Монголд мэдээж олон цэцэрлэгүүд бий. Социализмын үед байгуулагдсан уламжлалт цэцэрлэгүүдээс гадна мөн хувийн цэцэрлэгүүд үйл ажиллагаа явуулж байгаа. Улсын гэх тодотголттой цэцэрлэгүүд маань технологийн, үзэл санааны, сургалтын, бодлогын том шинэчлэлүүдийг хийх шаардлагатай үедээ иржээ гэдэг нь харагдаж байна. Бид бүгдийг нь явж үзэж, судалж байгаад Ёкоминэ цэцэрлэгийг сонгосон. Анх япон цэцэрлэг гэж бодсон ч миний төсөөлж байснаас огт өөр цэцэрлэг байлаа. Хатагтай Сэргэлэнгийн Одонтуяа бол Ёкоминэ цэцэрлэгийн захирал.

-Ёкоминэ сургалтын хөтөлбөрийг монголд оруулж ирэх санааг анх яаж олсон юм бэ. Бусад цэцэрлэгүүдээс танайх ямар ялгаатай вэ. Франчайзингийн гэрээгээр оруулж ирсэн юм байна. Үүнийг хүмүүс тэр болгон мэддэггүй байх. Хүүхдүүдээ оруулах гээд хүлээлгийн ээлжинд хэдэн зуугаараа байж байдаг гэж эцэг эхчүүд ярьж байна. Сурахыг хүссэн хүүхдүүдийн дараалал их байна гэдэг сайн хэрэг. Хоёулаа эндээс яриагаа эхэлье

-Манайхыг сонгосон та бүхэнд баярлалаа. Манай цэцэрлэг 2013 онд үүсгэн байгуулагдсан. Анх үүсгэн байгуулсан шалтгаан гэвэл жирийн л амьдралаас урган гарсан санаачилга байсан. Баянгол зочид буудлын хажууд хуучны нэг орон сууцны байр байдаг юм. Өвөг дээдсээс маань өвлөгдөж ирсэн энэ байрандаа цэцэрлэг нээх санааг нөхөр маань гаргасан. Эмээ минь бурхан болоод бид тэр байрандаа ямар үйл ажиллагаа явуулах талаар ярилцаж эхэлсэн юм. Ханьтайгаа, хоёр талын аав, ээжтэйгээ ярилцаад хүүхдийн цэцэрлэг байгуулах нь зөв гэж үзсэн. Учир нь эмээ минь амьд ахуйдаа “Энэ байрыг хүүхэд шуугисан газар болгох юмсан” гэж хэлдэг байсан болохоор цэцэрлэг байгуулах санааг би шууд л дэмжсэн. Манай цэцэрлэг 2013 оноос 2018 он хүртэл энгийн цэцэрлэгийн зарчмаар явсан. Сургуулийн өмнөх боловсролын цөм хөтөлбөрийн дагуу, бусад цэцэрлэгүүдийн адил үйл ажиллагаагаа явуулж байсан. 2017 онд би бага хүүхдээ хоёр нас хүрэхтэй нь зэрэгцээд цэцэрлэгийн ажил руугаа өөрөө гүнзгий орж ажиллаж эхэлсэн. Гачууртад манайх агаарт байрладаг цэцэрлэг байгуулна гээд шинэ төсөл эхлүүллээ. Тэрийг ажиллуулж, хөл дээр нь босгох үүрэг хүлээсэн. Би өөрөө сургуулийн өмнөх боловсролын ямар ч мэдлэг, төсөөлөл байхгүй л ажил руугаа орсон. Манайх дөрвөн хүүхэдтэй л дээ. Хүүхдүүд ихэнх цагийг идэж уугаад, тоглож наадаж, унтаж, цөөхөн хэдхэн минутын хөгжүүлэх хичээл хийж өнгөрөөж байгаа нь ээж хүний хувьд маш хангалтгүй санагддаг байлаа. Тэгээд ханьдаа дотроо бодогдоод байгаа зүйлсээ хэлсэн. Учир нь “0-6 нас бол хүүхдийн өсөж хөгжих маш чухал үе гэдгийг шинжлэх ухаанаар нотолсон. Гэтэл бидний хийгээд байгаа энэ цэцэрлэг хангалтгүй байна. Бид өөр шинэ хөтөлбөр оруулж ирэх хэрэгтэй байна” гээд бид ярилцсан. Тэгээд элдэв олон улсын хөтөлбөр хайж, судалж эхэлсэн. Судлаад байж байтал нэг том боломж гарч ирсэн л дээ. Манай Туяа гээд алдарт ээж Ёкоминэ гээд япон хөтөлбөрийн зарыг одонтой ээжүүдийн группэд оруулсан байсныг олж харсан. Тэгээд бид тэр хүнтэй холбогдоод, цаг товлон уулзаж уг хөтөлбөртэй танилцсан. Тэр эгчийн багын найз Бат-Очирын Мөнхзул эгч японд энэ хөтөлбөртэй цэцэрлэгт хүүхдээ өгөөд, гайхалтай үр дүнг нь хүүхэд дээрээ мэдэрсэн учраас монгол хүүхдүүддээ хүргэх гээд хоёр жилийн хугацаанд хамтарч ажиллах цэцэрлэг хайсан байсан л даа. Бидний хайж байсан зүйл яг мөн байсан учир тэр дороо л зээл аваад, эрхлэгч, нөхөр, дүү гээд бид дөрвүүлээ япон явсан. Маш урт зам туулсан. Мөнгөө хэмнээд бүх л төрлийн тээврийн хэрэгслээр явсан, суугаагүй унаа бараг байхгүй. Хичнээн олон дамжиж байж тус цэцэрлэг дээр очоод үнэхээр эрж хайж байсан гайхамшгаа олж харсан. Тэгээд л санаа шулуудаж, заавал энэ хөтөлбөрийг монгол хүүхдүүддээ хүргэнэ гэж шийдсэн. Зүгээр төсөөлж бодох төдийд л сэтгэл хөөрч, үнэхээр их баярлаж байсан. 

