Манай шинэ дугаарын хүндэт зочноор “Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг уригдсан. "Interview" сэтгүүл өнгөрөн одож буй 2019 онд шилдэг, эрч хүчтэй залуусын индэр байж чадлаа. Энэ удаа ч бид борлуулалт, цэвэр ашгийн хэмжээгээрээ Монгол Улсад тэргүүлж буй хүчирхэг багийн удирдагч, хөлгийн капитан, эр зориг, эрмэлзэл тэмүүллээр дүүрэн зочныг та бүхэнтэйгээ уулзуулж байна. Ингээд түүний тэр бүр хэвлэлд дэлгэж байгаагүй нээлттэй ертөнцөөр аялна уу.
-Тантай анх удаа уулзаж байна. Уул уурхай дагасан төслүүд маань нийгэмдээ хайрлагдаж, бүрэн гүйцэд ойлгогдож амжаагүй л яваад байна. “Оюу толгой” төсөл гэхэд зургаан жил хэлэлцэгдэж хэрэлдэж байж эхэлсэн. Одоо ч ойлгогдож чадаагүй л явна. Энэ хэцүү үед “Эрдэнэс Тавантолгой” хэмээх том айлыг та удирдаж байна.
- Монголын эдийн засгийн хэдэн хувийг уул уурхайн салбар бүрдүүлж байна вэ гэсэн эерэг талаас харахаар, жишээ нь 2018 оны дотоодын нийт бүтээгдэхүүний төсвийн орлогын 12 хувийг “Эрдэнэт”, “Эрдэнэс Тавантолгой”-н хамт олон дангаараа бүрдүүлсэн байдаг. Тэгээд хариуд нь энэ хэмжээний эерэг үзүүлэлт, эерэг ойлголт нийгэмд байгаа болов уу гэхээр байдаггүй. Энийг л зөв голдирол руу оруулж, өөрчлөх шаардлага байна. “Эрдэнэс Тавантолгой”, “Таван толгой” төсөлтэй хамгийн удаан хугацаанд буюу 2007 оноос эхлэн анхнаас нь холбоотой яваа хүний хувьд санаа зовж явдаг зүйл мэдээж их бий. Таны хэлснээр “Оюу толгой” зургаан жилийн хүнд нөхцөл байдлаас бий болж, арай гэж гэрээ байгуулагдсан бол “Эрдэнэс Тавантолгой” 2010 онд үйл ажиллагаагаа эхлэхээс өмнөх гурван жил цаасан дээр төлөвлөгдөж, ямар компани бий болох тухай төсөөлөл, стратеги нь боловсруулагдаж, урт хугацааны хөгжил нь тодорхойлогдож байсан. Нөөцийн судалгаа, шинэчлэлт, бүртгэлийн бичиг баримтаас эхлээд, техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулахад гурван жилийг зарцуулсан байдаг. Улмаар 2010 онд бичиг баримт нь боловсруулагдаж, ордод хөрөнгө оруулах стратегийн хөрөнгө оруулагчийг сонгон шалгаруулах ажил зарлагдаж, дэлхийн уул уурхайн томоохон 12 компани оролцож, ордын анхны үнэ цэнийг тогтоох талаар санал ирүүлж, цогцоор нь хөгжүүлэх бодлого зурагдаж байсан түүхтэй. Ер нь “Эрдэнэс Тавантолгой”-г ингэж хөгжүүлье гэсэн анхны дүр зураг нь олон улсын төвшинд харагдаж эхэлж зарлагдсан. Гэвч 2016 он хүртэл дээрх зорилт зөвхөн тунхаг төдий болж, уурхай огт хөгжөөгүй. Компани өр дардаг хэрэгсэл, улс төрийн сэдэв болсоор ирсэн гэдгийг ил хэлэх хэрэгтэй. Мэдээж эдийн засгийн хүндрэл, улс төрийн үл ойлголцол, бүтээгдэхүүний үнийн уналт, төсвийн буруу зарцуулалт, муу төлөвлөлт гээд 10 жилд тохиолдсон бодит саад, санаатай болон санамсаргүй хийгдсэн үйлдэл, алдааг нэрлэх ёстой. Компани ямар ч орлогогүй, гучаадхан хүнтэй байхдаа л "Чалко" компанид 200-300 сая долларын өр тавьсан, дахин 2014-2015 онуудад өр дээрээ нэмж Хөгжлийн банкнаас 200 сая долларын зээл авсан, нөгөө 1072 хувьцаагаа дагаад л иргэддээ сая төгрөг өгсөн асуудал, хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон ахмадуудаасаа хувьцаагаа буцаан худалдан авсан, 2016 онд сан хувьцаа нэрээр иргэдээсээ 300.000 хүртэл хувьцааг дахин бэлэн мөнгөөр худалдан авсан гээд л улс төр, эдийн засгийн сайн, муу бүх зүйл манай компанитай холбогдсоор ирсэн. 2016 он хүртэл компани хүндрэлтэй байсан. Түүнээс хойшхи тайланд санхүүгийн гүйцэтгэлээр жилд 36.8 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан тооцоо анх удаа гарсан. Гэсэн ч дээрх том өр зээл нь хэвээр байсан. 2016 онд 36.8 тэрбум төгрөг, 2017 онд 461 тэрбум төгрөгийн ашигтай ажиллаад, "Чалко"-гийн өрийг төлсөн. 2018 онд 807.7 тэрбумын ашигтай ажиллаад, Хөгжлийн банкны өрийг төлж дуусгаад одоо гадаад, дотооддоо ямар ч өргүй хөгжлийнхөө хамгийн чухал эгзэгтэй мөч дээрээ ирчихээд ажиллаж байна. “Эрдэнэс Тавантолгой” ийм л зам туулж яваа айл юм.
-Манайх мал аж ахуйн орон байсан. Бидэнд уул уурхайн орон байсан туршлага байхгүй. Тийм ч учраас энэ шинэ нөхцөл байдлуудыг даван туулах гэж тодорхой бэрхшээл туулж байна. Өнөөдөр монголчууд уул уурхайгаа тойрч л улстөржиж байна. Үүнээс болоод уул уурхайн төслүүд маань ойлгогдож, хүндэтгэгдэж, дэмжигдэж чадахгүй яваад байна. Энэ төвөгтэй үл ойлголцол хэзээ дуусах бол. Та яаж харж байна?
-Улс төрийн шууд санал авах зорилготой шийдвэрүүд энэ компанид сөргөөр нөлөөлсөөр ирсэн. Бүтээгдэхүүний үнэ унахад шууд нөлөөлдөг. Зах зээлийн уналт болгоныг энэ компани өөр дээрээ цохилт болгож авлаа. Өнгө зүс ороод, босоод ирэх олон ч боломжийг улс төрийн буруу шийдвэрүүд устгаж, компанийг унагаж байсан нь үнэн. Одоо бол дээрх хүндрэл бэрхшээлүүд, ялангуяа улс төрийн шинжтэй зохиомол бөгөөд санаатай, бизнесийн бус цохилтууд ирэхгүй болов уу. Иргэдийн хувьд ч хандлага нь ондоо боллоо, төрийн зүгээс ч бизнесийн, хөгжлийн агуулгаар сайн дэмжиж эхэлсэн. Харин яг өнөөдөр улс орны эдийн засгийг нуруундаа үүрч яваа гол компаниудын нэг мөн хэдий ч тэр хэмжээнд нь ард иргэд хүлээн зөвшөөрч, дэмжиж чадаж байна уу? гэдэг харьцуулсан дүр зургийг хармаар байгаа юм. Мөн цаашид яаж компаниа хөгжүүлээд, хамтраад дэмжээд, зөв оролцоод явах вэ? гэхээсээ илүүтэй надад, өөртөө энэ компаниас ямар ашиг авах, ногдол хүртэх, үр дүн бий болгох вэ гэдэг үүднээс хүн болгон харж байна. Энэ бол мэдээж бизнесийн л хууль. Ингэж бодох нь ч зөв. Тиймээс эхлээд хүн бүр Тавантолгой төслийг бүрэн зураглалаар нь, томоор нь хармаар байна. Бидний хажууд байгаа бэлэн жишээ Эрдэнэт хот, Эрдэнэт үйлдвэр байна. Эрдэнэт шиг хэмжээний том бүтээн байгуулалт болгох зорилт бол хувьцаа эзэмшигч бүрийн энгийн бөгөөд бодит төсөөлөл, батлагдсан төлөвлөлт гэдгийг ойлгох хэрэгтэй. Мэдээж том стратеги зорилтын төлөө явахад хүндрэлтэй зүйл маш их тулгарна. Ер нь бүх төрлийн сөрөг хандлага, эсэргүүцэлтэй ч тулгарч таарна. Эсэргүүцлийг харин битгий зовлонд тоож, тоочоорой гэж бид багийнхандаа хэлж, зоригжуулж явдаг. Хийсэн ажил, хүрсэн амжилтуудыг одоогийн баг болон Засгийн газарт ямар ч хамааралгүй юм шиг, зүгээр л хар аяндаа бүтчихсэн юм шиг хандлага руу ч нийгмийг хөтлөх байдал харагдаж л байна. Нүүрсний үнэ угаасаа л өссөн, эдийн засаг хямраагүй, хэн ч байсан болох л байсан гэх хандлага байна аа, байна. Урьд нь нүүрсний үнэ унаагүй байхад ч зохиомлоор унагаж байсан тохиолдлууд зөндөө бий. Энэ төслийн үндсэн суурь, эхлэл нь зөв замдаа орчих л юм бол үүнийг дагаад төмөр зам, авто замууд, угаах үйлдвэр, цахилгаан станц, усан хангамж, кокс, хими технологийн үйлдвэрүүд болон хот байгуулалтууд зөв төлөвлөгдөөд, хэрэгжээд явчихна. Эрдэнэтийг анхнаасаа төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн төлөвлөлтөөр хатуу тооцож, хэрэгжүүлсэн төсөл. Тиймээс ч саад, бэрхшээл харьцангуй бага, шууд бүтээн байгуулалтын ажлууд өрнөсөн. Манай төсөл шал өөр нийгмийн байгуулалтын төвшинд төлөвлөгдөж, хэрэгжиж байгаагаараа ялгаатай. Хүн болгон үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөгөөр хангагдаж, ардчилал, ил тод байдал, хардах, хардуулах, шүүмжлэх сэтгэлгээн дунд "сэлүүрдэж" яваа Үндэсний хэмжээний төсөл. Хэн дуртай, юу дуртайгаараа нүдэх бололцоотой ийм үед явж байгаа. Ямар ч сайн зүйл хийхэд заавал сөрөг талаас нь хардаг, бараан юм гаргаж ирдэг. Ямар ч сайхан эерэг үр дүн гарч ирэхэд заавал нэг харлуулах шалтгаан бэлэн байдаг, ийм л нөхцөл байдал дунд зүтгэсээр л явна даа, манай хамт олон.
-Өнгөрсөн жилд гэхэд л 360 гаруй тэрбумын өр төлөөд, дээр нь ашигтай ажилласан. Татвар төлөлтөөрөө шилдэг компаниудын жагсаалтаар хэдэд жагсдаг вэ?
-Тийм. Өнгөрсөн оны 10 сар гэхэд бид Хөгжлийн банкны өрийг төлж дуусгаад, дээр нь ашигтай ажиллаад 460 гаруй тэрбумын татварыг улсдаа төлж, топ 100 аж ахуйн нэгжийн жагсаалтын хоёрт орсон. Сүүлийн хоёр жил дараалан Эрдэнэт үйлдвэрийн дараа хоёрдугаарт орлоо. Үүнээс өмнөх жилүүдэд буюу 2016 оноос өмнө доогуур эрэмблэгдэж байсан. 2019 оны гарах амжилт, эдийн засгийн сайн үзүүлэлтүүд бол зөвхөн бүтээгдэхүүний буюу нүүрсний үнийн өсөлт биш гэдгийг онцолмоор байна. Нүүрсний үнэ 2019 оны 7 дугаар сараас хойш 12 сар хүртэлх хугацаанд 180 орчим юаниар тогтмол хэмнэлттэйгээр буурсаар ирснийг судлаачид хэлэх байх. Харин бид 2019 онд нүүрсний үнийг нэг ч ам.доллараар буулгалгүйгээр 12 сартай золгож, төлөвлөгөөгөө бүрэн биелүүлсэн. Ингэж үнэ өсгөх бодлого баримталснаар 160 орчим сая ам.долларыг улсдаа орлого, компанидаа ашиг болгон үлдээж чадлаа.
-Уул уурхайн сэдэв барьж ашиг хонжоо хайсан эх орны нэр барьсан бүлэглэлүүд, улс төр доторх популизм хийдэг бүлэглэлүүд шинээр төрөөд л байх бололтой юм. Ардчилсан орон учраас хааж боогдуулах, цагдах аргагүй. Олон нийтийг угааж буй энэ үл ойлголцлыг хэзээ цэгцэрнэ гэж та хардаг вэ?
-Сонгогчдын боловсрол гэдэг сэдэв нэлээн яригддаг. Гэхдээ дорвитой тусгал явагдахгүй байна. Уул уурхай бол Монголын нэг номерын сэдэв. Бүх хүний мэддэггүй атлаа аманд нь явдаг сэдэв. Цаашдаа ч үргэлжлэх улс төрийн халуун сэдэв. Энэ сэдвээс иргэдийг, ялангуяа нийгмийн идэвхтэй байгаа иргэний нийгмийн байгууллагуудыг холдуулах ямар ч аргагүй. Гэхдээ зөв байдлаар шүүмжлэх, судлаач, судлагдахууны байдлаар авч үзэх боломжийг олгохын тулд иргэний нийгмийн байгууллагуудад зөв мэдээллийг системтэйгээр өгдөг болох нь төрийн том үүрэг. Бид ч чадах хэмжээндээ л өөрсдийн мэдээллээ хүргэхийг хичээж байгаагийн нэг илэрхийлэл бол “1072 хувьцаа мэдээллийн төв”-ийг байгуулаад, үүгээрээ дамжуулаад иргэний нийгмийн байгууллагуудтай хамтрах, бүр компани дэргэдээ олон нийтийн зөвлөл хүртэл байгуулаад, мэдээлэл өгөөд явж байгаа. Ганцхан “Эрдэнэс Тавантолгой” биш ер нь Монголын уул уурхайн салбарын хөгжил яаж тодорхойлогдох юм бэ гэсэн өргөн хүрээтэй, концепцийн шинжтэй ажлуудын талаарх мэдээллийг өгөх, ойлгуулан таниулах ажлыг эхлүүлсэн. Сэтгүүлчидтэй, ялангуяа энэ салбарын эрдэмтэн, судлаач, инженер, техникийн ажилтнуудтай эрдэмтдийн зөвлөлийг давхар байгуулаад, олон төрөлт хэлбэрээр ажиллаад л явж байна. Миний бие 2016 оны 9 сард компанидаа тэргүүн дэд захирлаар эргээд ирэхэд, нийгэмд, сошиал орчинд компанийн тухай дан хар мэдээлэл л зонхилж байсан гэхэд хилсдэхгүй. Ашиггүй ажилладаг, өр төлбөр тавьдаг, компанийн захирлууд тендертэй холбоотой асуудалд ордог, хятадын компанид өгөх ёстой, сайн хувийн компанид хувьчлах ёстой гэх мэт маш их хар мэдээлэл байсан. Энэ үеэс хойш арай өөр хэлбэрээр ажиллаж эхэлсэн. Ажлаа зөв төлөвлөхөөс эхлээд, хэмнэлтийн менежментийг нэвтрүүлэх шаардлагатай, өрнөөс яаралтай гарах хэрэгтэй, төрөөс нэхэж байгаа хууль бус шаардлага, дарамт, нөлөөллийг багасгах ёстой, бизнесийн голдиролд нь шилжүүлэх, мэдээллийг нийтэд ил тод, нээлттэй болгох учиртай, ажилчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэж, хамт олонч, бүтээлч уур амьсгалыг бүрдүүлэх ёстой гэсэн зарчмуудыг удирдлага болгосон. Тухайн үед компанийн талаарх нээлттэй судалгаа хийж үзэхэд 80:20 гэсэн харьцаатай буюу хэт хар мэдээлэл илүү зонхилж байлаа. Харин 2019 оны дахин судалгаа явуулахад 60 гаруй хувь нь эерэг хандлагатай буюу итгэл найдвар төрсөн, найдсан, өөрийн компани гэж үзсэн, дэмжсэн хандлагатай байсан бол, 20 орчим хувь нь ажигласан, мэдээлэл авсан, сонирхсон байдалтай, үлдэх 20 орчим хувь нь үл итгэсэн, шүүмжилсэн байр суурьтай болсон байсан. Бодит ажил гэвэл хоёр жилийн хугацаанд 1.2 сая иргэн дансаа нээлгэсэн, давхардсан тоогоор 2.7 сая иргэн зөвлөгөө, мэдээлэл авсан, сургалтанд хамрагдсан гэх статистик үзүүлэлтийг гаргаж бид чадсан. Ингээд ажиллаад ирэхээр иргэний нийгмийн байгууллагуудын өмнө нь дайраад байдаг хандлага нь шал ондоо болоод ирсэн. Хувьцаа эзэмшигчдийн хурлаа хүртэл нээлттэй хийгээд, иргэн бүртэй харьцаад ирэхээр компани нээлттэй, ил тод байж болдог юм байна гэсэн зөв хандлагыг бий болгосон байх. Гэхдээ монголчууд нийтээрээ шахуу уул уурхайн салбарын хөгжлийн талаар буруу мэдээлэл, сөрөг хандлагатай байгаа. Энэ хандлага тийм ч амархан арилчихгүй болов уу. Дэлхийн томоохон уул уурхайн компаниуд, уул уурхайгаар хөгжиж байгаа ядуу буурай орнуудын муу жишээ, баялгийн хараал дагасан мэдээллүүд нөлөөлж байх шиг байна.
