МАН-ын парламент дахь бүлгийн хуулийн зөвлөх Баттөмөрийн Энхбаярыг урьж ярилцлаа. 


-Манай урилгыг хүлээж аван, бидний ажилд хүндэт-гэлтэй хандсанд баярлалаа.  Та твиттерээр нэлээн идэвхтэй байр сууриа илэрхийлдэг хүмүүсийн нэг. Бас Ерөнхий сайдтай хоёр ч удаа шүүхэдсэн. Таны хөндсөн асуудлууд ер нь юу болж өнгөрөв. Дээшээ арцалдсан хүмүүс ихэнхдээ хад мөргөөд л буцаад байх шиг байх юм. Яриагаа энэ асуудлаас эхлэх үү?
-Яг Н.Алтанхуяг гэдэг хувь хүнтэй тэмцэлдээд, ноцолдоод байгаа юм бол байхгүй шүү дээ. Яагаад гэхээр Ерөнхий сайд чинь өөрөө Засгийн газрын кабинетаа тэргүүлдэг. Үндсэн хуулинд зааснаар хууль биелүүлэх ажлыг УИХ-ын өмнө толгойгоороо хариуцдаг албан тушаалтан. Засгийн газраас гаргаж байсан удаа дараагийн шийдвэрүүд ер-дийн хууль ч биш Үндсэн хууль ч зөрчиж гараад байхаар нь би асуудлыг гаргаж тавьсан. Тавихаас ч аргагүй ужигарч эхэлсэн шүү дээ. 

-Жишээлбэл?
-Жишээлбэл,  төрийн албанд дурын иргэнийг, төрийн албаны шалгалт өгөөгүй, нөөцөд бүртгэл нь байхгүй хүнийг авч болно гэдэг шийдвэр гаргасан. Яг тэрийгээ  үндэслэж өнгөрсөн хоёр жилд халаа сэлгээгээ хийлээ.  

-Бөөндөж тангараг өргүүлээд л аваад байна гэсэн үг үү?
-Шууд түр тавиад л аваад байдаг. Одоо жишээ нь, түр томилгоотой хоёр жил ажиллаж байгаа агентлагийн дарга нар байна. Үндсэн хууль зөрччихсөн л яваад байгаа байхгүй юу. 

-Ахиад жишээ хүсч байна. Түр томилгоотой ямар дарга нар байна?
-ТӨХ-ны дарга байна. 

-ТӨХ-ны дарга түр томилгоотой юм уу?
-Түр томилгоотой шүү дээ. Одоо хоёр жил болж байна. Мөн Татварын ерөнхий газрын даргаар нь хуулийн шаардлага хангаагүй хүн ажиллаж байна. Татварын байгууллагад  гурван жил ажилласан байх ёстой гэдэг хуулийн шаардлагыг хангаагүй. Ийм хүнийг бас шууд тавьчихсан. Стандарчлал хэмжил зүйн газрын даргыг мөн тэгж тавьсаныг нь жишээ болгож асуудлыг гаргаж тавьсан. Одоо нөгөө стратегийн өмгөөлөл гэдэг шиг нэг хүн дээр нь жишээ болгоод Үндсэн хуулийн цэцэд өгсөн л дөө.  ЦЭЦ маргаан үүсгээд, Үндсэн хууль зөрчсөн байна гэдэг дүгнэлт гарч байхад нь өмнөх өдөр нь хүчингүй болгоод явсан. Хүчингүй болгохдоо нөгөө түр орлон гүйцэтгэж болно гэсэн Засгийн газрын журмаа ч гэсэн хүчингүй бол-госон. Хачирхалтай нь журмаа хүчингүй болгосон ч  хүмүүс нь хүчингүй болоогүй. Төрийн албаны зөвлөлийн хамгийн сүүлчийн мэдээгээр 550 орчим албан хаагчийг энэ Засгийн газар түр тавьсан байна. Би зөвхөн удирдах албан ту-шаалтныг яриад байгаа шүү дээ. 

-Нөгөө талд нь 550 хүн ажлаас гэнэт халагдсан гэсэн үг биз дээ?
-Тийм. Энд зөвхөн удирдах албан тушаалтныг, өөрөөр хэлбэл газар хэлтсийн даргаас дээш албан тушаалтнуудын тухайд ярьж байгаа юм. Ийм хэмжээний хүмүүсийг сольсон. Тэгээд ийм хэмжээний хүмүүсийг түр тавьсан. Үүнээс шалгалтыг нь дараа нь нөхөж өгүүлж, жинхэлж явсаар байгаад одоо 200 гаруй албан хаагч түр томилгоотой байж  байгаа гэж сая Төрийн албаны зөвлөл тайландаа тусгасан байна лээ. 

-Шүүх юу гэж үзэх юм?
-Энд нэг зовлон байгаа юм. Түүх ярих юм бол 2005 он шиг санагдаж байна. Би өөрөө тухайн үед бас Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргаад Засгийн газрын шийдвэрийг Захиргааны шүүх авч үздэг байсныг Үндсэн хууль зөрчиж байна гэж маргаан үүсгэсэн юм.   Засгийн газрын шийдвэрийг Засгийн газар өөрөө юм уу, эсвэл УИХ хүчингүй болгох ёстой. Дараагийн шатанд Үндсэн хуулийн цэц л хүчингүй болгох ёстой гэж  гомдол гаргаад, тэгээд Захиргааны хэргийн харъяанаас нь гаргуулчихсан байхгүй юу. 

