Бид энэ удаа эрдэнийн чулуу шинжээчээр Монгол улсад албан ёсоор ажиллаж байгаа цорын ганц мэргэжилтэн болох Б.Гэрэлийг онцолж урилаа . Энэ мэргэжлийг монголд бэлтгэдэггүйгээс гадна орон тооны асуудал, ажлын ачаалал, хуурамч чулуу худалдаалах зэрэг олон асуудлууд газар авч байгаа тухай бид хөндсөн юм. Уншигч та тухлан сууж уншаарай.
- Та манай уншигчдад өөрийгөө товчхон танилцуулж болох уу?
-Намайг Б.Гэрэл гэдэг. БНХАУ-ын Бээжин дэх Геологийн шинжлэх ухааны их сургуульд эрдэнийн чулуу шинжээч мэргэжлээр суралцсан. Манай улсад энэ мэргэжлээр боловсон хүчин бэлтгэдэг их сургууль хараахан гарч ирээгүй л байна. Одоо бол Стандарт хэмжил зүйн газрын эрдэнийн чулуу шинжлэлийн лабораторид ажиллаж байна. Чулуун эдлэл буюу чулуу орсон бүх бүтээгдэхүүнийг нягтлан шинжлээд гэрчилгээ бичиж өгдөг газар юм л даа.
- Эрдэнийн чулууны лабораторийн хувьд үнэлгээ хийхээс илүү тухайн чулууны шинж чанарыг тодорхойлдог уу?
-Тийм ээ. Эрдэнийн чулууны ангиллыг эрдэнэсийн сангийн хуульд хагас үнэт, үнэт, эрдэнийн чулуу гэж ангилж заасан байдаг. Маш олон төрлийн эрдэс чулуулаг дэлхий дээр байгаа. Тэр дундаас гурван шинж чанарыг харгалзан үзээд эрдэнийн чулуу гэж тодорхойлж байгаа юм. Гоё сайхан, бат бөх, ховор байх гэсэн шинжүүдийг агуулж байх ёстой. Харин эрдэнийн чулуун дээр сорьц тогтоох боломжгүй. Манай дээр бол зөвхөн алмазыг мөн эсэхийг тогтоодог. Өөрөөр хэлбэл зөвхөн үнэт металл дээр сорьц тогтоож болно гэсэн үг. Тэгэхээр эрдэнийн чулуун дээр сорьц гэсэн ойлголт байдаггүй юм. Ихэвчлэн байгалийн алмаз уу, лаборатороор ургуулсан алмаз уу гэдгийг нь тодорхойлно. Манай лабораторид бол албан ёсны үнэлгээ хийдэггүй. Ямар шинж чанартай, ямар нэртэй чулуу вэ гэдгийг нь тодорхойлоод гэрчилгээ гаргаж өгнө.
- Хамгийн их гэрчилгээ авч байгаа чулуунууд ямар чулуунууд байна вэ ?
- Сүүлийн жилүүдэд алмаз дээр хамгийн их гэрчилгээ гаргуулж байгаа. Алмазын зах зээл жилээс жилд томорч байна. Үүнтэй зэрэгцээд гадуур хуурамч алмазын худалдаа маш их болсон. Манайхаас гэрчилгээ авахгүй зарна гэдэг өөрөө хууль бус үйлдэл юм. Худалдан авагчид жинхэнэ алмаз мөн эсэхийг нь шалгахыг хүсвэл гэрчилгээг нь хараарай гэж хэлье.
- Ямар чулууг алмазтай хамгийн их андуурдаг вэ?
- Гадуур мойсанит гэдэг чулууг таримал лабораторын алмаз гээд зараад байна. Гэвч энэ чулууг дуураймал алмаз гэж нэрлэдэг. Хатуулаг нь алмазын хэмжээнд хүрдэггүй юм. Үүнийг хүмүүс алмаз гэж нэрлээд хууран мэхлэх замаар зарж борлуулж байна.
- Танай байгууллагын нэг үүрэг бол гадуур эрдэнийн үнэт чулуу зарж байгаа дэлгүүрүүдэд хяналт шалгалт хийх шүү дээ.
- Тиймээ. Жил бүр төлөвлөгөө гаргаад түүнийхээ дагуу ажилладаг. Гэхдээ би ганцаараа учраас лаборатори, хяналт шалгалтын ажлууд хоорондоо давхарддаг. Тиймээс үнэхээр бүх лангуу, дэлгүүрүүдээр бол явж амждаггүй юм л даа. Манай байцаагч нарын хувьд ч адилхан. Үнэндээ байцаагчийн орон тоо, хүн хүч маш бага байгаа. Ийм асуудлуудаас болоод хяналт шалгалтын ажил маань үнэхээр хоцорч байна.
