Номыг яагаад унших ёстой вэ? Магадгүй хэн нэгэн толгой сэгсрээд өнгөрч болох хамгийн муу асуулт байж мэднэ. Учир нь хүн аливааг ухамсарлаж эхэлсэн цагаас тогтсон үзэл бодол, хүмүүжил, төлөвшлийг олж авдаг. Юмсыг танин мэдэхээс өгсүүлээд алхам тутамдаа “яагаад” гэх асуулттай тулгарна. Чухам үүнд л ном хамгийн сайн хариултыг өгөх болов уу. Өөрийгөө хөгжүүлэх, аливааг таних мэдэх, ухамсарлаж ойлгох, хамгийн гол нь боловсрох, тэр бүү хэл зөвхөн өөртэйгөө ярилцах боломжийг олгох ном ч бий. Нийгэм харанхуй бүдүүлэг, соёлт хүний хөгжлөөс хоцрогдох нь ард нийтийн тэвчээртэй, өөрсдийнхөө төлөө тэмцдэггүй гэх хандлагад бус боловсролгүйд л оршдог байх хэмээн сэтгэдэг. Тиймээс хүнлэг чанар, хөгжлийн түвшин, ёс суртахууны хэм хэмжээг боловсрол, түүнийг тэтгэдэг номоос авах боломжтой.
Ингээд уншигчдадаа 2024 уншсан номуудаас онцлох 40 номыг танилцуулж байна. Учир нь эдгээр бүтээлүүдийн ихэнх нь тус онд гарсан боловч цөөн хэдийг нь ахин сөхөж харсан, дахин нэгэнтээ уншсан бүтээлүүд орно.
МОНГОЛЫН ХҮҮРНЭЛ ЗОХИОЛ
Д.Нацагдорж “ХЭЛХЭЭГҮЙ СУВД” (тууж өгүүллэг)
Монголын орчин үеийн уран зохиолын төлөөлөгч, сод их туурвилч Д.Нацагдоржийн бүрэн дуусгаж амжаагүй “Хэлхээгүй сувд” тууж өдгөө ч уран зохиолын шидээвэр бүтээлийн нэгэнд зүй ёсоор тооцогддог. Туужийн төлөвлөгөө нь бусад гар бичмэлийн хамт олдсон ч төлөвлөгөөнөөс харахад эл зохиолыг тууж бус роман болгох дайдад ажиллаж байсан нь анзаарагддаг тухай зарим судлаачид өгүүлдэг. Тэр бол гарцаагүй сод, цаг үеэс эрт алхсан жинхэнэ сэхээтэн байсан билээ. Түүний уран бүтээлийн өв чамгүй олдсон агаад өдгөө ч мэр сэр гарч ирэх, дарагдсан зохиолууд байхыг үгүйсгэхгүй.
Ө.Үлэмжтөгс “5W 1H”(роман)
Уран бүтээлч хүнд аливаа уран бүтээлийг туурвих өөрийн гэсэн арга барил, магадгүй агуулга хэлбэрийн талаарх нүсэр бодол, уг бодлын гүн дэх нарийн аргачлал, зарчим хүртэл байдаг болов уу. Уншигчдын гарт хүрээд удаагүй байгаа “5W1H” роман яг л тийм нарийн төлөвлөгөө, зарчмуудын гуйвшгүй хатуу баримтлал, дэг журмаас бүрэлдсэн мэт санагдана. Зохиолч уг романаа сэтгүүл зүйн сэдэвт бүтээл хэмээн тодорхойлжээ. Эрэн сурвалжлах албаны сэтгүүлч залуугийн ажил мэргэжлийн онцлог, үнэнийг нотлох гэсэн тэмүүллээс үүдэлтэйгээр цааш хөврөх үйл явдлын эргүүлэг дотор хөл тавьсан ямар ч уншигч дээрх тодорхойлолтоос эсрэг дүгнэлт гаргахад тун чиг ярвигтай.
С.Баттулга “ТЭНГЭРТ НУУСАН УУЛС” (роман)
Хүүрнэл зохиолын төрлөөр шидэт реализмын хэв маягаар бичигдсэн роман юм. Энэхүү роман нь эхнэр хүүхдээ орхин их эрдэм сурахаар харийн нутгийг зорьсон нэг эр олон жилийн дараа нутаг буцахын тулд сүнсээ нохойн биед юүлж нутаг гүйнэ. Түүнийг нутагтаа ирэхэд эхнэр нь нас барж, хүүг нь дээрэмчид авч одсон байна. Уран бүтээл өөрөө ямар нэгэн далдын нууцтай байдаг. Харин түүн доторх зөрчил, дүрүүдийн зөв совин уншигчийг, цаашлаад хүмүүний зүрх сэтгэлийг юунд хөтлөн аваачдаг болохыг үл мэднэ. Ямартаа ч уг роман бол сүүлийн жилүүдэд монголын уран зохиолд илчдэгдээгүй хэв загвар, агуулгын цар хүрээг бүтээсэн роман мөн.
Ч.Галсан “ХӨХ ТЭНГЭР СОНСОЖ БАЙ” (роман)
Германы утга зохиолд өөрийн бүтээлүүдээр хэдийн танил болж дэлхийн олон сая уншигчдад бүтээлүүд нь хүрсэн эрхэм. Харин тэр монгол уншигчдадаа одоо л хүрч байна. Өмнө нь бид түүнийг “Аянгат цагийн тууж”, “Арван сарын тэнгэр дор” гэх мэт хэдхэн туужаар л төсөөлдөг байлаа. Эх орныхоо уншигчдад анхлан хүргэсэн түүний эл роман цаашид үргэлжлэх гурван дэвтэр бүтээлийнх эхнийх юм. Зохиолоос монгол хүний ёс уламжлалаас илүүтэй тэрхүү өвийн цаана орших жинхэнэ монгол хүн, түүний дотоод ертөнцийн нандин сэтгэлийн өнгийг олж харна.
