...Олсон чулуудаа дурсамжийн цээлд шидэхэд
мартахуйн цэл мөсийг цөмлөж чаддаггүй юм аа
гэхэд эрхбиш жингэнэх дууг дуулгаж,
жижигхэн цацраг долгис таныг зорино хэмээн итгэмүй. 

Ц.Гончиг

I.

Усны гүнээс нэгэн цахлай хавч эсвээс загас бус дун цагаан чулуу хошуундаа зуун тэнгэрт өөд дүүлэн нислээ гэж саная. Тэр чулуу нь идэш тэжээл биш эвэрлэг хатуу хошуундаа зуун ниссэн олон дурсамжуудын хамгийн тод нь юм. Жонатон Ливингстон өөрийн доторх цахлайг, хүчийг олон гэж хязгаараас хязгаар луу халин нисэх адил Хөвсгөлийн их дайдад Идэрийн голын хөвөөнөө нэгэн цахлай дурсамжийн цагаан чулуудыг усны гүн рүү шумбан орж хошуун даа зүгээд тэнгэрийн цээлд гарахуй. Тэнд олон олон цац суваргууд нэвт гэрэлтэн байхуй нь мөнөөх цахлайн хошуундаа зүүсэн цагаан чулуун доторх дурсамжаас үүссэн гэлтэй. Ийм нэгэн үл ойлгогдом төсөөлөлд автан суухуй. Орчлонд ойлгогдошгүй олон зүйл байдгийн нэг нь уншихгүй өнгөрч болох эдгээр өгүүлбэр юм. 

Энэ бүхэн яруу найрагч Ц.Гончигийн “Цул мөнгөн гүүр” дурсамжийн номоос үүдэлтэй. Тэрээр номынхоо цул бүхэллэг чанарыг “Санахын үзүүр хаяаны цагаан чулууд” хэмээх бичил дурсамжаар эхлүүлж, багадаа чулуу олохоор усны гүн рүү шумбадаг асан тоглоомдоо учиг бүхний эхлэлийг зангидсан байна. Тэрхүү зангилааг нэг нэгээр нь хөвөрдөн тайлах бүрт арилшгүй үлдсэн дурсамж, түүн доторх дүрүүд уншигчийн нүдний өмнө улам улмаа тодрох билээ. 

Нэгэнтээ уран зохиолын түүх Дильтейгийн үзсэнээ сэтгэхүйн хэв шинжид эртнээс гурван бүлэг дамавгайлсаар ирсэн. Энэ нь позитивизм, бодит идеализм, дуалист идеализм болно. Ерөөс позитивизм буюу энэхүү реализмд оюун ухаанаар зодож бичсэн, бичихээс илүүтэй оюун ухаан давамгайлсан шинж илэрдэг. Тэр нь яг л өгүүлэн буй номын “Цавуудмал түүх”, “Уул шуусан хүн”, “Моторын дуу” харин бодит идеализм буюу мэдрэмж давамгайлсан нь “Дурсамж ямагт хойд зүгийг заана”, “Уран шувууны үүр”, “Нэгэн голын дөрвөн улирал” зэрэг болно. Харин үлдсэн нь болох “Цул мөнгөн гүүр” бол дуалист идеализм буюу хувь зохиолчийн сэтгэлийн хүч, алсыг зорин нисэх Ливингстон цахлай адил тун чиг хүчтэй хүсэл тэмүүллээс үүдэлтэй гэж санана. 

Хэдий хувь хүний дурсамж боловч тэдгээр нь дотроо өөрийн гэсэн урьдач нөхцөл байдал, түүнээс салбарласан дүрүүдийг сүндэрлүүлсэн нь бичгийн түүхэд зайлшгүй хамаарах учир уран зохиолын түүхийг тодорхойлогч хүчирхэг хэв шинжүүдийн хувьд ийн ангилах боломжийг үүсгэсэн хэрэг. 

II.

“Уул шуусан хүн”. Ер нь уг номын дурсамж бүрийн гарчгаас л нэг тийм жир бус салхины дуу, жиргэн нисэх шувуудын дотор жингэнэх шулагнаан сонстоно. “Уул үзээгүй байж гутал тайлах, Ус үзээгүй атал хормой шуух” гэдэг сэн дээ. Гэтэл “Уул шуусан хүн” гэхээр юу билээ. Уулыг дээлийн хормой шиг шуучихаж болох ухаан, тийм совин хаанаас бий болов. 

