Телевизийн анхны эрэгтэй нэвтрүүлэгчийн нэг, алдарт Цэенхандын партнёр, дэлгэцнээ их жанжин Сүхбаатарын дүрээр мөнхөрсөн нэвтрүүлэгч Р.Доржбатыг манай ард түмэн сайн мэднэ. Сүүлийн арван хэдэн жил сураг алдарсан түүнтэй галт тэргэнд тааралдан олзуурхаж “Ярилцъя” буландаа зочноор урьсан юм. Миний хувьд түүнийг манай суманд хамгийн анхны зурагт ирсэн үдэш л анх харсан. Сүрлэг сайхан дуу хоолойтой, гоёмсог хүрэмтэй, гялалзсан халимагтай гоё ахыг хараад манай найзууд амаа ангайлган ширтэж байсан юм. Тэр цаг гуч гаруй жилийн тэртээ үлдсэн ч санаанаас ердөө гардаггүй.

Баяр наадам болохоор л тэр ахын дуу монголоор дуурсан хүнгэнэж сүр жавхлан нэмэж байдагсан. Хөрш Зөвлөлт улсын ерөнхийлөгчид ар араасаа ойрхон нас барж, тэрхүү мэдээг суманд маань байдаг хоёрхон зурагт дотроос мөнөөх ах л хүнгэнэсэн дуугаараа хамгийн анх бидэнд сонсгож, сумын захиргааныхан цуглан хуралдаж, сургууль дээр маргааш нь бид хүртэл нэг минут дуугүй зогсон эмгэнэл илэрхийлж байж билээ. Социализмын үеийн хөдөөгийн хүүхдүүд бидэнд телевиз бол үгээр өгүүлшгүй гайхамшиг байсан. Тэр дундаа тухайн үеийн телевизийг жинхэнэ авч явж байсан хуруу дарам хэдхэн нэвтрүүлэгч шиг мундаг улсууд ховор санагддагсан. Ингээд эрхэм Р.Доржбатын яриаг та бүхэнд сонирхуулъя.

-Та манай уншигчидтай уулзаж байгаа хамгийн ховор зочин. Таныг олж хараагүй уджээ. Хаана, хэрхэн ажиллаж амьдарч явна вэ. Яагаад ингэж сураг алдарваа?

-Би гэдэг хүн үндсэндээ гучин хэдэн жил радио телевизэд  ажилласан хүн дээ. Бүх залуу нас, эрч хүч, хүсэл мөрөөдлөө тэнд шингээсэн. 35 жил гэдэг хугацааг би тийм ч бага хугацаа гэж боддоггүй юм л даа.

-Яалаа гэж бага хугацаа байх билээ ?

-Миний түүх радио телевизтэй 1963 оноос эхэлж холбогдсон юм. Дунд нь Москвагийн радиод гурван удаа томилогдож ажилласан. Над шиг гурван удаа явсан хүн үнэндээ байхгүй л дээ. Яахав, бүгд ээлжлээд явдаг. Гэхдээ гурван удаа явсан нэвтрүүлэгч байхгүй. Хамгийн сүүлд би 1997 онд Москвад “Ардын эрх”-ийн сурвалжлагчаар очиж нэг жил ажилласан. Тэгээд тэндээсээ шууд Москвагийн радиод ажилласан. Москва- монгол хэлний нэвтрүүлэгчээр. 1999 оны зургаан сар хүртэл тэндээ ажилласан. Тэр үед манай том хүү Англид сурч байсан юм. Орост байдал нэлээн хүнд байсан. Хуучин чинь бидэнд хувцас хунар, орон байр бүгд цаанаасаа тавьж өгдөг байсан юм шүү дээ. Тэгсэн сүүлд очиход байдал шал өөр болчихсон байсан. Юун биднийг манатай болчихсон байсан. Бүх юм өөрчлөгдсөн байсан. Сарын цалин гэж цөөхөн хэдэн доллар. Тэр нь хаанаа ч хүрдэггүй. Тэгж сандарч байтал хүү маань ир гэлээ. Тэгээд очихоор шийдсэн. За, ямар ч байсан Англи гэдэг орныг үзээд ирье гэж. Ерөөсөө буцаад ирнэ л гэж бодож байсан. Яваад очлоо. Хүү маань сургуулиа төгсөх гэж байсан л даа. Тэгээд буцах гэтэл та нар явж яах юм бэ. Яаж тэнд амьдрах юм, үлд гэдэг байгаа. Би бол амралтаа аваад л хүүгийнхээ урилгаар очсон хүн шүү дээ. Зээгээ аваад авгайтайгаа гурвуулаа. 1999 оны зургаан сарын гурванд бид Лондонд очсон. Тэгээд л тэндээ шингэсэн юм даа.

-Бараг арван жил болох гэж байгаа юм байна?

-Арав дахь жил рүүгээ орж байна. Гэхдээ би тэнд бас зүгээр байгаагүй ээ. “Метеорит 25 теле студи” гэж телевиз байгуулаад ажилласан. Сурвалжлага хийгээд Английн бүх л том хотуудаар явсан. Монголоос очсон төрийн тэргүүнүүдийн айлчлалын сурвалжлагууд, Английн нийгэм, улс төрийн амьдралд болж байгаа сонин хачин гээд бүгдийг нэвтрүүлж байсан. Тэнд манай бүх л одууд, томчууд, урлаг, спортынхон очсон.

-Тэнд байгаа монголчууддаа зориулж цацах уу, наашаа дамжуулах уу?

