АШУҮИС-ийн Эх барих эмэгтэйчүүдийн тэнхимийн багш, АУ-ны доктор, эх барих эмэгтэйчүүдийн ахлах зэрэгтэй эмч Ш.Алтантуяатай ярилцлаа. Тэрбээр Монголд анх удаа жирэмсний эхний гурван сард ургийн зүрхний хүнд гажгийг илрүүлэх судалгааг амжилттай хийжээ. Гурван сартай ургийн биеийн урт дунджаар 6 см, зүрх нь 4 мм хэмжээтэй байдаг байна. Тийм бага хэмжээтэй зүрхний бүтцийг тодорхойлж, гажиг байгаа эсэхийг илрүүлж байгаа нь манай анагаах ухааны салбарын хөгжил зогсчихоогүйг батлах шиг...   

 -Жирэмсний эхний гурван сард ургийн зүрхний хүнд гажгийг илрүүлсэн судалгаа Монголд урьд өмнө нь хийгдэж байгаагүй гэсэн. Та яагаад энэ сэдвийг сонгох болсон юм бэ. Урьд өмнө нь судлагдаагүй гэхээр энэ тийм ховор тохиолддог гажиг юм уу?

-Сүүлийн 10 жилд дэлхийн өндөр хөгжилтэй орнуудад жирэмсний эхний гурван сард ургийн бүх төрлийн хүнд гажгийг илрүүлэх судалгаанууд эрчимтэй хийгдэж байна. 2013 онд Австри улсад олон улсын хуралд оролцож байхад Италийн эрдэмтэн жирэмсний эхний гурван сард ургийн зүрхний илрүүлэг шинжилгээг хийсэн тухайгаа танилцуулж байсан. Тэр үед энэ судалгааг Монголд хийх шаардлагатай юм байна гэж бодсон. Учир нь Монголд оношлогдож байгаа зүрхний төрөлхийн гажгийн дөнгөж 10 хувь нь л эхийн хэвлийд байхдаа оношлогдож байгаа. Тийм ч учраас нярайн эрт үеийн эндэгдлийн тэргүүн байранд зүрхний эмгэг байсаар байна. Харин жирэмсний эхний гурван сард зүрхний гажгийг илрүүлснээр жирэмслэлт, төрөлтийг зөв удирдаж эндэгдлийн хувийг бууруулах боломжтой. 2014 онд судалгаагаа эхлүүлж дөрвөн жилийн хугацаанд проспектив буюу дагаж судлах аргаар эрсдэлт бүлгийн 400 орчим хүнийг судалгаандаа хамруулсан байна. Дагаж судлах арга эхийг жирэмсэлсэн даруйд хяналтад авч төрсний дараа нярайг гурван сар хүртэл хянадгаараа онцлогтой. 

-Ямар гажгийг ургийн зүрхний хүнд гажиг гэх вэ. Манайд энэ төрлийн гажиг хэр их тохиолдож байна? 

-Зүрх бол дотор эрхтнүүдээс хамгийн түрүүнд үүсэн бүрэлддэг хүний амин чухал эрхтэн. 24 хоногтойд ургийн зүрх үүсч эхэлдэг бол 1,5 сартайд эхо оношилгоогоор харагдаж эхэлдэг. Энэ үед ургийн амьдрах чадварыг үнэлдэг. Ургийн зүрхний төрөлхийн гажиг дотроо хоёр янз байдаг. Олон төрлийн гажиг хавсарсан тохиолдлыг зүрхний төрөлхийн хүнд гажиг гэж үздэг. Энэ тохиолдолд ургийн амьдрах чадвар маш муу байдаг. Манайд элбэг тохиолддог зүрхний тосгуур хоорондын болон ховдол хоорондын таславчийн цоорхой зэрэг нь хөнгөн гажигт тооцогддог бөгөөд эмчилгээ хийх боломжтой амьдрах чадвартай байдаг. Судалгааны үр дүнгээс харахад манай улсын нийт төрөлтийн хоёр хувьд зүрхний төрөлхийн гажиг тохиолдож байна. Оношилж болж байна, одоо харин гажиг үүсгэж буй нарийн шалтгааныг үргэлжлүүлэн судлах шаардлага бий. Тиймээс судалгааныхаа ажлыг үргэлжлүүлэх төлөвлөгөөтэй байгаа.

 

Аливаа зүйлийг хийж шинэ түвшинд гаргахад фундамент буюу суурь их чухал байдаг. Энэ судалгааг хийхэд хүндрэлтэй байсан уу?