Тухайн үед улс төрийн ямар нөхцөл байдал үүссэн байсан гэхээр Ц.Элбэгдорж өөрөө Ерөнхий сайд байсан.  Тэгтэл нөгөө “Эх орон” эвсэл нь задраад. Б.Эрдэнэбат, И.Эрдэнэбаатар гэдэг хоёр сайдтай Ерөнхий сайд нь хамтарч ажиллахгүй гэсэн. Нөгөө хоёр нь бид хоёр ажиллана гэж дайраад, Ерөнхий сайдтайгаа шүүхэдсэн. Тэгсэн Захиргааны шүүх нь тэрийг нь авч үзээд улс төрийн шалтгаанаар хамтарч ажиллахгүй гэж байгаа шийдвэрийг нь түдгэлзүүлээд хаячихсан. Захиргааны шүүхийн шийддэг асуудалд хил хязгаар гэж байна. Ерөнхий сайд ямар сайдтай ажиллах, ажиллахгүй нь өөрөө цэвэр улс төрийн шийдвэр. Гэтэл ийм юманд нөгөө шүүх нь оролцоод эхэлсэн. Шүүхийн энэ шийдвэр нь өөрөө Үндсэн хуулийн бус байнаа. Засгийн газрын харилцаа чинь өөрөө улс төрийн хэм хэмжээгээр зохицуулагддаг учраас шүүхийн оролцох асуудал биш ээ гэж би гомдол гаргаад болиулчихсан юм. Одоо бол Үндсэн хуулийн Цэц л дээд хяналтыг нь тавьж байгаа.  Тэгэхээр Засгийн газрын гаргаж байгаа олон удаагийн шийдвэрүүдээр шүүхэд хандах боломж нь нэг талаас хязгаарлагдсан юм. Энэ дээр онолын хувьд дотогшоо чиглэсэн захиргааны акт, гадагшаа чиглэсэн захиргааны акт гэж хоёр янзын акт байдаг юм. Тухайн үед нь хуулиараа үүнийг нь ялгаж зохицуулалгүй бүгдэд нь хамаатуулаад Захиргааны шүүхийн харъяалалд өгсөнөөс болоод ийм асуудал үүсчихсэн. Уг нь бол Засгийн газрын дотогшоо шийдсэн захиргааны актыг Захиргааны шүүх авч үзэх эрх нь нээлттэй байх ёстой. Өөрөөр хэлбэл тэр төсөв хөрөнгө зарцуулсан, томилгоотой холбоотой ч юм уу ийм шийдвэрүүдийг Захиргааны хэргийн шүүх авч үзэх боломжийг  нээх ёстой байдаг. Гадагшаа чиглэсэн хэм хэмжээ агуулсан асуудлуудыг бол Захиргааны  шүүх авч үзээд байх нь өрөөсгөл байдаг. Яагаад гэвэл Засгийн газар тухайлсан нэг хүний эрх ашгийг хөндсөн хэм хэмжээг нэг их тогтоогоод байдаггүй байхгүй юу. Нийт улс орны хэмжээний, нийт олонхийн хэмжээний тийм хамааралтай, тийм хэмжээний эрх ашиг хөндсөн шийдвэрүүд гаргадаг учраас үүнийг ялгаж салгах хэрэгтэй байдаг. 

-Ер нь бол хуульчид өөрсдөө хуулийнхаа манаач байхаа больсон юм уу гэж харагддаг. Тэр бүү хэл улс төр дагасан хуульчид, цэвэр мэргэжлээрээ амьдарч байгаа хуульчид гэж хуваагдахаар ч болсон юм шиг. Тэгэхээр таны гаргаж тавьж байгаа асуудлуудыг хуульч хүний тань хувьд хүлээж авах юм уу, нэг улс төрийн хүчинд алба хашдаг учраас улс төрийн агуулгатай тэмцэл гэж харах гээд байх юм уу?
-Хуульч гэдэг мэргэжил өөрөө эмчийн мэргэжилтэй адилхан нарийсч задардаг юм ш дээ.Шүдний эмч, дотрын эмч, мэс заслын эмч гэдэгтэй адилхан нарийн чиглэлүүдээр мэргэшдэг.Хүний эрхийн хуульч, захиргааны хэргээр мэргэшсэн хуульч, гэрээний хуульч, эсвэл зөвхөн өв залгамжлалын асуудлаар дагнаж мэргэшсэн хуульч ч байдаг юм уу.Эсвэл эрүүгийн чиглэлээр мэргэшсэн хуульч ч байдаг юм уу.Миний хувьд ярих юм бол илүү нийтийн эрх зүй, Үндсэн хуулийн эрх зүй, захиргааны эрх зүйгээр мэргэшсэн хуульч л даа.Энэ чиглэлүүдээр бас нэлээн олон жил их сургуулиудад багшилсан.Тодорхой хэмжээний сурах бичиг, номуудыг ч гаргаж байсан. Өгүүлэл, нийтлэлүүдийг бичиж  байсан. Энэ чиглэлүүдээрээ  ажиллаж байсан. Практик ажлын туршлагатай гэсэн үг.Тийм ч учраас би нийтийн эрх зүй рүү хандсан үйл ажиллагаа нэлээд явуулдаг. Нийтийн эрх зүй гэдэг нь үндсэндээ Үндсэн хуулаар эрх хэмжээ нь тогтоогдсон төрийн дээд байгууллагуудтай холбоотой, тэр институциудын хоорондын харилцаатай холбоотой, тэр институциудын хэмжээнд хууль ёсыг сахин мөрдүүлэхтэй холбоотой, шударга ёсны хэмжүүрүүдийг хангахтай холбоотой асуудлуудыг хөнддөг учраас угаасаа асуудлууд нь улс төр эрх зүйн агуулгатай байдаг. Үндсэн хуулийг угаасаа ганц хууль гэж үздэггүй шүү дээ.Үндсэн хуулийг улс төр, эрх зүйн бичиг баримт гэж тодорхойлдог.Тэр утгаараа тэр хүрээний онолын болон практик дээр үүсч байгаа асуудлууд бүгд өөрөө яг тийм шинжийг агуулж байдаг учраас миний үйл ажиллагаа улс төрийн өнцгөөс харагдах тал байдаг байх.Үүнийг бол би хэвийн гэж үздэг.Би сая нэг талаас нь онолын үндэслэлүүд ярьлаа. Нөгөө талаасаа бас тодорхой хэмжээгээр манай улс төрийн орчинд нөлөө бүхий хариуцлага үүрч байгаа улс төрийн хүчний бүлгийнх нь хуулийн зөвлөхийн хувьд энэ асуудлыг  намынхаа бодлого шийдвэрүүд, үзэл баримтлалтай холбож  харж, эрх баригчдын явуулж буй бодлого шийдвэртэй холбоотой асуудлууд дээр зоригтой шүүмжилж дуу хоолойгоо гаргаж явж байгаа. Нэг талын ийм шалтгаан бас байдаг. Нөгөө талаас өнөөгийн жирийн хуульчдын хувьд харж байхад яг Засгийн газар ч гэдэг юм уу, эсвэл тодорхой өндөр албан тушаалтнуудын хийж байгаа хууль бус үйл ажиллагаатай холбоотой асуудлаар дуу хоолойгоо өргөх, зоригтойгоор энэ асуудлуудаар нь маргаан өрнүүлж, тэрийг хэрэгсэхгүй болгуулах ийм зоримог тэмцлийг өрнүүлэх зориг, орчин  бас бага байх шиг байна. Яагаад гэхээр жирийн өмгөөлөл хийдэг хуульчдад эргээд дарамт ирэх ч юм уу, хуульчийнх нь гэрчилгээ хүчингүй болох ч байдаг юм уу, эсвэл ажил алба орлоготой холбоотой,  гэр бүл төрөл садангийнх нь хүмүүсийн аль нэг нь төрд ажиллаж байж таардаг, тэнд нь янз бүрийн байдлаар дарамт шахалт ирдэг ч юм уу ийм олон зүйлүүдээс болоод мэдэж байгаа ч гэсэн тэмцэхээс болгоомжилдог юм байна. Бид нар хоорондоо уулзаад ярихаар Засгийн газрын ийм шийдвэр ингээд хууль зөрчсөн байна.Ийм буруутай үйл ажиллагаа явагдсан байна гээд ярьдаг мөртлөө гаргаж тавьдаггүй. Тэгээд Үндсэн хуулинд заагдсан иргэнийхээ эрхийг эдлээд, хуульч  мэргэжлийнхээ бахархлыг хүмүүст харуулаад, Цэцэд нь хандаад яваач гэхээр явдаггүй. Энэ юуг харуулж байна вэ гэхээр тэнд ямар нэгэн байдлаар айдас, ямар нэгэн байдлаар барьцаалагдсан харилцаа байна л гэсэн үг байхгүй юу.

