Харуусал яах вэ? нэгэн цагийн сэтгэл.
Харин хийж бүтээж, үлдээж чадсан оюун санаа бол
мөнхийн суу алдар. 

П.Батхуяг

МЭРГЭЖЛИЙГ БУС МӨРӨӨДЛИЙГ СОНГОВ

Соёлын төв өргөөний гэрэл муутай, урт хонгилоор алхаж явсаар хоёр давхарт гарвал хуучны байгууламжийн том шар хаалганд тулж зогслоо. “Орфей” театрын хамт олон ээлжит бүтээл болох Үй Хуагийн “Амьдрахуй” зохиолоос сэдэвлэсэн  драмын жүжгээ үзэгчдэд хүргэхээр төслийн ажлаа ярилцаж байна. Өмнө нь тэд Жорж Оруэллийн “1984” романаас сэдэвлэсэн ижил нэрт постдрамын жүжгээ үзэгчдэд хүргэсэн билээ. 

Өрөөнд ортол найруулагч М.Батболд, “Орфей” театрын захирал Т.Ариунчимэг нар шинэхэн жүжгийнхээ дүрд тоглох жүжигчидтэй ээлжит уулзалтаа хийж сууна. Удахгүй тайзнаа тавигдах жүжгийнхээ талаар “Энэ удаад бид дорнын философийг үзэгчдэд хүргэнэ. Амьдрах гэдэг маань ер юу гэсэн үг билээ. Хүний оршихуй гэдэг хүлцэхүй юм байна шүү дээ” хэмээлцэнэ. 

Ингээд би театрын захиралтай цаг товлосноо сануулж, бид ярилцлагын ширээний ард суулаа. 

Сурагч байхдаа тэрбээр “Монголын Хүүхдийн Ордон”-ы драмын дугуйланд Ж.Амарзаяа багшийнхаа удирдлагад суралцдаг байжээ. Энэ үед өөртөө “Заавал жүжигчин болно” гэх гурван үгийг шивнэж, балчир жаахан охин өдөр бүр хичээх болов. Түүнийг урлагт хайртай болоход дуу хөгжим, мөн аав нь нөлөөлжээ. Харин хүүхдийн ордон руу гараас нь хөтөлж очсон хүн бол ээж нь байв. Мөрөөдөл амьдралыг утга учиртай болгодог. Ихэнх хүмүүс мөрөөдлийнхөө ажлыг хийж чаддаггүй ч хэзээд мөнөөх хүслээ дотроо тээсээр явдаг. Тэр бас адилхан. Ахлах ангид ороод тоо, физикийн хичээлд дурлаж программист болоё гэж шийдсэн боловч төгсөх үедээ биотехнологи хэмээх цоо шинэхэн мэргэжлийг эзэмших шийдвэр гаргажээ. Гэвч тухайн үед монголд шинжлэх ухааныг идэвхийлэн дэмждэггүй байсан учраас сургуулиа төгссөн боловч мэргэжлээрээ ажиллаж чадаагүй байна. Ийнхүү 2016 онд СУИС-ийн Театрын урлагийн сургуулийг “Хөгжимт театрын жүжигчин” мэргэжлээр дүүргэж, үргэлжлүүлэн “Урлаг судлаач” мэргэжлээр магистрын зэрэг хамгаалав. Учир нь жүжигчнээр суралцахын өмнө телевизэд хөтлөгчөөр ажиллаж байх үедээ Төрийн шагналт Д.Сособарамын “To Be or not To Beшоуны шилдэг оролцогчдыг хамруулж, найруулан тавьсан Айн Рэндийн “Төгс” нэртэй драмын жүжигт дүр бүтээх завшаан тохиосон юм. 

