Монголын Хөлбөмбөгийн холбоо ОУХБХ -ны төслөөр барьсан "Air Dome" бэлтгэлийн баазыг Голомт банкны барьцаанд тавьсан нь ил болсон билээ. Одоогоор 500 сая төгрөгийн барьцаанд тавьсан гэх боловч уг асуудлын цаана үүнээс өндөр мөнгөн дүн бий болов уу гэх таамаг ч байна. Энэ талаар тамирчин Ц.Мөнх-Эрдэнээс тодрууллаа.
-Азид цор ганц гэх тодотгол бүхий битүү хучилттай хөлбөмбөгийн “Air Dome” бэлтгэлийн бааз барьцаанд байгаа нь нэгэнт ил болсон. Egazar сайтаас тус талбайн мэдээллийг тодруулахад “барьцаалсан” хэмээн гарч ирж байгаа. Энэ бол хөдөлшгүй баримтуудын нэг. Харин үүнийг Голомт банкны 500 сая төгрөгийн барьцаанд тавьсан гэх мэдээлэл гарах болсон. Энэ талаар хариулт өгөөч?
-Хоёр хоногийн өмнө болсон зөвлөлийн хурлын дараа бид Холбооны экс Ерөнхийлөгч А.Ганбаатараас тодруулахад барьцаанд тавьсан нь үнэн гэсэн. Харин Генсекээр томилогдсон М.Ганбаатар 500 сая төгрөгийн барьцаанд тавьсан юм билээ гэх хариултыг өгсөн. Миний хувьд үүнээс өндөр дүнгээр барьцаанд байгаа болов уу гэх хардлагатай байгаа.
-Уг талбайг ОУХБХ – ны төслөөр барьсан шүү дээ. Тэгэхээр тус газраас хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрийн гэрээний заалтыг зөрчсөн үйлдэл болох уу?
- ОУХБХ-ны зөвшөөрөлтэйгөөр бол уг нь боломжтой юм шиг байна лээ. Дүрмийнхээ дагуу гэсэн үг шүү дээ. Хамгийн гол нь зөвшөөрөл аваагүй гэдэгт нь 100 хувь итгэлтэй байгаа.
-МХБХ-ны ээлжит бус хурлаар 10-аад хүн зөвшөөрч гарын үсэг зурснаар барьцаанд тавьсан гэх мэдээлэл бий. Удирдах зөвлөл хэчнээн хүнтэй, ямар хүмүүс зөвшөөрсний үндсэн дээр уг шийдвэрт хүрсэн талаар тодорхой мэдээлэл бий юу?
- Яг тодорхой мэдээлэл байхгүй. Миний бие ОУХБХ-ны санхүүжилтийг шалгах түр хорооны гишүүнээр ажиллахаар болсон. Үүний гэрээ болон протоколыг хамгийн түрүүнд шалгах бодолтой байгаа. Тэндээс хэн хэн гарын үсэг зурсан нь ил болох болов уу.
-Үүнтэй холбоотойгоор МХБХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Т.Дагвадоржийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Мэдээж дан ганц хүн FIFA-гийн гэрээг зөрчин энэ бүх шийдвэрийг гаргах боломжгүй болов уу харж байна. Энэ талаар ямар байр суурьтай байгаа вэ?
- Т.Дагвадоржийг халсан нь зүгээр гал унтраах л ажил гэж харж байгаа. Бид үндсээр нь өөрчлөх цаг нь болсон. 10-д хүн гарын үсэг зурсан гэдэг яриаг Зөвлөлийн хурлын үеэр өөрсдөө хэлсэн. Тэгэхээр гарын үсэг зурсан болон гол нь хэн оруулж танилцуулсан бэ гэдэг гол асуудал. Баримтаар бүх зүйл гараад ирэх болов уу.
-Зөвлөлийн хуралд ажиглагчаар суух ёстой байтал таныг оруулаагүй гэсэн. Хурлын гаднах дүр зураг ямархуу байсан бэ?
- Дан ганц би гэх нь өрөөсгөл. Орхон, Мөнхбат, Анхбаяр, Буянхишиг гэсэн тоглогч дасгалжуулагчид очиж ажиглагчаар суух хүсэлтээ бичгээр өгсөн. Холбооны дүрмийн хувьд бол зөвлөл урьж оролцуулж болно гэсэн заалттай юм билээ. Тэгэхээр бид Хөлбөмбөгийн холбооны дүрмийг судлах басхүү мэдлэгтэй байх хэрэгтэй юм билээ гэж бодогдсон.
-Олон арван төсөл хөтөлбөр, тэдгээрийн санхүүжилтийн талаарх мэдээллүүд ил байгаа. Гэтэл яагаад байраа 500 саяын барьцаанд тавих хэмжээнд хүрэв. Төсөл хөтөлбөрийн санхүүжилт хаачив?