-Тэгж харагдаж байгаа учраас танд энэ асуултыг тавьсан юм.Сэтгүүл зүй мөн адилхан.Энэ 32 нүүртэй, хөлс хүч шингэн гарч байгаа сонин таны өмнө байна. Зарим нэгэнд дэмий санагдавч бүхэлдээ нийгмийн гоо сайхны төлөө, нийгмийн үнэт зүйлсийн төлөөх тасралтгүй үйл ажиллагааг  агуулж байгаа. Энэ бүх дугаарууд.Сэтгүүлчдийн амьдрал ч гэсэн энэ зүг рүү л чиглэсэн тасралтгүй зам байдаг.Гэтэл манай салбарт хүртэл дуугаа хураасан, тархиа бариулсан шинж гараад ирж байгаа байхгүй юу.
-Үнэхээр тийм байдал илт болчихлоо л доо.

-Хуульчид мөн адил.Хуулийн дархан хилийн манаач байхаа болиод ганц нэг өвгөн хуульч л хашгирч байгаа үзэгдэх.Тэр нь ч улс төрийн шалтгаан, хувийн гомдол суурьтай.Идеал гэхээр л С.Нарангэрэл гуай дээр очиж асуудаг.Би Нарангэрэл гуайг хүндэтгэж байна л даа. Гэхдээ л түүний тэмцэл нэг шавьдаа  хорссон хорсол. Тийм ч учраас түүний дуу хоолой хагас харагддаг.Бүтэн тэмцэл, цэвэр үйл ажиллагаа, байнгын харуул манаа алга байна л гэж би хэлэх гээд байна.
-Би бол энэ бүх зүйлийг нэг хүнээс, нэг хуульчаас өв тэгш хуульчийн идеалыг хайх бол утгагүй.Тэр өөрөө бас буруу.Тийм боломж ч байхгүй.Үүнийг маш олон хуульчдын өрсөлдөөнөөс олж харах ёстой.Тал талд. Жишээлбэл, би нэг  намын бүлгийн хуулийн зөвлөх байж байна. Хэдийгээр  намайг чи улс төрийн үнэр оруулаад байна. Чи улс төрийн өнгө аяс оруулаад байна гэж байгаа бол.Энэ яг юу хөндөж байна вэ.Яг ямар аргумент дэвшүүлж байна вэ гэдгийг нь л авч үзэх ёстой байхгүй юу.Тэр үзэл санааг буруу гэж байгаа бол буруутгаж байгаа бас нэг өнцөг нь байх ёстой.Тэр олон өнцгүүд дундаас чинь тэр үзэл санаа нь зөв юм уу, буруу юм уу гэдэг нь шүүгдээд тэр үзэл санаа нь өөрөө идеал болж байвал зөв.Түүнээс хувь хуульч өөрөө идеал болж байгаа нь бас туйлын зорилгын асуудал биш.Хэвлэл мэдээллийн ертөнц дээр би ажигладаг л даа.Хаалтын гэрээтэй холбоотой асуудлууд дээр би ч гэсэн маш их шүүмжлэлтэй ханддаг. Яагаад гэхээр Ерөнхий сайдтай холбоотой тавьж байсан асуудлууд, өөрөөр хэлбэл тодорхой хэмжээний авилгатай холбоотой, их хэмжээний мөнгийг тендерийн бус арга замаар зарцуулж байсан гэдэг асуудлууд эргээд яван явсаар, албан бус нөхцөл байдлаар аваад үзэхээр хаалтын гэрээ рүү нөгөө мөнгө нь гарчихсан байх тийм сэжүүр бас гарч  ирдэг байхгүй юу. Өөрөөр хэлбэл нөгөө төсвийн мөнгө чинь эргээд нөгөө хэвлэлүүд рүү өөрийгөө магтуулах, өөрийг нь шүүмжилж байгаа дуу хоолойг гаргахгүй байх тэр захиалгат юм руу гарч байдаг учраас би хувьдаа асар их эгдүүцдэг.Хаалтын гэрээ гэдэг юм чинь бүх өрсөлдөөнт дуу хоолойг боомилж, зөвхөн мөнгө өгсөн талыг хамгаалах хэрэгсэл болж байна шүү дээ.Энийг халах арга зам бол ердөө л өрсөлдөөн.Би өрсөлдөөнд найддаг.Энийг хүчээр дарах гээд, эсвэл хаалтыг ахиад эсрэг талаас нь хаалтын гэрээгээр дарах гээд зүтгэвэл энэ явц дийлдэхгүй бөгөөд зогсохгүй байх.Энд зөвхөн өрсөлдөөнд л найдаж болох байх.Гагцхүү өрсөлдөөн л дотроос нь бут цохиж явж байх ёстой.Өөр гарц одоогоор харагдахгүй байна.Үүнтэй хууль зүйн салбар яг адилхан. Өөрөөр хэлбэл тэнд нэг талд авилгажсан гэдэг юм уу, тодорхой бүлэглэлийн дуу хоолой болж байгаа гэдэг зүйл байгаа бол нөгөө талд нь тэр шүүмжилж байгаа дуу хоолой, тэрийг хүлээж авч байгаа, тэрийг үгүйсгэж байгаа олон талын дуу хоолойнууд нэгдэж байж тэр идеал, тэр хүсэн хүлээсэн үнэт зүйл гэдгийг чинь бий болгодог. Манай энэ ардчилсан нийгмийн чинь гол мөн чанар тэр шүү дээ.

