БШУЯ-ны стратегийн бодлого төлөвлөлтийн газрын дарга Б.Насанбаярыг бид дахин урьж ярилцсан юм. Сошиалын түрэмгий урсгал түүнийг хайр найргүй “нүдэж”, тайлбарлах дуу хоолой нь ч хомсдон буй мэт харагдана. Хэнийг ч ингэж хэлмэгдүүлэн зовоож болохгүй гэж би үзэж байна. Аймшигч махчин амьтны биен дээр түүний толгойг залган, хиртхийн цочмоор зураг эвлүүлэн цацаж, өмнө нь олонтаа тайлбарласан тайлбаруудыг нь ч үл сонсон гэсгээнэ. Энэ их дайралт дарамтыг эмэгтэй хүний хувьд яаж тэсч буй нь гайхмаар. Ингээд түүнтэй хийсэн ярилцлагаа эхлэе. 


-Өмнө нь би танаас уран зохиолын болон түүхийн хичээлийг сургалтын хөтөлбөрөөс хассан гэх дуулианыг асууж ярилцлагаа эхэлж байсан. Тийм зүйл байхгүй гэдгийг хүмүүс ойлгосон байх гэж найдаж байсан ч зогсоогүй л үргэлжилж байх юм. Гэвч дахин энэ сэдвийг асуух надад утгагүй санагдана. 
-Би өөрөө ч энэ сэдвээр тайлбар өгөхөөс ядарч байна. Гэвч мушгин гуйвуулах сонирхолтой хүмүүс байгаа учраас энэ сэдвээр зориуд гүжирдэж хүмүүсийн тархийг угааж байна. Үнэхээр юу хэлэхээ сайн мэдэхгүй байна.

-Сая тантай уулзахын өмнө Googlе-ээр тантай холбоотой мэдээллүүдийг хайж уншиж үзлээ. Бас нэгэн шинэ юм гаргаж ирсэн бололтой. Мүүний шашин гэсэн шинэ холбох зүйл гаргаж иржээ. Эмэгтэй хүн битгий хэл эрэгтэй хүн ч цочмоор бохир эвлүүлэг, доромжлол явж байна. Маш их харамсаж байна. Өөрөөр хэлбэл би танд юу хэлэхээ мэдэхгүй нь.
-Эхлээд уран зохиолын хичээлийг хассан гэдэг юм гаргаж ирээд л, араас нь шашны урсгалтай холбосон энэ юм явсан л даа. Тухайн үед тэр бүх дайралт болгонд хариу өгөх боломж ч надад байгаагүй, нөхцөл боломж ч олгоогүй. Тэр үед “Зууны мэдээ” сониноос сурвалжлагч ирж тайлбар авч байсан. Би тодорхой хариуг өгсөн. Утсаар сэтгүүлчид залгаад та Мүүний шашинтай юу гэж асууж байсан. Би үгүй ээ, би Буддын шашинтай хүн гэдгээ маш тодорхой хэлж байсан. Энэ хүмүүнлэг ардчилсан  нийгмийн гол мөн чанар нь харилцан бие биенээ хүндэтгэж, харилцан ойлголцож, нэг нэгнийхээ эрхийг хүндэтгэх гоо зүй дээр оршиж байдаг. Тэгж байж энэ нийгмийн томьёолол нь хүмүүнлэг гэх утгаа шингээнэ. Гэвч өнөөдөр бид бие биенээ хүн гэдгээр нь ерөөсөө харахаа больчихсон юм шиг санагдаж байна. Ямар нэг нэр хаяг, гүтгэлэг углаж өгөөд л дэвсчихдэг. Тэр хүнийг юу ч биш болгохын төлөө улайрсан дайралтыг л явуулж байдаг болж. Энэ бүхэн надад асар аймшигтай санагдаж байна. Би буруу хэрэг хийгээгүй, гэм үйлдээгүй учраас тайвширч чаддаг. За, яахав ингэж л байг. Цаг хугацаа бүхнийг харуулна гэж би өөртөө хэлдэг. Нэг удаа аав маань надад хэлж байсан. Уул уулынхаа хэрээр цас буулгадаг юм аа гэж. Магадгүй надад өндөр зорилго, илүү их хийж бүтээх эрмэлзэл, чадавхи боломж байгаа учраас энэ бүх зүйл ирж байгаа байх. Мэдээж би эмэгтэй хүн болохоор зарим үед сэтгэл гутралд орох, сэтгэлийн тэнхээгээ алдчих гээд байгаа юм шиг санагдах өдөр байдаг. Би танд өөрийн зүүж явдаг сахиус, бурханаа үзүүлье. (үзүүлэв) Өөр би яаж хариу өгөх ёстойгоо ч мэдэхгүй байна. 

