Ирэх зургаадугаар сард хичээл амрах үеэр ЕБС-ийн бүх багш нарыг ёс зүйн сургалтад хамруулах тухай Боловсролын сайд П.Наранбаяр мэдээллээ.
Тэрбээр, "2024-2025 оны хичээлийн жилийг багшийн ёс зүйн жил болгон ажиллаж байна. Зургаадугаар сард сурагчид амрахаар Ерөнхий боловсролын сургуулийн бүр багш нарт сургалт орно. Өөрөөр хэлбэл багш нарт зөв хандлагыг бий болгох сургалтыг бүсчилсэн хэлбэрээр зохион байгуулна. Хүүхдийн эрх чөлөөнд халдсан тохиолдол болгонд арга хэмжээ авч байгаа. Тиймээс багш нарт ёс зүйн боловсрол олгоно. Мөн онолын мэдлэгийг тухайн хичээлийн цаг дээр үр бүтээлтэй, ойлгомжтойгоор заах болно. Урьдных шиг хүүхдүүдийг залхаасан их даалгавраар дарахгүй” гэлээ.
Харин 2025 оны намар бага ангийн сурагчид үинэ хөтөлбөрөөр суралцах бөгөөд, бага ангийн хүүхдүүдийг илүү сайн уншиж сургахаар цөм хөтөлбөрт тусгасан байна. Ийнхүү ирэх хичээлийн жил сурах бичиг шинэчлэгдэж, багш нарын заах арга зүй өөрчлөгдөж эхлэх юм байна.