БШУЯ-ны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Б.Насанбаяртай уулзаж, түүний нэр дээр хаяглагдан цацагдаж буй дуулиан, баримталж буй байр суурь, явуулж буй бодлого, шинэчлэлийнх нь талаар асуух хүсэл их байлаа. Тэр хичнээн тайлбарласан ч мэдээллийн харгис дайрлага зогсохоо мэдэхгүй уулгалж байх шиг. Гэхдээ цацагдаж байгаа мэдээллүүд бодит үнэн хийгээд бодлогын яамны зорилт чиглэлээс хаагуурхан давхиж явна вэ?
Ингээд хатагтай, Б.Насанбаярын ярианд анхаарлыг тань хандуулъя.
-Баттай биш эх сурвалжийн мэдээллүүд нийгэмд давалгаа савалгаа үүсгэх нь ихэсчээ. Таныг дунд сургуулийн хичээлийн программаас уран зохиол гэдэг чухал хичээлийг хасаад хаячихсан гэх дуулиан тасрахгүй нь ээ. “Боловсролын яаманд боловсролыг харгислагч нэг этгээд байна” гээд л шуугиад байна. Монгол хэл бичиг, соёл, уран зохиол, түүх гэх мэт үнэт зүйлсийн эсрэг ажиллагаа явуулагч гэж та олон сар чичлүүллээ. Боловсролын яам ийм газрын даргатай байхад Монголын боловсрол сөнөнө гэх үгс л сонсогдоно. Чухам юу болсныг нүүр тулж ярихаар ирлээ.
-Би өөрөө сүүлдээ залхах тийшээ орж байна л даа. Тайлбарлаад байхад буруу тийшээ л мушгиж давхиад байдаг юм байна. Энэ яриа анх яагаад гарсныг би танд эхнээс нь ярья. “ММ агентлаг”, “ТВ9 телевиз”-ийн сэтгүүлчид яриа авахаар манай яаман дээр ирсэн юм. Тэр сэтгүүлчид орж ирээд надаас “Уран зохиолын хичээлийг сургалтын хөтөлбөрөөс хасч байгаа гэж үнэн үү” гэж асуусан. Би үнэхээр гайхсан л даа.
-Яагаад ийм мэдээлэл гарсан юм бол. Хаанаас гаргаж, эргэлтэд оруулчихсан болоод сэтгүүлчид тийм асуулттай ирсэн байж таарах вэ?
-Үнэхээр мэдэхгүй юм. Миний хувьд уран зохиолын хичээлийг хасах тухай огт яриагүй ээ гэж маш тодорхой хариулт өгсөн. Харин ч бүр уран зохиол, монгол хэлний хичээл дээр асар их ач холбогдол өгч байгаа тухайгаа ярьсан. Гэтэл мэдээ маань бүр эсрэгээр цацагдчихсан. “Бүр БШУЯ уран зохиолын хичээлийг хөтөлбөрөөс хасчихжээ” гээд титр явуулж, цацсан. Араас нь сэтгүүлч нь бас текст дээрээ тэгж уншаад явчихсан л даа. Маш сонин. Зөвхөн яг тэр “Цагийн хүрд”-ийн мэдээлэл дотор гурван удаа ярьсан. Манай салбарынхан энэ тухай маш сайн мэдэж байгаа. Нэгд, хичээлийн жилийн дундуур хэзээ ч хичээлийн хөтөлбөр өөрчлөгдөх, цаг хасах, нэмэлт хийх зэрэг шийдвэр гардаггүй. Тийм үндэслэл байхгүй. Хичээлийн жилийн эхэнд бүх төлөвлөгөө, хөтөлбөр батлагддаг. Яамны нэг газрын дарга хичээл хаслаа гээд хасагддаг юм энэ хорвоо дээр хаана ч байхгүй. Боловсролын хүрээлэн бүрэн бүрэлдэхүүнэээрээ, бүх салбарын эрдэмтэд сургалтын хөтөлбөр дээр ажилладаг, тэгээд эцсийн шийдвэрийг сайд гаргадаг. Сайдын тушаалаар төлөвлөгөө батлагддаг.
-Угаасаа хичээлийн жилийн дундуур сургалтын хөтөлбөрт өөрчлөлт орох боломж байхгүй юм байна шүү дээ?
