Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны харьяа Монголын уран зургийн галерейн уран зургийн сан хөмрөг 2009 оны 5 дугаар сарын 19-ний өдөр гал түймрийн аюул тулгарч Монголын дүрслэх урлагийн сор болсон Монголын түүх, нийгмийн байдал, ахуйн болон байгалийн сэдэвт, хөрөг зургууд, орчин үеийн чиглэлийн бүтээл 1000 орчим бүтээлүүд өртсөн юм.
Тухайн цаг үеэс хойш Монгол улсын орчин цагийн дүрслэх урлагийн түүчээ болсон галд өртсөн үнэт бүтээлийг авран хамгаалах чиглэлээр Монголын уран зургийн галерей нь сэргээн засварлах, сэргээн бүтээлгэх олон талт ажлыг санаачлан хэрэгжүүлсээр ирсэн бөгөөд 2024 онд “AR GALLERY-ҮНЭТ БҮТЭЭЛҮҮД” төслийг санаачлан хэрэгжүүлж олон нийтэд танилцуулж байна. Тус төслийн зорилго нь галын гэмтэлтэй уран зургийг AR технологийн тусламжтайгаар анхны эх бүтээлээр нь сэргээн үзэх, Монголын улсын түүх соёлын хосгүй үнэт бүтээлийн дүрүүдтэй бодитоор танилцах боломжийг үзэгчдэд олгож байгаа юм. Хосгүй үнэт бүтээлүүд нь AR технологид суурилсан сонирхолтой дэглэлттэй байхаас гадна англи, монгол болон дохионы хэлээр тайлбарладаг “Виртуал тайлбарлагч”-тай байх юм. Үзэсгэлэнгийн технологийн хөгжүүлэлт болон контент хөгжүүлэлтийн үйл ажиллагааг AR технологи хөгжүүлэгч “ AR Mongolia” компани гүйцэтгэсэн.
Мөн тус үзэсгэлэнгийн үеэр “Мэдрэхүйн төсөөлөл” төслийг олон нийтэд танилцууллаа. “Мэдрэхүйн төсөөлөл” төсөл нь тусгай хэрэгцээт үзэгчдэд урлагийн үйлчилгээг тэгш хүртээмжтэй хүргэх зорилгоор хэрэгжүүлж буй бөгөөд хосгүй үнэт бүтээлийг тусгай орчинд бодитоор гараараа мэдэрч, аудио хэлбэрээр сонсон үзэх боломжтойгоор дэглэсэн юм.
“Соёлын бүтээлч сар” аянтай холбогдуулан “AR GALLERY-ҮНЭТ БҮТЭЭЛҮҮД” төслийн тусгай үзэсгэлэнг 2024 оны 11 дүгээр сарын 18-аас 12 дугаар сарын 05-ны өдрүүдэд зохион байгуулна.