-Миний харж байгаагаар бол Засгийн газрын хууль зөрчиж гаргасан сүүлийн шийдвэр хэд хоногийн өмнө гарах  шиг боллоо. Хөдөлмөрийн хуулинд аливаа алба хаагчийг ээлжийн амралтаа эдэлж байх үед нь, жирэмсний амралттай байх үед нь, өвчний чөлөөтэй байх үед нь ажлаас халахыг хориглосон заалт байдаг.ЦЕГ-ын даргыг ээлжийн амралттай байхад үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргажээ.Жишээлбэл, энэ шийдвэрийг юу гэж харж байна вэ гэвэл та юу гэж хариулах бол?
-Жишээлбэл, яг хуульчийн маань хувьд “миний эрх ашиг зөрчигдчихлөө” гээд Билэгт гэдэг хүн хандвал би татгалзахгүй. Би тухайн хувь хүний нууцыг хадгалж, хуул зүйн  туслалцаа үзүүлэхэд бэлэн. Хуульч хүний мэргэжлийн ёс зүй гэж зүйл бас байна шүү дээ.Өөрөө хэрэв итгэвэл шүү дээ. Үгүй ээ,  “энэ бол МАН-ын нөхөр юм аа” гээд итгэхгүй бол тэр хүний асуудал. Хэрвээ итгэвэл би тэр хүний итгэлийг хүлээгээд туслалцаа үзүүлэхэд бэлэн.Зүгээр энэ тохиолдол дээр юу гэж харж байна вэ гэвэл би өөрөө Б.Билэгтэд их шүүмжлэлтэй ханддаг хүн шүү дээ.Би бол хуульч Б.Билэгт гэж нэг их сайн мэдэхгүй.Боевик Билэгт л гэж мэдэхээс биш.

-Нэгэнт  тантай уулзсаных Х.Тэмүүжин сайдын тухай асуухгүй өнгөрч чадахгүй нь. Яагаад түүний тухай асууж байна вэ гэвэл энэ сайдтай холбоотой дуулиан бол сүүлийн жилүүдийн улс төрийн амьдралд дэгдсэн хамгийн сонирхолтой үйл явдал.Дэлхийн ямар ч оронд Хууль зүйн сайд ийм төрөл бүрийн сэдвээр дуулиан дэгдээвэл тэр хамгийн том шуугиан л болно.Тэр үүднээс нь би Тэмүүжин гэдэг сэдвийг асууж байгаа юм.Манай мэргэжлийн онцлогийг хүмүүс сайн ойлгохгүй юм.Тэмүүжинг зуучихаад л зажлаад байгаа юм шиг ойлгох.Ажиглаж байхад танай үеийн хуульчид Тэмүүжин гэдэг сэдвээс их дөлж байгаа харагдах юм.Х.Тэмүүжин огцрохгүй үлдэж чадлаа.Би хувьдаа үүнийг байж болшгүй явдал гэж үздэг.Та юу гэж хардаг вэ?
-Нийгэмд тархаад байгаа, хүмүүсийн ярианы сэдэв болгоод байгаа нэг бүсгүйтэй холбогдсон гэх асуудлын тухайд би хувийн байр сууриа илэрхийлье л дээ.Энэ бол төрийн өндөр албан тушаалтны ёс зүй гэхээсээ илүүтэй хувь хүний ёс зүйтэй холбоотой асуудал гэж би үзэж байгаа.Хувь хүний ёс зүй, мэргэжлийн ёс зүй, төрийн албан хаагчийн ёс зүй, бизнесийн ёс зүй гээд тусдаа зааг ялгаанууд бас байна.Жишээлбэл, Билл Клинтоныг Америкийн төрийн тэргүүн байхдаа Монико Левинскийтэй холбогдсон гэдэг асуудал яагаад өндрөө авсан гэхээр тэр хоёрын эр эмийн харилцаа хэнд ч сонин биш байсан байхгүй юу.Яагаад тэр асуудлыг АНУ-ын конгресс их өндөр авахуулж, дээд шүүх хүртэл энэ асуудал явсан гэхээр Клинтон “Би энэ эмэгтэйтэй дотно харилцаанд ороогүй” гэж АНУ-ын конгресс дээр ярьсан.Ингээд л тэр хүн конгресст худлаа ярьсан гэдгээрээ л буруудаж, асуудал улам том шуугиан болж боссон болохоос биш тэр хоёр хүн эр эмийн харилцаатай байсан гэдэг асуудлаар шүүх гээгүй юм шүү дээ.Өөрөөр хэлбэл, энд яг ёс зүйн хэмжүүрүүдийн ялгаа нь гарч ирж байгаа байхгүй юу даа. Яг энэ өнцгөөс нь авч үзэх юм бол сайдын асуудал  хувь хүний ёс зүйтэй холбоотой асуудал. Тэр асуудлынхаа хүрээнд тайлбарлахдаа УИХ-д худлаа ярьсан, эсвэл тухайн хэрэгт шалгагдаж байгаатай холбогдуулж цагдаагийн байгууллагад худлаа мэдүүлэг өгсөн бол харин хуулийн зөрчилтэй холбогдож үүсэх асуудал гэж л би хэлмээр байгаа юм л даа.

