Шинэ он гарахтай урьтан нэг тийшээ хөлгийн жолоо залах шаардлага гараад болдоггүй ээ. Өнгөрч буй оны ажлаа дүгнэх, шинэ жилийн баяр ёслолоо төлөвлөх гээд удирдлагууд томилолт өгөх дургүй. Тэгсэн ч гэсэн явмаар санагдаад, сэтгэл тогтохгүй.
Зул сарын баяр юу юугүй хаяанд тулчихсан. Урьд нь төдийлөн ач холбогдол өгдөггүй байсан манай хот дэлгүүрүүдийнхээ цонхноос “Merry Christmas” гэсэн гэрлэн чимэглэлүүд улалзуулаад л, энд тэнд гоёл зүүсгэлээ зүүсэн гацуур мод “ургаж” хоноод л, уур амьсгал цаанаасаа л нэг сэтгэл гижигдээд болдоггүй ээ. Шинэ жилийн баяртаа амжиж ирэх амлалт өгснөөр би нисэх эрхтэй болов. Wow…эрх чөлөөтэй боллоо. Арванхоёрдугаар сарын 29-ний үүрээр 06 цагт “Чингис хаан” нисэх онгоцны буудалдаа эргэж буух тийзтэй. Ингээд бүх юм О’Кей.
Ялангуяа Европ руу зүглэх гэж байгаа хүмүүсээс ойр дотнынхноосоо “За, Аэрофлотоор л битгий яваарай “ гэх зөвлөгөө сонсоогүй хүн бараг байхгүй байх. Гэсэн ч би сонгочихсон. Жилийн өмнө Шереметьевод гурван цаг онгоц саатан гөлийтлөө хүлээж байснаа ч мартчихжээ. Эсвэл шинэ жилийн баяр сураг чимээгээрээ л урьтаас ингэж хүмүүсийн сэтгэлийг юутай хээтэй нь догдлуулчихдаг ид шидтэй юм болов уу.
Аэрофлот компанийн SU 563 онгоц “Чингис хаан” нисэх буудлаас цагаасаа хоёр цагаар хоцорч хөөрлөө. Цаашаа дамжин нисэх тул сэтгэл түгшиж эхэлсэн ч “харин ч гайгүй хоцорлоо, амжих биз” гэж өөрийгөө тайвшруулав. Харин миний зургаан настай бяцхан охинд хоцрох энэ тэр огт сонин биш бололтой. Онгоцонд орж ирээд хөөрхөн цэнхэр үүргэвчтэй бэлэг авангуутаа л Аэрофлотын сэтгэл хангалуун үйлчлүүлэгч болж хувирсан. Тэр маань аав ээж хоёрынхоо хамт санаад бэтгэрэх шахсан эгчтэйгээ уулзах гэж яваа юм л даа. Таван цаг гаруйн нислэгт цурам ч хийлгүй зураг зурсаар “Шереметьево”-д догь гэгч нь хөл тавив. Цагаасаа хоцорсон бид “гүйгээрэй” командтай пижигнэсээр дамжин өнгөрөгсдийг бүртгэх цэг дээр ирэв. Тэнд юу болдог билээ. Бүгд л яардаг, бүгд л бужигнадаг. Ердийнхөөс хэд дахин илүү хурд гарган байж хяналтын бүсийг өнгөрсөн ч урдаас уучлаарай ч байхгүйгээр “Стамбулын онгоц хөөрч байна” гэсэн хариу угтах нь тэр. Дараагийн онгоц зургаан цагийн дараа ниснэ. Хүлээхээс өөр гарцгүй болжээ. Газар газрын хүмүүс бухимдан холхиж, “Аэрофлот”-ын нүүр нь ширлэгдсэн ажилтнууд “Хүлээх л болж дээ, бүгд л хүлээж байна шүү дээ” гэсэн ойлгомжгүй хариутайгаа хамт мөрөө хавчина. Монголчууд энэ мэт байдалтай тулгарч дөжирчээ. Учир нь бид бусадтай адилхан шаардаж, эрхээ сануулж чаддаггүй. Азийнхны бусдад дандаа “жийгдэж” явдагтайгаа эвлэрсэн хүлцэнгүй зантай. Нөгөөдүүл ч дандаа бидний дээгүүр харж байдаг. Үеийн үед ийм л байсан. Цаашдаа харин яах бол…