-Ойрын жилүүдэд эерэг ойлголт тогтоно гэдэгт та итгэлгүй байгаа юм байна. Нэг компани ажиллаад ч юм уу, тал талд хүч тарамдаж зүтгээд нэмэргүй л дээ.
-Нэмэргүй нэмэргүй. Энэ ойлголтыг зөв болгохын тулд төрийн төвшинд, компаниуд засаглалын төвшинд хамтарч ажиллаж байж, бодлогоор нь сууриар нь өөрчлөхгүй бол хол явахгүй юм байна гэдгийг бид өөрсөд дээрээ мэдрээд байна.
-“Эрдэнэс Тавантолгой” олон улсын тавцанд нэр хүндийн шангаа татлаа. Гадаадын компаниуд бидэнтэй ажиллах гэж өрсөлдөж байгаа гэж та мэдэгдсэн. Ойрд сонсогдоогүй л сайхан мэдээлэл. Тэгсэн мөртлөө 2019 оныг дотооддоо “Бүтээн байгуулалтын жил” гэж зарласан. Иж бүрэн бүтээн байгуулалтын жил гэдэг уриа бол хуучинсаг. Шижигнэсэн залуу үеийн төлөөлөл ийм хөгшин уриа яагаад сонгов оо. Иж бүрэн бүтээн байгуулалт хийгдээгүй, тэр нь компанид шаардлагатай юм бол тэр зарласан нэр хүндтэй чинь яаж тохирох юм. Тухайлбал, үйлдвэрлэлээ бүрэн хэмжээнд шинэчлэх хэрэгтэй байна, тоног төхөөрөмжтэй болмоор байна гэж ярилцлага өгсөн байдаг. Нөгөө дутуу, дулимагийн зовлонгийн үнэр танаас ханхалсан хэвээр байгаад байна. Энэ талаар...
-“Бүтээн байгуулалтын жил” гэдэг бол манай компанийн том зорилт хэвээр байх болно, цаашид ч бидний эрмэлзлэл, тэмүүлэл. Бид 10 жилийн өмнө гэр кэмптэй эхэлсэн, одоо ч хэвээрээ гэж түрүүн дурьдсан. Хүний хатавчинд байгаа юм шиг, зээлийн тоног төхөөрөмжтэй ийм л байсан, одоо үүнийгээ өөрчлөх цаг нь ирсэн. Өөрийн олборлолтын техник, тоног төхөөрөмж, оффис, өөрийн угаах үйлдвэр, өөрийн авто зам, төмөр зам, өөрсдийн байгуулсан Эрдэнэсийн хот гээд бүх юм орчин цагийн стандарт шаардлагын дагуу байж гэмээнэ төсөл маань дэлхийд баттай зогсоно, өрсөлдөнө. Бид дэлхийд эхний гуравт орох хэмжээний нөөцтэй хатуу коксжих нүүрсний ордод үйл ажиллагаа явуулж байна. Бид өнөөдөр найм буюу түүнээс дээш тэрбум тоннын нөөцтэй үүний 5.5 тэрбум тонн нь хатуу чулуун нүүрс буюу коксжих нүүрстэй. Энэ бол төслийн суурь нь юм. Гэхдээ эхлээд хөдлөхдөө компани зөв гольдрил руу, зөв хөгжлийн замд орсон байх ёстой. Гэтэл хөгжих гээд ядаад байхад нь Төр нь барьцаанд тавиад, мөнгө аваад байдаг, сонгуулийн хэрэгсэл болгоод сөхөртөл нь балбаад байдаг, сэргээд ирэнгүүт нь л татварын дарамт учруулаад байдаг. Өмнө нь Хөгжлийн банкинд өр тавиулаад тэр мөнгөнөөс нь татварын урьдчилгаа төлбөр гээд 100 гаруй тэрбумыг нь аваад явчих жишээтэй. Ийм байж болохгүй, бизнесийн зарчимаар нь хөгжүүлэх хэрэгтэй. Эхний ээлжинд дагалдах нэн шаардлагатай төмөр зам, авто замын төслүүдээ санхүүжүүлэх хэрэгтэй, нүүрс уггаах үйлдвэрээ барих хэрэгтэй. Үнэндээ компани организмын шаардлагын дагуу өөрөө хөгжихийг хүсч байна. Энэ хөгжлийг чөлөөтэй тавихын тулд уурхайн өөрийн бүтээн байгуулалтын ажлууд, олборлолтын ажлууд ном журмын дагуу хийгдэх шаардлага тулгараад байна. Орчин үеийн стандартад нийцсэн техник, технологитой болмоор байна, бүрэн хүчин чадалдаа хүрэхийн тулд олон улсын мэргэшсэн туслан гүйцэтгэгч болон оролцогч компаниудтай ажиллахыг үгүйсгэхгүй. Дэлхийн хэмжээний бүх уурхайд байдаг л зүйл. Энэ бол нэгдүгээр асуудал. Хоёрдугаарт, барилга байгууламж, ажилчдын амрах тухтай байр, кэмп, оффис, лаборатори, нүүрс баяжуулах үйлдвэр зэрэг бусад дэд бүтцийн төслүүдээ өөр дээрээ бий болгож, энийгээ бид өөрсдөө санхүүжүүлж, орох ашиг, орлогыг нь авч байж, иргэн бүрийн, төрийн хүсээд байгаа санхүүжилтийг, хангалттай хэмжээний ногдол ашгийг өгч эхлэх үүргээ хэрэгжүүлнэ. Өнгөрсөн 10 жил шигээ л зулгаагаад байх юм бол цаашдаа урт хугацаанд ч үр өгөөжгүй болтлоо дахин доройтно. Тийм болохоор бид зориг гарган энэ оныг бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, IPO-гоо олон улсын зах зээлд гаргах, нэмэлт санхүүжилтээ босгохоор бүхий л стратеги зорилтоо дэвшүүлээд ажиллаж байгаа. Ер нь нэг өдөр илбийн юм шиг баахан барилга, байшин босгочихож чадахгүй, гэхдээ суурь нь маш зөв тавигдсан гэж үзэж байгаа.
-Дэлхийн жишиг рүү тэмүүлж байгаа нь гол амбиц. Нөгөө талдаа асуудлууд байна. Жишээ нь, та бид хоёр танай компанийн түрээсийн байранд сууж байна. Та компанийн төв байрны талаар хөндсөн байсан. Орчин үед том компаниуд түрээсийн байранд л үйл ажиллагаагаа явуулдаг болсон шүү дээ.
-Таны энэ философи зөв л байх. Харин миний хувьд эсрэг байр суурьтай. Тэр тусмаа “Эрдэнэс Тавантолгой” компани түрээсийн байранд байж болохгүй. Монголчуудыг дор хаяад 200 жил тэжээх хэмжээний төсөл шүү дээ. Оюу толгой ч юм уу, монголд байгаа гадаадын хөрөнгө оруулалттай компаниуд бүгд түрээсийн байранд байгаа. Тэр нь ч зөв. Учир нь мөнхөд монголтой зууралдахгүй нь тодорхой. Тэд байгаа орд дээрээ олборлолт хийгээд ашиг олж авах зорилготой. Нөөц нь хэзээ нэг цагт шавхагдахад нүүгээд л дараагийн улс орон руу яваад өгнө. Гашуун ч гэсэн энэ үнэн. “Эрдэнэс Тавантолгой” бол Төр 85 хувийг нь, иргэд 2 сая 511 мянгуулаа хувьцааг нь эзэмшиж байгаа төсөл. Энэ хүмүүсээс компани хаашаа ч холдохгүй, хувьцаа эзэмшигч бүр цаашид санаа тавьж, бүх ажлыг хянаж эхлэх цаг ойрхон. Иргэд маань “Эрдэнэс Тавантолгой”-г улс төржүүлвэл уурладаг болж эхэлнэ. Жинхэнэ бизнес байж, өөрсдөд нь ашиг өгдөг компани байлгахыг хүсч эхэлнэ. Тиймээс “Эрдэнэс Тавантолгой” бол ард түмний компани болсон. Тиймээс байртай байх ёстой, бүр Улаанбаатарынхаа төвд нь хамгийн нэр хүндтэй газар байршдаг болох ёстой, тэр нь өмч болно. Цаашид уул уурхайн салбарыг ухаад алга болдог салбар биш болгоно, харин ухаад олсноо нэмүү өртөг шингээгээд эцсийн бүтээгдэхүүн болгоод орлого болгож, иргэддээ, төрдөө хүртээдэг, нэр төртэй байгууллага болж төлөвшихийн тулд өөрийн гэсэн гал голомттой байх ёстой. Одоо ч гэсэн би ийм хатуу байр суурьтай байгаа. Бусад гадны хөрөнгө оруулалттай компаниуд шиг л байх ёстой гэдэг юмыг та нар явуулаад байхаар бид түрээсийн байрандаа байх нь хангалттай ч юм шиг. Гэхдээ жилд л тэрбум гаруй төгрөгийг байрны түрээсэнд өгөхийн оронд ашиг олгоод аваад үлдэж болно, ажлын байр бий болгож болно. Та миний тайлбарыг тунгааж бодно биз ээ.
-Төр өөрөө компаниас өдий төдий тэрбумаар нь аваад, өсөх томрох боломжоос нь хулгайлаад байдаг. Энэ компанийг анхнаас нь авч явсан таван хүний нэг бол та. Гэтэл таныг олон нийт нэг шинэ ирсэн залуу л гэдэг. Та анхнаас нь өрхийг нь таталцсан хүний хувьд компани өөрийн гэсэн орон байртай байх ёстой гээд бухимдаад байх шиг байна. Гэхдээ компаниудын үнэлэмж, нэр хүнд өөр зүйлсээр хэмжигддэг болсон гэдгийг л би хэлээд байна. Та битгий гомдоорой. Таны дотор явдаг бэлгэдэл, төрт ёсны тухай үнэт зүйлс хэр шинэчлэгдсэн бэ? Ардчилсан намын залуучуудтай харьцуулахад танай намын залуус хуучин талдаа харагддаг.
-МАН бол харин ч хамгийн их шинэчлэгдэж, залуужиж, өөрчлөгдөж байгаа нам. Гэхдээ хэчнээн шинэчлэгдэж, өөрчлөгдлөө гээд суурь үзэл баримтлалыг орчин цагтай хөл нийцүүлэн өргөс авсан мэт өөрчилнө гэвэл өрөөсгөл, цаг их орно. Энэ бол бүхэл бүтэн реформын шинжтэй үйл явц хийгдэж таараа. Ийм суурьтай намын залуу гишүүдэд зарим талаар хуучинсаг хандлага харагдаж байж мэднээ. Урт хугацааны бодлогоо барихын тулд боловсон хүчиндээ өмнөх шинж чанараа хадгалуулахыг хичээдэг байхыг ч үгүйсгэхгүй. Гэхдээ одоо бол их өөрчлөгдсөн. Цаг үе, өсч өндийсөн нийгэм, хурдацтай хөгжиж байгаа мэдээлэл, технологийн үе шат, мөн хүмүүсийн авч байгаа боловсролоос нь тэгж үзэх боломжгүй болсон. Тодорхой цөөнх байхыг үгүйсгэхгүй. Миний хувьд компани удирдахдаа баримталдаг хэд хэдэн ажилд ойр, хэрэглэхэд ойлгомжтой зарчим байгаа. Хэт хуучинсаг байж мэднэ. Бас хэт прагматик ч байх боломжтой. Гэхдээ хэзээ ч алга болж, үгүйсгэгдэх зүйлүүд биш нь тодорхой. Нэгт, ямар ч зүйлд (хувь хүн, хамт олон, компани) өөрийгөө үнэ цэнэ хүргэх, мэдлэг, чадвар, эсхүл хөгжлийг бий болгох капитал суурь байх ёстой. Манай компанийн хувьд мэдээж Тавантолгойн ордын нөөц, чанар болон санхүүгийн амжилт нь хөгжлийн суурь байх боломжтой. Хоёрт, зөв амбиц, зорилт, хөгжих стратеги, төлөвлөлт маш чухал. Тэр нь бусдад хэт төсөөллийн шинжтэй ч юм уу, ойлгогдохгүй, бас таалагдахгүй ч байж болно. Гол нь хэрэгжих бодит тоо баримт, тооцоолол, үндэслэл бүхий судалгаанд суурилагдсан, хөдлөшгүй, чадварлаг хүмүүсийн төвшинд яригдсан, хамгаалагдсан, батлагдсан байх ёстой. Үүндээ итгэл үнэмшилтэй, ажлын төлөө зүтгэдэг, сэтгэлтэй мэргэжилтэн, баг, хамт олонтой болсон байх нь чухал.
-Танайх шиг ийм том төслүүд дээр боловсон хүчний асуудал байнга яригддаг. Уул уурхайн салбарын боловсон хүчнийг ШУТИС-ын төгсөгчид голчлон хангадаг байх. Чадамж нь хэр байх юм. Нөгөө талаасаа эх орондоо ажиллая гээд ирж байгаа гадаадад төгссөн залууст ямар боломж олгож байна вэ. Нөгөө л улс төрийн хүрээнийхэн миний эгч, дүүг ажилд аваач гэдэг жишиг халагдаагүй л байна уу?
- Нэгдүгээрт мэргэжлийн ажилтны асуудал. Тухайлбал, Оюу толгойн гүний уурхайд дэлхийн хэмжээний шаардлага хангасан гагнуурчид хэрэг болно. Манайх бол ил уурхайд монголчууд гадны боловсон хүчний шаардлагагүйгээр өөрсдөө хийж чадна гэдгийг манай “Эрдэнэс Тавантолгой” харуулж байна. Энэ жил бид 50 сая дахь тонн нүүрсээ зөвхөн монгол ажилтан, уурхайчидтайгаа хамт олборлосон. Олборлолтоороо дэлхийн 10 том ил уурхайн нэг болж байгаа юм. Хоёрт нь, ур чадвартай, өндөр боловсролтой ажилтны асуудал байдаг. 2011-2012 онд бид үнэхээр боловсон хүчний дутагдалтай байсан. ГХЯ, Сангийн яам, салбарын яамны хамгийн өндөр боловсролтой, хэлтэй гэгдэх залуусаар олон улсын харилцааны ажил, материал боловсруулалт, дата роуминг хийлгэж байсан. Гэвч тухайн үед шаардлага хангах хэмжээний материал бэлтгэж, үр дүнд хүрч чадаагүй нь үнэн. Харин өнөөдрийн байдлаар манай залуусын боловсруулсан санал, төсөл, баримт бичгийг олон улсын стандартын дагуу бэлтэгдсэнийг гадны байгууллага, шинжээч нар үнэлж байна. Олон улсын төвшинд гүүр болчихоор чадалтай залуус олон болсон. Танилаар дамжуулан ажилд ордог тохиолдол байгааг нуугаад хэрэггүй байх аа, хамгийн гол нь тухайн хүн юу хийж чаддагаасаа хамаараад ажилд оруулсан хүнийхээ нэр төрийг хамгаалах үүрэгтэй. Хүн болгоныг бид харлуулж чадахгүй. Үнэхээр ажилдаа сайн залуучууд олноор орж ирж байгаа нь ч үнэн. Хүнээс өөрөөс нь л шалтгаалдаг. Боловсон хүчний нөөц бол ялангуяа ил уурхай, түүнийг дагасан дэд бүтцийн салбарын хувьд хангалттай байгаа.