Энэ үед л түүний бага насны мөрөөдөл дотор нь эргэн амилж, жүжигчин болохгүй л бол амьдрал ямар ч утгагүй, гансралын далайд хөвөх өнчин завь мэт төсөөлөгдөж эхлэв. Тэр бол Т.Ариунчимэгийн хувьд урсгал даган алхах, эсвээс сөрөн тэмцэх сонголтын өмнө зогсож асан эргэлтийн цэг байлаа. Ингээд л тэр урлагийн замыг сонгосон юм. 

ТЕАТРЫН ТАЙЗ АРДЧИЛАГДАВ

Өдгөөгөөс яг гурван жилийн өмнөх арваннэгдүгээр сарын 25-ны өдрийн цас бургинасан, жавар хулдсан үдшээр Монголын театрын урлагт Ф.М.Достоевскийн “Гэм зэм” романаас сэдэвлэсэн ижил нэрт постдрамын жүжиг нээлтээ хийж үзэгчдийн дунд дуулиан дэгдээв. Театрын үзэгчид жүжиг үзэхийн тулд Улсын Драмын Эрдмийн театрыг зорьж, хавар, намар цагийн нээлтийг хүлээж, зөвхөн тус ягаан барилга дотор л жүжгийн тайз, жүжигчид байдаг гэх ойлголтоос хагацав. Тэд өөр теарт, онхи өөр тайз, өөр сонголт, найруулагчийн тэс өөр шийдэл, нүсэр багийн нягт хамтын ажиллагаатай нүүр тулсан билээ.

Түүнээс өмнө найруулагч С.Мягмарын “Black Box” хэмээх лабратори театр болоод орон нутгийн театрууд л хувийн тайзны орон зайг дангаар эзэлдэг байв. Гэхдээ жилд ганц, нэгхэн жүжиг тавихаас хэтрэхгүй. Тэдгээр нь ихэвчлэн уламжлалт арга барил, найруулагчийн нэгэн хэвийн шийдэлтэй байсан нь гарцаагүй үнэн. Ийм гарцаагүй үнэний өмнө театрын урлаг ухарсаар байв. Харин “Орфей” театр ийнхүү үүсгэн байгуулагдаж “Гэм зэм” жүжгээр нээлтээ хийснээс хойш монголд хувийн театрууд олноор бий болсон. “Bee”, “Про”, “Монгол”, “Эрт урьдын цагт” зэрэг театрууд бий болж, зарим хошин шогийн продакшнууд хүртэл тайзны уран бүтээлд хүч сорьцгоох болов. Ингэж театрын тайз ардчилагдав, өрсөлдөөн нэмэгдэв. Үзэгчдээр хэдий нь тасраагүй боловч ямар өрсөлдөөнгүй театр гэдэг эль хуль, хуучин арга барилтай сэтгэлгээг бусдын тархинд чихэж, түүндээ үнэмшүүлэх үхмэл, хоосон сүмээс ялгаагүй. Яг тэр заагт “Фауст”, “Гэм зэм” жүжгүүд тайзнаа төрж, үзэгчид гайхширалд орсон юм. 

Үүнд нэр дурдагдах гавьяатай нэгэн бол Төмөрсүхийн Ариунчимэг. Дээрх хоёр жүжгийн продюсераар ажилласан эрхэм. Түүнийг зөвхөн “Орфей” театрын захирал, үүсгэн байгуулагч гэж харах аргагүй. Учир нь тайз зөвхөн дан ганц найруулагчийнх бус олон арван хүний хамтын ажиллагааны үрд дүнд бүтдэг агаад зөвхөн шилмэл, далайцтай бүтээлүүдийг нийтэд хүртээх нь урлагийн үнэ цэнийг өсгөж байдаг гэдгийг ойлгуулахаар зорьж буй нөлөө бүхий продюсер, мөн чамгүй сайн жүжигчин. 

