Миний энэ удаагийн зочин бол Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, Монголын Урчуудын Эвлэлийн шагналт зураач Цэндсүрэнгийн Нарангэрэл. Уншигчид түүнийг, магад түүнийг гэхээс илүүтэй уран бүтээлийг нь андахгүй. Зарим уншигч хаа нэгтээ энэ эрхмийн зургуудтай таарсан ч байж мэднэ. Харин дотоод ертөнцийнх нь илэрхийлэл болсон бүтээлүүдийн цаана ямар хувь хүн нуугдаж суудаг болохыг уг ярилцлагаараа нээхийг зорилоо. Уншигч таныг зураачийн сэтгэлийн урланд уръя. 

-Уран зураачид зургийн “агаар”гэж их ярьдаг. Та “агаар”-ыг юу гэж тодорхойлох вэ?

-Агаарлаг байхын гол учир нь өнгөтэй холбоотой. “Хиргүй” байх гэж ярьдаг юм. Зарим зургууд юм угаачихсан ус шиг өнгө, чанараа алдаад хиртчихсэн байдаг. Өөр нэг тал нь, будаг хольж найруулаагүй байвал агааргүй харагдаад байдаг. Ер нь бол импресионизм уран зурагт агаар гэдэг зүйлийг оруулж ирсэн гэж үздэг юм. Байгал зурж байх үед агаарлаг байх их чухал л даа. Миний багш бол их мундаг байгалийн зураач хүн байсан шүү дээ. Багшаасаа их зүйл сурсан гэж боддог. Амьхандаа багшийхаа заасан зүйлийг л хэрэгжүүлэх гээд л явж байна. 

-Танд голдуу юу гэж сургадаг байсан бэ?

-Заавал ингэж зур гэж бол заахгүй, бидэнд зураач байхын тулд эхлээд сайн суурьтай бол гэж их хэлдэг байсан. Үндэс сайтай мод ямар ч ширүүн үер болсон үлддэг. Тэгэхээр суурь сайтай зураач ямар ч урлагийн урсгал, чиглэл рүү хөрвөхөд жинтэй болно. Харин суурь муутай бол хичнээн сайхан санаа бодоод дүрсэлж хийхэд дутуу дулимаг, чанар муутай болно. Тэр талаас л их заадаг байсан. Бид ч тухайн үедээ нарийн учрыг нь сайн ойлгоогүй байсан ч, яг зураачийн амьдралаар амьдраад явахад, багшилж байх үед ч багшийн минь хэлсэн үгнүүд нотлогдсон доо. 

-Хоёулаа агаарын тухай ярилаа. Та яаж ийм айхтар өнгүүдийг нийлүүлээд ийм агаартай зургуудыг бүтээгээд байдаг юм бэ? Таны энэ мэдрэмж хаанаас гарч байгааг би их гайхдаг.

-Харин тэрийг нарийн тайлбарлаж хэлэхэд их хэцүү юм. Зураг зурахдаа яг аль хэсгийг харуулахыг хүссэн нь их чухал. Жишээ нь, энэ зурагт оройн нарны хурц гэрэл болон түүний наана цохиж байгаа бараан сүүдэр байгаа юм. Халуун, тод хэрнээ их намуухан гэрлийг л харуулах гэж байгаад ийм өнгөнд хүрчихсэн. Тэгэхээр байгалийн бидэнд харуулдаг сайхан өнгүүд л намайг дагуулдаг байх. Мэдээж маш их хөдөлмөрлөж, туршлагатай болж байж зурж байгаа зүйлээ мэдэрч чаддаг болох хэрэгтэй л дээ. Зурах үед байгаль их хувирдаг учраас амжаад маш хурдан зурах хэрэгтэй болдог. Тиймээс хуулж байгаа юм шиг бүх юмыг нь тоочоод л зураад байвал төдийлөн хүний сэтгэлийг татахаар бүтээл болж чадахгүй байх л даа. 

-Дүрслэх урлагийн хүмүүс бусдыг бодвол арай дотогшоо зан чанартай санагддаг. Та юу гэж бодож байна?