-Наашаа “25 дугаар суваг” телевизээр дамжуулж байсан. Бид энэ ажлаа дөрөв таван жил хийсэн. Гэтэл яг гол хүн маань наашаа явах болсон. Ингээд энэ ажил маань зогссон л доо. Тэгж байтал англичууд монголын их хааны тухай кино хийх болж, надад санал тавьсан. Бүтэн цагийн баримтат, уран сайхны кино. Ингэж надад монголын их хаан Хувилайн дүрд тоглох боломж олдсон. Би үнэхээр олзуурхсан. Монгол хүн, монгол хааныхаа дүрийг бүтээх боломж тэр улсад надад тохиосонд сэтгэл их хөдөлж байсан. Тэр кино монгол телевизээр гарсан гэж би дуулсан. Зургийг нь годуу Шотландад авсан юм. Сүүлд бас тэндэхийн манай монголчууд өөрсдөө нэг кино хийсэн. “Эцгийн захиас” гэж. Бороо гэж мундаг залуу бий. Тэр маань хийсэн. Одоо монголд байгаа. Хөөрхөн кино болсон. Тэр кинонд бас оролцлоо. Энэ мэтчилэн уран бүтээлч хүн юм болохоор олдож байгаа ховор боловч боломжин дээр ажиллаж л байлаа.

-Таны хоолой дуучдын зэрэглэлээр бол ямар хоолойнд орох бол. Басс уу, баритон уу?

-Баритон л гэдэг юм. Яах нь уу, чи.

-Яахав дээ, хуучны танил хоолой дэргэд хүнгэнээд сонин байна шүү дээ. Дээр үеийн радио яваад ч байгаа юм шиг. Та ер нь дуучин болохгүй яасан юм бэ?

-Хэ цс…миний дуучин болох гэж юу байдаг юм. Үгүй тэгээд хэн мэдэх вэ дээ. Сургууль соёлд нь яваад оролдсон бол арай өөр ч тавилантай явах байсан юм билүү. Гэхдээ би нэг ч удаа ингэж бодож байгаагүй юм байна.

-Ер нь яаж яваад зурагт радиогийн хүн болчихсон юм бэ?

-Би хөдөө, хүүхэд байхдаа л нэвтрүүлэгч болохыг мөрөөддөг байсан. Хамгийн анх радио гэдэг юм олж харснаас хойш миний дотор тэр мөрөөдөл бий болсон. Радиогоор ярьдаг хүн болох юмсан гэсэн эцэс төгсгөлгүй мөрөөдөлтэй болж хувирсан. Ангидаа самбарын өмнө гараад өглөөний программыг цээжээрээ уншдаг хүүхэд байж билээ. Радиогоор сонссоноо яс цээжилчихдэг. Тэгээд тэрийгээ ангийнхандаа уншиж өгнө. Самбарын урд гарч байгаад л авч өгнө дөө.

-Ямар сонин юм бэ?

-Тэмээнийхээ бөхнөөс радио гээд нөгөөх жижигхэн хар юмаа өлгөчихнө. Арай томорчихсон багт явж байгаа нь тэр. Тэгээд л явдал зуураа тэрүүгээр ярьж байгаа бүх юмыг цээжилчихнэ. Тэгээд тууж явтал нэвтрүүлэгч шалгаруулж авна гэсэн нэг зарлал ирдэг юм. Тэр үед би дунд сургуулиа дүүргэчихээд Богд сумын эвлэлийн үүрийн дарга хийж байсан л даа. Тэгээд чөлөө аваад Улаанбаатарт ирж шалгууллаа. Та явж бай, уг нь боломжийн л юм байна. Оролдвол… гэсэн юм хэлээд буцаалаа даа.

-Хэн шалгах вэ?

-Өө, тэр чинь нэвтрүүлэгч нар шалгана л даа. Яг мэргэжлийн улсууд шалгалт авна шүү дээ. Дандаа томчууд.

-Таниас өөр ямар том хүмүүс байсан юм бэ. Уучлаарай, би таны түрүү гэх тэр үеийг сайн мэдэхгүй байна?

-Радиод олон том нэвтрүүлэгчид байсан. Хөндлөн Цэвээндорж, хөндий Дагва, хүнгэнүүр Баянмөнх гээд л. Эд бол агуу нэвтрүүлэгчид. Шалгалтад тэнцэлгүй буцаж очоод нутагтаа нэг жил байж байгаад цэрэгт татагдлаа. Тэгтэл тэд намайг цэрэгт ирчихсэн тухай дуулсан байгаа юм. Цэрэгт ирээд ёстой тун удаагүй байж байтал Мэдээлэл радио телевизийн хороонд нэвтрүүлэгчээр ажилланаа та гээд нэг өдөр л аваад явсан даа.

-Одооны энэ хэрэг эрхлэх газрын байшин руу л ирэв үү?

-Үгүй ээ. Сүхбаатарын талбайн хажуу талын Монголын Цахилгаан холбооны байранд манайх чинь байсан юм шүү дээ.

-Анхны гараагаа Сүхбаатарын талбайн дэргэдээс эхэлжээ. Жанжны хөшөөний дэргэдүүр алхаад л ажилдаа ирдэг байв уу?

-Тэгэлгүй яахав.

-Монгол киноны дэлгэцнээ ард түмний мэдэх гуравхан Сүхбаатарын дүр байдаг. Тэрний нэгийг та бүтээсэн. Эхнийх нь бол орос хүн шүү дээ. Монгол талаасаа хоёр дахь жанжин та байх?