-Та өөрөө ямар мэргэжилтэй вэ? 

-Би 2006 онд Хүмүүнлэгийн ухааны их сургуулийг англи хэлний орчуулагч мэргэжлээр төгсөөд, дараа нь Мандах бүртгэл дээд сургуулийг нягтлан бодох мэргэжлээр төгссөн. Хоёр гурван жил цэцэрлэгийн үйл ажиллагаа явуулаад энэ мэргэжлээр сурах ёстойг ойлгоод цэцэрлэгийн багшаар ахин сурч төгссөн. 

-Энэ салбарыг бизнес гэж хардаг хүмүүст бол ахиж сураад байх шаардлага байхгүй л дээ. Бараг ингэж цаг үрэхгүй л болов уу? 

-Би ажилдаа дурлачихсан байсан юм. Яг энэ хөтөлбөртөө улайрчихсан, манай хүүхдүүд ирээдүйд дэлхийн өндөр хөгжилтэй орны хүүхдүүдтэй өрсөлдөх хэмжээний хүн болж өсөх ёстой. Одоо ч гэсэн илүү их судалж, илүү их суралцаад л явж байна. 

-Танай нөхөр японд сургууль төгссөн үү? 

-Үгүй, манай нөхөр инженер хүн. Японд зураг төслийн компанид таван жил ажилласан. Би сүүлийн нэг жил нь японд очиж хамт амьдарсан юм.

-Японд амьдарч байсан хүмүүс эргэж ирэх дургүй байдаг. Та нарт тэнд үлдмээр санагдаагүй юу? 

-Тухайн үед японд авч байсан цалин хөлсөө харьцуулбал их хол зөрүүтэй байсан.Том хоёр охин маань ихэр, бид байр сууриа олчихоод япон руу охидоо авна гэсэн төлөвлөгөөтэй, ой гарантай охидоо нөхрийнхөө эгчид үлдээгээд нэг жил хол байсан. Гэр бүл хол байна гэдэг, тэр тусмаа үр хүүхдээсээ хол байна гэдэг ямар хэцүүг бид хоёр яс махандаа тултал ойлгосон. Нөхөрт маань ч мэргэжлээ дээшлүүлэх, туршлагажих, карьераа хөөх бүрэн боломж байсан. Гэвч бид сайтар ярилцсаны үндсэн дээр сайн ч муу ч эх орондоо ирж ажиллаж хөдөлмөрлөе, хичээе, ямар нэгэн сайхан зүйл хийе гэж шийдээд 2009 оны тавдугаар сард зориглон ирсэн дээ. 

-Ёкоминэ цэцэрлэг 1980 онд япондоо анх байгуулагдаж байсан юм билээ. “Супер цэцэрлэг” хэмээн алдаршсан Ёкоминэ сургалтын арга зүй харьцангуй шинэ түүхтэй гэсэн үг. Энэ хөтөлбөрийн юу нь таны сэтгэлийг анх тэгтэл их булаасан юм бол? 

-Хүүхдүүд нь маш аз жаргалтайгаар суралцаж байсан. Ерөөсөө жаргаж сурч байгаа хүүхдүүд гэдэг цаанаасаа өөр. Энэ бидний сэтгэлийг үнэхээр их догдлуулсан юм. Ёкоминэ Ешифүми багш анх цэцэрлэгээ үүсгэн байгуулаад, улсынхаа хөтөлбөрийн дагуу үйл ажиллагаа явуулж байхдаа хүүхдүүд яагаад аз жаргалгүй, бүхэлдээ хүчилсэн байдалтайгаар цэцэрлэгтээ сурч байгааг ажиглаж, нягт нямбай судалж эхэлсэн байгаа юм. Хүүхэд гэж хэн юм. Хүүхдүүдийн хийх дуртай зүйлс нь юу юм. Ингээд нарийн ажиглалт судалгааг эхлүүлсэн байдаг. Тэгээд тэдний дуртай зүйл дээр нь дөрөөлж тоглоомын аргаар хүүхдийг хөгжүүлэх санааг олсон. Монголд цэцэрлэгийн хүүхдүүд нь нялцгай, эрх байх гээд байдаг. Гэтэл тэнд сурч байгаа хүүхдүүд маш их биеэ даачихсан, сурахын аз жаргалыг мэдэрчихсэн, том хүний хүчин чармайлтгүйгээр өөрсдөө сурахыг хичээж байгаа нь хамгийн их таалагдсан. 

-Ёкоминэ аргын гол нууц “Хүүхдэд бүү заа. Хүүхдээс суралц” гэж томьёолсонд байна. Гэтэл бид эсрэг ойлголттой. Хүүхдэд заах л ёстой гэж үздэг. Үүнээс болоод хүүхэд бол өөрөө хүсэх эс хүсэх хамаагүй, бүх хүнээр зөвхөн заалгаж байх ёстой субъект болчихжээ. 

