Үндэсний аппликейшн “UBCAB”-“Ухаалаг такси үйлчилгээ”-г Монголд нэвтрүүлэн, хөгжүүлж буй Үндэсний компани UBCab-ийн гүйцэтгэх захирал Н.Отгонбаяртай ярилцлаа.


-"Interview" сэтгүүлийн урилгыг хүлээн авсанд баярлалаа. Такси дуудлагын аппликейшн Улаанбаатарчуудын хувьд хэрэглээ болж хэвшиж байх шиг байна. Та "UBCab"-ыг хэзээнээс байгуулсан вэ?
-"UBCab"-ыг яг хийсэн залуучуудтай би одоо ч хамтраад ажиллаад явж байгаа. "Mizorn technologty" гээд "IT"-гийн компани. Аппликейшн суурьтай 30 гаруй төсөл хийсэн байгаа. Хуулийн эмхэтгэл хардаг аппликейшн, статистикийн тоо баримтыг хардаг "easysat" гээд олон аппликейшн хийсэн. 2009 онд "Apple store" дээр Монголоос анхны аппликейшн гаргаж хийж байсан. Түүнээс хойш тасралтгүй явж байгаа 30 төслийнх нэг нь "UBCab". Технологийн хөгжлөөр хоцорч яваагийн давуу тал нь дэлхий дээр болж байгааг ажиглаад дараагийн 5 жилд Монголд ямар шийдэл, юуг нэвтрүүлбэл хэрэгтэй вэ гэдгийг харах боломжтой. Гар утсан дээр хүн болгон интернет хэрэглээд эхлэнгүүт аппликейшн бүүм болсон. Ингээд ирээдүйтэй бизнес нь ойлгомжтой болсон. Тэр үед Монголд бараг саяхныг хүртэл, утсаар дуудлага өгөнгүүт жолооч нар станцаар хоорондоо яриад шийддэг байсан. Анх UB лавлах 1616 утсаар авсан дуудлагаа станцаар цацангуут хэн өндөр антеннтай нь түрүүлж дуудлага авдаг байсныг  болиулж хамгийн ойрхон байгаад нь шударгаар хуваарилдаг тийм систем нэвтрүүлж ажлаа эхэлж байв. 2013 онд аппликейшний хэрэглээг өнөөдрийнхтэй яаж харьцуулах вэ? Урсгалаараа олон жил явсан. Миний хувьд 2018 оноос холбогдоод өнөөдрийг хүртэл хоёр жил гаруй хугацаанд UBCab-ийн захирал, үүсгэн байгуулагч, хамтрагчаар явж байна даа. (инээв) 
-Бараг Монголын Uber юм биш үү?
-Таксины ийм аппликейшн дэлхийд бол олон. Алтан гадас гэдэг нь бол "Uber". "Uber" бол дэлхийн 750 хотод үйл ажиллагаа явуулдаг. Хэрэв Монголд ирээд нэг тугаа зоочихвол бидний мөнгө гадагш гарна. Үндэсний аппликейшн байгаа цагт гадагшаа мөнгө гарахгүй, тэр нь эндээ үлдээд монгол инженерүүд цалинжаад явах боломжтой.  
-"UbСab" такси дуудлагын үйлчилгээнд хэдэн такси явдаг вэ?
-Бид таксигаа хоёр ангилдаг. Нэг нь яг нэгдүгээр эгнээний зөвшөөрөлтэй, шар номертой, стандарт такси. Нөгөөдөх нь бол замын унаа гэж байгаа. Зарим хүн ажилдаа явах юм уу, ажлаа тарахдаа зам дагуу хүн суулгадаг. Үүнийг аппликейшн руу шилжүүлж байгаа. Стандарт таксигаа VIP болон энгийн гээд ангилчихсан. Манай системд нийтдээ 1300 орчим жолооч бүртгэлтэй байгаа. Мөн 70 мянга гаруй бүртгэлтэй хэрэглэгчид бий. 