Номын дурсамж бүхэнд тус тусын дүр бий. Тэр нь бидний огт мэдэхгүй, харин зохиолчийн ой тойноос хэзээд үл алирсан дүрүүд. Уншигчийн таних атлаа уулзаж үзээгүй, улаан нүүрийг нь ширтээгүй тийм холын хүмүүс. Үүний нэг нь уул шуусан Довдонсамбуу. 

Зохиолч анх удаа ажил хийж цалин аваад ганган шил үнэ цохин авж, үлдсэнийг нь наадмын дэнжийн салхинаа элдэв юманд үрж орхисон тэр л дурсамжийн тасархай дундаас мөнөөх дүр ургана. Нэгэн удаа сумын наадам болохын өмнө наадмын комисс хурдан морины замын хог цэвэрлэ шийдвэр гаргаж, хөлсийг нь үнэлэхээр болж л дээ. Гэтэл Довдонсамбуу хэдэн арван киломерт замын чулууг зөөж уулын хормой дагуулан эгнүүлэн өржээ. Үүнийг дурсамж дотор ийн дүрслэн өгүүлжээ. 

“...Хурдан хүлгүүдийн бараа тасрахад Довдонсамбуу гуайн зуслангаас эхлээд морь барьдаг Хуурайн үзүүр хүртэлх ууулын бэлийг дундуур нь бүслэн зурчихсаныг олж харж билээ. Уулыг нь дундуур нь хуваагаад зурчихжээ”. 

Хүү тийнхүү “газар хагарчихна л гэж баймааргүй юм” гэсээр гэртээ харьж ааваасаа асуухад тэдгээр чулууг мөнөөх дурсамж дотроос өндийсөн дүр өдөр шөнөгүй, олон хоног уулын бэл рүү зөөсөөр чулуун бүслүүр тогтоосон болохыг учирлаж өгнө. Уулж ингэж шуугджээ. Чулууд эгнүүлээд өрчихсөн уулыг холоос ажвал газраас тасраад өндийчихсөн, нээрэн л хормойг нь дээш шуучихсан адил харагдах нь хэн бүхэнд илхэн шүү дээ. Харин үүнийг чухам олж хараад, ухааны дамавгайлмаар бичнэ гэдэг л бүгдийг хийх зүйл биш. 

Харин мөнөөх өвгөнийг сумын наадмаар хурдан морины зам цэвэрлэлээ гэж баярын бичгээр шагнадаг. Өвгөн ч бөөн хөөр болсныг аав нь хүүдээ дуулгана. Дараа нь мөнөөх хүү өвгөнтэй уулзахад хүүхдүүд унах, адууны хөл гэмтэхээс сэргийлж чулуу түүгээгүй болохыг сонсоод учрыг нь олох гэсэн хачин адгуу хүсэлд хүлэгддэг. 

Өвгөн замын чулууд дор өчнөөн шавьж амьдардаг байсныг мэдэж л дээ. Чулуудыг зөөчихөөр мөнөөх хорхойд гэрээ дагаад нүүчихсэн нь лавтай. Хүү хариултыг нь олоод өвгөний хийсэн үйлд хачин ихээр баярлан хөөрөхдөө цац барин хий агаарт дэлдэж барьсан нүдэнд үл үзэгдэх “тоймгүй олон бурхадын дүртэй цац суваргуудыг нэвтлэн алхаж” явдаг.   

Энэхүү бяцхан дурсамжид мөнөөх Довдонсамбуу үнэхээр буяны үрийг өөртөө цогцлоосон ламын дүр болж үлдэнэ. Тэгээд эл жижигхэн бичвэрт өт хорхойн амь аварч явахад нь нийгмийн ажилд сайн дураар зүтгэсний шагнал болгож баярын бичиг гардуулсан хөгтэй явдлын хөнгөн наргиа ч нэгэн хошин хэмнэл болон давхар цуурайтна. 

Харин “Цавуудмал түүх” нэртэй дурсамж загас буцалгаж цавуу хийдэг тухай гурван бүлэг дурсамжийг дотроо агуулах тул хэдий мушгисан даавуу шиг сайтар базсан нэлээд олон зүйлийг нурших хэрэг гарна. Үүн дотроос “Өвгөн Хэмингуэй”-г онцлох нь зөв болов уу. 