- Энэ л гол асуудал болоод байгаа юм. МХБХ өөрсдөө бид шилэн данстай гэдэг хэр нь тайлангаа огт тавьдаггүй. Үзүүлэх болохоороо “PP”дээр хийсэн хэдэн хуудас юм л харуулдаг. Тэгэхэд бодит байдал дээр ганц сарын гүйлгээ гэхэд маш зузаан номны хэмжээтэй байгаа нь л ажиглагдсан. Одоо л хайчсаныг шалгана даа.
- Өнгөрсөн жил тус холбоо 10.8 тэрбум төгрөгийн төсөв цохуулсан. Гэтэл ажилчдын цалин, клубуудын урамшууллаа ч бүрэн гүйцэд, цаг тухайд нь олгодоггүй гэдэг шүүмжлэлд өртөж ирсэн...
- Тийм ээ, 2024 оны хувьд 10,8 тэрбумын төсөв баталсан юм билээ. Ээлжит их хурлын төлөөлөгчид маш мэдрэмжгүй, ажилдаа хайнга ханддаг, огт судалдаггүй нь үүнээс харагдаж байгаа юм. Аргагүй шүү дээ, зөвхөн Хөлбөмбөгийн холбооны их хурлын сонгууль болоход л мөнгө авч саналаа худалддаг хүмүүс. Үүнд хамгийн их буруутай хүмүүс нь энэ хэдэн улстөрчид!
-Өнгөрсөн оны наймдугаар сараас хойш ажилчдын нийгмийн даатгал төлөгдөөгүй гэдэг үнэн үү?
- Үнэн байхаар барах уу үүнээс ч өмнөхийг төлсөн юм уу, бүү мэд. Үүнийг холбоонд ажилладаг эгэл жирийн ажилчдаас асуухад л хангалттай. Яг өнөөдрийн байдлаар төлсөн ч байж магадгүй. Намайг 10 сард Монголд ирэхэд лав 3-4 сарын цалингаа аваагүй байсан. Цалингаа аваагүй байхад НД төлөгдөөгүй гэдэг нь ойлгомжтой шүү дээ.
-Төсөл хөтөлбөрийн шугамаар санхүүжилт авсан ч зарим төслүүд нь огт хэрэгждэггүй гэх мэдээлэл ч бий. Спортын хөтлөгч, тайлбарлагч Б.Батзаяа энэ талаар мэдээлж байсан. Гэвч МХБХ – оос худал мэдээлэл тараасан гэх мэдэгдэл гаргасан. Ер нь ийм тохиолдол үнэхээр байгаа хэрэг үү?
-Үүнийг МХБХ-ны Техникийн хэлтсийн ажилчид баталсан.
–Та өмнө холбооны буруу үйлдлүүдийн талаар цахим хуудсандаа бичсэнээс болж ажлаасаа халагдсан гэсэн. Энэ талаар ярихгүй юу?
- 2023 онд анх Эрдэнэтийн Хангарьд баг “Спонсоргүй боллоо, бид энэ жил лигт тоглохгүй” гэж өөрсдийн албан ёсны цахим хуудсаар мэдэгдэхэд миний бие маш хүндээр хүлээж авсан. Ах нараа одоо хөлбөмбөгөө хөгжүүлье гэх утгатай постыг өөрийн цахим хуудсаар илэрхийлэхэд тухайн үеийн Генсек Тэрбаатар миний ажиллаж байсан газрын удирдлагууд руу нөлөөлж эхэлсэн. Тухайн үед надад хоёр сонголт өгсөн. Чимээгүй ажилла, эсвэл ажлаа өг. Ингээд л ажлаасаа гарсан даа. Энэ бол ардчилсан улсад байж боломгүй үйлдэл гэж боддог.
-Танаас уг үйлдэлдээ хэн нэгэн уучлал гуйсан уу?
- Холбооны удирдлагуудаас өнөөг хүртэл хэн нь ч надаас албан ёсоор уучлалт гуйгаагүй.
– Холбооны зүгээс дарамт шахалт үзүүлдэг үү?
- Одоо тийм зүйл байхгүй.
– МХБХ олон улсаас санхүүждэг. Тиймээс FIFA-гийн санхүүгийн шалтгалтаас сануулга авч байсан. Тэр алдаагаа засахгүй бол санхүүжилт зогсоно биз дээ. Дагаад олон хүний хүсэл мөрөөдөл үгүй болно. Яг одоогоор таны хийх ёстой гэж бодож буй нэн түрүүний алхам юу вэ?
- Эхний ээлжинд Санхүүжилтийг шалгах хорооны ажлаа сайн хийе гэж бодож байна. Үүнээс олон юм илэрнэ гэж найдаж байгаа. Хоёрдугаарт, ээлжит бус их хурлыг хуралдуудах, дараа нь улстөрчдийг бүгдийг нь явуулах бодолтой байна. Чадах эсэх нь мэдээж надаас хамаарахгүй. Хөлбөмбөгчид шийднэ. Хөлбөмбөгчингүй “Хөлбөмбөгийн холбоо” гэж юу байхав дээ.