-Төрийн албаны автобаазыг цомхотгоод дарга нарыг таксигаар явуулъя гэсэн таны санаачилга нилээн шуугиан дагууллаа. Зарим хүн дарга нарын аюулгүй байдалд санаа зовж байна лээ. Энэ ер нь боломжтой юу. Өөр улсад үүнийг хэрэгжүүлсэн туршлага байдаг уу? 
-Аюулгүй байдал асуудал биш байхгүй юу. Такси чинь нийтийн тээвэр гэх ангилалдаа ороод жилдээ хоёр удаа үзлэгт ордог. Авто тээврийн үзлэг, бүрэн оношилгоонд орохоос гадна, мэргэшсэн жолооч заавал авдаг. Ийм таксигаар энгийн иргэд зорчиж болоод байхад дарга нар болохгүй гэж байх уу? Ер нь дэлхий даяараа, хувь хүн хүртэл машин өмчлөх утгагүй болж байхад төр нь өмчлөөд байж болохгүй шүү дээ. Sharing economy гээд юмыг заавал өмчлөх биш хуваалцаж хэрэглэх эдийн засаг руу шилжиж байна олон улс. Хамгийн ойрхны жишээ Казакстан улс 100 хувь засгийн газрын баазаа татан буулгаад такси үйлчилгээний байгууллагуудад хуваарилаад өгсөн байсан. 
Үнэхээр өндөр зэрэглэлтэй шаардлагатай гэвэл нэг км нь 3000 төгрөгийн үнэтэй VIP такси дуудаж болно шүү дээ. 3000-аар явсан ч энэ жижигхэн хот шүү дээ. Аяллын дунджийг хааш хаашаагаа таван км гэвэл өдөрт 30 мянган төгрөг өгнө. Өдөрт 30000 төгрөгийн тооцооны зардлыг гаргаад өгөхөд нэг даргыг нэг Lexus 570 машины мөнгөөр 44 жил зөөж байна. Энэ бол зөвхөн машины өртөг. Дээр нь жолоочийн цалин, шатахууны зардал, засвар үйлчилгээ, машиныг чинь хадгалдаг гараж гээд нүсэр зардал байгаа. Гол нь төсвөө хэмнэх хэрэгтэй шүү дээ.
-Дарга нар албаны машинаар хүүхдээ зөөнө, хөдөө зугаална, нэг амралтын газар руу явна. Та түүнийг нь л хаах гээд байна. Таны энэ “мөрөөдөл” ер нь биелэх үү? 
-Энэ жилийн улсын төсөв дээр шийдвэл шийдэхээр шүү дээ. 10 их наядын улсын төсөвтэй. Тэр нь 4 их наядын алдагдалтай гэж байгаа юм. Хувийн компаниар бодвол дампуурсан. 40 хувийн алдагдал гаргачихаад зүгээр суугаад байж болохгүй биз дээ. Яг одоо шийдэх асуудал. Дүүргийн, хэлтсийн дарга нар гаднаа машин уяад суугаад байх чинь ойлгомжгүй байна шүү дээ. Би бол одоо хийх үндэслэл нь бүрдсэн ажил гэж бодож байна.