Манай онгоцныхон хэд гурваараа хүлээлгийн өрөөний сандлуудаас эзэгнэж аван тухалцгаалаа. Гэвч тэд яагаад ядаж зургаахан настай миний охины үйлчлүүлэгчийн хувьд эдлэх ёстой эрхийг бүдүүлгээр хөндчихөөд уучлал ч гуйдаггүй байна аа… Эднийх хоногоор саатуулах тохиолдолдоо зорчигчдыг буудалдаа байрлуулж, хоолны талон өгдөг биз дээ. Арай хоночихгүй гэж найдаж байгаа ч эдлэх ёстой эрхээ шаардах нь зүйн хэрэг гэж би бухимдан бодно. Ийнхүү асууж сурсны хүчинд хүн тус бүр 490 рублийн хоол идэх талонтой болж авлаа. Хамгийн хямдхан кафед энгийн нэг шпагетти захиалахад 473 рубль. Энгийн 350 мл-ийн цэвэр ус 4-5 доллар. Арай ч дээ. Үйлчилгээ гэж авах юм байхгүй. Дээр нь зан авир гэж ярих юм биш. Хоцорч бухимдсан хүмүүс дуугаа өндөрсгөөд л байвал “Аэрофлот”-ынхон давж л өндөрсгөдөг давилуун улс.
За, энэ ч яахав зургаан цагийн дараа нисдэг л байгаа даа гэж бодолхийлнэ… Чилийтэл хүлээлгэсэн зургаан цаг арай ядан дуусав. Ашгүй манай нислэгийн бүртгэл эхэлснийг цангинатал зарлаж байна.
Баяртай, бүх бухимдал. Буцаад ирэхэд битгий л ийм байгаасай. Ийнхүү аав, ээж, охин гурав Стамбулын онгоцонд сууж байна. Гурван цагийн дараа биднийг тэсч ядан хүлээж байгаа охиндоо очно. Амьдрал бол санаж хүлээх, уулзаж учрахын баяр ч юм шиг. Ийм санаандгүй явдлуудгүй бол аялал өөрөө гунигтай ч юм шиг. Бүх юмыг уучлан тайвширчихсан үүлэн дундуур нисч явна. Хажууд нэг хүн бувар бувар үглэхийг ч анзаарсангүй. “Чи ер нь яах гэж энэ тэнэг “Аэрофлот”-оор захиалсан юм бэ. Охин маань хол газраас ирээд танихгүй мэдэхгүй газар өдий төдий цаг биднийг хүлээж байгаа. Арай төөрч будлиагүй байгаа даа” гэж аав гуай зэмлэж байна. Давгүй ээ, би түүнийг үл тооно. Угаасаа зарим үед аавууд ийм яншаа болчихдог юм. Том охин маань өөр орноос нисч ирж, бид гэр бүлээрээ Стамбулд уулзах төлөвлөгөө минийх байсан юм. Учир нь би энэ хотод ирээгүй яг 10 жил болж байна. Тэр үеийн бүх дурсамжийг цээжиндээ амилуулахыг хүссэн минь энэ. Энэ бол хамгийн амттай жаргал шүү дээ.
Суудлын даруулгаа хийцгээнэ үү, манай онгоц 15 минутын дараа Ататюрк олон улсын нисэх онгоцны буудалд газардах гэж байна гэсэн үйлчлэгчийн ялдам дуунаар энд тэндгүй суудлын даруулга бөхлөх чимээ түгэв. Ингээд бид зорьсон газраа ирлээ.
Эхнэр болохоор тохиролцсон бүсгүйгээ ирэхгүй болохоор тэсвэр алдаад уулзахаар хайж яваа нэгэн ахтай хууч хөөрч, замын танил болцгоосон болохоор гурвуулаа биш дөрвүүлээ болон бууж ирэв. Монгол хүний цоож цуургагүй сэтгэл ээ гэж. Солонгост олон жил ажил хийж байгаад иртэл эхнэр маань замаа бодоод талийсан байлаа. Хэдэн жил Эрдэнэтэд ганцаараа амьдарлаа. Тэгээд нэг бүсгүйтэй танилцсан юм. Нэг жил сайхан амьдарч байтал Турк явчихсан. Ирнэ гэсэн ч ирж өгдөггүй ээ, гомдлын мөрт олж уулзах санаатай… гээд тууж яваа юм. Сайхан “гар” байгаа биз. Ингээд ирэхэд нь бүсгүй нь хүлээж авахгүй бол яана аа.