-Би их харамсаж байна. Та ингэж үзүүлэх шаардлагагүй шүү дээ. Гэхдээ би таныг ойлгож байна. Арай л хэтэрсэн дарангуйлал таныг нөмөрчээ. Энэ бүхнийг зогсоох арга ч хомсдож байна. Нийгмийнхээ ёс суртахууныг сэргээж сэхээж авахгүй бол үнэхээр аймшигтай хазайлт руу хэлбийжээ. 
-Шинэчлэлийн Засгийн газрын боловсролын чанарын шинэчлэлийн эхний зорилт бол хүүхэд, сурагч, багш, оюутан суралцагч нэг бүр хөгжих, насан туршийн боловсролын тогтолцоог бүрдүүлнэ гэсэн зорилт юм. Хамгийн эхлээд өөртөө ямар төвшний мэдлэг авахаа сонгож мэддэг, ямар төвшний мэдээлэл хэрэглэхээ сонгож мэддэг ийм төвшний иргэдийг хүмүүжүүлэх хэрэгтэй байна. Хамгийн наад зах нь энэ. Тэгэхээр одоо яг  энэ нийгэмд юу хэрэгтэй болчихсон байна вэ гэхээр ямарваа нэг сураг ажгаар, хэн нэгний гаргасан гүтгэлэг цуу яриагаар амьсгалдаг, түүгээрээ нийгмээ бохирдуулж, бие биенийхээ сэтгэл санааг гэмтээдэг биш хэрэгтэй, бодит мэдээлэл мэдлэгээ авах ёстой газраас нь авдаг ийм дадал зуршилтай ард түмнийг төлөвшүүлэх чухал. Тэгвэл монголчуудын уламжлал юу байсан юм бэ гэхээр амьдрал дээр нь ч ямарваа нэг асуудал үүсэхэд тэр орчныхоо хамгийн итгэл даасан, хамгийн ноён нуруутай, хамгийн ухаантай, хамгийн ахмад настан дээрээ ч юм уу, хамгийн нэр нөлөөтэй хүн дээрээ сонгож очиж зөвлөгөө авдаг. Хоорондоо сайхан ярьж шийддэг байсан байна. Ийм дулаахан, сайхан уламжлалтай, бие биедээ итгэж найддаг ард түмэн шүү дээ, бид чинь. Одоо бол хоосон цуурхал, хэн нэгний бохир санаа сэдлээс гарсан санаатай явуулгад ч юм уу нийгмээрээ ханарч итгэдэг, шуугидаг, ойр орчноо үймүүлдэг ойворгон хүмүүс болчихоод байна. Энэ бол асар гэнэн, асар тодорхойгүй явдал. Бид нэг нэгэндээ итгэх, нийлж нэгдэх чадвараа алдаж байна. 

-Таны тухай тэр эвлүүлж хийсэн зургийг үзээд хэн яаж ийм зүйл хийгээд сууж чаддаг байна вэ гэж гайхширсан.
-Би бүр хамгийн анх тэр зүйл эмэгтэй хүний facebook хаягнаас гараад явсныг нь хараад айсан. Одоо би юунаас санаа зовж байна гээч. За, яахав би ингээд хэлэгдээд явдаг юм байж. Гэтэл миний хүүхдүүд энэ нийгмээ үзэн яддаг хүмүүс болчих вий дээ гэсэн айдас надад төрж эхэлж байна. Миний үр хүүхдийг хавчиж гадуурхвал яах вэ. Буруу зөрүү, жигшин зэвүүцмээр энэ мэдээллүүдийг шууд хүлээж аваад хүүхдүүд нэг нэгэндээ сэтгэлийн шарх өгвөл яах вэ. Түрүүчээсээ надад тийм зүйл тохиолдож эхэлж байна. Энэ л миний сэтгэлийг илүү их зовоож байна.