-Тийм шүү. Тэр бол мэргэжлийн онцлог байх. Бусад дуучид, жүжигчид мэдээж гарч ирэхийн тулд өөрсдийгөө ил гаргаж харуулах хэрэгтэй болно, үргэлж бусадтай хамтарч бүтээл хийнэ. Гэтэл зураач нөхдүүд бид хэнтэй хамтрах вэ дээ (инээв). Ямар ч шаардлагагүй байгаа биз дээ. Өөрөө чадаж байвал болоо, чадахгүй бол дүүрсэн. Бид чинь дор бүрээ зургаа нухаад л сууж байдаг байхгүй юу. 

-Тэгэхээр дүрслэх урлаг өөрөө хүмүүсийг ингэж хүмүүжүүлээд байгаа гэсэн үг үү?

-Бид чинь ганцаараа л бүх зүйлээ шийдээд хийчихдэг болохоор тийм зожигдуу ч юм шиг зантай болгодог байх. Гэхдээ зураач бүр өөр л дөө. Би бол телевиз, мэдээгээр гарах, ярилцлага өгөх тал дээр их муу. Ялангуяа урд камер тавиад гэрэл, чийдэн асаачихвал бүр ярьж чадахаа байчихдаг юм (инээв). Харин эсрэгээрээ тийм зүйлд дуртай зураачид ч байх шиг л байдаг юм. Тэр бол хувь хүмүүсийн л онцлог. Гэхдээ чиний түрүүн хэлдэг бүрэг, даруу гэдэг бол үнэн л дээ. Би бол хувьдаа бүтээл л биднийг харуулна гэж боддог. Миний зураг намайг бүрэн илэрхийлж чадаж байхад  хажуугаар нь би гэж цагаан толгойтой хөгшин өвгөн “би зурсан шүү” гээд л гүйгээд байх шаардлагагүй гэж боддог. Миний бүтээлийг үзээд хүмүүс ямар хэмжээнд хүлээж авах нь надад нэг их хамаагүй. Урлаг бүгдэд таалагдана гэж угаасаа байдаггүй байхгүй юу. Ямар талх байгаа биш.

-Та шилжилтийн өмнө болон дараа аль ч үед бүтээлээ хийсээр л байжээ. Одоогийн Дүрслэх урлагийн их сургууль шилжилтийн өмнө ‘Дүрслэх урлагийн дунд сургууль’ гэж нэрлэгддэг, их өрсөлдөөнтэй байсан гэдэг. Таныг сурч байх үе болон буцаж ирээд багшлах үе хэр өөрчлөгдсөн байв?

-Тийм. Намайг сурч байх үед олон хүүхдүүд шалгалт өгөөд цөөхөн хэд нь л тэнцэж ордог байлаа. Одоо бол төлбөрийг нь өгч л байвал ордог болчихлоо л доо. Тиймээс яалт ч үгүй чанарын ялгаа гарна. Урд нь олон авьяастай хүүхдүүдээс хамгийн илүүг нь авдаг, цаана нь олон авьяастай хүүхдүүд орж чадахгүй үлдчихдэг л байсан үе. Одоо бол авьяасгүй байсан ч бүгдийг нь хамаад оруулчихаж байна. 

-Тэгэхээр шинэ үеийн уран бүтээлчид хамаагүй өөр, эсвэл чанаргүй болсон гэсэн үг үү?

-Би 26 жил багшлахдаа хараад байхад нэг ангид 10 оюутан байлаа гэж үзэхэд хамгийн доод талдаа нэг нь зайлшгүй сайн уран бүтээлч болдог. Цаашилбал нэг ангиас тав, зургаан сайн зураач ч төрдөг. Тэгэхээр үүнийг бодоод байхад манай монголчууд авьяастай ард түмэн. Бусад талаараа ч их айхтар. Би энэ талаар хятадын зургийн сургуулийн багштай ярилцаж байсан юм. Хятадын сургуулийн орчин нөхцөл, байр сав бол хачин гоё байгаа шүү дээ. Гэтэл манай дүрслэхийн сургуулийг харахаар бараг амбаар шиг юм дотор л үзэж тарж байгаа юм. Тэгэхэд хятадын зураач багш “Танай сургуулийн байр ийм ч гэсэн зураачдын чадвар бол сайн юм байна шүү дээ, танай ангид арваас хэд нь зураач болох вэ” гэж надаас асуусан юм. Би түрүүн хэлснээ хэллээ. Гэтэл тэр багш “Манайд бол мянгаас нэг нь л зураач болдог шүү дээ” гэж байсан юм. Тэгэхээр харьцуулаад харахад монголчууд арай илүү авьяастай, сэргэлэн байдаг юм. Харин нэг ялгаа нь хятадууд үнэхээр махруу, тууштай. Оролдоод л байдаг, оролдсоор байгаад болгочихдог.

