Зохиолч, соён гэгээрүүлэгч Г.Аюурзана нэгэнтээ “Дэлхийн яруу найргийн охь дээжис” номын өмнөтгөл болгосон нийтлэлээ 1999 онд бичиж, гурван ч янзаар агуулгыг нь гүнзгийрүүлж, үгс сэлгэжээ. Түүн дотор ийм өгүүлбэр бий. “Жинхэнэ яруу найраг харин ч гүнзгий ухаанаас төрсөн, хэр баргийн хүн зориглож дөхөмгүй алсын зүйл юм”. Алсын зүйл учраас хэр баргийн зоригтой хүн ч жинхэнэ яруу найраг цаг үргэлж биччихэж дөнгөдөггүй болов уу.
Яруу найрагч бүхэн л өөрсдийн дуу хоолой, үзэл санаа, философи, мэдрэмжтэй байдаг. Зарим нь цул бүхэллэг чанарыг бий болгосноор таньж мэдэрсэн, урлаж зүйсэн нь бөмбөрийн хэмнэл, төгөлдөр хуурын аялгуу, цөн түрэх нүсэр чимээ, салхины хүнгэсэн дуутай байх нь бий. Г.Аюурзаны яруу найргаас ямагт л зэнгийн хоосон чанарын бясалгал, нар мандаж, жаргах агшны үзэсгэлэн хийгээд байгалийн нам гүм анир ахуй мэдрэгддэг. Үргэлж л тэнгэртээ дэвэх бус дэлхийг анирдахаар газарт буусан шувууны бясалгаж буй төрх, зүүдний хэлэмжийг буулгасан шиг тийм яруу найргийг “Арван зургаан давхрын аглагт” түүврээс нь олзуурхан суулаа.
Шинэ түүврийн тухай өгүүлэхээс өмнө Г.Аюурзанын эхэн үеийн яруу найраг, зарим түүврийн тухайд өгүүлье.
ФИЛОСОФИЙН ТОЙРОГ
Г.Аюурзана “Балчир шүлгүүд” (1995), “Ганцаар цайвар навч” (1995), “Цаг хугацаа амсхийх зуур" (1998), “Эр сэтгэл” (2001), “Философийн шүлгүүд” (2001), “Non plus ultra”(2005), “сэтгэл рүү шагайгч Түүнд” (2009), “Бясалгал” (2014), “Арван зургаан давхрын аглагт” (2022) зэрэг яруу найргийн ном хэвлүүлжээ. Уншигч та номын нэрсийг эхнээс нь дараалуулан анхааралтай уншаад үз дээ! Үүнээс түүний яруу найргийн зам, туулсан бүхэн нь тодроод ирэх шиг болох аж. “Балчир шүлгүүд” түүвэрт “Монгол шатар”, “Чинийх болсонгүй”...зэрэг үнэхээр балчир шүлгүүд оржээ. Зохиогч өөрөө ч “Энэ шүлгүүд намайг бүрэн тодорхойлж чадахгүй” гэж номы өмнөтгөлд өгүүлсэн нь бий.
“Ганцаар цайвар навч” (1995) ном бол тийм ч балчир шүлгүүдтэй бус.
“Чиний дүр бүдгэрч
Сэтгэл минь амарч байна
Чимээгүй мартагнал дамнасан
Хавар ч байна, намар ч байна...”
Эдгээр хэрсүү мөрүүдэд мэдрэхүйн эмзэг торгон агшин хийгээд сэтгэлийн гулбирлыг тод томруунаар илтгэжээ. Тэгвэл цааш:
“...Манан дунд нэгээхэн морин ергөх зуур
Өнөөдөр л намайг хайрлаад маргааш март, тэгэх үү?”
Дээрх шүлгийн мөрөнд ч түүний амьсгал, сэтгэлзүйн нарийн адвиш өнгө аясыг шингээсэн эмзэглэлүүд, эл түүврийн “Зузаан уруулт”, “***Өө хичнээн шувууд нисээд өнгөрөв дөө?”, “Блондинки” зэрэг шүлгүүдээс номынх нь нэрийн тайлал, шүлгийн онцлог илэрхий мэдрэгдэнэ. Тийм ээ “ганцаар”, тэр ч бүү хэл “цайвар”, тэгээд НАВЧ шүү дээ. Мөчлөг... агшин... тавгүйтэл... тайтгарал, эргэлзээ... шийдэл сэлт урсмуй.
