“Ярилцъя” булангийн шинэ зочин Онцгой Байдлын Ерөнхий Газрын дарга, тэргүүн комисар Ц.Амгаланбаяр.

Ц.Амгаланбаяр бол нийгмийн сайн танил фигуруудын нэг билээ. ОБЕГ-ын өмнөх удирдлагууд орон шоронгийн хаалга татаад буй хүндхэн үед тус байгууллага таван жилийн ойгоо угтаж байгаа юм. Ажил хүлээж авснаасаа хойш хэвлэлийнхэнтэй тэр бүр нүүр тулж уулзаагүй Ц.Амгаланбаяр манай сэтгүүлчийн асуултад ийнхүү хариулж байна.

-Уулзаагүй удсан байна. Эхлээд зарчмаа тохирчихъё. Энэ дэмий, ийм асуултад хариулахгүй гэсэн яриа бидний дунд гарахгүй байхыг хүсч байна. Та бид хоёр олон удаа ярилцлагад орж байсан. Шулуухан нь дээр байх?

-За, тэгье ээ тэгье. Яасан шуурхай эхэлж байх юм.

-ОБЕГ гэдэг энэ айл сүүлийн үед онцгой анхаарлын төвд байдаг байгууллага болчихоод байгаа. Гэхдээ та бол онцгой анхаарлын төвд ажиллаад сурчихсан хүн. Энэ байгууллага таныг ирэхэд ямархуу хүлээж авсан бэ. Дотооддоо гүнзгий дажинтай, талцал хуваагдал ихтэй, бүлэрхүү, ер нь чанга газар гэж яригддаг?

-ОБЕГ-ын дарга гэдэг албан тушаалд томилогдоод нэг мэдэхэд даруй нэг жил өнгөрчээ. Цаг хугацаа үнэхээр хурдан юм. Өнгөрсөн энэ хугацаанд ажил албатайгаа, хамт олонтойгоо танилцъя, ажил албаа мэдрэе гэсэн үүднээс илүү дотогшоо анхаарлаа тавьж ажиллалаа. Тэр бүр хэвлэл мэдээллийнхэнтэй нээлттэй уулзсангүй удсан байна. Ажил албаа дүгнэж, эргэцүүлэх цаг хугацааны босгон дээр өөрийнхөө хөтөлдөг “Ярилцъя” буланд зочноор урьсанд талархаж байгаагаа илэрхийлье. Мэдээж намайг томилогдож ирэх тэр үед Онцгой байдлын энэ алба маань олон нийтийн анхаарлыг нэлээн татчихсан, хамт олон дунд үл ойлголцох байдал багагүй үүсчихсэн, уур амьсгал амар биш байдалтай байсан л даа. Гэхдээ ОБЕГ болон, онцгой байдлын албанд ажиллаж байгаа нийт бие бүрэлдэхүүний масс дээрх явдалд үндсэндээ хамааралгүй байсан.

Хамт олон намайг сайн хүлээж авсан. Ямар нэгэн хэмжээгээр намайг монголын цагдаагийн байгууллагад ямаршуухан ажиллаж ирсэн, ямархуу хүн бэ гэдгийг мэддэг байсан юм болов уу даа.

-Дотроо хавтгайдаа талцсан, маш эрээ цээргүй идэж уудаг, задгай газар юм биш үү. Та яахав дээ, энэ айлыг толгойлж яваа хүнийхээ үүднээс цэвэрхэн, гадагшаа нэр хүндийг нь хичээсэн хариулт өгөх гээд байх шиг байна?

-Яалаа гэж. Ер нь бол муу хамт олон байдаггүй шүү дээ. Харин хамт олныг зөв сайхан зохион байгуулж, зөв удирдлагаар хангаж авч явах эсэх, хамт олон дэгтэй журамтай байх уу, эмхтэй цэгцтэй байх уу, хууль дүрмийн дор ажиллаж амьдрах уу гэдэг нь тухайн байгууллагыг удирдаж байгаа хүмүүсээс л хамаардаг шүү дээ. Гэхдээ би энэ үгээрээ манай байгууллагыг өмнө нь удирдаж байсан хүмүүсийг ямар нэгэн байдлаар буруутгах санаа агуулаагүй гэдгээ тодотож хэлэхийг хүсч байна. Тийм эрх ч надад байхгүй. Тэрийг энэ байгууллагын хамт олон л дүгнэх ёстой. Энэ байгууллагыг өнөөдөр чи удирдаж авч яв гэж төр засаг надад даалгасны хувьд цааш нь нэртэй төртэй авч явах юмсан гэсэн чин хүсэл надад байна.