“2021 онд театрын үзэгчид УДЭТ-ын тайзнаас л сонгодог, түүхэн зэрэг уламжлалт хэв маяг бүхий бүтээлүүдийг хүлээн авдаг байсан. Ийм ч учраас зохиолын сонголт, цар хүрээнээс гадна хүртээмжийн хувьд одоогийнхоос хавьгүй гачигдмал, хавчиг байсан. Гэхдээ зөвхөн театрын тухайд бус үзэгчид болоод зах зээлийн хүрээнд хэлж байгаа юм. Тэгээд ч судлаачид “Монголын театрын урлаг дэлхийгээс 100 жилээр хоцорчээ” гэж шүүмжилсэн удаатай шүү дээ. Тиймээс л хувийн театраа байгуулж, илүү өргөн, далайцтай, томоохон хэмжээний зохиолуудыг үзэгчдэд жүжиг болгон хүргэхээр зориглосон. Үүнийг том зургаар нь харвал монголын театр дэлхийн жишигт дөхөж очих хэмжээний бүтээлийг найруулан тавьж буй гэдгийг бусад нь мэдэх болов гэдэг итгэл дотор минь төрсөн юм. Харин онцлогын хувьд бол постдрам буюу нэн шинэ үеийн театр гэсэн утгатай. Энэ нь театрын уламжлалт болон шинэ урсгалыг хооронд нь уялдуулсан илүү уян хатан хэлбэр, шинж, өргөн цар хүргээр хамарсан театр гэж ойлгож болно”.

Ийнхүү Орфей театр үүсгэн байгуулагдах болсон эхлэлийг “Гэм зэм” романыг жүжиг болгохоор зэхэж буй тухай яриа чих дэлссэн тэр өдөртэй холбож болох юм. Хүн зон хөлхөхдөх нь цөөхөн Улаанбаатарын нэгээн чөлөөнд Ф.М.Достоевскийн романыг жүжгийн хэлбэрт хувилгахаар зориглосон зохиолч тийнхүү яриа үүсгэхэд нь “Урлаг Монголд хөгжихийн төлөө” хэмээлцээд салсан билээ. Дараа нь жүжгийн тайзан дээрээс яг одоо өмнө минь буй зочноо мөрдөгч Порфирий Петровичийн хувилбар дүрд тоглож байхыг харав. 

Тэр дүрээ хэрхэн ойлгож, буцаагаад яахин гаргах талаар үргэлжид бодож, судалгаа хийж, өмнө нь ажиллаж байсан жүжигчнээс юугаараа өөр байх вэ гэдэгтээ тулгуурлаж бэлтгэлээ хийнэ. Үүнээс гадна театрыг удирдан авч явах томоохон үүрэг, сорилт түүний урд байлаа. Харин тэр уг сорилттой нүүр тулгарахдаа өөрийгөө хэчнээн “шуналтай” хүн болохыг мэдэрсэн байна. Гэхдээ буруу шунал хүнийг эвдэж, мөрөөдлийг үгүйрүүлдэг бол түүнийх уран бүтээлийн шунал байсан юм. Тийм шуналаар тэр өөрийгөө ирлэж, хурцалдаг. Иймдээ ч өдгөө театрын захирлын албаас гадна продюсер, жүжигчний мэргэжлийг хослуулан бардам, өөдрөг, өөртөө итгэлтэй алхаж явна. 

“Театр бол бие даасан байгууллага. Манай уран бүтээлчид бүгд мэргэжлийнх. Гэвч олон уран бүтээлчдийг нэг гарт төвлөрүүлж, хамтын бүтээл хийхэд асар олон бэрхшээлтэй нүүр тулна. Харин тэдгээрийн би уран бүтээлчийн, уран бүтээлийн шуналаар давж гардаг”. 

