Туул... Туулын тухай амтай болгон шагширч байна. Хэдэн мянган жил халгин цалгин урссан хатан туул нүд анихын ирмэгт тулаад байгаа гэнэ. Би Туулын тухай огт мэдэхгүй. Угаасаа ус цас багатай говь шахуу нутгийн хүн. Гэхдээ цэл залуухан ээж минь гэрийн сүүдэрт суугаад аавын хөлстэй цамцыг паалантай төмпөнд хөөс сахруулан тонгос тонгос угааж, амандаа жаргалтай нь аргагүй
“Туулын урсгал шөнөдөө сайхан
Торгон долгио хаялан мяралздагсан
Бүүр түүрхэн тохиолддоо дурсаад
Үүр цайлгах би дуртай сан”
гэж зөөлхөн дуулж байдаг сан. Би ээжийгээ тийн юм угаахыг нь сөхөөтэй хаяагаар харан хэвтдэгсэн. Харин тэр сонин дууных нь учрыг ойлгож ядна. Тийм байж болоо ч үгүй үгийг нь цээжилж, аялгуунд нь уярна. Туул гэдэг чинь гол. Яг л манай Хар бухын голтой адилхан гэж бодно. Тэгснээ туулын хөвөөнөөс манай сумын ах нар цэрэгт морддог. Сумынхан нэгдлийн зил 130 машины тэвшин дээр чихэлдэн суугаад Туулын гүүр гэгч рүү оддог. Эргэж ирэхдээ цөмөөрөө шал согтуу, эхнэрүүд нь уйлаан хайлаантай ирдгийг санана. Тэгээд хоёр ах маань бушуухан цэрэгт яваасай гэж хүснэ. Тэгвэл би Туулыг, Туулын гүүрийг үзэх завшаан олдоно шүү дээ. Тэнд очоод аав маань лав согтоно. Харин ээж уйлахгүй л болов уу гэж бодно. Яагаад гэвэл манай ээж еренхийдөө чанга талдаа хүн. Аавыг дагаж гандаж хөхөртсөн шонгийн модны уул ус даван даван одсон уртын урт цувааг дагаж, хүний газар бүх насаараа амьдарсан хүн.
Аав маань Монголын харилцаа холбооны салбарт насаараа зүтгэж “Хүндэт холбоочин”, “Онц холбоочин” бүгдийг нь хүртсэн хүн. Харин Төрийн одон нэг ч үгүй билээ. Сумын хэдхэн сэхээтний нэг атлаа яагаад ч юм намд элсэж өгөхгүй гэдийж, дарга нарын уур цухлыг барсан, хэдэр хэлэмгий, уур омогтой хүн байсан. Тэгээд очсон газар болгондоо нэг л ажил хийдэг байсан юм. Тэр бол холбооны даргын ажил байлаа. Ээж болохоор “Байна уу, байна уу? Дамжих уу, Байдраг уу, Улаанбаатар уу” гэж амандаа тоть шиг давтан хурууныхаа өндгөөр урдаа байгаа хөөрхөн дөрвөлжин товчлууруудыг тогшиж суудаг залгагчийн ажилтай .
Эцэг эх маань Булганы хойд талын ус нуур болсон хангайн сумдын хүмүүс. Харин би болохоор хамгийн урд талын уртаашаа ганцхан голтой Дашинчилэнд төрж өссөн.
Архангайд ажиллаж байлаа... Хөвсгөлийн боронзон шугамыг татаж явлаа, Тамирын голд умбаж, шумбаж явлаа. Энд ингэж хатаж байх гэж гээд тэд хааяа үглэнэ.
Манай Дашинчилэнгийн хамгийн том голыг “Хар бухын гол” хэмээнэ. Сумын ар талаар ороон урсдаг. Дороо чулуу байхгүй, хөл хатгахгүй амар. Эрчилсэн хуйларсан, хүрэнтсэн гол байсан юм. Шумбаад л гарахад пудр түрхчихсэн юм шиг хацар нүүр гайхмаар саарал болж орхино. Энэ бол хужир.
