ЭХ ОРОНДОО ТАВТАЙ МОРИЛ” гэлээ. Ямар гайхалтай вэ? 20-дхон настай залуучууд бид нь эх орондоо, нэг иргэн бүр нь эх орондоо хичнээн чухал эрхэм болохыг минь, биднийг нэг бүрчлэн алагчлалгүй хайр халамжаар эх орон минь шаардлагатай үед халамжилж чаддагийг энэ 2 өдөр дамнасан нүүдэл маань үнэхээр мэдрүүлж чадлаа.
- Тиймээ, “Эх орондоо тавтай морил” гэдэг үгийг урьд нь ийм хүнд жин татдаг гэж бодож байсангүй ээ. Эх орон минь, би таныхаа төлөө амьдрах болно оо гэдгээ, таныгаа бусдын нүдээр сайхан биш өөрийн тань дотоод үнэ цэнэ, мөн чанарынхаа хувьд хамгийн сайхнаар нь өнө удаан, үүрд мөнх хадгалагдан үлдээж үеэс үед цэнхэр нүдэн эх дэлхийд дуурсагдсаар үлдээхийн тулд жаалхан охин нь хоёргүй сэтгэлээр оюун, сэтгэл, хөдөлмөрөө шудрага ариунаар зориулах болно оо хэмээн чин сэтгэлийнхээ угаас давтан давтан хэлсээр явлаа.
- Бидний 140-д оюутнуудад мөн л ийм бодол, мэдрэмж, дотоод үнэн зүрхний амлалт төрсөн гэдэгт бат итгэлтэй байна аа. Олон олон залуус ахиж хэзээ ч эх орон луугаа хяламхийн харах, муухайгаар дурсах, бусдын сайханд муйхарлан автахгүйгээр эх орныхоо үнэ цэнийг ЗҮРХНИЙХЭЭ УГТ мэдэрсэн байхаа гэдэгт итгэж байна.
Коронавируст талархах нь:
- Эх орон минь, Монгол улс минь хамгийн аюулгүй газар гэдгийг
- Эх орон минь, Монгол улс минь хааш ч одсон эцсийн минь зогсоол гэдгийг
- Эх орон минь, Монгол улс минь эвтэй, ухаантай байвал бид чадна гэдгийг
- Эх орон минь, Монгол улс минь магадгүй дэлхийн хамгийн аз жаргалтай улс гэдгийг
- Эх орон минь, Монгол улс минь дэлхийн хүн бүрийн мөрөөсөх тэр газар гэдгийг
- Эх орон минь, Монгол улс минь өөрөө миний зүрхэнд оршдог гэдгийг
- Хүйн холбоо гэдэг шиг тийм нарийн утсан холбоо байгаа мэт тэр мэдрэмжийг
- Төрийнхөө сүлдний өмнө зүрх бөгтийн хүндэтгэл үзүүлэх тэр торгон хором мөчийг
- Монголчууд биднэгэн зорилго дор бол нэгддэг гэдгийг (Онгоц буудал дээр зөрөх хүмүүсийн 50 хувь нь л масктай байсан бол бүх оюутнууд маань бүгд нэг удаагийн эсвэл, өөрсдөө гараараа оёсон масктай, гараа ариутгах санитолтой, нэг удаагийн бээлийтэй явж байлаа. Машид бахархмаар. Бид чадаж байлаа. Өөрсдийгөө хамгаалж чадаж байлаа. Өөрсөддөө хайртай байлаа. Улмаар үүгээрээ бид эх орноо ХАЙРЛАЖ чадах юм гэдгээ харж байлаа. Өөрсдийгөө хамгаалах хүчтэй байлаа (Москвад маск хэдий олдохгүй байсан ч гараараа оёчих сэтгэлтэй юм аа). Улмаар бид эх орноо хамгаалж чадах юм гэдгээ харж байлаа.)
Сэтгүүлч | Б.Энхболд