-Би төрөл бүрийн шашин шүтлэгтэй хүмүүстэй уулздаг. Надад тэр хүний шашин шүтлэг хамаагүй. Ер нь бол ийм зүйлээр нэг нэгнээ гадуурхах нь бүдүүлэг явдал. Сүүлийн үед Солонгос соёлын урсгал хүчтэй түрэн орж ирж байгаад дургүйцсэн хүмүүсийн хандлага дээр дөрөөлж  энэ зүйл улам л дэврэх байх. Ер нь яагаад анх таныг энэ Мүүн гэх урсгалтай холбох болов. Үүний шалтгааныг та ярьж болох уу?
-Бололгүй яахав. Би Эрдэнэтэд ажиллаж байлаа. Тэнд их дээд сургуулиудад багшилж, төрийн бус байгууллагуудыг байгуулах зэргээр олон чиглэлээр ажиллаж байсан. Тэгээд хотод шилжиж ирсэн. Тэр үед “Оюуны эрэл” гээд оюутны холбоо байсан. Энэ байгууллагыг зарим хүмүүс Мүүний шашны байгууллага гэж хэлдэг. Үнэн хэрэгтээ тийм биш. Тэнд яригдаж байсан зүйлс, хөндөгдөж байсан асуудлууд яг одоогийн залууст хэрэгтэй зүйлс байсан. Залуучууд нийгмийн манлайллаа яаж бий болгох юм. Яаж ажил амьдрал дээр гараад нийгэмдээ хэрэгтэй боловсон хүчин байх юм. Яаж нийгмийн өмнө болоод гэр бүлийнхээ өмнө хариуцлагатай амьдрах юм гээд тэр бүх асуудлыг авч үзэж, арга замуудыг судалж, системтэйгээр залууст лекц семинараар хүргэх ажлыг зохион байгуулдаг байсан. 

-Та чинь нээрээ лектор байсан шүү дээ. Тэр замаараа явж байгаад л энэ оюутны холбоотой холбогджээ дээ?
-Яг тэгсэн. 

-Гэхдээ тэр оюутны холбоо Мүүнтэй ямар холбоотой юм?
-Тэр бол Монголын бие даасан төрийн бус байгууллага. Гэхдээ Сан Мён Мүүн гуайн анх санаачилж байгуулсан хөдөлгөөн байдаг. Тэр хөдөлгөөнөөс үүсэн гарч ирсэн оюутны байгууллага байсан. Тэр залуучууд өнөөдөр хүмүүсийн ярьж байгаа шиг залуусыг уламжлалт шашнаас нь татгалзуулаад л, элдэв буруу ёс заншлыг номлоод л тийм бусармаг ажиллагаа огтхон ч явуулдаггүй. Тэнд янз бүрийн шашин шүтлэгтэй залуучууд хамрагддаг. 

-Залуучуудыг ачиж аваачаад л хүчээр гэрлүүлдэг, гаднын хүнд зуучилдаг гэх мэт нисгэсэн цуурхалууд явдаг. Тийм зүйл байхгүй биз дээ?
-Огтхон ч байхгүй. Би Солонгост нэг арга хэмжээг нь очиж сонирхож байсан. Тэнд юу болсон бэ гэхээр бүх шашны төлөөлөгчид гарч ирээд Будда, Христ, Үнэн алдартан, Лал гээд бүх тэргүүн нь гарч ирээд, өөр өөрийнхөө шашны зан үйлийг хийгээд, тэнд гэр бүл болох гэж байгаа залуучууд хосоороо очиж сүй тавьдаг. Би очиж үзэж байсан. Жуулчид их ирж үздэг юм билээ. Есөн шашны тэргүүн гарч ирээд өөр өөрийн шашны хэлээр тэнд ирж сүй тавьж байгаа залуучуудад ерөөлөө хайрладаг. Гэр бүл гэдэг бол нийгмийн үнэ цэнтэй зүйл учраас тэр бүх шашныхан нь хамт зогсоод нэг ёсондоо тэр олон хосуудад аз жаргал, сайн сайхныг хүсч, хүндэтгэл илэрхийлж адисладаг. Тэнд  ямар ч муу муухай юм би олж хараагүй. Бүгд л очиж үздэг юм байна лээ. Тэр ёслол дээр нь  Сан Мён Мүүн өөрөө гарч ирээд, тэр залуусыг насан турш бие биенээ хайрлаж, үнэнч ариун явах, үр хүүхдээ эх оронд нь хэрэгтэй сайн сайхан хүн болгож өсгөж хүмүүжүүлэх тухай уриалж тангараг өргүүлдэг юм билээ. Ийм л юм болохыг үзсэн. 