-Тийм шүү дээ. Үүнийг манай салбарынхан бүгд мэднэ.
-Тэгээд та яагаад энэ асуудал дээр гомдол гаргаад, залруулаад өөрийнхөө ажил хэргийн нэр төрийг хамгаалахгүй байгаа юм бэ. Одоо орон даяар уран зохиолын хичээлийг хөтөлбөрөөс хасч байгаа гэх ойлголт явчихлаа шүү дээ.
-Бид тайлбар хийгээд л байгаа. Харин ч уран зохиолын хичээл хасагдаагүй 145 цагаар нэмэгдсэн шүү дээ. 11-н жилтэй байж байгаад 12 жил рүү шилжиж байгаатай холбоотойгоор энэ хичээлийн цаг нэмэгдсэн. Хасах тухай хэн ч яриагүй, ийм юм ерөөсөө болоогүй ээ гэдгийг албан ёсоор яам, сайд болоод боловсролын хүрээлэнгээс хэвлэлийн бага хурал хийхдээ мэдэгдсэн. Гэтэл News.mn сайт жишээ нь мэдээлэхдээ ахиад л үндсэн утгыг урвуулан “Уран зохиолын хичээлийг одоо 145 цагаар нэмэх болжээ. Энэ хичээлийг хассан гэсэн шуугиан гарснаас үүдэж яам цагийг нь нэмсэн байна” гэсэн утгатай мэдээлэл цацчихаж байх жишээтэй. МҮОНТ-ийн вэбсайт дээр хэлний эрдэмтэн С.Дулам гуайн “Уран зохиолын хичээлийг яагаад хасаад байгаа юм бэ” гэсэн нийтлэл тавигдсан байгаа юм. Зохиолч, сэтгүүлч Б.Сарантуяа гэдэг хүн фэйсбүүк хуудсаараа намайг маш аймшигтайгаар эвлүүлэг хийсэн зураг тараасан байгаа юм л даа. Ийм хүмүүс хүртэл бодит бус мэдээлэлд ингэтэл ач холбогдол өгч, хууртагдаж байхаар бусад нь аргагүй дээ гэж би бодсон. Энэ мэтээр наад захын эх сурвалжуудыг хөөгөөд үзэхэд ийм л зүйл болгож цацсан. Дараа нь Ерөнхий сайд бас “Уран зохиолын хичээл хасах тухай хэн ч яриагүй ээ. Харин цуурхал тараасан хүмүүстэй хариуцлага тооцно” гэж хүртэл мэдэгдсэн. Дээр нь миний хувьд нэр холбогдоод, гүтгэгдээд явчихсан болохоор мэдээллийн хэрэгслүүдэд яриа өгсөн. Ингэж хэлээд ч нэмэргүй, тэр худал цуу яриаг завсар чөлөөгөөр нь л илүү хүчтэй тараасан. Одоо ч улам баяжуулаад л явуулаад байгаа.
-Харамсалтай юм болжээ. Уншигчид маань ийм зүйл болоогүй гэдгийг ойлгох байх гэж найдаж байна. Ер нь уран зохиолын хичээлийн цаг сүүлийн 10 20 жилийн явцад бага багаар хасагдаад л яваад байсан нь энэ үед бухимдал болж гарч ирж байгаа юм биш биз дээ. Яг хүүхдүүдтэй ажиллаж байгаа багш нарт энэ хичээлийн программын тухай ямар ойлголтууд байдаг юм. Хүүхдүүдийн хүсэл бас ямар байдаг юм бол?
-90 оноос өмнө уран зохиолын хичээлийг манайд яаж ашиглаж байсан бэ гэхээр үзэл суртлын хэрэгсэл болгож байсан. Тийм болохоор сургалтын программд суулгаж өгдөг байсан цагийн хувьд их байсан уу гэвэл их байсан.
-Тэр ч тийм шүү.