-Гурав дахь нь. Театрт бол хэн хэн ч тоглосон юм бүү мэд шүү дээ. Бид киноныхыг ярьж байна. Дашнамжил, Галсанданзан гуай, тэгээд би. Сүүлд яасныг мэдэхгүй. Энэ хоёр маань хоёулаа гавъяат жүжигчин. Сайхан ч улсууд.

-Нээрээ “Ардын элч” кинонд Галсанданзан гуай жанжны дүрд тоглосон. Та “Хатанбаатар” кинонд, бусдад нь Дашнамжил гуай. Гэхдээ л ховорхон тохиолууд шүү дээ?

-Ховорхоон ховорхон. Би жанжны дүрд ганцхан “Хатанбаатар” кинонд ч тоглосон юм биш. “Эр цэргийн итгэл” теле жүжигт, “Тулалдаан” гэдэг хоёр ангит теле жүжигт жанжныхаа дүрийг бүтээж байлаа. Одоо ч алтан фондод бий.

-Хамгийн анх таныг Сүхбаатарт хэн олж харсан бэ?

-Урлагийн гавъяат зүтгэлтэн, ардын жүжигчин Жигжидсүрэн. Түүнээс өмнө Туваанжав, Шийтэр гэж хоёр найруулагч санал тавьж теле жүжгүүдэд тоглуулж байсан.

-Өндөр нуруу, дуу хоолой гээд бүх юмаараа тэнцэж байсан байх. Танд өрсөлдөгч байсан уу?

-Дашнамжил эд нар бүгд амьд сэрүүн байсан юм шүү дээ. Ид ч мандаж байсан. Сайхан ч жанжин байсан. Маш гоё жанжин шүү дээ. Тэр үед л хажуугаар нь намайг сонгож проб хийж байгаад авсан.

-Өөр дүр төрхтэй жанжин олох гэж хайж л дээ. Тэгж яваад таныг олж харж?

-Тэгсэн юм шиг байгаа юм. Баахан проб авч авч дууссан. Би ч дотроо яадаг бол гэж айж байсан. Тэгсэн сүүлд тэнцсэн л гэсэн. Сүхбаатарын дэргэд жинхэнэ хамт явсан гэгддэг Дашзэвэг гэж нэг өвгөн партизан байсан юм. Би тэр хүнтэй очиж уулзсан. Нэгэнт л тоглох болсон болохоор дүрийн судалгаа хийх шаардлагатай. Тэгээд л явж байгаа юм. Олон ч юм уншиж байлаа. Би тэр Дашзэвэг гуайгаас асуусан. Та жанжныг яг ямархуу хүн байсныг ярьж өгөөч гэж. Өвгөн партизан надад “Чи бол яг таарна. Сүүл рүүгээ дэлгэцэн дээрх жанжны төрх эвдэгдээд явчихлаа. Хүзүү мүзүү нь хэт урт болоод явчихсан. Жанжин чинь тийм өндөр хүн байгаагүй юм аа. Нарийвтар л хүн” гэж хэлж байсан. Би тэр үед залуу байсан. Одооных шиг ийм шалхайсан юм байгаагүй л дээ. Өвгөний үг надад урам өгсөн. “Чи бол тэнцэх л юм байна. Чамд ганцхан өө байна. Чиний нүүр царай хэтэрхий цайвар юм байна. Манай жанжин чинь бор хүн байсан шүү дээ” гэж хэлж байсан.

-Киногоо анх үзээд ямар сэтгэгдэл төрж байв?

-Ер нь нэг юм байдаг юм аа. Хүн өөрийнхөө дүрийг харахад заавал өөтэй харагддаг.

-Танд бол дасал биз дээ. Өдөр болгон зурагтаар өөрийгөө харсаар байгаад?

-Ер нь өөрийгөө харахгүй шүү.

-Ямар сонин юм?

-Яахав улсууд урам өгнө. Зарим нь шүүмжлэлтэй үг ч хэлнэ. Хамгийн нарийн шүүмжлэл хэлдэг хүн гэр бүлийн хүн байдаг. Хуучин чинь асар нарийн байлаа шүү дээ. Одоогийнх шиг ийм чөлөөтэй юм байхгүй. Нүд л цавчина. Өөр дэл сул юм байхгүй. Нэг үг эвгүй хэлэх юм бол арга хэмжээ авахуулдаг.

-Одоо бол хэн дуртай нь, юу дуртайгаа чалчдаг болсон?

-Хамаа намаагүй болчихсон юм билээ.

-Телевиз гэдэг юмыг анхны үеэс нь эхлүүлээд нүүр царай нь болж, нэгэн үеийг нуруун дээрээ авч явж ирсэн нэвтрүүлэгчдийн нэг бол та. Одооны залуу нэвтрүүлэгчдээс ер нь харах хүн байх юм уу?  

-Ямар ч байсан бидний үеийнх шиг тийм өндөр төвшний диктатур байхгүй болсон юм билээ. Угаасаа нийгэм маань өөрөө ямар нийгэм байлаа даа. Тэрийг ч бас бодолцох ёстой. Яахав ээ, аятайхан залуучууд бий. Гэхдээ энэ гарч байгаа телевизүүдийг нийтэд нь авч үзээд үзэгчдийн ярьж, үнэлж, дүгнэж байгаагаар бидний үеийнхний босгосон тэр диктор гэдэг хүний дүр төрх өнөөгийн телевизүүдийн дэлгэцнээс байхгүй болчихсон юм билээ. Олны үг ортой. Үнэнд дөхсөн дүгнэлт ч байж мэднэ. Миний хувьдаа үзэж байгаагаар радиод бол ганц нэг сайхан улсууд байгаа. Телевизэд хуруу дарам хүн байна. Бүр ор тас байхгүй юм биш. Чамлалтай нь ганц хоёрхон байна. Ганц хоёрхон.