-Бид хүүхдээс суралцах ёстой юм байна гэдгийг Ёкоминэ багш анзаарсан байгаа юм. Хөтөлбөр яаж үүссэн гэхээр, эхлээд гимнастик зааж үзэхэд хүүхдүүд маш дургүй хийж байсан. Үүнээс үүдээд юу хийх дуртай байгааг нь анзаарч хүүхдүүд гүйх дуртай юм байна, авирах дуртай юм байна гэх мэтийг олж харан дуртай үйл дээр нь хөтөлбөрөө боловсруулж эхэлсэн байдаг. Бид япон руу жил болгон багш нараа аваад очдог. Очих бүрт л өөр болчихсон байдаг. Учир нь хүүхдийн дуртай үйлдлүүдийг ажиглаж, тэрэн дээр нь суурилж энэ хөтөлбөр улам хөгжиж байна. Түүнээс биш Ёкоминэ багш “Би хүүхдүүдийг ингээд тэгээд, тийм мундаг болгочихъё” гэдэггүй, дандаа хүүхдүүдэд өөрсдөд нь санаа санаачилгыг нь өгчихдөг. 

-Япон сургалттай сургууль руу яваад орохоор хүүхдүүд яг япон маягаар мэндэлж байдаг. Танайх тийм биш юм. Хэдий франчайзингийн гэрээгээр энэ сургалтыг нэвтрүүлж байгаа ч өөрсдийн үзэл санааг шингээсэн хөтөлбөртэй бололтой... 

-Япон цэцэрлэг бол япон хүүхдүүдийг япон хүн болгож хөгжүүлнэ, америкт бол америк иргэнийг бэлдэж байгаа. Солонгос мөн адил. Бид харин монгол иргэнээ бэлдэж байгаа. Тэгэхээр франчайзингийн эрхтэйгээр үйл ажиллагаа явуулж байгаа ч өөрсдийн үндэсний хэл соёл, ёс заншлаа шингээж явалгүй яахав дээ. 

-Манай боловсролын байгууллагуудаас шаарддаг юм уу, эсвэл та хоёр өөрсдийн үзэл санаагаараа ингэж хийж байна уу? 

-Ерөнхийдөө цөм хөтөлбөрөө суурь болгож явдаг. Манай цөм хөтөлбөрт математик-энгийн төсөөлөл, хөдөлгөөн-эрүүл мэнд, хэл яриа гэх мэт маш чухал зүйлсийг суулгаж өгсөн байгаа. Эдгээрийг япон хөтөлбөрийнхөө дагуу хэрэгжүүлдэг.

-Ёкоминэ цэцэрлэгийн хүүхдүүд гар дээрээ явж, гурван настайгаасаа хирагана, катагана уншиж бичдэг гэж уншсан. Энэ талаар жаахан дэлгэрэнгүй ярьж өгч болох уу? 

-Цэцэрлэг бол хүүхдийг сургуульд ороход шаардлагатай бүх суурийг тавьж өгдөг газар гэж бид үздэг. Уншиж бичих, сууж сурах, бие дааж сурах, өөрөө өөрийнхөө хийсэн зүйлд өөрөө эзэн байх гэх мэт олон чадваруудыг эзэмшдэг. Эцэг, эхчүүд бол заавал сургуульд ороод уншиж, бичиж сурна гэсэн ойлголттой байдаг. Гэтэл энэ чадваруудыг эзэмшээгүй хүүхэд сургуульд ороод хоцрогдолд орох асуудал үүсдэг. Манай хүүхдүүд гар дээр зогсох дасгал өдөр бүр хийдэг, учир нь доошоо харж дасгал хийснээр тархины цусан хамгамж нэмэгддэг, тархины хөгжилд чухал ач холбогдолтой гэж үздэг. Дөнгөж төрсөн хүүхдийн тархины хэмжээ 400 гр байдаг, харин зургаан настай хүүхдийн тархи 1250 гр хүртэл томорсон байдаг. Гэтэл насанд хүрсэн хүний тархи 1350 гр байдаг. Тиймээс энэ дасгал нь маш чухал ач холбогдолтой. 

-Гэр бүлийн хосууд нэг үйл хэргийн төлөө явна гэдэг их үр дүнтэй, олон талаар давуу юм шиг санагддаг. Би өнгөрсөн намар “Аутизм ба бусад онцгой хүүхдүүдийн академи”-ийг байгуулан ажиллаж байгаа гэр бүлийн хостой уулзаж байсан. Яг нэг хүн шиг зүрх сэтгэлээр, тэр хүүхдүүдийн төлөө зүтгээд л явж байгаа юм. Та хоёр ч мөн адил энэ том төслийг оруулж ирээд амжилттай ажиллаж байна. 

-Би ч гэсэн санал нэг байна. Мөрөөдлийнхөө төлөө хоёулаа зүтгэх шиг сайхан юм байхгүй байх л даа. Гэртээ ярьдаг яриа дандаа цэцэрлэг, сургуулийн тухай яриа л байдаг даа. 

-Ер нь Ёкоминэ Ёшифүми гуай монголд ирдэг үү? 

-2018 онд манайхыг нээлтээ хийхэд хамгийн анх ирсэн. Нийт дөрвөн удаа монголд зочилж ирж байсан. Энэ хавар манай хүүхдүүдийн тайлан тоглолтыг үзэхээр дахин ирэх төлөвлөгөөтэй байгаа. 