-90 оноос хойш ялангуяа уран зохиолын хичээл гэдэг бол хүүхдийн сэтгэлгээнд тухайн нийгмийг үзэх үзлийг бүрдүүлэн зөв хүн болж төлөвшихөд онцгой үүрэгтэй учраас энэ чиглэлийг чиг үүрэг гэж үзэж, уран зохиолын хичээлийг илүү чанартай байх, илүү хөгжүүлэх дээр манай эрдэмтэд ажиллаж ирсэн. Яг 2012 оноос шинэчлэлийн Засгийн газар боловсролын бодлогоо тодорхойлохдоо 1- 5 дугаар анги буюу бага ангид эх хэлний чадвартай зөв монгол хүүхэд хөгжүүлнэ гэж тодорхойлсон.Үүнийхээ дагуу бага ангид эх хэлний хичээлийг хүүхдийн хэрэглээ , сонирхолтой нь илүү бодитой уяж тодорхойлсон. Багш нарын арга зүй, хөтөлбөрөө сайжруулахаас эхлээд ажилласан. Жишээ нь монгол хэл, уран зохиолын хичээлийн агуулга гэхэд өөрөө бусад хичээлийнхээ агуулга суурь нь болж өгч байдаг. Монгол хэлний хичээл нь хэл шинжлэл байгаль шинжлэлтэйгээ, бас математиктай холбогддог. Тийм учраас агуулгын интеграци гэдэг юмыг илүү анхаарч үзэж байгаа юм. Хэл зүй, дүрэм, найруулга зүй, үг зүй, өгүүлбэр зүйн нэг дүрмийг хэт их цагаар заахаар хүүхдүүд эх хэлдээ дуртай биш болчихдог нь судалгаанаас харагдаж байна. Тэгэхээр эх хэлдээ дурлуулж байж дурласан тэр эх хэлээрээ дамжуулж илүү сонин сайхныг мэдэрч, илүү урам зориг авч, хэлнийхээ онцлогыг мэдэрч, хэл яриа зөвтэй, сайхан бичдэг, сайхан ярьдаг, уншсанаа зөв тусгаж ойлгодог чадварыг гаргаж ирэхын тулд бид өмнө нь зөвхөн агуулга төвтэй сургалтын бодлоготой байсан бол одоо хүүхэд нэгдүгээр анги төгсөхөд эх хэлний хувьд ямар чадвартай болох вэ гэдэг тэр чадварыг нь зааж өгөөд, багш нь яаж хичээлээ сонирхолтой заах вэ гэдэг эрхийг нь өгч эхлэсэн. Бид бол социализмын үеийн хүүхдүүд.Тэр үед ангид онц сурдаг хэдхэн хүүхэд нь л нэр хүндтэй байсан шүү дээ. Өөрөөр хэлбэл бүр жаахнаасааа ангилагдаад, би эд нараас доогуур юм байнаа гэсэн итгэл үнэмшилтэй болчихдог байсан. Гэтэл одоо бүх хүүхдийн нүдэнд тэр галыг сэргээх, асаах, өөртөө итгэлтэй байх үзлийг бий болгох чиглэл рүү орж байгаа. Ер нь бол хүүхэд бүрийг хөгжүүлэх гэдэг адармаатай, хэцүү ойлголт. Ажиллагаа ихтэй зорилт сонгож авсан гэж биднийг хэлэх нь бий. Энэ олон жилийн хоцрогдлыг арилгах, боловсролын салбарын өөрчлөлтийг хийхэд мэдээж хугацаа хэрэгтэй. Угаасаа аливаа зүйлд цаг, хөрөнгө, олон хүний хөдөлмөр, хүч, сэтгэл зарж байж тодорхой үр дүн гардаг. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд манай салбарынхан үнэхээр оргилуун сэтгэлээр ажиллаж байна л даа. Яах болоо гэж эргэлзэж байгаа нэг хэсэг байна, үнэхээр энэ болно шүү гээд зүтгэж байгаа хэсэг байна. Тэр зүтгэж байгаа хэсэг бол эргэлзэж байгаа нэгэндээ итгэл найдвар өгч бас чадаж байна. Үнэхээр багш нарын хувьд бол хэзээ ч байгаагүй бодлого байна. Өмнө бид нар олимпиадад анхаардаг байснаас биш хүүхэд бүрийн хөгжилд анхаарч байгаагүй ээ гэж