-Телевизийн урлагт намын шоу хөтөлж гүйсэн, шүлэг уншдаг  нөхдүүд дүүрч, жинхэнэ дикторууд алга болсон. Хөтлөгчдийн тухайд бүр цагаандаа гарсан. Тультраа, шулга, бөөрөнхий хэлтэй, яриаг нь хүчилж байж ойлгогддог улсууд дүүрэн?

-Хоолойн өнгө их чухал. Хоолойн хувьд тийм ч нийлэмжтэй сонсогдохгүй  улсууд олон байна. Нэг урлагийн зүтгэлтэн хүн надад хэлж байсан. Манай орон нэг л их шал шал хийсэн олон телевизтэй болчихлоо. Дикторууд гэж урьд нь хэн хэн байлаа. Харьцуулаад бодохоор дургүй хүрээд явчихдаг юм гэж. Яахав, тэр хүний л үнэлэмж. Гэхдээ бодох ёстой. Телевиз манай улсад ид хөгжиж байна. Гэхдээ бүх талаа зэрэг авч явах ёстой. Шоу хөтөлбөрүүд, мэдээллийн хөтөлбөрүүд, сурвалжлагууд, найруулал, хөрөг нэвтрүүлгүүд гээд. Тэр дунд диктор гэдэг хүний орон зай, үүргийг чухалчлан авч явах хэрэгтэй. Намайг ингээд хэлчихээр зарим нь энэ одоо өөрөө тийм сүрхий амьтан юм уу гэж дургүйлхэх байх. Гэхдээ би энэ салбартай амьдралаараа холбогдсон хүний хувьд л хэлж байгаа юм.

-Таныг яаж тэгж зүрхлэх юм бэ. Гэхдээ одоо хэн ч биш юмнууд, юу дуртайгаа хэлдэг болчихсон тал бас бий?

-Та нар бол бидний бага залуудаа үзэж хараагүй тийм задгай, эрх чөлөөтэй нийгмийн иргэд шүү дээ. Нэг бодлын залуудаа дандаа болгоомжилж, айж, ичиж, дарамтлуулж явсандаа гутардаг л юм.

-Ингэхэд таны багш хэн бэ?

-За даа, надад багш гэж яг оноосон тийм хүн байхгүй шүү.

-Тэгвэл таны үеийнхэн?

-Жанцан, хоёр Чулуунбат, Доржсүрэн гээд. Бид бараг зэрэг л орж байсан улсууд.

-Эмэгтэйчүүдээс та хэнтэй хосолж эфирт гардаг байсан бэ?

-Би Цэенханд гэж нэвтрүүлэгчтэй партнёр байсан. Одоо энэ Эрдэнэт үйлдвэрийн захирал байсан Наранхүүгийн ээж шүү дээ. Тэр үед чинь диктор ховор. Шалгуур өндөр. Бүгд зогсоо зайгүй ажилдаг байсан. Миний бас нэг партнёр маань Батсүрэн. Яагаав нөгөө “Хүргэн хүү” киноны Должин. Олон сайхан хүмүүстэй хамтран зүтгэж явлаа. Зарим нь одоо алга даа.  

-Тэгвэл танд шавь бий юу?

-Нэвтрүүлэгч Цоодол миний шавь.

-Өө, тийм үү. Цоодол хамгийн сайн нь шүү дээ?

-Баярлалаа. Би ч бас тэгж бодож байна. Чимгээ бас сайн. Чимгээ,Цоодол хоёр л байгаа юм. Бямбаа, Нарантуяа эд нар бол одоо ахмад үедээ орчихсон шүү дээ. Би хамгийн залуу үеийн төлөөллийг ярьж байна шүү.

-Та эх орондоо ямар ажлаар, хэзээ ирээд буцаж яваа юм бэ. Телевизээрээ оров уу. Ер нь нутаг хэр өөрчлөгдсөн санагдаж байна?

-Би тэнд суух болсноос хойш дөрөв дэхь удаагаа ирж байна. Ганц хоёр сар болоод буцдаг юм. Энэ жил харин нэлээн удлаа. Монгол маань хөгжиж байнаа. Гэхдээ дэг журам, эмх цэгц байхгүй байна. Дэлгүүр хоршоо, ресторан гээд үйлчилгээний салбарууд бас ч гэж дэлхийн хэмжээнд хүрсэн байна. Сайхан хэрэг. Гаднаасаа бол ингэж л харагдаж байна. Манайхан газар гэдэг юманд л дэндүү замбараагүй хандах юм даа. Зам харгуй гэж үнэндээ хэрэг алга. Бас машин хэт ихэсжээ.

-Та Английн иргэн болчихсон юм аа даа?

-Үгүй ээ. Би тэндэхийн иргэн болоогүй. Надад нэг ийм юм тохиолдсон байхгүй юу. Би чамд ярьж өгье. Гадны оронд олон жил амьдарч байгаа болохоор хүмүүс надад энэ асуултыг их тавьдаг. Намайг Лондонд очоод гурван жил болж байтал хатан хааны ээж 102 насандаа таалал төгслөө. Тэр хүн насан эцэслэхдээ гэрээслэлээ үлдээсэн. “Одоо Англи улсад гэр бүлээрээ амьдарч байгаа гадаадын иргэдэд насаараа энд амьдрах статус олго” гэж. Би тэрэнд багтсан. Ердөө л энэ.    

