28 настай даруухан бор залуу өмнө минь сууж байна. Нэр нь Г.Ариунбаатар. Өнгөрсөн долдугаар сарын нэгэнд төв талбайд болохоор зарлагдсан шоуг үзэхээр гэрээсээ гараад насан турш хохирч үлдсэн нэгэн. Өнгөрсөн долдугаар сарын нэгэнд дэгдсэн үймээний жинхэнэ хохирогч.  

Эв эрүүл, сав саруул юм үзэх гэж гарсан Г.Ариунбаатар шөнө дунд цэргийн госпиталын мэс заслын тасагт хүргэгдсэн юм.

Архи дарс ууж, жагсаал цуглаанд оролцоогүй. Үймээн самууны далимаар зарим нэгэн шиг тархи толгойгоо буруугаар “ажиллуулаагүй”. Намын байрны үүдэнд ч ойртож ирээгүй. Телевиз радиогоор зарлагдаад байсан шоу биш энд тэндгүй галт сум исгэрсэн дайн байлдааны шахуу орчинд ороод ирчихснээ мэдээд найзуудын хамт буцаад алхтал урдаас нь бөөн залуучууд “зугтаарай, буудаж байна” хэмээн хашгиралдсаар гүйж ирэхтэй таарч, тэдний эгнээнд нэгдэн эргэж зугтсан. Үзэх гэсэн шоу нь биш ийм юмтай нүүр тулсан хүн өөр яах ч билээ. Хуйлран ирсэн олонтой нийлээд буцаад гүйсэн нь тэр.

Гадаад явдлын яамны орчимд гүйж явтал гэнэт нуруу руу нь юмаар цохих шиг болохыг там тум мэдэрсэн ч тэр зогсоогүй. Зогсож, эргэн тойрныг анхаарах сөгөө ч олдоогүй юм билээ.  Нэг мэдэхэд гэдэснээс нь ч, нуруунаас нь цус садарч байж. Шархтай хүн хаа холдож чадаа аж. Төд удалгүй хар хувцастай хэн болох нь тодорхойгүй хэсэг зэвсэгтэй хүмүүс гүйцэж ирээд хамт байсан залуусыг бууныхаа бөгсөөр нүдэж, өшиглөж, зодож эхэлжээ. Шархтай залууг ч үлдээсэнгүй бууны бөгсөөр нүдэж байснаа бүгдийг нь машинд ачиж эхэлж. Тэгж байтал хар хувцастнуудын нэг  “Өө, энэ шархадчихсан юм байна, энийг хая” гэчихээд бусдыг нь хаашаа ч юм аваад явчихаж. Бууны суманд оногдоод цус нь садарч байсан хүнийг “Энийг хая” гэчихээд бусдыг нь ачаад явчихсан гэхээр монголын цагдаа хэн болох нь ойлгомжтой ч юм шиг. Юун нөгөө миний цагдаа намайг хамгаалах…Хөөрхий залуу хөдөлж чадахгүй хөсөр хаягдсан нь энэ.

Өөрийнх нь тооцоолж байгаагаар 30 орчим минутын дараа түргэн тусламжийн машин ирж эмнэлэг рүү авч явсан гэх.

Ийнхүү шоу үзэхээр гэрээсээ гарсан хүн цэргийн госпипалд хүргэгдэж, амь насыг нь авч явах, аврах хоёрын алин болох нь мэдрэгдэхгүй сонин нөхцөлд, үхэл амьдралын зааганд мэс заслын ширээн дээр хэвтэж байсан байх юм.

Мэдээж маргааш өглөө нь сэхээн амьдруулахын өрөөнд нарийн гэдэснээсээ 30 см тайруулчихсан, байлдааны зориулалттай сум биеийнх нь ар хэсгээр ороод урагшаа зад татаад гараад явчихсан байдалтай сэргэсэн . Эргэн тойронд нь ойр дотныхноос нь хэн ч байхгүй. Тэгсэн атлаа байцаалт авна гэсэн нэрээр цагдаагийнхан дархан эрхтэй орж гарч байсан талаар өнөөдөр ч тэр хоолой зангиран дурсч байна.