хэлж байгаа. Би ноднин Хөвсгөл аймагт очиж ажиллах үеэр багш нар “Хүүхэд бүрийг хөгжүүлэх бодлого” тодорхойлогдоход яаж хүүхэд бүрийг хөгжүүлэх вэ гэдэг асуулт гарч ирсэн гэж ярьж байсан. Тэгээд яаж хийсэн тухайгаа ярихад нь би үнэхээр сэтгэл хөдөлж уйлсан. Анх манай сайд хүүхэд бүрийг хөгжүүлэхийн тулд хүүхэд бүрийг судлах тухай маш тодорхой чиг үүрэг өгч байсан. Үүний дагуу хүүхдүүдээ яаж судлах вэ , хүүхдүүдээ яаж хөгжүүлэх вэ гээд багш нар маань ярилцсан юм байна. Ярилцах үедээ багш нар маань өмнө нь зөвхөн өөрсөддөө хэрэгтэй мэдээлэл судалгааг авдаг байсан байна. Түүнээс биш бид ерөөсөө хүүхдээ хэн бэ гэж таних судалгаа хийж байгаагүй юм байна шүү гэдгээ ойлгосон гэж ярьж байсан.Тэгээд хүүхдүүдээ судлаад эхэлсэн чинь хүүхдээ хэдэн км холоос явдаг юм, гэр бүлийн байдал нь ямар юм, энэ байдлаасаа болоод хүүхэд ямар сэтгэл хөдлөлтэй байдаг юм, давуу, сул тал нь юу юм гээд бүх талаас нь судлаад ирсэн чинь тэр хүүхдийн талаар мэддэг болоод ирэхээр багшид хүүхэдтэйгээ ажиллахад маш хялбар болдог юм байна.
-Та нарын хийж байгаа ажил болгоныг ухаад асуугаад байвал асар их юм бий. Гэхдээ танай салбарын шинэчлэлийн бодлоготой салахгүй зууралдаж, та нарыг “мөшгинө” гэж бодож байна. Энэ их ташаа мэдээллүүдийн хар урсгалыг халж, боловсролын салбарт нэвтэрч буй шинэ технологиудаар амьсгалдаг больё. Харин та нар бүр илүү нээлттэй байгаарай.
-Ер нь бол мэдээллийн ертөнцөд эргэлдэж байгаа сэдвүүдийг улс эх орондоо хэрэгтэй зүйлсээр солих, тэр мэдээллүүдийн өнгийг өөрчлөх цаг бол болчихоод байна. Бидэнд хаалттай юм юу ч байхгүй. Манай салбар, манай яам ил тод, нээлттэй бодлого явуулж байна.
-Түүхийн хичээл гээд бас нэг асуудал яваад эхэлсэн байна. “Монголын түүх”-ийн хичээлийг оюутан үзэхгүй байж болно гэсэн үг үү. Тийм бол түүхийн хичээлийг хасчихсантай адил болж байгаа юм биш үү?
-Бакалаврын хөтөлбөрт заавал үзэх хичээлүүдийн жагсаалтыг удахгүй батална . Тэр дунд “Монголын түүх” байгаа. Тэгэхээр бүх сургуульд “Монголын түүх” орно, бүх оюутан “Монголын түүх”-ийг судална гэсэн үг. Мөн ерөнхий суурь хичээлийн хүрээнд заавал судлахаас гадна нэмэлтээр” Монголын түүх”-ийг судалж болно. Харин оюутнуудад түүхийн мэргэжлийн професорууд шаардлага хангасан хэд хэдэн түүхийн хичээлүүдийг санал болгоно. Оюутан тэдгээрээс хүссэн түүхийн тодорхой чиглэлийг өөрөө сонгоод үзэх эрхтэй болж байгаа. Тэгэхээр хүүхдүүд аль сайн багшийг нь л сонгоно гэсэн үг. Ингэснээр сургалтын чанар, багш нарын хичээлийн агуулга тасралтгүй сайжирч судалгааны ажилд эрүүл өрсөлдөөн бий болно гэсэн үг. Сонголт хийх эрх бол дээд боловсролын нэг шалгуур үзүүлэлт шүү дээ. Өнөөдөр бид нэг төрлийн бараа худалдаж авахдаа олон үйлдвэрлэгчийн олон бараа бүтээгдэхүүнээс үнэ, чанарыг нь харж сонголт хийж л авдаг шүү дээ.
