Одоогоос 16 жилийн өмнө Монгол нутагт ирж өөрийн бизнесээ эхлүүлсэн Канад улсын иргэн Жереми Тийссэнтэй ярилцсан юм. "Занадуразорбак" ХХК эдүгээ 200 үхрийн фермтэй болж өргөжсөн төдийгүй, 20 гаруй төрлийн мах зах зээлд нийлүүлж байгаа юм.

-Тантай танилцсандаа баяртай байна. Манайх бол монголд гардаг цорын ганц ярилцлагын сэтгүүл юм. Таны амьдарч байгаа Булган аймаг миний төрсөн нутаг. Надад таны тухай мэдээллүүд маш гоё санагддаг. Та бараг монгол хүн болсон байна. Яаж яваад монголд хүрээд ирэв. Тэр тусмаа яагаад Булганыг сонгосон бэ гэдэг асуултаар яриагаа эхлэе? 

-Би анх монголд 1993 оны намар ирсэн. Анх ирэхдээ төрийн бус байгууллагын шугамаар ирж, хоёр жил Улаанбаатар хотод монгол хэл сурсан. Өөр аймгуудыг судалж байлаа. Гэтэл монгол хэлний багш маань ХутагӨндөр сумын хүн байж таарсан юм. Тэгээд бид нарыг манай төрсөн нутагт очиж ажиллаж амьдарвал ямар вэ. Үнэхээр сайхан нутаг шүү. Иргэдэд тусалж, ногоо тарихыг сайн зааж өгөөрэй гэсэн. Тэгээд анх 1996 онд Хутаг-Өндөр суманд ирсэн. 1996-2008 он хүртэл иргэдэд ногоо тарихыг зааж сургаж байсан. Анх очиход хүмүүс бараг ногоо тарьдаггүй, хэдхээн цөөхөн айл тарьж байсан. Бид олон жил ногоо тарих загвар зааж өгсөн. Одоо бол ногоо маш сайн тарьцгаадаг болсон. 

-Наашаа хот руу зах зээлд нийлүүлдэг үү. Эрдэнэтэд зардаг уу? 

-Эрдэнэтэд. Бас хойшоо Мөрөн рүү нийлүүлдэг. 

-Ногооны аж ахуй эрхлэгч нар олширсон байх нь. Та яагаад Хутаг-Өндөрийг сонгосон бэ. Тэшиг байж болно, өөр сум байж болох байсан.

-Миний монгол хэлний багш Э.Содномсүрэнгийн төрсөн нутаг. Тэгээд л сонгож очсон, тэнд суурьшиж дасаад гарч чадахгүй болсон. Үнэхээр гоё газар. 

-Монгол хэл сурах хэцүү байсан уу. Юу нь хэцүү байсан бэ? 

-Үнэхээр хэцүү. Монгол хэлний дүрэм маш хүнд. Англи хэлний дүрмээс маш өөр. 

-Гадны хүмүүс манай хэлийг хатуу сонсогддог гэдэг. 

-Тэгж ярьдаг. Тэрийг би мэдэхгүй. Би бага зэрэг герман хэл мэддэг болохоор надад хатуу хэл шиг санагдаагүй. 

-Багш хүнээр заалгасан болохоор та дүрмээ сайн сурсан байх нь. 

-Тийм. Надад Монгол Улсын Их сургуулийн багш монгол хэл зааж өгсөн байсан. Надад олон багш байсан. 

-Эргээд та англи хэлээ хэр олон хүнд зааж байна. 

-Тийм зав байхгүй. Би анхны хэдэн жил англи хэл зааж байсан. Одоо завгүй. Боломжгүй болсон. Ажилчидтайгаа англиар ярина. Гэхдээ тэд нар надтай монголоор ярих нь илүү амар ойлголцдог. 

-Одоо танай компанид дан монгол ажилчид байна уу. Гадныхан байгаа юу? 

-Байхгүй. Дан монгол. 