-Нэг киноны хүн хэлж байсан юм. Доржбат гомдоо биз дээ. Хүүхдүүд хүртэл шагнагдаж, мандаж байхад тэрнийг л хэлмэгдүүлээд үлдээчихсэн гэж. Юу тохиолдсон юм бол гэж боддог байлаа ?

-Гомдох ч юу байхав дээ. Хувь заяаны эрхээр л би явсан. Түүнээс биш надад юм өгсөнгүй гээд гомдчихсон юм алга. Яахав дээ, үгийн далимаар хэлэхэд дикторуудынхаа дунд өөрийгөө бас ч гэж хийсэн юмтай хүн гэж боддог. Арван хэдэн жил би спортын нэвтрүүлэг хийсэн. Бөх, тэшүүр, дугуй гээд бүх төрлөөр нэвтрүүлэг хийдэг байсан. Олон улсын интернационал тэмцээнүүдийг дамжуулах, тайлбарлах гээд ганцхан дикторын ажилдаа баригдах биш бүх төрөлд л хөрвөж ажиллаж байсан. Кинонд ажиллалаа. Дуу оруулах ажлыг ямар хүнд ажил гэж бодож байна. Бас ганц нэг дүр бүтээх гэж  оролдлоо. Залуу насанд хийж бүтээх их хүсэлд автаж явж. Цаг наргүй ажилладаг байсан. Нэвтрүүлэгчид дундаас анхны ардын их хурлын депутат нь болж явлаа. Ерэн оны сонгууль шүү дээ. Мөн Засгийн газарт референт хийж байлаа.

-Үзэл бодлын хэлмэгдэлд өртсөн байх магадлалтай хүн шүү. Чи ярилцвал сонин юм ярьж мэднэ гэж тэр хүн бас хэлж байсан. Та ардчиллыг дэмжиж яваад л…

-Тийм ээ, би Ардчилсан намын гишүүн.

-Нэг намын айхтар хяналтан дор байсан үзэл суртлын цөм дотроос нэг нэртэй диктор нь ардчиллын төлөө сугарч яваад, тэрнээсээ болж хавчигдаж гадуурхагдсан юм шив дээ?

-Уншиж байгаа юман завсраа үг хавчуулж цацах мэтээр элдэв арга саам хайж ядаж явсан үе ч миний амьдралд бий. Тэгж байтал өө, энэ Доржбат ардчиллын хүн энэ тэр гэсэн элдэв явуулга явж эхэлсэн. Ерөнхийдөө би хавчилтад орж эхэлсэн.

-Үзэл санааны тэмцэл хийх гэж оролдоод шахагдав уу, оролдоо ч үгүй байхад хов жив гүтгэлэгт өртөв үү?

-Оролдоод буруудсан. Өөрийнхөө хийснийг хүлээнээ. Хов жив, гүжир гүтгэлэгт ч өртсөн.

-Их хаалттай газар байсан гэдэг юм билээ. Одоо ч тэр шинж нь цухалзаад л байдаг ?

-Ардчиллын талыг баримталдаг гээд хэдхэн хүн л байсан. Кино үйлдвэрт бас нэг хэд байсан. Нийгэм маань буруу тийшээ даялаад явчихсныг эрх биш сэхээтнүүд нь дотроо мэдрээд байсан шүү дээ. Тэр далд мэдрэмж дээр төрөх ёстой, ирэх ёстой улс нь гарч ирж, хийх ёстой хувьсгалыг хийсэн. Ерэн оны хувьсгал бол монголын түүхэнд алтан үсгээр бичигдэх том хувьсгал. Ийм үйл хэрэг өрнөж байхад мань мэт нь үзэл санаанаасаа болж ажил төрөлгүй болж явах юу ч биш шүү дээ. Тийм учраас надад айхтар хатуу гомдол, гуниг байдаггүй. Сэтгэлийн шарх бол байдаг. Үзэл бодлынхоо төлөө, тэр юмныхаа дагуу өнөөдрийг хүртэл би явсаар байгаа.

-Харин тийм ээ, таныг Лондонгоос ирээд Женко Баттулгын сурталчилгаанд Баянхонгорт явж байна гэж сонссон?

-Женко, Молекул хоёрыг уу. Явсаан явсан. (инээв) Баянхонгор чинь миний төрсөн нутаг шүү дээ. Тэгээд амрангаа тэднийгээ дэмжсэн. Өөрөө сайн дураараа л. Намын гишүүнийхээ үүргийн дагуу явсан. Манай Богд сум гэхэд 100 хувь тэр хоёрт саналаа өгсөн. Би чинь ерэн оны тэндээс дэвшсэн депутат нь шүү дээ. Бид ерээд онд их сайхан юм мөрөөдөж байсан. Тэрнийхээ тодорхой хувийг хийсэн. Ардчиллын төлөө зүтгэсэн улсуудын гавъяа их. Одоо харин манай намыг янз бүрийн улсууд гарч ирээд баллаж байгаа дуулдах юм. Дээшээ гарч ирсэн улсууд маань ардчиллын төлөө амьдралаа үрсэн доод массаа хаячихсан л даа. Намууд нь жирийн гишүүдээ хаясан. Төр ард түмнээ хаясан маягтай л харагдаж байна. Гэхдээ бүх юм сайхан болох байлгүй дээ.

-Таны гэргийг ардчиллын анхны хүүхнүүдийн нэг гэж сонссон. Дугуй заалны Оюунаа эгч гэж яригддаг тэр эмэгтэй мөн үү. Мөн бол гоё түүхтэй, тэмцэгч гэр бүл юм байна?