Г.Барсболд “ХҮЛЦЭНГҮЙН АРВАН ДҮР” (өгүүллэг)
Номын нэрээс тус өгүүллэгийн түүврийн цул бүхэллэг шинжийг ерөнхийд нь тодорхойлж болох ганц нууцыг л уншигч танд хэлье. Хүлцэнгүй дүр гэхээр юу билээ. Ноомой, зожиг, ганцаардмал... Ер нь яаж ч тодорхойлж болно. Гэвч эцсийн эцэст хүлцэнэ гэдэг уучлахын, тэвчихийн нэр юм. Уучилна, тэвчинэ гэдэг угтаа хайрлахын утга болно. Ерөөс хүний дотоод сэтгэлийг төнхсөн эрлийг зан төрх, үзэгдэх байдал, бодол дундах зөрчилдөөнүүдийн нийлэгжилтээр харгалдуулсан ийм чимээгүй атлаа уншигчийг соронздон татах дүрүүдийг зохиогч өгүүллэг бүртээ босгожээ. Тэдгээр нь хоорондоо ганцхан зүйлсээр илжилсэнэ. Энэ нь хүлцэнгүй, чимээгүй байдал юм.
О.Цэнд-Аюуш “ХАЙРЛАЖ ҮЛДЭНЭ” (роман)
Зохиолч номынхоо гарчиг роман гэх тодорхойлолт бичсэнгүй. Харин тэр “Нисэж яваа хүмүүсийн түүх...” хэмээн таталжээ. Хайрлах үнэхээр нисэхтэй адилхан уу? Хүмүүс хоорондын салшгүй хамгийн нандин, тунгалаг атлаа зүрх сэтгэлийн мөнхийн шаналант энэ л харилцаа бидэнд үүлс нэвт шунгах жигүүр эсвээс газраар чирэн явгалах хугарсан далавчийн мэдрэмжийг өгдөг гэж үү? Бие биедээ ухаангүй хайртай ч өөр, өөр амьдралын замаар явж байсан бүсгүй, залуу хоёр ажлын шугамаар хамт аялжээ. Анхандаа тэдэнэхүү аяллын үеэр тийм ч гайхамшигтай зүйл болохгүй, он жилүүдөнгөрч, хайр сэтгэл нь бүдгэрсэн гэж бодож байлаа. Гэтэл тэдний сэтгэлийн гүн дэх бурхад сэржээ. Бурхдын аялал ямар байсан бол...
ОРЧУУЛГЫН УРАН ЗОХИОЛ
Данте Алигьери “ТЭНГЭРЛЭГ ТУУЛЬС” (туульс)
Хүн төрөлхтний утга, уран зохиолоос гадна нийгмийн амьдралд нөлөө үзүүлсэн номуудын нэг бол Италийн суут зохиолч Данте Алигьеригийн “Тэнгэрлэг туульс” юм. Тус бүтээлд гарах ёс суртахуун, үзэл санаа, хоорондын харилцаа болон шашин соёлын өгүүлэмж, аз жаргалын тухай ойлголт, хувь оршихуйн зан чанарын илэрхийлэмжүүд, хүний эрх, эрх чөлөөний талаарх баримтлалууд нь өдгөө ч хүн төрөлхтний дунд хөндөгдсөн асуудлууд хэвээр байна. Уг суут бүтээл нь өгүүлэмж, агуулга, зохиомж, хэлбэрийн талаасаа Өрнөдийн уран зохиолд бичлэгийн шинэлэг аргыг үүсгэсэн учраас хойч үеийн уран бүтээлчдэд ихээр нөлөөлжээ.
Франсуа Раблэ “ГАРГАНТЮА БА ПАНТАГРЮЭЛЬ” (роман)
Раблэ дүрүүдийнхээ сэтгэлзүйд уншигчдыг хүлж, оюун санааных нь мухрыг онгичсон урт, уйтгартай үлгэр хүүрнэхийг хүсээгүй агаад огтын санаанд оромгүй анекдот ярьж, бусдыг тэрхүү наргиан наадмын талаарх бодолд автуулж, инээлгэхийг зорьдог. Иймээс заримд нь цагийн гарз байж мэднэ. Гэвч Оросын философич, XX зууны утга зохиолын томоохон онолчдын нэг Михаил Бахтин хошигнолыг “Цаг хугацааны урсгал доторхи бие хүний бодтой ухамсар” гэж дүгнэсэн байдаг. Тэгвэл өөрийгөө ямар үед жинхэнээр нь тольдож, үнэнээр нь таньж авах вэ гэвэл хараахан субъктив биш тэрхүү ухамсраас хайх хэрэг гарав биш үү. Тиймээс Раблэгийн эл зохиол ардын аман үлгэрүүдийн энгийн нэг чуулбараас онхи өөр байсан тул цагийн цаазыг давж гарчээ. Мөн тухайн цаг үеийнхээ нийгмийн амьдрал, соёлын тодорхой хэлбэрүүд хэрхэн бий болж, зарим нь нуран унаж, хэсэг бусаг урлагийн нөхөд хэрхэн дундуур нь шавар шавхай хутгаж байсныг ч дам бэлгэдлүүд болоод аман хошигнолын арга хэлбэрийг уран сайханжуулан үзүүлснээрээ хойшдын олон суут бүтээлүүдэд сэдэл болж, туурвин бүтээгчдийн бичлэгийн аргыг зааж өгсөн гавьяатай. Аварга биетүүдийн эрх мэдлийн дарангуйлал нь хүртэл түр зуурын ноёрхох шинж чанарыг илтгэсэн эсрэг утопи байдаг.