-Тэрийг үзсэний төлөө ингэтэл гүтгэж загнаж байгаа юм уу?
-Тийм л юм байлгүй. Гэхдээ энэ зүйл өөрөө үнэт зүйлийнхээ хувьд залуучуудад маш хэрэгтэй, зөв мессеж өгч байгаа, нийгэмдээ хэрэгтэй мессеж өгч байгаа түүний төлөө бүх шашны зүтгэлтнүүд нь нийлээд хийдэг л зүйл байсан. Бүх шашны төлөөлөл хамт зогсож байгаад тэр хосуудад ерөөл адисаа өгч байгааг нь хараад харин ч би ямар гоё юм бэ гэж баярлаж байсан. Талбай дүүрэн гоё хосууд ирчихсэн, маш аз жаргалтай, баяр хөөртэй байсан. Тийм үйл явдлыг хараад хэн ямар муу муухай юм бодох вэ. Би лав гайхаж байна. Орон орноос нэр хүндтэй улстөрчид, нийгмийн зүтгэлтнүүд очиж үг хэлж байсан. Оросоос, Америкаас Сенатын гишүүн хүн ирж үг хэлж байсан. Монголоос ч очсон л байсан. 

-Номхон тэмээ ноолоход амар гэж нэг үг бий. Та, энэ бүх доромжлол гүтгэлэг зогсохгүй бол шүүхэд өгч болно шүү дээ. Одоо twitter-ээр хэрэлдээд л нэг нэгийгээ шүүхэд өгч байна. 
-Миний тухай бичээгүй сонин сэтгүүл, сайт гэж байхгүй. Би сэтгүүлчдийг шүүхэд өгч яах юм. Тэдэнд захиалга өгч байгаа хүмүүсийг л илрүүлмээр байна. Тэгээд энэ бүхэн чинь хэрээс хэтэрлээ, би чинь бас хүн шүү дээ. Яагаад ингэж байгаа юм бэ гэж асуумаар байна. Анх уран зохиолын хичээлийг хөтөлбөрөөс хасах гэж байна гэж цацсан "ММ" агентлагтай би асуудлыг яримаар байгаа ч ард нь нэг залуухан сэтгүүлчийн хувь заяаны асуудал хөндөгдөх гээд байх жишээтэй. Гэтэл би бусдыг зовлонд унагаж явдаг хүн биш шүү дээ. Миний сэтгэл ийм юм хийхийг хэзээ ч зөвшөөрөхгүй. Бүр цаанаа би тэр сэтгүүлчийг ч буруутгаж бодохгүй байгаа. Тэнд ямар зохион байгуулалттай ажиллагааг хэн явуулсан бэ гэдэг нь л сонин. Цаг хугацаа харуулах биз дээ, эцэст нь. 

-Нэгэнт буруу эргүүлгээр эргүүлээд аваад давхичихсан болохоор та боломж л гарвал тайлбарлаж, үнэн мөнөө хэлж байх ёстой. Манай хэвлэлийнхэн тийм ч харгис улсууд биш. Нэгэнт орон даяар яваад бүх хүмүүстэй уулзаж тайлбарлах боломж байхгүй учраас ингэж л зөвлөе дөө. 
-Эхлээд би за яахав ярьж л байг. Би тийм биш л юм чинь гэж бодож явж байсан. Гэтэл ээж аав маань телевизор үзэж чадахгүй байна. Манай гэр бүл мэдээ үзэж чадахаа байсан. Миний хүүхдүүдийг яах бол гэсэн айдас надад сууж байна. Миний ах дүү амраг садан, ангийн найз нөхөд, танил хүмүүс эхлээд итгэхгүй байсан ч худлыг мянга давтвал үнэн болдог гэдгийн үлгэрээр намайг өөр нүдээр харж эхэлж байна. зарим сэтгүүлчид аягүй тийм дээрэнгүй байдалтайгаар над дээр орж ирж байна. Сүүлдээ би шууд бухимдаад гаргаж байх жишээтэй. Намайг сүүлдээ ийм байдалд оруулж байна л даа. Яахав надад хүмүүсийн чанарыг таних боломж бас гаргаж ирж байна. Нөгөө талдаа олон нийтээрээ нэг хүнийг чичилж, гүтгэж, дэвсэлж яаж ингэж зовоож болдгийг өөрийн биеэр амсаж яваа учраас энэ бусармаг зүйлийн эсрэг тэмцмээр санагдаж байна. Яг тэр хувь хүн, тэр хүний гэр бүл дээр бол асар хүнд тусдаг. Үүнийг хүмүүс мэдэхгүй л дээ.
 