-Бүсгүйн сэдвээр том дуулианд өртлөө.Гэхдээ бүсгүй бол тусдаа сэдэв.Өөр хууль зөрчсөн олон ноцтой зүйл байгаа шүү дээ.Үүнийг хөндөхгүй, зөвхөн бүсгүйн дуулианаар хаагаад өнгөрч байгаа нь гайхалтай.Тэр битгий хэл ийм хачирхалтай, онц сонирхолтой шуугиан манай хэвлэлүүдийн сэдэв болж чадахгүй амаа бариулсан нь л хачирхалтай явдал.
-Наадах дээр чинь юу гарч ирж байна гэхээр нөгөө “нууц” гэдэг ойлголт чинь гараад  ирж байгаа байхгүй юу. Үүссэн зарим асуудлууд нь бол улсын нууцтай холбоотой.Гүйцэтгэх ажлын нууцтай холбоотой асуудлууд байгаа.Үүнийг би байтугай, хаалттай хуралдаан дээр мэдээлэл авсан УИХ-ын гишүүд нь ч ярьж чадахгүй.Хэрвээ яривал улсын нууц задруулсан гээд өөрөө хэрэгт уначих гээд байгаа учраас энэ сэдэв өөрөө тодорхой баримтад түшиглээд ил тод болж хөндөгдөж чадахгүй байгаа юм.

-Ер нь бол Х.Тэмүүжин хууль зүйн салбараас төрсөн яах аргагүй тод од.Нийгэмд хүчтэй түрэн гарч ирж хайрлагдсан. Бусад хуульчдаас ялгаатай Х.Тэмүүжингийн гэх ямар стиль танд таалагддаг вэ ?
-Тэмүүжин тууштай.Өөрийнхөөрөө. Ямар нэгэн дарамт шахалтанд бол орохгүй.Тэр хүнийг лав дарамтлаад, айлгах гээд гарын үсэг зуруулна гэвэл барахгүй. Өөрөө бол хувь хүний хувьд яг амьдрал дундаас гарч ирсэн, аль нэгэн боломжтой эцэг эх, ах дүү, амраг садангийн татаас дэмжлэгээр гарч  ирээгүй. Өөрийнхөө цуцашгүй зүтгэлээр, өрсөлдөөнөөс, зүрхээрээ шархдаж бол шархдаж, гэдсээрээ өлсөж бол өлсөж, толгойгоо өвтгөж бол өвтгөж, гэр бүлээ хойш нь тавьж бол тавьж ингэж гарч ирсэн ардын хүүхэд байхгүй юу.Тэр утгаараа тухайн хүнд хадагдчихсан үнэт зүйл байгаа.Би ингэж л үздэг.

-Маш сайхан хариулт байна.Би таныг МАН-ын бүлгийн зөвлөх учраас түүний ямар чанар танд таалагддаггүй вэ гэж асууж болох.Тэгэхээр л нөгөө намжсан юм руу орчих гээд байна л даа.
-(инээв) Тийм. Таалагддаг вэ гэх асуулт надад бас содон буусан. 

-Надад ч гэсэн таны хэлж байгаа тэдгээр үнэт зүйлүүд харагддаг. Гэвч эдүгээн  хазайлтууд нь илүү анхаарал татаж байна. Асар их биеэ тоосон гэж зарим ахмад хуульчид гярхай ажиглалт хийсэн байдаг.Дээрээс нь маш их өс санадаг.Тэр өшөө авалтаа тууштай бодлого болгож хэрэгжүүлж байна.Салбараасаа өшөө авч байна.Би бол цагдаагийн зарим хүмүүсийг удахгүй халагдах байх гэж харж байгаа.Түүний энэ хазайлтуудын тухайд харин та юу хэлэх бол?
-Ер нь Х.Тэмүүжинд МАН-ын гэхээсээ АН-ынх нь нөхдүүд их харшилтай байдаг юм шүү дээ.Үүнийг би аль эрт анзаарсан.Түрүүчийн парламентад сонгогдох үед нь ч анзаарч байсан.2008-2012 онд Х.Тэмүүжин багийн тоглогч байж чадаагүй.Харин ч илүү ганцаарчилсан тоглолт хийж байсан.Тэр дундаа МАН-ын гишүүдтэй илүү хамтарч тоглолт хийж байсан.МАН-ын гишүүдийн, тэр дотроо залуу гишүүдийнх нь дэмжлэгээр илүү оршиж байсан.АН-ын нэр бүхий гишүүд нь “Яахаараа, та нар энэ Тэмүүжинг дэмжээд байдаг юм бэ.Энийгээ болиоч” гэсэн уур уцаартай зүйлийг албан бусаар илэрхийлж байсан тохиолдлууд ч бий. Тэрэн дотор илүү МАН-ын залуус, нэр цохох юм бол Ж.Сүхбаатар, Ж.Энхбаяр нарын залуу хуульч гишүүд тэр авилгын эсрэг бүлэг, нийтийн ашиг сонирхлын хууль ч гэдэг юм уу, тухайн улстөрчийг нийтийн өмнө товойлгон гаргаж ирсэн энэ бодлого, үйл жиллагаан дээр нь илүү дэмжигч, илүү хамтрагч байж ирсэн юм шүү дээ. 

-Би Тэмүүжинг үзэн ядагч биш.Гэхдээ зарим үйл ажиллагаан дээр нь зарим хэвлэлийнхнээс эсрэг байр суурьтай байгаа.Сая манай Ерөнхий сайд, Хууль зүйн сайд хоёр Төв аймгийн түр хорих байранд очоод, АТГ-ын мөрдөн байцаагчийн хориглосон шийдвэр дээр гишгээд тодорхой асуудлаар шалгагдаж байгаа сэжигтэнг гаргаж ирээд хоёр цаг уулзчихлаа.Үүгээрээ дээд зэргийн давилуун байдлыг монголын ард түмэнд үзүүллээ гэж ёс зүйн талаас нь харж байна.Хоёрдугаарт, тэд хууль зөрччихлөө.Хамгийн хачирхалтай нь золиосондоо Төв аймгийн хорих байрны дэд даргыг халчихаж байгаа юм.Энэ одоо юу болж байна вэ.Ийм хачирхалтай үйл явдлын талаар яагаад хэвлэлүүд дуугарахгүй байна вэ.Тэр байтугай танай намын угшилтай хэвлэлүүд хүртэл амаа үдүүлж байгаа нь гайхаж баршгүй харагдаж байна?
-Энэ нийгэм чинь өөрөө нэлэнхүйдээ барьцаалагдсан нийгэм болчихоод байгаа юм биш үү.Бие биедээ, шат шатандаа.Хэвлэл нь улс төрөө барьцаалдаг.Эргээд улстөрчид нь гэрээ, мөнгө төгрөгөөр хэвлэлээ барьцаалдаг.Нөгөө талд нь энэ эрүүгийн элементүүд гэгддэг нөхдүүд нь хуулийн салбар руу гар хөлөө шургуулж, барьцаалах гэж бас үздэг.Эргээд хуулийнхан нь улстөрчдөө барьцаалдаг.Ерөөсөө ийм нэг гинжин урвалд орчихсон юм биш үү.Би бол ингэж хараад байгаа.Таны саяны хэлж байгаа тохиолдолд бол үнэхээр буруутай үйл ажиллагаа болсон.