-Даргын зөвлөлөө та шинэчилсэн үү. Хуучин Дашийн хүмүүс, С.Отгонбаярын хүмүүс гээд хуваагдчихс ан л нөхдүүд байдаг байсан шүү дээ?

- Манай албанд тэрний энэний гэх бүлэглэл байхгүй.

-Яасан баттай хэлж байх юм?

-Үүнийг баттай хэлнээ.

-Манай монголчууд ерөнхийдөө шашинтай улсууд. Таны өмнө энэ салбарыг авч явж байсан, төрийн сайд байсан хүн өнөөдөр орон шоронд орчихоод байж байна. Генерал Даш мөн адил тийшээ ачигдлаа. Сэтгэл зүйн хувьд ямар нэгэн сэжиг сүжиг байгаа эсэхийг сонирхмоор байна?

-Мэдээж сэтгэл зүйн хувьд яаж амар байх вэ дээ. Тийм учраас бид үүнтэй холбоотойгоор бидэнд ирж буй сэтгэл зүйн хийгээд ёс суртахууны элдэв дарамтуудыг давж л гарах ёстой.

-ОБЕГ-ын харъяалалд маш олон том эрх ашиг хамрагддаг. Саарал байшингаас бараг толгойтой болгон утасдаж тэгж ч улсын нөөцөнд тариа будаа ав, ингэж ч бензин шатахуун ав гэсэн тасралтгүй хууль бус лобби явуулж байдаг . Сая хуучин удирдлагуудын хэргийн материалтай танилцаж байхад энэ байдал анзаарагдаж байна лээ. Манай төрийн албаны гол ялзрал эндээс ханхалж байгаа. Та ийм нөлөөллөөс ангид ажиллаж чадаж байна уу?

-Тийм үйл ажиллагаанууд манайд хууль, эрх зүйн зохицуулалт байхгүй байсантай л холбоотой байх аа. Өөрөөр хэлэх юм бол улсын нөөцийн үйл ажиллагааг зохицуулсан хууль байхгүй байсантай л холбоотой болов уу. Харин 2007 онd МУ-ын улсын нөөцийн тухай хуультай болсон. Энэ хуулиар улсын нөөцийн үйл ажиллагаатай холбоотой бүхий л үйл ажиллагааг хуульчилж өгсөн. Нөгөө талд нь тендерийн тухай хууль гэж байна. Энэ хоёр том хуулийн дагуу бидний үйл ажиллагаа явагдах учиртай. Тэгж ч явж байгаа. Мөн онцгой байдлын албаны эрхэлсэн сайдаар МУ-ын шадар сайд М.Энхболд ажиллаж байгаа тул бидэнд энд тэндээс ирэх дарамт шахалтгүйгээр ажил үүргээ зохих журмын дагуу явуулж байгаа.

-Ц.Амгаланбаяр хурандааг ЗЦГ-ын даргаар ажиллаж байх жилүүдэд нь хэвлэлийнхэн бид завсар зайгүй л “буудаж” байдаг байлаа. Харин одоо таны тухай мэдээллүүд ч хомс, та хэвлэлийн баатар байхаа больжээ. Гэтэл хэд хоногийн өмнө энэ нөхөр ОБЕГ-ыг ер нь баллаж байна гэсэн утгатай нийтлэл гарсан. Энэ тухайд юу хэлмээр байна?