Ахиад л адал явдал биднийг угтаж байжээ. Юун бүсгүй… Тэрнээс ч дор юм болов.
Шалган дээр паспортоо барин дугаараа хүлээж зогссон ах хүү догдолж байгаа бололтой. Арав гаруй хүний дараа түүний ээлж ирлээ. Манай “ах” яасан удаж байна вэ гэж ярилцах зуур бид түүнийг түр орхин цааш нэвтрэх болов. Нэг харсан ахыг цагдаагийн офицер дагуулаад явж байна шүү. Юу болсон юм бол… Хүлээлээ… таг чиг. Яаж хаяж явах юм бэ гэсээр ахиад 20 минут хүлээлээ. Ах гарч ирдэггүй ээ. Монгол хүн байна даа, асууж сурах хэрэгтэй шүү дээ гэсэн уламжлалт ааш хөдлөн ахыг нэвтрүүлэлгүй саатуулсан шалганы ажилтнаас очиж сураглалаа. “Түүнийг шалгах шаардлага гарсан, хүлээх хэрэгтэй” гэсэн товч бөгөөд тодорхой хариу барьж байна. Тээшээ авчихаад ахиад хэсэг хугацааны турш хүлээлээ. Ах гарч ирсэнгүй. Ахиад аав гуай үглэж байна. “Чи ер нь хаашаа хүн бэ. Гомо Нарааг ч байсан найз минь л гэнэ. Хаа газраас гарч ирсэн нь мэдэгдэхгүй баригдаад явсан хүнийг ч ах ах гэж зууралдана, тэнэг юм уу. Гадаа хүүхэд хүлээж байгааг ер нь мартав уу” гээд л…Учир нь тэр бол цагдаагийн хүн. Би бол сэтгүүлч хүн… Арга буюу орхин гарлаа.
Муухай л юм боллоо доо, ахыг яагаад саатуулж байгаа юм бол… Гараад ирэхэд нь хэн ч байхгүй. Гомдох байх даа…гэсэн хөнгөн шаналгаа сэтгэл эзэмдэнэ. Ахиад хүлээмээр л байна. Гэвч болохгүй нь ээ… Уучлаарай, ах аа.. хаалганы цаана удаан уулзаагүй охин минь хүлээж байгаа шүү дээ.
Стамбул урьдынхаараа сүмийн хонхны уянгалаг дуугаа хадаан угтаж байна. Бид хүмүүс шиг тэр өндөр өртөгтэй Америк, Англи, Сингапурт гэр бүлээрээ зугаалж чадахгүй. Охин маань оюутан, цаанаасаа хамгийн хямд зардал гарган нисч ирээд бидэнтэй уулзах хамгийн оновчтой газар бол Стамбул.
Энд ирж хүүхдүүдтэйгээ хэд хоног амарч, аз жаргалтай дурсамж бүтээж өгөөд буцна. Энэ л надад чухал. Одоохондоо бидний бололцоо үүнээс хэтэрч чадахгүй. Гэхдээ эдэлсэн аз жаргалаа юутай ч харьцуулахгүй. Аз жаргал бол нэг л хэмжигдэхүүнээр хэмжигддэг, нэг л янзаар эдлэгддэг эд гэж би бодож байна.