-Улаанбаатарын гол зовлонгийн нэг нь түгжрэл. Мэдээж такси, халтуурчид тодорхой хэмжээгээр замын хөдөлгөөнд оролцож нөлөөлж байгаа. Түгжрэлтэй холбоотой шийдэл танд байна уу?
-Сайтуудыг гүйлгээд харах юм бол бид 2010 оноос эхэлж түгжрэл ярьж эхэлсэн. Тухайн үед 150-200 мянган автомашинтай хот байсан, Улаанбаатар. Өнөөдөр 600 мянган автомашинтай болчихлоо. 1,5 сая хүнтэй хот байлаа гэж бодъё 600 мянган авто машин. Та бид нарын хүүхдийг оруулаад гурван хүн тутмын нэг нь машинтай гэхээр чинь, яагаад хүн болгон машинтай болж, яагаад машин лизингээр авч унаад байна. Өөрийгөө эмнэлэгт үзүүлэхгүй байж машинд нь дуу орчихвол шууд засварын газар руу явдаг. Статистик мэдээллээр бол нэг авто машиныг арчлах зардал жилийн 900 мянга төгрөг хавьцаа байна. 300 мянган төгрөг лизингд өгнө бензин тос аваад нэг машины төлөө амьдраад байгаа ч юм шиг. Түгжрэлийг шийдэх гаргалгаа нь нийтийн тээврийг хөгжүүлэх юм. Нийтийн тээвэр гэхээр метро, агаарын том кабельтай зам, том том төсөвтэй гүүрэн зам ярих юм. Тэгээд түгжрэл буурах уу? Нийтийн тээвэр гэхээр автобус биш байхгүй юу. Ядаж явган хүний замаа засаад хүн алхах орчинг нь бүрдүүлчихмээр байна. Өндөр өсгийт өмсчихөөд алхаж чадахгүй болохоор машин авч унаад түгжрээд байна. Улаанбаатар хотын иргэдийн нэг үеийнхэн ингэж түгжирч байгаа нь Э.Бат-Үүл гэж даргын хийсэн алдаа. Шийдвэр гаргагч нар өнөөдөр гаргаж байгаа шийдвэр дөрвөн жилийн дараа ямар үр дагавартайгаа тооцохгүй олон хүнд таалагдах гэж хичээснээс болоод ингэж түгжирч байна. Улаанбаатар хотын нийтийн тээврийг сайжруулж байна гээд микро автобусыг халсан. Уг нь энэ жижигхэн хотод метро биш, микро хэрэгтэй юм. Зөв зохион байгуулаад циклд нь оруулаад явуулах ёстой. Өнөөдөр нэг микронд арван хүн суугаад явж байх байсан бол нөгөө микро автобус нь байхгүй болонгуут 10 prius болчихсон. Одоо нийтийн тээвэр гэж приусээр хүмүүсийг нэг нэгээр нь зөөгөөд л... Уул нь тэр төлбөрийн системээ дотор нь нарийн шийдэж өгөөд метро шиг циклээр нь эргүүлээд шугам шугамаар нь орилдоггүй, зөвхөн автобусны буудал дээрээс ийм маршрутаар явна гээд шийдчихээр. Нийтийн тээврээ хөгжүүлээгүй байж түгжрэлийг бууруулж байна гээд аймаар гоё романтикаар дугаарын хязгаарлалт гэсэн. Тэгэнгүүт хожмын үр дагаварыг нь тооцоолоогүй. Яг үүнээс болоод өнөөдөр 600 мянган автомашинтай болчихож байгаа юм. Буцаж болохгүй. Буцвал бүүр гацна. Тэр шийдвэр долоо, найм дахь жилдээ үргэлжлээд явж байна шүү дээ. Тухайн үед хот 300 мянган авто машинтай байсан гэвэл өнөөдөр 600 мянган машинтай болжээ. Долоо хоногийн нэг өдөрт хоёр орон дугаар явахгүй гэхээр 20 хувь нь шүү дээ. Өдөрт 120 орчим хүн нийтийн хэвийн тээврээр зорчиж байсан чинь дахиад 120 мянган хүн нийтийн тээвэр сонгоно хэрэгтэй болчихсон. Ингээд нийтийн тээврээр үйлчлүүлэх эрэлт бий болчихож байна. Гол нь энэ 100 мянган гаруй хүн автобусанд багтахаа болино. Тэгээд такси барьдаг юм байгаа биз дээ. Улаанбаатар хотын гудамжинд 40 мянга  халтуурчин бий гэсэн судалгаа байна. Бүгдийг нь 100 мянга гаруй хүн зөөхөөр приусны эрэлтийг бий болгож байна. Тэгээд хүнээс “юу хийж амьдраад байна аа” гэхээр “Өө, хөгшин нь нэг приус авчихсан халтуур хийгээд амьдарч байна” гэдэг. Тэгвэл “би ч бас авчихъя” гээд 500-700 мянган төгрөгийн цалинтай хүн сарын 350 мянган төгрөгийн лизингээр приус аваад халтуур хийгээд болгочих юм байна гээд машинтай болчихдог. Ингээд өнөөдөр ёстой тэг зогсолт хийх хэмжээнд хүрч байна. 