ҮНЭРТЭЙ УСНЫ САВ БА ГЛОРИЯ

“Орфей” театрын өөр нэг уран бүтээл бол Жон Патрикийн “Everybody Lovesжүжгийг “Опал” нэртэйгээр тайзнаа толилуулсан явдал. Тус жүжигт театрын захирал энэ удаад продюсер бус жүжигчний хувиар ажиллав. Тэрээр жүжгийн голлох дүрүүдийн нэг болох Глория Гулокт тоглосон билээ. Мэдээж тун хүнд даваа. Учир нь театрын голлох захирал, продюсер дүр бүтээнэ гэдэг нь тус төсөл нурж магадгүй нэг шалтгаан бий. "Хоёр туулай хөөсөн хүн хоосон хоцорно" гэж бид хэлэлцдэг шүү дээ. Түүнд дахин нэг шийдвэр гаргах мөч ирлээ. Ерөөс багын мөрөөдлөө, өөртөө өгсөн гурван үгтэй амлалтаа биелүүлж яваа жүжигчний хувьд ч, монголын хамгийн олон үзэгчтэй хувийн театрын удирдах албан тушаалтны зүгээс ч тэр үргэлж л олон сонголтын дунд цахилж явна. 

Тэр дүрд тоглохоор болж “Опал” жүжигт продюсер Ж.Энхзаяа ажиллав. Глория бол амьдралын хатуу, хөтүүг үзсэн эмэгтэйн дүр. Үнэртэй усны сав авах гэж яваад сүүлд нь Опалын амь насыг бүрэлгэж, даатгалын мөнгийг нь авахаар санаархах гурван дээрэмчний нэг. Гэхдээ тэр хайрыг огтоос мэдрээгүй. Тиймээс Опал буюу гол дүрийн эмэгтэйтэй учирснаар хайрыг ойлгож, ээжийн хайр хэмээх нь юу болохыг мэдэрдэг. Эцэст нь дотоод мөн чанараараа өөрчлөгдөх боловч хэзээ ч хувиршгүй аргамжаанд бөхлүүлснээ ойлгосон эмэгтэй. Ерөөс шулуухан хэлэхэд Глория бол биеэ үнэлэгч. Гэхдээ “Гэм зэм”-ийн Сонятай харьцуулахаар “ариун биеэ үнэлэгч”-ийн бэлгэдэлт дүр биш. Харин ч эсрэгээрээ мэт санагдана. Гэвч дүрийн өсөлт нь мөнөөхөн хайр сэтгэлийн хүчнээс үүдэлтэйгээр түүний доторх эмэгтэй хүний нинжин, өрөвч цайлган, адармаат хувь тавиланг алгуурхнаар цогцлоож өгнө. Т.Ариунчимэг Глориягийн дүрд бүрэн дүүрэн уусаж, хэтэрхий гүнзгий орсонгүй. Тэр үзэгчдэд дүрийн шаналалт баяр баясгаланг зөвхөн үзүүлж байсан нь нөхөөстэй бамбарууш тэврэн сууж буй бяцхан хэсгээс л илт харагдана. Энэ тун зөв гэдгийг хэлэх хэрэгтэй. Учир нь театрын онолч Брехт жүжигчин хүн дүрдээ бүрэн хувирхаас татгалзаж түүнийг үзэгчдэд харуулах л үүрэгтэй тухай цохон тэмдэглэсэн байдаг. 

“Орчин үед жүжигчдийг алиалагч, нэг муу алиа салбадай гэж шүүжлэх болсон. Үүнд миний сэтгэл хамгийн ихээр өвддөг. Би Глориягийн дүрд тоглохын тулд жүжгийн судалгаа хийж, Жон Патрикийн өөр олон бүтээлүүдийг уншсан. Амьдралын хатууг туулсан ч өөрийнх нь дотоод ертөнцөөс илт урган биежих хайр, өрөвч нимгэн атал биеэ үнэлэгч эмэгтэй дүрийг бүтээхэд ахин дахин суралцах, өмнө бүтээсэн бүх дүрүүдээ таягдан хаяж, шинээр төрөх шаардлагатай болсон. Гэхдээ өөрийнхөө тухайд яримааргүй байна. Ерөнхий утгаар нь хэлэхэд жүжигчин хүн маш олон мэдлэгийг өөртөө шингээж байж жүжигчин болдог. Дан ганц авьяастай байгаад хангалтгүй. Авьяасыг ухаанаар тэтгэнэ”. 

