Манай цуваа Булганы бурам шиг ааш авирыг орхин цасан цагаан дайдыг зүсэн Хөвсгөл аймаг руу давхиж явна. Хотоос хөвөрсөн хатуу хучилттай зам Булганы Уньт хүрээд дуусна. Урьд нь аймгийн төв өнгөрөөд л шороон замаар галгиулдаг байснаа мартчихжээ. Хүн гэдэг амьтан сайхан юманд тун ч амархан дасдагийн жишээ энэ биз. Ийшээ цас их унажээ. Хаашаа л харна хараа гүйцэмгүй цэлгэр цагаан өнгө гялбуулна. Удахгүй яах ийхийн зуургүй цас ханзарч, энэ цагаан тал цоохор тал болно. Уулсын бэлээс хаврын шар ус шоржигнон бууж ирнэ. Хорвоотой хамт сэтгэл ч гэсэн санаа алдсаны дараахь шиг уужран тавирна. Удахгүй дээ, хэдхэн хоног л байна.
Ерөнхийлөгч зам зуур Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын дөрөвдүгээр багийн малчин Д.Хонинхүү гуайнд буух боллоо. Хонинхүү гэхээр манай уншигчид шууд санаж байгаа байх. Ерөнхийлөгчийн ээж Хонинхүү гэж буурай байдаг. Ээжийнх нь амидаагийнх энд хаваржаалж байгааг зохион байгуулагчид дуулгаж л дээ. Д.Хонинхүү гуай аймгийн аварга малчин юм байна. Гаднаа хэдэн мянган мал багшраасан аархуу айл биш ч өвлийг өнтэй сайхан давлаа, хаваржаа ч сайхан байна гэсэн шиг намбайж байна. “Жирийн малчин миний гэрт Төрийн тэргүүн ороод ирсэнд долоон хүүхэд төрүүлж өсгөсөн өрхийн тэргүүн би их билэгшээж байна. Манай нутагт 1968 оноос хойш төр, засгийн тэргүүн ирээгүй санагдаж байна” гэж Д.Хонинхүү гуай баярлан өгүүлж байв.
Энд санаа зовоож байгаа хэдхэн асуудал байгаа гэнэ. Тэрний нэг нь бэлчээрийн даац. 80 мянган бог бэлчээрлэх даацтай гэж тооцоолсон газарт одоо 300 мянган бог бэлчиж байна гэхээр нутгийнхны санаа зовох нь зүйн хэрэг. Булганы Дашинчилэнг гэхэд сүүлийн арваад жил энэ асуудал ээрч байгаа. Өнгөрсөн жил Ерөнхий сайдыг Булганд очиход нутгийнхан энэ асуудлыг тавиад хариулт авч чадаагүй. Асууж, анхааралд нь аваачиж өгөөч гэсэн нутгийнхны хүсэлтийг уламжилж байж ганц муу сэтгүүлч юу гээд байгаа юм гэсэн хэгжүүн хариу тэр зүгээс хүлээж авч арагшаа нам суусан. Бэлчээрийн асуудал бол хүний, манай гэхгүй нийтийн асуудал. Төр, засгаас бодлого боловсруулж л байгаа байх. Өөр нэг хүндрэлтэй асуудал нь усан сан. Бид худаг усыг нэмж гаргахад дэмжлэг хүссэн бичгээ холбогдох газруудад явуулсан. Мөн 1960-аад оны үед 320 хүүхдийн суудлаар тооцоолж барьсан сургуулийн барилга муудаж, ачааллаа даахаа больжээ. Анги танхимын хүрэлцээгүйгээс хүүхдүүд нэмэлт хичээл хийх, дугуйлан секцэд хамрагдах аргагүй байна. Сургуулийн асуудлыг маш удаан хугацаанд ярьж байгаа. Ийм учраас Ерөнхийлөгч та болон таныг дагалдан ажиллаж байгаа хүмүүс энэ асуудлыг анхааралдаа авна уу” гэж сумын Засаг дарга хүссэн. Д.Хонинхүү гуайнд иймэрхүү яриа хөөрөө болсны хүчинд ХХААХҮ-ийн сайд Т.Бадамжунай ойрын хугацаанд суманд худаг шинээр нэмж гаргахад дэмжлэг үзүүлэхээр болов. Салбарын сайд за гэвэл ёогүй хүн болохоор мөдхөн энд цоо шинэ худаг бий болох нь дамжиггүй.