-Нийтийн тээврийг хөгжүүлнэ гээд зүтгэхээр энэ их түгжрэл дунд чинь улам л нэрмээс болох ажил юм биш үү? 
-Өөр сонголт байхгүй. Одоо хоёулаа энэ замын цагдаагийн газрын хажууд байна. Энд хаана автобусны буудал байна? та надаа хэл дээ? Хэзээ ирэх юм тэр автобус нь, Мянгахан автобус явдаг, Улаанбаатарт. Тэр мянган автобусыг улаанбаатарчуудыг зөөлгөхийн төлөө нийслэлийн төсвөөс жилд 100 тэрбум төгрөг зарцуулдаг. Энэ хэвийн үзэгдэл үү? Нэг их наядын төсөвтэй нийслэл шүү дээ. Түүнийхээ 10 хувийг нийтийн тээврийн зардлын санхүүжилтэд өгдөг. 100 тэрбумыг нийслэлийн төсвөөс гаргаад мянган автобус явуулж байгаа. Тэгсэн нэг улс төрийн нам нийтийн тээврийг 100 хувь үнэгүй болгоно гэнэ. Мэдээж болно. Тэр тооцоо судалгааг нь хийсэн юм байна лээ. Би харсан. 200 тэрбум төгрөг төсөвлөсөн гэж байна. 200 тэрбум гэдэг чинь 200 цэцэрлэг биз дээ. 1000 автобусны 80 хувийх нь ашиглалтын хугацаа дуусч байгаа. Зуухан ширхэг автобус авах гэж улсын төсвөөс 20 хэдэн тэрбум төгрөг төсөвлөж байна. Микро автобусны стандартыг сайжруулаад жижиг циклүүдээр нь явуул. Нисэх, Яармаг гэхэд тэртэй тэргүй бодит эрэлт байна. Багшийн Дээдийн автобусны буудал дээр орой 7, 8 цагийн үед очвол 7 буудал явлаа гээд нөгөө приусүүд зогсож байгаа. Төв номын сангийн урдаас Нисэх 1000 төгрөгөөр явдаг приусууд зогсож л байгаа. Микро автобусны стандартыг нь шинэчлээд, зогсоолыг шийдчихвэл хүмүүс нь тэндээ орилолгүйгээр яг тэр циклээрээ суугаад явчихна шүү дээ. Би А цэгээс Б цэгт очих гээд байгаа болохоос биш 40-үүлээ сууна уу, хэдүүлээ сууна уу хамаагүй. Эдийн засагт энэ чинь л хэрэгтэй байна. Монгол Улс 6.5 тэрбум ам.долларын экспортын нийт орлоготой. Тэгсэн чинь 2019 онд бид  нэг тэрбум ам.доллараар машин худалдаад авчихсан. Олсон мөнгөнийхөө дийлэнхээр машин аваад байна. Үүнийгээ дагаад 2 тэрбум ам.долларын тослох материал, нэмээд газ, бензин, масло нийлээд 3 тэрбум ам.доллар дөхнө. 6.5 тэрбумын экспортын орлого  олох гээд өдөр шөнөгүй нүүрсээ зөөчихөөд 3 тэрбумыг нь машинд үрдэг, олсон мөнгөнийхөө талаар машин авчихдаг өөр улс орон байна уу? Улаан-Үдэд гэхэд микро автобус явдаг. Өндөр гоё газруудад явж л байна. Шийдэж чадах юмаа шийдчих хэрэгтэй. Метро бол хэзээ ч шийдэгдэхгүй. Түгжрэлээс болж бухимдаж, ажлаасаа халагдах, зарим хүн ажил төрлөө ч төлөвлөж чадахгүй явж байна. 