Жорж Оруэлл “МЯНГА ЕСӨН ЗУУН НАЯН ДӨРӨВ” (роман)
Уинстон Смит үнэндээ гурван ч удаа өөрийн биеийн хүчийг оюун санааны эрх чөлөөндөө зориулж чадах боломжтой болсон. Эхлээд түүнд тэмдэглэлийн дэвтэр, булан хоёр байв. Смит теледэлгэцийн нүднээс далд буланд суугаад тэмдэглэл хөтөлнө. Энэ бол үзэл санаа. Оруэлл тус дүрийг Океан гүрний хүмүүст байгаагүй, анхнаасаа түүнтэй хамт төрсөн, хэзээ нэгтээ сэрэх цагаа хүлээж байсан сэтгэлзүйн онцгой шинж чанартайгаар бүтээсэн билээ. Харин хоёр дахь удаагийнх нь Чарингтоны мухлагаас олж авсан шилэн бөмбөлөг. Үүнийг олж авах үедээ тэр ажилчин анги буюу пролуудын захаар тэнэж явсан. Мөн “Итгэл найдвар гэж үнэхээр байдаг бол пролуудад л бий” гэх өгүүлбэрийг тэмдэглэлийн дэвтэртээ бичсэн Смитэд тэрхүү шилэн бөмбөлөг хуучин цагийн тухай ой санамж, түүхийн нэг хэсэг гэхээс илүү жинхэнэ итгэл найдвар байлаа. Харин гурав дахь нь ном. О’Брайены түүнд хүргүүлсэн Эммануэл Голдштейны ном түүнд зорилго бий болгодог. Үүнээс өмнө тэр өчүүхэн найдвар тээж яваа, дурласан эр л байв. Харин үзэл санааны эргэлзээнээс хойш итгэл найдвар төрж улмаар өөрийн гэсэн зорилготой болно.
Херберт Уэллс “ЦАГ ХУГАЦААНЫ МАШИН” (роман)
Уэлсс анги давхаргыг ялгааг шүүмжилдэг, социалист хандлагатай зохиолч байсан шиг сэтгэгдэл төрүүлнэ. Элонуудын дүрээр тэр асар баян чинээлэг атлаа үр бүтээлгүй, наргиж цэнгэхээс өөрийг хийдэггүй язгууртнуудын амьдралын хоосон талыг илэрхийлдэг. Харин Морлокуудын дүр хэчнээн авьяас чадвар, хөдөлмөрийг цогцлоосон ч сэтгэлгээний дутагдалд ямагт өртсөн нийгмийн ажилчин ангийн нөхдийг төлөөлнө. Баячууд ядуусыг цаг үе бүхэнд харанхуй руу түлхсээр эцэст нь тэд ёс суртахуунаа гээж өөдөөс нь тэмцэж байна шүү дээ. Уэлссийн эл роман тийм ч сайн найруулга, зохиомжтой сонгодог бүтээлд тооцогдохгүй. Гол нь өгүүлэмж доторх санаанууд, зохиолчийн хийсвэрлэлийн хамгийн өргөн хүрээнд ч бидний одоо цаг дээр ярьдаг асуудлууд багтсан нь хамгийн чухал.
Владимир Набоков “ХАРАНХУЙН ДУНДАХ ИНЭЭД” (роман)
Театр, кино, дуурийн зохиолчид илүүтэй уншаасай хэмээн хүснэ. Дүр босгох, зөрчил, зангилаа, өрнөл, туйл гээд бүгд энд бий. Ямар ч гарын авлагаас илүү байх биз. Бүтээл төрдөггүй. Харин ингэж бүтээдэг, хийдэг байх нь гэж бодогдоно. Раблэ, Петрович, Боккаччо, Чехов, Золягаас хойш төрсөн гайхам жишээ энэ. Уран зохиолын , театрын, кино урлагийн дээд зиндаа гэж энэ дээ. Москва Петушки, Зингерийн өгүүллэгүүд, Павичаас хойш уншаагүй, өмнө нь унших ном. Харьцуулалт ч хэрэггүй. Уг ном нь өдгөө ч Набоковын алдартай бүтээлүүдийн суурь бүтээл хэмээн үнэлэгддэг.
Курт Воннегут “ТАВДУГААР БОЙНЫ ГАЗАР” (зөгнөлт роман)
Энэ бол дайны эсрэг зохиол. Мөн дахин нүүрлэх дайныг зөгнөсөн зарим хэсэг нь тун чиг егөөтэй бөгөөд романы асар их амжилтад нөлөөлсөн юм. Гэхдээ хэлэх гэсэн санаа нь биш л дээ. А.Н.Толстойн “Дайн ба энх” хэмээх нүсэр бүтээлд өгүүлдэг шиг дайн бол айдас, харин энх тайван гэдэг хайрлууштай эрхэм нандин үнэ цэн болохыг ойлгуулах гээгүй бөгөөд харин ч хүн төрөлхтний мөнхийн, үүрд үргэлжлэх мөн чанарыг л таниулахыг зорьж, дайн бол үргэлж байсан, цаашид ч байх зүй тогтол гэдгийг чин шударгаар хэлдэг. Бурхан минь надад дайн хүн төрөлхтний мөнхийн зан чанаруудын алийг нь үргэлж дээрдүүлж, юуг мөхөөдөг болохыг Воннегутын дуун алдсан шиг эрүүл саруул ухаанаар ойлгож чадах хүч хайрла!