-Бидний мэдэх хамгийн сайн төсөл Эрдэнэт нуруугаа хотойтол олон жил Монголынхоо ачааг үүрэлцэж ирсэн. Харамсалтай нь сүүлийн 30 жил Эрдэнэт улс төрийн дайны талбар боллоо. Төрийн бодлогын буруу үсэрхийлэл тусчээ. Тэр хулгай, дээрмээс яаж хол явах вэ. Жишээлбэл, таныг У.Хүрэлсүхийн хүн, Ж.Мөнхбаттай ч сайн харилцаатай гэдэг улс төрийн хардлага байдаг. Энэ бүхний дундуур та яаж манлайллаа авч гарч байна. Таны удирдаж байгаа төсөл улстөрчдийн хараа бараанаас хол байж чадахгүй л байгаа.
-Эрдэнэт 40 жил, манайх 10 жил болчихлоо. Хараа хяналтан дор, хууль, хяналтын байгууллагын нүдэн дор ил байгаа нь үнэн. Ийм ч байх ёстой. Хардлага хаана, хяналт тэнд байх нь дамжиггүй. Хувь хүнийхээ хувьд “Эрдэнэс Тавантолгой”, “Таван толгой” төсөлтэй аль 2007 оны 4 сараас холбогдсон. Тухайн үед цаасан дээр ч байгаагүй буюу одоогийн гэх шинэ үеийн хөгжлийн эхлэлүүд яригдана. Тэгэхээр төслийн ажилд эхнээс нь оролцож байсан хүний хувьд түүхийг нь, хөгжих төсөөллийг нь анхаас нь мэдэх болсон. Энэ үйл хэрэгт өөрийгөө зориулаад үзье гэж зүтгэж яваа хүний хувьд итгэл найвар, ирээдүй баталгаа байгаа гэдгийг мэдэж харж явдаг. Тиймээс ч хамт олноо зоригжуулаад, төлөвлөгөөгөө чанаржуулаад, төслүүдээ эхлүүлээд, дуусгаж чадвал Тавантолгой үр өгөөжөө өгнө гэдэгт огтхон ч эргэлзэхгүй байгаа. Тиймээс төсөлтэй холбоотойгоор тэр хүний хүн, энэ хүний албат гэж нэрлээгүй байх. Харин улс төрийн чиг хандлага, үзэл баримтлалтай хүний хувьд аль нэг бүлэглэлд хамаатуулахыг хүсэх нь тодорхой. Улс төрийн шийдэмгий эр зориг гаргаж байгаа, шийдвэртэй алхамууд хийж чадаж байгаа Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг улстөрчийнх нь хувьд бүрэн дэмжиж явдаг. Гэхдээ олон удаа уулзаж үзээгүй, олон юм ярьж, бүр муухайгаар хэлбэл хов зөөж, хүн муулж үзээгүй ээ. Бараг дэргэд нь сууж, тухтайхан шиг хоол идэж ч үзээгүй. Ажил хэргийн шугамаар олон тааралдаж, шийдэл, шийдвэр ярилцаж, танилцуулж явснаас цаашгүй ээ. Тавантолгой төсөл бол монголчуудад үлдсэн стратегийн ач холбогдолтой хамгийн том орд. Тиймдээ ч хуулийн ч, төрийн ч, иргэдийн ч хараа хяналт, мэдээлэл дунд хөгжих ёстой төсөл. Зарим бизнес эрхлэгчид нүүрсний салбар ирээдүйгүй болсон талаар ярьж л байна. Ер нь тухайн бизнесийг хэн, ямар хэмжээгээр сонирхож, хөрөнгө оруулж, хамтрах хүсэлтэй байгаагаас нь л хамаарч, хөгжлийн богино, дунд, урт хугацааг төлөвлөдөг. Өнөөдөртөө нүүрс магнаг болж байгаа нь үнэн, гадна, дотны хөрөнгө оруулагчид ч сонирхож байгаа нь бас л үнэн. Тиймээс хөгжлийг нь дор хаяж 60-80 жилээр төлөвлөөд, цогцоор нь хөгжүүлэх нь миний хувьд зорилт, хэрэгжих бүрэн боломжтой мөрөөдөл. Одоо л зоригтой эхлүүлж, хөгжүүлэхгүй юм бол, хэзээ ч үгүй, магадгүй дахиад 10-20 жил хойш татагдаж, тэр хэмжээгээр хөрөнгө мөнгө үхэж, нийгмийн бухимдал нэмэгдэж, ашиг орлого устаж үгүй болж, төсөөлөхийн ч аргагүй эрсдлүүдийг дагуулах аюултай. Тиймээс “Эрдэнэс Тавантолгой” компанийн бүхий л ажлыг хуулийн хүрээнд, хяналттайгаар, ил тод явуулж, зөв замд оруулах, аливаа атгаг санаа, хар, бор шунал, сүүдрийг тусгуулахгүй авч явах нь хамгийн их санаа зовоож, сэтгэл түгшээж байгаа асуудал болчихоод байгаа. Нуугаад яахав. Хүнд итгэх арга алга. Уг нь зөв зам, голдиролдоо, зөв зарчмаар, зөв хаалгаар орчихвол цаашдын уртын зам асуудалгүй. Тэр нь бол монголчууд, 2 сая 500 мянган хувьцаа эзэмшигч, тэдгээрийн хяналтыг л яриад байна л даа.
-Оюутны холбооны ерөнхийлөгч байсан залуу юу чадах вэ дээ гэсэн нэг басамжлал таныг угтсан. Гэтэл ажлын үр дүн, үзүүлэлтүүд үнэхээр сайн гарч ирсэн. Шийдвэр гаргах төвшнөөс ч сайн үнэлгээ авсан биз. Гэхдээ би Ганхуяг гэдэг залуутай л уншигчдаа уулзуулна гэж бодож орж ирсэн. Таныг мэдэхгүй, таниагүйн улмаас басаад байгаа. Энэ басаанд та гурван тоогоор хариулт өгөөч. Томилогдсоноосоо хойш татварт төлсөн мөнгө, банкинд төлсөн өр, ашиг...
- Миний мэдэх, энэ компанитай холбоотой 11 жилийн хугацааны эхний долоон жилд нь компани маш их хэмжээний долларын гадаад болон дотоод өртэй байсан. Сүүлийн гурван жилд 680 тэрбум төгрөг буюу ийм хэмжээний нүүрсээр гадаад, дотоодын өрийг компани бүрэн төлж дуусгасан. Ийм хэмжээний хэмнэлтийн, менежментийн ажлууд хийгдсэн. Хоёрт, улсад татвар хураамж төлөх нь битгий хэл зөвхөн улс төрийн сонгуулиар ашиглагддаг байсан компанийг өнөөдөр цэвэр бизнесийн ухагдахуунтай байгууллага болгож чадсан. 2016 оноос өнөөдрийг хүртэл нэг их наяд төгрөгийг зөвхөн татвар хураамжинд улсын төсөвт төлсөн. Гуравт, компани техник, эдийн засгийн үзүүлэлт энэ тэрийг ярьж ярьчихаад, хөрөнгө яаж босгох талаараа ямар ч төсөөлөлгүй явж байсан бол өнөөдөр бид өөрсдийн орлогоороо Таван толгой-Зүүнбаян, Таван толгой-Гашуун сухайт чиглэлийн төмөр замуудаа санхүүжүүлээд, ажилд нь оруулчихлаа. Таван толгой-ОТ-Ханги мандал авто зам, параллель зам, усан хангамжийн төсөл, Таван толгой нүүрс баяжуулах үйлдвэр гээд бүрэн хэмжээнд төслийн ТЭЗҮ-үүдээ боловсруулаад ажлаа эхлүүлээд явж байна. Товчхондоо компани амь ороод, өөрөө төдийгүй, өөрийн төсөл, хөтөлбөрүүдээ хөдөлгөөд эхэлчихсэн. Ямар ч байсан санхүүгийн асуудлаа, нөөцийн асуудлаа, төсөл хөтөлбөрөө, ямар хот байгуулахаа бүрэн төсөөлөөд, хэдий хэмжээний хөрөнгө, ямар хугацаанд хэрэг болохоо ч төлөвлөөд амжлаа. Одоо ингээд бидний "галт тэрэг" хөдлөөд эхэлсэн гэж ойлгож болно. Мөн нэмээд хэлэхэд ажилчдын боловсрол, мэдлэгийн асуудал, компани дотроо нэг эд эс нь болж уусах тухай, эерэг хандлагын асуудал, хөдөлмөр хамгааллын талаарх асуудал ч шат дараатайгаар шийдэгдэж эхэлсэн. Биднийг ажил авснаас хойш ажилчдын үндсэн цалин 41 хувиар, шөнийн нэмэгдэл 50 хувиар, ХАБ-ын урамшуулал 15 хувиар нэмэгдэж, гар дээр авч байгаа дундаж цалин 2.4 саяд хүрчихлээ. Ийм хэмжээний дундаж цалинтай монгол компани одоохондоо цөөхөн байгаа. Цаашид ч нэмэгдүүлэхээр зорьж, төлөвлөсөн зүйл байна. Монголдоо ажилчдын ажлын ростерийн хамгийн тааламжтай систем буюу 14 хоног ажиллаад, 14 хоног амрах, шөнийн тарифт ажил нь хүн хөдөлмөрлөх хамгийн боломжит нөхцлийг бүрдүүлсэн компани. Саяхны сэтгэл ханамжийн судалгаагаар 89.8 хувьтай гарсан. Ийм өндөр сэтгэл ханамжтай ажилтан, уурхайчидтай компани хаана ч газардахгүй дээ, нүдэндээ гэрэл цацруулж, бусаддаа урам өгч чаддаг тийм л хамт олон урт хугацаанд, тасралтгүй хөгжих хөгжлийн мотор нь байж чаддаг юм билээ.
-Танай цахилгаан шатанд хүртэл лекторчин зулуучуудын ярьдаг хэлц үгс бичээтэй байх юм. Та тэдний нэг юм уу. Уучлаарай, би тэдэнд жаахан шүүмжлэлтэй ханддаг юм.
-Компанийн залуучуудын холбоо олон янзын ажлуудыг санаачилдаг, хийдэг. Тэр ажлуудын нэг нь. Би дэмждэг. Гэхдээ өөрөө лектор биш ээ, сонирхож байгаагүй. Би өөрөө олон нийтийн байгууллагад байсан болохоор аль болох ажилчидынхаа, тэр тусмаа залуучуудын санал санаачилгыг дэмжихийг хичээдэг. 2019 оноос эхлээд ажилчдынхаа мэдлэг, мэргэжлийг дээшлүүлэх тал дээр илүү анхаарч байгаа. Богино хугацааны сургалтаар хүний мэдлэг, мэргэжил дээшилж өгөхгүй нь тодорхой. Тиймээс аль болох урт хугацаанд, тэр тусмаа бакалавар, магистрын төвшинд сургах сонирхол байна. Эхлээд 30 хүнийг бакалавар, дипломын ахисан төвшний сургалтанд хамруулахаар ажиллаж байгаа. Ер нь компанийн ажилчдыг дотроосоо шатлан дэвших бодлогыг илүү дэмжсээр ирсэн, цаашид ч дэмжиж ажиллана. Дотроосоо дэвшээд, албан тушаалын хувьд ч ахиад явна гэдэг хамгийн чухал шүү. Өнгөцхөнөөр харвал компанийнхаа өнөөдрийг хүрсэн түүхээ, хөгжлийн үе шат, зовлон жаргалаа мэднэ, ядаж сэтгэл нь хаачихав дээ. Бусадтай нийлээд муулаад, харлуулаад, хулгай хийгээд суухгүй л байлгүй дээ.
-Яг үнэндээ хүмүүс нүүр тулан ярилцаж байж харилцаа илүү тодорхой болж хөгждөг. Тийм учраас залуус хоорондоо ярилцаж байх ёстой, бие биенээ сонсож байх ёстой, шинэ мэдлэг тээгчдээр тархиа цэнэглэж байх ёстой. Лекторуудыг урих нь шүүмжлээд байхаар зүйл биш. Би таныг хэгжүүн гэж сонсож байсан. Тэгээд л...
- Би байгаагаараа л байгаа нь энэ. Оюутны болон залуучуудын гээд олон нийтийн байгууллагуудаар дамжиж, өөрийгөө таньж, бусадтай харилцаж ирсэн хүн болохоор олон нийтийн оролцоог урдаа тавьдаг хүн болчихсон юм уу даа гэж би өөрийгөө хараад байгаа. Эрдэмтдийн зөвлөл, Олон нийтийн зөвлөл, 1072 хувьцаа мэдээллийн төв, ТББ-ын зөвлөлийг байгуулчихсан ажиллаж байна. Жишээ нь, 2016 онд хэвлэл мэдээллийн ганцхан ажилтантай, түүгээрээ дамжуулж бүх л мэдээллээ гадагш түгээдэг, авдаг байлаа. Харин одоо өөр болсон. Хэвлэлийн мэдээллийн бие даасан нэгжтэй болж, бүхэл системийн хувьд мэдээллийн орц, гарц, мониторинг, төлөвлөлт гээд бүрэн хийгддэг, хянагддаг болсон. Нэг үеэ бодвол манай компанийн талаар их мэдээлэлтэй болцгоогоод, сүүлдээ нууцлалын зэрэгтэй мэдээ хүртэл нийтэд цацаад явж байх шиг. Хэдийгээр сөрөг талтай ч гэсэн эерэг талд би олзуурхдаг. Хүмүүс орж ирээд хэнтэй, хаана уулзахаа мэддэггүй байсан цаг өнгөрч, ажилтнуудтай нээлттэй уулзаад мэдээллээ авдаг болчихсон. Ямар ч иргэн нас, хүйс гэлтгүйгээр шууд 1072 утсаар холбогдоод, фэйсбүүкээр ороод хэдэн минутын дотор мэдээллээ авч байна. Эрүүл бие организм шиг гадагшилдаг, дотогшилдог процедурыг зөв хийчихсэн юм уу гэж харагдаж байгаа. Нээлттэй, шилэн засаглалын л нэг хэлбэр.
-268 мянган тонн нүүрсийг хулгайд алдчихсныг Ганхуяг хаацайлаад байна аа гээд л нэг гишүүн мэдэгдэл хийгээд байсан. Тэр юун мэдэгдэл байсан бэ?
-Ганхуяг хаацайлсан зүйл нэг ч байхгүй. Манай компанийн авах ёстой нүүрсийг өөр компани авчихсан. Бүртгэл нь хууль, хяналтын байгууллагаар л явна. 268 мянган тонн байна уу, 340 мянган тонн байна уу тэр хэмжээгээр хувьцаа эзэмшигчдийн хөрөнгө нэмэгдэнэ. Ил уурхай хоорондын технологийн дагуу аргачлалаар авна. Манай уурхай дотор байгаа жижигхэн уурхай юм. Манай уурхайн гадаргын талбайгаар ажилчид нь орж гарна, бүтээгдэхүүнээ тээвэрлэнэ, технологийн замууд гаргана гэх болгонд унасан, хана нураахад /тэсэлгээнд өртсөн/ үүссэн нүүрснүүдийг зөөгөөд явчихсан асуудал. Технологийн хувьд унасан гээгдсэн нэг тонн ч байсан дуудлага өгөөд өгч явуулах ёстойг өгч явуулаагүй нь буруу. Тэрийгээ л хуулийн дагуу авах гэж байна. 268 мянган тонн чанартай нүүрсээр компанийн эд хөрөнгө өснө гэсэн үг. Манай компанийн хувьд ашигтай, тэр компанийн хувьд хуулиар шийдэгдэх асуудал. 2010-2017 оны хооронд явагдсан процесс. Гол нь худал үнэн мэдээлэл дунд компанийн нэр хүнд унаж, урт хугацаандаа хохирол гарахуйц, сэв суух хэмжээний асуудал болж битгий удаан буглаа үүсээсэй гэж хүсдэг. Тиймээс хариултыг яаралтай үнэн зөвөөр мэдээлж, буруутай тал байвал шууд хэлж байхыг чухалд тооцож байгаа. Надад үнэндээ компанийн нэр хүнд цэвэр байх нь хамгийн гол үнэ цэнэтэй тал гэж харагдаж байгаа. Цаашид олон улсын хөрөнгийн зах зээлээс хөрөнгө босгоход үнэ цэнээ өсгөхөд гол үзүүлэлтүүдийн нэг болох болов уу. Компанийн талаар гүтгэлэг, гүжирдлэг нийгэмд гарах болгонд санаа зовох юм байна ш дээ.
-Та хэдэн хүүхэдтэй вэ. Пацаан л гээд байдаг. Эмэгтэй хүн биш юм чинь насаа хэлж болох уу. Гуч гарч яваа болов уу гэж хараад байдаг. Нөгөө талаасаа залуу харагдана гэдэг сайн хэрэг ш дээ.