“Амьдрал бол жүжиг” хэмээх үгийг Уильяам Шекспир хэлсэн. Харин Т.Ариунчимэг амьдралд продюсер, “Орфей” театрын захирал, бас ээж хүний дүрийг бүтээж яваа. Гэтэл аливаа нэг уран бүтээлд тэдгээр дүрүүдийг таягдан хаяж, зөвхөн бүтээлийн дүрдээ тоглох хэрэгцээтэй нүүр тулна. Ийм үед түүнд цоо шинэ театрын амьдралыг найруулагч бэлдэж өгнө. Цоо шинэ ертөнц, магадгүй цоо шинэ амьдрал. 

Анхандаа үнэртэй усны сав авахаар элдэвлэж яваа эмэгтэйн дүр түүнд сайхан сэтгэгдэл төрүүлэх боловч жүжиг өөр ертөнц рүү харайлгаад эхлэхээр туршлага дутаж, юм бүхэн хэцүү санагджээ. Амьдралын хар бараан бүхнийг үзчихсэн хүний харилцаа, хандлагыг нээж харуулахад бэрхтэй байв. Иймээс тэр өөрийгөө эвдэх шаардлагатай болсон. Өөрийгөө эвдэж байж, буцаагаад эвлүүлэхэд тайзан дээр Т.Ариунчимэг бус зөвхөн Глория Гулок зогсож байлаа.

ХУВЬ ТАВИЛАНГИЙН ХАМТРАГЧ

Тайзны урлаг маш хатуу зарчимтай. Хэрвээ чи сайн байж чадахгүй бол үүдээр нь буцаад л гарна. Тэнд сайн найзууд байх хэдий ч төгс хамтрагчид, хувь тавилангийн ачааг ямар ч цаг үед туулаад гарах эр зоригтнууд ховор. Театрын гол амин сүнс нь захирал, жүжигчид бус ерөнхий найруулагч. Түүний арга барил л тухайн театрын өнгө төрх, уран бүтээлийн үнэ цэнийг тодорхойлдог. 

Т.Ариунчимэг ийм л хувь тавилангийн хамтрагч, эр зоригтонг олж авсан найруулагч М.Батболд байлаа. Тэд анх кино төслийн ажлаар холбогдож, гар сунган танилцжээ. Өдгөө ямар төсөл байсныг нь ч бараг санадаггүй гэх. Харин танилцаад удалгүй юу ярьснаа сайн мэднэ. Тэдний ярианы сэдэв постдрам театрын тухай байлаа. 

Ийнхүү найруулагч, жүжигчин болох мөрөөдөлтэй продюсер хоёр өөрсдийн хүсэл зорилго нэг зам дээр бийг сэхээрчээ. Ингээд “Фауст” жүжгийг тавихаар баг бүрдүүлж, хамтран зүтгэх шийдвэр гаргав. Үүнээс хойш өдгөө хүртэл таван ч уран бүтээлийн ард цугтаа гарчихсан, цааш мөн хамт алхаж явна. Олон бэрхшээл, олон том сорилт тэдэнд тулгарсан нь гарцаагүй. 

“Найруулагч бид хоёр ихэвчлэн зөвлөлддөг. Заримдаа зөрчилдөнө. Тэр нь жүжгийн найруулга, тайз, хувцас, дүрүүдийн сонголт гээд олон юм бий. Ивээн тэтгэгч, санхүүгийн асуудал гээд хэзээд л зөрчилдөх тохиол гардаг. Гэвч хамгийн чухал нь бидний үзэл санааны үнэт зүйлс, алсын зорилго ямагт нэг байдаг. Гэхдээ хоорондоо зөрчилдөхөөс илүүтэй санаа нийлсэн, нэгнээ дэмжсэн, зоригжуулсан мөчүүд бидэнд дэндүү олон. М.Батболд бол зоригтой найруулагч. Учир нь тэр шинийг, далайцтай уран бүтээлийг барьж авахаас хэцүү ч айдаггүй”. 