Эдогава Рампо “ХҮН САНДАЛ” (өгүүллэг)
“Хүн сандал”-д орсон зохиолууд хүний сэтгэлзүй, уран сэтгэмжтэй салшгүй холбоотой. Бүхий л зүйлс яг зүүд шиг, орчин үеийн бүх урлагийг нэгэн дор цутгасан мэт өрөөнд төөрчихөөд гарч чадахгүй байгаа хүн шиг байдалд уншигчдыг аваачдаг. Тэнд бид хар дарсан зүүдэндээ л үзэж болмоор аймшигт аллага, солиот хүмүүсийн зугаа цэнгэл, зохиолчдын уран сэтгэмжинд төөрөлдөж гүйцээд өөрийнхөө гар хөлийг зүсч үзмээр санагдах жинхэнэ садомазохист болон хувирч эхлэхэд л Рампо уншигчаа өнөөх хонгилоос огцомхон хөөгөөд гаргачихна. Энэ л түүний төгс чанар, япон хэв маяг юм.
Хан Ган “ЦАГААН ХООЛТОН” (роман)
Нобелийн шагналтнаар зарлагдсанаасаа хойш ердөө долоо хоногийн дотор түүний ном нэг сая хувь борлуулагдсан. Хан Ган энэ онд уг шагналыг хүртсэн анхны ази зохиолч болж алдаршсан билээ. Гэвч алдар нь түүнд аль эрт уран бүтээлээр нь иржээ. “Цагаан хоолтон” бол буй нэрийнхээ утгаар үйл явдал нь өрнөх хүүрнэл боловч өрнөл хийгээд төгсгөл нь туйлын хүчтэй. Ерөөс хүний дотоод мөн чанараас илүү хүчирхэг зүйл гэж үгүй. Харин үүнийг чин үнэнээр илчлэх Хан Ган шиг зоригтон ховор.
МОНГОЛЫН ЯРУУ НАЙРАГ
О.Элбэгтөгс “ШАЗУУРТАЙ УЯНГЫН ШҮЛГҮҮД”
Түүний шүлгүүд асар чөлөөтэй атлаа гүнзгий, өргөн үзэл санаатай, дотроо өөрийн гэсэн өгүүлэмжтэй санагддаг. Бичлэгийн хэлбэр нь хайрцаглагдсан мэт боловч ахин уншихад тэрхүү дөрвөлжин дотроос хэдийн гарч ниссэн чөлөөтэй амьсгалын мэдрэмжийг төрүүлдэг. Уг түүвэрт найрагчийн өмнө нь хэвлүүлсэн дөрвөн шүлгийн түүврээсээ сонгосон бүтээлүүд багтжээ. Яруу найргийг “яаж ч” тодорхойлж, яруу найргаар юуг ч “яаж ч” илэрхийл болно. Түүний яруу найраг тийм байдаг.
С.Начин “ЦАГ ХУГАЦААНЫ ХЭЭ”
Цаг хугацаа өөрийн гэсэн хээтэй. Тэрхүү хээ нь цаг хугацаан дотор аж төрөн буй яруу найрагчийн туулсан зам мөрүүд, дурлаж хайрласан зүрх сэтгэл, өөрийн гүндээ эргэцүүлсэн амьдралын талаар исэргэн гэгээн бодлууд гэдгийг ойлгов. Үүнээс өөрөөр уншигч та дотооддоо анирдаж болох мэдрэмжүүдээр дүүрэн. Гэхдээ үгсийн толгой холбоцоор цэцэлсэн бус цэнэн эргэцүүлж, зөвхөн түүний л ажиглаж, хүртэж болох мэдрэмжүүдийн нийлбэр бол “Цаг хугацааны хээ” юм.
Б.Жамбалдорж “ЖАМЫН ЦАС”
Уншигч болгон яруу найрагт өөр, өөрийнхөөрөө л ханддаг. Сайн яруу найрагт үнэн, мэдрэмж, найрагчийн төрмөл хэлний авьяас аль аль нь хосолсон байдаг. Уг ном ч тийм билээ. Аж төрөхүйн буулгад зүдэрсэн, ахуйн дарамтаас эрх чөлөөг хүсэмжилж уйлагнасан мөрүүдтэй уншигч та тааралдахгүй болов уу. Зовсноо хэлдэггүй жаахан ээж шигээ зовлон тоочиж шүлгээр тайтгарсангүй. Учир нь “Салхи нална” номын шүлгүүд гунигийн ил цагаахнаар, эмзэглэлийг өөдрөг хэмнэлээр дүрсэлсэн нь бий. Угтаа салхи нална хэмээхүй нь хоосон чанарыг тэмтэрнэ гэх утга юм.
Н.Нямдорж “МОНГОЛ”
Монгол Улсын Төрийн соёрхолт яруу найрагч Нямбуугийн Нямдоржийн хэвлэгдээгүй шүлгүүдээс бүрдсэн "Монгол" номыг Соёлын гавьяат зүтгэлтэн Г.Аким хадгалж байжээ. Уг номын найрагчийн мэндэлсний 90 жилийн ойд зориулан хэвлэж уншигчдад хүргэж байна. Н.Нямдорж найрагчийн амьдралынхаа сүүлийн он жилүүдэд бичсэн шүлгүүд энэ номд багтсан. Мөн социализмын үед хэвлэгдэх боломжгүй тул гар бичмэлээр хадгалагдаж байгаад 1990-ээд оны эхээр "Ил товчоо" сонинд анх хэвлүүлсэн "Чавганц", "Гинж" тэргүүтэн шүлгүүд уг номд бий.