Сумын урд талаар Мялангийн гол гэж жижигхэн гол урсдаг. Хүн сэлэх усгүй ээ. Харин мал усалж болно. Өвөлдөө бол нэг их том гол шиг тал дүүрэн хөлдөж бид эсгий гуталдаа конки янгинатал хүлж аваад тэшиж гарна. Мялангийн гол өвөлдөө л тийн гол шиг гол болдог билээ. Тийм болохоор бид их усны тухай, цуутай гол мөрөн, нуур хотгоруудын тухай мэдлэг багатай. Туулын тухай ч мөн адил.
Анх Туулыг үзсэн дурсамжаа санахаар одоо инээд хүрдэг юм. Хүсэл хүзүүгээр татаж бага ах маань хоёрын хоёр хүүхдийн эцэг болчихоод цэрэгт тэнцчихлээ. Аав ээж хоёр аймаг явлаа. Ямар ч байсан цэргээс гаргаж авах юм болов. Би 13 настайдаа анх удаа л гэртээ ганцаараа үлдэх боллоо. Хэд хоногийн дараа хэл ирэв. Би холбоон дээр дэгдэж хүрээд аймаг руу ээжтэйгээ ярилаа. Утас залгагдав уу, үгүй юу цаанаас ээж "Байдаггүй ээ, цаад ахыг чинь аваад үлдэж чадсангүй. Эцгийг чинь цэргийн хэлтсийн дарга Даваадорж дээр ороод уулз гэж бүр ядлаа. Энд ирсэн хойноо яршиг, тэр муусайн дээр би юм гуйж орохгүй гээд тэнгэр хараад хэвтчихлээ. Аав чинь маргааш ахтай чинь цуг цэргийн машинтай Туулын гүүр орно. Миний хүү юухан хээхэн аваад тосно уу даа” гэж яг л том хүнтэй ярьж байгаа юм шиг увуулж цувуулан тушаав. Ах ч яахав явна л биз. Загнаж цагдах хүнгүй амрах нь. Ах эсвэл дээжинд хаягдчих болов уу. Гэхдээ дээжинд хаягдаад ирэх муухай, ичихгүй тэвшин дээр гарчихаад “Ээж ээ, хүү нь ардын цэрэгт явлаа” гэж ирээд нулимс дуслуулж байсан нэг ах аймаг орчихоод цэрэгт тэнцэлгүй Туулын гүүрэн дээр гээгдсэн жишээ бий. Ах маань сургуулийн багш болохоор тэгээд гээгдчихвэл бас тусгүй еэ. Хүүхдүүд шоолно шүү дээ. Харин би хоёр уйланхай хүүхэд харах л нэг хэцүү ажилтай боллоо доо гэж бодож алхав. Мэдээж гэр лүүгээ.
Би цэрэгт мордогсдын ар гэрийнхэнтэй хамт өглөө үүрээр Заамарын зүг, Туулын гүүр тийш одох бодлоо. Барьсан талх, өрөм бас чихэр авав. Ингээд л болно гэж үзлээ. Намайг өглөө гүйгээд очсон нь жолооч ах “Өө Ба даргын бондгор бор охин гүйгээд ирэв үү. Ах нь кабиндаа суулгана аа” гэснээр би тохилог суудал эзлэх боломжтой болов.
Давхиад байлаа. Давхиад л байлаа. Их л урт зам туулах шиг санагдав. Тэгж тэгж нэг их том голын хөвөөн дээр очоод зогсох нь тэр. Хуйларсан мөн ч сүртэй гол байлаа. Томчууд “Хөөе чи нөхөр минь, уснаас хол байгаарай. Ганц охиныг нь Туулд үйчихээд байж байвал Ба дарга ирээд биднийг сүйдлэнэ дээ” гэлцэн пар пар инээлдэцгээнэ.