-Таны багшилж байх үедээ оюутнууддаа онцгойлон захидаг байсан зүйл юу вэ?

-Үндсэндээ би багш нарын минь надад заасан зүйлийг л дамжуулж байна гэж боддог юм. Зураач хүний эрхэмлэх зарчим бол сайн суурь болон байнгын хөдөлмөр юм байна лээ. Зурахгүй л байвал чадахаа больчихдог. Тийм хүмүүс олон бий. Зураач бүрийн өнгөний мэдрэмж их өөр байдаг. Олон оюутан дотор өнгийг үнэхээр гоё мэдэрдэг, заяачихсан авьяастай оюутан байж байгаад зурахаа больчихсон байхыг харахаар би их харамсаад байдаг. Ахиж зурахгүй юм байх даа гээд дотроо бодоод л явдаг юм. Ер нь дүрслэх урлаг гэдэг нэг талаараа бурхнаас заяасан том бэлэг. Дан хөдөлмөрлөөд, өдөр шөнөгүй зураад байвал зураач болчихдог гэвэл бас худлаа л даа. Бүтээл гараад л байдаг хэрнээ нэг л уйтгартай байдаг. Тэгэхээр тэр онцгой мэдрэмж зарим оюутнуудад харагддаг.

-Та багшийнхаа заасныг дамжуулсан гэлээ. Таны багш нарын нэг С.Дондог гэж их мундаг зураач байсан. 

-Дондог багш бол мундаг авьяастай зураач байсан. Насаараа дүрслэхийн сургуульд багшилсан. Зураг нь их эрчтэй бичлэгтэй, хөнгөн, хурдан гартай болохоор зовохгүй зурдаг гэдэг юм. 

-Зан, чанарын хувьд ямархуу хүн байсан юм бол?

-Зан чанарын хувьд бол хэцүү дээ (инээв). Зарим оюутнуудад “Чиний зураач болно гэж юу байдаг юм” гээд шууд л хэлчихнэ. Би ч хажууд нь сурч байх хугацаандаа Дондог багшаас айдаг л байлаа. Харин бүтээлүүд нь бол үнэхээр монголын дүрслэх урлагт “тод мөр” үлдээсэн зураач даа. Их олон ч мундаг зураачдыг төрүүлсэн.

-Чех улсад суралцсан үеийнхээ талаар дурсвал?

-Чех улс руу 1980 онд явсан. Тухайн үед манайх ч, Чех ч социалист орон байлаа. Гэхдээ барууны талдаа ойрхон улс учраас урлагийн хувьд арай чөлөөтэй байсан шүү. Манай улс бол социалист реализм гээд хэтэрхий боодог байсан. Чехэд мундаг багш нараар хичээл заалгаж их зүйл сурсан. Гэсэн хэдий ч миний монгол багш нараараа заалгасан суурь маш их хэрэг болсон. Тэнд очоод миний суурь ерөөсөө гологдоогүй, толгой цохиод биеэ тоох үе ч байсан. Залуу байсных л юм даа. Монголын дүрслэхийн сургуулийн сургалт их сайн байсан нь мэдрэгдэж байгаа юм. Багш нар мундаг байсан. Арга ч үгүй бидний үед “Урлагийн зөвлөл”-өөс Дүрслэхийн сургуулийн бодлого, сургалтыг хариуцдаг, багш нарыг хүртэл томилдог байлаа. Одоо бол больсон л доо.

-Тийм шүү, одоо бол барилга нь яг л хуучнаараа, дүн өвлөөр халаалтгүй хүйтэн ангиуд хэцүү шүү. 

-Хэцүүгээс гадна томилогдоод очиж байгаа багш нар ч бас хангалтгүй байна. 

-Усан будгаар зурсан зураг бас байх шиг байна. Зураачийн чадвар, техникийг шалгадаг гоё хэрнээ их хэцүү төрөл шиг санагддаг шүү. 