- Та аавынхаа ажил мэргэжлийг өвөлж аваад үргэлжлүүлж яваа хүн. Энэ тухайгаа яривал ?
- Тийм, 1998 онд миний аав Ш.Бямбасүрэн гэж хүн Герман улсад эрдэнийн чулуу шинжээч мэргэжлийг эзэмшиж ирээд 1999 онд анх энэ лабораторийг байгуулсан юм. Одоо тэтгэвэртээ гарчихсан. Би залгуулаад ажиллаж байна. Хэрэв би залгамжлаагүй бол миний аав монголд энэ мэргэжлийг эзэмшсэн анхны хүн байх байсан.
- Гаалиар орж ирсэн зарим эрдэнийн чулууг шинжлэх боломжгүй тохиолдол хэр их гардаг вэ?
- Мэдээж гарна. Гадны улс орны лабораторуудтай харьцуулахад манайх бол хөгжлийн маш их хоцрогдолтой явж байгаа шүү дээ. Анх энэ газрыг нээхэд л авч байсан тоног төхөөрөмж, багажнуудыг одоог хүртэл ашиглаж байна. Шинэчилсэн нь их ховор доо. Ямар чулуу вэ гэдгийг нь яагаад ч таньж, тодорхойлох боломжгүй тохиолдолд буцаагаад явуулдаг. Гэхдээ бидний журам буюу ангилалд багтсан чулуунуудаа бол мэдээж нотлоно.
- Танай лабораторийг дэмжих ямар нэгэн төсөл, санхүүжилтийн дэмжлэг гадаад дотоодоос хэрэгжиж байгаа юу?
- Одоогоор бол тийм зүйл байхгүй. Түрүү долоо хоногт нэг шинэ багажаа хүлээж аваад л байж байна даа.
- Та мэргэжлийн хүний хувьд манай улсад эрдэнийн чулууны судалгаа ямархуу түвшинд явж байна гэж хардаг вэ?
- Би лабораторидоо ганцаараа ажилладаг болохоор ачаалал ихтэй байдаг. Тиймээс хөдөөгүүр хайгуулын ажилд явж чадахгүй байна. Тэндээс, эндээс ийм чулуунууд гардаг гэсэн судалгаанууд бага сага байдаг. Архангайн шаврын цармын анарын ордны тухай дуулж байсан юм байна. Хэнтий, Баян-Өлгий аймгаас монголын хамгийн үнэтэй чулуу буюу “усан биндэрьяа” гардаг тухай сонсож байсан. Гэхдээ энэ тухай судалгаа маш ховор байдаг.
- Ажлаа хийхэд хамгийн хүндрэлтэй байгаа зүйл юу байна вэ?
-Би сая цухас дурдсан л байх. Гэхдээ дахиад ярья. Багаж, тоног төхөөрөмж дутуу байна. Энэ жил нэг багаж тендерээр авах гээд явж байна. Тэр багаж ирчихвэл их дэмтэй байгаа юм л даа. Саяхан шинэ багаж авсан тухай ярьсан. Энэ багаж гуравдугаар сард эвдрээд үүнийг шийдэж өгөх гэсээр байтал өдий хүрсэн. Бид өөрсдөө багаж хийдэггүй учраас гадаадаас захиалаад ирэхийг нь хүлээдэг. Энэ хугацаанд үйлчлүүлэгчдэд, надад ч маш хүндрэлтэй байлаа. \инээв\ Мөн дээрээс нь би ганцаараа ажилладаг. Эрдэнийн чулууны лаборатори гэх нэртэй боловч ганц л ажилтантай. Яах вэ, ганцаараа байгаагийн шалтгаан нь бол анхнаасаа ганц л орон тоотой байсан юм. Өмнө нь чулуун эдлэлийн зах зээл нь өөрөө маш жижигхэн байсан юм билээ. Жилд 300-500 гэрчилгээ чулуун эдлэл дээр олгодог байсан. Харин одоо цаг үе өөрчлөгдөж, зах зээл нь хэтэрхий томорчихсон. Өмнөх жилд гэхэд 1915 гэрчилгээ бичиж өгсөн. Алт, мөнгөн эдлэлээс илүү чулуу сонирхдог хүмүүс маш их болчихсон байна. Улаан шүр бол сүүлийн үед хамгийн эрэлттэй байгаа. Хүмүүс энэ чулуун дээр маш их гэрчилгээ гаргуулж авч байгаа. Шинжилгээнд ирж байгаа чулуу маш их байгаа учраас сүүлийн үед ганцаараа ажлаа дийлэхгүй л байна даа. Дахиад нэг орон тоо нэмж өгөөч гээд хүсэлт тавьчихсан байгаа. Шийдэгдэхийг нь хүлээгээд л сууж байна.