-Хүмүүс Хутаг-Өндөр сумыг ажиллаж амьдрахад сайхан нутаг гэдэг. Өнгөн талдаа байгаль нь сайхан учраас илүү ач холбогдол өгч хариулаад байдаг. Гэтэл ажиллаж амьдрахад зан заншил, засаг захиргааны байгууллагын бодлого, хуулийн хэрэгжилтээ хэр хангаж ажилладаг гээд олон хүчин зүйл бий. 

-Амьдрахад монголд хаана л бол хаана чөлөөтэй. Айхтар дарамттай юм байхгүй. Яг бизнесийн тал дээр бол хүндрэлтэй, хэцүү юм гарч ирдэг. 

-Сүүлийн жилүүдэд бизнесийн орчинд гарсан нааштай гэмээр өөрчлөлтүүд байна уу. Яг хөрсөн дээрээ орон нутагт ажиллаж байхад ямар байна вэ? 

-Ковид бол мэдээж дэлхий нийтийн асуудал байлаа. Энэ цар тахал нөлөөлөөгүй газар гэж дэлхийд байхгүй. Ковидын дараах зарим нь нааштай сэтгэлтүүд ажиглагдаж байгаа. Жишээлбэл, монголын төрөөс хүнсний хувьсгалын бодлого дэвшүүлсэн. Тэр хүнс үйлдвэрлэх тал дээр маш их давуу тал, сайн нөлөө байгаа. 

-Бид хүнсний бүтээгдэхүүнийхээ 70 хувийг нь урдаас авдаг байсан. Одоо бол байдал илт өөрчлөгдсөн. 

-Тэр бодлогын дараа хүмүүс урам авч байгаа. Бид нар дотроо үйлдвэрлэж чадна гэдэг урам авч байгаа. Гэхдээ миний бодлоор зах зээлд ороод 30 жил болсон. Тэр нь бас урт удаан хугацаа биш болохоор яг бизнесийн зарчим, соёл бүрэн нэвтрээгүй байна. Бизнестэй болохоороо хүмүүс би удахгүй баян болно гэж бодоод байдаг. Утга нь маш түргэн баян болно гэдэг. Гэхдээ сайхан амьдрах, баян болох боломж бүрэн байгаа. Тэрнээс илүү бизнесийн соёлоо сайхан тогтоож авах ёстой. Бизнесийн соёлыг хоорондын харилцаагаар бий болдог. Жишээлбэл, танд мах хэрэгтэй байна. Надад мах нь байна. Надад ногоо байхгүй, танд бол байна. Хоёулаа хоорондоо бүтээгдэхүүнээ солиход талууд сэтгэл ханамж өндөртэй үлдэх ёстой шүү дээ. Бизнесийн соёл бий болж байгаа. Гэхдээ та миний махыг байнга авахын тулд би чанарыг эрхэмлэх ёстой. Энэ бол итгэлцэл. Бизнес тогтох хөрс суурь. Дэлхийн баялаг хязгаартай гэж зарим хүмүүс боддог. Би бол тэгж бодохгүй. Бид нар хоорондоо таатай бизнес хийх соёлоо тогтоож чадах юм бол дараа нь өөр хүмүүсийг нэмэж оруулаад, олон хүмүүс хамтарч ажилаад өргөжөөд аль аль хүнд ашигтай байж чадаж байж баялаг бүтээгддэг. Баялаг болгох явц бол энэ юм.

-Зарчим суурьтай харилцаа, бизнесийн соёл дутмаг байна гэсэн үг. Манай монголчууд зарим улс орныхонтой харьцуулахад залилан хийдэг хүмүүс биш. Гэхдээ маш олон жил төвлөрсөн төлөвлөгөөт социалист үеийн эдийн засгийн нэгдсэн бодлогоор явсан. Чөлөөт эдийн засагт шилжээд 30-хан жил.

-Энэ бол богино хугацаа. 

-Та яг монголд хэдэн жил ажиллаж амьдарч байна? 

-Би 31 жил болж байна. 

-Хутаг-Өндөрт гоё гоё сэхээтнүүд амьдрах гэж очиж байна. Ч.БатУянга байна. Булган аймагт их олон залуучууд очиж байгаа. Тэр хэрээр маш их сурталчлагдаж байна. 