“Орфей” театр өдгөө “Гэм зэм”, “Опал”, “Шөнө дундын бүжиг”, “1984” зэрэг болоод “Мэлхий гүнж” хүүхдийн жүжгийг үзэгчдэд толилуулжээ. Харин яг одоо “Амьдрахуй” драмын жүжгийг тайзнаа толилуулахаар ажиллаж байна. Энэ бүхэн дээр найруулагч М.Батболд түүнтэй хамт байв. Хувь тавилангийн хамтрагчийг олох тун ярвигтай хэрэг. Бид бүгд өөр өөрийн үзэл бодолтой, харах өнцөгтэй. Харин магадгүй театрын төлөө зүрх сэтгэлтэй уран бүтээлчид, үзэгчид бүгд сайн хамтрагчид байж мэдэх юм. Яг л тэдэн шиг...

МЯНГА ЕСӨН ЗУУН НАЯН ДӨРӨВ ДЭЭРХ УЧРАЛ

“Театр бол шинийг санаачлагч, туршигч байх хэрэгтэй. Орфей бол энэ утгаараа бүтээлч театр мөн. Бид уран бүтээл болгоноо өндөр түвшинд хийхийг зорьдог. Театрын урлагт тодорхой хэмжээний өөрчлөлт, хөгжлийг бий болгосон гэж боддог. Үзэгчдэд танин мэдэхүй, боловсрол олгосон, ухаарал, мэдрэмж, таашаал төрүүлж, эерэг нөлөө үзүүлээсэй гэж хүсдэг”. 

Ээлжит уран бүтээл болох Жорж Оруэллийн бүх цаг үеийн алдарт романаас сэдэвлэсэн “1984” постдрамын жүжгээ үзэгчдэд хүргэхээр суугаа эрч хүчтэй захиралтай уулзахад ийнхүү хэлж байв. Шинийг санаачлагч, нийгэмд нөлөө үзүүлэх, тиймдээ ч тэд уг зохиолыг барьж авчээ. 

Гэхдээ театрын хувьд энэ зарчимч хатагтай зөвхөн ашиг орлогыг нэгдүгээрт ямагт тавьдаггүй. Урлаг нийгмийн соён гэгээрүүлэх үүрэг хүлээдэг тухай ам уралдан ярьцгаадаг. Тэгвэл “Гэм зэм” болон “1984” жүжгүүдийн үеэр тэрээр оюутан залуусын оюуны боловсролд хөрөнгө оруулахын тулд “IStudent”хөтөлбөрийг хэрэгжүүлсэн юм. 

“Бид жүжгүүдээ залуу үеийнхнийг үзээсэй гэж хүссэн. Тиймдээ ч “Гэм зэм” жүжгийн үеэр тасалбарын үнийг 50 мянга болгосон. Мөн “Гэм зэм” болон “1984” жүжгийн үеэр “IStudent” хөтөлбөрийг хэрэгжүүлсэн. Энэ нь жүжиг үзэх, манай уг төсөлд хамрагдах хүсэлтэй оюутнууд театр луу холбогдож, бүртгүүлснээр “IStudentхорин мянган төгрөгөөр худалдаж авах юм. Мэдээж тухайн жүжгийн тасалбар хэд байхаас хамаарч үнэ нь хэлбэлзэнэ. Тэгээд картаа үзүүлээд орох боломжтой. Харин тэдгээрээс гадна үлдэж буй үнийн дүнгийн 70 хувийг Аж ахуйн нэгж болон амжилттай яваа бизнес эрхлэгчид, Боловсрол болон Соёлын яамыг дэмжин шийдвэрлэж өгөөчээ гэж хүссэн. Гэхдээ нь зөвхөн залуусыг жүжиг үзүүлэхээс гадна тухайн оюутнуудаас жүжгийн талаарх сэтгэгдлүүдийг нь сорилтоор авч түүнийгээ “Социалогийн Үндэсний төв”, “Сэтгэл Судлалын Үндэсний” төвтэй хамтран хийх юм. Үүний үрд дүнд урлаг бидэнд хэрэгтэй юу гэж асуултад ямар нэгэн хэмжээгээр тодорхой хариулт авна шүү дээ”. 