Энэ бол Ээжийн дуунд гардаг Туул гэж бодов. Жаахан сэрүүн өдөр байсан болохоор тийм ч гоё санагдсангүй. Ердөө л аймшигтай, бас сүрлэг байлаа. Хүмүүс дор бүрнээ чулуу тулан тогоо тавьж, цайгаа үйн бужигналдав. Харин би гартаа барьсан бондгор ууттай юмаа улам чанга атган суув. Удалгүй тэртээ даваан дээгүүр машины цуваа гараад ирлээ. Улаан туг хатгасан, цэргүүд нь цэрэг хувцасгүй мөртлөө бүгд босоод зогсчихсон бас дуулчихсан бөөн сүр манаргасаар ирэв. Аав ах хоёр ч буугаад ирлээ. Аав намайг тоож ч үнссэнгүй. “Үгүй энэний явж байгааг ээ, юунд ирээв чи. Мах чанаад ирж мэдсэнгүй юу” гэж ирээд дургүй хүрмээр аашиллаа. Тэгэхэд амнаас нь архи сэнхийж байсан юм. Ахыг аргалж чадаагүй болохоор хямраад нанчид хүртсэн байх л даа.
Нэг мэдсэн бид нутгийн хүмүүсийн дунд гал тойроод сууцгааж байв. Манайхан Туулын бургасан дунд ёстой нэг туучиж байна аа. “Өө энэ сайхан түлш байхад” гэцгээн хуга хуга татан ирж галаа өрдөцгөөгөөд л...Цэрэг хөдөллөө. Нэг харсан аав маань нулимсаа арчиж байна. Ах ч жаахан эвгүй царайтай байлаа. Аргагүй, тэр хорь нэлээн гарчихсан хойноо 18-тай шавь нартайгаа хамт цэрэгт мордсон юм. Ичмээр байсан байх даа гэж одоо санадаг юм. Харин аавын маань хажууд зогсон хүүгээ үдсэн малчид хээв нэг хүдэр чийрэг, чанга хатуу зогсоцгоож байхад манай аав л ганцаараа эмэгтэйчүүдтэй ижилхэн уйлсан. Тэрнээс нь болоод буцах замд нэг өвгөн нь согтчихоод “ Муусайн дарга нар ийм нялцгар шүү дээ, та нар. Тийм сүрхий юм бол арын хаалгадаад гаргачих нь яасан юм” гэж ирээд аавд маань зориулан тээ холоос, тэвшний нөгөө өнцгөөс агсамнаж байж билээ. Хөөтэй ч улс даа.
Ингэж би Туулын тунарсан урсгалыг анх үзсэн юм. Хожим би олоон жилийн дараа оюутан болж Улаанбаатар руу ирэхдээ Туулын хөвөөн дээр ахин зогсож байлаа. Хатан туулын уснаас магнайдаа хүргэн адис авахад нэг л сайхан санагдсан. Нэг ёсондоо орон хотын нүргээнт амьдралын хаалга нь Хатан туул байсан юм. Би Туулыг гаталж ирээд хотын хүн болжээ. Тийн усны шувуу шиг зорин зорин ирчихээд эргэж нисээгүй. Нутгаадаа гүйгээгүй билээ. Хожим нь миний тухай аав маань “Охин хүн, цагаан зээр хоёр нутаггүй гэдэг үнэн юм “гэж нэг дуугарч байсан.
 
Оюутан байхдаа хайрын л шүлэг бичээд байлаа. Харин Туулын тухай бичээгүй ээ. Тэгэхэд би Туулыг мэдрээ ч үгүй, ойлгоо ч үгүй байлаа. Тэр байтугай татагдан татагдан дурласаар орон хотын хүн болчихоод энэ хотыг би саяхан ойлгосон юм шүү. Тэгэхээр аливаад зорин амьдрахад гарцаагүй туулдаг сэтгэл зүйн олон олон гүвээ даваанаас ганцхан “ойлгох” л хамгийн хэцүү нь байдгийг харин таниж ухаарсаан.