-Манай Булган аймгийн ХутагӨндөр сум байгаль сайтай. Урд талдаа Сэлэнгэ мөрөн байна. Хойд талдаа Хонгор, Эгийн гол байна. Тэнд аялал жуучлалын боломж байна. Байгалийн онцлог гоё. Манай Хутаг-Өндөрийн Баатар ванд олон хүмүүс ирж байна. Мэдээж тарианы талбай их. Малын аж ахуй их байна. Их гоё нутаг. 

-Та монгол амьдраад л байх уу. Нутаг буцах тухай боддог уу? 

-Одоо тийм бодол байхгүй. Бизнес маань энд байна. Манай хүү цаашид энэ бизнесээ авч явах юм уу, үгүй юу мэдэхгүй юм. Хийх юм их байна. Боломж маш их байна.

-Одоо та бүтээгдэхүүнээ Улаанбаатар руу нийлүүлж байна уу. Гадагшаа гаргах талаар юу болж байна.

-Энэ жил тэр талаар хөөцөлдөж байгаа. 

-Манай Улаанбаатарт зөвхөн том том ресторанууд тэр махны үнэ цэнийг мэднэ. Өөр газрууд ойлгохгүй байх.

-Монгол үхэр, хонь, ямааны мах, адууны мах ч гэсэн онцлог гоё амттай. Япончуудын мах алдартай. Монгол мах гээд гоё брэнд бий болговол боломж бүрэн байна.

-Танайх ферм биз дээ. Эсвэл холимог уу? 

-Манайх малчдаас бяруу, шүдлэн, хязаалан үхэр худалдаж аваад түр зуур манайд бордож жин нэмээд эрүүл гэдгийг нь батлуулж нядалдаг. Яг стандартын дагуу нядалж, ангилдаг. 

-Дээд зэргийн стейкны махыг л гаргаж байгаа гэж ойлгож байгаа. 

-Өнгөрсөн хавар мөсний баярт манай канадын элчин сайд ирсэн юм. Би бургер шарж өгөөд. Тэгээд надад хэлсэн л дээ. Би олон газар амьдарч, ажиллаж мах идэж үзсэн. Тэгэхэд ийм гоё махыг канадад байхдаа ч идэж түзээгүй гэсэн. Тэрнээс гадна австралиас баримтад кино хийдэг баг Архангайд ирсэн. Тэд нар манайхаас хэдэн стейкны мах аваад шарж өгсөн чинь тэд нар ялгаагүй ийм гоё амттай мах өмнө нь идэж үзээгүй гэж хэлцгээж байсан. 

-Стейкний мах алаглах гэдэг түвшин руу нь очсон уу? 

-Очсон. Гэхдээ мэдээж бүх үхрийн махнаас тэр мах гарахгүй. Бэлчээрийн махны амтны суурь бэлчээрээсээ л гардаг. Ферм дээр мах алаглах чанар гарч ирдэг. Арай зөөлхөн, хөдөлгөөн хязгаарлана. Эрүүл гэдгийг нь харж хянах боломж нь илүү. 

-Танай брендийн нэр юу билээ? 

-Ханаду. Би канадад үхрийн фермд өссөн хүн л дээ. Тэгээд 2007 онд нэг айлаас гурван тугал аваад тэжээж, бордоод хүнсэнд хэрэглэсэн. Тэгсэн чинь манай найзууд ирж мах идсэн. Маш их гайхсан. Энэ махыг хаанаас авсан юм бэ. Зөөлхөн, маш сайхан амттай байна гэсэн. Би өөрөө тэжээж бордож гаргасан юм гэлээ. Бид нарт ийм мах бэлтгэж өгөөч гээд. Тэгээд л энэ бизнес маань эхэлсэн. 2009 онд албан ёсоор “Xanadu Razorback” компани байгуулсан. Махаа нийслэлд дэлгүүрт борлуулж байлаа. Намар идэшний үеэр зарим хүмүүс манайд мах захиалж эхэлсэн. Ингээд л явсан даа. 