Уг ажил бол томоохон стратеги мөн. Театр зөвхөн жүжиг үзүүлэх, уран бүтээлчдийн цалинг олгох, үзэгчдээсээ мөнгө авдаг байх хангалтгүй гэх байр суурийг илэрхийлсний нэг л өнцөг нь энэ. 

Т.Ариунчимэг захирал зохиолын ноорог, төслийн боловсруулалт, жүжгийн дүрүүд, ивээн тэтгэгчдийн нэрсийн жагсаалт гээд олон бичиг цаас хөглөрсөн ширээний дундаас огло харайх шахуу босон ирж, инээмсэглэл цацруулан уулзаж билээ. Тэр ерөөс ажил нь бүтэхгүй бухимдаж, дотооддоо шаналах бүртээ хэсэг зуур ч чимээгүйхэн, элдвийг бодон гөлөрнө. Тэгээд л цэлмээд ирчихнэ. Энэ нь түүний инээмсэглэл, эрч хүчтэй хөдөлгөөнөөс харагдана. Аливаа зүйл дээр сөхөрч унаад, арагш шаналж хэвтвэл ямар уран бүтээлч, ямархан удирдагч болж хувирах билээ. Харин түүнд тийм чанар үгүй. Эхэлсэн бол дуусгаж, эхлүүлсэн бол ард нь гарах ёстой гэх хатуу зарчимтай. 

1984 жүжиг хэдийгээр анх төсөөлсөн шиг амжилт олж, хувийн театрыг хэдэн жил жүжиг тавих мөнгөөр орлогыг нь нэмэгдүүлээгүй ч тэр алдсан, оносноо хэмжин дотроо шаналж үлдсэнгүй. Хэдий нь дахин сэргэлтийг олж дараагийн уран бүтээлээрээ үзэгчдэд шинэ бэлэг барих гэж байна. 

Театрын урлагийн хөгжүүлэхийн төлөө зорьж, театрын тайзыг өөрчлөхийг хүссэн тэмүүлэл нь түүнийг энд хүргэсэн. Өөрчилж чадсан томоохон амжилтуудыг үзүүлсэн. Энэ нь үнэхээр бахдам амжилт мөн хэдий ч төгс ялалт биш. Гол нь театр ямар зарчмаар ажилладаг, эрс шинэчлэлт хийхгүй л бол урлагийн ямар ч салбар сэтгэлгээний мухардалд ордог гэдгийг тэд харуулсан нь гол ололт юм. Эцэст нь гаргасан үр дүн өөрөө тэдгээрийн сайн, мууг дэнсэлнэ. 

Ctrl
Enter
Гомдол хэрхэн мэдүүлэх вэ?
Холбоотой текстийг идэвхжүүлэн Ctrl+Enter дарна уу.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл (0)

Foto
Б.Алтанхуяг

Б.Ганчимэг
Б.Ганчимэг
Б.Бямбасүрэн
Б.Бямбасүрэн
Б.Алтанхуяг
Б.Алтанхуяг
А.Доржханд
А.Доржханд
О.Нинж
О.Нинж
П.Соёлдэлгэр
П.Соёлдэлгэр
А.Банзрагчгарав
А.Банзрагчгарав