Сургуулиа төгсөөд би Төрийн төв хэвлэл “Ардын эрх”-д ирлээ. Шинэхэн сурвалжлагч болчихоод сониныхоо номын санд л өдрийг бардаг байв. “Ардын эрх”, “Үнэн”, “Засгийн газрын мэдээ”, “ Хөдөлмөр”, “ Тоншуул”, “ Залуучуудын үнэн” бүгдийг нь он оноор нь уншиж үзсэн юм даг. Тэндээс би сэтгүүл зүйн жинхэнэ акулууд гэж хэн хэн бэ? Хэн нь яаж бичиж байсан байна вэ гэдгийг судалсан. Одоо би зарим нийтлэлүүдийг цээжээр мэднэ. Сайн хийсэн утга уянгын нийтлэл хайрын шүлэгтэй яг адилхан.
Тэр “Далай ээж цаазын тавцанд”, “Чив чимээгүйТуул”, “Цасан галав”-ийг ээ... Яасан тод санагдана. Тэдэнд атаархаж үхмээр. Зургаан жилийн дараа саяхан эрхлэгч надад нэг сонин даалгавар өглөө. Ерөнхий эрхлэгч Ж.Мягмарсүрэн надад “Чи Туулын тухай бич” гэж шулуухан хэллээ. “Хааяа эргэлдэж байгаа сэдвээсээ гарч бай. Сонин шүү дээ” гэв. Дотроо баахан эргэлзлээ. Түүнийг маань ч анзаарчихав бололтой. Туулын тухай надад сэтгэл хөдөлтөл ярьж өгөв.
Ингээд би нэг дотны ахыгаа гуйж хамт “УАЗ”-469-д сууж аваад Туулыг зорьлоо.
Эхлээд Морин давааны их ам гэдэг газар хүрэв. Эргэж явсаар Сонсголонгийн гүүр, Толгойтын цэвэрлэх байгууламж руу очсон.
Морин давааны их аман дээр Туул дүн өвөл шиг цавцайж байлаа. Мөсөн дээрх цасан бүрхүүл нь хэв хэвээрээ. Дээгүүр нь алхалхад цөмрөх янзгүй. Харин голд нь хүртэл хэсэг газар харзалсан жижигхэн цоорхойгоор Туулын ус хэржигнэн урсаж байх нь тэр. Гэхдээ цас мөсөн бүрхүүлээ дотроос нь хага татан яргаж, цөнгөө түрэх тэнхэл үнэртсэнгүй. Одоо Монголын бүх гол ус цөнгөө түрчихсэн байгаа. Энэ бүхэн манай улсын хамгийн том гол, хамгийн алдартай гол Хатан туулын ус нь ховордож, урсгал нь татарсныг илтгэнэ. Их ус, их урсгал оволзсон хүчтэй ус мөрөн бол урины түрүүчээр мөс, цасыг дэлбэ татан ганц л шөнийн дотор цөн түрж хонодог гэдэг. Ээж маань Булганы Ингэттолгойн САА-н хүн. Сэлэнгийн хөвөөнд хөлбөрч өссөн хүн болохоор энэ мэтийг их ярина. Шөнө дөлөөр, шүлэг нойрны цагаар их Сэлэнгийн цөнгөө түрэх чимээг сонсоход нойр хулждаг гэнэ. Өглөө босоод хөвөө рүү нь гүйн очоод харахад шөнийн нөгөө түс түс хийх чимээ намжсан төдийгүй, том том мөсөн дээр ганц нэг саваагүй ишиг, согоо наалдчихсан учраа олохгүй самгардан урсгалтай юутай хээтэйгээ хуйлран одохыг нэг биш харж байжээ. Ишиг нь жигтэйхэн их орь дуу тавин майлна. Түүний дуу салхиар дамжин долгилсоор чихэнд ирэхдээ “амь авраарай” гэж шууд орчуулагдан ирдэг гэнэ. Харин согоо бөгцийчихөөд дуу ч гаргалгүй, дороо шээс алдсаар оддог гэнэ.
Морин давааны их аманд гурван гэр өвөлжжээ.