-Худгаас ус авдаг аппликейшн гаргаж байгаа гэсэн. Миний санаанд буухгүй л байна. Худгаас ус авах ажлыг аппликейшнээр дамжуулж шийднэ гэхээр сонин санагдаад. Ямар шийдэл гаргасан юм бэ? 
-"UBCab" аппликейшн ямар шийдэлтэй вэ гэхээр "ondemand" гэх бизнесийн үйлчилгээний нэг төрөл юм. Би бол эмээтэйгээ гэр хороололд өссөн хүн. Өвлийн хүйтэнд юм угаах, хоолоо хийх усаа зөөнө. Хэцүү байдаг байхгүй юу. Ус авна гэдэг чинь хүүхэд хөгшдийн л хийдэг ажил. Худаг дээр яваад очихоор баахан хүүхдүүд л байгаа. Манай ээж Дарь-Эхэд амьдардаг. Ээжид ус авч өгөх гэж би 3, 4 дүгээр хорооллоос түгжирч очих жишээний. Тэнд 20 литр ус авч өгөхийн тулд нөгөө түгжрэлийг чинь туулаад очдог. Энэ эрэлт, хэрэгцээ дээр тулгуурлаад ус, түлээний асуудлыг хүргэлтийн аргаар шийдэж болохоор санагдсан. Энэ оффист 2500 төгрөгийн үнэтэй савтай ус аваад байгаа биз дээ. Нэг сав усыг хэдэн давхарт ч байсан хөлсөө дуслуулан барин үүрээд оруулаад ирдэг. Ялгаатай нь хотоор нэг ус зөөгөөд явахгүй. Тэр хавьдаа л зөөнө. Тэгэхээр хямдарна шүү дээ. Гэр хороололд ус зөөх төлбөр нь 500 төгрөг хавьцаа байхаар тооцоо гаргасан. Энэ бол ашгийн төлөө бус ажил. Аппликейшн бол зүгээр зохицуулалтыг нь хийж өгч байгаа юм. Одоо такси ч гэсэн тэгж байна. "UBCab" хүмүүсийн хэрэгцээг холбож байгаа. Нэг ч операторгүйгээр хоногт 3000 дуудлагыг холбодог. Гэр хорооллыг харах юм бол Яармагт ч тэр, Нисэхэд ч тэр зөвхөн гэр хороололдоо явдаг такси гэж байдаг. Яармаг дотроо хаана ч очсон 2000 гэсэн дүрэмтэй. Тэгвэл дөрвөн айлд ус, шуудайтай түлээ нүүрс хүргэж өгөөд 2000 төгрөг ав гэхэд байж болно биз. Оюутнууд ч хийж болно. Заавал машинтай байх албагүй. Усны тэргэн дээр хүмүүст юм зөөж өгөөд 500 төгрөг авч болж байна.

-Та Лу.Болд гишүүний төлөөлөгчөөр ажиллаж байсан. Лу.Болд бол Монголын улс төрийн нилээн сонирхолтой фигур. Хөндлөнгөөс харахад л амьдрал нь бараг кино шахуу. Тэр хүнтэй яаж яваад холбогдсон бэ?
-Би скаут клубыг хүүхдүүдтэй нийлээд ажиллуулдаг байсан юм. Дөрөв тавуулаа ажилладаг идэвхтэй сэнтэг маягийн нөхөр байхгүй юу. Тэгээд 2008 онд одоо Лу.Болд гишүүний менежерээр ажиллаж байсан хүн л та нар нэг сонгуульд ажиллаач гэсэн. Тэгэхэд 18, 19 настай байж. Хэдэн төгрөгийн цалин өгнө. Тэгээд л анх сонгуульд ажилласан. Тэр үед Хан-Уул дүүрэгт Ардчилсан нам гэдэг чинь миний бодож байгаагаар анх удаа ялсан. Тэр сонгуулиар л энэ улс төр гэдэг юм чинь миний бодсоноос шал өөр, хэтэрхий бохир гэдгийг мэдэрсэн. Тэр үед хар машин байхгүй гараар тоолдог байлаа. Гараар тоолохдоо саналын хуудсуудыг тараагаад тавьчихдаг юм байна лээ. Гэхдээ би сонин тараадаг хүмүүсийг зохион байгуулдаг менежер л байсан. Өөрийнхөө ажилласан хороон дээр үр дүнгээ харъя гээд санал авах байранд нь ажиглагчаар бүртгүүлээд орчихгүй юу. Саналын хуудсуудыг ширээн дээр асгаад гуч гучаар нь уншиж, уншсаныг нь тэмдэглэдэг юм билээ. Тэнд нь илэрхий Болд гэсэн байхад Загджав гэж уншаад "Хүүш, яаж байгаа юм. Болиоч ээ" гэнгүүт "За одоо болилоо" гээд уншаад байна. Дараа нь нэг бие даагчийн саналыг өөр нэр дэвшигч дээр аваачаад тавьчих жишээний... Иймэрхүү фактууд илрэхгүй юу. Тэрийг нь тойргийн хороо руу гомдол гаргаад л явсан. Лу.Болд гишүүн гэхээсээ илүү том аппарат ирж ажилладаг байв. Тэнд ажиллаж байсан менежер л хүмүүсээс нь энэ, тэр сайн ажилласан гээд би анх бие төлөөлөгч болж байв. Ингээд найман жил Хан-Уул дүүрэгт Лу.Болд гишүүний бие төлөөлөгчөөр ажилласан. Гэхдээ сонин шүү. Хүмүүс ч гэсэн гайхдаг. Лу.Болд гишүүнтэй найман жил ажиллахдаа найман удаа л уулзсан байх. 