-Ер нь сонин хэвлэлээр тодорхой алба хаагчийг бичиж, шүүмжилж болно. Гагцхүү тэр нь үнэн бодит баримт дээр л суурилсан байх ёстой. Тэгвэл харин ч тухайн хүндээ хэрэг болно. Харин өнөөдрийн байдлаар энэ зүй ёсны хэм хэмжээ алдагдчихжээ. Нэг эрх ашиг нь хөндөгдсөн нөхөр хорслоо хэвлэлд очоод мөнгө төлөөд тайлчихдаг болсон байна. Өөрийнх нь эрх ашиг хөндөгдөж, тодорхой албан тушаалтан хууль ёсны үйл ажиллагаа явуулаад ирэхээр л тэр хүний нэр хүндэд халдах, буруу ташаа, гүтгэлгийн шинжтэй мэдээллүүдээр балбах муухай зуршил тогтчихоод байна. Дээшээ элдэв худлаа гомдол санал бичиж явуулдаг хуучин нийгмийн үеийн улирсан баларсан арга ч сүрхий сэргэж ирж байх шиг байна. Энэ бол маш муухай зуршил. Нөгөө талаас нь авч үзвэл дарга ялаа хоёрыг сонингоор л алж байх ёстой гэсэн нэг уур амьсгал нийгэмд бий болсон юм шиг байна. Бид хаа хаанаа л энийг анхаарах ёстой. Ер нь ажил албан тушаалыг авахын тулд ичих нүүр, эрээ цээр хоёроо хүмүүс үндсэндээ алдчихаж дээ. Тэрний л нэг илрэл таны асуусан нийтлэл. Тэр сонин дээр ОБЕГ-ыг Амгаланбаяр ХХК болголоо гэж бичсэн байна лээ. Би тайлбар өгье. Улсын нөөцийн тухай хуулийн дагуу бид улсын нөөцөд бэлтгэх ёстой тэжээлийг бэлтгэхдээ тендерийн хуулийн дагуу Төвийн хэвлэлээр тендерээ зарлаж явуулсан. Харин тэнд бичигдсэн “Дорнод гурил” компани нь тендерт оролцоогүй. Тендер зарлах үед “Дорнод гурил” компани үйл ажиллагаа нь зогсчихсон байсан. (Түүхий эд байхгүй гээд). Сая намар хадлан тэжээл хураах цагаар жаахан түүхий эдтэй болсон юм шиг байгаа юм. Тэгээд л тэрийгээ урьдынхаа аргаар, тендергүй, дур зоргоороо улсын ийм үйл ажиллагаанд оролцож байсан сурцаараа асуудалд хандах гэсэн юм шиг байгаа юм. Урьд нь хууль батлагдаагүй байхад дур зоргоороо авирлаж байсан байж болно. Хуулиндаа захирагдаж, ажиллаж, амьдарч суръя л даа. Ажилд төвөгтэй байна шүү дээ. Би ахиад хэлье. Асуудлын нөгөө талд юу байгааг. Манай албанд тодорхой удирдах албан тушаалд алба хашиж байсан нэг хүний дүү нь тэр компанийг удирддаг юм байна л даа. Мөн үүнээс гадна нарийн учрыг ойлгохгүйгээр зарим аймаг, орон нутгийн удирдлага үүнд оролцож байгаад харамсаж байна.

-Ойлгомжтой. Тэдний эрх ашиг хөндөгдчихөж. Та бүр захиалагчийг нь тогтоочихоо шив дээ. Аргагүй гүйцэтгэх ажил хийж байсан хүний туршлага байна?

-(инээв) Бид төрийн ажилд ингэж хандмааргүй байна. Хуучин тэгж хандаж ирсэн бол энэ хүмүүс одоо тэрийгээ орхих хэрэгтэй.

-Танай ой болж байгаа юм аа даа. Танай салбарын анхны сайд байсан У.Хүрэлсүхийн албандаа хандсан мэндчилгээ хэвлэлүүдээр гарсан байсан. Та энд ирээд нэг жил ажиллалаа. Ажилд ямар ахиц, ололт гарав. Ахиц, ололт гэхээр бид баахан тайлан ярьдаг. Гол нь энд технологийн ямар шинэчлэл гарсан нь чухал шүү дээ. Энэ талаар?