-Нэгэнт дуулиан шуугианы асуудлаар яриагаа эхлэсэн юм чинь нэг асуултаар энэ сэдвийг хаая. Өнөө өглөөхөн уран зохиолын хичээлийг хасагч Насанбаярыг зайлуулж өгөөч гэсэн жиргээ уншсан. Та уран зохиолын хичээлийг хасагч, зайлуулагч хэвээрээ юу гэсэн хошин асуулт дахин тавья даа. 
-(инээв) Тэгэхээр уран зохиолын хичээл ордгоороо ороод, явдгаараа явж л байгаа. Жишээ нь, Чингисийн үеийн нэг баатрын тухай хүүхэд зураг зурах боллоо гэж бодъё. Үүний төлөө түүх судалж байна. Мэдээлэл цуглуулж байна. Тэрийгээ үндэслээд зураг зурдаг болох энэ чиглэл рүү орж байна. Өөрөөр хэлбэл, бүх хичээлийн агуулга нь хоорондоо уялдах, сэдвийн хувьд уялдах гэдэг бол хүүхдэд сурч боловсроход нь, ямарваа нэг юмыг мэдэж авах процесс руу хөтлөх хамгийн дөт зам байна гэдгийг дэлхийн боловсролын шинжлэх ухаан өөрөө гаргаад ирчихсэн байна. Тийм учраас хүүхдийн үзэж байгаа уран зохиол нь бусад хичээлийнх нь агуулгатай хэрхэн уялдаатай байх вэ гэдэг зүйл ярихаар үүнийг эсрэг мушгиж явуулсан зүйл юм. Би “Зөв Монгол хүүхэд” хөтөлбөрийг өөрийн гараар бичиж, тэнд яаж Монгол хүнд анхнаас нь Монгол гэдэг тэр үндсэн сэтгэлгээ ухамсрыг нь суулгаж өгөх вэ гэдгийн төлөө өөртөө байгаа оюун ухаан, мэдлэг туршлага бүх зүйлээ дайчилж л ажиллаж байна. Өнгөрсөн жил зохиолчдын дунд уралдаан зарласан. Яг одоо үеийн хүүхдэд илүү ойлгомжтой байж болох эх зохиол, тууж, роман, өгүүллэг гаргаж ирэх вэ гээд ийм уралдаан зарлахад харамсалтай нь хангалттай сайн хүүхдийн зохиол үнэхээр ирээгүй. 124 бүтээл хүлээж авахаар төлөвлөсөн боловч 60 бүтээл ирсэн. Тэр 60 бүтээлийг дахиад зохиолчидтой нь хамтраад сайжруулах ажил хийж байна. Өчигдөрхөн би СУИС дээр очиж ажилласан. Утга зохиолын чиглэлээр мэргэжилтэн бэлтгэх хөтөлбөр хийж байгаа юм. Энэ дээр хүүхдийн зохиолчийг бүр тусгайлан бэлтгэх ямар арга зам байна вэ. Бүгдээрээ бүр нухацтай ажиллая гэж уриалсан. Аль ч үндэстэн үр хүүхдээ үндэсний уран зохиолоороо дамжуулж эхний шатыг нь тавьж, ухамсарт нь суулгаж хүн болгож авдаг. Тэр зүйлийг яаж энэ орчин үеийн хүүхдүүдийн сэтгэлгээ, сонирхолд нийцүүлж гаргаж ирэх вэ гэдэг дээр ажиллаад явж байна.

Ctrl
Enter
Гомдол хэрхэн мэдүүлэх вэ?
Холбоотой текстийг идэвхжүүлэн Ctrl+Enter дарна уу.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл (0)

Foto
Б.Ганчимэг

Б.Ганчимэг
Б.Ганчимэг
Б.Алтанхуяг
Б.Алтанхуяг
А.Доржханд
А.Доржханд
О.Нинж
О.Нинж
П.Соёлдэлгэр
П.Соёлдэлгэр
А.Банзрагчгарав
А.Банзрагчгарав