 -Юуны өмнө судалгааны ажлын эх барих талын удирдагч МАУА-н гишүүн, МУ-ын гавьяат эмч, АШУ-ы доктор, профессор Т.Эрхэмбаатар, ургийн зүрх судлалын талын удирдагч ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн Эмнэлгийн хүүхдийн зүрх судасны тасгийн эрхлэгч, АУ-ы доктор, тэргүүлэх зэрэгтэй эмч Т.Болормаа багш нартаа талархал илэрхийлмээр байна. Одоо бодоход энэ судалгааг их зоригтой эхлүүлжээ. Судалгааны ажил ид эхлэх үед би ЭХЭМҮТ-ийн Эрсдэлтэй жирэмсэн судлалын тасагт эмчээр ажиллаж байсан л даа. Манай эмнэлэг улсын хэмжээний хүнд тохиолдлуудад тусламж, үйлчилгээ үзүүлдгээрээ онцлогтой. Өдөрт хагалгаанд орно, хүнээ үзэж шийднэ, өвчний түүх бичнэ гээд их ажилтай. Үндсэн ажлаа дуусгаад 17.30-аас хойш амбулаторит судалгааны хүмүүсээ үзэх хүсэлт бичээд ЭБЭЭ-ийн эмчилгээ эрхэлсэн захирал АУ-ы доктор Г.Баттулга дээр ороход намайг их дэмжсэн. Ингээд өдрийн найман цаг ажиллаад, зарим үед жижүүрээс буугаад оройн цагаар судалгааны хүмүүсээ үзээд, үргэлжлүүлээд судалгааны ажлаа бичдэг байсан. Судалгааны ажлын бүх эх сурвалжууд гадаад хэл дээр байсан учир тэдгээрийг орчуулж ойлгох гэж их цаг зарцуулсан.

-Манайд ургийн зүрхний гажиг оношилдог нарийн мэргэжлийн эмч хүрэлцээтэй байдаг уу?

-Яг энэ чиглэлээр гаршсан эмч улсын хэмжээнд маш бага байна. Тиймээс багш нартайгаа хамтраад ургийн зүрхний хэт авиан оношилгооны удирдамж боловсруулж, сургалт зохион байгуулах төлөвлөгөөтэй байгаа. Маш олон эмч сургалт авах санал тавьж байгаа нь сайшаалтай. Манай эх барих эмэгтэйчүүдийн хэт авиан оношилгооны эмч нар таван сартай ургийн гажгийг чадварлаг илрүүлдэг болсон гэж харж байгаа. Одоо бид жирэмсний эхний гурван сард гажгийн илрүүлгийг хангалттай чадварлаг хийдэг болчихвол ургийн эмчилгээ цаашлаад ургийн мэс заслыг практикт нэвтрүүлэх боломжтой болно. Дэлхийд ургийн дурангийн мэс засал одоо ид судалгааны шатанд явж байна. Олон улсын жишгээр ургийн мэс засал эмчилгээг хүүхдийн мэс засал болон эх барих эмэгтэйчүүдийн эмч нар хамтарч хөгжүүлдэг. 

Гурван сарын дараа жирэмсэлнэ гэж тооцоолбол эхнэр, нөхөр хоёулаа фолийн хүчлийг 400 мкг-аар өдөрт нэг удаа ууснаар ургийн нурууны нугалам дагасан гажгаас 80-90 хувь сэргийлэх боломжтой. 

-Та барууны орнуудад эх барих эмэгтэйчүүдийн чиглэлээр ажиллаж байсан гэсэн. Тэндхийн оношилгоо эмчилгээ ямар түвшинд явж байна? 

-Барууны орнуудад ургийн нарийн оношилгоо, эмчилгээ хийдэг пренаталогийн төвүүд  байдаг. Урагт зориулсан эмнэлэг гэсэн үг л дээ. Үнэхээр гайхалтай. Монголдоо дэлхийн жишигт нийцсэн пренаталогийн төвтэй болох нь миний мөрөөдөл. Цюрих хотын их сургуульд харьяалагддаг Швейцарийн пренатологийн төвд суралцаж байх үед дөрвөн сартай буюу 16 долоо хоногтой урагт шээсний шинжилгээ хийж бөөрний дутагдал байгаа эсэхийг оношлох тохиолдол гарч байсан. Шинжилгээг хийхдээ эхийн хэвлийгээр дамжуулан ургийн давсагт хатгалт хийж шээсийг аваад шинжилгээнд илгээдэг. Тэр ч бүү хэл төрөл бүрийн гажигтай ургийг эхийн хэвлийгээс гаргаж аван мэс засал эмчилгээ хийгээд буцаагаад эхийн хэвлийд хийж тээлтийг үргэлжлүүлдэг. Үүнийг пренатал буюу жирэмсний эхэн үеийн эмчилгээ оношилгоо гээд байгаа юм. Барууны орнуудад урагт хүнд гажиг оношлогдсон ч ургийн болон төрсний дараах эмчилгээ хөгжсөн учир эцэг эх зөвшөөрвөл тээлгээд төрүүлдэг. Миний бие 2007-2009 онд ХБНГУ-ын Шарите Их сургуулийн дэргэдэх Эх барих эмэгтэйчүүдийн Вивантес клиникт эх барих эмэгтэйчүүдийн эмчээр, 2013-2014 онд Щвейцари улсын St.Gallen хотын Kantonspital-д ургийн зүрхний хэт авиан оношилгоогоор мэргэжил дээшлүүлсэн. Олон зүйл зааж сургасан герман, швейцарь профессоруудтайгаа одоо ч холбоотой байж зарим эргэлзээтэй зүйл дээр тэднийхээ саналыг сонсдог.