Хүнд хагалгаанд орж, дөнгөж амьтай голтой гарч ирээд, цаашид амьдрах эсэх нь ч тодорхойгүй байсан түүн дээр яах гэж тэгж олон орж гарч байсны учрыг одоо ч тэр ойлгодоггүй гэнэ. Ар гэрийнхэнтэй нь дөрөв хоногийн турш уулзуулаагүй атлаа цагдаагийнхан байнга л эргэлдээд байсан гэхээр ойлгохгүй юм олон байх нь ч аргагүй биз ээ.

Одоо та бүхний анхаарлыг Г.Ариунбаатарын ярианд хандуулъя.

Г.Ариунбаатар: Одоо өшөө илүү гоё намын байр барих уралдааны зар л явж байх шив дээ

-Долдугаар сарын нэгэнд болсон үймээний үеэр буудуулж шархдаад, олон сар өвдөж зовж яваа гэж таны тухай сонссон. Уулзаж ярилцах гэж багагүй хөөцөлдлөө. Одоо таны бие ямархуу байна даа?

-Мэдээж урьдийн эрүүл саруул байсан шигээ юм алга. Эргэж хэзээ ч тийм болохгүй шүү дээ. Би хөдөлмөрийн чадвараа бараг алдсан. Юм өргөж чадахгүй, хөл дээрээ удаан зогсож чадахгүй, үргэлж толгой тархи, хамаг бие өвдөж байдаг ийм л хүн болж үлдлээ.

-Тэр өдөр яг юу болсныг ярьж өгөхгүй юу. Та ямар зорилготой гэрээсээ гарсан юм бэ?

-Шоу болно гэсэн зар зурагтаар их цацагдсан шүү дээ. Тэрийг үзье гээд л хоёр найзтайгаа хамт гарсан юм. Шоу ч болоогүй. Худлаа л зар байсан юм билээ.

-Өөрөө аль аймгаас ирсэн гэлээ?

-Архангай аймгаас хотод ирээд долоон жил болж байгаа.

-Өө, тэгвэл бараг хотын хүн болчихсон юм байна шүү дээ?

-Бараг л тийм дээ.

-Эргээд гол асуудал руугаа оръё. Шоу үзэх гээд иртэл шоу ч болоогүй юм байна. Тэгээд яасан бэ?

-Юун шоу. Бөөн бужигналдаан болж байсан. Тэгж байтал нэг найз маань алга болчихсон. Нөгөөхөө баахан хайж байгаад олдохгүй болохоор нь хоёулаа харъя гээд зам хөндлөн гараад Багшийн дээд рүү алхаад явж байсан. Онц байдал зарласан гэдгийг ч мэдээгүй. Гэтэл урдаас хэсэг залуучууд гүйлдээд ирсэн. Бушуухан буцаад гүй. Цагдаа нар буудаад байна гэж хашгиралдсан. Юу юугүй тийм юм болсон болохоор буцаад нөгөөдүүлтэй хамт гүйсэн. Толгой дээгүүр галт сумаар буудаад л, гэрэлт сум шунгинаад л ёстой аймшигтай байсан.

-Киноноос л дайн байлдаан харж байсан улсуудад яг тийм сум тачигнасан орчинд ороод ирэх аймаар байх л даа?

-Үнэхээр аймаар байсан. Бүгд айсан байсан.

-Өөрийг чинь Гадаад явдлын яамны тэндэх “Халуун элгэн нутаг” дуунд зориулсан хөшөөний дэргэд буудуулсан гэж сонссон?

-Тэгсэн.

-Би өөрийн тань тухай бичлэг нэг хувийн истудээс олж үзсэн юм л даа. Энэ бол өөрийн тань амьдралд тохиолдсон эмгэнэл, бас бидний эмгэнэл, монголын эмгэнэл. Эргэж сөхөж тавгүйтүүлж байгааг ойлгоно биз ээ. Таныг буудсан сум юуны сум болох нь тогтоогдсон уу?

-Байлдааны сум.

-Та чинь буудуулчихаад гүйгээд байсан юм билээ. Сум хүний биед орохдоо эхэндээ нарийн мэдрэгддэггүй юм байх даа?