Ц.Буянзаяа “САЙХНЫ ТУХАЙ САНААНУУД”
Зохиолч, яруу найрагч Ц.Буянзаяагийн “Сайхны тухай санаанууд” шүлгийн түүвэр бол энэ оноос, цааших олон онуудад үлдэх бүтээл. Хамгийн сүүлд хэвлүүлсэн түүврээс хойших арваад жилд бичсэн шүлгүүдээс шилсэн тус түүврээс хүний амьдрал хийгээд зохиолчийн үзэл санааны гүн атлаа энгийнээс сайхныг, эсвээс бүр илүү энгийнийг нээх хүслээс бүрэлдсэн бүтээлүүдийг бид унших болно. Яруу найргийн эрэлхийлэл хийсэн энэхүү шүлгүүд сэтгэлгээний шинэлэг хэв маягаараа нэн тэргүүнд өөрийн гэсэн өвөрмөц онцлогийг үүсгэнэ.
Д.Галсансүх “БИТНИК ШҮЛГҮҮД”
Д.Галсансүхийн шүлгүүд хүмүүсийн дотор цаг ямагт байдаг ч тэр бүр ил гаргаад байдаггүй мэдрэмжүүдийг уншигчдад дэлгэн харуулдаг. Нөгөөтээгүүр эх хэл болоод мөр, бадаглал зүйн хувьд эрс шинэчлэл авчирсан юм. Дээр нь симфони, рок хоёрыг хольчихсон мэт дүрслэлүүдээр баялаг байлаа. Үүнээс гадна яруу найраг бол дөрвөн бадагт хайрцаглаж, эхний мөрийн ижил үсгүүдээр холбосон цагаан уянга биш. Учир нь яруу найраг бол үзэл санаа. Түүний шүлгүүд хэзээд өөрийн гэсэн үзэл санаатай байсан. Харин уран бүтээлч хүн уг үзэл санаанаас урвахгүйгээр өөртөө үнэнч үлдэнэ гэдэг хэцүү. Гэвч түүний яруу найраг үнэн хэвээрээ, тэр өөрөө ч үзэл санаандаа үнэнч хэвээрээ байгаа нь л уншигчдад хангалттай.
Г.Хашбаатар “ОЙН МОНОЛОГ”
Ойн тухай шүлгүүд. Найрагч номынхоо бүтэц, доторх шүлгүүдийг зөвхөн ой модод, тэндээс авсан мэдрэмж, өгүүлэмжээр баяжуулан бүрдүүлжээ. Зөвхөн нэг сэдвийн хүрээн дотор олон олон моддын мөчир, үндэс, навч нахиа, холтос, хөрөөний ир хүртсэн ойн хөндүүрлэл бий. Уг хөндүүрлэл найрагчийн мэдрэмжээр илэрхийлэгдэж моддын биеэс ургуулан бүтээсэн цаасан дээр буусан гэхээр бүр ч хоржоонтой хэрэг шүү. Дүрслэлийн содон өнгө аяс, хэн ч танихгүй мэдрэмжийг моддын чөлөөнөөс олзолж буулгасан агшны зовнил ч уг түүврийн нэгээхэн онцлог болно.
Т.Амар-Амгалан “ХУУЧИН БАЙШИНГИЙН ҮГ”
Аливаа номоос өмнө өөрт мэдрэгдэж байгаагүй хөндүүр гуниг уншигдаад эхлэхээр л... Барьцгүй атлаа яг л өөдөөс ширтээд намуухан дуугаар ярьж буй дотно нэгэн шиг мэдрэмж төрөх нь бий. “Хуучин байшингийн үг”-ийн шүлгүүд надад ингэж тэмтрэгдсэн. Дээр нь тун чөлөөтэй сэтгэлгээ. Ер буй юмсыг, түүний доторх мөн чанар, өөрт төрүүлж буй ямархан дуу чимээг хэчнээн янзаар үгээр олзолж, хүүрнэж болох шиг санагдана. Чимээ нь намуухан атлаа гэнэт л чангаар цойлон дэгдэж, буцаад салхигүй өдрийн бидэр татуулан тунарах нуурын хөнгөн давалгаа адил нам гүм тунарна. Ийм л түүвэр билээ.
УРАН ЗОХИОЛЫН БУС МОНГОЛ НОМ
Д.Урианхай “ФИЛОСОФИЙН СУУЛГАЦУУД” (философи бодрол)
Эл номын гол санааг ойлгохын тулд гурван чухал ухагдахуун хэрэгтэй. Нэгдүгээр ганцаардлын эрх чөлөөт байдлын тухай болоод энэ нь ямагт хувь хүний хандлага, төлөвшил, бусадтай нийгэмших харилцаа руу чиглэнэ. Хоёрдугаарт эх орон хийгээд соёлт ертөнцийн түүхийн талаарх үзэл санааны мөн л эрх чөлөөг олгоход чиглэгдсэн буруу үзэл, тэдгээрийг засан залруулах үзэл. Эцэст нь энэ бүхэн нэг л зүйлийн тухай бидэнд үргэлж сануулах нь эв нэгдэл, хамтач хандлага билээ. Тус номд 441 ширхэг бодрол бүхий бичил бичвэр багтжээ.
Г.Аюурзана “МОНГОЛ ХҮН” гурван цуврал (судлал шинжлэл, үзэл бодол)
Монголчуудын унших ёстой номын нэгийг соён гэгээрүүлэгч Г.Аюурзана энэ онд хэвлэн гаргасан билээ. Нэгдүгээрт, монгол хүн гэж хэн бэ? Үүх түүх, үндэстний хуваагдал болоод бидний амьдралд тохиолддог олон зүйлсийг, бусдын нийтлэг ойлголтоос салгаж цэвэр үндэсний үзэл санаатай уялдуулан бүтээснийг харж болно. Мөн “Монголын нууц товчоон” дахь бидний өвөг дээдэс, ерөөс монгол хүнд удамшиж ирсэн эрхэм чанарууд, дараагийн дэвтрээс эх хэлний түүхийн товчоон, тусгаар тогтнолын баталгаа болсон хэл, оюун санааг бүтээгч түүхэн эрхмүүдийг тэр өөрийн үзэл санаагаар, үйлсээр нь бидэнд ахин сануулжээ.
