Өчигдөр манай хотод жинхэнэ сонгодог хөгжмийн үдэш болж өнгөрлөө. Энэ үдшийн хаан нь Улсын Филармонийн Симфони Оркестр удирдаач Б.Анар.
“Монголын Сонгодог Хөгжим” концертод XX зууны оргил хөгжмийн зохиолчид болох Лувсанжамын Мөрдорж, Билэгийн Дамдинсүрэн, Цэгмидийн Намсрайжав, Бямбасүрэнгийн Шарав, Халтарын Билэгжаргал нарын шилмэл симфони найрал хөгжмийн болон дан хөгжмийн бүтээлүүд тоглогдлоо.
Удирдаач Б.Анар бол Екатеринбург хотод хөгжмийн дунд сургууль төгссөн, Н.А.Римский-Корсаковын нэрэмжит консерваторийг дуурь, симфонийн удирдаач, уран сайхны бодлогын удирдагч мэргэжлээр төгссөн, манай шинэ үеийн хөгжмийн урлагийн нэгэн тод од юм.
Тоглогдох бүтээлүүдийг хэрхэн өрсөн нь хүртэл логикийн гайхалтай дараалал. Эхнээсээ дуустал сэтгэл зүрхийг лугшуулав. Баярлалаа, ийм үдшийг бэлэглэсэнд.
Удирдаачид бол энэ хорвоогийн хамгийн сонин, асар хүнд, адармаатай мэргэжил эзэмшсэн содон хүмүүсийн нэг.
Алмаазан сонсголтой байдаг байх гэмээр...Ааш араншин нь ч сонин нөхдүүд. Оркесторыг хаана,хэзээ, яаж дугаргах, яаж нэгтгэх, яаж тэр төрөл бүрийн хөгжмийн олон өнгөнөөс өнгөний хооронд шилжих гээд...бүгд зөвхөн удирдаачийн мэдэлд. Симфони оркесторыг эрхшээгч нь ноён удирдаач гэсэн үг.
Хөгжмийн дуугаралт бүрийг зүйрлэн хэлбэл сүнсээр нь, амьсгал мэт, цусны лугшилт мэт нарийн мэдэрч байдгаараа удирдаач хүн энэ орон зайн хаан байдаг билээ.
Тийм болохоор хааяа нэг, хаа хамаагүй нөхөд дохиж харагдахаар яс хавталзаад, оркесторын өмнөөс ичээд, тэсэлгүй шүүмжилж өөртөө би ээлжит дайснаа дуудчихдаг юм. Оркестор бол асар том амбиц, асар том соёл, аймшигтай сүрлэг ай савын орчил. Үүнийг захиран залагч нь удирдаач.
Энэ үдшийн эзэн концертоо “Төрийн дуулал”-аар нээж, алдарт “Баярын жавхаа”-гаар эхлүүлэв. Эцэс төгсгөлгүй хэмлэлдэн уралцан буй сэтгэл будангуйтсан ийм үед ямар ч монгол хүний сэтгэл ийм нөлөөн дор эмхлэгдэн цэгширч, цэнгэг тунгалаг аязаар сэтгэлээ чөлөөлөх мэт увидаст автдаг ажээ. Монгол хүн гэдгээ ингэж мэдрээгүй, ингэж чагнаархаагүй удсан ч юм шиг...
Энэ үдшийн нэгэн гоё агшин алдарт Билэгийн Дамдинсүрэнгийн "Хэнтийн өндөр ууланд" хийлийн гоцлолыг удирдаач Б.Анарын ээж хийлч З.Туяа гоцолсон явдал байв. Хатагтай З.Туяа бол улсын филармонийн симфони найрал хөгжмийн тэргүүн хийлчээр олон жил ажилласан, алдартай хийлч юм. Д.Анар сонгодог урлагийн гэр бүлд төрж өссөн нэгэн. Төрсөн цагаасаа хөгжмийн ертөнцөд амьдарсан гэсэн үг.
Мэдээж энэ үдшийг эрхэмсэг, яруу тансагт хөтөлсөн энэ агшин үнэхээр гайхалтай байв.
Нэгэнтэй “Хэнтийн өндөр ууланд” бүтээлийг анх хэрхэн зохиосныг нь асуухад Билэгийн Дамдинсүрэн абугай “Би чөлөөлөх дайн дууссан намар нэг их сайхан тогтуун өдөр ногоон онгоцоор Хэнтийн нуруун дээгүүр нисэх завшаан тохиосон юм. Намар оройн байгаль, уул тэр аяараа цэнхэрлээд л, араатан, жигүүртэн түмэн хэлээр дуугараад л үнэхээр үзэсгэлэн төгс байсан сан. Хэрэв би зохиолч байсан бол уянгат шүлэг бичих сэн. Гэвч миний илэрхийлдэг хэл бол хөгжим юм. Тэрхүү гайхамшигт уран байгалийн өнгө зохирлыг, уул усны шивнээг л эл бүтээлээрээ илэрхийлье гэж бодсон юм даа” хэмээн хариулсан тухай уншиж байсан санагдана. Өнөө цагийн гайхамшигт хөгжмийн зохиолч Ш.Өлзийбаяр хэлэхдээ “Манай үндэсний хөгжим бол монгол хүнтэйгээ салшгүй холбоотой. Олон мянган жил нүүдэллэн амьдарсан монгол сэтгэхүй, тэр өвөрмөц ахуй байдлаас үүсэн гарсан үндэсний хөгжим өөрөө монгол хүнийг л илэрхийлдэг. Ерөөс хөгжмийн амин сүнс нь аялгуу байдаг. Энэ бүхнийг хэмнэл, зохирол нь нийцүүлэн таацуулж байдаг. Монгол хүн л монгол хөгжим бичнэ. Тэр бүү хэл хөдөө төрж өссөн хөгжмийн зохиолч, хотод хүн болсон хөгжмийн зохиолч хоёрын бүтээл хоорондоо их ялгаатай байдаг” хэмээсэн нь үүнийг батлах мэт санагдана. Бидний сэтгэл зүрхийг 77 жилийн турш догдлуулж буй алдарт “Хэнтийн өндөр ууланд” тэгэхээр энэхүү сонгодог үдшийн бишрэм нэгэн шигтгээ байхаас өөр яах билээ.