-Нэгэн шинэ хүн амьдралд угтан авах тэр мөчид ямар сэтгэгдэл төрдөг вэ. Та хэчнээн хүүхэд эх барьж авч байв?

-Би ЭХЭМҮТ-ийн Эх барих эмэгтэйчүүдийн эмнэлэгт 13 жил ажилласан. Манай эмнэлгийн хаалгаар ороход их гоё дулаахан энерги мэдрэгддэг. Бас маш олон чадварлаг эмч нар дунд орж ажилласандаа баяртай байдаг. Энэ хугацаанд 3000 гаруй хүүхэд эх барьж авчээ. Эх барихын эмч их хариуцлагатай, хүнд ажил. Бусад эмч нартай харьцуулахад эх барих эмэгтэйчүүдийн эмч эх, хүүхэд гээд хоёр хүний эрүүл мэндийг хариуцан ажилладгаараа онцлогтой. Эх, хүүхдийг эсэн мэнд амаржуулчихаад, инээж байгаа эхийг хараад, эхэсээ удирдаад зогсох миний хувьд хамгийн сайхан мэдрэмж. Ямар ч хүнд нөхцөлд байсан надаас тусламж хүсээд ирж байгаа үйлчлүүлэгчдээ халуун дулаан сэтгэлээр хандахыг эрхэмлэдэг. 

-Эрүүл жирэмслэлтийн хамгийн гол хүчин зүйл юу вэ? 

-Эрүүл эхээс эрүүл хүүхэд төрнө гэдэг. Нас, улирал, ажлын ачаалал зэргийг сайтар тооцоолсны дараа эхнэр нөхөр биеэ маш сайн бэлдэж байгаад жирэмслэвэл эрүүл хүүхэд төрүүлэх магадлал хамгийн өндөр. Жишээ нь, гурван сарын дараа жирэмсэлнэ гэж тооцоолбол эхнэр, нөхөр хоёулаа фолийн хүчлийг 400 мкг-аар өдөрт нэг удаа ууснаар ургийн нурууны нугалам дагасан гажгаас 80-90 хувь сэргийлэх боломжтой. Энэ мэтчилэн хүн бүрийн мэдээд байдаггүй зөвлөгөөг мэргэжлийн эмчид хандаж авах хэрэгтэй. Монгол эмэгтэйчүүдийн эрүүл мэндэд ахуйн болон хоолны буруу зуршил их нөлөөлж байгаа нь ажиглагддаг. Хамгийн энгийн жишээ дурдвал ДЭМБ-аас өдөрт таван гр давс хэрэглэхийг зөвлөдөг. Гэтэл монголчуудын өдрийн давсны дундаж хэрэглээ 11 гр байна. Энэ нь хоол боловсруулах, шээс ялгаруулах замын өвчлөл үүсгэж байдаг.  

 

-Та ажлынхаа хажуугаар хэд хэдэн сайн үйлсийн аян санаачлан зохион байгуулсан байсан. Энэ талаараа сонирхуулаач?

-2018 онд ЭХЭМҮТ-ийн Эх барих эмэгтэйчүүдийн эмнэлгийн 30 жилийн ойн хүрээнд залуу эмч нараа уриалан “Сэтгэлийн Гэгээ” сайн үйлсийн аяныг санаачлан зохион байгуулсан. Уг аяны хүрээнд  Монголын хараагүйчүүдийн холбоон дээр 3-р шатлалын эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн. Мөн нийгмийн эрх нь хязгаарлагдсан эмэгтэйчүүдийн хорих 407-р ангийн эмэгтэйчүүдэд үзлэг оношилгоо хийсэн. Тэр бүр эмнэлгийн тусламж үйлчилгээ авах боломжгүй хүмүүсээ бид хэзээ ч орхигдуулж болохгүй. ЭХЭМҮТ-ийн эмч нар маань “Сэтгэлийн гэгээ” сайн үйлсийн аяныг үргэлжлүүлэн зохион байгуулна гэдэгт итгэж байна. Миний хувьд хамгийн сүүлд “Сайн Учрал” сантай хамтран агаарын бохирдлын эсрэг сайн үйлсийн аян эхлүүлсэн байгаа. Энэ цагийн эзэд болсон залуус бид нийгмээ сайн сайхан байлгахад өөрийн хувь нэмрээ оруулах ёстой гэж үздэг. 

-Таны ажил хөдөлмөр, гэгээн үйлсэд амжилт хүсье.

-Баярлалаа.


Ctrl
Enter
Гомдол хэрхэн мэдүүлэх вэ?
Холбоотой текстийг идэвхжүүлэн Ctrl+Enter дарна уу.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл (0)

Foto
Б.Ганчимэг

Б.Ганчимэг
Б.Ганчимэг
Б.Алтанхуяг
Б.Алтанхуяг
А.Доржханд
А.Доржханд
О.Нинж
О.Нинж
П.Соёлдэлгэр
П.Соёлдэлгэр
А.Банзрагчгарав
А.Банзрагчгарав