-Та Хан-Уул дүүргийн иргэдийн төлөөлөгчийн хуралд байхдаа Нэхмэлийн шарын дахин төлөвлөлтөнд ажиллаж байсан. Тэр ажил юу болсон бэ?
-Одоо айл үлдсэн байна лээ. Нэхмэлийн шарын байр чинь их хуучны, анхны байрнуудын нэг. Хүн амьдрах нөхцөл байхгүй, халуун ус ч үгүй шүү дээ. Орон сууцны хороолол мөртлөө байрлал нь 120 мянгат, Хан-Уулын төвд. Яг тэр хороон дээр өргөдөл авдаг байранд байсан. Тэдний амьдралыг мэддэг, бараг улирал болгон нээлттэй сонсгол хийгээд л ажиллаад байсан. Хөрөнгийн чадамжгүй компани тендерийг нь аваад явсаар байгаад өөр компанитай хамтраад төслөө дуусгасан. Чадваргүй компани гурван жил цаг алдаад, энэ намар, за хавар эхэлнэ гэж худлаа ярьж хойшлуулсан. Одоо бол тэр хавьд гайгүй амжилттай том том байшингууд баригдаад танигдахгүй болчихсон байна лээ. Тэр үед Нэхмэлийн шарын байрны үнэ 10 сая төгрөг хавьцаа л байсан. Одоо баригдаад дууссан гэхээр айлууд нь хожсон байх аа. 

СӨХ-ны даргаа ажиллуулж чадахгүй байж төрийн тэргүүн ярьдаг балай зан байна, бидэнд

-СӨХ-ны дарга хийдэг гэсэн байх аа?
-Нэг жил ариун өмнө аав ээжийнх 3, 4 хорооллын хуучны угсармал байранд нүүж орсон юм. Тэгсэн лифт нь ажиллахгүй зургаан сар боллоо. Ингээд хэрүүл хийх гэж СӨХ-ны хуралд очоод шүүмжилчихээд гараад явалтай нь биш “СӨХ ер нь болохгүй байна хяналт нь тавьж ажиллана” гээд СӨХ-ны Удирдах зөвлөлийн дарга болчихсон. Гол нь СӨХ-ны даргаа ажиллуулж чадахгүй байж төрийн тэргүүн ярьдаг балай зан байна, бидэнд. Иргэдийн төлөөлөгч чинь СӨХ байхгүй юу. Тэнд ямар ч изм байхгүй, ямар ч намын үзэл байхгүй. Зүгээр л манай энэ байрны тохижилтыг шийдэж байгаа. Иргэдийн хурал гэдэг чинь СӨХ шүү дээ. СӨХ-ны хурал гэхээр хэдэн хөгшид суугаад ярьдаг байж болохгүй. Би бол СӨХ-гоо ашигтай болгосон. Менежментийг нь өөрчлөөд "500 мянган төгрөгөөс дээш зардал гаргавал заавал асуу. Үгүй бол хариуцлага тооцно шүү" гээд хийх ажлын төлөвлөгөөг нь гаргаад өгөхөд жилдээ 20 сая төгрөгийн хуримтлал үүсэж байгаа юм. Ганцхан СӨХ шүү дээ. Тэр олон СӨХ-үүд хуримтлал үүсгэвэл их хурлын гишүүн байрны гадаа ирж, гулсуур хайчлаад байх ямар хэрэгтэй юм. СӨХ нь л гулсуур барьчихна шүү дээ. Бид СӨХ-ны аппликейшн хийж байгаа. СӨХ-ны тухай хуулиар оршин суугчдын 50 хувь нь цуглаж байж ирцтэй болдог. Одоо СӨХ-ны хурал битгий хэл, хорооныхоо хуралд ч очиж суухгүй байна. Хүмүүс өөрийнхөө төлөө очихгүй байна. Дээр нь ажлын өдөр, ажлын цагаар гээд байвал бүүр хэцүү. Үүнийг нэгдүгээрт, онлайн болгоод ажил дээрээ сууж байгаад СӨХ-ны хуралд оролцдог болгох юм. Хоёрт, хуулийн хугацаанд СӨХ нь хурлаа хийгээд ажлаа танилцуулаад гүйцэтгэх захирал нь ажлаа хийгээд явчихна. СӨХ-ны гаргаж байгаа зардлуудыг шилэн болгоод аппликейшнээрээ дамжуулаад харчихна. Гуравт, СӨХ-ны мөнгө төлөх гээд банк руу явахгүй төлбөр хийдэг болно. Дөрөвт, тэр дээр санал асуулга явуулж оршин суугчид нь гулсуур тавих уу, эсвэл хөгшчүүлдээ сүүдрэвч хийх үү, эсвэл орцоо бүгдийг камержуулах уу гэдгийг шийдэж болж байна. Зүгээр аппликейшнээр ажлаа хийдэг болъё гээд байгаа юм. Бүх СӨХ нь эндээ орчихвол иргэд нь тэндээ саналаа өгөөд хяналттай болчихож байгаа юм. Ингэснээр Их Хурлын гишүүд манай байрны гадаа гулсуур тавьж тууз хайчлаад байх хэрэггүй болно. Юу хийсэн гэхээр гулсуур барьсан, байрны дээвэр зассан гээд суудаг гишүүд байна. Энэ чинь уул нь СӨХ-ны ажил байхгүй юу. Тэгэхээр хороо дүүрэг ч гэсэн арай том асуудалдаа анхаараад явчихна шүү дээ.