-Тийм, гоё мөртлөө хэцүү. Одоо манай залуучууд усан будгаар мундаг зурж байна. Тэднээс айгаад зурахаа больчихоод байгаа юм (инээв). 

-Сүүлийн үеэс л хүмүүс усан будгийг их сонирхож зурдаг болох шиг боллоо. 

-Тийм, нэг хэсэг бүр тасарсан шүү дээ. Бараг усан будгийн зураг гэж байдаггүй байсан. Хэдэн онд билээ дээ, ардын зураач Ш.Чимэдддорж, гавьяат Ц.Энхжаргал бид гурав ярилцаад, хөдөө явж зөвхөн усан будгаар зурахаар тохирч байсан юм. Тэгээд гурвуулаа баахан яваад л зурж өгсөн. Дараахан нь төв галлерэйд нөгөө усан будгийн ажлуудаараа үзэсгэлэн гаргалаа. Зорилго нь усан будгийн төрлийг сэргээх л байсан юм. Бидний оролдлого зарим зураачдад нөлөөлсөн гэж боддог шүү. Одоо бол бүр усан будгийн нийгэмлэгтэй болчихсон, залуучууд сайн ч зурж байна. Би бахархаад байдаг юм. 

-Усан будаг тосон будгаас асар ялгаатай шүү дээ.

-Шал өөр техник л дээ. Мэдрэмж их шаардана, хурдан ажиллах хэрэгтэй болно. Тосон будаг бол зурж байгаад орхиод жилийн дараа ч үргэлжлүүлээд зурж болно. Усан будаг тэгэх бололцоо байхгүй, хэцүү төрөл. 

-Таны гадаадад очиж зурсан зургууд болон монголын байгалийг зурсан зургуудаас хамаагүй өөр өнгө, мэдрэмж харагдаж байгаа юм шиг санагдлаа. Таны очсон хамгийн сайхан газар хаана байсан бэ?

-Нэлээд хэдэн улсуудаар явсан. Манай монгол ч бас яваад барагдахгүй л дээ. Газар гэхээсээ илүү би зурсан зургуудаа хараад байхад намар их байдаг. Намар зурахад их урамтай, өнгөлөг санагддаг.


-Зургийн арга, ажиллагааны хувьд танд онцгой таалагддаг төрөл бий юу? Зарим зураачид их том бичилттэй, ерөнхий зурж байхад, зарим нь бүр нарийн, нэгд нэгэнгүй зурах нь ч байдаг шүү дээ.

-Их гоё нарийн зурдаг зураачид ч бас байдаг шүү. Их тэвчээр хэрэгтэй. Би бол тэгж тэвчиж чадах товариш биш байхгүй юу. Миний хувьд бол биетэй, зузаандуу болон бийрний бичилт нь харагдаж байдаг зурагт дуртай.

-Таны зургууд ч яг тийм юм байна. 

-Харин тийм, энэ миний арга барил болчихлоо л доо. Зурж байтал л ийм болчих юм. Миний бас нэгэн эрхэмлэдэг чанар байдаг нь, би чинь монгол зураач шүү дээ гэж боддог юм. Миний зургуудаас монгол үнэртэх ёстой, би чинь эх оронтой хүн шүү дээ. 

-Манай ахмад зураачид дийлэнх нь оросын школоор реализмыг түлхүү сурсан хүмүүс байх?

-Одоогийн дүрслэх урлагийн суурийг тавьсан бидний багш нар чинь бүгд орост суралцсан хүмүүс байсан. Орос улс өөрөө реалист урлагийг англи, герман, ялангуяа италиас сурсан шүү дээ. Тэгэхээр энэ нөлөө бидэнд баараггүй байгаа. Би ч бас шавь нартаа заахдаа тэр уламжлалаар л явсан. Би оросын урлагийн сургалтыг бол сайн гэж боддог. Баруунд ч бас их үнэлэгддэг. 

-Сүүлийн үед уран бүтээлчид орчин үеийн урлагийн төрлөөр их бүтээл хийж байна. Бараг арван уран бүтээлчийн ганц нь л реалист төрлөөр явж байх шиг байна. Реализм хоцроод байна уу даа гэж хэлбэл та юу гэх вэ ?