-Миний гэргийг Тодын Оюунчимэг гэдэг. Тийм ээ, дугуй заалны Оюунаа эгч гэж тэр үеийн залуус ярьдаг байсан. Тэр дугуй заал гэдэг чинь тухайн үедээ жинхэнэ ардчиллын үүр уурхай байлаа шүү дээ. Дугуй заалны эрхлэгч нь манай хүн байсан юм. Эвлэлийн төв хороонд ажиллаж байсан. Тэгээд ажлаа ашиглаад нөгөө хэддээ цугларах, юмаа ярьж хэлэлцэх бололцоог нь олгох гэж тэмцдэг. Одоо энэ Баабар, Бат-Үүл, Сосорбарам, Элбэгээ бүгд ирнэ. Өлсгөлөнгийн үед ч манай эхнэр бүх юмыг зохион байгуулах ажилд зүтгэж явсан. Түүх болж дээ одоо. Улс амьтан хичнээн их гадуурхаж, муу хэлж, хавчиж байв аа. Танай эхнэр тэгж явна, ингэж явна гээд зарим нь надад хэлнэ. Хүмүүс ойлгохгүй шүү дээ. Сүүлдээ энэ хоёр ер нь ямар сонин улсууд вэ гэж ярьдаг болсон. Хоёул хоёулаа тэгээд гүйчихээр ярих ч багадаж байсан биз дээ. Ардчилсан холбооны анхны хурал дээр манай хүн үг хэлсэн. Тэрэндээ юу гэж хэлсэн бэ гэхээр эвлэлийг тараая аа гэж анх удаа уриалсан. Саяхан бичлэг нь олдсон байна лээ. Сонин товарищ шүү. (инээв) Тэрнээсээ болоод ажил мулт болсон доо. Адаг сүүлд нь намайг дагаж явдаг л нэг хүн болж хувирсан. Хүнийг үзэл бодлынх нь төлөө яаж хавчиж, яаж амьдралыг нь сүйрүүлж болдгийг бид тэгж үзсэн. Сүйрээ ч үгүй л дээ. Цаашаа зүтгэсэн.

-Тэгээд л сүүлд нь явцгаасан юм биз дээ. Таныг телевиз радио тань ер нь гавъяа шагналд тодорхойлж байсан уу?  

-Юун шагнах. Би есөн удаа коллегоор орж шийтгүүлж явсан. Намайг гэр бүлийн амьдралдаа алдаа гаргасан гэж үзэж байсан юм. Би анхны эхнэрээсээ салсан юм л даа. Үүнийг маань олон удаа авч хэлэлцэж байсан. Бусад юм яахав, миний сэтгэл зүрхний асуудлыг тэгж шүүж байсан. Би чинь туслах ч болж үзлээ. Бүр ачаа зөөгч хүртэл болгож байсан. Сонин бичиг гэдэг сонинд нөхөр Доржбат авгайгаасаа салсан гээд бичигдэж байлаа. Тэгж бичихдээ бас 100 төгрөг хурааж авна. Салсан улсуудыг тэгж олон түмэнд матарладаг ёс горимтой байсан гэсэн үг. Өөр нэг инээдтэй юм хэлэхэд намайг арга хэмжээ авч, шийтгэж, хурал хуйгаар оруулж яллаж явсан манай хоёр том дарга сүүлд авгайгаасаа салсан. Намайг ажлаас маань халж байсан шүү дээ. Халагдчихаад музейд ажиллаж явтал эргэж дуудсан.   

-Тэдэнд хүнийг хайр сэтгэлээс нь болж шүүх эрх бас байнаа?

-Зөвхөн тэрнээс болж намайг шат шатны арга хэмжээ гэгчээр оруулж үнэхээр зовоож байсан. Насан туршид маань тэр асуудал дагаж, өө энэ ноцтой дутагдал гаргасан хүн гэж чичлүүлж явсан. Эхнэр бид хоёрын амьдрал нийлээд өнөөдөр 37 жил болж байна. Бүх амьдралын минь турш сүүдэр шиг ийм нэг “дутагдал”-ыг дурьдсан элдэв матаас бичгүүд биднийг дагаж явна даа.

-Одоо болио байлгүй дээ?

-Би нэг юманд үнэхээр гомддог. Телевизийн 30 жилийн ой болдог юм байна. Тэр ойгоор шинэ, хуучин бүх ажилчдынхаа зураг хөргийг хадсан байсан. Гэтэл ганцхан минийх байгаагүй.

-Ямар муухай юм бэ?

-Тэгээд бүх улсууд шагнуулсан. Байгууллагуудын шагнал энэ тэр гээд зарим хүн арваад шагнал авчихаад тэврээд зогсч байхад надад юу ч байгаагүй. Нийтээрээ телевиз радиод зүтгэж байгаа, зүтгэж байсан гээд бүх улсууд баярлаж бахдаж, цуглаад бужигнаж байхад намайг ганцааранг маань тэгж торойтол яллаж байсан. Шагнуулах хүсэл энэ огт биш юм шүү. Сэтгэлийн шархны тухай л яриа юм. Тэр үед би ММ агентлагт ажиллаж байсан. Манайхан бүр толгой дараалан шагнуулсан. Надад ядаж байгууллагын нэг баярын бичиг өгч болох шүү дээ. Тэрийг чинь миний үр хүүхэд, гэр бүл, нутаг усныхан маань харж байгаа шүү дээ.

-Дээр үеийн нөгөө таны бангадуулж байсан баримтууд, тэгээд нөгөө ардчиллын төлөө эхнэр хүүхэдтэйгээ хамт тэмцсэн явдал энэ тэрийг сөхөөд гаргаад ирдэг юм байхдаа. Ямар муухай улсууд вэ?

