"Ярилъя” энэ удаа чат-аар зочинтойгоо хөөрөлдлөө. Зочин маань Кувейт улсад монгол улсыг төлөөлж суугаа бүрэн эрхэт элчин сайд ноён К.Сайраан.
-Эрхэм элчин сайдтай он лайнаар уулзах сонин байна. Хэдэн асуулт тавьж хариулт авч болох уу?
-Сайн уу гээд мэнд мэдсэн биш ингээд ажил яриад унах юм. Үргэлж л үг шүүрчих гээд анаж явдаг сонин улс шүү, сэтгүүлчид та нар.
-Кувейтээр сонин сайхан юу байна? Элчин сайдын яамаа байгуулж авав уу?
-Кувейтэд ЭСЯ байгуулагдаад дөрвөн сар боллоо. ЭСЯ-ны гол ноён нуруу бол боссон. Ерөнхийд нь 80 хувьтай гэж хэлж болно.
-Маш хэцүү ажил шүү дээ. Та ч гялалзуулах юм аа?
-Ах нь энэ мэт магтаалд догдолдог үеэ өнгөрөөчихсөн хүн шүү дээ. Ажлын явц асуусан бол эхлэл тун зүгээр шүү. Кувейтүүд маш их дэмжлэг үзүүлсэн. Эмирээс нь авахуулаад жирийн хүмүүс нь хүртэл баяр хүргэж байна лээ. Булангийн орнуудад Монголын анхны ЭСЯ байгуулагдлаа .
Кувейтүүд үүний хариу болгож манайд ч саяхан ЭСЯ-аа байгуулаа шив дээ.
-Тэгсэн?
-Монголын түүхэнд Арабын ертөнцөөс анх түрүү ЭСЯ байгуулж байгаа орон болохоор аргагүй элэгтэй улс гэдэг нь харагдаж байна л даа. Би хувьдаа баяртай байна. Энд ч Монголын нэр хүнд асар өндөр байна. Эмирээс эхлээд ерөнхий сайд, засгийн газрын болон парламентын гишүүн, өндөр албаны уулзсан хүн болгон Монголд туслахад бэлэн байгаагаа илэрхийлэх юм. Хөгжлийн болон хөрөнгө оруулалтын сангийнхан, хувийн секторынхон гээд Монголыг сонирхсон, Монголын талаар мэдээлэл авахыг хүссэн байгууллага, хувь хүн олон байна. Дээр нь энд 100 илүү дипломат төлөөлөгчийн газартай. Тиймээс ч цаг зав тун бага, нэлээн шаргуу ажиллаж байна. Товчдоо ийм.
-Монгол руугаа хөрөнгө оруулалт татах чиглэл рүү л бүх анхаарлаа тавьж ажиллахыг элчин сайдуудад гол даалгавар болгож өгсөн . Тэгэхээр ажил ихтэй байх нь аргагүй биз дээ?
-Юуны түрүүн шууд хөрөнгө оруулалтыг эрс нэмэгдүүлэх, түүхий тос импортлох, монголын мах экспортлох шинэ зах зээл нээх, хөрөнгө босгох ажилд анхаарлаа хандуулж байна. Кувейтийн сангаас Булганы Уньтаас Хөвсгөлийн Мөрөн хүртэлх засмал замын хөрөнгийг шийдэж саяхан Улаабаатарт гарын үсэг зурлаа. Гарааны эрч гайгүй байна. Ирээдүй гэгээтэй харагдаж байна. Гэхдээ асар их хөдөлмөр хэрэгтэй.
-Та хэдэн жилийн өмнө парламентын шинэ ордон барих их хэмжээний мөнгө Арабаас босгож ирсэн. Нөгөө ордон тань одоо болтол сураг байдаггүй. Сүүлдээ мөнгө олж ирсэн таныг шүүмжлээд унасан. Сайраан гэж нэг юм мөнгө олж ирснээс л боллоо гэх маягтай. Их инээдтэй хэрэг болохоор тэсэхгүй асууж байна л даа?