-Нуруу руу юмаар цохичихсон юм байх даа гэж бодож байсан. Тэгж байснаа доошоо хүндрээд л бие даагдахаа байгаад ирсэн. Өөрийн эрхгүй доошоо суусан. Би буудуулчихлаа гэж ерөөсөө мэдээгүй. Чулуу л мөндөр шиг бууж ирээд байсан болохоор чулуунд л оногдчихлоо гэж бодсон. Тэгээд доошоо хүндрээд болохоо байсан. Тэгсэн чинь гэдэснээс цус гарч байсан. Арай гэж гүйгээд “Зоос” банкны хашаа руу долоо найман залуугийн хамт орсон. Нэг их удалгүй араас хар хувцастай каск зүүчихсэн улсууд хөөгөөд хүрээд ирсэн. Ирээд л шууд зодсон. Тэгж байснаа наадах чинь шархадчихсан юм байна, бусдыг нь аваад яв гээд л аваад явчихсан.

-Тэр хар хувцастай улсуудыг наадах чинь шархадчихсан байна гэж хэлэхийг сонсоод л өөрийгөө буудуулсан гэдгийг мэдсэн үү?

-Тэгсэн. Ард, урдаас зэрэг цус гоожоод л ирэхээр мэдэж байгаа юм л даа. Гэхдээ би тэр үед ухаан санаа орж гараад, сайн санахгүй байгаа юм.

-Тэд түргэн дуудсан юм уу. Эсвэл өөр хүмүүс хараад дуудаж тусласан юм уу?

-Намайг тэр залуусын дунд гүйж явахад бас нэг хүүхэд зам дээр буудуулчихсан хэвтэж байсан. Тэр хүүхдийг авах гээд л түргэн ирсэн юм шиг байгаа юм. Тэгж яваад намайг авсан байх.

-Хэрвээ түргэн тэгж ирж аваагүй бол та яах байсан бол. Бодохоос аймаар санагдаж байна?

-Явж чадахгүй юм чинь тэндээ л тэгээд дуусах байсан байх.

-Тэгээд таныг хааш нь авчирсан юм бэ?

-Госпиталд. Түргэнээр ирээд л тэр дороо хагалгаанд орсон.

-Анагаах ухааны хэлээр бол яг ямар онош тавьсан юм бэ?

-Нарийн гэдэснээс маань л 30 см тайрч хаясан.

-Сум бол таны биеийг нэвтлээд гараад явчихсан. Энэ үеэр суманд нарийн гэдэс тань тасарсан гэж ойлгож болох уу?

-Нэвтлээд л, нарийн гэдсийг маань тасдаад л гарчихсан юм билээ.

-Надад олдсон бичлэгээс үзэж байхад таныг эмнэлэгт авчирч хагалгаанд оруулсан ч биеийг чинь наашаа эргэтэл гэрийнхэнтэй чинь уулзуулахгүй байсан юм билээ. Яагаад тэр вэ. Үүнийгээ эргээд танд тайлбарласан уу?

-Надад хэн ч тайлбарлаагүй. Би одоо болтол ойлгоогүй.

-Хэрвээ таны хувь заяа муугаар дууссан бол гэр бүлийнхэн тань юу тохиолдсоныг мэдэхгүй өнгөрөх байсан юм биш үү. Таныг нуучих боломж ч байсан байна шүү дээ?

-Харин тийм. Гэхдээ манайхан гадаа коридорт ээлжгүй сахиж зогссон байдаг. Ганцхан намайг харуулахгүй, уулзуулахгүй, тэднийг оруулахгүй байсан нь л сонин бодол төрүүлдэг.

-Согтуу ирсэн хүнийг аврах гээд чадсангүй ээ гээд хэлчхэд танайхан яах юм бэ. Гэтэл ар гэрийнхнийг нь оруулахгүй чандлан хориглож байж цагдаа нар байнга орж гарч байсан нь л хар төрүүлээд байгаа юм?

-Цагдаа нар өдөрт хэд хэдээрээ л орж ирж байсан.

-Дөнгөж хүнд хагалгаанаас гарч ирсэн байхад л байцаалт аваад байсан гэл үү?

-Тэгсэн.

-Цагдаагийнхан танаас байцаалт авахдаа ямар нэгэн байдлаар өөрсөддөө ашигтай тайлбар хэлүүлэх ч юм уу, өөрсдөө хөтөлж асуух, тулгах оролдлого хийж байсан уу?