-Таслаад асуухад Х.Тэмүүжин бол Н.Алтанхуягийн хэмжээний хүнтэй (албан тушаалыг нь эс тооцоод) ганзага нийлээд явах бололцоогүй дээгүүр зиндааны улстөрч.Тэгэхээр Ерөнхий сайд гэдэг эрх мэдэлтэн Х.Тэмүүжин шиг хүнийг хүртэл хугалаад хуулийнх нь алтан босгон дээр гишгүүлчихлээ гэмээр.
-Энэ ноён нуруу нь сая хугарчихаж байгаа асуудал биш шүү дээ.Би бол ноднин жилээс хугараад эхлэхээр нь л хэлж байсан.

-Тэмүүжинд үү?
-Тийм. Сошиал ертөнцөөр.Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө тодорхой нэр бүхий МАН-ын гишүүдийг баривчлаад л, баривчилсныхаа маргааш нь өөрөө ярилцлага өгөөд л, өөрөө олон нийтэд ил гарч ирж яриад л. Гэмт хэрэг нь нотлогдчихсон ч юм шиг.Хэдэн зуун тэрбум төгрөг идээд уучихсан ч юм шиг.Энийг нь илрүүлчихлээ гэж өөрөө гарч ирж шударга үнэний туйл баатрын дүрд тоглоод л. Тэгээд л тэр явцад нь хавтаст хэрэгтэй өөрөө танилцсан гэдэг нь илт мэдэгдээд л. Салбарын сайд нь өөрөө тэгээд ярьчихаар нь нөгөө мөрдөгч нар чинь яах юм бэ.Нотлохын төлөө л явна биз дээ.Сайдынхаа мэдэгдсэн мэдэгдлийг худлаа байсан юмаа гэдгийг нотолж, ажилгүй амьдралгүй болох тийм мөрдөгч байх уу.Эргээд өөрөө ингэж Үндсэн хуулийнхаа язгуур зарчмууд руу гишгэж эхэлсэн байхгүй юу.Энэ хугаралт бол энэ жилийн асуудал биш.Ноднин жилээс эхтэй.Ноднин би хэлж байсан.Прокурорын ажлыг чи хийдэг болчихсон юм уу.Энийгээ болиоч ээ.Гэм буруутай нь шүүхээр нотлогдоогүй байхад хэнийг ч гэмт хэрэгтэнд тооцож болохгүй гэсэн нөгөө Үндсэн хуулийн язгуур зарчим яасан бэ гэж хэлж байсан.Х.Тэмүүжин ингэж өөрийн намынхаа нэр дэвшигчдийг сонгуульд ялуулахын тулд өөрийнхөө баримталж ирсэн, тогтоож сахиулахын төлөө тэмцэж ирсэн тэр зүйлүүдээсээ өөрөө ухарч эхэлсэн.Тухайн үед нь би тэсэлгүй шүүмжилсэн.Ер нь хуулийн байгууллагыг улс төрийн ашиг хонжоо олох ажиллагаандаа ашигласан хүн эргээд дандаа тэрнийхээ боол нь болдог.Улстөрчид өөрсдөө ийм буруу үйл ажиллагааныхаа төлөөсөнд боол болно гэдэг бол хамгийн аюултай.Одоо мөдхөн болох 2016 оны сонгуулийн үр дүнг хэн шийдэх гэж байгаа юм.Улс төрийн намууд шийдэх гэж байгаа юм уу.Улс төрийн лидерүүдийн дэвшүүлж байгаа үзэл санаа шийдэхгүй нь байна ш дээ.Хэн шийдэх гэж байна гэхээр хуулийн байгууллагын хоёр гурван комиссар ярьж байгаад л тэндээс нь тэр тэрийг нь барьчихъя, ингээд нэр хүндэд нь халдчихъя.Тэгээд намынх нь нэр хүндийг буулгачихъя гээд явах юм уу.Одоо тэгээд энэ хуулийн байгууллагууд чинь нэг намын хавсарга компани, улс төрийн сонгууль хийх пиарын баг нь болж байгаа юм уу.Сүүлдээ яг нэг ийм хавсарга баг шиг ажиллаж байна шүү дээ.Яг нэг улс төрийн арга хэмжээ болох гэнгүүт л хэвлэлийн хурал хийдэг.Яг нэг үйл явдал болох гэнгүүт шүү.Ноднин ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө хичнээн удаа хэвлэлийн хурал хийсэн бэ.АТГ хэдэн удаа хийсэн.Цагдаагийнхан хэдэн удаа хийсэн.Хууль зүйн сайд өөрөө хичнээн удаа ярилцлага өгсөн.Энэ бүх завхрал дээр одоо нэг их өөрийгөө хамгаалах гээд байх юм байхгүй.Ер нь өөрийгөө зөгийний авгалдай болгочихоод дараа нь хүн гишгэчихлээ гэж гомдоод хэрэггүй гэж нэг үг байдаг юм.Сая тэр хорих дээр давхиж очлоо.Юу болж байгаа юм.Прокурорууд бол ярьж байна лээ.Одоо үндсэндээ бид нар ажлаа хийж чадахгүй болж байгаа юм байна.Бидний ажлыг хуулийнх нь дагуу хийлгэх ямар ч бололцоогүй болчихлоо гэж ил тод хэлж байна лээ. Улс төрийн дарамт шахалт ирдэг гэдгийг бүр  ил тод хэлдэг. Шүүгч нар бас хэлж байна.Үнэхээр улс төрийн даалгавар их ирж байна гэж.Дээрээс даалгавар ирэх л юм бол ямар ч хэрэг байсан хэрэгсэхгүй болгодог.Ямар ч хэрэг үүсгэх бололцоогүй байхад дээрээс хэлсэн л бол хэрэг болгодог.Ийм л цаг үе ирчихлээ гэдгийг хуулийнхан хаа хаанаа шаналан ярьцгааж байна.Ерөнхий сайд Н.Алтанхуяг гэдэг хүнд бол хууль ёсны ямар ч сэтгэхүй байхгүй.Энэ үгээ би жилийн өмнө ч хэлж байсан.Бусад нь яачихаад байгаа юм бэ.Үнэхээр гайхаж байна.Хууль зүйн сайд өөрөө өөрийнхөө үйлдлээр ингэж манлайллаа эвдэж байна гэдэг надад туйлын харамсалтай байна.Н.Алтанхуяг гэдэг хүний хувьд бол угаасаа ийм ойлголтуудыг авч үзэх нэгэнт бололцоогүй хүн.