-Миний хувьд инээдтэй биш эмгэнэлтэй сонсогдож байна л даа. Би ер нь Монголд хөрөнгө олж ирснээрээ хэнд, ямар гай тарьчихав аа гэж сүүлийн үед боддог болсон. Манайд асуудал улс төржих нь гэрлийн хурдтай явагддаг мөртлөө бүтээн байгуулалт нь яст мэлхийн хурдтай явагддаг онцлогтой. Бид ийм нэг марзан ажлыг л гарамгай хийж сурсан хүмүүс шүү дээ. Парламентын ордон баригдах байх гэж найдаж байна. Зураг төсөл бэлтгэх шатанд яваа. Наад зах нь Монголд гараа сунгасан хүний сайхан сэтгэлийг ч бодсон бид "бэлэгний морийн шүдийг харалгүй" энэ төслийг хэрэжүүлэх ёстой. Зураг төслийг Кувейт -Монголын хамтарсан компани хийсэн бөгөөд энд байгаа архитекторууд саяхан надад бүх зургаа танилцуулсан. Энэ бол улс төржүүлэх асуудал огт биш шүү дээ. Төсөл энэ зунаас хэрэгжиж эхлэнэ. Парламентын засаглалыг сонгож авсан Монгол улсын хувьд чухал ач холбогдолтой төсөл гэсэн миний анхны үзэл бодол хэвээрээ.
-Төрийн ордны мөнгө олж ирээд одоо болтол ордон нь босоогүй байна. Тэгсэн таныг чинь төрөх эмнэлгийн мөнгө олчихлоо гэж наашаа мэдэгдсэн гэсэн сонин мэдээ дуулдлаа. Түрүүчээсээ олж ирснээсээ болж загнуулаад байгаа атал хачин хүн юм аа. Гэхдээ гоё сонсогдсон шүү. Үнэн үү?
-"Чи буруу зүйлд мөнгө олсон, бидэнд эмнэлэг хэрэгтэй " гэж намайг анх шүүмжилсэн хүн нь Л.Гүндалай гишүүн. 2006 онд байнгын хорооны хурал дээр шиг санагдаж байна. Би түүнд хэлсэн , "улс төржүүлээд хэрэггүй, эмнэлэг хэрэгтэй бол та бүхэн төслөө бэлдээдэх, би мөнгийг нь ольёо" гэж. Дараа нь тухайн үеийн Эрүүл мэндийн сайдад саналаа хэлсэн. "Бид өөр улстай, Солонгос, Германтай хамтран эмнэлгээ барина, санаа тавьсанд баярлалаа" гэж тэр сайд нь хариулсан. Би аргаа бараад Ерөнхийлөгчид санаагаа хэлсэн. Эмнэлэг хэрэггүй бол ард түмэнд хэрэгтэй номын сан барья гэсэн санал гарсан. Түүнийгээ Кувейтийн Эмирт уламжилсан. Миний бие эмнэлгийн тухай эрүүл мэндийн нэг биш удаагийн сайдад санал тавьдаг байсан. Хамгийн сүүлд өнгөрсөн 10 сард наашаа гарахын өмнө ч хэлж гарсан. Харамсалтай нь одоо хүртэл төсөл өгсөн хүн байхгүй. Өмнө нь ярьж байснаа нотлохоор энд ирсний дараа Кувейтийн Эрүүл мэндийн сайд болон Хөгжлийн сангийн удирдлагатай уулзаж санал солилцоход тэд туслахаа илэрхийлсэн. Энэ тухай төвд мэдээлээд хариу хүлээж сууна. Үнэн байдал нь ийм байна. Надад хэлэх үг алга.
-Эх нутгаасаа хол хүний газар хөрөнгө мөнгө босгож ирэх гэж хөлсөө урсган ажиллаж явахад тань онцгүй юм асууж, санаа сэтгэлийг тань тавгүйтүүлсэн бол уучлаарай?
-Төрийн ордныг ч, төрөх эмнэлгийг ч барих мөнгө ольёо, битгий улс төржөөч гэж гуймаар байна. Бурхан хүнийг бүтээхдээ хоёр хэсэгт хуваасан байх гэж боддог юм. Нэг нь юм бүтээгээд явдаг, нөгөө хэсгийнхэн түүнийг шүүмжлээд хоол олж иддэг. Би ямар ч байсан эхний хэсэгт нь багттаг юм байна гэж өөрийгөө тайвшруулдаг.
-Нээрээ танай нам дотор ротаци явагдсан. Та ямар бодолтой байна?
-Нам уу. Би одоохондоо хол байна аа, Ганчимэг ээ. Газар зүйн ойлголтоор хэлсэн гэж ойлгоорой. Гэхдээ улс оронд болж байгаа үйл явдлыг байнга ажиглаж суугаа. Ротаци бол манай намд жил бүр болдог л зүйл шүү дээ. Шинэ зүйл огт биш. Имэрхүү хэл амтай, гэхдээ харьцангуй ардчилсан хэв маягтай болж өнгөрдөг үйл явц. Бодлын хувьд өөдрөг байна гэх үү.
-Тэмүүжинийг унагасантай холбоотой халуухан яриа дэгдэж байгаа?
