Зуны эхэн сараас өвлийн эхэн сар хүртэл үргэлжилдэг элдэв ойн баяруудын түрүүч оргилуун дарсаа буудуулаад эхэлчихжээ. Нэгэнт ингээд эхэлсэн л бол энэ жил монголчууд баахан 85-ын ой тэмдэглэнэ гэсэн үг. Том жижиг гэлтгүй бүх байгууллага энэхүү өндөр насныхаа баярыг тэмдэглэж, төр засгийн томчууд төсвийн хэдээсээ цээж зурагтай, цэвэрхэн хийгээд ижилхэн үгтэй мэндчилгээнүүдийн зардал „хумсалж” сонинуудаар гаргана. Ингээд бидний монголчууд зун намрын зургаан сар найрлаж өгнө дөө. Сайхан...Өнгөрсөн долоо хоногт монголын нисэх хүчин 85-аа тэмдэглэлээ. Бараг л сонин дүрстэй болгонд нүүр нүүр мэндчилгээ ярайлгажээ. Ерөнхий сайдын мэндчилгээтэй хамт нэг дор, эн зэрэгцэж малийх хүсэл компанийн боссуудад „хэрэгтэй” байдаг бололтой. Засгийн газрын шийдвэрээр ажлаас чөлөөлөгдөөд, Засгийн газартайгаа заалдаж, зад жижгэрүүлж байгаад буцаж ирсэн ИНЕГ-ын дарга С.Батмөнх тэгэхээс тэгэх гэсэн мэт энэхүү тэмдэглэлт өдрөөрөө С.Батболдтой хамт мэнд мэдэн томорчээ. Мань хүн миний ойлгож байгаагаар өөртэй нь хамтарч ажиллахгүй гэсэн Засгийн газрын шийдвэрийг эсэргүүцэж, сонин хэвлэлээр нүдэлцэж, танил шүүхээрээ бойкотолж байгаад буцаж ирсэн хүн. Засгийн газар нь төрийн албаны зөвлөлөөр дамжуулан энэ ажлын орон тоон дээр нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж, тэрэнд нь бас цөөнгүй эрхмүүд оролцон өрсөлдөж, нэг нь оноогоор тэргүүлсний улмаас ИНЕГ-ын даргын албанд томилогдож байсан гэж дэлгэрүүлэн тайлбарлаж болно. Гэвч энэ явдал С.Батмөнхөд таалагдаагүй. Идэж уусан, шамшигдуулсан, эрх мэдлээ урвуулан ашигласан эдийн засгийн гэмт хэргүүдийнх нь баримтууд нэг биш нэлээн хэдэн хавтас дүүрсэн ч энэ нөхөрт төрийн албанаас чимээгүйхэн „явах” ёс суртахуун байгаагүй. Түүний идэж уусан, тарааж цацсан, намд хандивласан их мөнгөнүүдийн үзүүрээс нь судалхад л үнэндээ сэтгэл хиртхиймээр тоо баримтууд байдаг. Гэвч хууль хяналтынхан энэ нөхрийн өмнө хоёр гараа өргөдөг гэж байгаа. Хууль хяналтынхан төдийгүй хэвлэл мэдээллийнхэн ч зүрхэлж хөндөж чаддаггүй. Хөндвөл яадаг ч юм бүү мэд. Дам сонсвол мэргэжлийн салбартаа хэн ч биш, тэгсэн атлаа хар хорын ажилдаа дадал суусан жижиг жараахайнуудыг сүрхий ашиглаж, өөрийн бодлогоо гургуулдаг гэх. Өөрт нь шүүмжлэлтэй хандсан ганц нэг сэтгүүлчийг харааж зүхэж, энд тэнд муу хэлж, эрүүл согтуу нь мэдэгдэхгүй авир гаргадаг гэх. Ийм л нэг баатрыг оройдоо тахьчихсан суугаа нисэх хүчнийхэн маань 85 насны төрсөн өдрөөрөө онгоц барьцаалж бэлэг барьлаа. Хэдийгээр С.Батмөнх доод тушаалын хэдэн нөхдүүдээ усанд унаган, өөрөө дээрээс нь „Эд ер нь ингэж сурсан улс байгаа юм. Энэ удаагийнх зургаа дахь нь шүү” хэмээн ярилцлага өгөн өшиглөж байгаа ч ард нь өдий төдий асуултын тэмдэг асаалттай үлдэж байна. Хэрэв ийм ёс суртахуунгүй үйлдэл өмнө нь дөрөв таван удаа гарсан юм бол яагаад өөрөө хариуцлага хүлээхгүй яваад байсан юм бэ. Идэж уусан, итгэж найдаж болохгүй нөхөр гэж үзээд ажлаас нь өөрчлөөд байхад эргэж Засгийн газар луугаа ноцож байгаад албандаа ахиад тавигдсан нь ямар учиртай юм бэ. Хэдийгээр байж боломгүй алхам хийсэн ч тэдгээр техникийн ажилтнуудын тавьсан шаардлагад „ Нисэх хүчин бол улс төрд далдганаж явдаг, салбарын ажлаа унагадаг, тавьтаргүй нөхдүүдийн тоглодог газар биш ээ. Энийгээ төр засаг эргэж хараачээ” гэсэн үндсэн ганц л санаа байгааг шийдвэр гаргаж байгаа улсууд яагаад авч хэлэлцэхгүй байгаа юм бэ. Тэдэнд ИНЕГ-ыг С.Батмөнх шиг нөхөр удирдаж байгаа цагт бүх юм буруу тийшээ л даялна гэдэг мэдрэмж байгаад байгаа юм биш үү. Овоог босгосон нөхөдтэй биш овоон дээр сууж хөнгөдсөн шайзгайнуудтай дандаа хариуцлага „ярьдаг” гаж зуршилд манай төр гүн гүнзгий идэгджээ. Энэхүү нийтлэлээрээ онгоцоо байшинд хийж түгжихдээ хүрсэн техникийн газрын дарга Ё.Энхтөрийг өмөөрөөгүй, огт өөр зүйлд анхаарлаа хандуулахыг уриалж байна гэдгийг эрхбиш тунгааж буй биз ээ.