Хаврын илчгүй шар нар үүлэн сиймхийгээр цухалзаж ядсан, эрвэн сэрвэн салхитай өдөр байлаа. Хамгийн наад захын айл руу дөхөж очтол хижээл насны хоёр эмэгтэй гаднаа саравчлаад зогсож байна. Тэднийхэн Говь-Алтай аймгийн Бигэр сумын айлууд гэнэ. Цэрэгт ирсэн хүү нь зодуулж хүнд бэртэл авснаас болж ийн хот хүрээг зорин ирж суурьшсан аж. “Сайхан байна аа. Бид чинь говийн улс. Хангай газар хатан туулын хөвөөнд сайхан байна аа. Хүү маань л хэвтрийн хүн болчихлоо доо” гэлцэж байв. Тэдэнд бол цэлийж цавцайсан Туул гайхамшигтай санагдаж байгаа. Харин хот руу дөхөхөөр ямархуу дээлтэй Туул нооройж, хайрга чулуу цайран харагдаж байгааг яаж мэдэхэв.
Туул ширгэлээ, бохирдлоо хэмээн биднийг орь дуу тавьж байгааг мэдсэн янз алга. Морин давааны их амнаас уруудаад нэг их удалгүй Туул мяралзаж байна аа. Гэхдээ нэг л хөнгөн нимгэн Туул. Баянзүрхийн гүүрнээс Яармагийн гүүр хүртэл Туул урсаж байна. Харин Сонсголонгийн гүүр хүрээд тасарчээ. (одоогоос арваад хоногийн өмнө) Машинууд урд нь ус байсан хайрга чулуун дээгүүр шороо манарган хөндлөн гулд давхилдаж байна.
Туул ийнхүү хүн рүү ойртох тусам анивалзан анивалзан нүдээ аниж байна. Хотын захаар Туулын бургас руу хошуугаа дүрээд зогсчихсон гоё гоё тэрэгнүүд хэд алхаад л таарна. Тэд машинаа хөөсрүүлэн угааж, бас голын бургаснаас хайр найргүй хугачин гал асаана. Пэмбийсэн пэмбийсэн дулаахан өдөн хүрэм өмссөн эрхмүүд паартай байшингаасаа холдоод даарсан хэрэг. Тэгээд нүв нүцгэн Туулынхаа турьхан бургаснуудыг буулгаж ирээд дулаацаж сууна. Энэ бол нэрт нийтлэлчийн хэлсэн Туул биш Дууль гэдэг нь аж.
Туул урслаа, урслаа гэхэд урьдын домогт Туул биш болсон. Урсгалаас нь гадагшаа хоёр талын эрэг рүүгээ зуу зуу гаруй метр хайрга. Хэдэн мянган жилийн урсгалд элж мөлийсөн голын чулууд. Цагтаа усан дороос цайран харагдаж байсан тэр чулууд бас нэгэн том хайрган гол мэт санагдана. Боодог, хорхогонд харлаж түлэгдсэн хөөтэй хар чулуун гол юм гэж төсөөлөгдөнө.
Туулаас тул барьдаг байсан гэнэ. Туулаар хоригдлууд сал хийгээд гуалингуудаа ачин урсгадаг байсан гэнэ. Одоо энэ бүгд үлгэр болжээ.
Хатан Туул хүн рүү, хот руу дөхөх тусам сүйрч байжээ. Одоо ч мөн адил. Толгойтын цэвэрлэх байгууламж орчмын тэндээс эхлээд Туул ихээхэн сүртэй хүржигнэн урсах юм. Гэхдээ хотын хамаг л муу муухай, бохир ус Туул руу цутгаж байгаа нь тэр гэнэ. Тэнд дүүрэн өмхий үнэртэй хорхой нүүрлэжээ. Дээхэн үед жаалууд энэ улаан хорхойг шүүж аквариумын загасанд өгөөш болгон өгдөг байсан гэдэг. Одооны жаалууд бол сэжиг нь хүрээд хавьтах ч үгүй биз. Бүх юм боловсронгуй болсон. Загасны хоол ч мөн адил. Туул ийнхүү өт хорхойн үүр болжээ. Энэ заваан байдап Туулыг амьдралгүй болгов. Одоо Туулын дор амьдрал байхгүй. Загаснууд нь үхсэн. Тэдний анир гүмхэн амьдрап таалал төгссөн. Одоо Туулын чулуулгын бохирдол, газрын дорх усны бохирдол үлэмж удаан цэвэршинэ. Цэвэршүүлэх ажиллагаа эхлээ ч үгүй байхад энэ тухай ярих нь ч илүү.