ХӨВСГӨЛ САРЛАГИЙНХАА ХӨӨВРӨӨР БРЭНД ГАРГАНА
Ерөнхийлөгч Хөвсгөлийн Мөрөн хотод ирэнгүүтээ тус аймагт дөнгөж байгуулагдаад байгаа “Иргэний танхим”-тай танилцлаа. Тус “Иргэний танхим” гуравдугаар сарын 14-нд анхныхаа хэлэлцүүлгийг “Төрийн албан хаагчийн манлайлал” сэдвээр хийх гэж байна. “Орон нутагт ийнхүү “Иргэний танхим” байгуулагдаж, тоо нь нэгээр нэмэгдэж байгаад баяртай байна. Бид Үндсэн хуулиараа иргэний нийгэм байгуулна гэж тунхагласан. Иргэний нийгэм гэдэг маань төр, засгийн шийдвэрт иргэний санал тусгагдаж, шийдвэр гаргах явцад иргэн өөрөө оролцох энэ хэлбэрийг хэлж байгаа юм. Тийм учраас иргэдийн саналыг авах, хэлэлцүүлэх “Иргэний танхим” туйлын чухал. Төр бодлого, шийдвэр гаргахдаа иргэнээрээ шахуулж, тулгуулж явдаг байдал бол иргэнлэг нийгмийн хэлбэр биш юм. Иргэний хамгийн чухал оролцоо бол шийдвэрийг гарахаас нь өмнө, гарах явцад саналаа өгч байгаа хэлбэр гэж Ерөнхийлөгч хэлнэ лээ. Дараа нь Мөрөнгийн зарим жижиг, дунд үйлдвэртэй танилцсан. Засгийн газраас хэрэгжүүлж байгаа жижиг, дунд үйлдвэрийг дэмжих хөтөлбөр Хөвсгөл аймагт дажгүй хэрэгжиж байгаа бололтой. Эхний очсон үйлдвэр нь 2008 онд байгуулагдсан “Жинст Мөрөн” гэдэг нэртэй, сарлагийн хөөврөөр сүлжмэл бүтээгдэхүүн хийдэг газар байв. Тэднийх бүсийнхээ таван аймгаас сарлагийн хөөвөр авч, утсаа “Гоёо” компанид ээрүүлээд бүтээгдэхүүнээ Улаанбаатар болон бусад аймаг, сумдад нийлүүлдэг юм байна. Анх жилдээ 300 ширхэг бүтээгдэхүүн хийдэг байсан бол өнөөдөр 1200-г гаргадаг болж, борлуулалт нь 90 хувьтай.
Сарлагийн хөөвөр дулаан хадгалах чадвараараа ноолуураас 15 хувиар илүү гэнэ. Хөвсгөл аймаг ийнхүү хөөврөн бүтээгдэхүүн үйлдвэрлэж өөрийн гэсэн брэндийнхээ тоог энэ салбарт бий болгохоор чармайж байна. Загвар, хийцээр тун боломжийн тэдгээр бүтээгдэхүүнүүдийг хүмүүс нэлээд худалдаж авдаг болсон аж.
Дараагийн газар “Лидер” компанийн ноос, ноолуур угаах үйлдвэр. Энэ үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэлбэл 100 ажлын байр шинээр бий болгоно гэсэн урамтай мэдээг тэд Ерөнхийлөгчид илтгэж байна. Энэ эрчээрээ ажиллаад байвал аймгийн хэмжээнд төдийгүй зэргэлдээх аймгуудын ноос, ноолуурыг угааж, боловсруулж гаргах хүчин чадал бидэнд байна. Түүхий эдийг тэр чигээр нь аль болох гадагш нь хилээр гаргахгүй орон нутагтаа боловсруулж, нэмүү өртөг шингээн экспортлох нь илүү ашигтай гэж тэд ярьж байна. Эднийх орон нутгийн хөрөнгө оруулалтаар 500 сая төгрөгийн зээл авсан гэнэ. Дээрээс нь компани өөрөө тэрбум төгрөгийн хөрөнгө оруулсан. Ингээд л нэгэн сайхан үйлдвэр үүдээ нээчихэж. Энэ үйлдвэрийг жаахан дэмжээд өгвөл зөвхөн Хөвсгөл аймагт төдийгүй бүс нутагтаа ноос, ноолуур угаах хамгийн том үйлдвэр болно гэж удирдлагууд нь бардам хэлж байна лээ.