-Монголд ирэх дуртай болчихсон уу. “Супер цэцэрлэг”-ээ манайд хэр нутагшсан гэж дүгнэж байна вэ? 

-Ирэх болгондоо бидний ажлыг маш их магтдаг юм. Японд энэхүү хөтөлбөрийг 400 гаруй цэцэрлэг хэрэгжүүлдэг. Мөн гадаадын орнуудад ч амжилттай хэрэгжиж байгаа. Ёкоминэ Ёшифүми багш болон, бусад япон цэцэрлэгийн захирал, багш нар маань ирэх бүртээ бидэнд асар их урам өгдөг. Үнэлдэг. 

-Франчайзингийн эрхийг дуртай газар болгонд өгөхгүй шүү дээ. Их л судалгаа хийж байж өгдөг байх. 

-Тийм. Ёкоминэ багшийн дүгнэлтээр монгол бол гадаадын франчайзинг хэрэгжүүлж буй цэцэрлэгүүдээс номер нэгт яваад байна. Маш их ач холбогдол өгч, хичээл зүтгэлтэй хандаж байгаад чинь баяртай байгаа гэж хэлдэг. Бидэнд Төв Азийг хариуцсан франчайзингийн эрхийг өгсөн. Тэгэхээр манай улсад хэрэгжиж байгаа Ёкоминэ хөтөлбөр маш сайн байгаагаас гадна бид нар шиг жил болгон очиж туршлага судалдаг гадаад цэцэрлэгүүд байдаггүй юм билээ. 

-Төв Азийг хариуцсан франчайзингийн эрхийг танайд өгсөн гэхээр азийн бусад улс орнууд энэ эрхийг авахдаа танайхаас авна гэсэн үг үү? 

-Ер нь Ёкоминэ арга барилыг суралцахад хэдэн сурах бичиг уншиж судлаад сурчих, хэрэгжүүлчих ажил биш л дээ. Практик сургалт л хамгийн чухал мянга сонсохоор нэг үз гэдэг дээ. Япон талаас ч тэр монгол талаас ч тэр маш их ирж очих шаардлага үүсдэг, цаг хугацаа их зарцуулдаг, зардал мөнгө их шаардагддаг. Жишээ нь, бид 2017 оноос хойш найман удаагийн явалтаар 32 хүн, давхардсан тоогоор 41 хүн япон улсыг зорьсон бол япон улсаас 17 хүн буюу давхардсан тоогоор 32 хүн ирээд байна. Тиймээс Монгол улсын хөрш болох орос, казакстан, хятад гэсэн орнуудад хэрэгжүүлэх шаардлага гарвал Монгол улс маань ойр юм, мөн та нар маань чадна шүү гэсэн том итгэл хүлээлгэсэн гэж ойлгодог. Түүнээс заавал бидэнд хандаж франчайзингийн эрх авна гэсэн ойлголт биш юм. 

-Франчайзинг нэвтрүүлнэ гэдэг бол үнэндээ маш өндөр эдийн засгийн ачаалал. Энэ ачааллаа яаж дааж байна. Хүмүүс гаднаас нь мөнгөтэй, баян хүмүүс л боловсролын салбарт бизнес эрхэлдэг гэж хардаг. 

-Япончууд маань бидний бололцоог хараад жилээр, хагас жилээр, сараар төлбөр өгөх боломжийг олгодог. Бид сар сардаа өгөөд явахдаа сурах бичиг болон хөтөлбөр хэрэгжүүлэлтийн гэх хоёр төрлийн татварыг төлдөг. 

-Монголд анх удаа цэцэрлэгийн ийм хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Монголын боловсролын байгууллага болон төр засгаас хэр дэмжиж сонирхдог вэ. Ирж танилцаж байсан удаа бий юу? 

-Дүүргийн боловсролын хэлтэс, Нийслэлийн боловсролын газрынхан маань дэмжиж ажилдаг. Дорноговь аймгийн цэцэрлэгийн багш нар ирж танилцаж байсан. Саяхан Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 40 гаруй цэцэрлэгийн эрхлэгч нар ирж манай үйл ажиллагаатай танилцсан. Мөн Увс болон Дархан аймгуудаас хэд хэдэн цэцэрлэгүүд манай хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүсэлтээ ирүүлсэн. Одоогоор хүлээж авах боломжгүй байгаа л даа. Эхлээд бид өөрсдөө хөтөлбөрөө чамбайруулах хэрэгтэй байгаа юм. 

-Манай цэцэрлэгүүд дээр багшийн буруу харилцаа, багш эцэг эхчүүдийн үл ойлголцлоос үүдэлтэй асуудлууд их гарч байна. Хүүхэд зодсон зүрх өвдмөөр бичлэгүүд, хүүхдүүд өлсөж ирдэг, сургалтын арга зүй хоцрогдсон гэх мэт шүүмжлэлүүд цуварч байна. Сайн багшийг бэлтгэж авах нь маш чухал. Тэгэхээр танайх багш нараа яаж бэлтгэж байна вэ? 