-Зүгээр. Манай намд унаж босож явах нь хэвийн үзэгдэл байдаг юм шүү дээ. Тэмүүжин анхных нь ч биш, сүүлийнх нь ч бас биш. Угаасаа зохион байгуулж байгаад хамгийн боломжтой гэдэг хүнээ унагадаг шүү дээ. 2006 оны ротацид намайг яг ийм аргаар унагаж л байсан. Гомдоод ч хэрэггүй. 2008 оны сонгуульд ч давтагдсан. Уг нь их балиар л даа. Тэр балиар юмыг нь яг байгаагаар нь хэлсэн чинь Ардчилсан намын дайсан, ардчиллын дайсан болж хувирах шахсан. Ийм юм зохион байгуулдаг хүмүүс ардчиллын үнэт зүйл, хөгжил дэвшил гэдэг ухагдахуунаас их хол явдаг, аль ч намд байдаг сүрэг хүмүүс. Гэхдээ өөрсдийгөө жинхэнэ ардчилагч, эх оронч, намдаа үнэнч, дээр нь бүгдийг мэдэгч, доктор, профессор юу юу билээ янз янзаар өргөмжилдөг. Цаанаа бол ердөө өчүүхэн хувийн эрх ашгийн төлөө үхэн хатан тэмцдэг.Тэднийг Баабар зөндөө гоёоор тодорхойлсон доо. Тэмүүжингийн яриад байгаа, хийхийг мөрөөдөж байгаа зүйл нь тэднийхээс шаал ондоо зүйл. Тэр залуу бөгөөд илүү эрч хүчтэй хүн учир өөрийнхөө идэвхитэй байр сууриа хэвээр хадгалаад гарч чадах байх гэж итгэж байна. Ийм залуус манай намд төдийгүй манай нийгэмд улам их байгаасай гэж би хүсдэг. Тэдний цаг ирж байгаа.
-Саяхан танай үндэсний баяр боллоо. Ерөнхийлөгч Баян-Өлгийд очиж мэндчилгээ дэвшүүлсэн. Танд ч гэсэн баяр хүргэе?
-Баярлалаа. Алс холын хүн ардын аж амьралыг очиж нүдээрээ үзэх нь зөв байлгүй яахав. Энэ жил зуд ихтэй байгаа гэсэн. Ерөнхийлөгч нь өөрөө хүрээд очихоор ард түмэнд сэтгэлээ онгойлгох, санал бодлоо хуваалцах сайхан завшаан байдаг шүү дээ. Энэ боломжийг ашиглан Казах түмэндээ наурызын баярын мэндийг хүргэж, сайн сайханыг ерөөе.
-Өлгийд дарга даамлуудтай холбоотой бөөн асуудал дэгдээд байсан. Таныг тэр тойргийг төлөөлж байсан хүний хувьд асууж байгаа юм. Тэндэхийн тухай бодлоосоо хуваалцаж болох уу?
-За даа, манайхан ч залхуурахгүй заргалдах юм аа. Хэн нэгэн даргыг огцруулснаар бүх асуудлын шийдлийг олж болно гэсэн хатуу ойлголттой хүмүүс юм уу даа гэж заримдаа бодогддог юм. 1990 онд анх түрүү Даваажав гэдэг даргыг огцруулснаас хойш хичнээн ч засаг даргыг огцруулав, хичнээн ч хүн өлсгөлөн зарлав. Одоогийн хусах гэж байгаа дарга нь хэдэн жилийн өмнө өмнөх даргыгаа огцруулах гэж бас яг нэг иймэрхүү маягаар гэр барьж, суулт зарлаж байсныг санах юм. Өөр зүйл хийж бүтээж чаддаггүй болсон ард түмэн юм уу манай Баян-өлгийнхэн. Гар хөдөлвөл ам хөдөлдөг хорвоо шүү дээ. Ганцхан улс төрийн тэмцлээр хөгжсөн улс орон, ард түмэн гэж хүн төрөлхтний түүхэнд байгаагүй шүү дээ. Өнөөдөр наана чинь хоёр нам гэж учир утгагүй хуваагдсан жижиг үндэстэн байтугай дайн байлдаан болсон улс гүрнүүд хүртэл хэл амаа ололцоод , хамтраад хөгжөөд байна. Баян- Өлгийд талцаад л хуваагдаад байгааг дуулах үнэхээр таагүй сонсогддог. Хоёр нам нь Улаанбаатарт хамтарсан Засгийн газар байгуулаад хоёр жил болж байгааг манай аймгийн тэр хэд ер нь сонссон болов уу. Ийм л бодол хуваалцья даа, Ганчимэг ээ. Цаадуулдаа дамжуулж өгөөрэй. Одоо ингээд дуусгах уу даа. Ганц асуулт, ганц асуулт гэсээр байгаад хамаг цаг авчихлаа.