Охид минь хамгийн жаргалтай эрхлэлдэж, Ази Европыг холбосон алдарт агаарын гүүрэн доогуур усан онгоцоор аялж явна. Өмнө нь усан онгоцоор явж л байсан. Гэхдээ энэ удаа яагаад ийм аз жаргалтай байгаа юм бол. Усны үнэр цээж нэвтлэн орж ирж, тэнгисийн ер бусын нөлөөнд эзлэгдчихсэн хөвж явна. Нээрээ би хэзээ ийм жаргалтай байлаа… Цахлай Ливингстон дэргэд минь зэрэгцэн дүүлж явах шиг. Гараараа далавчинд нь хүрч үзэхсэн…
Цахлай нисч байх үедээ хэзээ ч тэнцвэрээ алддаггүй, хурдаа алдаж унадаггүй. Тэнгэрт нисч байх үедээ хурдаа алдаж унах нь тэдний хувьд ичгэвтэр, гутамшигтай зүйл шүү дээ… танил мөрүүд ийнхүү орж ирнэ. Миний доторхи Жонатан цахлай сэрж байх шиг байна. Жонатан Ливингстон улам тунгалагшин харагдах шиг… нүдээ онийлгон нарны урдаас удаан гэгч саравчлан хармаар.
Нэг мэдэхэд долоо хоног гялалзан өнгөрчээ. Зочид буудлын гаднаас жуулчдыг тосч сурсан овжин таксинуудын нэгд суун нисэх буудлын зүг давхиж явна. Стамбул өөрчлөгджээ. Хогийн цэг байсан газар асар том худалдааны төв барьсан байна. Дэлхийн хотууд хоорондоо яралзан өрсөлдөж, шинэ зуунд хэн хаана юуг амжиж хийх вэ гэсэн гайхамшигт оюун ухааныг уралдуулж байна. Эднийх бол Азийн хотууд шиг сүмбэр бүмбэр өндөр, шил толь болсон барилгуудаар гайхуулдаг газар биш. Хуучин стиль имижээ л торддог. Энэ хот 12.8 сая хүн амтай. Дэлхийн тав дахь том хот. Европын хамгийн том metropolitan хот. Туркийн соёл, эдийн засаг, банк санхүүгийн төв нь.
Европын соёлын нийслэлд тооцогддог энэ хотын түүхэн дурсгалууд 1985 онд ЮНЕСКО-гийн соёлын өвд бүртгэгдсэнийг бүгд мэдэж байгаа. Эднийх Европын 2010 оны соёлын нийслэлээр нэрлэгдсэн юм байна. Харин 2012 онд Европын спортын нийслэл болохоор хүч хаян ажиллаж буй. Хот нийтдээ 39 дүүрэгтэй.
Сонирхуулахад зөвхөн Стамбул хотод гэхэд 35 тэрбумтан байдаг юм байна. Тэрбумтныхаа тоогоор дэлхийд дөрөвдүгээрт ордог гэсэн мэдээг хаа нэгтэйгээс уншиж байжээ. Өөрчлөгдөж, өөдөлж дэвжиж байгаа айлын гэр цаанаасаа л нэг цагаан харагдаад байдаг даа. Тийм л байна, эднийх. Гэхдээ л хараахан шигдээд үлдчих хүсэл төрөхгүй нь. Муу ч гэсэн Улаанбаатар минь л сайхан. Тэндээ л бид дэндүү гэмээр эрх чөлөөтэй амьдардаг.
Ататюрк буудал дээр ирлээ. Москвагийн онгоц саатаад хоёр хонож байна гэсэн улсууд ширэв татан холхилдож байна. Нисэх цаг хараахан болоогүй байна. Яадаг бол …гэсхийн хүлээлээ. Ашгүй бүртгэл эхэлж байна. Ингээд онгоцондоо суулаа. Гурван цаг нисээд алдарт “Шереметьево”-д ахин газардав. Хоёр цагийн дараа бид нутаг руугаа нисэх ёстой. Товлосон цаг боллоо. Нислэгийн сураг байдаггүй ээ.
Transfer desk-ийг бүчсэн улаан хэрүүл. Ёстой өргөөд шидчих шахаж байна. Аргагүй дээ, маргааш 30. Нөгөөдөр арванхоёрдугаар сарын 31. Энэ хорвоогийн хамгийн өндөрлөг өдөр. Жаргал зовлон, уйтгар гуниг, баяр хөөр дүүрэн нэгэн он явж, шинэ догдлол, шинэ итгэл найдвар тээсэн цоо шинэ он ирнэ шүү дээ.