-Бид эхний жилүүдэд олон жил ажиллачихсан, туршлагатай багш нарыг ажиллуулж үзсэн. Манай багш нар нийтдээ тархины түгжээтэй байгаад байна л даа. Хүүхэд энэ хүртэл л чадна, хүүхдийн боломж хязгаартай гэсэн баригдмал үзэлтэй байгаад байсан. Тиймээс бид дөнгөж шинэ төгссөн багш нараас шалгаруулалт хийж аваад өөрсдийн байгууллагын соёл болон хөтөлбөртөө өөрсдөө мэргэшүүлж, сургадаг. Энэ нь ч илүү үр дүнтэй гэдгийг амьдрал дээр харж, ойлгосон.

-Заавал мэргэжлийн сургууль төгссөн байх шаардлагатай юу? 

-Багш мэргэжилтэй л байх хэрэгтэй. Боловсролын газраас заавал ‘Сургуулийн өмнөх боловсролын мэргэжилтэй байх ёстой’ гэж заасан байдаг. Тиймээс багш нарын диплом, гэрчилгээг шалгадаг л даа. Ерөнхийдөө Монгол улс тэр даяараа багшийн хомсдолд орчихсон шүү дээ. Туслах багш л багш суурьтай, өөр мэргэжилтэй байж болж байгаа юм. Яг анги хариуцаж байгаа багш бол заавал сургуулийн өмнөх боловсролоор төгссөн байх шаардлагатай. Бид хамгийн гол нь багшийн хандлагыг хардаг. Хувь хүний хандлага, хүүхдэд хайртай байдал гэх мэт цөөн хүчин зүйлсийг голчилж хардаг. 

-Ёкоминэ цэцэрлэгийн хүүхдүүд зургаан настай төгсөхдөө бүгд уншиж, бичээд сурчихсан байдаг гэх юм. 

-Манай цэцэрлэг өөрөө хүүхэд багш гэлтгүй маш завгүй цэцэрлэг. Өглөөнөөс орой хүртэл бужигнадаг. Цэцэрлэгт байх хугацааг нь маш үр дүнтэй өнгөрүүлэх нь бидний гол үзэл санаа юм. Манай өнөөгийн нийгэмд ээж аавууд элдэв дугуйлан, сургалтад хүүхдүүдээ зөөх завгүй амьдарч байна шүү дээ. Тиймээс бидний хөтөлбөрийн нэг онцлог нь хүүхдүүд цэцэрлэг дээрээ байх үедээ маш олон талаар хөгжих ёстой. Өдөр бүр 7-8 төрлийн хичээл ордог. 

-Өглөө хэдээс ороод хэдэд тардаг вэ? 

-Өглөө 08 цагаас үйл ажиллагаа эхэлдэг. Зарим завгүй эцэг эхчүүд 07 цаг өнгөрөөд хүүхдээ авчирч өгдөг. Орой 19 цаг хүртэл ажилладаг. 

-Улсын цэцэрлэгүүд 17 цагаас тараад, эцэг эхчүүд 17:30-д тараад л зөрөлддөг. Цэцэрлэг нь уурлаад байдаг. Бөөн дарамт. Цэцэрлэг дээр байх хэдхэн цагийн хоёр цагт нь хүүхдийг унтуулчихдаг. Бусад цагт нь бараг ” томоотой суу” гэдэг командтай, манай цэцэрлэгүүд нэг л болохгүй байгаа юм. Орвонгоор нь шинэчлэл хийх хэрэгтэй гэж хардаг. Танайх өдөр хүүхдүүдээ унтуулдаг уу? 

-Манайд гурав, дөрөв, таван насны ангиллын хүүхдүүд суралцдаг. Гурван настнууд маань бол өдөр унтдаг. Хүүхэд өдөрт 10-12 цаг унтахад хангалттай гэж үздэг. Бид ээж аавууддаа “ Өглөө эрт босго, орой эрт унтуул” гэж зөвлөдөг. Хэрэв тэгж чадвал өдөр нь цэцэрлэг дээрээ унтаж байхаар тэр хугацаагаа хөгжихөд нь зарцуулъя гэж байгаа юм. Харин гэртээ очоод өдөржин завгүй байсан хүүхэд тайван амрах хэрэгтэй. 

-Танайд гадаад хүүхдүүд явдаг уу? 

-Явдаг, гэхдээ нэг салбарт гурваас дөрвөн хүүхэд л байдаг. 

-Одоогоор танай хоёр салбарт нийтдээ хэдэн хүүхэд суралцаж байна вэ? 

-400 гаруй хүүхэд суралцаж байгаа. 

-Зургаа хүртэлх насанд хүний төлөвшлийн бүх суурь тавигддаг гэдэг. Манай монголчууд ч “Хүн болох багаасаа, хүлэг болох унаганаасаа” гэж сургадаг байжээ. Гэтэл энэ чухал үеийг нь хайнга хаяад байна. Танай цэцэрлэгт хаашаа л харна төгөлдөр хуур, үндэсний хөгжмүүд байх юм. Бүжгийн, биеийн тамирын заалууд гээд... 