-Асуултанд үнэн зөв хариулаарай гээд болсон явдлын талаар тайлбар авч байсан. Гэхдээ би бие их муу байсан учраас маш муу ярьж байсан. Дуу маань ч сайн гарч өгөхгүй байсан.

-Яг тантай адилхан бууны суманд оногдож шархдаад, эрүүл мэндээрээ ингээд хохирчихоод байж байгаа хэдэн хүн байгаа вэ?

-Миний мэдэж байгаагаар гурван хүн байгаа.

-Та тэдэнтэй уулзсан уу?

-Хоёртой нь уулзсан.

-Эрүүл мэнд нь ямархуу байна?

-Ер нь бүгдээрээ гишгэж явахад хэцүү болцгоочихсон байгаа. Байлдааны сумаар буудуулчихсан улсууд шүү дээ. Ямар байгаа нь ойлгомжтой.

-Тэд тантай хамт эмнэлэгт хэвтэж байсан уу?

-Нэг нь хамт хэвтэж байсан.

-Бид хамгийн тайван амгалан, хамгийн ардчилсан улс орны иргэд гэж өөрсдөөрөө бахархдаг. Гэтэл хотынхоо төв гудамжинд явж байгаад байлдааны сумаар буудуулчихсан. Энэ бүхнээс танд үлдсэн ямар дүгнэлт байдаг вэ?

-Шоу болно гээд баахан зарлачихсан. Ирээд үзэх гэтэл жагсаал цуглаан болоод, буу шийдэм, мод чулуу болчихсон аймаар юм угтсан. Гэхдээ жагсаал цуглааныг буудаж тараасан гэхээр аймшигтай санагддаг. Үнэхээр ойлгодоггүй. Ард түмнээ буудах байсан юм бол яах гэж тэгж шоу хийнэ гэж зурагт радиогоор зарлаж дуудсан юм.

-Та бол сонгуульд саналаа өгчихсөн байсан уу?

-Өгөөгүй.

-Тэгвэл улс төрийн зохион байгуулалтад ороод, хэн нэгнийг дэмжээд, бухимдаад явж байсан хүн биш байх нь?

-Биш. Танд би бүх юмаа л ярьж байна шүү дээ. Шоу л үзэх гэсэн нь энэ.

-Яагаад сонгуульдаа оролцож саналаа өгөөгүй юм?

-Тухайн үед паспортоо хаячихсан байсан юм.

-Одоо паспорттой болж чадсан уу?

-Авсан.

-Долоон сарын нэгний тухай өдөр болгон ярьж, нэвтрүүлж байна. Энэ үйл явдлын золиос болсон жинхэнэ, яг бодит хохирогч хэн бэ. Буудуулаад амь насаа алдчихсан таван иргэн, буудуулаад амьтай голтой үлдсэн та дөрөв биш юм уу. Өөрсөддөө учирсан энэ харамсалтай байдлын талаар төр засагтаа хандсан ямар нэг баримт бичиг байна уу?

-Бид дөрвөөс өшөө ч буудуулаад амьд үлдсэн хүн байж магадгүй гэж би дотроо боддог. Тэнд тасралтгүй янз бүрийн буугаар буудаж байсан шүү дээ. Хүмүүс амь тэмцэн зугтаж байсан. Энэ явдал миний сэтгэлээс ерөөсөө гарч өгдөггүй. Толгой тархи янгинаж, тэсэхийн аргагүй болдог. Ийм ч юм үзэх гэж. Би хэнд ч, ямар ч гэм хийгээгүй энгийн иргэн шүү дээ.

-Буудуулсан хүн өшөө ч байж магадгүй гэж үү. Болох л юм. Гэвч яагаад гарч ирэхгүй байна вэ?

-Мэдэхгүй. Өрөөсөн нүд рүүгээ буудуулаад сохорчихсон нэг хүн бас байдаг л юм гэсэн.

-Би таныг харж байна. Сэтгэлд тань хичнээн хүнд гомдол, харуусал байгааг. Гэхдээ та энэ гомдлоо хэнд ч илэрхийлээгүй юм уу?

-Нэг өргөдөл бичсэн.

-Хэнд?

-Э.Бат-Үүл гишүүнд нэг өргөдөл бичиж өгсөн. Прокурорт ч бас өргөдөл бичиж өгсөн.

-Хариу байна уу?

-Алга даа. Асуухаар шалгаж байна л гэдэг.