-Би ч бас тэр талаар их бодоод л байгаа юм. Урлагийн олон төрлийн чиглэл, урсгалыг би үгүйсгэдэггүй юм. Байх л ёстой зүйл. Олон төрөл байх нь илүү сонирхолтой л доо. Гэхдээ хэтэрхий туйлширч, даган дуурайснаас болж балардаг үлгэр бас байна. Ялангуяа сургалтын хувьд алдагдсан тэр том зүйлийг сэргээхэд их хэцүү болчихож байгаа юм. Их аюултай нэг зүйл нь бол мэдээ мэдээлэл чөлөөтэй болсон энэ үед хэтэрхий даган дуурайгаад байна уу гэж боддог юм. Нөгөө л яриад байсан сайн суурийг сургуульд нь зааж сургаагүй хүнд хэдэн цаас, салфетка базаад тэнд эвтэйхэн тавьчихад бүтээл болгох нь илүү амар биз дээ. Тэгэхээр амар талыг хөөгөөд байна уу гэж л дотроо бодоод байгаа юм. Гэхдээ зарим нь үнэхээр сонирхолтой, гоё хийсэн нь байдаг шүү. 

-Тэгээд түүндээ маш уран сайхны, урт тайлбар биччихдэг. 

-Тайлбар нь бүр бүтээлээсээ том болчихсон байдаг. Бүтээлийг нь заавал тайлбарлуулж байж ойлгох ёстой ч юм уу. Ядаж байхад би шилгүй явж байдаг, өнөөхийг нь унших гээд чаддаггүй юм. Тайлбаргүйгээр ойлгочихож болохгүй л болоод байх шиг байна. Эсвэл магадгүй би хоцрогдчихсон ч юм уу. Тэрийг ойлгож байх ямар албатай ч биш дээ, би ер нь (инээв). Гэхдээ учиргүй л их тайлбар байгаад байдаг юм. Би дэлхийгээр явж олон урлагийн үзэсгэлэн, орчин үеийн урлагийн бүтээлүүдийг үзэж л байсан. Инстоляци, контемпорарын  мундаг том бүтээлчдийн үзэсгэлэнг үзэхэд гайхаад, шүтээд л гардаг байсан. Гэхдээ тэр үед би хажууд нь бичээд тавьчихсан урт тайлбар харж байгаагүй (инээв). Зарим мундаг залуус байна, харин зарим нь хэт өнгөц, даган дуурайж бушуухан нэр алдарт хүрэх гэж яарч байна. Тэр нь харин сонин байгаад байна л даа. Заримын учрыг нь ч би олохгүй л байгаа юм. Нэг үзэсгэлэн үзэж байсан чинь хэдэн хайрга чулуу, навч эвлүүлж зургийг нь авч тавиад “Ленд арт” гээд биччихсэн байгаа юм. “Ленд арт” уг нь шал өөр төрлийн зүйл байдаг юм.

-Гэвч тийм бүтээлүүдийг үгүйсгэхэд бас хэцүү юм даа.

-Тийм, хэцүү хэцүү. Түүнийг бол урлаг судлаачид л шүүх байх л даа. Бидний үед чинь зургаа хасуулдаг байлаа шүү дээ. Гэхдээ шүүмж гэдэг уран бүтээлчдэд зөв үедээ бол их хэрэгтэй зүйл. Манайд одоо бол учраа олох гээд бантан, гуляш шиг л юм болж байна (инээв). Хамгийн гол нь урлагт байдаг нэг айхтар зүйл бол ‘цаг хугацаа’. Хичнээн цаг хугацааны шалгуурт мөн чанараа алдахгүй байж чадвал гайхалтай бүтээл болж байгаа юм. Уран бүтээлчдийн бүтээл нь өмнөөс нь яриад өгчихдөг. Сүүлийн үед л хажууд нь юм бичицгээгээд байдаг болчихсон байна лээ. 

-Таны хувьд зургийн зохиомж гэдэг хэр чухал вэ?

-Маш чухал, бүр нэгдүгээрт шүү дээ. Зохиомжийг сонирхолгүй авчихвал яаж ч сайн зураад уначихдаг юм. 

-Хүмүүс зохиомж авалт гэхээр сайн ойлгохгүй байж магадгүй.