-Цэцэрлэгийн багш хүүхдээ зодох юм, дунд сургуулийн багш нар зодох юм. Бөөн шуугиан. Нөгөө талаас хэзээ ч байгаагүй өөдгүй сурагчид бий болсон ч юм шиг. Охидуудаа зодолдож байхад хөвгүүд нь бичлэг хийгээд цацаж байдаг. Багшийгаа бачимдаад элдэв ааш аяг гаргавал бичлэг хийж аваад хайр найргүй цацдаг шавь нар бий болсон байна. Хоолноос чинь салгана шүү гэж багшаа заналхийлдэг шавийг төрүүлсэн байна. Энэ бүхэн мэдээж маш хэцүү асуудлууд. Тэгээд одоо яах вэ. Хаанаас нь, юунаас барьж авах вэ?
-Энэ бүхэн зөвхөн боловсролын салбарт хамаатай зүйл биш л дээ. Боловсролын салбарт асуудлууд байгаа юу гэвэл байгаа. Бусад бүхий л салбарт ийм асуудал байна. Манай улсад 90 оноос хойш соёлын хувьд задралын үе явж ирсэн. Гэр бүлийн салалт асар их болсон. Гадагшаа ажил хөдөлмөр эрхлэхээр олон гэр бүлийн гишүүн явсан. Энэ бүхэн гэр бүл салалтад нөлөөлснөөс гадна тусдаа амьдрал бий болсон. Хүүхдүүд эцэг эхээсээ хол тусдаа амьдарч байлаа. Тэрний дараа хүмүүс мөнгөтэй л бол болох юм байна гэж бас нэг хэсэг явсан .Энэ явцад яг хүний хамгийн чухал үнэт зүйлсийн нэг “хүн байх” гэдэг юм орхигдсон. Одоо бид хүнд хүчир гэж халшрах эрх байхгүй. Хийх нь чухал. Багш нартаа зөв шаардлага тавихаас эхлэе. Багшийг өмнө нь ямар нэг байдлаар цаасаар үнэлдэг байсан бол одоо хүүхэд бүрийг хөгжүүлсэн байдлаар нь үнэлдэг, өөрөө өөрийгөө үнэлдэг болгоё. Өмнө нь хэн нэгэн мэргэжлийн хяналтын алба ч юм уу, сургалтын менежер ч юм уу, захирал ч юм уу, боловсролын газар ч юм уу үнэлдэг байсан. Бид нарын хийж байгаа зүйл дөрвөн улирлын хоёр улиралд нь багш өөрийгөө үнэлнэ. Буруу үнэлж болно, дараагийн үнэлгээндээ тэр хүн ахиц яаж явж байгаагаа, бүх юмаа бодитой харж эхлэнэ.Тийм учраас нэгт, бид өөрийн үнэлгээтэй болох . Хоёрт, хийсэн ажлыг нь зөв үнэлж, үр дүнгийн мөнгөн урамшуулал, ур чадварын нэмэгдлийг олгох. Энэ бол нийгмийн зөв харилцааны эхлэл. Гуравт, багш бэлтгэх тогтолцоонд өөрчлөлт гаргая гэж үзэж байна. Өнгөрсөн жилийн манай яам, Засгийн газрын гол хийсэн бодлогын шийдэл 650- 750-аас дээш оноотой оюутнууд багшийн мэргэжлээр элсвэл 70-100 хувийн сургалтын төлбөрийн тэтгэлэг авдаг болж эхэлж байгаа . Ингээд сүүлийн 10- 15 жил хүмүүсийн дунд явсан хамгийн муу хүүхдүүд багшийн сургуульд ордог гэдэг жишгийг өөрчилсөн. Нөгөө талаасаа 30 мянган багш нарын дундаас нойл зууны хэдэн хувьтай тэнцэх ес зүйн алдаа гарч байгааг бид нар үгүйсгэхгүй. Гэхдээ өнөөдөр мэдээллийн хэрэгслэлүүд цэцэрлэгийн багш нар хүүхдээ зоджээ гэдэг мэдээг тэргүүн эгнээндээ тавиад , хүүхэд бүрээ хөгжүүлж чадсан хамгийн сайн багш нарын тухай мэдээ зүгээр л урсаад л өнгөрч байна. 10-н сайн мэдээ урсаад өнгөрчиж байхад нөгөө нэг сөрөг мэдээ байсаар л байна. Тэр нийгмийн сэтгэл зүйд хор уршиг тарьж байна л даа.
-Багшийн эрхийг хасах тухай хатуу заалт байдаг уу?