Х.Умаахан “ХАРЫНХАН” (аян замын тэмдэгдэл, дурсамж)
Энэ бол зохиолчийн алс хол газар ажиллаж, түүнийгээ уран сайхны хэлээр илэрхийлсэн бүтээл. Номд мөн дурсамж, аян замын тэмдэглэлүүд багтсан учир энэ төрөлд оруулав. Харин номын агуулгыг голлон бүрдүүлэх “Харынхан” хэмээх бүтээл нь магад уран зохиолын туужийн төрөлд ч хамаарч болох юм. Солонгост ажиллаж, тэндээ харласан монголчууд нэгнээ “Харынхан” гэж дууддаг ажээ. Ийм бүтээлийг ихэвчлэн цагаачлалын уран зохиол хэмээн нэрлэж заншсан байдаг. Уг зохиол нь хүүрнэлийн тоочимж маягаар бичигдсэн, нэлээдгүй бараан метафизик сэтгэлзүйн гүндэх эмзэглэлийн шинжтэй. Харин дурсамжууд нь нандин агаад үнэн мэдрэмжийг төрүүлнэ.
Б.Энхцэцэг “ЗУРВАС” (эсээ)
Зохиолгч өнгөрсөн онд цав цагаан орон зайд өөрийн хөргийг залсан “Хөрөг” нэртэй анхны бүтээлээ гаргасан билээ. Хувь тавилан нь зурагдсан, тэр л тод бүдэг өнгө холилдсон замаар од шүүрч, оч бутартал газардаж, жаргал зовлонгийн аль алинаас ундаалсан эрхмүүдийн арван дөрвөн хөрөг уг номд багтсан байв. Харин энэ удаад уншигчдадаа өдөр бүрийн өөр өнгөнүүд дундаас түүсэн бодол санаагаа цэгцлэн, хайрын зурвас болгон эл номыг илгээжээ.
Ё.Отгонбаяр “МОНГОЛЫН ГЭЭГДСЭН ТҮҮХ - 3” (судлал шинжлэл)
Түүхээ мэдэхгүй хүн үлгэрт итгэдэг. Бидний түүхийг гадны олон эрдэмтэд, судлаачид, жирийн иргэд хэрхэн буруугаар сөргүүлж, өвөг дээдсийн үзэл санааг буруушаан зэмлэж, бид өөрсдөө тэр үгс, үзэл санаан дунд нь мэдлэг, боловсролгүй живж яваа нь өнөө цагийн үнэн. Үүнээс түүхч Ё.Отгонбаяр биднийг гэтэлгэж байна. Би одоохондоо өөр үг хэлэхгүй. Өөр бусдыг номоос, түүний YouTube сувгаараа дамжуулан хүргэдэг “Монголын гээгдсэн түүх”-ээс үзэж, унших боломжтой.
УРАН ЗОХИОЛЫН БУС ОРЧУУЛГА
Салман Рушди “ХУТГА” (дурсамж)
Өдгөөгөөс яг хоёр жилийн өмнө Энэтхэг гаралтай Англи-Америкийн зохиолч Салман Рушди Шатокуагийн үзвэрийн ордонд халдлагад өртөж нэг нүднээсээ хагацсан билээ. Үүнээс гадна цээж, гэдэс, нүүрэндээ олон ч удаа мэс хүргүүлсэн аймшигт явдал болсон юм. Нэлийсэн их цусан дунд, үзвэрийн ордны тайзан дээр үхлүүт хэвтэж байсныг нь төсөөлөхөд хүртэл бэрх. Гэвч тэр энэ бүхнийг даван туулсан эр зоригтон. Ийм эр зоригтон тун ховор. Гэхдээ тэр дан ганц зоригоор бус сэтгэлийн тэвчээр, эргэн тойрны хүмүүсийн хайр, урам зоригоор үүнийг ялсан гарсан түүхийг бид “Хутга” номоос унших болно.
Вилл ба Ариэл Дурант “ТҮҮХИЙН СУРГАМЖУУД” (түүх)
Уг ном нь газар зүй, биологи, үндэстэн, ёс суртахуун, шашин, эдийн засаг, засаглал, дайн, хөгжил дэвшил ба доройтол зэргээр хүн төрөлхтний түүхийг олон талаас нь задлан шинжилсэн, нийгмийн ухааны төдийгүй философийн бүтээл юм. Зохиолч Вилл ба Ариэл Дурант нар хүмүүний хөгжиж дэвшсэн мөн уруудан доройтсон түүхийг товч, тодорхой тайлбарласан нь биднийг цаг хугацаагаар аялуулах мэт болно. Тэд уг бүтээлдээ агуу хүмүүсийн үзэж туулсан амьдрал, тэдний гаргасан санаа оноо, ололт амжилтыг томоохон байлдан дагуулалт болон дайн тулааны давтамжтай холбон өгүүлсэн нь өнгөрснийг тодруулж, амьдралын утга учрыг гэрэлтүүлжээ.