-Болно шүү дээ. 1975 онд төрсөн, 44 настай. Монгол эр хүний хувьд эрийн цээнд хүрчихсэн, бодол нь төлөвшчихсөн, юу хийхээ мэддэг болчихсон, ямар ажлыг яаж хийвэл, ямар үр дүнд гарахыг төсөөлж хардаг болчихсон тийм л насандаа байна. Тийм ч цэл залуу хүний тоонд орох нас биш. Сайнтай, муутай олон талаараа нэг шүүмжлүүлж, нэг магтуулж л явна даа. Ер нь нэг нэгнээ иш мухаргүй гүтгэж гүжирдэх асуудал ч бүр газар авч байх шиг байна. Энэ байдал яваандаа багасч, учир зүйтэй болох биз дээ. Миний хувьд өөрийнхөө юу бодож байгаа, юу хийж чадах вэ гэдгээ харуулж, хүрэх үр дүнг нь бусдад ойлгуулж, бусдыг дагуулах нь зорилго болохоос биш, асуудал бүхэнд оролцож, үйлдэл бүгдэд тайлбар өгөөд байх нь хэцүү. Тодорхой ажлууд хийгээд тэр ажлуудынхаа үр дүнгээр ажлаа дүгнүүлээд явбал сайнд тооцогдоно.
-Гарч ирж байгаа залуу болгоныг л цүнх баригч гэж гоочилдог. Яагаад ийм юм гаргаж ирсэн юм бол. Нөгөө талаас намтартаа туслах, зөвлөхийн ажил хийж байсан, залуу насны гарааны түүх элбэг таардаг. Энэ бүх хүн долдой, цүнх баригч гэж хэлэгдэх гунигтай л байдаг байх. Бас яг тодорхой ашгийн зорилготой, тэвчээртэйгээр цүнх барьж явсаар “юм”-нд хүрсэн нөхөд ч байдаг.
-Хэлбэрийн хувьд тэгж харагдаад байдаг байх. Агуулгын хувьд тухайн хүнийг үнэхээр сонирхож байгаа бол туулсан амьдрал, ажлынх нь талаар богино ч гэсэн зав гаргаад судлаад үзчих хэрэгтэй. Хоосон муулж, мэдэхгүй байж мэдэмхийрч хэвтэхээр, ядаж л түүх намтрыг нь уншаад үзчих хэмжээний зав гаргачих чадвартай байж чадвал сайн шүүмжлэгч гэсэн үг. Би чинь их спортын гэр бүлд өсөж, хүмүүжсэн, жирийн ажилчин ангийн хүүхэд. Спортын хүмүүжил бол тэсвэр, хатуужлаас гадна, хэн ч бай том зорилготой байж, зорилгынхоо төлөө зүтгэсэн шиг зүтгэдэг, зүтгэхдээ салаа замыг сонгож урвадаггүй, ажилд сэтгэлээсээ хандаж, үнэнч байх ёстойг суулгаж өгдөг давуу талтай шүү.
-Уул уурхай дагасан хотод төрж өссөн хүн уул уурхайн том төсөл удирдаж байна. Харин та анх уул уурхайн мэргэжил сонгоогүй юм билээ.
-Аав маань Эрдэнэтийн анхдагчдын нэг. Анх цахилгаанчнаар ажиллаж байгаад, өөрийнхөө хүсэл сонирхлоор Эрдэнэтэд тулааны урлаг, спортыг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулсан, анхны багш нарынх нь нэг. Ээж үйлдвэрт насаараа ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан. Энгийн л гэр бүлд төрж, эцэг эхийнхээ дэргэд хүмүүжсэн хүний хувьд надад тэдний маань өгсөн, бусдаас давуу зарчмууд бий. Яг зорилгоо зөв тодорхойл, тэрэндээ итгэ, тэрнийхээ төлөө л хөдөлмөрлө. Хэзээ ч битгий салаа замаар яв гэдэг хатуу зарчмыг баримталдаг. Энэ зарчмаараа ч явж байгаа. Манай хамаатан садан, төрлийнхөн дунд дарга, сайд, захирал хүн байхгүй ээ. Их хэмжээний мөнгө төгрөгтэй, бизнес эрхэлдэг хүмүүс ч алга. Нэг ажлыг эхлүүлсэн бол дуустал явах нь миний хийж чаддаг зүйл. 1999-2007 хүртэл МОХ-ны дэд ерөнхийлөгч, ерөнхийлөгчөөр ажиллаж явахдаа маш олон залуусыг идэвхжүүлж, нэгтгэж явсан. Та ч бараг гадарлаж байгаа байх, нийгмийн өндөр идэвхтэй ажиллаж, залуучуудад сурахын зэрэгцээ бие даан хөгжих, нийгэмтэйгээ хөл нийлүүлэн алхах боломжийг өгч, урам хайрлаж явсан үе бий. 2007 оны 5 сард ерөнхийлөгчийн ажлаа өгөөд, 4 сард нь энэ компанидаа томилогдон ирсэн. Амьдралдаа урт хугацаанд ажиллаж байгаа байгууллага гэвэл МОХ болон “Эрдэнэс Тавантолгой” гэсэн хоёр байгууллагыг л нэрлэх болж байна.
-2005-2008 онд МУ-ын Ерөнхийлөгчийн зөвлөхөөр ажилласан билүү. Залуу хүн болгоны намтарт байдаг зүйл биш шүү дээ. Оюутны холбооны Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүмүүс улстөрч болох нь элбэг. Таны насан дээр Их Хурлын гишүүн болчихсон байхад хэн ч гайхахгүй. Харин та өөр төлөвлөгөөтэй байсан байх. Н.Энхбаяр Ерөнхийлөгчтэй яаж танилцаж байсан бэ. Таны хувьд тэр хүн өнөөдөр хэн бэ?
-Орон тооны бус зөвлөхөөр нь ажиллаж байсан. Оюутны холбоо том байгууллага байсан. Тухайн үед ямар олон оюутан, бас их олон их дээд сургуулиуд байсан. Оюутны байгууллагыг дагаад хүн амын насжилтын асуудал ч яригддаг. Нийгмийн хамгийн идэвхтэй хэсэг. Амьдрал ахуйгаа олох гэж, ирээдүйгээ олох гэж сурч боловсорч яваа залуус. Энэ залуучуудын дунд манлайлал бий болгоод, гал оч өгөөд явах нь суралцахын зэрэгцээгээр амьдралын маш том хичээл. Үүнийг хийж чадна гэдэг нэг асуудал, хийж чадсан учраас тухайн үеийн оюутны холбоо гэдгийг хүлээн зөвшөөрөөд, тэр үеийн МУ-ын Ерөнхийлөгч Н.Энхбаяр, Ерөнхий сайд С.Баяр, М.Энхболд нар бүгд үйл ажиллагаанд оролцдог болсон. Анхаарал хандуулан, оюутан залуусын төлөө олон сайхан алхмуудыг хийсэн. Шийдэгдсэн асуудал ч олон байдаг.
-Монголын түүхэнд Ардчилсан хувьсгалын үед Оюутны холбоо хүчтэй байсан. Хоёр дахь сэргэлт нь таны үе юм билээ. Одоо тэр байгууллагаа сонирхдог уу, тэд хаана явдаг вэ?
-Одоо нийгэм нь өөр болсон байна. Мэдээллийн орчин, техник, технологийн дэвшил, нийгмийн харилцаа ч их өөрчлөгдсөн. Тэр үед Ганхуяг гэдэг субъектээр нь биш, оюутны массаар нь төрийн болоод нийгмийн бодлогын хэмжээнд төрийн өндөрлөгүүд анхаарлаа хандуулж холбоог өндөрт авчирч тавьсан. Бүр агентлагийн төвшинд ч яригдаж байсан үе байдаг.
-Тэр үеийн МАХН-д Оюутны холбоог нэг хавсарга хүч болгон авчирсан. Анхаарал татах олон ажлууд хийсэн. Тэрнийхээ үр шимийг гишүүн болох мэтээр солилгүй, “Эрдэнэс Тавантолгой”-н толгойд нь ирлээ, үнэхээр айхтар залуу юм гэж зарим ажиглагчид таныг хэлдэг. Хэдэн онд та намд элссэн бэ? Н.Энхбаяр Ерөнхийлөгчтэй анх уулзсан дурсамжаа ярьж болох уу ?
-Тухайн үед төр барьж байсан хэн ч оюутны нийгмийн асуудлыг өндөр төвшинд тавих л байсан, анхааралдаа авахыг тулгах ч байсан байх. Мэдээж МАХН тэр үед төр барьж таарсан. Нөгөө талаасаа зүүний чиглэлийн нам гэдгээрээ нийгмийн асуудалд ойр байсан. ТББ-ууд ч, холбоодууд ч тэр зүүний чиглэлийн байж, сегментийнхээ шаардлагын дагуух хандлага хүссэн хүсээгүй гарч ирдэг. Ийм хоёр үзэл баримтлал нийлээд энэ намтай холбосон гэж бодогддог. Яалт ч үгүй холбох гүүр нь МОХ болсон. Миний хувьд сүүлд буюу 2010 онд намд элссэн. МОХ-д байхдаа олон сайхан ажлуудыг амжуулсан. Тэр дундаа оюутны хөгжлийн асуудал, сургалтын бодлого, хөтөлбөрт оролцох оролцооны асуудлыг түлхүү бодлогоо болгож, шахаж ажиллаж байсан. Оюутны хуультай болох төслийг санаачлаад явж байсан. Тэр ажил бүтээгүй ч бодлогын баримт болох “Оюутны хөгжлийн хөтөлбөр” гэдэг концепцийг анх удаа боловсруулж байсан. Энэ ажлын хүрээнд хийх 20 гаруй ажил төлөвлөөд, 2001 оноос ЗГ-тай холбогдон “Оюутны жил” болгох ажлыг эхлүүлж байх үед Н.Энхбаяр дарга Ерөнхий сайд байснаар бид ажил хэргийн холбоотой болсон. Үүнээс хойш анх удаа 2002 оныг “Оюутны жил” гэж зарласан. Өмнө нь зарлагдаж байгаагүй, анх удаагаа оюутнууд жилтэй болсон. Одоо бол яам болгон салбар салбараар олон янзын жил зарладаг болжээ. Тэр үед Засгийн газраас нэг л жил зарлагддаг байсан. Энэ цагаас эхлэн оюутнууд зөвхөн оюутны дотуур байр, хоол, унааны хөнгөлөлт гэдэг байсан бол сургуулийнхаа бодлогын баримт бичигт нь, сургалтын хөтөлбөрт болон магадлан итгэмжлэлд нь, сургуулиудын удирдах зөвлөлд нь хүртэл оролцож эхэлсэн. Бидний эхлүүлсэн ажлууд дээд боловсролын салбарт оюутнуудын оролцоог хангасан реформын шинжтэй дэвшлүүд болсон юм шүү.
-Нийгэм задраад дөнгөж арваадхан жил болж байсан. Хувийн сургуулиудын асуудал гэхэд маш тодорхойгүй эрх зүйн орчинтой үе байсан л даа. Таны хувьд хамт олон, баг гэж юу юм бэ? Ямар хүн хамгийн сайн ажилтан байдаг гэж боддог бол.
-Тухайн үед 160-аад их, дээд сургууль байсан. Үүнийг нэгтгэх, цөөлөх зэрэг задралын процедурыг ч МОХ хийсэн. Хийхэд оролцогчид маш чухал. Санаа нийлсэн, зорилго нэгдсэн баг хамт олон заавал байж байж үр дүн гаргана. Тэрнээс биш ямар нэгэн сүр бараатай анкетаар ажил хийдэггүй юм байна лээ. Ер нь өндөр боловсрол эзэмшсэн, дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн чадвараар бас ажил хийхгүй юм байна лээ. Энийг би одоо ч компанид ажиллаж байгаа хүмүүс дундаас мэдэрч байгаа, урьд нь холбоонд ажиллаж байхад ч мэдрэгдэж байсан. Ажил хийнэ гэсэн чин сэтгэл, хөдөлгөх хүч хоёр л хэрэгтэй. Ямар нэгэн хар буруугүй, зөв сэтгэлтэй, хийж байгаа зүйлдээ үнэнч, бусдынхаа юунд зорьж байгааг мэдэрдэг, эд эс болчихсон, нийтэч хандлагатай хүмүүсийн нийлбэр хожилд хүргэдэг. Хөдөлгөх чадвар их чухал. Багийг яаж олж бүрдүүлээд, юунд чиглүүлээд, яаж зөв хөдөлгөөд, бага хүчээр, их ажил амжуулж, үр дүн гаргах вэ гэдэг маш чухал юм байна лээ. Мэдээж хүн бол өөрөө бүх зүйлийн, тэр тусмаа өөрийнхөө төлөө зүтгэдэг хөдөлгөгч хүч нь, тухайн хүнийг чадах ажлыг нь, зөв дуртай юмыг нь хийлгэх юм бол ямар ч ажлыг чирээд явчихна. Потенциалтай ажил дээр ямар ч том шагналтан, дипломтон авчирч ажиллуулаад тэр ажлыг хийж чадахгүй юм зөндөө л гарч байна. Гэхдээ бид маш сайн баг бүрдүүлж чадсан. Дэлхийн хаанаас ч технологийн, санхүүгийн, банкны чиглэлийн шинжээч нар ирээд бид нартай уулзаад гарахад бэлтгэгдсэн баг байна аа гэж харж байгаа нь бид нарт мэдрэгддэг.
-Манай янз бүрийн тэмцэгчдээс болоод эх орон гэдэг үгийг үнэгүй болчихлоо гэж хүмүүс харамсдаг. Тэрэн шиг сэтгэл гэдэг үгэнд хүмүүс дургүй болчихсон.
-Би яг сэтгэл гээд хэлчихсэн үү. Хөдөлгөгч хүч гэдэг бол тусдаа зүйл. Хөдөлгөж чадна гэдэг хүний удирдах авьяасыг ярьж, хэлж байна. Эхнээс нь энд байсан болохоор яалт ч үгүй компанийн бүх л зүйлд сэтгэл зуурагдаж байдаг. Жижигхэн зүйл ч болохгүй байсан санаа зоволттой. Бүх юмаа зориулчихдаг энэ ойлголтыг л сэтгэл гэдэг юм болов уу гэж боддог. Тухайн үед анх энэ төслийг эхлүүлэхдээ яаж нойр хоолгүй зүтгэж ажиллаж байсан, тэр хүмүүсээ бүгдийнх нь саналыг сонсох, болж өгвөл багтай оруулж, хамтарч ажиллах юмсан гэж зорьсон. Яагаад гэвэл тэр хүмүүст тухайн үедээ бодсон зүйлээ бид хийж чадах уу гэдэг нь чухал байсан учраас тэднийг авчраад, уурхайгаа ч удирдуулаад, энд менежментээ ч хийлгээд явж байна. Энэ хэдэн залуусаа харахаар арай илүүтэй өөриймсөг ханддаг.
-Залуу насыг басдаг, үгүйсгэдэг, үл итгэдэг манайхны зан чанартай эрт тулчихсан учраас та сөрж залуусаа дэмждэг байх. Автобусны картчид IPO гаргаж чадах уу гэх мэт басамжлал сонсох хэцүү юу?
-Мэдэхгүй юм даа. Хатуужсан юм болов уу. Уурлах үе бол зөндөө байдаг. Залуу үеэ байнга үл сонсож, доромжилж, үгүйсгэж байдаг улсууд өөрийн улс орныхоо ирээдүйг л басаж байгаа хэлбэр мөн. Дотооддоо залуусынхаа хийсэн, бүтээснийг нь үнэлэхгүй яваад байдаг. Дэлхий нийтэд дөчөөс доош насныхан буюу 36-39 насныхан улс төр, эдийн засаг, мэдээлэл технологийн салбарт манлайлж байна. Үүнийг харах ёстой. Гэтэл одоо үеийг харвал үзэл хандлага нь бүр Ардын хувьсгалын үе рүү яваад байгаа нь чиг хандлага сөрөг яваад байгааг л харуулж байна. Өөрсдөө уураг тархи явсан, боловсон хүчний гол нөөц, хөшүүрэг явсан хүмүүс маань эргээд залуу боловсон хүчнээ залж авч явахаа больсон юм уу. Эргээд залуу үе рүүгээ довтолдог. Залуу үеийнхээ хийсэн бүх зүйлийг үгүйсгэдэг, үл тоодог болсон. Түүнээс нь болоод эргээд залуу үе нь дунд, ахмад үеэ хүлээн зөвшөөрөхөө болиод, илт шүүмжилдэг болсон, чадахгүй бол бүр гүтгэж, харлуулдаг болсон нь бас л үнэн. Таны асуултанд хариулахыг хичээе. Тухайн үед оюутны карт гэдэг зүйл гарч ирснээр нийгэмд оюутны үнэлэмж өссөн, автобусны хөнгөлөлтөөс гадна, төлбөрийн хэрэгсэл буюу анхны картны системын хөгжилд том түлхэц болсныг анзаардаг хүн байдаг болов уу. Тэрнээс хойш оюутан ч бай, ахмад, хүүхэд ч бай картыг төлбөрийн хэрэгсэлд ямар хурдан шилжүүллээ. Энэ ажил маань багахан ч гэсэн дэвшил авчирсан юм болов уу даа. Эсвэл үгүй юм уу.