Шүүх, прокурор, хүүхдийн цэцэрлэг зэрэг байгууллагын үйл ажиллагаатай ч хөтөлбөрийн дагуу Ерөнхийлөгч танилцсан. Эдний шүүх хотын нэг дүүргийн хэмжээний ачаалалтай ажилладаг гэдгийг тэд хэлж байсан. Хүн амынхаа тоогоор улсдаа томд тооцогддог газар болохоор хэрэг зөрчил ч дагаад их гардаг нь ойлгомжтой.
Ингээд пиг дүүрэн, пүг хийсэн иргэдийн уулзалт руу явж орлоо. Ерөнхийлөгч үндэсний аюулгүй байдал, байгаль орчин, шударга ёс, монгол ёс заншил, иргэний нийгмийн мөн чанарын тухай сэдвүүдээр иргэдэд өөрийн баримталж буй байр суурь, явуулж буй бодлого чиглэлээ дэлгэрэнгүй ярьж, танхим ч нам жим чих тавин сонсов.
ХОТООС ИРЖ ТЕНДЕР АВДГАА БОЛИОЧ ЭЭ
Төрийн явдал суудал, Засгийн газрын ажил байдал, хамтарсан засгийн талаархи өөрсдийн бодол, хөдөө орон нутагт доголдож байгаа зүйлүүд гээд иргэд өргөн сэдвээр санал бодлоо илэрхийлж байна. Ерөнхийлөгч “Төр иргэн хоёр өөд өөдөөсөө алхах ёстой. Төр нь шилэн хүзүүгээ харуулчихаад иргэд нь араас нь гуйж гувшиж явдаг юм байж болохгүй ээ. Иргэний танхим дээрээ та нар асуудлаа чөлөөтэй ярьж бай. Орон нутгийн эрх ирэхгүй байна гэх юм. Ер нь төвд төвлөрсөн эрх буцаж ирэхдээ хойрго байдаг. Гэхдээ энэ бол ирж яваа цаг шүү. Бүгдээрээ хэлэлцэж байж асуудлаа тавьж, тэрийгээ шийдвэрлэж амьдрах цаг болсон” гэж төрийн тэргүүн тэдэнд хэлж байна. Аймаг, сумд зарласан тендерийг хотоос ирээд авчихаад байдгаа болих хэрэгтэй. Хам хум юм хийж хаяад мөнгийг нь аваад арилдаг. Араас нь хариуцлага тооцох механизм байхгүй байж таарахгүй. Орон нутгийнхан өөрсдөө юмаа хийж, өөрсдөө хариуцлагаа хүлээхийг хүсч байна. Тэрийг нь төр дэмжих ёстой гэсэн Ерөнхийлөгчийн байр суурьт иргэд талархалтай хандаж байна.
Ер нь хөдөөгийнхнөөс бүх юмыг нь очиж булаадаг жишиг тогтсон. Тендер бол бүр хотынхны ирж тоглодог талбар болсон. Давраад хотынхон газрын баялгийг нь, тариан талбайг нь очиж эзэлсэн. Наадмыг нь ч хотоос очоод л авчихдаг. Тэдэнд өөрсдийн бахархлыг нь эргүүлж өгөх хэрэгтэй шүү дээ. Тендер ирж авчихаад ажлаа хийхгүй хаяад арилсан зарим нэг компанийн тухай яриа Булганд ч гарсан. Төрийн тэргүүн үүн дээр хатуу байр суурь илэрхийлж, орон нутгаас булааж авах биш бүтээж өгөх талаар ажиллахыг холбогдох газруудад үүрэг болгосон.
Ингээд иргэдэд микрофон шилжлээ. Дарааллын эхэнд зогсч байсан хижээл насны хүн хэлж байна. Ерөнхийлөгч өө, энэ баяр наадам ихэдлээ. Мартын найман, Валентин, ер юу юу ч гэнэв. (эрэгтэй хүн байсан юм) Нэг нь дуусахад нөгөө нь залгаж аваад л болох юм. Ингэсээр байгаад энэ улсад чинь ажил хийдэг хүнгүй боллоо. Ерөөсөө төрөөс тараадаг бэлэн мөнгөө хүлээгээд л банкны үүдэнд хэвтэж байдаг улс боллоо. Одоо мөнгө өгөхөө болиоч ээ.