Фридрих Ницше “ХРИСТЭД ТЭРСЛЭГЧ” (философи)
“Энэ ном цөөн хүнийх. Эдгээр цөөн хүний хэн ч одоогоор төрөөгүй ч байж магадгүй.” гэх өгүүлбэрээр эхлэх энэ бүтээлээ Ницше Христийн шашинд хүн төрөлхтний өмнөөс уншиж буй ялын тогтоол гэж нэрлэжээ. Христийн шашны суурь үзэл санаа, ёс зүйн хэм хэмжээг Буддын шашны ёс зүйн хэм хэмжээтэй сөргүүлж үзэх агаад хүний жам ёсны хөгжилд эдгээр шашнууд хэрхэн нөлөөлж ирснийг яруу тодоор буулгасан байна.
Стивен Кинг “БИЧИХҮЙН ТУХАЙ” (дурсамж)
Бүх цаг үеийн шилдэг борлуулалттай зохиолчдын нэг гэгддэг Стивен Кингийн “Бичихүйн тухай” хэвлэгдэхэд “Entertainment Weekly” сэтгүүл “Хаантан (Кинг) түм бум наслаг” хэмээн нийтэлж байв. Нэг талаар туурвилчийн намтар дурсамж, нөгөөтээгүүр мэргэжлийн гарын авлага гэж болохуйц эл бүтээл зохиолч хүн бүрд байвал зохих “багажийн хайрцаг”-ийг бэлэн зэхэж, дэлгэн харуулжээ. Кинг зохиолч болохоор шулуудсан хүүхэд насныхаа ой дуртгалаас эхлээд залуу бичээчийн хувиар туулсан хүндхэн сорилт бэрхшээлүүд, золгүйгээр осолдож амь наана там цаана байхдаа зохиол бүтээлийнхээ хүчээр хөл дээрээ боссон амьдралын туршлагаа зөвлөмж болгон бичсэн нь чухамхүү энэ ном билээ.
Койбүчи Шиничи “Б.Цэвэгмаа: ОДОТ ТАЛДАА БУЦАХ САН”(дурдатгал)
Хаант оросын хавчлага, хятадын соёлын хувьсгал, капитализм болоод социализмын үзэл санааны мөргөлдөөн, монголын ардчилсан хувьсгалыг өөрийн биеэр гэрчлэн, нийгмийн хүчин зүйлсийн өмнө үл гудайн эх оронч, үнэн шударга сэтгэлээр хөдөлмөрлөн амьдарсан эгэл монгол эмэгтэйн түүх юм. Үзэл бодол, итгэл үнэмшлээсээ хэзээ ч буцаж няцаж яваагүй, ямар ч бэрхшээлийн өмнө сөгдөж үзээгүй ээжийн, эрх чөлөөт тусгаар орны үнэ цэн ямар чухал болохыг хойч үеийнхэндээ захимжилсан энэхүү ном нь намтар, дурсамж төрөлд багтах боловч уран зохиол мэт уншигдана.
Сарашина Исао “МӨХӨЛ ДҮҮРЭН ХҮНИЙ ТҮҮХ” (түүхэн эргэцүүлэл)
Уг ном “Хүний түүх”-ийг бүхэлд нь буюу хүн төрөлхтөн анх үүссэнээс хойших 7 сая жилийн тухай хүүрнэх болно. “Хүн гэж юу вэ?” гэх асуултад хариулах нэгэн дөт зам бол “Хүн бусдаас юугаараа ялгаатай вэ?” гэдгийг таньж мэдэх явдал юм. Хүний бусдаас ялгарах хамгийн гол онцлог нь багаж зэвсэг бүтээх чадвар, эсвэл оюун ухаан, хэл яриа, нүцгэн биеийн аль нь ч биш. “Тэгээд юу юм бэ” гэж үү? Тиймээ, чухамдаа уг асуулт л энэ номын үндсэн сэдэв билээ.
ХҮҮХДЭД ЗОРИУЛСАН ЗУРАГТ НОМ
Б.Төрмөнх “О.НАМНАНДОРЖ”
Монгол Улсад шинжлэх ухааныг анхлан таниулсан гавьяат үйлстэн О.Намнандоржийн намтар. Ерөөс уг зурагт номын зохиолоос үзэхэд О.Намнандорж эх орныхоо газар шорооноос олсон үнэт, түүхэн олдворуудыг гадагш гаргалгүй, зөвхөн эх орондоо хадгалж үлдээх чин хүсэлтэй байж гэдгийг ойлгох болно. Тиймдээ ч гадаадаас ирсэн эрдэмтэд, хайгуулын багийнханд зарим чухал орд газрыг нээн илрүүлснээн нууцалдаг байж. Түүнээсээ болж гадуурхагдах, “Төөрүүлдэг Намнандорж” гэх хочийг хүртэл зүүж явжээ.
Петер Хрэйнолдс “ЦЭГ”
Зурагт ном бол зүгээр зурагтай цаас төдий биш билээ. Түүний дотор хүүхдийн оюун сэтгэхүйг хөгжүүлэх, төсөөлөн бодох чадварыг нэмэгдүүлэх асар өргөн агуулга эсвээс тэрхүү үнэт чанарыг энгийн санаагаар илэрхийлсэн ер бусын гайхалтай ертөнц байдаг. “Зүгээр л оролдоод үз, тэгээд юу болохыг харцгаая” гэх уриатай тус ном бол агуу томын эхлэл нь өчүүхэн цэг байдаг гэх утга илэрхийлнэ. Эл ном бол хүүхдэд өөртөө итгэж зоригтой алхам хийхэд тусалсан нэгэн багшийн түүх юм.