-Сөрөг хүчин, сөрөг хүчний хуульчид энэ мэт сэдэв дээр ажиллаж байх ёстой.Энэ бол бусдын мууг үзэх гэсэн явдал огт биш.Сөрөг хүчин амьд байна уу гэдэг асуултыг хуулийн зөвлөхийнх нь хувьд танд тавьмаар байх юм?
-Нэгдүгээрт, миний түрүүний хэлсэн барьцаалагдсан байдал бол нам дагнасан байдалтай байна.Хоёрт, та нэгэнт улс төрийн намын бүлэгт хашиж байгаа албатай маань холбож асуусан учраас би намын гишүүнийхээ хувьд хариулъя.Ерөнхийдөө манай гэлтгүйгээр намуудын боловсон хүчний залгамж бодлого гэдэг зүйл суларсан.Дархлаа нь их алдагдсан байдалд байх шиг байна.Энэ хоёр хүчин зүйлтэй холбоотойгоор асуудлыг авч үзмээр санагддаг.Манай намын тодорхой нэр бүхий гишүүд дугарч байгаа.Тухайлбал, Ц.Нямдорж гишүүн тасралтгүй байр сууриа илэрхийлдэг.Зарим үед нэлээн хурцхан ч илэрхийлдэг.Зарим хүмүүс түүнийг өмнөх суудлаа санаглзаад ингэж бачимдаж байна гэж хэлдэг.Би бол Ц.Нямдорж гэдэг лидерийг сандал ширээнд дурлаад л, тэрнийхээ төлөө бачимдаад байх хэмжээний амбицтай хүн биш гэж боддог.Байр сууриа ямар үед, яаж илэрхийлэхээ тэр хүн мэддэг.Өөрт нь туршлага байна шүү дээ.Асар арвин туршлага.Ганцхан мэдлэг биш дээр нь туршлага гэдэг юм хоршиж байж тухайн лидерийн манлайллыг бүтээдэг.Х.Тэмүүжинд байхгүй байгаа тэр туршлага Ц.Нямдоржид байгаа байхгүй юу.Ц.Нямдорж сайдад байхгүй байгаа онолын сүүлийн үеийн мэдлэг, чиг хандлага Х.Тэмүүжинд байгаа байхгүй юу.Энэ хоёр ойлголт аль алинаа нөхөж л явдаг.Үгүйсгэл үгүйсгэл гэдэг чинь өөрөө бас зөв.Гагцхүү хэм хэмжээний тухай ойлголт л энд үйлчлэх ёстой.Би жишээ нь их тийм заргач имижтэй ш дээ. (инээв) Нэг их заргалдаад л, байнга шүүхдэлцээд байсан юм байхгүй.Гурван удаагийн ЦЭЦ-д хандаж байсан тохиолдол байна.Шүүхдэлцсэн ганц нэг тохиолдол байна.Н.Алтанхуяг гомдож над дээр эрүүгийн хэрэг үүсгүүлж шоронд хийх гэж улайрсан асуудал байна.Тэрэн дээр байр сууриа илэрхийлж тэмцсэн байх.Тэгсэн чинь л энэ их заргач хуульч гэх маягийн нэр авсан.

-Тэр эрүүгийн хэрэг нээрээ дууссан уу?
-Дууссан. Прокуророос хэрэгсэхгүй болгосон.

-Нэг талаас хөгжилтэй ч юм шиг.Ер нь бол өдөр болгон л гайхшруулж байна.Хууль зүйн яамны Төрийн нарийн Баярцэцэг гэж эмэгтэй байдаг юм байна.Тэр эмэгтэй нэг хачин мэдэгдэл хийлээ.“Ер нь манай Ерөнхий сайд зөвлөхтэйгөө уулзахдаа прокуророос асуух шаардлага ч үгүй” гэж мэдэгдлээ.Манай ард түмэн ямар сайхан тайван, уужуу хүмүүс юм.Гайхаад л сууцгааж байна.
-(инээв) Тэр яг тэгсэн гэж үү. 

-Бичлэгийн хуурцаг нь байгаа юм билээ.
-Хуурцаг дээр бичлэг яг байгаа юу.

-Та юунд ингэж их эргэлзнэм бэ. Мэргэжлийн сонины технологид ийм зүйл байхгүй. Тоглоомын ийм дүрэм байдаггүй юм. 
-Би үнэндээ итгэхгүй байгаа юм. 

-Ийм л зүйл боллоо.
-Үнэхээр би итгэж чадахгүй байгаад байна. Яагаад гэхээр би бол Баярцэцэгийг мэднэ шүү дээ. Тэр хүн бол улс төрийн нөлөөнд айхтар ороод л, үг хэлээ хүнээр заалгаж цэнэглүүлээд байх түвшний хуульч биш гэж би боддог байхгүй юу. Ялангуяа оролцох эс оролцох асуудлын хил хязгаар, эрх хэмжээг мэддэг хуульч байх гэж боддог. Тэгээд би итгэхгүй байгаа юм. 