Төрийг хэн хүчгүй, арчаагүй болгодог вэ. Ерөөсөө л төрийн нэрийн өмнөөс алба хашч буй бусармаг нөхдүүдийн ажил төрлөө хийж байгаа байдал. Тэдний төрийн ажилд хандаж байгаа хандлага шүү дээ.
Үнэн хэрэгтээ дээрээ ч ялгаа байхгүй харагдаж байна. Хэдийгээр Засгийн газрын тэргүүн нь бүх салбарт шинэ стандарт тогтоохоор үзэж буй ч хатууд хатуу байх, төрийн хүний ястай, ёстой чанараар дутуу байна. МИАТ- д онцгой байдал үүсч, улсад тэрбум гаруй төгрөгийн хохирол учирч, 1140 гаруй иргэнийг саатуулж, онгоц барьцаалсан онц ноцтой хэрэг гарчихаад байхад ч бас л нэг сайдынхаа халаасны хүнийг гэрлийн хурдаар томилчихож байх жишээтэй. Ц.Орхоныг хүмүүс Сү.Батболдын хүн, эртнээс сүлбээтэй улс гэх мэтээр ярьж байгаа ч үнэн хэрэгтээ түүнийх гэхээсээ илүү салбарын сайд нь л сэргэлэнтчихсэн болов уу гэхээр харагдаж байна. Нисэхийн дунд дүүргэсэн ч хожим хойшоо явж дээд боловсролын үнэмлэх авсан Ц.Орхон салбартаа хөлгүй хүн болох нь шууд л анзаарагдаж байна. будаг нь ханхалсан шинэ захирал нөгөө техникийн ажилтнуудаа царайчилчихсан л нур нур хийгээд эхэлж байгаа байдал хэвлэлийн хуудаснуудаар дүүрэн ярайжээ.
Төр уг нь эхлээд онгоц барьцаалсан техникийн ажилтнуудыг ажлаас „халж” томорсон. Та нар юу вэ. Бид гадаадын баг авчраад ажиллуулчихна шүү гээд л. Ажилгүйдлийн зудад нэрвэгдсэн, ажлын байрны хомсдолд нүүрлэгдсэн жижигхэн монголын том дарга нар шууд л муусайн ажилчдыг халах шийдвэр гаргаж ийнхүү бүлтэрсэн. Гэвч маргааш нь дуу нь зөөлрөөд явчихдаг байгаа. Дуутай тэнгэр хургүй гэж энийг л хэлэх байх. Борог монголынхоо бор хөрсөн дээр бууж ирээд хэд алхаад үзэхэд байдал тэдний зүүдэлснээс өөр л байсан байж таарна. Тэгэнгүүт суурин дээрээ „болъё болъё ерөөсөө та нартайгаа ажиллая” болцгоожээ. Ийм төрийг юутай зүйрлэх вэ. Нялцгай цагаан гартнуудаар дүүрсэн, новшийн сул дорой төр гэхээс өөр хэлэх үг алга. Ийм холимог хүйстэн шиг зан авиртай төрийг хүмүүс хараахаас яахав. өөр нэг жишээ татъя.
Боловсролын салбарт лут том реформ хийхээр эдүгээгийн Ерөнхий сайд эрслэн хөдлөөд байгааг бид бүгд мэднэ. Яах аргагүй зөв, цагаа олсон, монголын ирээдүйн төлөө хийхээс өөр аргагүй шинэчлэл. Борог ядуугаараа, хүчгүйгээрээ, жижгээрээ имиж хийх дуртай монголыг өөрчлөх нэг том тулгуур гарц бол боловсролын салбартаа дэлхийн жишгийн реформ хийх. Гэхдээ сайхан зорилт тавьчихаад саар явдалтай, шалихгүй нөхдүүдтэй дөрөө харшуулаад байвал энэ шинэчлэлийн тухай яриа ахиад л үлгэр болох тийшээ явна гэсэн үг. Сая МУИС-ын ректороор С.Төмөр-Очирыг томилж багш нарын нүдийг орой дээр нь гаргав. Томилоогүй, сонгон шалгаруулалт явуулсан л гэх байх. Гэхдээ үнэн хэрэг дээрээ улс төрийн шинжтэй л томилгоо. Нөгөөх нь ч яасан ичдэггүй юм. УИХ-ын дарга хүртэл хийж явлаа. Одоо энэ залууст зайгаа тавьж өгөх хэрэгтэй баймаар. Боловсролын салбарын шинэчлэл буурал Төмөр-Очироор ерөөсөө дутахгүй. Цаана нь эрдэмтэй чадалтай толгойнууд зөндөө алхаж яваа. Тэр хүн сайн хүн байх. Эрдэмтэй ч хүн байх. Гэхдээ сэтгэлийн галбиргүй л хүн юм.