-Таныг бас МОХ-ны дэд ерөнхийлөгч байсан залуусаа дэргэдээ авчирсан гэх юм билээ ?
-Хүн итгэдэг, хүрээлүүлж байсан хүмүүстэйгээ л ажиллахыг илүүд үздэг. Ямар болсон болоогүй хамаатан саднуудаа чирээд ирэлтэй нь биш. Ажил хийх гэж ирсэн болохоос албан тушаал бөглөх гэж ирээгүй учраас л ажлыг хийж чаддаг хүмүүсээр нь хийлгэхийг хүссэн. Ганцхан МОХ ч биш, чадвартай олон залуучууд дотроосоо болон гаднаас шилэгдэж тавигдсаныг мартаж болохгүй. Ер нь өндөр боловсролын дипломтой, долоо найман гадаад хэлтэй гэсэн зузаан анкет чирсэн олон хүмүүстэй нүүр тулж, ажил хийлгэж үзсээн. Үнэндээ ихэнхи нь чиргүүл болно уу, гэхээс толгой болдоггүй л юм байна билээ. Үүнийг би энэ амьдралдаа өнгөрсөн цаг хугацаандаа үзчихсэн. Хүмүүс ирээд суралцах гэж байна гэж цаг их алддаг. Харин ажил хийлгэж зүтгүүлж байсан хүмүүсийн хувьд юуг, хаанаас нь яаж эхлэхээ тэд мэддэг. Энерги зарцуулахгүйгээр маш хурдан сурдаг, үр дүн гаргадаг. Энэ жишгийг манай залуус харуулж чадаж байна. Мэдээлэл технологийн асуудал, 1072 хувьцааны асуудлаар иргэдтэй харилцах зэргийг нүүрэн дээр нугалж өгч, яаж ачаалал дааж, яаж үр дүн гаргаж чаддагийг хэний ч өмнө харуулж чадаж байна. Тийм болохоор би энэ залуусаа хаана ч хамгаална. Тэд илүү халамж нэхээгүй, илүү цагаар илүү потенциал гаргаж ажилладаг, хагас, бүтэн сайн өдөр ч ажилладаг хэрнээ компаниас нэг ч удаа хэзээ ч илүү цагийн хөлс нэхээгүй. Тэд амьдралд нухлагдсан учраас надтай надгүй өөр салбарт очоод л манлайлаад явна. Гэтэл анкетаар ирсэн хүн оногдсон ажилдаа түүртэнэ, тэрэндээ цаг зарцуулбал илүү цагийн хөлс нэхнэ, тусгай эрх эдлэхийг шаардана, илүү цалин хүсдэг, хөдөлмөрийн хуулийн зөвхөн өөрт тохирсон заалтыг хууль мэддэг ч юм шиг ярьж гонгинодог. Ийм л байдаг ш дээ. Олон нийтийн байгууллагаар хүмүүжсэн, яг бизнес дээр хат үзсэн залуус монголын нийгмийг үүрээд явахаас биш, ээж, аав, ах, дүүгийнхээ дэмжлэгтэй гадаадын том сургууль төгссөн нэртэй, диплом өвөртөлсөн нөхдүүд, анкетаараа ажил хийх гээд байгаа залуус хэцүү л байдаг. Харвард бол дэлхийн том сургууль болохоос биш, амьдралын сургууль, ажлын туршлага биш гэдгийг санахад илүүдэхгүй.
-Та МУИС-ийг төгссөн бил үү. Яагаад нийгмийн ухааны мэргэжил сонгосон юм бол. Бас нэг сонин юм та цэрэгт яагаад явах болов?
-10 дугаар ангиа төгсөөд Налайх руу цэрэгт мордож байлаа. Цэргээс халагдаж ирээд, ажиллаж байгаад их сургуульд орсон. Арван жилийн сургууль төгсөж байхад үе тэнгийн олон найзууд цэрэгт яваад байхаар нь тухайн үедээ нас арай хүрээгүй байсан ч найзын аав, ээжид очиж гуйж байгаад цэрэгт явсан. Одоо болтол тэд ярьдаг юм. Энэ хүүхэд бас л нэг цэрэгт явахгүй гэсэн гуйлга байх даа гэж бодсон тухайгаа. Үнэхээр дурлаж зүтгэж цэрэгт явсан. Армиас их ч зүйлийг сурсан. Цэргийн алба хааж байхад надтай хамт байсан хэд хэдэн залуус их сургуулиа төгсөөд шууд цэрэгт бидэндтэй хамт алба хааж байсан. Тэдгээр найз нараас ихийг сурсан. Ямар ч байсан их сургуульд заавал сурах ёстой юм байна, хуульч болох ёстой юм байна гэдгээ шийдсэн гэх үү дээ. Сүүлд алба хаагаад гэртээ харихад манай ээжийн аав сургуульд сургах гэж үнэхээр их гүйсэн дээ. Үр дүнгээ ч өгсөн. Нагац аавынхаа ачийг багахан ч төдий хариулсан гэж боддог. Харин сониноос манай аав, ээж хоёр намайг цэргийн албанаас халагдаад ирэнгүүт Эрдэнэт үйлдвэрт ГОК-д гагнуурчин болгох гэж их шахсан шүү. Ямар сайндаа л гагнуурын дамжаанд сургаад, ажлын байрны жагсаалтанд оруулчихсан хүлээгдэж л байлаа. Гол нь бүтээгүй л дээ. ГОК-д ажилд орно гэдэг алаан байхгүй юу даа. Одоо ч хэвээрээ.
-Танайх олуулаа юу. Сахилгагүй байсан юм уу. Яагаад ажилчин болгоё гэж бодоцгоосон юм бол?
-Дөрвүүлээ. Тухайн үед томоотой хүүхэд цөөхөн л байсан. Би юу. Би олигтой сахилгагүй байж чадаагүй байх аа. Санаанаас цаашгүй. (инээв)
-С.Нарангэрэл багшийн шавь уу. Танай төгсөгчдөөс хууль зүйн салбарт манлайлж яваа ямар хүмүүс байна?
-Тийм. Гавьяат хуульч, хөдөлмөрийн баатар Б.Чимид, академич С.Нарангэрэл, доктор Н.Лүндэндорж, Сарангэрэл гэх мэт мундагчуудын шавь болж байлаа. ҮХЦ-ийн гишүүн Д.Ганзориг багш манай ангийн багш шүү дээ.
-Хуульч, сэтгүүлч мэтийн нийгмийн ухааныхан улс орныг самарч байна, зах зээл дээр ч эдгээр мэргэжилтний илүүдэл үүсчихсэн. Инженерүүд л улс орныг хөгжүүлнэ гэх шүүмжлэл олон сонсогддог.
-За ёстой тэгж тогтож сонсоогүй юм байна. Би Эрдэнэтийн хүн, манай хот бол уурхайчдын, хөдөлмөрчдийн хот шүү. Тиймдээ ч ямар мэргэжил эзэмшсэн нь нэг талаараа чухал ч гэлээ, нөгөө талаараа өмнөх хариуцсан ажилдаа үнэнч, эзэн байх явдал тэрнээс ч илүү чухал гэдгийг ойлгохтойгоо хүмүүсийн үр удам. Одоо бол хариуцаж байгаа ажилдаа эзэн нь болж, амжилт ахиухан бүтээж, алдаа бага гаргахыг хичээж, зорьсон зорилгынхоо эхлэлийг тавьсан шигээ, төслөө зөв замд хөтөлж, хөгжлийг нь хурдасгах л юм бодогдож байна.
Улс төр манай Эрдэнэтийнхэнд хоёр дахь ажил, заримд нь бүр түүнээс ч хойгуур жагсааж сонирхдог зүйл нь гэхэд хилсдэхгүй. Уурхайчдын, горнякуудын давуу байдал, харамсалтай нь монголд устаж байна. Хувь хүний үүднээс харахад нэг л замаар яваад байгаа, уйтгартай ч юм шиг хэдий ч нөгөө талаараа сэтгэл санааны хувьд өөр зүйлд зовниод, далийгаад, мурийгаад, тэнээд байдаггүй учраас улс төрд үнэхээр хайнга ханддаг.
-Зорилго нь, төлөвлөгөө нь тодорхой, материаллаг бааз нь бэлэн, яалт ч үгүй бүтээн байгуулалт хийх гэж зорьсон хөдөлмөрчдийн хот байсан. Бидний хувьд, Тавантолгой төслийн хувьд одоо л нэг урт хугацааны хөгжлийн стратеги, зорилт нь тодорхой болж, санхүү, материаллаг нь бааз нь бүрэлдэж, улс төрийн шийдвэр, бодлого нь нэг болж, жинхэнэ утгаараа хөгжих замдаа орж байна. Гэхдээ саад бэрхшээл байгаа. Миний мэдэхийн Эрдэнэт хот байгуулагдаж эхэлснээс хойш найман жилийн дараа 1, 2, 3 дугаар микро, дулааны станц, хивсний үйлдвэр бараг ашиглалтанд орсон. Нэгдүгээр ээлжийн бүтээн байгуулалтын ажлууд хийгдсэн байсан. Зөвхөн бүтээн байгуулагчид л тэнд амьдарч байсан. Эрдэнэтчүүдийн хувьд тэр хөдөлмөрчдийн хөдөлмөр зүтгэл, бүтээн байгуулалт, нүргээн, байшин барилга сүндэрлэсэн тэр л жилүүдэд бага, залуу насаа өнгөрүүлсэн, тэр эрч хүч, энергийг бага ч болов шингээсэн хүмүүсийн хэсэг байдаг болов уу гэж боддог.
-Магадгүй байх аа. Урдах ажлаа сайн хийнэ. Сайн ч цалинтай, юм тоодоггүй шинж харагдаад байдаг. Тийм ч учраас сонгуульд хайнга сонголт хийдэг байх?
-Улс төр манай Эрдэнэтийнхэнд хоёр дахь ажил, заримд нь бүр түүнээс ч хойгуур жагсааж сонирхдог зүйл нь гэхэд хилсдэхгүй. Уурхайчдын, горнякуудын давуу байдал, харамсалтай нь монголд устаж байна. Хувь хүний үүднээс харахад нэг л замаар яваад байгаа, уйтгартай ч юм шиг хэдий ч нөгөө талаараа сэтгэл санааны хувьд өөр зүйлд зовниод, далийгаад, мурийгаад, тэнээд байдаггүй учраас улс төрд үнэхээр хайнга ханддаг. Гаднаас ирсэн хүмүүсийг л маш их сонирхдог, дотооддоо хэн нэгнийгээ хүлээн зөвшөөрөхдөө сул. Ер нь тухайн үедээ гадаадын 16 орны мэргэжилтнүүд болон манай 21 аймаг, төв, суурин газруудаас ирсэн хүмүүсийн нэгдэл, хамтын бүтээл болсон хот юм даа. Хөгжил, үзэл баримтлал, байр суурь, хандах хандлага нь өвөрмөц хүмүүс л дээ. Бие даасан байдал өндөртэй, бусдаас хараат бус шийдвэр гаргахдаа хэнээр ч заалгахгүй шүү. Ер нь хотын соёлыг өөртөө шингээсэн, бие даасан хүмүүсийн нэгдэл гэж ойлгож болно.
-Анх тийм байсан. Сүүлдээ Хөвсгөлийнхөн, Булганыхан, Увсынхан, Завханыхан болоод давамгай олонхиуд үүсээд явчихсан. Нутгийн зөвлөлүүд ч хүчтэй ажилладаг бололтой. Таныг өсч байх үед үнэхээр цэвэрхэн, үзэмжтэй сайхан хот байсан. Одоо олон газрынхны хөлд талхлагдаад, утаандаа баригдаад хуучны гоё нь алга болчихсон. Танд харамсалтай санагддаг уу?
-Удам дамжсан бүтээн байгуулагч, хөдөлмөрчдийн хүүхдүүд гэдгээрээ илүү хоорондоо дассан байдаг юм болов уу. Сэтгэлд үнэхээр дотно. Хоёрдугаарт, анхны соёлжсон, цэвэрхэн хот. Одоо ч гэсэн Эрдэнэт муухай биш. Хүндэтгэх, хүндэтгүүлэх ёс, цэвэрхэн байх гэдгийг 16 орноос ирж ажиллаж амьдарч, бүтээн байгуулж байсан тэр хүмүүсээс бид суралцсан. Аль ч тохиолдолд автобусанд дараалж орох, ахмад хүнд суудал тавьж өгдөг байх, гудамжиндаа нус цэрээ хаядаггүй байх гээд бүх зүйлийг хичээл дээр заалгаагүй амьдрал дээрээсээ шууд суралцаж өсцгөөсөн. Улаанбаатар хотод анх ирээд гайхаж л байсан. Хөгшин хүний дээгүүр бараг харайгаад л, шаардлага тавьсан хүнтэй хэрэлдээд л сонин харагддаг байсан. Энэ бол нийслэл хот, одоо ч гэсэн тийм л байгаа. Эрдэнэтэд бол соёлын суурь нь байдаг, байгаа. Тийм ч учраас Эрдэнэтийн залуустайгаа ажиллахад урамтай байдаг.
-Эрдэнэтэд чемодантайгаа очоод л сонгогддог. Хэнийг ч хамаагүй сонгодог, өөрсдөө цалин өндөртэй, амьдрал боломжийн болохоор сонгуульд ач холбогдол өгдөггүй. Одооноос харин явуулын улс сонгогдчихоод алга болдог гэж хэлцгээх болсон байна билээ?
-Тэрийг бол шууд хэлдэг юм л даа. Чемодантайгаа очоод хаустай буцлаа гэж иргэд ярьдаг нь үнэн. Одоо харин Эрдэнэтийн залуучууд нэг үеэ бодвол эхнээсээ 40 гараад эрийн цээнд хүрээд, гар нь ганзаганд, хөл нь дөрөөнд хүрээд ирлээ. Нутгийн зөвлөл гээд оюутан байхдаа ч бид цуглараад ярьдаг байсан. Дараа нь ч ярьж байсан, одоо ч ярьцгааж байгаа. Улс төртэй, улс төргүй Эрдэнэтээ ярих энэ хотын унаган залуучууд тэд. Энэ залуучууд сэтгэл гаргаж очиж Эрдэнэтээ хөгжүүлнээ. Үүнд эргэлзэх зүйл байхгүй юм шиг байгаа юм. Яагаад гэвэл бид тойрч суугаад ярихад их өөр төвшний юм ярьдаг байхгүй юу. Эрдэнэтийн тухай шүү дээ. Очихоор ондоо л доо. Манай Эрдэнэтийнхэн өөр, нийгмийн чанартай зүйл шаардаад байдаггүй, их сонин. Улс төрийн хувьд шүү дээ.
-Одоо утааны асуудал Эрдэнэтэд яригдаж байгаа биз дээ?
-Ер нь утаатай болсон.
-Гэр хороолол бас л түрчихсэн байна билээ?
-Хөгжих хамгийн боломжтой хот. Улаанбаатар хотын газар нутаг тэлээд, хүн ам нь тархай бутархай, хотын зохион байгуулалт хэцүү болсон. Эрдэнэтэд бол замын түгжрэл алга, тэнд эрчим хүчний нөөц байна. Боловсон хүчин байна, инженерүүд байна. Үйлдвэр нь байна, сургалтын бааз нь байна. Ер нь Эрдэнэтийг цаашид хөгжлийн томоохон төв болгоод, тэр дундаа IT, мэдээлэл технологийн төв болгоход хамгийн зөв хөгжих газар болоод байна.
-Та өөрөө уул уурхайн том төслийн удирдагч хүн. Эрдэнэт үйлдвэрийн нас 60 жилээр уртаслаа гэдэг мессежинд хэр итгэлтэй ханддаг вэ?