“Шереметьево” онгоц нь саатаж бухимдсан түмэн газрын хүн зоны хилэнд дарагдаж гүйцсэн бололтой. “Аэрофлот”-ын ажилчид цөхөрсөн үү, хүйтэн царайлаад бүр хөшчихөж. “Аэрофлот”-ыг харааж зүхсэн зорчигчид нээлттэй микрофоноор ёстой шавайгаа ханатал хашгирч байна. Хонох нь ч тодорхой болжээ. Буудал гаргаж өгөх байх гэсэн найдлага ч талаар өнгөрөв. Хашлагатай сандлууд дээр нь хажуулж ч болохгүй.
Хананд өлгөөтэй телевизээр Ерөнхий сайд Путинийг эсэргүүцсэн жагсаалын тухай сурвалжлага гарна. Ходорковскийг сулла. Түүний дарангуйллаас Орос орноо чөлөөлье… гэх мэт уриа, плакат барьцгаажээ. Цагдаа нар заримыг нь хөл гарыг нь сарвалзуулаад л ачих юм. Манайд болж байсан тракторчдын цуглаан санаанд орж ирж байх чинь. Эркаг маань (сэтгүүлч Г.Эрдэнэбат) яг энэн шиг гурван цагдаа дамжилж аваачаад машин руугаа чулуудчихаж байж билээ… Тэр үеийн дурсамжууд сэтгэлд ийнхүү амилж, андаан дурсан ганцаараа инээж суугааг минь хэн ч анзаарахгүй нь гоё.
Үзэх ганц зугаа энэ л юм даа. Нэг ч сэтгүүлч, нэг ч тоймчийн дүгнэлтгүй. Доор нь зөвхөн тайлбарлалтгүй гэсэн бичиг бичжээ. Тайлбарлавал аюултай. Бүгдийг захирагч Владимир Владимирович хилэгнэнэ. Тэр бараг ахиад Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж магадгүйгээ Ларри Кингийн шоунд орохдоо ам алдчихсан. Аймаар юм… Манай сэтгүүлчид бол ёстой дуу дуугаа авалцан шуугиж байгаа даа. Орос орон ингэтлээ нэг хүний засаглалд дагжих шахаж байх гэж…
“Шереметьево” эмх замбараагаа алджээ. Яахаас ч сийхгүй харцтай мулзан толгойтнууд холхиж, хүмүүсийг жийрхүүлнэ. Ачаа тээш задарсан, ухаж төнхсөн, алдагдсан тухай гомдлууд тал талд чих дэлсч жихүүцүүлнэ. Арай дээрдсэн, ачаа тээшинд халдах нь бараг байхгүй болсон гээгүй бил үү? Тийм дээ, аливаа зуршил арилтлаа уддаг шүү дээ.
Түмэн хүн холхисон “Шереметьево”-д ганцхан хүүхдүүд л бухимдалгүй. Саяхан онгоцонд эгчээсээ уйлж салсан охин маань хөөрхөн шар толгойтой хүүтэй ямархан нэгнийг ярилцаж байна. Төд удалгүй хөөцөлдөн гүйж, хэний ч үгэнд орохгүйгээр дур зоргоо тунхаглаж эхлэх нь тэр. Жаалхүүгийн нэр Эдуард. Тэд энд чамгүй удаан сууцгааж байгаа бололтой. Сүүлдээ ээж аав нь мөр мөрөө дэрлэн зүүрмэглэцгээж, хоёр хүүхдийн аюулгүй байдал бидний толгой дээр ирэв. Сандлуудын ар өврөөр хөөцөлдөн тоглох тэд аажмаар орон зайгаа тэлэн, байн байн үзэгдэж харагдахгүй алга болж сандаргана. Тэгснээ толгойгоо нийлүүлээд юу ч юм ярилцана. Яаж ойлголцож буйг нь тэнгэр л мэдэх байх.