-Онцгой байдлын алба 2004 оны нэгдүгээр сард байгуулагдаж байлаа. Байгуулагдахдаа Засгийн газрын гурван агентлаг тухайлбал, Улсын иргэний хамгаалалтын газар, Улсын гал түймэртэй тэмцэх газар, Улсын нөөцийн газар гэсэн гурван агентлагийг нэгтгэж МУ-ын ЗГ-ын тогтоолоор ОБЕГ-ыг байгуулсан. Тэрнээс хойш таван жил өнгөрчээ. Бид энэ пүрэв гаригт таван жилийнхээ ойг тэмдэглэх үйл ажиллагаагаа зохион байгуулах гэж байна. Энэ албыг шинээр байгуулахад манай салбарыг удирдаж байсан У.Хүрэлсүх сайд энэ байгууллагын үйл ажиллагааны эрх зүйн орчныг бий болгоход маш том үүрэг гүйцэтгэсэн хүн. Мөн олон улсын байгууллагуудтай холбож, олон улсад харилцаатай, нэр хүндтэй байгууллага болгоход маш их анхаарч ажилласан юм. Өнөөдөр Монгол Улсын онцгой байдлын алба энэ чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг олон улсын байгууллагуудын гишүүнээр ажиллаж байна. Үйл ажиллагаанд нь оролцож байна. Манай салбарыг байгуулагдсанаас хойш ажиллаж байсан сайд, дарга нар бүгд энэ байгууллагыг чадварлаг, хүчтэй байгууллага болгохын төлөө хичээж зүтгэж ажиллаж байсан гэж би боддог.

-Ойн арга хэмжээндаа сайд асан С.Отгонбаяр, генерал Даш нарыг урих уу?

-Бид энэ байгууллагыг удирдаж явсан бүх удирдлагуудыг ойн арга хэмжээндээ урьж байгаа. Ямар ч байсан бид энэ хүмүүстээ ойн баярын мэндчилгээ, урилгыг хүргэнэ.

-У.Хүрэлсүхэд энэ байгууллагын буурийг засч, гэрийг барьсан хүний хувьд танай албаныхан их хүндэтгэлтэй, элгэмсүү ханддаг юм шиг санагддаг. Гэхдээ би танаас шударга хариулт хүсч байна шүү. У.Хүрэлсүхийн онцгой байдлын энэ албатай холбоотой түүх хэр цэвэр вэ. Янз бүрийн но-той юм хийж байсан баримтууд илрэх юм уу?

-У.Хүрэлсүхийг Онцгой байдлын сайдаар ажиллаж байх үед олон нийт, энд ажилладаг бие бүрэлдэхүүн, мөн хэвлэл мэдээллийн салбарынхан Монголын Шойгу гэж нэрлэж байсан. Энэ ni нэгiig өгүүлж байгаа байх aa. Нөгөө талаар түүний нэр төртэй холбоотой ямар нэгэн сөрөг асуудал энэ салбарт байхгүй гэдгийг хэлье. Хоёрдугаарт, би өмнө нь энэ салбарыг авч явж байсан сайд, дарга нарын хийсэн ажлуудыг хойноос нь ухаж төнхөж, элдэв өө сэв эрж хайх маягаар ажлаа явуулдаг арга барилтай хүн биш ээ. Миний ёс зүй биш ээ.

-Хуульч хүнийх гэхэд биш л хариулт байна. Манайхан чинь ажил аваад л өмнөх хүнийхээ ухархайг ухах ажилд хамаг анхаарлаа хандуулдаг улс биз дээ?

-Би ингэдэг хүн биш ээ. (инээв)Олон удаа ажил авч, бас өгч явлаа. Тэр хүний хийж бүтээж байсан ололттой талыг үргэлжлүүлээд аваад явчих юмсан гэж л хичээж ажилладаг. Жаахан анхаарвал зохих зүйл байвал тэрийг нь засч залруулаад явчихыг боддог.

-Онцгой байдлын салбарын нэр хүндэд ямартай ч шавар цацагдсан. Харин одоо бүрэн цэвэрлэгдэж чадсан уу. Нэр хүндийн хувьд ямар төвшинд очсон юм бэ. Эсвэл байрандаа байна уу?

-Үүнийг би дүгнэх нь утга учир муутай санагдаж байна. Энд ажиллаж байгаа бие бүрэлдэхүүн хийгээд манай нийгэм өөрөө үнэлж дүгнэх байх гэж бодож байна. Гэхдээ ямар ч байсан өнгөрсөн хугацаанд манай албаны нэр хүнд өссөн гэж үзэж байгаа.