-Зургийг бид хавтгай дээр хэрхэн байрлуулахыг л хэлээд байгаа юм. Хаана ямар өнгийг, хэр хэмжээгээр авах, аль хэсэгт төвлөрөхийг шийдэхээс шалтгаалж зураг сонирхолтой харагдна. 

-Танд түлхүү хэрэглэдэг, дуртай өнгө гэж байдаг уу? 

-Би бүх өнгийг л хэрэглэдэг дээ. Тийм онцгойлдог өнгө байхгүй. Зарим зураачийн зургууд бүгд нэг өнгөтэй байгаад байдаг, тухайн хүний л арга барил л даа. Би өнгөний хувьд баригдаад байдаггүй.

-Хүмүүс бүтээлийн утгыг их асуудаг. Гэхдээ зураач хүн зурахдаа яг утгыг бодож зурдаг гэж бодохгүй байна. Таны хувьд бүтээлээ туурвиж байхдаа юу боддог вэ?

-Зургийн настроение гэж байна. Хөгжим зураг хоёр их ойр гэж би боддог. Тэгэхээр миний зургаас ямар хөг эгшиг гарахыг их бодож зурдаг. Мөн түрүүн хэлсэнчлэн монгол харагдах хэрэгтэй л гэж бодогддог доо. Жишээ нь, Пикассогийн аль ч бүтээлийг нь харсан испани цус нь мэдэгдээд байдаг байхгүй юу. Кандинский байна. Абстракт, хийсвэр зургуудтай шүү дээ. Тэгсэн хэрнээ орос л харагдаад байдаг юм. Тэр их чухал. 

-Та гадны орнуудаар үзэсгэлэнгээ гаргаж байсан, гадаад хүмүүс яаж хүлээж авч байсан бэ?

-Ямар ч байсан хүмүүс худалдаж авч л байсан, бодвол таалагдсан болоод л авч байсан байх (инээв). 

-Уран бүтээлчийн амьдралын сайхан нь юу вэ?

-Амар амгалан. Дуртай зүйлээ хийгээд л, өөрийнхөө ертөнцөөр аялаад л зургаа зураад сууж байх сайхан. Би хүнд таалагдах үгүй хамаагүй, өөрөө л жаргаж зурдаг болохоор.

-Бүх уран бүтээлчид жаргаж зураад, хажуугаар нь амьдралаа аваад явдаг гэвэл өрөөсгөл байх. Дүрслэхийн сургуулийг төгсөж буй уран бүтээлчдээс өөрийн бүтээлийг хийж чадалгүй захиалгын ажлууд хийж яваа нь бас багагүй харагддаг. Үүнд манай улсын зах зээл, урлагийн хөгжил нөлөөлдөг болов уу. Танд ч бас хэцүү үеүд гарч байсан байх.

-Энэ их чухал асуулт л даа. Хүний сэтгэл ханамж бас их харьцангуй шүү дээ. Би өөрийн бүтээлийн орлогоороо амьдардаг. Надад өөр орлого байхгүй, үүндээ ч сэтгэл ханамжтай байдаг. Гэхдээ хэцүү үеүд бий. 90-ээд оны картын барааны үед талхаа картаар авдаг хүмүүс чинь юун зураг худалдаж авах билээ. Тэр үед зургаа зурсаар л байсан ч хүн чинь юм идэх хэрэгтэй шүү дээ. Тийм болохоор захиалгын зургийг бол уухайн тас л зурна. Нуух зүйл байхгүй. Гандан, музейн гадаа хүмүүс жижиг зургууд зараад зогсдог байсан юм. Тэнд зургаа өгөөд мөнгөө хувааж аваад явдаг л байлаа. Тэсэх л хэрэгтэй болж байгаа юм. Зураач болно гэдэг тийм амар ажил ч бас биш. Жаргалтай юм шиг хэрнээ зовлонтой л доо. Зургийг их амархан гэж ойлгодог хүмүүс бас байдаг юм байна билээ. Багшилж байх үед нэг удаа сургуулийн элсэлтийн үед хүүхдээ дагуучихсан аав ирсэн. Хүүхэд нь хөгжлийн бэрхшээлтэй, аав нь хөөрхий хүүхдийнхээ төлөө л явж байгаа юм. Аав нь ирээд “Хүүхэд маань ийм байгаа юм, танай сургуульд оруулчихвал арай амар хоолоо олоод идчих юм болов уу гэж бодоод” гэсэн юм. Тэр хүний буруу биш, гол нь мэдэхгүй байгаа юм л даа. Уран бүтээлч болно гэдэг маш их хөдөлмөр шүү дээ. 