Москвагийн цагаар шөнийн 23 цаг өнгөрч байтал тэд нисэх болж бужигналаа. Хэдэн цаг хамтдаа тоглосон хоёр салах болов. Хөөрхөн хуруунуудаа оролдон тонгойн зогсоцгоожээ. Эдуард хувцсаа өмсөхгүй гэж гэдийв. Тэгж байснаа Алёна, i love to… гэж хашгиран хүмүүсийг нир хийтэл инээлгэв. Охиныг маань Ариунаа гэдэг нэрийг Эдуард Алёна болгон хөрвүүлжээ. Алёна… баяртай, дараа заавал уулзана аа… Ийнхүү манай “хосууд” саллаа. Хөлс нь гоожиж, басхүү сэтгэл ихэд хөдөлсөн охин маань бидний дэргэд гунигтайхан ирж суув. Тэрэнд ямар байгааг ойлгож байна. Охиноо сэргээх гэж ачаа түрдэг тэргэн дээр суулгаж Шереметьевогоор хөндлөн гулдгүй түрж “давхисан” ч тэр гунигласан хэвээрээ л байлаа.
Шилэн хананы цаана Москвагийн цас будран бууж байна. Яг бага байхад манай нутгийн тэнгэрээс бужигнан буудаг байсан сэвсгэр цагаан цас шиг. Яасан танил юм бэ…Хамагч машинууд цасыг хуу түрэн бөөгнүүлнэ. Харин би сэтгэлдээ хамагдан түрэгдэн бөөгнөрч буй тэр цасыг бага ахтайгаа хамт хашаандаа босгодог байсан цасан өвгөн болгож харна. Хамрыг нь хийх лууван байхгүй, ах маань үсний минь улаан бөмбөлөгтэй боолтыг шигтгэчихэж билээ. Хөөх, ийм налчгар хамартай өвгөн байдаг юм уу гэж аав маань хөгжилтэй инээж байсан нь өнгө будагтайгаа амилан харагдана. Буцаад яг тийм жаргалтай болох юмсан.
Микрофоноор хашгирч бухимдлаа тайлагсад овоо тайвширч эхэлжээ. Нэгэнт шөнө болсон, нэгэнт хүлээхээс өөр гарцгүй болсон. Гэхдээ л оросуудын наргианч зан хэвээрээ. Зарим нь онигоо ярьж, зарим нь бяцхан халамцчихсан дуулж, ахиухан тунгаар туучихсан нэг нь “Бүгдээрээ энд шинэ оныг угтахад бэлэн үү, би л лав бэлэн шүү” гэж хашгиран хөгжөөнө. Хаа газрын ард түмэн ийм л цагаахан…ийм л гэгээхэн дээ.
Сандлуудыг түрж нийлүүлээд бяцхан ор засч охиноо унтууллаа. Өглөө нисч л үзээсэй…Энд бодлоос минь өөр гоё юм алга.
“Шереметьево”-д шинэ өглөө ирж байна. Манай нислэгийн хуваарь таг чиг. Тэгж тэгж самбар дээр нэр нь гарч ирэв. Баярлаж байтал бас дахиад л алга болчихно. Нэгэнт найдахад хэцүү нөхцөл байдалд орсон улсууд болохоор “Аэрофлот”-ынхныг тачигнатал загнаж, ээрүүлдэж байж хоолны талон олж ирцгээжээ. Зарим нь бүр илүү талон аргалж авсан гэж байгаа. Ингээд шинэхэн өглөөний хоолонд “Тавтай морилно уу” гэж бие биенээ найрсгаар урив.
Төд удалгүй манай нислэг зарлагдлаа. Ингээд арай гэж онгоцондоо суудаг байжээ. Монголын тэнгэрт үүр хаяарч байлаа. Манайхан шинэ жилээ тэмдэглэчихсэн. Миний амлалт будаа… Жаахан гунигтай л юм. Гэхдээ жинхэнээсээ нэг л гуньж өгөхгүй нь ээ. Яагаад гэвэл маргааш арванхоёрдугаар сарын 31 шүү дээ… гэсэн танил догдлол цээжин цаанаас түрж ирээд.
Ариунаа маань харин ганцхан асуулт тавина. Ээж ээ, би Эдуардтай ахиад хэзээ уулзах юм бэ гэж… Хариулахад хэцүү асуулт үүнээс өөр таарч байл уу, яалаа… Сэтгэл өвдөөд хэлэх үг олдохгүй нь. Эсвэл би жинхэнээсээ одоо л ээж болж байгаа юм болов уу... Ээж.