Найрагчийн “Цаг хугацаа амсхийх зуур" (1998) номын шүлгүүд ч номын нэртэйгээ агуулгаараа холбоотой. Харин тайлал, өгөгдөхүүн нь өөр өөр.
“Эндээс цааш маргааш гэж байхгүй
Энэ чинь, бурхан минь, ямар сайхан юм бэ?
Энэ л өдрийн тулд амьд явснаа
Эргэцүүлж ч амжаагүй суутал нар жаргаж байна” гэсэн мөрүүдээс цааш чинагшлаад:
“Харагдах бүхнийг оргүй болтол аньж
Хав харанхуйд ганцаараа суух минь!
Дотроос минь горойж гарсан гэгээн бүхний оронд
Дотор минь үхэж байгаа гэнэн нэгнийг үнсэх минь!”
Уг шүлгүүдээс уншигчдад олон асуудлыг үлдээгээд, үүнийхээ дараа амьдралдаа цэг тавьж, сүүлчийн амьсгаагаа хураачихаад нөгөө ертөнцөд уншаад сууж буй мэт, бүр байтлаа үнэхээр л цаг хугацаа амсхийгээд... зогсчих шиг нам гүм, ер бусын амгалан орчин мэдрэгдэнэ. Шуудхан хэлэхэд, зохиогч “Цаг хугацаа амсхийх зуур”-т дотор орогносон хэн нэгэн гэнэн хонгорыг үнсэх... эл өдрийн тухай бодон гүн амьсгаа авч ухаангүй дурлан шүлэг бичиж, нүдээ нээхүй агшнаа түүний чинад амьсгал хураах гэнэн нэгний үхлийг олж харжээ. Ийм л нэг уянгын гэмээр шүлгүүд буй.
Гэтэл Г.Аюурзана гурван жилийн дараагаас “Филосифийн шүлгүүд” (2001) - ээ тэрлэж бичлэг, сэтгэлгээ, ур зүйн хувьд огт өөр шинэ түвшинд гарчээ. Ер нь ...90 он буюу нэгэн зууны шуврага болж 2000-аад он гарсны чимээ шуугиан түүний яруу найрагт тод мэдрэгдэх болсон гэж болно. Тэр философи тийш буурь сэлгэжээ. Шүлэгсийн нэр чөөрчлөгджээ. Тэр:
“...Борооны үнэр сэтгэлд анхилавч,
Зун дууссан байна.
Бодолгүй уншсан амьдралын хуудас
Тэртээ урд өнгөрсөн байна” гэх мөрүүд ямар ч бодолгүй гэнэн хонгор амьдарч асан залуу нас нь “Хуучин мерседес” унаад дэргэдүүр нь шурхийн одох үед бичсэн мэт...
“Нар тоссон, сүүдэр дэрлэсэн модод
Нар дэрлэж сүүдэр нөмрөхийн цагт
Хорвоогийн амьдралаар навч хийсэн үхэж,
Навчны үхлээр хорвоо амьд үлдэнэ.”
Дорно дахины ёгт агаад илт өгүүлэхүй ёсыг олж харсан түүний шүлгийн болц, гүнзгийрлийг ухахуй эрхгүй уулга алдаснаа нуух юун. Амьд үлдэх хорвоо бол уншигч хүмүүн буюу би бас та. Харин цаг хугацаа амсхийхүй үедээ мөнх хийгээд мөнх бусын диалектикийг олж мэдэрсэн нь хорвоогийн жам ёсоор “ганцаар” хийсэн одож буй “цайвар навч” аж. Философийн тойрог ингэж битүүрчээ.Үүний дараа Г.Аюурзана “Non plus ultra” түүврээ хэвлүүлсэн нь “Бясалгал” түүвэр хүртэлх яруу найргийн туурвилзүйн бясалгалын шинжтэй аяс, хүүрнэл зохиолуудаас нь бүрэлдсэн домог, зүүдний хэлэмж, зэнгийн шившлэг мэт мөрүүд, байгальтай дотноссон мэдрэмжүүд шүлгүүдэд нь бууриа засаж эхэлсэн юм.