Энэ хүн “Дөл” гэдэг буудлын эзний аав Пүрвээ гэдэг хүн гэнээ. Харахаас юм үзэж нүд тайлсан, боловсролтой сүрхий хүн үзэгдэнэ. Гэвч Март, Валентин хоёроос болсон уу, баян хүндээ дургүй монгол зан нь хатгасан уу, эмэгтэйчүүд голдуу шингэн хоолойгоор эсэргүүцэх нь тэр. Пүрвээ гуай эргэж харснаа “За за больё доо. Энэ Хөвсгөлийн ард түмэн чинь юм хэлүүлэхээ байчихсан юм байна” гэсээр явж одов. Хөвсгөлийнхөн ингээд эхнээсээ л буцлаад эхэлсэн.
Дараагийн өвгөн ганцхан хүсэлттэй гэнэ. Ерөнхийлөгч өө, та гадаадад явахдаа энэ сайхан монгол дээлтэйгээ явж ер нь болохгүй юу… За ингээд миний хэлэх үг гүйцээ…
Арын хүн Ванжил нэртэй. Тэрбээр стандарт бус Засгийн газрыг одоо больж болохгүй юу. Нэрнээсээ эхлээд сонсголонгүй сонсогдоод хэцүү байна шүү гэчихээд мөн л явж одсон.
Дараагийн эрхэм Данаажав. Авлига хээл хахуулийн эсрэг, шударга ёсны төлөөх үйл хэргийг эхлүүлж та Монголын ард түмний өмнө гавьяа байгуулж байгаа шүү. Үүнд би баяр хүргэнэ. Харин хүний эрх гэдэг ойлголт чинь өөр хэлбэрээр гаарчихлаа. Ял эдлээд гараад ирсэн хүн ямар ч амьдралгүй сөхөрч унаж байна. Тэр хүнийг хэн ч ажилд авахгүй байна. Ийм хахир хатуу нийгэмд тэд яаж нийгэмших юм бэ. Энэ бол ноцтой асуудал шүү. За дээр нь хортой эм гаарлаа. Эмч нар үзлэгийн мөнгө гэдэг юм аваад хэцүү байна. Тангараг өргөсөн эмч нарыг нэг эргэж харах цаг болсон юм биш үү… Танхим нижигнэтэл алга ташиж байна.
ТАНЫГ ХАРААД УЙЛАХ ГЭЭД БАЙНА
Эрчүүдийн дараалал шувтарч анхны эмэгтэй үгээ хэлэх ээлж иржээ. Түүний нэр Оюунгэрэл.
Ерөнхийлөгч өө, Манай Хөвсгөл нутагт хариуцлагын тогтолцоо алдагдлаа. Шударга ёс ус, агаар мэт дутагдаж байна. Үгээ хэлсэн хүнд ажлаас халагдах шийтгэл л ногддог. Одоо ардчиллын өлгий Хөвсгөл аймагт үгээ шударгаар хэлдэг хүн байхгүй болсон шүү. Хэлснийг нь л халаад байгаа болохоор хумигдахаас өөр арга байдаггүй юм байна. Хөвсгөл аймагт хоёр архины үйлдвэр байна. Нэг нь Цэрэнжав даргынх (Засаг дарга), нөгөө нь аймгийн Эрүүл мэндийн газрын даргынх. Таны хоёр талд сууж байгаа хоёр хүн энэ аймгийн ардчиллыг хумьж, амыг нь хааж, ажлаас нь халж, хийх хийхгүйг хийж байгаа шүү. Би танд хов хэлэх гэж ирлээ. Таныг хараад бүр уйлах гээд байна. Наад Цэрэнжав дарга чинь өөрөө бол тунгалаг засаглал гэж их ярьдаг. Гэвч нэдэр дээрээ Хөвсгөл аймаг хаалттай бүс болсон. Хөвсгөлийн хөгжил дээр бул хар чулуу шиг суучихаад дөнгөлж байгаа шүү… Ая яа… ёстой хайруулын тавган дээр тавиад шарчих шиг л болсон. Иргэд нь зүгээр ч нэг алга ташсангүй. Танхим дүүрэн үү…үү…-тэй нижгэнүүлэв. Индэр дээр суугаа даргын царай хүрэнтээд ирлээ.
Дараагийн хүн Дагважав. Эмийн үнэ, стандарт бус Засгийн газар хоёр чинь биднийг зовоож байна. Бидний юмыг сорж байна. Битгий Монголын баялгийг хэдэн луйварчинд идүүлээд байгаач ээ. Арай дэндлээ шүү дээ… Ахиад л алга ташилт.