-Манай Булганд хүмүүс очиж амьдрахаар хөөж туудаг гэх шүүмжлэл гарсан. Танд тийм гомдмоор зүйл тохиолдож байсан уу? 

-Булганыхныг анхдагчид гэж ярьдаг. Би анхны үхэрийн ферм Булганд нээсэн. Хамгийн анхны гуяны стейк бас Булганаас манай компаниас зах зээлд нэвтэрсэн. 

-Та шогийн мэдрэмж өндөртэй хүн юм.

-Анхдагчийн сайн төрлийг нэмсэн байгаа биз дээ. (инээв)

-Танайх бүтээгдэхүүнээ газар дээрээс нь зардаг уу. Нэрийн дэлгүүртэй юу? 

-Байхгүй. Шууд хот руу. Манай үйлдвэрээс хүмүүс ирж авдаг. Гэхдээ яг нэрийн дэлгүүр бол одоогоор байхгүй. 

-Улаанбаатарт нээгдвэл гоё юм даа? 

-Харин тийм ээ. 

-Бэлчээрийн даанц гэж том сэдэв харанга дэлдэж байгаа. Энэ талаар та юу бодож явдаг бол? 

-Бэлчээрийн асуудал хүндэрсэн нь үнэн. Ирээдүйд аюултай байдалд орохыг үгүйсгэхгүй. Даац үнэхээр хэтэрсэн байна. Монголд олон сая мал байна.

Төллөдөггүй, сувай мал ихтэй. Тэр малыг бэлчээрээс татаад фермд оруулбал бэлчээрийн даацыг тэр хэмжээгээр хөнгөлнө гэсэн үг. Би энэ талаар өмнө нь ч ярьж байсан. Ийм аж ахуй олон байгуулж байж бэлчээр сэргэнэ.

-Энэ үйлдвэрийг, энэ брэндийг босгож ирэхэд судалгаанаас эхлээд маш олон жил зориулсан байх. 

-Тийм. Энэ зүгээр өнөөдөр эхлээд маргааш нь амжилтанд хүрдэг ажил биш л дээ. Дор хаяж таван жил хэрэгтэй. Тийм учраас энэ бизнест орох сонирхолтой хүмүүс тэрийг ойлгох хэрэгтэй. 

-Мөрөөдөл маргааш биелдэг юм биш. Маш их тэвчээр хатуужил хэрэгтэй. Ялангуяа манайх тэр чигтээ нүүдлийн мал аж ахуйтай байгаа. Бэлчээр нь асуудалд ороод байна. 

-Бэлчээр үнэхээр маш том асуудалтай байна. 

-Ялангуяа танай тэнд бэлчээр тариалан хоёр бие биетэйгээ зөрчилд ордог. 

-Гэхдээ тэр нь нэг давуу талтай. Яагаад гэвэл тариан талбай руу малчид малаа оруулдаг. Тэгэхээр тэр талбайн эргэн тойронд өвс ургах чадвар байна. Зүгээр бэлчээрийн талбай байвал өвөл зунгүй бэлчээр дээр мал бэлчиж, бэлчээрийн даац хэтэрч аймаар доройтож байна. 

-Тариалангийн талбай руу мал идэх юм элбэг гэж үү? 

-Тийм. Тийм учраас тариагаа тарихаар талбайн эргэн тойронд малыг холдуулаад л. Тариагаа хурааж авсны дараа буцаад мал оруулдаг. Тэр их зөв. 

-Намайг Тэшигт явж байхад ургаж байгаа тариа руу хашааг нь хайчлаад мал оруулчихсан байсан. Хорлонтой муухай санагдсан. 

-Хүмүүс бие биенийхээ хөдөлмөрийг үнэлэх ёстой. Тэгж байж бүх юм хөгжинө. Энэ л нөгөө бизнест хандах хандлага, соёлын асуудал шүү дээ.

-Та яагаад анх мал аж ахуйн бизнес хийе гэж бодсон юм бэ. Өөр юм хийж болох байсан уу? 