ЗЭНГИЙН ХООСОН ДУУ
Эхлээд өөрийгөө хоослох хэрэгтэй. Зэн ингэж сургадаг. Оюун бодол, дотоод сэтгэл нь сайхан хийгээд муугаар дүүрсэн хүнд зэн юу ч сургадаггүй, өгдөггүй тухай коан ч бий. Г.Аюурзаны яруу найргаас уншигддаг хоосон, нам гүм, оргүй тийш алсрах шиг, зэнд суралцаж өөрийгөө хоослох мэт дуу хоолой “Арван зургаан давхрын аглагт” түүврээс нь эрхгүй дахин сонстном. Зарим яруу найрагчдын үзэл суртлын агуулгатай, магтуу шинжтэй шүлгүүдээс түүнийг ялгаж харагдуулдаг гол онцлог нь энэ. Заримдаа амьдарч буй нийгэм, түүнийг танихаар оролдсон үзэл санааны өгүүлэмжүүд ч Г.Аюурзаны яруу найрагт төдийлөн хамааралгүй байдаг.
“...Энэ л ХООСОН амгалан хэвээрээ, оршихуйг минь бясалгахад,
Ийм нэг хүн байсан, хойшид байхгүйн ялгаа арилна.
Салхидсан чандар хэн нэгний сөхсөн номын хуудсыг
санаандгүй хөдөлгөчихнө... Тийм ээ...
Тэмүүлж зорьсон бүхэн минь ердөө л энэ.
Тэгэхээр, юу ч сонин биш”. (4-р тал)
Энэ бол түүний чимээ. Бидний аж төрөхүй, өөр нэгэн жир ертөнцийн аль аль нь угтаа ижилхэн. Ерөөс утгагүй, зуурдын зүйл болох нь тодорхой. Энд бид аж төрсөн, хойшид байгаагүйн ялгааг амгалан, ХООСОН л арилгаж дөнгөнө. Бодит явдал, зүүд хоёрын харгалдаанаас үүдсэн бүхэн салхидсан чандар болоод оргүй тийш замхрахтай адилхан. Гэхдээ хүүрнэл зохиолоос илүүгээр яруу найрагт, тэр тусмаа Г.Аюурзаны “Сохор дуучинд хүргэх шүлгүүд”-ийн төгсгөлийн мөрүүд шиг халаглалаас үүдэлтэй эмзэглэл хэдий ч нэгэнтээ өөрийгөө хоосолсон мэдрэмжүүд дээрх шүлгийн адагт сэрж байна.
Магадгүй дээрхтэй ижил олон жишээг шинэ түүврээс уудалж болно. Гэвч дараагийн ярих сэдэв бол “Зүүд”. Магадгүй энэ сэдэв Г.Аюурзаны хүүрнэлд, тэр тусмаа “Шидэт өвгөний туужууд”, “Дурлал зохион бүтээгч” өгүүллэгийн түүврүүдэд илүүтэй ажиглагддаг.
ЗҮҮДНИЙ ЦААНА ХЭН БАЙДАГ ВЭ?
Яруу найрагч Х.Нямхишигийн “Алхах тоолонд элс нурнам” номын “Яруу найраг ба яруу найраг” эсээнд шүлгийг зүүдтэй холбосон хэсэг бий.
“Зүүд яруу найраг хоёр тун төстэй. Магадгүй, хүний тархинд ирж буй (илэрч буй) зүг чиг, зөрөг жим нь нэг биз. Гэхдээ зүүдийг ч, яруу найргийг ч хаа нэгтээгээс ирдэг мэтээр бодох нь буруу. Оюун санааны гүнд л оршин буй зүйлс” хэмээн тодотгожээ. Мэдээж урлаг, тэр тусмаа уран зохиолын салшгүй нэг хэсэг байсаар ирсэн нь зүүд. Нөгөө талаас яруу найргийг зориглож хүрэмгүй алсын зүйл гэдэг талаас нь ч адилтгаж болох юм. “Арван зургаан давхрын аглагт” түүвэрт “Зүүдний цаана”, “Зүүдлэхүй, бясалгахуй”, “Онгоцонд зүүдэлсэн үгс” зэрэг цөөнгүй шүлгүүд буй. Харин шүлгүүдэд ижилхэн ажиглагддаг зүйл бол тэрхүү зүүдтэй ямагт хайр холбогдож байдаг.
Одод яагаад үргэлж анивчдаг юм бол?
Тэнгэр шөнөжин юу хийдэг юм бол?
Олон жилийн өмнө гайхашран бодсон минь
Чамтай учрах зөн л сэрж байсан юм билээ.