-Манай хөтөлбөрийн үзэл санаа бол “Чадахгүй хүүхэд гэж байхгүй, хүүхэд бүр суутан” гэж үздэг . Удаан, хурдан ойлгоцтой гэж л байна. Хурдан ойлгоцтой хүүхэд багшийг зааж байх явцад сурчихдаг. Удаан ойлгоцтой хүүхдийг бол багш өөрөө ажиглалтаа сайн хийж байгаад нэмэлт давтлага ордог. Манай цэцэрлэг хүүхдүүдийг өдөр бүр 7-8 чиглэлээр хөгжүүлдэг. Хүүхэд өөрөө яг юунд илүү дуртай байна гэдгийг нь цэцэрлэгт суралцах хугацаанд нь тогтоох боломжтой. Түүгээрээ хүүхэд сургуульд орсныхоо дараа нь үргэлжлүүлээд хөгжөөд яваасай гэж хүсдэг. Тиймээс нөгөө талаараа хүүхдийн мөрөөдлийг биелүүлэх хөтөлбөр гэж үзэж байгаа юм. Хэрэв хүүхэд эмч болохыг хүсч байвал манай цэцэрлэг дээр суугаад сурчихаж байгаа юм. Тогтвортой сууж сурна гэдэг сурахын эхний үндэс шүү дээ. Цэцэрлэгт бүх суурийг нь тавьж өгч байна гэсэн үг. 

-Цэцэрлэгт тоглоом л өгөх ёстой юм шиг ойлголт бий. Утга учиртай эсэх нь ч хамаагүйгээр тоглоомоор дүүргэчихсэн байдаг. Танайх болохоор “жижигхэн сургууль”-д ороод ирчихсэн юм шиг.

-Тоглоом хүүхдийн анхаарлыг их сарниулдаг учир бид тоглоомуудаа дийлэнх үедээ далд хийгээд хүүхдийн тоглох цаг дээр нь гаргаж ирдэг. Тэгэхгүй бол хүүхэд яг төвлөрөх ёстой үедээ тоглоомоо хараад сатаарчихдаг. Мөн цэцэрлэгийн интерьер хэт тод өнгөтэй, эрээн байвал хүүхдийн нүдэнд халтай байдаг учир бид тийм зүйлээс татгалздаг тиймээс манай цэцэрлэг сургууль шиг харагдаж магадгүй. 

-Танай цэцэрлэгийг анх “Алтан намар” арга хэмжээний үеэр тань санаандгүй харсан юм. Хүүхдүүд нэг өдрийн тийм хөтөлбөрт маш дуртай юу? 

-Тийм, “Урд шөнө нь догдлоод унтсангүй” гээд эцэг эхчүүд ирээд ярьдаг. Манай гоё үйл ажиллагааны нэг л дээ. Ээжүүд нь өдрийн хоолыг нь бэлдэж өгч явуулдаг. Жишээ нь, хүүхдүүд “манай ээж ийм хоол хийж өглөө, чи амсаж үзэх үү” гээд найзууддаа хоолоо харуулаад л, хоорондоо сольж амсаж үзээд л давхар бас нэг төрлийн гоё уур амьсгалд дасгадаг .

-Ямар нэгэн хэлний сургалттай юу? 

-Анх англи хэл заадаг байсан. Сургалтын албанаас бид эхлээд монгол хэлээрээ үгийн баялаг нэмэгдүүлэх, зөв сайхан ярих чадварыг эзэмшүүлчих юм бол гадаад хэл сурахад асуудалгүй гэж үзээд цэцэрлэгтээ бол гадаад хэлийг хаасан. Сургуульдаа бол нэгдүгээр ангиас нь гадаад хэл заадаг.

-Хүүхдүүдийн ширээн дээр сампингууд байна. Сампин заадаг юм уу? 

-Манай цэцэрлэгт өдөр бүр сампингийн хичээл ордог. Хүүхдийн анхаарал төвлөрөл, сууж сурахад чухал ач холбогдолтой. Мөн баруун зүүн тархийг зэрэг хөгжүүлдэг ач холбогдолтой. Ёкоминэ хөтөлбөрийн дагуу нийт 50 гаруй номыг бид орчуулж, хэвлүүлсэн. 

-Та солгой хоолойтой хүүхэд гэж байдаггүй гэж байсан. Миний эргэн тойронд солгой дуулдаг хүмүүс байдаг юм. Тэгэхээр надад таны үг гайхалтай санагдаад байна л даа? 

-Сонсголыг нээх ажлыг хөгжмийн хичээл дээр нь өдөр бүр хийж байгаатай л холбоотой. Чадахгүй хүүхэд гэж байхгүй гэж бид үзээд байгаа шүү дээ. Жишээлбэл, биднийг арван жилд байхад гоц авьяастай хүүхдүүд нь л урлагийн үзлэгт ордог гэдэг ч юм уу, арай хурдан ойлгоцтой хүүхдүүдийг багш нар олимпиадад бэлддэг, бусад хүүхдүүдээ орхичихдог шүү дээ. Манай хөтөлбөр бол үүний эсрэг л хөтөлбөр. Хүүхэд маш өөртөө итгэлтэй болдог. Ямар нэг зүйлийг чадахгүй байж байгаад сурчих тэр л агшинд тэр хүүхдийн сурах товчлуур нь асаагдчихдаг. Хүүхэд асаад ирэхтэй зэрэгцээд энэ хүсэл дээр нь багш дараагийн зүйлсээ заадаг. 

-Хүүхэд гэдэг байнгын асаалттай байдаг “амьтан“ уу. Унтардаг, гунигладаг, сэтгэлийн хямралд автах үеүд гэж байх уу? 