-Та эмнэлэгт хэд хоног хэвтсэн юм бэ?

-24 хоног.

-Эмчилгээний зардлыг тэндээс даасан гэл үү?

-Тэгсэн.

-Яагаад даасан юм бол. Мөнгө л авч байж хөдөлдөг газар биш билүү?

-Мэдэхгүй. Эмнэлгээс гараад ч би хувийнхаа зардлаар нөхөн сэргээх эмчилгээ 10 сар хүртэл хийлгэсэн.

-Яг одоо танд ямар зовиур байна?

-Хүнд дээ. Олигтой идэж ууж ч чадахгүй. Юм өргөж болохгүй. Одоо харин дулаан цаг ирлээ. Өвөл бол даарч хөрч болохгүй.

-Зах дээр ажилладаг гэж дуулсан. Хямрал болоод хаа сайгүй амьдрал хүнд байна. Яг зах дээр байдаг хүнд ямар байгаа бол?

-Асар их өөрчлөлт гарсан. Урьдийн юм юу ч байхгүй.

-Та юу зардаг юм бэ?

-Кино, CD энэ тэр л зардаг.

-Хүмүүс кино авч байна уу?

-Талхаа авах уу, кино авах уу гэдэг асуулт л тулгарчихаад байна шүү дээ.

-Би уг нь таны сэтгэл дотор байгаа тэр өдрөөс үлдсэн зүйлийг л нээх гэсэн юм. Гэхдээ танд ярихад хэцүү байх шиг байна?

-Надад айдас, өвчин зовлон л үлдсэн. Би нэг ч шөнө тайван унтаж чаддаггүй. Байнга хар дарж сэрдэг. Бие маань бол байнга өвдөж, шаналж байна. Би чинь ганцаараа хүн биш. Эхнэр хүүхэдтэйгээ амьдардаг. Тэднийгээ тэжээх үүрэгтэй. Тэр маань л зах руу алхуулж байна даа. Үнэндээ миний мөрөөдөлд хүртэл өөрчлөлт орсон. Хэдий 28-хан настай ч ийм болчихсон болохоор заримдаа хэцүү л санагддаг.

-Та сэтгэл доторхоо уудлаад гаргаж тавих, төр засгаас эрүүл мэндээ нэхэх эрхтэй хүн шүү дээ. Яагаад ийм болчихоод чимээгүй гүрийж яваа юм бэ?

-Үнэнийг хэлэхэд би хууль мууль сайн мэдэхгүй. Өмгөөлөгч маань л хөөцөлдөж байгаа. Эхлээд би өмгөөлөгч ч байхгүй байсан.

-Тэр өдрийн үймээний хохирогч яг хэн бэ. Та мөн үү?

-Би мөн л гэж бодож байна. Гэхдээ бидний тухай хэн ч юу ч ярихгүй байна шүү дээ. Амь насаа алдсан хүмүүсээ ярилгүй яахав. Гэхдээ шархдаад амьд үлдсэн хэдэн хүнээ огт ярьдаггүй. Хойно хоригдож байгаа хүмүүсийг бол бас яриад хөөцөлдөөд байх шиг байгаа юм. Амьд үлдсэний хохь ч гэж байгаа юм шиг заримдаа бухимдах сэтгэл төрдөг. Харж байхад зурагт радиогоор МАХН-ын шинэ байрны загвар шалгаруулах уралдааны зар л яваад байгаа. Өшөө илүү гоё байшин барих уралдааны зарлал л явж байх шив дээ. Сонсох бүр дотор хачин болдог. Зарим нь бүр ард түмнээ буудсан нь зөв ч гэж ярьж байх юм.

-Бас тэр жагсагчид цөм архичин, согтуу улсууд байсан мэт ярьдаг?

-Харин тийм. Би архи уудаггүй. Тийм юмнаас хол л явдаг хүн ш дээ.

-Тантай хамт байсан залуусыг зодож цохиод ачиж явсан хар хувцастай улсууд хаанахын алба хаагчид болохыг та анзаараагүй юу?

-Тусгай, бэлтгэгдчихсэн л улсууд байсан гэдгийг хэлж чадна. Яг харъяаллыг нь мэдэж чадаагүй.