Э.Доржсүрэн “ТӨМӨР ЗАМ”
Хүмүүс биднийг холбодог олон зам бий. Түүний нэг нь төмөр зам. Алсад зурайх төмөр замыг хүмүүс яагаад бүтээсэн юм бол? Аварга том зүтгүүрийг хэн жолооддог юм бол? Зохиолч нэн түрүүнд уг асуултыг хүүхдүүдээс асуужээ. Гэвч дан ганц төмөр замын талаар хүүрнээд өнгөрсөнгүй. Номын гол дүр болох Тэргэл охинтой хамт галт тэргээр зорчиж, Бодьхүүтэй хамт төмөр замтай, зүтгүүр хэрхэн угсарч, ачаа хэрхэн ачдаг зэрэг дамжлага үйл ажиллагаануудтай танилцах боломжтой.
P.D.Eastman“ARE YOU MY MOTHER?”
Нэгэн шувуу өндгөө үүрэндээ орхиж хоол хайхаар явах зуур өндөгнөөс бяцхан дэгдээхэй гарч ирдэг. Ээжийгээ хаана байгааг хайж олохоор болж моддоом унана. Ингээд үхэр, муур, тахиа, нохой гээд олон амьтадтай таарч “Чи миний ээж мөн үү?” хэмээн асуусаар явдаг. Аливааг таних, мэдэхийн тулд эхлээд хийж үзэх, эрж хайх ёстойг хүүхдүүд ойлгуулах ном. Үүнийг хамгийн ойр, хэвлийдээ л мэдэрч эхэлдэг хайрын биелэл болох ээжийн дүрээр илэрхийлсэн нь хамгийн гол шийдэл болжээ.
Б.Төрмөнх “БЯЦХАН САЛХИ”
Бушуухан өсөж томрохыг хүссэн бяцхан салхины түүх уншигч хүүхдүүдэд аливаа зүйлийн дэс дараалал, учир шалтгааныг ойлгоход дэм болох юм. Зурагт номын гол дүрийг салхиар төлөөлүүлэн бүтээсэн нь мөнөөх зүй тогтол, юмсын дэс дараалалтай холбогдох учир шалтгааны өгүүлэмжээс үүдэлтэй. Бяцхан навч аав, ээж, эгч шигээ хүчирхэг салхи болж суурингийн хүмүүсийг малгайг хийсгэж сурахыг хүсэх боловч ганц ширхэг навчийг ч хөдөлгөж хүчрэхгүй. Гэхдээ түүнд бас бяцхан зөвлөгч, сайн найз учирч тэд хоорондоо хэрхэн яриа үүсгэхийг тус номоос уншаарай. Номын гол санаа нь яг одоо хүссэн зүйлээ хийж чадахгүй байна гэдэг нь чи үүрд чадахгүй хэвээрээ үлдэнэ гэсэн үг биш хэмээх утгад зангидагджээ.
А.Даваасүрэн “МИНИЙ ЧИНИЙ БИДНИЙ ГЭР”
Хүүхдийн зохиолч А.Даваасүрэнгийн “Би Чи Бид”номын дараагийн бүтээл нь энд онцолж буй тус зурагт ном. Түүний бүтээлүүд хүүхдэд унших сэдэл өгөх ямар нэгэн онцгой арга барил, шийдэлтэй байдаг. Уг номд дөрвөн өөр хүүхдийн түүхийг өгүүлэх бөгөөд хоёр талаас нь уншина. Тиймээс дөрвөн өөр хүүхэд, дөрвөн өөр гэр, дөрвөн өөр ахуй соёлтой танилцах юм.
ХАМГИЙН ОЛОН УДАА УНШСАН НОМ
Салман Рушди “ҮНЭНИЙ ХЭЛ” (эсээ)
Өмнө нь олонтоо сонсож байсан уг номыг БНСУ-ын номын дэлгүүрт харсан даруйд нээж ч үзэлгүй шууд авсан юм. Тус номын зарим хэллэг туйлын хүнд учир бүрэн дүүрэн ойлгож уншсан гэдэгтээ итгэлгүй байна. Тэгээд ч заримыг нь тэр чигт нь орхиж, хэсэгчлэх байдлаар олон хоног эргэн сөхөж харсаар ямартаа ч ард нь гарсан сан. Тус бүтээлд Рушдигийн судалгаа, лекц, магад хүмүүсийн ярианаас ч сэдэвчлэн бүтээсэн 20 эсээ багтжээ.
Уг ном дахь зохиолчийн үзэл санааг ихэнх судлаачид “Шөнө дундын хүүхдүүд” романыг бичих үеийнхтэй нь холбон тайлбарладаг. Колончлолоос гарсан шинэ Энэтхэг улс бус урьдын, зохиолчийн өөрийнх нь төрж өссөн нутгийн талаарх үзэл бодол нь “Үхлийн эсээ” номын ихэнх хуудсыг бүрдүүлнэ.
Энд улс төр, нийгмийн амьдрал, хувьсгалын баатрууд, уран зохиол зэрэг асар өргөн сэдвүүдийг хамардаг. Маркес, Кафкагаас эхлэлтэй олон зохиолчид, тэдгээрийн бүтээлийн тухай гаргалгаа, зөвхөн Рушди л тодорхойлж, хамаатуулж болох өнгө аяс ажиглагддаг. Английн уран зохиолчдоос нөхөрлөж явсан хүмүүсийн тухай уншихад тэдгээр нэрсийг алийг нь өмнө дуулаагүй байв. Бага нас нь төрлөх энэтхэгт өнгөрсөн тэр улс орон зүгээр л сургагч, магад уран зохиолын дөр суулгасан төдий агаад эргэцүүлэн бодох шаардлагатай сэдэв санааг англид олж, тэнд л бичиж сурснаа дурдсан буй. Мөн бүтээлийнх нь бичлэгээс ялгаагүй өгүүлэн буй түүх дотор дахин нэг түүх багтаж байдаг нь уг номын эсээ бүрт шингэсэн онцлог юм.