-Би тэрэнд л голоо харлатал гомдсон. Шагнахаа боль. Ядаж миний зургийг  өлгөчихөж болно шүү дээ. Тийм явдал үнэхээр эвгүй байдаг юм билээ.

 

-Мэргэжлийн салбарын ямар шагнал танд байдаг вэ?

-Радио телевизийн тэргүүний ажилтан гэдэг шагнал бий. Хоёр ч авсан.

-Гэхдээ одоогийн удирдлагуудад ямар буруу байх вэ дээ. Тэр үеийн дарга нарын л муухай арга барил?

-Одоогийн энэ удирдлагуудад ямар ч хамаа байхгүй. Эд нар бол намайг мэдэх ч үгүй. Насан турш зүтгэсэн төрөлх байгууллага маань намайг ингэж нэг гомдоосон юм даа. Би чинь анхны нэвтрүүлэгчийн нэг шүү дээ. Миний өмнө Цэвээний Дорж гэж ганцхан хүн байсан. Бидний үед чинь бичлэг хийлгэж хураалгачихаад гэртээ харьчихна энэ тэр гэсэн асуудал байхгүй шүү дээ. Техник төхөөрөмж гэж ямар юмаар явж байсныг та нар ойлгохгүй дээ. Мэдээ уншиж дуусангуут араас нь хөгжмийн нэвтрүүлэг орох болно. Баахан хөгжим энэ тэр барьсан шороо бужигнуулсан улсууд ороод ирнэ. Тэгээд л залгуулж аваад нөгөөхийг хөтлөөд явна шүү дээ.

-Хоёр нэвтрүүлгийн завсар залгаасыг яаж аргалах уу. Ямар реклам гэж байх юм биш?

-Титр гэж кардон цаасаар хийсэн нэг зүйл байдаг байсан юм аа. Тэрийгээ камерийн өмнө барьчихна. Мэдээж дууг хаана. Одоо ойлгож байна уу. Бараг 1980 он хүртэл ийм байсан гээд бод доо.

-Хөгжилтэй юм аа. Та нар тэгээд нүүр амаа янзлах уу?

-Ямар юмаа янзлах вэ. Ерөөсөө байгаагаараа тууна шүү дээ.

-Таныг их сайхан залуу байсан гэж ярьдаг юм билээ?

-Ээ, чааваас даа.

-Юу, та одоо ч сайхан харагдаж байна шүү дээ. Ямар ч овор алга?

-Чи мөн алдаг хүүхэд юм аа. За яахав, тэгж хэлсэнд баярлалаа.

-Одоо энэ гавъяат хөтлөгч Батбаяр гуай сүүлийн үеийн хүн болж таарах нь ээ?

-Хүүхдүүд шүү дээ.

-Октябрын баяр, Майн 1-ний жагсаал болно. Та нар тэндээс юм уншаад л…сүрлэг байдагсан?

-Манай ялалт, амжилтыг зоригжуулан зохион байгуулагч МАХН мандтугай, ура нөхдөө гэхээр л ура гээд л нүжигнэсэн түрлэг ирдэгсэн. Хөл хөлдчих шахдаг байж билээ. (инээв)

-Жинхэнэ үзэл суртлын зэвсэг болж явсан байна даа?

-Болохоор барах уу.

-Та нар ч яахав тэр үед ганцхан намын үед хий гэснийг хийж явсан. Одоо танай нэвтрүүлэгч нар МАХН-ын шоу хөтлөөд хөглөж явдгаа болимоор юм. Тэр бүү хэл ерөнхийлөгч шагнал гардуулж байхад ард нь нэвтрүүлэгч хүн юм уншчихсан зогсч байхыг үзлээ?

-Диктор гэдэг хүн хэн байх ёстой вэ гэсэн тэр ойлголт замхраад, диктор хүний үнэ цэнэ гэж алга болсон байгаатай холбоотой байх.

-Одооны энэ өндөрлөгт хүрсэн улстөрчдөөс та хэнийг илүү хүндэтгэдэг вэ ?

-Би Э.Бат-Үүлийг л улам илүү хайрладаг болчихлоо. Энэ хүн эрх мэдлийн төлөө явсангүй ээ, сайд дарга болох гэж гүйсэнгүй ээ, үзэл санаа, зорилго чиглэлээсээ ухарсангүй ээ. Одоо хэн болохоо нэгэнт нотолжээ. Ярьж хэлэхийн хувьд бол манай Ц.Элбэгдорж бол үнэхээр уран илтгэгч. Улстөрч хүний хувьд энэ чанараараа үүргээ хангалттай биелүүлж яваа хүн. Улс төрд ерөөсөө тэгж үздэг юм билээ. Р.Амаржаргалыг би бас их тулхтай улстөрч юм уу даа гэж харж явдаг. МАХН-д ч сайн улсууд бий. Улсынхаа төлөө зүтгэж яваа олон улстөрч байна.

-Монголдоо ирээд үзэж харсан сайхан юм юу байна. Хамгийн их сэтгэл хөдөлгөсөн жишээ ?