Бүрэн сумын сургуулийн захирал Б.Эрдэнэбат. Тэрбээр Ардчилсан намын гишүүн ажээ. Намын гишүүнчлэлээсээ болж ажлаас халагдах явдал Хөвсгөлд хавтгайрсан тухай толгойтой болгон хэлж байх юм. 10 удаа шүүх хуралд орж, мөн удаа ялалт байгуулсан ч ажилдаа орж чаддаггүй гэнэ. Энэ ч арай дэндэнэ ээ. Шүүхийн шийдвэрээс давсан засаглал гэж арай баймааргүй юм. Улаан цагаан худлаа юм олны нүдэн дээр ийм ил тод хэлэхгүй байлгүй. Танхимын халуурсан хэм бууж өгөх шинж байдаггүй ээ. Улам л улайсаад байв. Тэгж байтал нэгэн залуу бүсгүй зангирсан хоолойгоор гөвж алдлаа. Гартаа дугтуй нь салбарч элэгдсэн нэгэн бичиг барьчихжээ.
Би ажил хийх чадвартай, мэргэжилтэй залуу хүн. Ажил өгөөч, хий гэснийг тань хийе гэж би удаа дараа хүсэлт тавьдаг. Тэгэхэд Цэрэнжав дарга урдаас “Чиний дүү Засгийн газарт ажилладаг биз дээ. Чамд тусалдаггүй юм уу” гэж хэлсэн. Хүний баян хүнд наалддаггүй шүү дээ. Миний дүү яахав тэнд ажилладаг л байгаа биз. Энд байгаа намайг яах юм. Их сайндаа хуучин өмд гутлаа л илүүчилнэ биз. Энэ бол миний амьдрал, би өөрийнхөө хүчээр амьдармаар байна. Та одоо энэ бичгээ ав даа. (Ажил хүссэн өргөдөл бичүүлчихээд хэдэн жил гүйлгээд зовоочихсон бололтой) Би Ерөнхийлөгчийн дэргэд буцааж өгье. Бүсгүй индэр рүү гаран хүндэтгэлтэйгээр гардуулав. Танхим ахиад л үү…үү...
Түүний дараагийн хүн гарч ирснээ өндөр дуугаар “Бид монгол эхээс төрсөн болохоос намаас төрөөгүй шүү” гэв. Намын асуудал ч хурцаар тавигдаж байна шүү. Улс төрийн намаас иргэд залхаж эхэлсний шинж энэ биз.
БИ ТӨРДӨӨ 49 ЖИЛ АЖИЛЛАЖЭЭ. “АЛТАН ГАДАС” ОДОН АВАХ ДАЙНЫ ЮМ ХИЙЧИХСЭН БАЙХ ГЭЖ БОДОХ ЮМ
Энэ үгийг 82 настай өвгөн хэлсэн юм. Тэр хүн насаараа Мөрөнгийн кинотеатрт киномеханикч хийсэн хүн юм байна. Одоо наад индэр дээр чинь сууж байгаа Л.Гүндалайгаас эхлээд ах аа, намайг нэг оруулчихаач дээ гээд гүйж явсан хүүхдүүд бүгд дарга болоод явсан байна. Сайхан зантай байхдаа толгойг нь илж оруулчихаад, саар зантай байвал дух руу нь нэг нясалж буцаачихаад л байж байсан хүн. Бодоод байхаар би төрдөө нийт 49 жил ажиллажээ. Тэрний 38 жилд киномеханикч хийсэн. “Алтан гадас” одон авах хэмжээний ажил хийчихсэн болов уу гэж бодоод байх юм. Өгч болох уу… Танхимд байсан бүх хүн алга ташиж дэмжсэнийг бодоход тэр шударга хүсэлт тавьжээ. Элдэв гомдол байхгүй, зүгээр л хүсэлт. Хөөрхөн байгаа биз… Өвөөг хараад дотроос нэг юм өгсөөд л байсан. Нүд чийгтэж, сэтгэл хөвсөлзсөн. Энэ бол цагаан цайлган, ил шударга, эгэл хүний зам мөр шүү дээ… Түүний энгэрт удахгүй “Алтан гадас” одон гялалзана гэдэгт итгэж байна.