-Би бол уул уурхай талаас нь харж байгаа. Яагаад гэвэл олборлох техник, технологи, боловсруулах үйлдвэр нь байна. Одоо эцсийн боловсруулах руугаа орчихлоо. Энэ том үйлдвэрлэлийн баазыг ашиглахад нөөц л хэрэгтэй. Монгол бол нөөцтэй орон. Эрдэнэт өөрөө дэд бүтэцтэй учир нөөцийг заавал тэр хавиасаа гэлтгүй, хаанаас ч бүрдүүлж болно. Тэгэхээр нөөцөд санаа зовоод, би ажилгүй болчихлоо гэдэг байдлаар хандаж болохгүй гэж үздэг. Ойрхоноос олдсон баялаг нөөц бий. Нөөцөд тулгуурласан бүтээн байгуулалт хийх гэж Тавантолгой проект ямар хүнд байдалд байгаа билээ та мэдэж байгаа. Тэгвэл бүтээн байгуулалт нь байж байгаа, нөөц нь байхгүй гэдэг ойлголт байхгүй. Нөөцийг бий болгож, энэ паркийг ямар ч хэлбэрээр ашиглах боломжтой учир 60 жилээр зогсохгүй гэж би харж байгаа. Энд нэг зүйлийг хэлэхэд Оюу-Толгой, Тавантолгой гэх том төслүүдийн анхдагч төлөвлөгөө, инженерингийн ажлуудыг Эрдэнэтчүүд эхлүүлсэн байдаг. Дандаа Эрдэнэтийн инженерүүдийг, ХАБ-ын ажилчдыг авчирч суурь бүтцийг хийдэг. Одоо манай дээр зөвлөхүүд ирээд боловсон хүчний асуудлыг хамгийн түрүүнд ярихдаа, Эрдэнэтээс байна уу гэж асуудаг, дараа нь Оюу-Толгойгоос байна уу гэж асуудаг. Дэлхийн аль ч томоохон уурхай өөрт шаардлагатай боловсон хүчнийг бэлтгэхийн тулд олон жилийн хугацаа, тэр дундаа нэг сайн мэргэжилтэн бэлтгэхэд дунджаар 200-аас 350.000 доллар зарцуулдаг. Харин үүний оронд аль нэг улсад уурхай ажиллуулахаар болвол тухайн улсын өөр ижил төстэй уурхайгаас чадварлаг мэргэжилтэнг авах нь бага зардалтай төдийгүй, хугацаа, бүтээл хэмнэсэн оновчтой ажил болдог. Дэлхийн бүх улсад энэ жишиг байна. Үүнийг Монголд нэвтрүүлж байгаа газар нь яах аргаггүй Эрдэнэт гэдэгтэй хэн ч маргахгүй байх.
-Та Эрдэнэтийнх болохоор тэгж ярьж байна.
-Үгүй, үгүй. Эрдэнэтээс авч байгаа, Оюу-Толгойгоос ч авч байгаа.
-Эрдэнэтэд орос инженерүүд байна уу?
-Байлгүй яахав. Эрдэнэтэд 100 гаруй орос ажилтан албан хаагч, инженер байгаа. Удирдах албан тушаалтан бас байгаа. Гэхдээ цөөхөн. Яалт ч үгүй энэ суурин дээр хийж байгаа учир туршлагатай монгол инженерүүд л суурь болно. Тэрнээс биш Англи, Австралиас инженерүүд авчрах юм бол төлөвшиж, ажилдаа орох гэж 2-3 жил алдана. Тиймээс Эрдэнэт эсвэл Оюу-Толгойгоос нарийн мэргэжлийн төлөвлөлтийн инженерүүдийг заавал авдаг. Манайх 1974 оноос хойш Эрдэнэтийг хөгжүүлчихсэн. Бид бүхэл бүтэн сургалт ба үйлдвэрлэлийн баазтай улс шүү дээ. Оюу-Толгойн гэрээн дээрээ л алдчихсан болохоос биш. Эрдэнэтийн хувьд ерөнхий алдаа нь харьцангуй бага. Боловсон хүчний бодлого дээр алдаагүй, залуучууд нь одоо явж л байна.
-Н.Энхбаяр Ерөнхийлөгч одоо таны хувьд хэн бэ гэдэг асуултад та хариулсангүй?
-Тэр бол монгол хүн бүрийн мэддэг, урдаа барьдаг байсан удирдагчдын нэг шүү дээ. Би түүнийг маш их туршлага гэж хардаг. Тэр туршлагыг эргээд улс төрдөө ашиглах уу, бусад зүйлд жишээ болгох уу, гэдэг асуудал өнөөдрийн эрх баригчдын өмнөх сонголт болж байх шиг байна.
-Та 2014-2015 онд Шадар сайдын зөвлөх байсан. Одоогийн Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй ажиллаж байсан байна. Тэр тухайгаа яриач.
-Би У.Хүрэлсүх сайдтай тийм ч ойр биш гэж дээр хэлсэн. Учир зүггүй байнга уулзаад, юм ярьж, хөөрөлдөөд, хаа явсан газар хамт явсан түүх бид хоёрт байхгүй. Зан байдлын хувьд бид их ойролцоо юм шиг байна лээ. Тэр хүн юу хүсч байна, ажил хийх шүү дээ. Тэр нь миний юу хүсч байгаатай нийцэж байвал болоо. Учиргүй яриад байхгүйгээр харцаараа ойлголцдог. Би өөрөө хуульч хүн. Надад хоёр төрлийн найз их цөөхөн байдаг. Нэгдүгээрт, надад сэтгүүлч найз бараг алга. Хоёрдугаарт, хуулийн чиглэлийн найз байхгүй. Манай ангийнхан байна л даа. Гэвч тэр бүр бид уулзаад байдаггүй. Харин иргэний нийгмийн хөдөлгөөнөөс хамгийн их найзтай. Ямар сегментүүд дундуур яваад байгаагаа би ерөнхийд нь гадарладаг. Тэр үед найз нөхөд болоогүй хүмүүс маань одоо учир зүггүй ойр байх гэхээр хиймэл санагддаг. Одоо миний хийж байгаа ажил бодит байхгүй юу. Төлөвлөгөөгөө бүтээгдэхүүн болгоод тэрийгээ зараад мөнгийг нь Төр дансандаа хийгээд эхэлчихсэн. Одоо энэ улс төр, саяны ярьсан харилцаа хоёр бол шал ондоо. Улс төр надад хол харагдаад байгаа юм. Нэг л бууж өгөхгүй. Яалт ч үгүй би үйлдвэрлээд, зараад, борлуулаад, гэрээг нь байгуулаад, мөнгийг нь оруулж ирээд, түүгээрээ бүтээн байгуулалт хийгээд явж байна. Гэтэл нөгөө ажил ингэнэ, тэгнэ гэж худлаа амласан, хоосон зүйл юм шиг. Шууд агаар солиход хэцүү болдог шиг тийм л хэцүү мэдрэмж төрдөг.
-Өнгөрсөн зургадугаар сард та улс төр судлалаар докторын зэрэг хамгаалсан байсан?
-Тийм ээ. 2007 оноос хойш докторын ажил хамгаалах гээд нухсан юм аа. Гурван ч удаа сэдвээ сольсон. Гэхдээ барьсан суурь нь улс төрийн намын хөтөлбөр. Улс төрийн нам бол төрийн анхдагч эд эс нь мөн. Үүнийг өөрчилсөн улс орон амжилт олсон түүх алга. Улс төрийн нам гэдэг бол хүмүүсийн нэгдэл. Тэр нэгдлийг бий болгох зүйл бол бодлогын баримт бичиг буюу концепци юм. Улс төрийн намын мөрийн хөтөлбөрөөр л энэ ажлыг анх эхлүүлсэн юм. Тухайн үед одоо энэ Тавантолгой, уул уурхайн чиглэлийг оруулъя гэсэн бодол ч байгаагүй. Түүнээс хойш сэдэв маань солигдсон. Энэ ажилд ороод судлаад байхаар сүүлдээ ойр болоод сүүлийн гурван жил гаруйн хугацаанд “Уул уурхайн салбар дахь улс төрийн намуудын мөрийн хөтөлбөрийн бодлого” гэдэг сэдвээр явсан. Улс төрийн намууд уул уурхайн салбараар зөвхөн санал олох гэж буюу бусдад таалагдах гэж улс төр хийдэг болохоос биш улс орныхоо эдийн засгийг хөгжүүлье гэж ер явахгүй байна. 2014 оноос хойш үүнийг бодлогын төвшинд тавиад Монгол Ардын нам стратегийн академиар судлуулж эхэлж байсан. Өмнө нь уул уурхайн баялгийг урдаа барьж байгаад мөнгө өгнө, авна гэдэг солилцоон дээр санал хураадаг ерөнхий ойлголт байсан болохоос биш бодлогын төвшинд судалж байгаагүй юм байна лээ. Бодлогын төвшинд судалсан анхны ажил болсон.
-Үнэхээр сонирхолтой сэдэв байна. Хэн ч хамаагүй очоод л нэг уурхайг хаачихдаг, ямар ч хуулийн хамгаалалтгүй бизнес болчихлоо шүү дээ. Нэр дэвших гэж очсон нөхдүүд нь энэ уурхайг хааж өгнө өө би гээд дэвэргэдэг. Хатуу сэдэв болов ч цаг үеэ олсон юм шиг?
-Уул уурхайн салбарын хөгжлийн хэтийн төлөвийг урт хугацаанд томоор нь хараад уурхай бүр, бүтээгдэхүүн бүр улс оронд ямар хувь нэмэр ямар хугацаанд оруулах вэ гэдгийг хийсэн итгэлцүүр одоогоор монголд алга. Хятад бол аль эрт үүнийг хийчихсэн. Манай энэ Баяннуур, урд хил орчмын ихэнх жижиг уурхайнуудыг бүгдийг хаасан. Тэр уурхайтай, уурхайгүй улс хөгжинө гэдгийг урт хугацааны стратеги бодлогоор харчихсан. Манайх харж чадахгүй байна. Яагаад гэвэл урт хугацаанд төлөвлөсөн даацтай бодлого байхгүй. Тэр бодлого Засгийн Газрын үйл ажиллагааны хөтөлбөрт биш улс төрийн намуудын үйл ажиллагааны хөтөлбөрт буюу улстөрчдийн тархинд сууж байж урагшаа явах ёстой. Засгийн Газрын үйл ажиллагааны хөтөлбөр ялсан намын хөтөлбөрөөс ондоо байдаг. Өмнөх Засгийн Газрын хөтөлбөрийн 50-60 хувийг аваад үлдсэнд нь сүүлд оруулсан заалтуудаа оруулдаг. Цагаа тулахаар хэт популист заалтуудаа аваад л оруулчихдаг байхгүй юу. Зөвхөн санал авахын тулд л тэгж байгаа хэрэг.
-Таны энэ ажлыг үзэж болох уу. Та энэ сэдвээрээ залуучуудад яагаад мэдээлэл өгөхгүй байгаа юм. Сонирхолтой шүү дээ.
-Уулзах цаг зав гарахын хэрээр залуучуудтай хуваалцах гэж хичээдэг. Миний ажил өглөө 07:00-д эхлээд орой 23-24 хүртэл явдаг. Бямба гараг бол бараг л ажлын өдөр болоод хувирчихлаа. Гэхдээ сүүлийн хэдэн ням гарагийг гэр бүлтэйгээ өнгөрөөхөд их анхаарал хандуулж байгаа. Ажлаа авсан эхний 4-5 сар чих байнга шуугиастай байдаг байсан. Өдрийн 50-60 уулзалтыг хүн зохицуулж чадахгүй юм байна лээ. Урд хойно нь оруулна, ач холбогдлоор нь эрэмбэлнэ. Тэгээд ирэхээр гомдол санал ирнэ, тэр нь ачаалал болоод л явна. Тэрийг бодвол одоо миний ажил гольдрилдоо орсон. Гэвч өдөрт тогтмол 10-20 уулзалттай байдаг. Өнөөдрийнх шиг ажлын цагаар 2-3 цаг гаргаж ярилцлага өгч байсан тохиолдол байхгүй.
-Инноваци, шинжлэх ухааны салбарыг дэмжсэн анхны уул уурхайн компани боллоо. Дэргэдээ эрдэмтдийн зөвлөл, олон нийтийн зөвлөл байгуулсан байна. Эрдэмтдийн зөвлөлийг сонирхоод байна л даа. Хэдэн хүний бүрэлдэхүүнтэй, хэн хэн байдаг зэргээр дэлгэрэнгүй танилцуулж болох уу? Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн үед зөвхөн хайгуул хийх төвшинд оросуудын удирдлаганд ажиллаж байсан хөгшчүүл маань хэцүү юм ярьдаг болоод байна шүү дээ. Тэгсэн мөртлөө бүгдээрээ нэг зөвлөлд очоод суучихсан байх юм.
-Уул уурхайн үндэсний ассоциаци, геологийн холбоо зэрэг олон холбоод байдаг. Энэ холбоодод үйл ажиллагаа явуулж байгаа туршлагатай ахмад геологи, зөвлөх инженерүүдээс бүрдсэн баг байгаа юм. Энэ багт Тавантолгойтой холбоотой хүмүүсийг нэлээн их авсан. Яагаад гэвэл Тавантолгой 1983 оноос хойш зохион байгуулалттайгаар экспедицийн төвшинд судлагдсан учир тэр ажилд гар бие оролцсон хүмүүсийг эрдэмтдийн зөвлөлд авсан. Тэр үеийн ТЭЗҮ-г одоогийн үйл ажиллагаатай харьцуулах гэх мэт ажил хэрэгч маягаар байгуулагдсан эрдэмтдийн зөвлөл гэж ойлгож болно. Олон нийтийн зөвлөлөө бодвол арай мэргэжлийн чиглэлийн юм л даа. Тэр үед Тавантолгойн ордыг түшиглэсэн 50 мянган хүнтэй хот төлөвлөгдсөн байсан. Эрдэнэт анх бас 50 мянган хүнтэй хотын зохион байгуулалттай байсан. Гэхдээ төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн үед хөгжүүлнэ гэдэг том бодлого байсан юм билээ. Тэрнээс хойш бодлого алдагдаж энэ чиглэлийн эрдэмтэн судлаачид, багш нар ямар ч зүг чиггүй болоод орхигдчихсон байсан. Тийм л хүмүүсийн төвлөрөл гэж ойлгоорой. Нөгөө талаараа, ШУА, ШУТИС-тай санамж бичиг байгуулаад инновацийн асуудлыг бид тусад нь явуулсан юм. Нүүрснээс тэр дундаа эрчим хүчний нүүрснээс ямар эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж болох вэ гэдэг дээр судалгаа явуулсан юм. Коксжих нүүрс бол маш тодорхой бүтээгдэхүүн болдог. Эрчим хүчний нүүрснээс 175 гаруй төрлийн бүтээгдэхүүн гарна гэж тооцоолоод инновацийн хэлтэс байгуулаад явж байна.
-Гадны хөрөнгө оруулагчид бүх зүйлийг булаах гэж байна гэсэн эртний бодолтой, тэр бодлоороо массын тархийг сайн угаадаг хэдэн хөгшчүүл байна. Тэднээс айгаад ТУЗ болон зөвлөлдөө оруулаад л явдаг. Дээшээ гарах гэж зүдэрч яваа компаниудын нэг ийм зовлон байх. Тэрнээс арай өөр юм байгуулж чадсан болов уу л гэж харсан юм.
-Тавантолгойн чиглэлээр урьд нь ажиллаж байсан эрдэмтэн судлаачдыг л авсан байгаа. Тэднээс зөвлөх үйлчилгээ авах хэлбэрээр л ажиллаж байна. Түүнээс биш яг монголын эрдэмтдийн зөвлөлийн төлөөлөл бараг байхгүй шахам. Улс төрийн чиглэлийн хүн байдаггүй учир улстөржилт явагдахгүй. Манай хашаанд зөвхөн ажил л яригдах ёстой.
-Том татвар төлөгч, улс орноо авч явж байгаа компаниудаас орон нутагт нэг цэцэрлэг бариад өг, сургууль бариад өг л гээд байдаг. Жишээлбэл, Эрдэнэт манай Булганы Хангал суманд 10 тэрбумыг өгдөг байсан, одоо тэр нь өссөн байлгүй дээ. Гэтэл Хангал сум хөгжөөгүй. Ийм төрлийн хөрөнгө оруулалт нэхдэг байдлаас та яаж зугтдаг вэ?
-Аймаг сумдын засаг дарга нар дөрвөн жилийн хугацаатай сонгогддог улс төрийн албан тушаалтнууд. Эдгээр албан тушаалтнууд аймаг сумдаа хөгжүүлэх дөрвөн жилийн стратеги боловсруулдаг. Үүнийг бид хүлээн зөвшөөрөхөд хэцүү үе тохиолддог. Харин “Эрдэнэс Тавантолгой” бол 200 жил хөдлөх эдийн засгийн шууд агуулгатай том төсөл. 200 жил 4 жил хоёр бол асар ялгаатай хугацаа. Бид “Эрдэнэс Тавантолгой” гэж том төслөө дагаж төлөвлөлтөө хийгээрэй гэдэг хатуу байр суурьтай байдаг. Үүн дээр бас хугацаа алддаг. Учир нь сум нэг юм ярьдаг, аймаг бас нэг өөр юм ярьдаг. Суурин хот байгуулах газраа төлөвлөөд шан татсан байгаа, үйлдвэрлэлийн парк бүсээ бий болгосон, гадаргын ерөнхий төлөвлөгөөгөө батлаад үүнийг дагаж хөгжил явна. Яг үүнийг бас дагаад нийгмийн хариуцлагын ажлууд явах ёстой гэж бодож байна. Тэр нь таны сая хэлсэн сургууль, цэцэрлэгийн тухай байх юм. Бид нар сургууль цэцэрлэг барихдаа өөрийн бий болгосон суурин бүстэй хамаарсан юмыг л хийе гэж байгаа юм.