-Нэг жил гэдэг уг нь урт хугацаа байх, тийм үү?

-Урт. Багагүй ажлыг хийж гүйцэтгэсэн. Нэгдүгээрт, алба хаагчдынхаа мэдлэг боловсрол, дадлага туршалагыг дээшлүүлэх тал дээр гол анхаарал тавьж ажилласан. Урьд нь гадагшаа дотогшоо сургалт, арга хэмжээнд зөвхөн удирдлагын хүрээнд хамрагдаж байсныг өөрчилсөн. Аврагч нарынхаа мэдлэг боловсрол, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэхгүй юм бол бид гамшиг ослын өмнө хоёр гараа л өргөх юм байна гэсэн дүгнэлтэд хүрсэн. Тийм учраас алба хаагч нараа гадаад дотоодад сургалтад хамруулах арга замыг хайж эхэлсэн. Ooroor helbel 2008 onig сургалтын жил болгосон гэж хэлж болно. Тухайлбал, гадаад дотоодын сургалтад нийтдээ 1000 гаруй алба хаагчаа сургасан.

-Том тоо байна. Одоо ийм байгууллага ховор байх. Гэхдээ яг ямар сургалтууд вэ?

-Цагдаагийн академийн мэргэжлийн сургалтын төвийг түшиглэж цэргийн анхан шатны, Зэвсэгт хүчний жанжин штаб, Батлан хамгаалахын их сургуультай хамтарч аврагч химчин, аврагч тэсэлгээчний сургалтыг зохион явууллаа. Мөн гал унтраах салаан захирагч нар, гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч нарын сургалт, гал сөнөөгч, галын автомашины жолооч нарын сургалт гээд 20 гаруй удаагийн мэргэжлийн сургалтыг зохион байгуулсан. Үүнээс гадна Солонгос улсын онцгой байдлын албатай тогтоосон харилцааныхаа дагуу би 2008 оны хоёрдугаар сард тэдний урилгаар айлчилж, Солонгосын онцгой байдлын албаны ажил байдалтай танилцсан. Ингэж ажиллах явцдаа тэдний аврагч нараа бэлтгэдэг сургалтын төвтэй танилцсан юм. Тэднийхээр “Үндэсний аврах алба-119” гэж нэрлэдэг юм байна. Энэ албаны үйл ажиллагаатай танилцаад манай аврагч нарыг энэ төв дээрээ сургаж өгөөчээ гэсэн хүсэлтийг тавьсан юм. Солонгосын онцгой байдлын албаны удирдлага хүлээж авсан. Хүлээж аваад зогсохгүй сургалтын болон байрны зардлыг нь хариуцахаар, бид өөрсдөө ирж очих болон алба хаагчдынхаа хоолны зардлыг хариуцаад хоёр удаагаар ээлжээр хорь хорин аврагчийг сургалаа. Энд зөвхөн аврагч нар л хамрагдсан. Явж суралцаад ирсэн алба хаагчид маань одоо эндээ хамт олондоо сургагч багшийн үүргийг гүйцэтгэж байгаа. Мөн бид ОХУ-ын Онц байдлын яамны сайд Шойгуд биечлэн хүсэлт тавьж байгаад дорнод Сибирийн аврагч нарын сургалтын төв гэж Эрхүүд маш том олон улсын сургалтын төв байдаг. Тэрэнд 60 гаруй аврагч нар aa Усчин аврагч, уулын аврагч, өндрийн аврагчийн чиглэлээр суралцаж, мэргэжил дээшлүүлсэн. Ингээд манай 100 аврагч гадаадад мэргэжлээ дээшлүүлээд ирсэн. Дотоодын сургалтыг би ярьсан. ОХУ-ын иргэний хамгааллын улсын академид манай хоёр хүн жил болгон тэдний зардлаар суралцах болсон. Үнэ төлбөргүй гэсэн үг. Галын инженерийн академи гэж бас бий. Онцгой байдлын яамны харъяа. Тэдний яамны зардлаар таван хүн суралцаж байхаар болсон. Гэрээ хэлцлээ хийсэн. Одоо манай хүмүүс сурч байна. АНУ,Филипин, Германд болсон олон улсын сургалтуудад аврагч нараас гадна тусдаа манай 130 гаруй офицер хамрагдсан. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд шүү дээ. Тайван цагт хөлс их гарвал, дайны цагт цус бага гарна гэж үг бий. Гамшиг осол гараагүй байгаа тайван үед хүмүүсээ сургаж, бэлдэж авах тал дээр онцгой анхаарал хандуулж ажиллалаа.