-Цэцэрлэг дээрээ маш суралцах эрмэлзэлтэй, нүд нь гялалзаад явж байсан хүүхэд нэг өдөр унтарчихсан байх нь илэрдэг. Тэгэхээр бид олон талаар судалж, хүүхэдтэйгээ ярилцаж үздэг. Тэгэнгүүт, яг л ээж аавтай холбоотой, гэр бүлийн асуудал нөлөөлсөн байдаг. Жишээ нь, ээж аав нь үл ойлголцоод, тусдаа амьдардаг ч юм уу, муудалцсан ч гэдэг юм уу, тийм асуудал нөлөөлж хүүхэд гунигласан байдаг. Миний ажиглалтаар бол гэр бүлийн асуудал л асар их нөлөөлдөг. 

-Танай эцэг эхчүүд бас яг цэцэрлэгийн нэг хэсэг шиг байдаг юм байна.Энэ талаар хуваалцаач? 

-Ёкоминэ хөтөлбөр маань хүүхдийг эрхлүүлж болохгүй гэдэг үзэлтэй хөтөлбөр юм. Хүүхдийг эрхлүүлснээрээ бид ирээдүйг нь баллаж байна гэсэн үг. Багш зөвхөн хэрэгцээтэй, үнэхээр чадсан үед л магтаалыг өгдөг. Тийм учраас эхний жилд ээж аав нар ойлгодоггүй. Хоёр дахь жилээс хайртай болж эхэлдэг. Учир нь хүүхдүүдээс нь үр дүн гараад эхэлчихдэг. Эхний жил ээж аавууд манай хүүхдийг эрхлүүлсэнгүй гээд хайр халамж шаардаад байдаг. Хайрлахын хувьд хайрлана, хайрлалгүй яахав. Гэхдээ яг дунджыг барьдаг. Бүгдийг нь эрхлүүлээд байвал хүүхдүүд юун юм сурах болно шүү дээ. 

-Хуучин цагийг бодвол цэцэрлэгүүд камержсан, улсын цэцэрлэгүүд дээр янз бүрийн хэргүүд гарч байна. Эцэг эхчүүд цэцэрлэгийнхээ дарга шиг болоод хувирчихсан, дур зоргоороо шаардлага тавих зэрэг үзэгдлүүд ч байгаа харагддаг юм. Би сүүлийн үед цэцэрлэгийн сэдвээр их бичиж байгаа. Хаалгаар яваад ороход л гараа эвхээд, харгалзагчид шиг, яаж өдрийг өнгөрөөнөө гэсэн царайтай угтах багш нарыг харах бас л аймаар. Хүүхэд маш нарийн, хурц тод мэдрэмжтэй шүү дээ. 

-Дийлэнх ээж аавууд маань харьцангуй ойлгодог. Асуудлаа ойлгоогүйгээс дайрч давшилдаг ээж аавууд харьцангуй цөөхөн байдаг. 

-Танайх эмчтэй юу? 

-Эмчтэй. Гэхдээ цэцэрлэгийн эмч эмчлэх үүрэг хүлээдэггүй. Эм бичиж өгөх эрх нь байдаггүй. Харин хүүхдэд яаралтай тусламж хэрэг болсон үед үйлчилгээ үзүүлдэг. Мэдээж цэцэрлэгийн эрүүл ахуй, ариун цэврийн тал дээр ажилладаг. 

-Танайд нийтдээ хэдэн багш, туслах багш нар ажиллаж байна вэ? 

-Нийтдээ хоёр салбарт 60 орчим багш, ажилчидтай. Энгийн цэцэрлэгийг бодвол орон тоо ихтэй. Учир нь хөтөлбөрөөсөө хамаараад хүүхдэдээ үр дүн гаргахын тулд бараг хоёр дахин их орон тоогоор ажиллах шаардлага байдаг.

-Сайн ажилласан багш нараа япон оронд очиж дадлагажих, аялах эрхээр шагнадаг юм байна. Энэ үнэхээр сайхан боломж. 

-Тийм, их гоё үйл ажиллагаа байдаг. Япон орноор аялна, дадлага эзэмшинэ гэдэг багш нарын хувьд маш чухал. Бид жил болгон шилдэг багш нараа сонгон шалгаруулдаг.

-Хүүхдийн хооллолт гэж бас их том ойлголт байна. Хоол идэж өгдөггүй хүүхдүүд олон байдаг юм байна, үүнээсээ болоод цэцэрлэг дээрээ өлсдөг юм байна. Өлсөж байгаа тархи юм сурахад хэцүү биз дээ. Хэдхэн төрлийн хоол иддэг, өөр зүйлс рүү харж ч өгдөггүй хүүхдүүдийг яаж хоолонд дурлуулах вэ? 

-Хүүхдүүдийн гэртээ идэж байгаа хоол айл айлаасаа шалтгаалаад их өөр байдаг. Тэгэхээр цэцэрлэг дээр яг адилхан хоолыг бүгдэд нь өгч байгаа шүү дээ. Монгол хүүхдүүд дийлэнх нь ногоонд муу байдаг. Тиймээс тогооч багш нь орж ирээд хүүхдүүддээ ногооны сайн талыг ойлгуулахыг хичээдэг. Ногоо иддэггүй байж байгаад иддэг болчихсон хүүхдүүд их байдаг. Тогооч багш нь ногоо болгоныг танилцуулж, ач тусыг нь ойлгуулж хичээл орсноор хүүхдүүд ногоонд дурлаж эхэлдэг. 

-Өдөрт хэдэн удаа хооллох вэ? 