-Би өөрөө ч яг ийшээ орно гэж бодоогүй. Гэхдээ канадад үхрийн ферм дээр өссөн болохоор малын тухай мэдэж байсан. Хавар дандаа мал туранхай, шинэ мах иддэггүй. Би өөрийнхөө хэмжээнд мах бэлдэе гэж бодоод малчнаас хаврын гурван тугал авч тэжээсэн. Тэгээд л хотоос найзууд ирж идэж үзээд хаанаас энэ гоё махыг авсан бэ гэж асуусан. Би өөрөө үхэр тэжээгээд, эндээ өөрсдөө гаргасан гэсэн. 

-Та канадаас бас тусгай үүлдрийн үхэр авчирсан уу 

-Үгүй. Жинхэнэ цэвэр монгол үхэр үнэхээр чанартай. Маш гоё. 

Монгол бэлчээрийн онцлог нь 350 төрлийн эмийн ургамалын нөөцтэй байсан юм билээ. Тэрийг мал иддэг, маханд нь шингээд эрүүл гоё амттай болдог.

Гэвч бэлчээрийн асуудал үүсээд удаж байна. Ер нь монголд хамгийн дээд тал нь 30 сая толгой мал л зохистой юм билээ. Одоо бол энэ тоог нугалчихсан. Тэгэхээр яах аргагүй бэлчээр даахгүй. Чанар нь дагаад муудна. Жил жилээр малын амьдын жин жижиг болоод давжаарна.

-Та давжаарах гэх мэт үгсийг хүртэл их сайн мэдэх юм аа. 

-Мэднэ. 

-Энэ өвөл их хатуу өвөл байлаа. Хутаг-Өндөр өвөлжилт ямар байв даа? 

-Маш гоё өвөл болсон. Цас багатай, харьцангуй дулаахан. Нэгдүгээр сард хүйтрээд, жаахан чанга байсан. Гэхдээ манай сумынхан таатай сайхан өвөлжсөн. Азтай. 

-Та Тэшиг рүү очдог л байх. Зундаа хаагуур амарч байна. Монголоор аялдаг уу. Нутаг руугаа явдаг уу?

-Монголд аялдаг. Гадагшаа бас явна. Зун их явахгүй, өвөл явдаг.

-Монголд очих дуртай газар нь хаана вэ? 

-Бүх газар л сайхан. Зүүн тал руу явсан. Одоо баруун аймгууд руу явж үзмээр байна. Гадагшаа бол Тайланд явах дуртай. 

-Одоо таны эцэг эх канадад байгаа юу? 

-Тэд нар байхгүй. 

-Танай хүүхдүүдийн монгол хэл яг таных шиг сайн уу? 

-Өө, надаас дээр. Хамаагүй илүү. Ялангуяа манай хүү. Яг монгол хүн шиг ярьдаг. Одоо америкийн их сургуульд онлайн програмаар суралцаж байгаа. Энэ жил гуравдугаар курс болсон. 

-Америктаа яагаад очиж сурахгүй байгаа юм бэ? 

-Тэнд очоод зардал их өндөр. Америкийн соёл хэцүү байна гэсэн. Бас монголд дассан.

-Наадам ойртож байна. Та наадамд дуртай юу? 

-Дуртай. Ялангуяа хурдан моринд дуртай. 

-Найзууд чинь морь уядаг биз дээ? 

-Тийм. Морь уядаг. 

-Манай Булган аймаг алдартай газар мөртлөө өрсөлдөх чадвараар муу гэж шүүмжлүүлдэг. Сүүлийн жилүүдэд сөрөг хүчний засаг даргатай байлаа. Сонгогдсон гишүүд нь МАН-ынх. Засаг дарга дээрээ дэмжлэг жаахан тааруу ажилласан болов уу. Та Б.Ариун-Эрдэнийг таних уу? 

-Танилгүй яахав. 

-Нэг их намчирхдаг хүн биш байх. 

-Биш. Тийм мэдээлэл огт сонсож байгаагүй. 