-Мөн уран бүтээлч бүтээлээ хийгээд байхад үнэлэгдэхгүй, ойлгогдохгүй байх нь бас нэг хэцүү тал нь юм болов уу?

-Нийгмээс ч бас шалтгаална л даа. Одоо үед бол сайхан л байна. Ний нуугүй хэлэхэд баян чинээлэг улсад урлаг хөгждөг гэдэг юм. Урлагийг хийлгэдэг, тэтгэдэг  хөрөнгөтэй хүмүүс байдаг нь нууц биш. Гадаадад оюутан байхдаа хүмүүстэй танилцаад зураач болох гээд сурч яваагаа хэлэхээр ‘Өө, бурхны хүүхэд байна шүү дээ” гэж хэлдэг байсан. Олон хүнээс сонсож байсан. Тэнд зураачийг тэгж үнэлдэг юм байна лээ. 

 

-Одоо эргээд харахад зураачийн амьдрал таны хүссэн амьдрал мөн байсан гэсэн үг үү?

-Хүүхэд байхаасаа л зураач болно гэж мөрөөддөг байсан. Одоо бол би өөр зүйл хийж чадахгүй шүү дээ. Зураач хүн ер нь насан туршдаа л суралцдаг гэж боддог. 

-Та яагаад зураач болохыг мөрөөддөг байсан юм бэ. Танай гэр бүлд урлагийн хүмүүс бий юу?

-Манайд урлагийн хүмүүс байгаагүй. Аав минь жирийн л барилгын инженер, ээж минь номын хүн байсан. Аав минь л намайг зураач болж магадгүй гэж магтдаг байсан. Хүүхэд байсан болохоор түүнд нь итгээд өөрийгөө зураач болно гээд ойлгочихсон байх. Хичээлийн цагт дэвтэр дээрээ зураг зураад л суучихдаг байсан. Тэгээд л дүрслэхийн сургуульд шалгалт өгтөл азаар тэнцэж ороод сайн багш нартай учирсан. Зурагдсан төөрөг минь л тийм байсан юм байлгүй дээ. 

-Тантай ярилцсан энэхүү яриагаа дуусгамааргүй л байна. Миний асуухыг хүсэж байсан асуултууд дуусчихлаа. Танд өөр ярилцаагүй өнгөрөөсөн бодож явдаг зүйл бий юу?

-Зургаа улам сайн зураад байх юм шүү л гэж бодогддог юм. Зарим ахмад зураачдыг хараад байхад залуу байхдаа их сайн зураад, настай болоод ирэхээрээ зураг нь муудчихсан байдаг. Би тийм болчихгүй юм сан л гэж боддог, нас ч нэлээн явж байна. Хэрвээ тэгж муудах юм бол зурахаа бүр больчихсон нь дээр. Чи ч бас анзаараад үзвэл энэ их сонин, зарим зураачид хөгшрөх тусмаа муудаад, зарим нь сайжирчихсан, яг өнгөрөхийн өмнөх зураг нь бүр аймаар байх жишээтэй. Би гайхаад одоо болтол дотроо бодоод л байдаг юм. Би арай муудчих юм биш биз, муудсанаа мэдэхгүй зураад туугаад явчихвал бүүр хошин шог болно. Тийм учраас өөрийгөө сайн дайчлах хэрэгтэй, бүр тэнхээ муудаад чадахааргүй байвал зурахаа больчих хэрэгтэй байх л гэж боддог юм. 

Ctrl
Enter
Гомдол хэрхэн мэдүүлэх вэ?
Холбоотой текстийг идэвхжүүлэн Ctrl+Enter дарна уу.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл (0)

Foto
О.Нинж

Б.Ганчимэг
Б.Ганчимэг
Б.Алтанхуяг
Б.Алтанхуяг
А.Доржханд
А.Доржханд
О.Нинж
О.Нинж
П.Соёлдэлгэр
П.Соёлдэлгэр
А.Банзрагчгарав
А.Банзрагчгарав