-Би Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт байгуулсан “Цонжин болдог” цогцолборыг үзээд үнэхээр баярлаж, бахадлаа. Монгол хүн хийж чаджээ гэж бодохоор баярын нулимс гарах гээд байсан. Гадны улсын нүдийг хужирлах юм ерөөсөө тэр л байна. Х.Баттулгаар би үнэхээр бахархлаа. Энэ хүн ганц энэ том цогцолборыг ч барьчихсан юм биш, спортод, эдийн засагт, улс төрд бүх салбарт хүчин зүтгэж байна. Спортод ялангуяа тэр хүний байгуулсан гавъяаг та бид харлаа. Энэ хүн чинь өөрөө монгол улсын гавъяат тамирчин, дэлхийн аварга хүн. Гэтэл сая жудогийн холбоог удирдсанаар монголын ард түмний хүсэн хүлээж байсан алтан медалийг авчирч чадлаа. Хүн бүхэн ярьж байна. Тэр гавъяат гэдэг цолыг чинь энэ хүн өөрийнхөө мах цусаар, хөлс хүчээ урсгаж дэлхийн дэвжээн дээр ялан дийлж байж авсан. Тэрэнд нь дулдуйдаж энэ хүнд очих ёстой зүй ёсны алдар сууг өгөхгүй байгаа нь дэндүү шударга бус санагдаад байгаа юм. Женко Баттулгад хөдөлмөрийн баатар цолыг өгөх ёстой. Хүнийг ид хийж бүтээж яваа үед нь төр өгөх ёстой урмаа өгчихдөг байх хэрэгтэй.     

-Та үндсэн хууль батлалцсан анхны депутат нэвтрүүлэгч юм байна. Үндсэн хуулийн өдрөөр эрхбиш та энд дурсагдах газраа дурсагддаг биз дээ?     

-Үндсэн хууль батлалцсан явдал маань миний амьдралын маш том бахархал. Тэр үеийн депутатуудаас их олон хүн нас барсан юм билээ. 430 депутат байлаа. Одоо шүүгээд үзсэн чинь 138 нь нас барчихсан байна. Одоогийн монгол орны бүх амьдралыг зохицуулж байгаа шинэ үндсэн хуулийг баталсан улсууд шүү дээ. Тэгээд үндсэн хуулийн өдөр болохоор нөгөө нөхдүүдээ нэг санадаг юм шиг байгаа юм. Жишээ нь нөхөр Р.Доржбат хаа явнаа гээд. Тэгсэн намайг нас барсан гээд биччихсэн байна гэнэ. Түрүүчийнх нь нэг баримт бичиг дээр гадаадад байгаа гэсээн гээд биччихсэн байсан. Надад сүүлд нэг үнэмлэх олгосон л доо. Төрийн ордонд нэвтэрч байх.

-Нас барсан гэж бичсэн нь жаахан гунигтай юм?

-Тийм шүү. Англид миний бие нэг муудсан юм. Элэг. Даралт ихсээд хачин байгаад байсан. Нэг өдөр сандаргалаа. Түргэн ирээд аваад явсан. Энэ хүний даралт юунаас болж ихэссэн байна гэдгийг тогтоох шинжилгээнүүд хийгдэнэ шүү дээ. Тэгсэн элгэндээ С вирус гэдэг юмтай болчихсон байсан. Хамаагүй явж болохгүй. Хөдөлж болохгүй гээд тэргэн дээр түрээд л.

-С вирустэй л бол аюултай, сүйрлээ гэсэн үг гэж ярих юм байна шүү дээ. Тэгээд юу болов?

-Эмчлүүлж болдог л юм даа.

-Одоо таны элгэнд С вирус байгаа юу?

-Одоо надад ямар ч с вирус байхгүй. Эмчилгээ бол нэг жил л хийсэн. Дараа нь гурван жил дараалан үзэж шинжилгээ авдаг юм билээ. Ноднин намайг үзүүлэхээр очиход үзчихээд одоо таны элгэнд ямар ч хог байхгүй. Та ахиж манай эмнэлгээр битгий ирээрэй гэсэн.

-Тэгээд ямар эмчилгээ хийдэг юм бэ?

-Өдөрт дөрвөн эм уудаг. Тэгээд интерпирон гэдэг нэг тариаг долоо хоногт нэг удаа хийдэг. Гэдэс рүү хавж хийдэг тариа. Өөрөө ч хийчихсэн болно. Хүйсээ тойруулаад тараагаад хийгээд байдаг. Их мундаг тариа.

-Их үнэтэй гээ биз дээ?

-Нэг нь 100 доллар. Тэр тариаг хийж байх үед маш их турдаг. Долоо хоногт нэг удаа авч хийлгэнэ. Тэрийг жил хийлгэсэн гээд бод л доо. Тураад, үс маань бүгд унаад, аймшигтай болсон. Интерпирон гэдэг тэр тариа их учиртай тариа юм билээ. Хүний эд эсээр хийдэг. Бас гахайн эд эсээр. Солонгос энэ тэрд бол гахайн эд эсээс гаргаж авсан интерпирон хэрэглэдэг гэсэн. Английнх бол жинхэнэ хүний эд эсээс авснаар нь. Англи орон ингэж намайг эмчилж өгсөн. Миний хувь заяа юм даа.

-Эх орноосоо хол удаан амьдарлаа. Хэзээ эргэж ирэх гэж байна?

-Та нар шиг залуу байсан бол бас хэдэн жил болчихъё гэж бодох байх. Над шиг насны хүн бол нутгаа л гэдэг болчихдог юм байна. Олимп үзчихээд наашлах санаатай байна даа.

Ctrl
Enter
Гомдол хэрхэн мэдүүлэх вэ?
Холбоотой текстийг идэвхжүүлэн Ctrl+Enter дарна уу.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл (0)

Foto
Б.Ганчимэг

Б.Ганчимэг
Б.Ганчимэг
Б.Алтанхуяг
Б.Алтанхуяг
А.Доржханд
А.Доржханд
О.Нинж
О.Нинж
П.Соёлдэлгэр
П.Соёлдэлгэр
А.Банзрагчгарав
А.Банзрагчгарав