Эхлэлийн цэг дэх эмх цэгц хальж, ээдрээт ертөнцийн үүд нээгдэхэд өчүүхэн төдий үл анзаарам өөрчлөлтөөс төсөөлсөн бүхэн чинь орвонгоор эргэхүй...
Соёлын яамнаас санаачлан 4 дэх жилдээ зохион байгуулж буй Дүрслэх урлагийн 7 хоног буюу “ART WEEK”-ийн хүрээнд “ХАОС” нэртэй экспериментал хөгжим, дүрслэх урлагийн наадмыг Монголын орчин үеийн урлагийг дэмжих холбооноос санаачлан толилуулж байна. Шинжлэх ухаан, технологийн дэвшлүүдэд түшиглэн хөгжим, дүрслэх урлагийн хязгааргүй боломжуудыг харуулж буй олон улсын түвшний томоохон уран бүтээлчдийн үзэсгэлэн, тоглолтуудаас бүрдэх уг наадам 2024 оны 5 дугаар сарын 10-20-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна.
Netflix-ийн алдарт “Dark” цувралын хөгжмийн зохиолч Австрали гаралтай Исландын уран бүтээлч Бен Фрост “Predatory Chord” үзэсгэлэнгээ Ancore Event Hall-д, Tate Modern, Centre Pompidou, Венецийн биенналь тэргүүт эрин цагийн урлагийн нөлөө бүхий музей, олон улсын наадмуудад бүтээлээ толилуулж ирсэн Японы уран бүтээлч Риоичи Күрокава “re-assembli” үзэсгэлэнгээ Black Box Театрт, Сиднейн их сургуулийн медиа урлагийн профессор, уран бүтээлч Диана Честер, Монголын уран бүтээлч Ж.Ариунтуяатай хамтарсан “Зааг” үзэсгэлэнгээ Хаан Банк Галерейд дэлгэгдэн олны хүртээл болж байна.