Бохирдож хилэгнэсэн Туул загасаа хөнөөж эхэлсэн. Удахгүй хүмүүсийг хөнөөж, хариугаа авч эхэлнэ.
Тунгалаг Туул үйлдвэрүүдийн химийн хоронд хордсон болохоор би ийн хэлж байгаа билээ. Хамгийн эмгэнэлтэй нь тэр өдөр би нэг ч усны шувуу олж харсангүй. Хатан Туул ангир ч үгүй, нугас ч үгүй гангар гангар аниргүй байв. Гэвч одоо тасарсан Туул амилаа биз, шувуутай, дуутай болсон биз гэж тайвширья.
Манай хот хэдэн өдрийн турш бороонд шавшуулан нялхрав. Байшин барилга, гудамж талбайнууд өнгөө засав. Хөх тэнгэр Хатан Туулаа хараад тэсгэлгүй хур унагаж буй нь энэ биз. Гэвч нулимс ч байж мэдэх юм аа.
Туулын тухай би олон хоног бодлоо. Бид Туулаа дуулахаа л мэдцэг аж. Хөвөөн дээр нь, нов ногоон дэвсэг дээр нь хөлөө жийж суугаад ууж дуулж, наргиж наадаж бас идэж, эцэст нь Туулын усаа самралдан агсан тавилцаад салдаг аж. Туулаа аймшигтай гомдоожээ. Аргаа барахдаа Хан Хэнтийн сарьдаг уулс хатан Туулаа хэзээ хойно унин тунин илгээв. Тэгээд уяхан гэгэлгэн Туул маань газрын холоос нутаг гүйсэн адуу шиг эцэн сульдан ирэв.
Туул туниж туниж ирлээ, та минь. Та нар харж байна уу.
Барагдашгүй ихийг үзэж, туулсан ижий минь бас л хүн дагаад, хүүгээ дагаад Туулын хөвөөнд иржээ. Би ижийгээ зуны орой байн байн тийш нь авч очихыг эрмэлздэг юм. Гэхдээ ээж минь тэртээ үеийнх шигээ амандаа дуу аялахаа байжээ. Хайрхан минь, хатан Туул минь гэсээр адис аван магнайгаа норгохоос цааш хэтрэхгүй. Тэгсхийгээд л явья даа гэнэ. Дууль болсон голын эрэгт дурсамж нь амилж ирээд, дуу нь орж ирээд хэцүү байдаг байх. Гэвч би Туулыг, залуу насыг ойлгож ядсан хэвээр.
Туул минь би чамайг заавал “ойлгоно” гэж өөртөө андгайлав. Буцах боллоо. Хамт явсан хэдэн нөхрийн нэг нь бүр навсайтлаа согтоод амжжээ. Хот оръё, бааранд очъё гэнэ. Юун Туул манатай болжээ. Гэвч яая гэхэв, түүнд баярласан талархаснаа хэлсээр гэрийнхээ гадаа буулаа.
Ctrl
Enter
Гомдол хэрхэн мэдүүлэх вэ?
Холбоотой текстийг идэвхжүүлэн Ctrl+Enter дарна уу.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл (0)

Foto
Б.Ганчимэг

Б.Ганчимэг
Б.Ганчимэг
Б.Алтанхуяг
Б.Алтанхуяг
А.Доржханд
А.Доржханд
О.Нинж
О.Нинж
П.Соёлдэлгэр
П.Соёлдэлгэр
А.Банзрагчгарав
А.Банзрагчгарав