Загасанд явах дон туссан хүү хол газар явж загасчилдаг ахаасаа үргэлж л хамт явахыг гуйна. Дагуулж явахгүй болохоор нь нэгэн удаа араас нь нууцаар гараад гүйжээ. Хол газар гүйцээд очвол хойноо орхиод явчихгүй дагуулалгүй яахав гэж санасан хэрэг. Гэвч тэр урдаа явсан загасчдыг олсонгүй. Замдаа “лужир том” хоёр зэвэг барьчихдаг. Эртлэн гарсан ах болоод найзуудыг нь энд л бий хэмээн дурсамж дотор өгүүлэгдэх Идэрийн голын цутгаланд хүрэхэд тэнд нэг өвгөн сууж байдаг. Харин мөнөөх загасчдын бараа үгүй.

Энэ бол Доржханд. Адайр зантай, заримдаа хачин сайхан ааштай байдаг тэтгэвэртээ гарсан түүх, газарзүйн багш ажээ. Тэр загас барьж суугаа өвгөн сайхан зан нь таарч, хүүг яваад очиход “Ямар том загас бариа вэ? Лут загасчин болох нь гэж урам өгөн” угтдаг. Харин хамгийн гол нь өвгөн хүүд “Миний барих загас өнөөдөр ирсэнгүй ээ...” гэж хэлдэг хэсэг. 

“...Өвгөний энэ хариулт надад гайхмаар сонин санагдав. Хүн ер нь загас барих гэж голын эрэгт ирдэг биз дээ. Гэтэл загас өөрөө баригдана гээд энд ирдэг гэж үү? Хоёр улиасны тушаа “Оройн гараа”-ны цүнхээлд хоёр том зэвэг намайг хүлээгээд хэвтэж байсан хэрэг үү?” Хүү ийнхүү ганц хариултаас үүдсэн олон асуултад хоромхон зуур ээрэгдэнэ. 

Тэгээд дараа нь өвгөн үүнийхээ учрыг хүүд далдуур Эрнест Хэмингуэйн “Өвгөн тэнгис хоёр” зохиолын дүрээр дамжуулан учирлаад тэд салцгаадаг. Сүүлд хүү өвгөний мундаг том тул бариад буцаагаад тавьчихсан болохыг дуулаад цээжин дотор баяр бахдал төрнө. Өвгөний яриа, түүний сэтгэлийн үнэнийг ганцхан өөрөө мэдэж буй болохоор л дотор нь баярын оч ассан хэрэг. 

Амьдрал бидэнд ерөөс нэгэн урт гол адил санагдлаа гэхэд түүнээс шүүрч болох, шүүрсэн ч буцаагаад тавих хүсэл зоригийг шалгуур бүхий олон бэлгэ тэмдгийг үүсгэдэг байж мэднэ. Түүний заримаар цаг хугацааг тодорхойлж, өөрт тохиолдсон өчүүхэн юмсыг учрыг үдийн наран жаргаж суухыг харахдаа дотроо тунгаан өндийгөөд эл түүхийн төгсгөлд учирласан өгүүлбэрүүд хачин гунигтай талаа сэрхийсэн тунгалаг ухаарлыг залгилан өндийдөг ч юм бил үү гэж сананам. 

III.

Номд гарах зураач Дорж, кино гаргадаг Бүдээ гуай нарын “дурсамж ямагт хойд зүгийг заадаг”. “Нарны цаг байснаас энэ л зөвхөн үлджээ.” Нарны цаг гэхээр л өнө мөнхөд эргэлдэх галт халуун бөмбөлөг адил тухайн мөчдөө үүрд мөнх орших юм шиг дотор хадгалагдсан үлдсэн дурсамжаас хамгийн том хэлтэрхий нь балралгүй үлдсэн, бичиж оршоосон тэрхүү сангалзлын хэсэг адил бодогдоно. Гэхдээ энэ талаар өгүүлэх гэсэнгүй. Сайн номыг унших тусам нэгжиж гаргаад бусдад гайхуулмаар халаасны гүнд хадгалсан амтат чихэр шиг өгүүлэмжүүд үргэлж олддог. Тиймээс хадгалахаар шийдлээ. Харин “Моторын дуу” дурсамжийн эхний бүлэг болох “Амьдрал хайр дээр тогтдог” чихрийг гайхуулмаар санагдаад болсонгүй. 