-Орон нутагт ажиллаж амьдарч байхад гай болдог хуулиуд зөндөө байдаг байх. Энэ талаар та юу хэлмээр байна? 

-Газрын асуудал аймаар хүнд. Газар өгөх дургүй. Газар дээр л үйлдвэр ч юм уу, ямар нэг үйл ажиллагаа явуулдаг. Бид нар агаарт амьдарч чадахгүй. Тийм учраас ямар нэг юм хийж хөгжүүлэхийн тулд газрын тухай хууль тодорхой байх ёстой. Их хүнд. Газар авмаар байх юм бол хүсэлт өгнө. Гэвч 2025 оноос наана авах боломжгүй. Тэгэхээр ямар нэг үйлдвэр эхлэхийн тулд 1-2 жил хүлээж чадахгүй. Тэгээд л хүмүүс яваад өгдөг. Тэр буруу. Шийдвэр нь гарах гэж маш их уддаг. Гадаадын хөрөнгө оруулагчид тийм удаан хугацаанд хүлээнэ гэж байхгүй л дээ.

-Танай Хутаг-Өндөрийнхөн хадуураар өвсөө өөрсдөө хаддаг уу? 

-Ганц хоёр л айлууд байна. Ихэвчлэн жижиг трактороор хадна. Хадлан их авч байгаа. Өвс бараг худалдаж авдаггүй. Манайхаас хадлан бэлтгэдэг газар их байна. Бас л бизнес. 

-Та эмийн ургамал, ногоон ургамал тариалдаг уу. Тийм газар олж авбал зүгээр юм биш үү? 

-Уг нь зүгээр л дээ. Би сүүлийн 3, 4 жил малчидтай болон засаг захиргааны хүмүүстэйгээ дандаа бэлчээрээ та нар сайн хамгаалаарай. Эс тэгвэл мал аж ахуйн салбар байхгүй болно шүү гэдгийг хэлж ярьж байгаа. Монгол махны экспорт хийх санаатай байгаа. Энэ бол тал талаас нь анхаарч авч явах ажил шүү дээ. 

-Та загасчилдаг уу? 

-Үгүй, загас идэхгүй. 

-Манай монголын загас амттай шүү дээ? 

-Манай эхнэр дуртай. Би дургүй. 

-Манай улс төрийн сонгуулийг та сонирхдоггүй биз дээ? 

-Уг нь сонирхдог. Гэхдээ би сонгууль өгч чадахгүй. Тийм эрх байхгүй. Зөв хүмүүсийг сонгох ёстой. Тэгж байж юм илүү сайн, гол нь эрүүл саруулаар явдаг. 

-Булган аймгийн өрсөлдөх чадварыг сайжруулахын тулд юу хийвэл тохиромжтой гэж харагддаг вэ. Бүс нутгийн хувьд. Энэ тойрогт ямар үйлдвэр нэмэгдээсэй гэж та хүсэж байна? 

-Зөндөө юм байна. Жишээ нь, ноосоор бордоо хийж байгаа ноосоор. Тэрийг хөгжүүлэх хэрэгтэй. Ноосоор хөрсний бордоо хийж байгаа. Арьс боловсруулж цүнх гэх мэт янз бүрийн юм хийж болно. Арьсаа хаяаад л байна. 

-Надад цаг гаргасан танд баярлалаа. Ажилд нь амжилт хүсье. 

-Танай хамт олонд мөн амжилт хүсье.


Ctrl
Enter
Гомдол хэрхэн мэдүүлэх вэ?
Холбоотой текстийг идэвхжүүлэн Ctrl+Enter дарна уу.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл (0)

Foto
Б.Ганчимэг

Б.Ганчимэг
Б.Ганчимэг
Б.Бямбасүрэн
Б.Бямбасүрэн
Б.Алтанхуяг
Б.Алтанхуяг
А.Доржханд
А.Доржханд
О.Нинж
О.Нинж
П.Соёлдэлгэр
П.Соёлдэлгэр
А.Банзрагчгарав
А.Банзрагчгарав