-Нэг мэдээлэл байдаг юм аа. Нэг шархадчихсан хүн дээр оччихоод “Өө, наадахыг чинь манайхан буудчихсан байна ш дээ” гэж цагдаа нар хоорондоо ярьж байсан гэж. Та арай тэр нь биш биз дээ?

-Биш байх аа. Би сонссоноо санахгүй байна.

-Цагдаа нар хагалгааны дараа яах гэж тэгж эргэлдээд байсан юм бол оо?

-Мэдэхгүй юм даа. Янз бүрийн л цагдаа ирж байсан. Сүхбаатар дүүргээс лав ирж мэдүүлэг авч байсан. Бие муу байсан болохоор хэн нь хаанаас явааг нь асууж сурж чадаагүй. Тийм тэнхэл ч байгаагүй.

-Тэр үед та өмгөөлөгчгүй байцаалт өгөхгүй гэж хэлэхгүй яасан юм бэ. Таны эрх шүү дээ?

-Өмгөөлөгч битгий хэл ээжийнхээ барааг ч харах боломжгүй байсан. Сүүлд л биеэ арай тэнхрүүлж байгаад өмгөөлөгчид хандана гэж бодож байсан.

-Амьдрал ахуй тань одоо ямархуу байна вэ. Энэ талаар ярьж болох уу?

-Амьдрал хүнд байнаа.

-Гэр тань хаана байдаг вэ?

-Дарь-Эхэд.  

-Та ямар мэргэжилтэй вэ?

-Тогооч. Гэхдээ одоо удаан хөл дээрээ зогсч чадахгүй болсон болохоор мэргэжлээрээ ажиллах аргагүй болчихлоо.     

-Та эцэг эхээс хэдүүлээ вэ. Одоо хэн хэнтэйгээ амьдарч байна?

-Аав ээж хоёр маань намайг зургадугаар ангид байхад салсан. Одоо ээж маань барилгын засварын ажил хийгээд л явж байна. Ээж маань гурван хүүгээ аваад хот руу ирсэн. Би зах дээр нэг дүүтэйгээ ажилладаг. Сая цагаан сараар нэг дүүгээ алдчихлаа.

-Ямар харамсалтай юм бэ. Уучлаарай, яагаад ийм юм болов оо?

-Гэнэт л нас барсан. Битүүний өдөр. Шинжилгээний нь хариу гараагүй байна. Хоёр сайхан дүүтэй байлаа. Нэгийг нь ингээд алдчихдаг юм байна.

-Аав тань оршуулганд нь ирсэн биз дээ?

-Ирээгүй.

-Мэдээгүй байх л даа. Тэгвэл таныг буудуулсан ч гэж сонсоогүй байх?

-Тийм байх. Хаана явдгийг нь мэдэхгүй юм даа.

-Танд ямар байгааг ойлгож байна. Амьдрал дандаа ийм хүнд бэрх биш. Та буудуулж шархадсан ч амьд мэнд гарч чадлаа шүү дээ. Энэ бол асар том аз ?

-Тийм ээ.


28-хан настай эгэл жирийн монгол залуу өрөөнөөс минь санаа алдан гарлаа. Нялх охиноо, эхнэрээ, ээжийгээ, бас зулай зулайгаа гишгиж төрсөн хоёр дүүгээ тэжээх гэж чадлаараа зүтгэж, эгэл жирийн, чив чимээгүй, хэнд ч хамааралгүй мөрөөрөө амьдарч явсан. Түүнд бусдын адил сайн сайхан амьдрах хүсэл мөрөөдөл байсан. Гэвч мөрөөдлөө ч бас буудуулчихжээ.

Шархадсан залуугийн сэтгэлээс амьд хүний шаналан сонсогдоно. Амьд хүнийхээ шаналанг сонсох Төр засаг харин байна уу? 

Ctrl
Enter
Гомдол хэрхэн мэдүүлэх вэ?
Холбоотой текстийг идэвхжүүлэн Ctrl+Enter дарна уу.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл (0)

Foto
Б.Ганчимэг

Б.Ганчимэг
Б.Ганчимэг
Б.Алтанхуяг
Б.Алтанхуяг
А.Доржханд
А.Доржханд
О.Нинж
О.Нинж
П.Соёлдэлгэр
П.Соёлдэлгэр
А.Банзрагчгарав
А.Банзрагчгарав