-Таныг бас ном хэвлэж гаргасныг мэднэ. “Нисдэг ном” паблишингаа хэзээ байгуулсан бэ? Яагаад "Нисдэг ном" гэж нэрлэсэн бэ?
-Би үнэндээ 65 нас хүртлээ ажил хийгээд ээж аавынхаа амьдралыг давтмааргүй байна. Тэгээд тэтгэврийн мөнгөөр амьдармааргүй байна. Гоё хүмүүсийг хараад атаархдаг байхгүй юу. Жишээ нь Мөнхчулууны Зоригт ах байна. Тэтгэвэртээ гарсан. Одоо дуртай ажлаа хийгээд явж байна шүү дээ. Түүн шиг 40 хэдтэй ч юм уу, тодорхой хугацааны дараа тэтгэвэрт гарна. Тэр хугацаандаа номын бизнес хийе л гэж бодсон. Ашгийн гэхээсээ илүү сонирхлоороо нэгдсэн залуусын ажил.  Гол нь дроноор номыг хүргэе гэсэн санаа. Дижитал ном яаж ч хөгжсөн жинхэнэ номыг орлохгүй байхгүй юу. Унтахдаа нойроо хүргэж утсаа оролдохоосоо илүү ном харж байгаад унтвал тэр чинь амьдралын зөв хэв маяг шүү дээ. Тийм учраас бодит ном байх ёстой. Сая хамгийн эхний төсөл биткойн блокчэйний суурь ойлголтын талаар Амazon -ны бэстселлэр номыг гаргасан. Биткойн гээд цахим мөнгө ярьж байна шүү дээ. XIII зуунд Марко Полог азиуд цаасан мөнгө хэрэглэдэг тухай хэлсэн чинь далан худалч гэж дуудаж байсан. Өнөөдөр ч гэсэн цахим мөнгө, крипто валют ярихаар хүн төрөлхтөн ойлгож хүлээж авахгүй байна шүү дээ. Ёстой далан худалч гээд байна. Үүний суурь ойлголтын талаар ном. 1000 хувь хэвлэгдсэн зарагдаад дуусаж байх шиг байна лээ. 

-Сонирхолтой ярилцсан танд баярлалаа. 
-Баярлалаа. 

Ctrl
Enter
Гомдол хэрхэн мэдүүлэх вэ?
Холбоотой текстийг идэвхжүүлэн Ctrl+Enter дарна уу.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл (0)

Foto
Б.Ганчимэг

Б.Ганчимэг
Б.Ганчимэг
Б.Алтанхуяг
Б.Алтанхуяг
А.Доржханд
А.Доржханд
О.Нинж
О.Нинж
П.Соёлдэлгэр
П.Соёлдэлгэр
А.Банзрагчгарав
А.Банзрагчгарав