- Энэ мэргэжлээр ажиллах боловсон хүчин нь өөрөө маш хомс учраас орон тоом нэмэх асуудал шийдэгдэхгүй байсаар өнөөдрийг хүрсэн байх?
- Тийм, энэ ч гэсэн бас нэг том асуудал шүү дээ. Эрдэнийн чулуу шинжээч мэргэжлийг эзэмшсэн хүн гарын арван хуруунд багтахуйц тоотой хэдэн хүмүүс л бий. Би бол эх орондоо яг албан ёсоор эрдэнийн чулуу шинжээч мэргэжлээрээ ажиллаж байгаа ганц хүн.
- Эрдэнийн чулуун дээр мөрддөг стандарт манай улсад бий юу?
- Одоогоор нэг ч стандарт байхгүй. Миний хувьд энэ жилдээ багтаад хоёр стандарт орчуулж ирэх ажил эхлүүлчихсэн байгаа. Эрдэнийн чулууны нэршил, шинжлэх гэсэн хоёр стандартыг нэн түрүүнд хэрэгтэй гэж үзээд ийм зорилго тавьсан байгаа.
- Аль улсаас авч орчуулж байгаа вэ?
- БНХАУ-аас.
- Манайхан өөрсдийн дур зоргоороо эрдэнийн чулууг нэрлэж байна уу?
- Яг зөв. Үнэт чулуунд алмаз, индранил, маргад, сувд, бадмаараг багтдаг. Гэтэл чулуу сонирхогчид өөрсдийн хүссэнээрээ нэрлэчихдэг. Жишээ нь, Лабрадорит гээд чулууг орчуулаагүй учраас яг энэ нэрээрээ л байдаг. Гэтэл зарим хүмүүс хувилгаан чулуу гэж нэрлээд байдаг юм.
- Үнэт эдлэлийн тоонд орохын тулд заавал үнэт металлын орцтой байх шаардлагатай юу?
- Шууд ингэж ойлгож болохгүй. Энэ чинь өөрөө маш харьцангуй зүйл шүү дээ. Үнэт эдлэл дотроо олон төрөл бий. Заримыг нь үнэлэх ямар ч боломжгүй байдаг. Шинжлэх ухааны үүднээс авч үзэх юм бол үнэт металл заавал орсон байх шаардлагатай. Үүн дотроо мөнгө, алт гэх мэт орц найрлагатай байх ёстой. Дээр нь нэмээд эрдэнийн чулуу шигтгэсэн байвал үнэт эдлэл болно. Гэхдээ үнэт эдлэлийг ганцхан мөнгөөр хэмжиж болохгүй. Эцэг эхээсээ өвлөж авсан ч юм уу, найз нөхдөөсөө бэлгэнд авсан эдлэлийг үнэт эдлэл гэж нэрлэж болно шүү дээ. Заавал үнэт металл орсон байх шаардлагатай гэсэн үг биш. Тухайн хүндээ л үнэ цэнтэй байвал үнэт эдлэлийн тоонд орно.
Зарим үйлчлүүлэгчид маань надаас ямар чулуу гоё чулуу вэ гэж их асуудаг л даа. Хүн хүний сонирхол өөр болохоор гоё чулуу гэдэг ойлголт бас харьцангуй. Гэхдээ хувь хүний өнцгөөс ч, мэргэжлийн хүний зүгээс ч харахад алмаз. Хамгийн хатуулаг өндөртэй, гялалзах чадвар гайхалтай, бас маш сайн чулуу. ‘D” өнгө гэдэг бол алмаз нь дээр хамгийн цагаан өнгийг заадаг. Ямар ч өнгөгүй тунгалаг, өө сэвгүй цагаан байх тусмаа маш өндөр үнэлгээтэй байдаг. Алмазын тунгалагшил бага, жижигхэн бол үнэлгээ муутай байна. Алт өөрийн гэсэн тогтсон үнэтэй байдаг. Чулуун дээр бол тогтсон ханш байх боломжгүй.