Дараагийн хүн харин ширүүн байна аа. Би батлахаа өгөхгүй. Яасан ч би батлахаа солихгүй за юу… Энэ хүн МАХН нь нэрээ сольж МАН болсныг хүлээн зөвшөөрч чадахгүй байгаа гишүүн бололтой. Ерөнхийлөгч улстөржсөн асуултуудад нэг ч хариу өгөөгүй. Ардчилсан намынхан нь босч ирээд л намаа ярих гэх юм. Тэр харин чихнийхээ хажуугаар сүн хийлгээд л…
Хөвсгөлийн Ардчилсан нам руу хотоос Л.Гүндалай гэдэг хүний гар их гүнзгий орж байна шүү л гэнэ. Архины цэгүүдийг цөөлмөөр байна. Хөвсгөл далайд гаднынхан ирж хирээ угаагаад сүйтгэж байна. Манай нутагт урамддаг буга, хошгирдог тарвага байхгүй боллоо. Энд дандаа хотын баячууд жуулчны бааз байгуулж байна. Иргэд бидэнд алга дарам газар өгөөч ээ… Долдугаар сарын 1 бол ард түмэн ядраад л боссон явдал шүү. Энэ Засгийн газрын хэдэн залууг чинь их л идэж ууж байна гэж ярих юм. Ахиад ингэж ард түмнийг босгоход хүргэж болохгүй шүү. Монгол орныг архинаас салгах уриалгыг тань бид дэмжиж байгаа. Ерөнхийлөгч минь та ард түмнийхээ дунд энэ хэвээрээ яваарай. Битгий биднээсээ тасраарай даа… Энэ бол иргэдийн үгс. Ингээд уулзалт өндөрлөж Засаг дарга Цэрэнжав хаалтын үг хэлэв. Би Хөвсгөлд юм хийнэ ээ. Энд миний нэр үлдэх болно. Түүний үг ердөө энэ. Хөвсгөл нутгийнхаа төлөө ажиллана. Нэрээ үлдээнэ, мөрөө сийлнэ. Та бүхэн санаа зовох хэрэггүй гэсэн утга. Цэрэнжав дарга бол өмнө нь УИХ-ын гишүүн байсан хүн. Хувь хүнийхээ хувьд тулхтай хүн шиг харагдсан. Нэгэнт товчхон тодорхой ам өгч байгаа болохоор нутаг орныхон нь ойлгож, дэмжиж, хамтарч ажиллах биз ээ.
Хөвсгөлийнхний уулзалт гал дээр даргилж байгаа цай шиг буцалсан уур амьсгал дунд ийнхүү өндөрлөв. Дараагийн очих газар Хатгал сум. Ерөнхийлөгчийг Хатгал суманд ажиллаж байх үед Японд болсон аймшигт явдлын тухай мэдээ ирсэн. Нуурын эргийн тачигнасан жавар хацар алгадсан хүйтэн өглөө Монгол Улсын Ерөнхийлөгч Японы ард түмэнд хандсан эмгэнэлээ илгээж, япончуудад туслахыг иргэдээсээ уриаллаа.
Монголчууд “Зовох цагт нөхрийн чанар танигдана” гэж ярьдаг. Ардчилсан нийгэм, зах зээлийн эдийн засгийн тогтолцоо руу шилжих шилжилтийн хүнд он жилүүдэд Японы ард түмэн монголчуудад хамгийн өгөөмөр тусламжийн гараа сунган тусалж байсан, одоо ч тусалсаар байгаа ард түмэн билээ.
Япон улсад байгалийн гамшгийн улмаас учирсан энэхүү хүнд гарз хохирлыг Японы ард түмэн сэтгэлийн тэнхээтэй туулна гэдэгт Монголын ард түмэн итгэлтэй байна. Бид Японы ард түмэнд бүхий л чадах зүйлсээрээ туслах цаг ирлээ. Танд байгаа сэтгэлийн өчүүхэн ч гэсэн хандив Японы ард түмэнд энэ хүнд үеийг даван туулахад багадахгүй юм шүү. Иймээс Японы ард түмэнд болон тус улсад амьдарч байгаа монголчууддаа бүгдээрээ тусалцгаая…
Энэхүү аймшигт мэдээ өөрийн эрхгүй бүгдийг маань хямраав. Дор бүрнээ Бурхан минь Япон орныг ивээгээч… гэж сэтгэлдээ залбирсаар буцаж явлаа…