Ё.Отгонбаяр сайд бол энэ Засгийн газрын хамгийн гайгүй ажиллаж байгаа сайдын нэг. Гэхдээ үндэснийхээ ганц том их сургуулийн оройд ийм намч кадр залуулахгүй байж болоогүй л юм байх даа гэсэн харамсал энд тэндгүй сонсогдож, энэ төрийг завхарсан заваанаар нь дуудах улсын тоо өдрөөс өдөрт өсч байна.
ИНЕГ-т С.Батмөнх эргэж ирээд баахан намын хүн ажилд авсан гэж өнөөдрийн зарим хэвлэлд мэдээлжээ. Бидэнд өнөөдөр намын эрх ашиг чухал уу, улсын маань эрх ашиг чухал уу. Хэрвээ асуудалд ингэж хандсаар байх юм бол энэ Засгийн газрын ажил цаашаа аятайхан явах юм уу гэсэн асуулт зүй ёсоор гарч ирж байна. Хэвлэл мэдээллийн хэрэгслийн амыг түр үдэх өнгөц бодлого барин тэрэндээ хууртаж байгаа бол харамсалтай л юм. Үнэн хэрэгтээ тэдний амыг бүр үдэж хэзээ ч чадахгүй шүү дээ. Ганц нэг хүнтэй учраа олоод, энд тэнд шүлэг дуу шиг магтуулаад явж болох ч үлдэх дүнг бид биш ард түмэн өгдөг билээ. Бид бол зүгээр л дамжуулагчийн үүргийг хүлээсэн улс гэдгийг хэлэхэд илүүдэхгүй биз ээ.
Парламентдаа сөрөг хүчингүй. Хяналтын ямар ч механизм ажиллахгүй байгаа өнөөгийн яв ягаан янаг засгийг яагаад хэвлэлийнхэн бид хүртэл хамгаалж, хаацайлж байх ёстой гэж. Имфляци гэрлийн хурдаар өсч, гэмт хэрэг гаарч, бензин импортлогчид нь сурсан зангаараа үнээ өсгөн тоглож, залуус нь солонгос явахаар дугаарлаж байхад ч бид алгаа ташсаар л байх уу. Сүүлдээ монголдоо гуравхан байгаа онгоцыг маань С.Батмөнхийн 18 настай бакалаврын боловсролын зах зухад ч очоогүй пацаанууд жолоодон нисч, шүлсээ саарал ордны дээрээс хээв нэг чулуудаж яваад зүгээр л нам жим дасах ёстой юу. Дарга нь гарч ирээд 18 настай хүүхэд онгоц жолооодоход яадаг юм гэж биднийг загнаж байгааг зүгээр л хүлээн зөвшөөрөх ёстой юу.
Онцгой байдал үүссэн газруудад дээрээс Бэт томилдог нэг моод гараад удаж байна. Банкуудаас харж байхад банкны яс баригч маягийн ажил хийгээд л дуусгадаг улс бололтой харагддаг. Нисэх дээр бас нэг Бэтмен ирүүлжээ. Сүүлийн хэдэн жилийн төрийн яамдад алба хашсан галбирыг нь харахад нэг их айхтар хэлтгий гишгээд байдаггүй Бат-эрдэнэ гэх товарищт энэ удаа Бэт-ийн давхар ял үүрүүлэн томиллоо. ТУЗ энэ тэрд нь бол харин ч сиймхийгээр ХУ намынхны эрээ цээргүй холион бантан явагдлаа. Цаашид яаж бужигнахыг нь мэдэхгүй юм.
Гэхдээ л ослын буултаар бараг чимэг зүүлт шиг гоёх болсон, олигтой юм нэг ч сонсогдохоо байсан нисэхийн салбарын бодлогын гол цөм газрын толгойд уухай туухай баатар, ууцан дундуураа тасардаггүй баатар гэж олон түмнээр дархан цолоо дуулуулах болсон С.Батмөнх шиг нөхөр залаатай байгаа цагт найдахаасаа айх нь түрүүлж орж ирээд хэцүү байна. Дүлий ч гэсэн чихэнд нь нэг хашгираад үзье гэсэндээ ийнхүү үзэг цаас шүүрлээ. Эрхэм уншигч авхай та болгооно биз ээ.