Агуу хөгжмийн зохиолч Халтарын Билэгжаргалын “Төгөлдөр хуур, найрал хөгжмийн концерт” , Бямбасүрэнгийн Шаравын “Хоёрдугаар симфони” хэмээх хоёр аварга бүтээл дүн өвлийн энэ үдшийг сонгон тавигдсан тоглолтын цөм байв. Удирдаач Б.Анарын цаг үедээ өгч буй мессеж, дотор нь эрчлэн буй нэгэн том зүйлийг гадагш гарган шидэх шалтгаан ч биз.
Хоёр хөгжмийн зохиолч хоёулаа эдгээр бүтээлээ Уралын консерваторид суралцаж байхдаа бичсэн байдаг. Тиймээс залуу халуун насны гал дөл, эрчим бүгд энэ хоёр том бүтээлд нь шингэсэн байдаг.
Х.Билэгжаргал энэхүү концертоо анх 1986 онд тэр үеийн ЗХУ-ын Ярославль хотын филармонийн найрал хөгжим, төгөлдөр хуурч Т.Цолмон, удирдаач В.Понькины удирдлагаар тоглуулж байсан гэдэг. Түүний энэ бүтээл нь манай төгөлдөр хуурын үндэсний хөгжмийн зохиолчдын урын санд гурав дахь концерт болж тэмдэглэгддэг бөгөөд монголын симфони хөгжмийн урлагт, тэр дундаа төгөлдөр хуурт зориулсан бүтээлд томоохон шинэчлэлийг авчирсан зохиол гэж зүй ёсоор үнэлэгддэг юм. Удирдаач Б.Анар энэ удаа төгөлдөр хуурч Ц.Энхтөрийг урьж гоцлуулсан нь үзэгчдэд барьсан бас нэгэн том бэлэг байлаа.
Асан дүрэлдэж, алдаж асгарч, эмтэрч элэгдэж явсан монголын хөгжмийн урлагийн нэгэн сод хүү Х.Билэгжаргалын бидэнд үлдээсэн энэхүү томоохон өвийг ахин эгшиглүүлсэн нь үзэгчдэд өгсөн том агуулга, өмнөх үедээ үзүүлсэн хайрлам сайхан хүндэтгэл болсныг тэмдэглэн хэлэх ёстой болов уу.
Б.Шарав, Х.Билэгжаргал нар хол Багшийн сургуульд арван хэдтэй хүүхдүүд байхдаа бие биеэ олж нөхөрлөсөн. Хамтдаа 40 жил хөгжмийн урлагт зүтгэсэн домгууд юм.
Б.Шаравын “Хоёрдугаар симфони” бол монголын хөгжмийн зохиолчдын симфониудаас хамгийн анх гадны том наадамд тоглогдсон бүтээл.
Энэ үдэш Говьсүмбэр аймгийн Боржигон чуулгын уртын дуучид, Улсын Филармонийн симфони найрал хөгжим хамтран маэстро Б.Анарын удирдсан өвөрмөц нэгэн хувилбараар “хоёрдугаар симфони”-ийг сонсголоо. Судлаачдын хувьд сонирхолтой дүгнэлт үлдэх нь дамжиггүй.
Мэдээж Б.Анар юм чинь Лувсанжамбын Мөрдоржийн бүтээлүүдээс оруулж ирж таарна. “Монголын сонгодог хөгжим XX зуун” хэмээх энэ концертод сонгогдсон шилмэлүүд дотор “Алтан өргөө” киноны хөгжим орж ирэх нь ч дамжиггүй биз.
“Алтан өргөө” киноны хөгжим бол олон хэсгүүдээс бүрдсэн, сонирхолтой хэмнэл, хөг аялгуу бүхий баян тансаг бүтээл. Энэ бүтээл хамгийн анх Герман улсад тоглогдож, тэндээ бичүүлж байсан түүхтэй. Хожим нь 1993 онд Улсын Филармонийн удирдаач Н.Туулайхүү Герман улсын элчин сайдад “Алтан Өргөө” киноны хөгжмийн партитурыг авах хүсэлт гарган, хичээнгүйлэн хөөцөлдсөний ачаар элчин сайд хөгжмийн партитурыг Н.Туулайхүүд хүлээлгэн өгсөн юм. Энэ үйл явдлын дараа уг бүтээл манайд улсын Филармонийн тайзнаа анх удаа тоглогдож байлаа.
Ийнхүү сонсогчдод үргэлж өвөрмөц бэлэг барьдаг маэстро Б.Анар ээлжит сюрпризээ барив. Энэ тоглолтыг бүхэлд нь гаднаас урьж авчирсан мэргэжлийн баг бичиж байгааг анхааруулж байсан ч үзэгчдийн сэтгэл хөдлөл тэднийг тоглолтын турш сандаргаж байв.
Удирдаач Б.Анарын харизма, дотоод шаталт, эрчим хүч, зан чанар бидний сүнсэн дээгүүр товшиж, сэтгэл зүрхийг онгичив. Түүний ээлжит түрэмгийлэл, өвлийн тачигнасан омголон үдэш хоёрын нөлөөнөөс одоо ч гарч ядан байнаа...
Баярлалаа, эрхэм Маэстро танд.
2025. 01.30