Ийм ерөөлийг ухаарсны дараа бол
Ид шид үнэн, зүүд үнэн, бусад нь худлаа... (72-р тал)
Хэн нэгэнтэй учрах, тэр нь гагцхүү чин үнэн байхаас өмнөх гайхширлаар магадгүй гэнэн томоогүй насны араншинг төлөөлүүлсэн байж мэднэ. Гэтэл тэрхүү гайхашран бодсон нь ямар нэгэн урд насны зүүд, түүний хөтөлсөн зөрөг жимээр хэн нэгний тийш хөтөлж байсан яруу найрагчийн зөн байвал яах вэ? Энэ л учралын дараа жинхэнэ ид шид, зүүдний үнэнд итгэх болсноор уран бүтээлч зөн совинд хөтлөгдөн яруу найргийг туурвидаг байж таарах уу? Мэдээж уран зохиолын олон мянган жилийн түүх өөрөө ч ийм жишээгээр дутаж байсангүй.
...Үхэж байна гэж зүүдлээд,
Яг юу болохыг нь танихын ирмэгт
Үргэлж чи ирж амийг минь авардаг.
“Хар дарахаар чинь сэрээлээ” гээд
Хажуугаас төөнөн инээмсэглэдэг.
Хайрыг ч надад зүүд л өгсөн шиг санагддаг...
Харин зүүдний цаана хэн байдаг вэ? (83-р тал)
Энд ч бас зүүд болоод найрагчийн ухамсарт байх хайрын бэлгэдэл адилхан болохыг анзаарч болно. Зүүд нь түүнд үхлийг ч бас өгчээ. Харин үүнээс хэн нэгэн аварч дэргэд нь инээмсэглэн сууна. Зүүд мөн хайрыг ч ижилхэн өгч байна. Тиймдээ ч эхний шүлэгт буй “зүүд үнэн, бусад нь худлаа” гэх санаа гүнзгийрч ирнэ. Түүнийгээ лавшруулан “зүүдний цаана хэн байдаг вэ?” хэмээх асуултыг уншигчдад орхисноор шүлэг төгсөж байна. Мэдээж яруу найраг тийм чинадын алсаас ирдэг, холын зүйл бол бодолд хэрхэн илэрдэг вэ? гэсэн асуулт ч урган гарах нь ойлгомжтой. Магадгүй хоорондын энэхүү хамааралт чанараас үүдээд л яруу найрагч Х.Нямхишиг ч мөн эсээндээ “Зүүд яруу найраг хоёр тун төстэй” гэж өгүүлсэн биз ээ. Тэгээд ч яруу найраг үнэн байх ёстой аваас зүүд илбэ төдий зүйл бусаар зохиолчийн ухамсарт илрэх нь зүй ёсны хэрэг мөн.
ЯРУУ НАЙРАГЧААРАА Л ҮЛДЭНЭ
Ихэнх уншигч мэднэ дээ. “Байгаль бол хамгийн урт настай яруу найрагч” гэж Уолт Уйтмен хэлсэн нь бий. Байгалийг таньж мэдрэх, илүү ойр байх, ерөөс үзэгдэл бүхэн нь өөрийн яруу найрагтай байдаг гэдгийг ухаарах агшны бодлоос төрсөн мэдрэмж жинхэнэ байдаг уу? Г.Аюурзаны өмнө үеийн ихэнх шүлгүүдээс өөртэйгөө хийсэн ярианууд тэмтрэгддэг. Дотоод хүнийх нь нэг нь байгальд илүү ойр байх дуртай. Тэгсээр эцэст нь тэр л дуу хоолойн мөр бусдаасаа давамгайлж яруу найрагт нь шингэсэн санагдана.
Яруу найрагч Л.Өлзийтөгс байгалийн юмс үзэгдлийг хүнчилж, гэрэлтсэн тунгалаг болоод заримдаа хэт бараан өнгөөр сүлэн урлаж, тэдгээртээ ярилцаж эсвээс хамт гунигладаг. Тэр үүлс, цас, бороо, зам дээр унасан хатингар навч гээд бүгдийг нь амьдчилж харуулснаараа тухайн үеийн яруу найрагт нэгэн шинэ жимийг гаргаснаар өөрийгөө уул болгож, устай хамт урсгаж, намрын навчистай цуг хийсгэн, зуны бороотой шиврүүлж, өвлийн цастай цуг будруулж байлаа. Гэнэтэд “Мянга нэгэн шөнийн үлгэр”-т гардаг шиг ид шид шүлгүүдэд нь бий болдог байв. Харин Г.Аюурзанын байгалийн тухай шүлгийн өгүүлэмжүүд нь мөнөөх л хоосон чанар, бясалгах, өөрөөсөө магадгүй өөр чанарт уусан нэгдэх боломжийг хайж байх шиг болно.