-Ёс зүйн алдаа гаргасан тохиолдолд угаасаа багшлах эрх хасагдана. Гэхдээ багшийн ёс зүйн дүрмэнд өөрчлөх юм ч их бий. Өмнө бол дандаа шийтгэх талын заалтууд л ихтэй. Одоо бид нар багшын ёс зүйн дүрэмд урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх , эрсдэлд орох магадлалтай , сэтгэл зүйн дарамттай ч юм уу, зан аашны хувьд асуудалтай бол тэрийг урьдчилан сэргийлэх ажлуудыг ёс зүйн зөвлөл буюу удирдлагууд авч хэрэгжүүлдэг байх үүргийг ёс зүйн дүрэмд шинээр оруулж байна л даа. Алдаа гаргасан бол балбаад л байдаг гэтэл юунаас болов гэдгийг хэн ч анзаардаггүй.Өнөөдөр манай салбарын багш нар ихэнх нь эмэгтэйчүүд. Тэр дундаа өрх толгойлсон янз янзын амьдарлын төвшинтэй хүмүүс байж байна. Тэр хүмүүс ар талдаа ямар зовлон бэрхшээл, ямар сэтгэл зүйн дарамт байсан болоод тэр нь ажил дээр тэгж илэрсэн бэ гэдэг талаас нь хэн ч ярьдаггүй.Тийм учраас би бол яг үнэндээ алдаа гаргасан багш нараа өрөвддөг. Хөөрхий, амьдрал нь яасан юм бол доо. Ямар асуудал болоод ийм дээрээ тулчихав аа гэж боддог.
-Хувийн сургуулиуд улсынхаас чанартай байна. Дэлхийн стандартыг чадах чинээгээрээ нутагшуулах гээд л бүгд хаа хаанаа хичээж байгаа. Нөгөө талдаа дур зоргоороо өндөр төлбөр тогтоож байна. Үүнийг дагасан чанар байгаа гэж итгээд бид хүүхдээ өгдөг. Гэтэл зүгээр л нэг хашаанд, цэцэрлэгийн ахлах ангийнхан шиг хашдаг сургуулиуд олон бий болжээ. Хувийн зарим сургууль зүгээр л хашаа болсон байна. Энэ дур зоргоороо оршиж байгаа хувийн сургуулиудтай хэн, ямар хариуцлага ярих вэ?
- Нэг талаасаа бол хувийн хэвшил монголын боловсролын нэлээдгүй хувийн ачааг үүрч байна л даа. Ерөнхий боловсролын тодорхой хувьд бол яг хувийн хэвшлийнхэн үйлчилгээ үзүүлж байна. Сургуулийн өмнөх сургалтын 15- 17 хувьд үйлчилгээ үзүүлж байна. Энэ бол хэцүү үед үүрч байгаа ачаа шүү. Монгол улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж байгаа бол манай салбарын шаардлага хууль дүрэм журмыг мөрдөх үүрэгтэй.Үнэхээр асуудал гарч байгаа бол холбогдох мэргэжлийн байгууллагууд шийдвэрлэнэ.
-Хоёулаа ер нь цуврал ярилцъя. Энэ том салбарын тухайд нэг дор багтах ямар ч бололцоогүй. Таныг хаана, ямар салбарт, хэрхэн ажиллаж байсныг би бол мэднэ. Төрийн бус байгууллага гэх ойлголт монголын нийгэмд тодорхой соёл тээж орж ирсэн. Түүх нь ардчилсан хувьсгалтай л чацуу байх. Энэ салбарт амжилттай ажиллаж байсан хүний нэг бол та. Өнөөдөр таныг хаанаас ирсэн, хэн гээч вэ л гэцгээж байна. Тэгэхээр уншигчдад өөрийгөө товч танилцуулахгүй юу?