Анх удаа сумын төв гэрэл цахилгаантай оройн цагаар золгож, зурагтаар хүүхдүүд ховорхон гардаг хүүхэлдэйн кино үзэж байсан цаг. Би ч тийм үеийг мартдаггүй. Лааны гэрэлд ном уншиж суудаг хөдөөний хүүд сумын төвийнхөн шөнийн цагаар гэртээ од асааж хонох болсон гэх яриа үлгэрийн номд гардаг гүнжийн царай шиг л “цаашаа харахад нь цаад голын жараахай тоолом” гэрлийн өнгө төсөөлөлд бууна. Өдөр, шөнөгүй гэрэлтэй байхаар их ажиллаад ядардаг болов уу. Шөнө болохоор л хүмүүс унтдаг биз дээ гэх бодолд ээрэгдэж байсан ч удаатай. Сүүлд цэнхэр яамаха нэрт мотор аав минь хотоос ачиж ирснээс үл барам DVD, олон олон кино гардаг бөөрөнхий дискүүд авчирсан дунд “Бөгжний эзэн” цувралын гурван анги байв. Анх үзэж байгаад хоёрдугаар анги төгсөөгүй байхад нойрмоглоод унтчихаж билээ. Шатахуунаа гамнахгүй бол болохгүй гээд аав дахин мөнөөх урт киног үзсэнгүй. Гэтэл гурав хоног дорнодын хязгаарт морь уралдаан иртэл аавын дүү нь ирээд мөнөөх киног ахин үзсэнийг дуулаад “Намайг байхад үзсэнгүй” гээд хэдэн өдөр урвагнаж явсан минь санаанд буув.

Харин өгүүлэгчийн асаасан моторын дуу дурсамжийнх нь хамгийн нандин хэсэг байлаа. Хүүхдүүд түлээн дээр гарч мотор асахыг хүлээж байгаад бүхнээс түрүүнд “Мөргөдөг сарлаг мөөрлөө” гэж хэлсэн нь сум даяар чухал зар тараасан хамгийн додигор эр болон хувирна. Тэгээд л гэрлийн мөнгө хураах, түүнийгээ нарийвчлан системд оруулах зэрэг олон түүхүүд нүдний өмнө тодрон гарснаар Бор, Тэгшээ нарын дүрүүд урган гарна. Хэсэг болгоныг нь түүж гаргаад бусдад уншуулмаар санагдах ийм дурсамжийн номтой би лав ховорхон таарч байсны нэг нь сэтгүүл зүйн бүтээл, хөрөг нийтлэлээс бүрдсэн Б.Ганчимэгийн “Аав бид хоёр” байсан юм. 

Бор бол сумын төвийг цахилгаанаар хангадаг моторын асаадаг хүн. Моторын банкны ёроолд үлдсэн түлшийг гуурсаар соруулж аваад “Борын хишиг” гэж нэрлэнэ. Энэ үед өгүүлэгч баатар хулгай хийж байна, түүнийгээ зарж өөртөө хишиг хүртээдэг гэж ойлгоно. Мөн түүнд өөр бас нэгэн адал тохиох нь сум даяар гэрэл ассаны дараа киногоо үзэхээр яаран зомгол түүж байхдаа “Амьдрал хайр дээр тогтдог гэж Алагхан хорвоо хэлээд байх” юм хэмээн аятал хашуу хашаанаас Тэгшээ хэмээх залуу “Амьдрал юун дээр тогтдог гэнэ ээ” гэж асуухад нь сандарсан даа “Мод, модон дээр тогтдог” юм гэнэ. 

Цааш тэдгээрийн учир шалтгаан, юуны тулд эдгээр дүрүүд уг дурсамжийн бүлэг дотор урган гарсныг нурших нь утгагүй. Аливаа бүтээлийг өөд уруугүй хураангуйлж өгүүлээд байвал амтгүй хоол идсэнээс ялгаагүй биз дээ. Тиймээс уншигчдад шимийг нь үлдээсэн дээр. 