-Таван удаа хооллодог. Японоос манайд зөвлөх багш ирээд бүр зэмлэсэн. “Танайх чинь өглөө, өдөр, оройн хоол гээд өгчих юм. Хэзээд нь юм сурах вэ. Ээж нь тэгээд юу хийх юм” гээд, болих хэрэгтэй гэж шаардлага тавьсан. Японд цэцэрлэг 16 цаг хүртэл ажилладаг. Гэтэл монголд эцэг эхчүүд хоёулаа бүтэн найман цаг ажилладаг байхад ажлаа тарж ирсээр байтал юу болох билээ. Орчин нөхцөл өөр шүү дээ. 

-Хүүхэдтэй ажиллахаар сэтгэл зүрх улам булаагдаад л, өөр мөрөөдөл рүү хазайх завдал өгдөггүй гэсэн, үнэхээр тэгдэг үү? 

-Тийм, маш гэгээлэг ертөнц. Цэцэрлэгийнхээ хашаагаар орж ирэхэд л гоё дулаахан энерги, аз жаргал цалгиад явчихдаг. Хүүхдүүд маань бүгд л айл гэрийн бурхадууд шүү дээ. 

-Та багадаа ямар мэргэжил мөрөөддөг байсан бэ? 

-Би дунд сургуульд байхдаа барилгачин болох мөрөөдөлтэй байсан. Тэр дундаа засал чимэглэлийн чиглэлээр мэргэжил эзэмшинэ гэж төлөвлөж байсан. Гэхдээ аав минь зөвшөөрөөгүй. Аав юу гэж хэлсэн бэ гэхээр “Чи дуртай мэргэжлээ олтлоо англи хэлний анги ав, хэл сурахад буруудахгүй” гэж зөвлөсний дагуу Хүмүүнлэгийн ухааны их сургуульд орж байсан.

-Тэгээд л барилгын инженер нөхөртэй юм болсон байна шүү дээ. 

-Тийм, магадгүй мэргэжил нь бас таалагдсан байх. (инээв) 

-Хүний хүрээгүй мөрөөдөл дотроос гарч өгдөггүй. Танд одоо мөрөөддөг зүйл бий юу? 

-Одоо бол хүүхдээ л илүү судлах мөрөөдөл надад бий. Хүүхэд бол энэ хорвоогийн хамгийн гайхамшигтай ертөнц. Анх бид бүх зүйлээ өөрсдөө гардан хийдэг байлаа. Тиймээс өөр дээрээ төвлөрч хөгжүүлэх завгүй явлаа л даа. Харьцангуй байгууллага тогтворжиж ирсэн, 2018 онд анх орсон багш нар маань одоо нэлээн туршлагажаад, тэднийхээ дотроос эрхлэгч, арга зүйч багш нарыг сонгож ажиллуулж байгаа. Тиймээс одоо бол судалгаа хийх, гүнзгийрүүлж суралцах ч бодол байгаа. 

-Японд Ёкоминэ цэцэрлэгүүд танайх шиг иймэрхүү л байдаг уу? 

-Орон зай арай том, гэхдээ хүүхэд багатай байдаг. Бид анх 2017 онд очиход нэг анги 30 хүүхэдтэй байсан чинь саяхан очиход тэр салбар дээр тал хүүхэд нь байхгүй болчихсон байсан. Учир нь тэднийд төрөлт багасчихсан. Япон даяар олон зуун Ёкоминэ цэцэрлэг байгаа. Маш сайн цэцэрлэгүүд байдаг.

-Танай хүүхдүүд зун хэдэн сар амардаг вэ? 

-Манайх долоодугаар сарын нэгнээс есдүгээр сарын нэгэн хүртэл хоёр сар амардаг. Японд бол цэцэрлэгүүд хамгийн уртдаа арваад хоног л амардаг. Манайх хоёр сар амардаг гэхэд маш их гайхаж байсан. Хүүхдийн сургалт хоцрогдоно гэж үздэг. 

-Танайд заал их олон юм. Манай улсын цэцэрлэгүүдэд байдаггүй шахам... 

-Заавал заал байх, дуу хөгжмийн танхим, гадаа талбай байх ёстой гэдэг бол бидний өөрсдийнхөө хувьд тавьдаг шаардлагууд л даа. Нэг ангид л суулгаад байхгүй, байж байгаад биеийн тамирын заал руу, байж байгаад дуу хөгжмийн, бүжгийн заал руу явна гээд л... 

-Балетаар охид хичээллэж байна уу? 

-Цэцэрлэгт монгол бүжиг заадаг. Сургуульд бол бий биелгээний хичээл ордог. 

-Монгол бүжигт хүүхдүүд дуртай байх уу? 

-Ямар ч хичээлийг заахад эхлээд хүүхдүүд дургүй байдаг. Өдөр бүр хийлгээд байхаар сонирхохгүй байж байгаад, бага багаар наашилж эхэлдэг. Тэгээд дуртай болдог.

Ctrl
Enter
Гомдол хэрхэн мэдүүлэх вэ?
Холбоотой текстийг идэвхжүүлэн Ctrl+Enter дарна уу.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл (0)

Foto
Б.Ганчимэг

Б.Ганчимэг
Б.Ганчимэг
Б.Алтанхуяг
Б.Алтанхуяг
А.Доржханд
А.Доржханд
О.Нинж
О.Нинж
П.Соёлдэлгэр
П.Соёлдэлгэр
А.Банзрагчгарав
А.Банзрагчгарав