-Би Завхан аймгийн Ургамал суманд төрж өссөн. Найман жилээ сумынхаа сургуульд төгсөөд. 9-10 дугаар ангиа аймгийн нэгдүгээр арван жилд сурч төгссөн. 10 төгсөхдөө монгол хэл суурьтай группээр конкурс өгч байсан. Монгол хэл суурьтай групптээ ямар ч байсан нэгт жагсаад, тухай үедээ МУИС-ын хуваарь авахыг хүсч байсан ч яагаад ч юм хуваарь байхгүй болчихсон. Тэгээд УБИС-д элссэн. Ингээд оюутан болдог юм. Нэлээн хэнхэг оюутан байсан байхаа. Хоёрдугаар курст байхдаа улсын багш нарын ур чадварын уралдаанд оролцож анх удаа оюутан багш тусгай байр эзэлж байлаа. Хүссэнээрээ л хичээлээ заагаад, тэр олон мундаг багш нар дундаас тусгай байранд орж байсан. Тэр үед “ 19- тэй багш” гэж нэвтрүүлэг хүртэл хийж байлаа. Тэгээд гуравдугаар курс төгсөх жилдээ хоёр удаа дөрвөн улирал дараалаад онц сурсан гээд УБИС –ийн захирлын нэрэмжит шагнал авч байлаа. Тэр үед 50 мянган төгрөг авчихаад юу хийхээ мэдэхгүй гайхаж байсан. Тийм л оюутан байсан. Эргээд дурсахад сайхан байна шүү. Цаг үе ч ороо бусгаа. Улс орноороо шинэ замын эхэнд зогсоцгоож байсан намайг оюутан байхад. Төгсөөд Эрдэнэтэд очлоо. Багшлахын хажуугаар Эрдэнэтэд төрийн бус байгууллага байгууллаа. Телевизийн нэвтрүүлэг, FM -ын нэвтрүүлэг, багш, эмэгтэйчүүдийн, оюутан, залуучуудын холбоо гэх мэт төрийн бус байгууллага гээд ёстой завсар зайгүй ажилласан. Бүгдийг шинээр байгуулсан. Хамгийн анх залуучуудын хөдөлгөөн өрнүүлээд, Эрдэнэтийн ТИС-ийн захирал дээр орж байлаа. Оюутан залууст дотоод сэтгэлийн боловсрол олгох тийм хөтөлбөр боловсруулснаа санал болгосон. Баахан тайлбарлалаа. Захирал надаар хичээл оруулж үзье гэж шийдсэн. Тэгээд хичээл заалаа. Эхлээд нэг семистр л гэрээ байсан. Тэгээд хоёр семистр, дараа 1,2 курсийнхэнд тасралтгүй хичээл ордог байсан. Анх ёс суртахууны хичээлийг хөтөлбөрөө өөрөө боловсруулаад заасан хэрэг шүү дээ. 2001 – 2009 он хүртэл Эрдэнэтийн ТИС- д багшилсан. Эрдэнэтийн ихэнх байгууллагад очиж лекц уншдаг байсан. Тооцоод үзэхэд гурван жилийн дотор 50 мянган хүнд лекц уншсан байсан. Төмөр замын өртөөгөөр явдаг, шоронгуудаар явдаг, янз янзын газар очиж лекц уншдаг байсан.
-Өөрийг тань хоёр гурван хүүхэдтэй ээж гэж сонсч байсан. Яаж тэр их ажлуудыг зохицуулж байсан бэ?
-Манай нөхөр америкт суралцаж байсан юм. Тэгээд 2004 онд ирсэн. 2000 онд сүй тавьж, 2005 онд том охин маань төрж байлаа. Дараа нь 2007 онд хүү маань, 2009 онд бага охин төрсөн. Ажлын ачааллаар өөрийгөө дараад багаасаа сурчихсан хүн л дээ. Миний амьдралын хамгийн том кайф хийж зорьж байгаа ажлынхаа үр дүнг үзэх. Эрдэнэт хот, Технологийн сургуулыг ёс суртахууны загвар хот болгоё гэж санал хөтөлбөр боловсруулж, иргэдийн хурал дэмжсэн шийдвэр гаргаж хүртэл ажиллаж байсан.
-Төрд ажиллах ямар байна?
-Анх би төрийн албанд орж ирчихээд хямарч байсан. Машин шиг ажиллаад нэр төр ч үгүй. Бүгд л давшилж байдаг. Төрийн албан хаагчдад тодорхой хэмжээний бодлого байхгүй бол ийм бага цалингаар ингэж их ажиллах асар хүнд. Энэ хүмүүсийг Төрдөө зүтгэж байна гэсэн бахархал нь, Төрөө гэсэн сэтгэл зүрх нь л авч явж байна. Дээрээс нь хүн болгон муулна, үл хүндэтгэнэ. Нийт улс үндэстэнд маань ерөөсөө ёс суртахууны шинэ шатанд гарах шаардлага тулж ирээд байна.