-Байгуулагдаад тун удаагүй, түүх нимгэн, туршлаа нимгэн байх үед нь том онгоцны осол гарч цохилтод орсон. Ийм гамшгийн үед гар нүцгэн онцгой байдлын алба сөхөрлөө гэж дүгнэцгээж байсан. Тэр үйл явдлын хохирогч болсон ар гэрийнхэн нэлээн гомдолтой байдаг. Тэдэнтэй та ямар нэгэн холбоо үүсгэсэн үү?

-Маш эмгэнэлтэй үйл явдал болсон. Бид мартаагүй. Мартах ч учиргүй. Бид онгоцны ослооор амь насаа алдсан улсуудын ар гэр, амьд үлдсэн хүмүүстэйгээ ч холбоотой байгаа. Манай Цогтжаргал гэж залуу бий. Онгоцонд гараа даруулсны улмаас гаргүй болсон залуу л даа. Энэ хүнээ бид албанаасаа зардал мөнгийг нь гаргаж, Солонгос улсад явуулж хиймэл гар хийлгүүлсэн. Мөн энэ өсөлд өртсөн аврагч нараа нөхөн сэргээх сувилалд хамруулж байгаа. Бас хуульд заагдсан хэм хэмжээндээ албанаасаа тусламж үзүүлж байна. Амь үрэгдсэн хүмүүсийн ар гэрт МУ-ын Засгийн газраас орон сууц олгох шийдвэр гарсан. 19,5 сая төгрөгийг ар гэрийнхэнд нь олгосон байсан. Тухайн үеийн мөнгөний ханшийн өөрчлөлтөөс шалтгаалаад энэ мөнгөөр байрны асуудлаа шийдэж чадаагүй байсан асуудал бий. Тэдэнтэйгээ уулзаж бодол саналыг нь сонссон. Судалж үзээд, эрхэлсэн сайд Шадар сайд М.Энхболдод болон МУ-ын Ерөнхийлөгчид болон засгийн газарт бид хандсан. МУ-ын Ерөнхийлөгч болон, Засгийн газар маш их ойлгож хүлээж авч нэмэлт хөрөнгийг шийдэж өгсөн.

-Ёстой дуулаагүй мэдээлэл байна?

-Нэмэж 15,5 сая төгрөгийг шийдэж өгсөн шүү дээ. Ингэснээр aмь насаа алдсан болон гэмтсэн алба хаагчийн маань ар гэрт тус бүр 36 сая төгрөг олгогдож, байрны асуудлыг бүрэн шийдсэн. Бид 2008 онд эдгээр ар гэрийнхэндээ 750 мянган төгрөгийн нэг удаагийн тусламж дэмжлэг үзүүлсэн. Чадах чинээгээрээ туслаж дэмжихийг хичээнэ. Цаашид ч мартахгүй явах учиртай. Онцгой байдлын албанд зүтгэж яваад амь насаа алдсан алба хаагчдийнхаа гэгээн дурсгалд зориулж бид энэ 2008 онд гэрэлт хөшөө босгосон. Аврах тусгай анги дээрээ энэ дурсгалын гэрэлт хөшөөг босгосон байгаа. 2008 оныг бид үндсэндээ бие бүрэлдэхүүнийхээ мэдлэг боловсролыг дээшлүүлэх, сургалтын жил болгож ажиллалаа. Хоёрдугаар гол зүйл онцгой байдлын албаны техник багаж зэвсгийн хангамжийг сайжруулах тал дээр илүү анхаарч ажилласан. Өнөөдөр манай гал сөнөөгч нар гал руу цоорхой шаланктай л ордог. Шатдаггүй, нордоггүй, хөлддөггүй тийм хувцас байхгүй. Хорт утаа руу ороход өмсөх баг байхгүй. Машин техник нь юу билээ. Энэ рүү гол анхаарлаа хандуулах зайлшгүй шаардлагатай. Технологийн хувьд үнэхээр хоцрогдсон шүү дээ.