Ямартаа ч эцэст нь Тэгшээ үргэлж мөнөөх асуултаа давтаж, хүү хариултаа хэлсээр өдөр хоног улирсны дараа “Амьдрал хайр дээр тогтдог” хэмээн зориглон дуугарна. Цаг хугацааг ингээд л тодорхойлчихож байна шүү дээ. Харин сумын төв шатахуунгүй болсон ч нэгэн өдөр л мотор асахад мөнөөх Бор гуай хүүгийн бодсон шиг “Дуслыг хураасан хишгээрээ” мотороо асааж дөнгөснийг мэднэ. Тэгээд гэртээ ороход зурагтаар нь аялдаж асан дууг нь солгой гартаа гитар барьсан хүн дуулж байжээ. Төгсгөлийн мөрөөс л чухамхүү мэдрэмж, өөрт оршоосон дурсамжийг хүүрнэлийн үүднээс хэрхэн чадамгай холбосон нь ч анзаарагдана. Тэр дуучин бол мэдээж солгой Төмөрхуяг байсан нь мэддэг, дуунд дуртай хэн бүхэнд тодорхой. Гэхдээ мэдэхгүй хүмүүс бий ч байж магад. Тиймээс л уншигчдад ахин нэг дүрийг асуулт болгон орхиж байна. Энэ л оюун ухаан давамгайлсан бичвэрийн цул чанар мөн гэж сэтгэнэм. 

Номын цул бүхэллэг чанар, дурсамжийн тодорхойлолт, нэг нэгээсээ урган гарсан гэмээр дурдатгалын гүнд яг л өөрийнх нь бодолд ургах сайн, муу аль нэгэн чанараараа арилшгүй үлдсэн дүрүүдийн тухай унших тусам эл номоос улам л ихийг хүсэж, ахин аялах харгуй арын хуудсанд бий болов уу гэж нэхнэ.  Дурсамжуудаа нэхэн санаж, эр зоригтойгоор эргэн туучиж гараад эвлүүлэн зүйж эх хэлнийхээ яруу сайхнаар урлан бүтээсэнд нь талархана. Хүүхэд байхдаа зуныг би лав хурдан морь унах, унага уургалах, аав, ээжтэйгээ үргэлж хамт байх, адууны хөх хомоол түүж шумуул хөөх, аяганы талын чинээ бөөрөнхий дүгэрэг эргүүлгэ олоод баярлан харих баяслын дүүрнээр, байгаль дэлхийн үзэмжээр л төсөөлж ирсэн атал тэнд сургууль нь амарсан сурагч хүү Хөвсгөлийн их дайдад ийн санааширч суусан нь “Нэгэн голын дөрвөн улирал” дурсамжийн сүүлийн бүлгээс тодордог.

"Цэнхэр гунигийн гол зундаа хэчнээн хоосон гэж санана! Сургууль амарчихсан. Тийм гол байх ч үгүй. Байвал өөр нэртэй л урсдаг байх."

Тийм ээ, өөр нэртэй л урсдаг байх. Ямартаа манай уртын гол хачин баясгалантай хоржигнож дуулдаг юм.

IV.

Номын оршил маягаар зохиолч өгүүлсэн бичвэрийнхээ төгсгөлд “...Олсон чулуудаа дурсамжийн цээлд шидэхэд мартахуйн цэл мөсийг цөмлөж чаддаггүй юм аа гэхэд эрхбиш жингэнэх дууг дуулгаж, жижигхэн цацраг долгис таныг зорино хэмээн итгэмүй” хэмээсэн нь бий. Жингэнэх дууг тодхон сонсож, жижигхэн атал үй олон цагаан долгис намайг зорьсон шиг санагдана. 

Харин тэднийг үүсгэж, усны гүнээс дурсамжийн цагаан чулуудаа зууж ниссэн цахлай ийм л тунгалаг хүслээр үүлсийн цаана дүүлэн гарсан ч үл цуцан жигүүрэн ахин дэвнэ гэдэгт би ч мөн итгэмүй. 

Ctrl
Enter
Гомдол хэрхэн мэдүүлэх вэ?
Холбоотой текстийг идэвхжүүлэн Ctrl+Enter дарна уу.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл (0)

Foto
Б.Алтанхуяг

Б.Ганчимэг
Б.Ганчимэг
Б.Алтанхуяг
Б.Алтанхуяг
А.Доржханд
А.Доржханд
О.Нинж
О.Нинж
П.Соёлдэлгэр
П.Соёлдэлгэр
А.Банзрагчгарав
А.Банзрагчгарав