“Тэдний томьёолдог амьдрал бол
Төрөх, өсөх, үржих, үхэх.
Магадгүй өвдөх, эдгэх,
Магадгүй баяжих, хоосрох,
Магтаал сонсох, яллагдах,
Ялах, магадгүй, ялагдах.
Миний ойлгодог амьдрал бол
Нар мандахад нүдээ аниад зовхиороо мэдрэх,
Бороо дусахад зүрхээ тосох,
Сар ургахад цэцэг ургалаа гэж үнэмших.
Ингээд л боллоо.
Энэ яруу найраг мөн үү? ...” (74-р тал)
Амьдралыг ямраар харж, томьёолохоос цаагууртаа бол нөгөө л асуулт. Ихэнх хүний тодорхойлдог амьдрал нь бидний нүдээр хардаг, зүрхээр мэдэрч шаналдаг тэр л зүйл мөнөөс мөн. Тэгвэл яруу найргаар дамжуулан байгаль эсвээс байгалиар дамжуулан яруу найргийг эрэх, магад түүнийгээ олох чанар нь эцэстээ бясалгал мэт. Тэгээд яаж ч тодорхойлж болох асуулт үлдээсэн нь амттай. Нар мандахыг зүгээр нэг харах бус зовхироо мэдэрч, бороог алгаараа бус зүрхээрээ тосох нь магадгүй түүний яруу найраг дахь эсвээс найрагч өөрөө байгалийг тэмтрэн буй жинхэнэ чанар болов уу.
“...Харин
Хөлдүү модод шим нэмжээ
Хөлчүү цас үнэр нэмжээ
Шувууд цөм дэлхийг чагнахаар буужээ.
Анирдан буй аялгуу нь ямархан тунгалгийг
Аяа, тэдний хүлцэнгүй харц батална” (5-р тал)
Үхлийн тухай сэдэв цухалзаад байх шиг түүний нэгэн шүлгийн эл мөрүүд анх уншихад л санаанд торчихоод арилж өгөөгүй юм. Үүнээс гадна “Шүлгийн онол” хэмээх шүлэгтээ аливаа юмсын мөн чанар биднээс үл хамаарах ба яруу найраг эцэст нь яруу найргаараа л үлдэнэ хэмээсэн утгатай мөрүүд бий. Сонсож буй аялгуу, хөгжмийн ямар ч хүчтэй симфони найрлаас илүүтэй шувууд дэлхийг, байгалийг анирдан буй тэр чимээ, аялгуу л хэчнээн тунгалаг вэ? Магадгүй Херман Хессегийн “Яруу найрагч” өгүүллэгийг уншсан хүн бүрт байгаль хийгээд шүлэг, түүний цаана байх хүмүүнлэг сэрэл мэдрэхүйн юутай ч харьцуулшгүй үнэ цэн тодорхой үзэгдэнэ. Модод шим, цас үнэр нэмсэн гэхээр яалт ч үгүй хаврын улирал. Тиймдээ ч шувууд ирж, дэлхийг чагнахаар буух мэдрэмж бидний эх оронд л төрнө. Ирж буй улирлын цээл, цэвэр агаар анхилсан аялгууг шувууд ажиглан суухдаа юуг ч хүлцэх мэт ариун харцтай ажгуу.
Тэгээд ч тэр “Арван зургаан давхрын аглагт” сууна. Аглагт суугаа учраас л нар мандахыг зовхиороо мэдэрч, бороог зүрхээрээ тосож, шувууд дэлхийг чагнахаар бууж байгааг үзэж байна. Гэвч эцэстээ тэр бүхэн, үзэг шүүрээд яруу найраг бичих, эргэн тойрон дахь юмс, дотоодод нэгэнтээ нэлхийсэн гэрэл татуулсан ч хормын дараа бүрэнхийлэх зүйлсийн мөн чанар хамаагүй. “Яруу найраг... Яруу найргаараа л үлдэнэ...” хэмээсэнтэй агаар нэгэн адил Г.Аюурзана ч мөн яруу найрагчаараа л үлдэх билээ. Учир нь бичсэн мөрүүдийнхээ жимээр алхсаар амьдрал хэмээх аглагаас гараад явчихгүй ч бичихээс өөр зам яруу найрагч хүнд үгүй гэж сэтгэнэ.