-Ингэхэд онгоц байгаа юу?

-Хоёр нисдэг тэргийг Засгийн газар хөрөнгө гаргаж авсан.

-Хэзээ?

-Сая 2008 онд. Одоо туршилтын нислэгээ хийгээд зөвшөөрлөө авах гээд байж байна.

-Хуучин нисдэг тэрэг нь бараг эвлүүлэг байсан шүү дээ. Үнэхээр бүрэн бүтэн, цоо шинэ байж чадаж байгаа юу?

-Тэгэлгүй яахав. Эрхүүгийн үйлдвэрээс авсан. Орчин үеийн шаардлага хангасан, стандартны аврах үйл ажиллагаанд зориулагдсан онгоц байгаа. Бид улсын төсвийн 2,7 тэрбум төгрөгөөр техникийн шинэчлэл хийх ажлыг өнгөрсөн онд хийж гүйцэтгэлээ. Жишээ нь гал унтраадаг байлдааны машин гэж байдаг. Манай хөдөө орон нутгуудад бол 1972 оны л зил 130 маркийн усны машинаар л албаа залгуулж байгаа. Нийслэлд одоогоос 10 жилийн өмнө Японы Жайкагаас тусламжаар өгсөн машинуудаар үүргээ гүйцэтгэж байна. Өнөөдөр Улаанбаатарт өндөр өндөр байшин их баригдаж байна. Есөн давхраас дээш. Гэтэл өнөөдөр манай албанд тэр өндөрт гарсан галыг унтраах бололцоо байхгүй. Яагаад гэвэл тэр өндөр лүү гарах өндр ийн шат гэж байдаг. Манайд дөнгөж есөн давхарт чүү чай хүрэх ганц шат л байна. Тэрнээс дээш гарах шат манайд байхгүй. Энийг анхаарах ёстой.

-Өчигдөр нэг байшин шатчихлаа шүү дээ?

-Тэгсэн. Бизнес дээд сургуулийн оюутны байр л даа.

 

-Тэр чинь ердөө гуравхан давхар л байшин байсан шүү дээ?

-Гурав.

-Тэгээд яагаад аварч чадаагүй юм бэ?

-Нэгдүгээрт, тэр байшин бол маш олон жилийн настай хуучин байшин. Хоёрдугаарт, тэр хуурай барилга хүчтэй шаталтын үед маш хурдан галд автана. Эзэмшигчид нь асар болгомжтой байх ёстой байсан. Гал хөсөө хямгатай, анхаарал сэрэмжтэй амьдрах ёстой. Нэг зүйлийг нэмж хэлэхэд манайд галын машин цэнэглэдэг усны худагнууд маш цөөн газар байдаг.

-Юун худаг?

-Юу гэж байгаа юм бэ. Усаа дуусангуут машинууд усаа ахиж цэнэглэх ёстой. Тэр нь цэнэглэх худаг нь цөөн газар байдаг. Хөгжилтэй орнуудад ийм усны эх үүсвэрүүд барилга болгонд байдаг. Манайх шиг усны машин дагуулж явдаггүй байхгүй юу. Энийг ойлгох ёстой. Усандаа явахгүй өөр яах ёстой юм бэ. Одоо л бид аврагч нараа галын байлдааны иж бүрэн хувцастай болгож байна. хүнд нөхцөлд ажиллаж байна шүү дээ.

-Цаг зав гаргасан танд баярлалаа. Ажил яриад байвал зогсохгүй юм шиг байна. Та бүхэнд амжилт хүсье.

-Баярлалаа. Биднийг дэмжиж ажиллаарай. Бид ч гэсэн хичээх болно.

Ctrl
Enter
Гомдол хэрхэн мэдүүлэх вэ?
Холбоотой текстийг идэвхжүүлэн Ctrl+Enter дарна уу.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл (0)

Foto
Б.Ганчимэг

Б.Ганчимэг
Б.Ганчимэг
Б.Алтанхуяг
Б.Алтанхуяг
А.Доржханд
А.Доржханд
О.Нинж
О.Нинж
П.Соёлдэлгэр
П.Соёлдэлгэр
А.Банзрагчгарав
А.Банзрагчгарав