-Та бол төрийн өмчит компанийн захирал. Төрийн өмчит компани, төрийн өмчит төсөл өндийх гэж хэрхэн зовдог түүх Эрдэнэтээс харагддаг л даа. Төр муу менежер гэдэг нь Эрдэнэт дээр олон жил харагдлаа. Төрийн оролцоотой компани сүүлийн үед нэмэгдэж байна. Та залуу хүнийхээ хувьд үүнийг юу гэж боддог вэ? Гадны хөрөнгө оруулалттай, ажлаа хийгээд, татвараа төлөөд явж байсан уурхайг очиж хаахыг нь хаагаад л, бусдын өмчийг булааж авахыг нь аваад л... Үүн дээр та үзэл санаа хэр нийлдэг вэ?
-Ер нь чөлөөт зах зээл гээд бүх зүйлийг хувьд гаргаад, ААН-үүдээр бүх зүйлээ хийлгээд нэг хэсэг явсан. Гэтэл Төр нэг хэсэгтэй нь заавал оролцоотой байх ёстой юм билээ. Улсад төлсөн татвар хураамж, хөгжилд оруулсан хувь нэмрийг харахаар бусад орнуудыг бодвол манайх харьцангуй бага байгаа. Энэ нь Хятад шиг болъё гэсэн үг биш юм. Стратегийн ач холбогдолтой зүйл дээр бол Төр өөрийн менежментийг хийх ёстой. Ингэхдээ хяналтын институцээ зөв тавихгүй бол, төр муу менежер гэдэг жишгээр орлого амжилт буурна. Хэд хэдэн хувьцаат буюу нээлттэй компаниуд дээр сүүлийн сайн жишээнүүд гарч ирсэн. Хувьцаа эзэмшигчиддээ үйл ажиллагаа нь ил тод, нээлттэй, орлого зарлага хяналттай байдаг учир. “Эрдэнэс Тавантолгой” бас хувьцаат компани. Төрийн өмчит хувьцаат компаниудын улсад оруулсан орлого сүүлийн гурван жилд 39 хувиар өссөн байдаг. Бидний 2019 оны орлого, ашгийн хэмжээнээс төр муу менежер биш гэдгийг монголчууд харах боломжтой болж байгаа. Монголд анх удаа төрийн компани нэг тэрбум ам.долларын борлуулалтын орлоготой ажиллалаа. Тэр хэмжээгээрээ ашиг өсөж, энэ хэмжээгээр дагалдах төсөл, хөтөлбөрүүд маань хөдөлж, төрд болон иргэдэд очих ашиг нэмэгдсээр байгаа нь сайн мэдээ.
-Тэр бол та нарын л чирч авчирсан өсөлт. Эрдэнэтэд ч 49 хувийнхан (хувийн хэвшлийнхний хяналт) орж ирснээр олон бусармаг зүйл илэрч гарч ирсэн шүү дээ. Худлаа биш гэж би бодож байна.
-Би тантай санал нийлж байна. Засаглалын хувьд ил тод байхгүй бол мянга сайхан нэртэй байгаад ялгаа байхгүй. Төр, хувь гээд ялгаад байх шиг байна. Засаглалын хэлбэрээ нээлттэй болгоод орлого, зарлага, үйл ажиллагаа тодорхой байх ёстой юм билээ. Дээрээс нь хяналтын институц зөв байх ёстой. Сая бол 49 хувиа задлаад авахад хяналт нь тодорхой болчихож байна. Үүн шиг ашигтай байх салбаруудаа харах нь зөв юм байна лээ. Манай улс хоёр талдаа хоёрхон хөрштэй. Ялангуяа Хятадад сүүлийн үед байгалийн баялаг түшсэн орлого нэмэгдэж байна. Түүнийгээ гадагшаа гаргахгүй эцсийн бүтээгдэхүүн болгох бодлого руугаа шууд явчихсан. Манайх ч байгалийн баялгаа түшиглээд хөгжье гэж бодож байгаа бол хувьд шууд тавихад эрсдэлтэй гэдгийг олон жилийн хугацаанд харлаа. Ил гаргахгүй л байгаа болохоос биш маш олон лиценз гадныхны мэдэлд байгаа. Одоо бид дотоодын хэдтэйгээ л зууралдаж байна.
-Болохгүй байгаа учир л ийм цочмог ч гэмээр шийдвэрүүд гарч байгаа байх. Тэрнээс биш байгуулсан нийгмийнхээ үзэл санаа, үнэт зүйлийнхээ эсрэг хураана, нураана, булаана гээд явахгүй байх гэж та бодож байгаа юм байна тийм үү?
-Төр кока кола үйлдвэрлэж болохгүй, Төр цамц үйлдвэрлэж болохгүй. Харин стратегийн шинжтэй, гадагш гарчих боломжтой бүтээгдэхүүн бол байгалийн баялаг юм. Үүнд хяналт тавихын тулд төрийн менежмент, төрийн хяналт, бас иргэний хяналт заавал хэрэгтэй.
-Та бол бидний дурсамжинд маань үлдсэн тэр нийгмийн хамгийн сайн проектуудын нэг Эрдэнэт гэх сайхан хотод өссөн хүн. Одоо Монголын хамгийн том төслүүдийн нэгийг удирдаад ажиллаж байна. Бид хэдэн “толгой”-гоо (төслүүдээ) ардын дунд явдаг аман яриагаар бол хараал хүртэл нь балбаж байна л даа. Энэ төслийг дагаж босох хотын тухай мөрөөдлөө түрүүн цухас дурссан даа...
-Тавантолгой дээр суурин хот байгуулж байж, суурин хөгжлийн төв бий болно. Нөөц, нөөцийн чанар, дэлхий нийтийн сонирхож байгаа байдал, Хятадын металлургийн салбарын хөгжил, хот хөгжил энэ бүгд “Эрдэнэс Тавантолгой”-той холбоотой. Тийм болохоор эдийн засгийн хувьд асар хурдацтай хөгжиж байгаа улсын хөгжлийн нэг цэг нь “Эрдэнэс Тавантолгой”. Суурин бүс, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг бүс болгож хөгжүүлж байж энэ нь иргэн бүрт үр өгөөжөө өгнө. Түүнээс биш хэдэн сэндвичин байшинд ажилчдаа байлгаж байгаад дуусахаар нь онгоцоор буцаах гэж байгаа юм шиг хувилбарыг “Эрдэнэс Тавантолгой” дээр хийж болохгүй. Дараагийн Эрдэнэт бол “Эрдэнэс Тавантолгой”. Өмнөговьд эрдэнэсийн хот бий болно гэж хэлээд байгаа юм. Энэ хотын суурийг тавьчихсан, шаардлагатай дэд бүтцийн ажлаа эхлүүлсэн. Тавантолгой-Зүүнбаян, Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Хангимандалын замын ажил эхэлсэн. Ирэх жил гэхэд 200 орчим км төмөр зам барих ажлын анхны хөрөнгө оруулалтыг хангалттай өөрөө санхүүжүүлээд явна. IPO босгох юм бол дунд болон үндсэн хөрөнгө оруулалтыг хийх боломжтой болно. Үйлдвэрлэлийн бүс, парк бүрэн бүтээн байгуулахад 3.7 тэрбум ам.доллар хэрэгтэй. Үүний анхны хөрөнгө оруулалт тэрбум гаруй ам.долларыг компани өөрөө гаргах боломжтой. Мөн араас IPO гаргаж дунд хугацааны санхүүжилт хийгдэнэ. Үлдсэнийг нь төслийн хөрөнгө оруулалтаар хийх бүрэн боломжтой. Санхүүгийн хувьд ямар ч мэргэжилтэн хараад ойлгомжтой болсон проект юм. Зураглал нь ч ойлгомжтой, хүрэх газар нь ч ойлгомжтой болсон. Одоо хамгийн гол нь зөв замд нь оруулах хэрэгтэй гэж зүтгээд байгаагийн учир нь төмөр замыг зөв чиглэл рүү нь гаргаад тавьчихад энэ зөв замдаа орно. Хэнийг ч Тавантолгой төсөлд орж ирээд хар буруу үйлдэл хийгээд, хар буруу сүүдэр тусгахыг хүсэхгүй байна. Яагаад гэвэл энэ бидний ирээдүй. Энэ төсөл гоё явах юм бол бидний ирээдүй гэрэл гэгээтэй. Энэ төсөл бидний үед хар будгаар будагдах юм бол дахиад 10 жил магадгүй 15 жилээр хойшлохыг үгүйсгэхгүй. Тиймээс хамгаалах хэрэгтэй.
-Улс төрийн тэмцлийн бай битгий болоосой гэж хэн хүнгүй л залбирч байна.
-Миний хамгийн зоригтой эхлүүлж байгаа юм бол Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замыг хөдөлгөж байна. 10 жил хүлээсэн төмөр зам шүү дээ. Энэ хэмжээгээр бид 10 жил хохироод, 10 жил нөхөн төлбөрт явсан. Өнөөдөр нэг тонн нүүрсээ хүнд даацын нүүрс тээврийн автомашинаар 32 ам.доллараар тээвэрлэж байна. Төмөр зам ашиглалтад орсноор энэ зардал 8 ам.доллар болно. Энэ хэмжээгээр нэмүү өртөг, төмөр зам дагасан хот суурин, үйлчилгээ гэх мэт бүх юм хөгжинө. Компани 6000 мянган ажилтантай болно. Бодоод үз л дээ.
-Нийслэл хотын хаалгыг түүхий нүүрсний өмнө хаасан. Сайжруулсан түлш үйлдвэрлэж байна. Сайн үр дүн гарч байна гэж иргэд үзэж байна. Гэхдээ өөр дүгнэлтүүд ч бас байгаа.
-“Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааг хоёр сая 511 мянган иргэн эзэмшиж байгаа компани. Энэ хоёр сая 511 мянган иргэний хамгийн ихээр төвлөрсөн газар бол Улаанбаатар хот. Хамгийн их иргэд хохирч байгаа газар бол нийслэл хот л доо. Хохироож байгаа зүйл бол аюулын хэмжээнд очоод буй утаа юм. Утааг шийдэхийн тулд компани өөрийн орд дээр байгаа нүүрсийг Улаанбаатар хот руу татаж авчраад, сайжруулсан түлш болгоод нийлүүлж байна. Энэ түлшинд хүний биед хорт хавдар үүсгэдэг элемент байхгүй. Хоёрт, утаа байхгүй, гуравт, үнэр угаар байхгүй. Түүхий нүүрс маш муухай үнэртэй, тэр дундаа Багануур, Налайхын нүүрс хагас шатдаг учир муухай үнэртдэг, дутуу шатдаг. Налайхын хамгийн сайн чанарын нэг тонн нүүрс 160 орчим мянган төгрөг байдаг юм билээ. Тавантолгойн нэг тонн сайжруулсан түлш 150 мянган төгрөг байна. Энэ төрлийн ямар ч бизнес төрийн бодлого, нийгмийн хариуцлагын өмнө сөхөрнө. Их биш ч хиймэл түлш үйлдвэрлэхийг үгүйсгэхгүй. Түүхий нүүрс бол өрсөлдөж чадахгүй. Сайжруулсан түлш бүрэн шаталттай учир утаа, угаар харьцангуй бага.
-Тэрийг үйлдвэрлэж байгаа нь “Тавантолгой Түлш” гэж танай охин компани.
-“Эрдэнэс Тавантолгой” компани нийгмийн хариуцлагын хүрээнд санхүүжүүлж байгуулсан компани. Энэ жил утаа доод тал нь 30-аас 50 хувь буурна гэж бид тооцсон. Утааг бууруулах, одоо болон ирээдүй хойчийнхоо эрүүл мэндийн сайн сайхны төлөө энэ Засгийн газар хэн ч гаргаж чадахааргүй зоригтой шийдвэр гаргаж чадсан. Энэ бол утааны эсрэг түүхий нүүрсийг хориглож чадсан явдал. Үнэндээ хувийн хэвшлийн хийж байсан зүйлийг төр өөрийнхөө толгой дээрх хар булуу болгоод хураагаад аваад ирсэн л ухагдахуун шүү дээ. Одоо зарим нэг хүний хувьд гаргаж байгаа амжилт чухал биш пийшиндээ хуруугаа түлсэн ч, хоолоо шатаагаад хиншүү хярвас болгосон ч энэ Засгийн газрын л буруу байх болно. Энэ эрсдэлээс Засгийн газар айгаагүй, зоригтой алхам хийсэн. Цаашид жилээс жилд утаа багасах болно. Иргэдийн эрүүл мэнд хамгаалагдаж, эх нялхасын эндэгдэл буурах л болно.
-Үнэхээр буурчих шиг боллоо?
-Тавантолгойн нүүрсийг гадны шинжээчид танай өвөг дээдсийн үлдээсэн алт юм даа гэдэг. Шаталтын илчлэг, хугацаа, арматур төмрийн түүхий эд болж байгаа нь өөр аль ч улсын коксжих нүүрстэй зүйрлэшгүй. 100 хувь шатдаг. Нөгөө нүүрс 100 хувь шатдаггүй учир хог их үлддэг, чанар муутай, хүний эрүүл мэндэд хортой. Тэгэхээр итгэхгүй байх боломжгүй. 100 хувь шатдаг учир 100 хувь үнс байна. Багануурын нүүрсний үнсжилт 30 гаруй хувьтай. Манай нүүрсний үнсжилт хамгийн дээд талдаа 17 хувьтай байна. Гэхдээ түүхий нүүрс дутуу шатдаг учир үнс бүрэн хэмжээнд гардаггүй. Сайжруулсан түлшнээс их хэмжээний үнс гарна. Өмнө нь үнсийг ахуйн аргаар яаж устгадаг байсан тэр л аргаар устгана. Яваандаа үнсийг блок болгодог технологи хийгдэх байх.
-Уул уурхайн хөгжлийг дагаад байгаль экологийн сүйрэл гэдэг сэдэв байнга явдаг. Олон нийт байгаль хамгаалах талд нь илүү зогсдог учир уул уурхай олон нийт хоёрын ойлголцол хэцүү байдалтай байна. Танайх ногоон хэрэм байгуулах төсөл хэрэгжүүлж байгаа юм байна лээ. Энэ төсөл ямархуу амжилттай явж байна?
-Бид 2019 онд 25 мянган мод суулгасан. 60 га газрыг ногоон байгууламж болгоод хангай хэлбэрт оруулж, ус, цөөрөмтэй хүртэл болгоё гэж төлөвлөж байгаа. Та хангайн хүн мэдэж байгаа байх. Говь бол ондоо шүү дээ. Энэ их том төсөл явж байгаа. Энэ бол манай ХААИС-ийн эрдэмтэд, ӨМӨЗО-ны Хөдөө аж ахуйн их сургуулийн эрдэмтэдтэй хамтарч хэрэгжүүлж байгаа том төсөл. Судалгаа сайн хийх хэрэгтэй юм билээ. Гашуунсухайтаар юм уу, Эрээнээр цаашаа гарахад нов ногоон болчихдог, наашаагаа шар болчихдог. Энэ хоёр газар хөрсний хувьд яг адилхан. Тэгэхээр ямар төрлийн экологийн тэнцвэрт бүтээгдэхүүн тэнд тарьж ургуулах вэ гэдэг нь ондоо юм билээ. Манай Улаанбаатарт байгаа юмыг авчраад тарихаар болж өгдөггүй. Бид их хэмжээний хөрс судалгаанд явуулсан. Сая бид 25 мянган суулгацаа тарьсан, урьд нь ургаж байгаагүйгээр маш сайн ургаж байгаа. "Энержи Ресурс" энэ тал дээр ихээхэн судалгаа хийсэн. Бид хамтраад ажиллаж байна. Энэ ажил цөлжилтийг зогсоох, тоосжилтыг багасгахад үр дүнгээ өгнө.
- Төмөр зам барих төсөл бушуухан дуусчихаасай, нүүрсний үнэ гайгүй байгаасай гэж бүгд л хүсч байна. Танай компанийг сонирхдог, энэ талаар ойлголттой монгол хүн бүр л бодож байгаа байх. Гэтэл санхүүгийн шинжээчид нүүрсний үнэ бууна гэж мэдээлээд байх юм. Ер нь ямар прогнозтой байгаа вэ?