-Ёс зүйн хувьд улайн цайм ингэж зусардсан, улайн цайм дээд тушаалын дарга нартаа тал зассан хуульчийн мэдэгдлийг үзлээ. Дээр нь үнэхээр стандарт биш дуугаралт биз дээ, энэ чинь.
-Би юу ч хэлж  чадахгүй байна. (инээв) Ийм үгийг хуулийн сургуулийн хоёрдугаар курсын оюутнууд ч дугарахгүй шүү дээ. Байцаан шийтгэх ажиллагаагаа үзээгүй байлаа гэхэд үндсэн хуулийн эрх зүй, онолын суурь үзчихсэн, процесс үзчихсэн оюутан ч ингэж дугарахгүй. Тийм учраас би гайхаад л байна. 

-Одоо хүчний байгууллагуудын “зодоон” бүр ил гараад ирлээ.  Одоо Ерөнхий сайдын нөлөөнд орсон бүх хэвлэлүүд АТГ луу дайрч эхэллээ. Энэ үйл явцыг та яаж харж байна вэ?
-АТГ бол Ерөнхий сайдыг олон удаа хаацайлсан уу гэхээс биш нэг их буруутгаад байсан тохиолдол байгаа юм уу. Би бол бүр маш тодорхой баримтууд өгч байсан хүн шүү дээ. АТГ-т дөчин хэдэн хуудас баримтыг, санхүүгийн мөнгө шилжүүлсэн бүх гарын үсэгтэй баримттай нь, өөрийнх нь захирамжтай нь өгсөн хүн шүү дээ. Энэ бүх баримтууд нь тодорхой хууль зөрчиж байна гээд. Тэгэхэд АТГ хэрэгсэхгүй, хэрэг үүсгэхгүй гэсэн ганцхан өгүүлбэрээр хариу өгч байсан шүү дээ. Тэр баримтуудын юу нь худлаа юм. Юу нь үнэн юм. Ямар шинжээч томилж ажиллуулсан юм. Ямар ч ийм ажиллагаа хийхгүйгээр л татгалзаж байсан шүү дээ. Энэ чинь хаацайлж байна гэсэн үг биз дээ. Н.Алтанхуяг энэ АТГ-т баярлах ёстой байхгүй юу.  Ерөөсөө энэ АТГ ажил хийлгэхгүй байна. Ясаа цайтал үзнэ гээд хашгираад байх юм. Би бол Н.Алтанхуяг гэдэг хүн АТГ-т баярлах ёстой хүн гэж боддог. Удаа дараагийн хууль зөрчсөн үйл ажиллагаа  байгаа шүү дээ. Тэр үйлдлээ хамгаалж намайг гүтгэсэн гэсэн. Тэгсэн чинь гүтгээгүй гэсэн дүгнэлт гарч байгаа юм. Гүтгээгүй юм чинь тэр баримтууд үнэн гэсэн үг биз дээ. Гүтгээгүй юм бол тэр АТГ хэрэг үүсгэх л ёстой байсан биз дээ. Нөгөө талаасаа. Ингээд хэн нь ч буруугүй. Гүтгэсэн гэгдэж байгаа нь буруугүй. Гүтгүүлсэн гэж байгаа нь ч буруугүй. Ийм шийдвэр гаргаж байна шүү дээ. Яг ийм тохиолдол чинь тодорхойгүй  байдал руу аваачиж байна. Юу нь ч тодорхойгүй. Тэгээд одоо бид юунд найдах юм бэ. Төрийн тэргүүн нь болохоор авилгатай тэмцнээ. Дайн зарлаж байна гээд уриа ч дэвшүүлсэн. Одоо ч тэр бодлого, байр суурь нь хэвээрээ. Гол ярьсан, дэвшүүлсэн үзэл санаа нь хуулийн засаглал. Би бол үүнийг анхнаас нь эхэлж дэмжиж яваа. Маш зөв бодлого. Төрийн тэргүүн ийм байр суурьтай. Гэтэл Засгийн газрын тэргүүн нь болохоор АТГ-тай тэмцнээ гээд ингээд орилоод байдаг. Мэдэгдэл гаргаад байдаг. Яасаа цайтал үзнэ гээд байдаг. Энэ ямар хувь хүн биш дээ. Хувь хүн биш байхгүй юу. Төрийг төлөөлж шийдвэр гаргаж байгаа эрх бүхий албан тушаалтан байхгүй юу. Энийг нь сануулж, хуулийг сахиулах гэж тэмцэхээр “энэ их заргач залуу” гээд байдаг. Би жишээлбэл, хувь хүн Н.Алтанхуяг гэдэг хүнийг танихгүй шүү дээ. Уулзаж үзээгүй. Бидний хооронд урьд өмнийн өс хонзонгийн хэлхээ юу ч байхгүй. Төрийн өмнөөс шийдвэр гаргадаг, хариуцлагатай албан тушаалтных нь хувьд хууль зөрчсөн үйлдлүүдийг удаа дараа хийж, хууль хэрэгжүүлэгч байгууллагуудыг заналхийлж, дураараа авирлаж байгааг нь л тэвчих арга алга болж байна шүү дээ.Үнэхээр тийм биз дээ.  
-Тийм ээ, тэвчээрийн хүлээс алдарч байна. Таныг цаг зав гаргаад манай редакцид зочилж, бидэнтэй байр сууриа хуваалцсанд талархлаа. Мэдээж ахиад ярих өдий төдий сэдвүүд, асуудлууд байна. Бид үргэлж залуус та бүхний өмнө Нээлттэй хаалга байх болно. Бидэнд хандаарай. 
-Би ч та бүхний ажилд амжилт хүсмээр байна. Улам эрч хүчтэй ажиллаарай. Сайн засаглалын төлөө, эрүүл саруул нийгмийн төлөөх цуцалтгүй гүүр, хүчирхэг дуу хоолой байгаарай гэж ерөөе. Баярлалаа.

Ctrl
Enter
Гомдол хэрхэн мэдүүлэх вэ?
Холбоотой текстийг идэвхжүүлэн Ctrl+Enter дарна уу.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл (0)

Foto
Б.Ганчимэг

Б.Ганчимэг
Б.Ганчимэг
Б.Алтанхуяг
Б.Алтанхуяг
А.Доржханд
А.Доржханд
О.Нинж
О.Нинж
П.Соёлдэлгэр
П.Соёлдэлгэр
А.Банзрагчгарав
А.Банзрагчгарав