-Таван жилийн доторх прогнозыг хамгийн үнэн бодит гэж үздэг. Таваас доторх жилд нүүрсний үнэ тогтвортой байх прогноз гарч байгаа. 2020 оны нэг, хоёрдугаар улиралд нүүрсний үнийн уналт болно. 2019 оны хоёрдугаар улиралд бас үнэ унасан. Унасан үед бид борлуулалтаа хаагаад, өссөн үед нээгээд явсан юм. Худалдан авагч тал манай менежментийн багийг үнийн бодлогыг маш сайн хэрэглэсэн гэж үзэж байгаа. Янз бүрийн менежментийн аргачлалыг чадах хэмжээгээр хэрэглэсэн. Үнэ унасан үед бүтээгдэхүүнээ татах ч тохиолдол байсан. Тийм ч учраас "Чалко"-гийн тогтвортой урт хугацааны гэрээний үнэ дээр 2.8 ам.доллар өсгөсөн. Үүнээс 21.9 орчим сая доллар улсад үлдэж байна. Баруун Цанхи дээр бид 3.4 доллар нэмж зарсан. Ингээд 60 орчим сая доллар улсад буюу компанид үлдэх менежментийг хийж чадсан. Энэ бол цэвэр нүдэнд харагдах менежмент. Мөн сая долдугаар сараас нүүрсний үнэ эрчимтэй уналаа ш дээ. Бараг 180 орчим юаниар манай бүтээгдэхүүний үнэ унахад бид бууруулах биш, тогтвортой байх зарчмыг баримталж, хоёр ч удаа үнээ бага хэмжээгээр өсгөж борлуулалт хийж чадсанаар 160 орчим сая долларын орлогыг алдалгүй, улсдаа орлого, компанидаа ашиг болгон үлдээж чадсан. Нүүрсний үнийг байнга өсч байгаа мэтээр зарим хүмүүс цуураад байгааг сайн ойлгохгүй байна. Ер нь бүтээгдэхүүний үнийн өсөлт, бууралт гэсэн циклийн дунд хөл алдчихалгүйгээр бодит байдлыг мэдэрсэн тоглолт бүхий маркетингийн алхамуудыг зөв гэж тооцсон байдалтайгаар явж байна.
-Танай ТУЗ-д улстөрчид хэр байгаа вэ? Таны ажлыг дүгнэдэг байгууллага байх аа. Мөн нүүрс борлуулдаг гэрээний талаарх шүүмжлэл хаа сайгүй явдаг. Зуучлалын хөлс авдаг энэ тэр гээд...
-Мэргэжлийн хүмүүс байгаа, олон нийтийн байгууллагын хараат бус төлөөллүүд байгаа. Төрийн байгууллагын төлөөлөл ч байдаг. Миний хувьд ажлаа ТУЗ-аараа дүгнүүлдэг. Жил болгон гүйцэтгэх захиралтай байгуулсан гэрээгээр ажлаа дүгнүүлдэг. Өмнөх 2018 оны гүйцэтгэлийн хүрсэн үр дүн 92 хувьтай гэж дүгнэгдсэн. Үүнд нөлөөлсөн гол зүйл бол дээр ярьсан үнийн өсөлтийг хангасан зөв менежмент байсан. Нүүрс худалдан борлуулах гэрээний хувьд төрөл бүрийн үндэслэлгүй мэдээлэл цацагдаж байсан үе байгаа. Өмнөх хугацаанд нүүрсний гэрээр худалдан авагчийн санхүүгийн чадавхаас нь хамаараад бага бага хэмжээгээр байгуулдаг байсан үе бий. Энэ үед гарсан мэдээлэл. Жишээ нь, 50 мянган тонн, 60 мянган тонн 100 гээд дээд тал нь 300 мянга борлуулдаг байсан. Үүнийг дагаад дундын зуучлагч нар ихээр нэмэгдэж, үндсэн худалдан авагч нар ил биш, далд байдалд орсон үе бий. Үүнийг сууриар нь өөрчилсөн. Нээлттэй тендер зарлан худалдан авагчдыг сонгодог болж, нийтэд зарыг ил тавьж, нүүрсний гэрээний хэмжээг 500.000, түүнээс дээш нэг сая хүртэл хэмжээгээр нэмэгдүүлэн тогтоож, дуудлага худалдаанд оролцох барьцаа төлбөрийг үнийн санал ирүүлэхээс өмнө авдаг болгосноор үндсэн худалдан авагч гол талууд зуучлагч, хөтлөгчгүйгээр өөрсдөө ил гарч ирсэн. Энэ бол эцсийн хэрэглэгчид шууд хүрэх стратегийн том алхам болсон. Нөгөө талаар үндсэн худалдан авагч талууд санхүүгийн бодит бололцоотой, тогтвортой үйл ажиллага явуулдаг, нүүрсний салбарт байр сууриа эзэлсэн байх шаардлагыг хангуулж эхэлсэн. Мөн бидний хэрэгжүүлэхээр төлөвлөсөн томоохон төслүүдэд хөрөнгө оруулалт хийж, хөгжлийн асуудалд хамтран ажиллах боломжтой байхыг санал болгож эхэлсэн. Биднээс нүүрс худалдан авч байгаа нэлээд хэдэн компани нээлтэй буюу хөрөнгийн зах зээлд хувьцаагаа гаргасан байгаа нь найдвартай худалдан авагчидтай болж, компанийн үнэ цэнийг ч өсгөж байгаа.
-500 мянган тонноос эхэлж байгаа юу?
-Одоо бол доод хэмжээ нэг сая тонн. Тэрнээс дээш хэмжээгээр тодорхойлогдож байгаа.
-Тийм хэмжээний хүчин чадалтай компани л оролцох нь, тийм үү?
- Тиймээ. Хуучин бол гэрээ байгуулсан компанийг хайхаар олддоггүй байсан. Тэр дунд цүнхэндээ тамга тэмдэгтэй, хятадын хөтөч, өвөрмонголчууд явж байсныг үгүйсгэхгүй. Монгол руу чиглэсэн нүүрсний бизнес эрхэлдэг хятадын цөөн тооны бизнесмен л байдаг. Одоо ямар ч дундын бизнесмен байхгүй болсон. Томоохон худалдан авагч тал нэг сая тоннын гэрээ хийгээд манай дансанд 27 сая доллар байрлуулна гэдэг бол тэр хэмжээний санхүүгийн чадвартай, тогтмол үйл ажиллагаатай, хаанаас ч хайгаад олохоор зэрэглэлийн бизнесменүүд гэсэн үг.
-Танай худалдан авагч нарын ард манай улс төрийн лидерүүд байдаг, тонн тутмаас нэг долларын ашиг авдаг гэх.
-Томоохон худалдан авагчдын хувьд ихэнхи нь нээлттэй буюу хөрөнгийн зах зээлд гарсан компаниуд байдаг. Хувьцаат компанийн хувьд тийм зүйлд орооцолдож бизнесээ буруу замаар хөтөлж хийх нь эрүүл биш, маш эрсдэлтэй асуудал шүү. Би тэгж бодохгүй байна. Ямар ч байсан авсан бүтээгдэхүүнийхээ үнийг төлбөрийн гэрээний дагуу төлөөд явдаг. Хятаддаа болон Өвөрмонголдоо хүлээн зөвшөөрөгдсөн бизнесийн акулууд. Шулуухан хэлэхэд өмнө нь яригддаг байсан дундын зуучлагч нар одоо байхгүй болсон. Дээрээс нь урт хугацааны хөрөнгө оруулалт хийх чадвартай бизнесменүүд орж ирсэн. Маргааш яриад манай төмөр замд 200 сая долларын хөрөнгө оруулалт хийх хэмжээний итгэлцэлтэй бизнесийн харилцаа бий болсон. Энэ хэмжээний томоохон бизнесменүүдтэй харьцаж байгаа, манай менежментийн баг. Одоо хэн ч над дээр 100, 200 мянган тоннын гэрээ барьж ирэхээ больсон. Одоо энэ бизнес зөв голдиролдоо орсон гэж хэлж болно. Дээр ярьсан худалдан авагч томоохон компаниуд нэлээд нь Тяньжин дээр, Хонг-Конг дээр гарчихсан нээлттэй компаниуд. Хятадын хувьцаа эзэмшигчид нь хянадаг, төр нь хянадаг компаниуд юм. Тэр компаниуд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж байхад л бидэнд, Монголд ашигтай. Урьдчилгаа төлбөр, үндсэн төлбөрөө цаг алдалгүй хийгээд, нүүрсээ авах үүрэгтэй. Ингэснээр Монголд валютын эргэлтийг тэр хэмжээгээр сайжруулж байна. “Эрдэнэс Тавантолгой”, Эрдэнэт, Оюу-Толгой гэх гурван компани валютын ханшинд хамгийн том нөлөө үзүүлдэг. Энэ гурван компани хэр зөв ажиллаж чадна, тэр хэмжээгээр валютын ханш, бараа бүтээгдэхүүний үнэ өсөхгүй байхад нөлөөлдөг, үндэсний аюулгүй байдалд нөлөөлөхүйц хэмжээний компани болсон.
-Таныг юу хамгийн их сэтгэлээр унагаадаг вэ?
-Хийсэн ажлыг мэдсээр байж, харлуулах шиг онцгүй зүйл байдаггүй юм билээ. Тэр тусмаа энэ компанийн эд эс болоод хөгжөөд явж байгаа хүмүүс өөрсдөө мэдээллээ гадагш гаргаад, өөрөө өөрсдийнхөө компанийг хэмлүүлээд сууж байгаа явуургүй хүмүүс надад хамгийн их сэтгэл гутралыг авчирдаг. Миний дэргэд байсан материалыг улаан цайм аваачиж өгчихөөд, хэвлэл мэдээлэл, сошиал орчинд тараачихаад инээгээд сууж байгаа монгол залуу хамгийн өрөвдөлтэй. Тэгсэн мөртлөө цалин буухыг хүлээж, тэр цалингаар хүүхдээ хооллож ундлаад, машиныхаа лизингийг төлөөд явж байгаа өрөвдөлтэй залуучууд байна. Тэр хүмүүст сэтгэлийн үзүүр ч үлдээгүй байна. Хамгийн инээдтэй нь тэр хүмүүс эргээд энэ компанид тушаал дэвшээд дарга болно гэж бодож суугаа. Хэрэв тэгж бодож байгаа бол өөрийн муу, сайн араншин, эрч хүч энергийг гадагшаа биш дотогшоо гарга гэж хэлье. Би ажилчидтайгаа хамгийн ойр байдаг захирлуудын нэг. Бусад төрийн өмчийн том компаниудын захирлууд ажилчидтайгаа уулздаггүй юм билээ. Чадахынхаа хэрээр хэлж ойлгуулдаг. Ойлгох нэгэн байна, ерөөсөө ойлгохоо больсон хүмүүс ч байна. Энэ амьдралд хоёр нам байдаг л гэсэн ойлголттой явдаг хүмүүс хүртэл байдаг. Манай компани дотор бол нам хамаагүй. Хэрэв нам гэдэг үгэнд дуртай юм бол манай компани “Эрдэнэс Тавантолгой” гэдэг хамт олон шүү гэдгийг хэлмээр санагддаг.
-Доод хүмүүстэйгээ уулзах шаардлагагүй гэх мэт удирдах ажлын арга барилыг тойрсон сонин хуучинсаг ойлголттой дунд шатны дарга нар төрийн байгууллагуудад байдаг л юм билээ.
-Уулзахгүйгээр яаж ойлгох вэ дээ.
-Яахав муулж л байг бурхан харна, цаг хугацаа харуулна гээд гүлдийгээд суугаад байдаг хүмүүсээс болоод монголын амжилт ч амжилт биш, амжилттай яваа хүмүүс хэн ч биш болчихсон. Мэргэжлийн маань онцлог юм уу, хүмүүс нээлттэй уулзаж асуудлыг ярьдаг, хэлэлцдэг байх ёстой гэж үздэг. Мэдээлэлд мэдрэг хандах, эмзэг хандах чадвар удирдагч хүмүүст хэрэгтэй юм шиг надад санагддаг. Та мэдээлэлд хэр мэдрэг удирдагч вэ?
-Ер нь мэдрэмтгий шүү. Компанийн талаар сайн муу бүх мэдээллийг хамгийн түрүүнд авахыг хичээдэг. Аль мэдээллийг үл тоох, аль мэдээлэлд активный хандах вэ. Хэвлэл мэдээлэл бол шинжлэх ухаан. Энэ төвшинд бид харьцангуй гайгүй ойлголттой болсон гэж боддог. Бүх зүйлийн араас хөөцөлдөөд явбал бас ажил урагшаа явахгүй л дээ.
-Үндэсний бөх, морь сонирхдог хүмүүсийг манайхан хоцрогдсон хүмүүс гээд их шүүмжлэх юм. Зарим нь үндэсний өв соёлыг тээгчид гээд их бахархах юм. Та үүнд яаж ханддаг вэ?
-Морь, сур, бөх гэдэг утгаараа биш, монгол зан заншил хаягдчихлаа гэдгийг хүлээн зөвшөөрдөг хүний нэг. Мэндэлж ч чадахаа больсон. Ялангуяа өндөр боловсролтой сэхээтнүүд, цагаан захтнууд гэж ярьдаг хүмүүсийн зарим төлөөллийг хараад бага зэрэг өрөвддөг. Хүүхдүүд нь хоорондоо англиар яриад л, тэндээ хүүхдүүдээ төвлөрүүлээд л, хэнтэй найзлахыг нь хүртэл заагаад л. Монгол Улсын Ерөнхийлөгч байсан хүмүүсийн хүүхдүүд хүртэл хоорондоо монголоор ярихгүй л байгаад байна. Тэгсэн мөртлөө үе үе гарч ирээд улсын хөгжил, өв соёл, монгол ухаан яриад байхаар доторхыг нь мэддэг учир нэг л бууж өгдөггүй юм. Гадаадад бүр дунд сургуулиас нь сургаж авчирчихаад тэр хүүхдийг шууд монголд ажлын байран дээр гаргаад хүүхэд нь идээшиж өгөхгүй зовж байгаа хүмүүс зөндөө байна. Тэнд сурсан энд идээших хоёр бол тэс ондоо юм байна лээ. Монгол хөрсөнд хатуужилтай хүмүүжээгүй хүүхдэд өрсөлдөх чадвар байхгүй юм билээ. Одоо энэ өндөр төлбөртэй сургуулиудад сурч байгаа хүүхдүүдийг харж байхад Монголоор ер ярихгүй. Тэр хүүхдүүдийн эцэг эхийг харахаар бидний өмнө гарч ирж шог үзүүлбэр хийж байгаа нөхдүүд өөрсдөө л байдаг. Үр хүүхдээ ингэж өсгөх хэрэгтэй, тэгж сургах хэрэгтэй гэж зурагтаар яриад, гэртээ очихоор хүүхдүүд нь монголоор ярихгүй байгаагаас харахад тэр хүний агуулга худлаа болоод хувирч байгаа юм. Би тийм зүйлд дургүй.
Б.Ганхуяг захирал бол манай ажил хэрэгч залуусын эгнээнд тэргүүлэх байр суурьтай удирдагчдын нэг. Хэвлэлийнхэн түүнийг пацаан хэмээж хадуурах нь бий. Учир нь эдүгээ 45 настай ч гучтай юм шиг харагддагт байдаг байх. Бас энэ яагаад ийм амжилттай байх ёстой юм гэсэн манайхны дотрыг урж байдаг “хөөрхөн” зан чанартай нь ч холбоотой чимхэлт биз. Социализмын үеийн хамгийн гоё хот Эрдэнэтийн уугуул болохоор түүнийг орк, хөдөөний амьтан гэж гоочлох боломжгүй. Түүний аав Эрдэнэтийн анхны спортын зүтгэлтнүүдийн нэг бол өвөө нь ардын хувьсгалын партизан, байлдааны нисгэгч байсан хүн. Мөн түүний хамгийн их бахархдаг хүн авга ах нь. МҮОНТ-д ерөнхий найруулагч байсан, “Зургаа дахь мэдрэхүй”, “Бүсгүйчүүд” зэрэг олон сайн контентуудыг санаачлагч, манай телевизийн урлагийн алдарт найруулагчдын нэг Бадрах түүний авга ах юм. Сэтгүүл зүйн салбарынхан энэ хүнийг сайн мэднэ. Манай удмынхан даруухан гэж тэр тун товчхон дүгнэсэн. Өөрөө ч олон таван үггүй, нясуур, бараг инээдэггүй, тамхи татдаггүй, архи сархад хөөдөггүй, өөрийн гэсэн тодорхой зан төлөвтэй хүн. Өөрөө ч эргэн тойрныхноо тодорхой байхыг шаарддаг. Ийм нэгэн залуу лидерийн ертөнцөөр та аяллаа.